Friday, June 26, 2020

Тоо ба чанар 15

Саяхан сонгууль болоод өнгөрлөө. Сонгуулийн үр дүнгээс  тооны ухааныг хэрхэн чадварлаг ашиглаж болохыг харцгаасан биз. Бүгд л дор бүрнээ өөр өөрийн дүгнэлтээ хийцгээж буй биз.
Юутай ч 3 сая гаран хүн сонголтоо хийцгээсэн. Энэ сонголтын үр дүн ямар байхыг цаг хугацаа бас харуулах л байх. Тэгээд ч цаг хугацаа гэж хэзээ ч эргэж үл ирэх зүйл тул бандан тас л гээч нь болно.
Саяханы нэг подкастан дээр аливаа нэгдлийн төлөвшилд алдаа оноон дээрээ суралцах цаг хугацаа хэрэгтэй байдаг гэж байсан. Өөдрөг үзэлтэй хүмүүс бол МАН ардчилалаас хойших өөрсдийнхөө өнгөрсөн түүхээс суралцаж сайжирч улс орныхоо өмнө хүлээх хариуцлагатай болж төлөвших байх гэсэн бодолтой байгаа бол эсрэг үзэлтнүүд өдий олон жил сайжруулж чадаагүй юм чинь  улам л доройтуулах байх хэмээн тэрхүү муухай  лаг шавраас хэрхэн сугарах вэ гээд цаашдын аргаа боловсруулж байгаа байх.
Ууг нь тоо ба чанар сэдвээ эхлүүлсэн чинь сонгуулийн үр дүн рүү хадуурчихлаа. Гэвч яалтачгүй тоо чанартай холбоотой болохоор яалтай. Мэдээж сонгогчид УИХ 76 гишүүдийнхээ чанарыг сайжруулах санаатай байсан боловч бидний дотор тэдний чанартай чанаргүй байх хэнд хамаатай юм бэ гээд өөрийн сонгох эрхээ хэдэн цаасаар худалдан хоол архи болгон хэрэглэсэн нь байсан байхыг бас үгүйсгэхгүй л дээ.
Сонгуулийн өмнө нүүр хуудсаар дүүрэн хэрхэн сонголтоо зөв хийх зөвөлгөө байсан.  Харин 76 гишүүдийн чанартай байх шалгуур нь юу байх вэ?  гэж дор бүрнээ тунгаасан л байх. 
Хүн чанар
Шинж чанар
Мөн чанар 
Амин чанарын хувьд  хир байсан бол?
Хүн чанарыг ихэнх хүмүүс ойлгох байх
Шинж чанар бол гадна харагдах хэлбэр өнгө дүрс төдий
Мөн чанар бол төрт ёсны их ухаанд хир гүн нэвтэрч өөрийн шинж чанарт санаа тавихаа больсон байх түвшин. Өөрөөр хэлбэл эх дэлхийн нэгэн хэлтэрхий түүнтэйгээ зохицон амьдрах ухааны гүн рүү эрэл хайгуул хийгч
Амин чанар гэдэг бол  мөн чанараа таниж Монгол хэмээх нэгэн улсынхаа төлөө л цаашилбал эх дэлхийнхээ төлөө дайснаа ч өөрийнхөө талд оруулж , эвлэлдэн нэгдэх чадвартай болох үе 

Хор хохиролыг урьдчилан тооцоолж , тусгаар тогтнол, улс орны эрх ашгийн төлөө зөвхөн тойрогтой, дүүрэгтэй биш улс эх орондоо хэдий хир орон зай, цаг хугацаанд нөлөөлөлтэй байж чадах улс төрч вэ гэдэг түүхэнд үлдэх мөр ба тухайн улс төрчийн чанар болох биз. Түүнээс дуучин Жавхлан гишүүн гаднаа сайхан монгол дээл хувцсаа  өмссөн ч  газар шороо эх орныхоо төлөө хариуцлагагүй уул уурхайн хор хохиролыг багасгах хориглох, ураны хор хохирол гарсаар байхад түүнийг хориглох,  ард олондоо хэрэгтэй нэг ч хуулийн төсөл санал санаачлага  дэвшүүлж хэрэгжүүлж чадаагүйнхээ төлөө дахин сонгогдоогүйдээ хорсон өссөн төрсөн нутаг, нутгийн ард олноо  хаяж байгаагаа зарлах биш л дээ.  


Wednesday, June 10, 2020

Тооцоолох эрдэм (Тоо ба чанар 14)


МТТТ судар 550 дэстэй. 550 дэс аливаа учир шалтгааныг нууцлан түүнийг уншигч бүхнээр тэрхүү учир шалтгааныг нууцыг тайлуулж өөрөө өөрийгөө хөгжүүлэх боломжийг нээхэд дэм болно.
Юуны учир шалтгаан бэ? гэсэн асуулт гарнаа даа. Том зургаар нь харах юм бол энэ орчлон ертөнц дээр амьдран оршиход тэнцлийг хадгалах нь амьдралд ээлтэй зохицох гэдэг зорилго юм бол тэнцлийг алдагдуулах олон олон учир шалтгаан  байдаг . Тэр л бүх учир шалтгааны эхийг олж түүнийг өөрсдийнхөө хүсэл зорилгодоо нийцүүлэн тохинуулахын тулд юуг мэдвэл зохих вэ? гэдэг асуултын хариуг эрэх шаардлага гарна.

Монгол домчийн судар дээр нэг ийм үгс байдаг :

Тэмцэл буй цагт
Тэнцэл тогтдог
Тэнцэл тогтохын цагт
Тэмцэл эхэлдэг

Тэмцэл буй болохын учир шалтгаан юу вэ? гэдэг өөрөө бидний яриад байдаг мөн чанар луу орно. Өөрөөр хэлбэл сайны хажуугаар саар үргэлж байдаг үнэнтэй нүүр тулж туулж гарах нь жам гэдгийг ойлгох нь чухал. Үүнийг Төрийн найман цаха дээр "Холдож зайлахгүйг,  устгах хар ертөнцөөр таниад" хэмээн бичсэн байдаг. Тэгвэл тэр устгах хар ертөнц гэдэг чинь юу юм бэ гэсэн асуулт бас гарнаа даа. Харин хариултыг Төрийн найман цаха дээр
Устгах тэнгэрт 16 арга буй
Үхүүлж устгах 4 алуур
Доройтуулж устгах 7 алуур
Тамлаж устгах таван алуур буй хэмээн бичсэн байдаг.

Энгийн үгээр бичихэд энэ бол бидний дотор байдаг муу зан авир ( залхуурах бэлэнчлэх бардамнах атаархах гэх мэт) бүхнийг дэвэргэх, өөрт байгаа муу бүхнийг маань өөгшүүлэх тэр бүх аргууд бөгөөд бид өөрсдөө мэдвэл зохихуйн мэдлэг рүүгээ тэмүүлэхгүй л бол тэнцлийг алдагдуулах нэгэн хүчин болно гэсэн үг . Энэ бүхнийг ухан унших юм бол Их хаан маань яагаад долоохон насандаа Тэмүү Чин цол авсныг бага ч гэсэн ухах байх. Үнэхээр тэр их тэмүүлэл нь бидний замыг өнөө болтол гэрэлтүүлж байгааг ухна.

Айдас бүхнээ даван туулж
Алдаа бүхнээсээ суралцаж
Амьдралын мөн чанарт тэмүүлж
Өвүг дээдсийн сургаалаас суралцаж
Эвлэлдэн нэгдэхүйн их ухааныг олж

Хор хохиролыг танин байж
Хоосрол үгүйрлийн үзэн байж
Даваж туулах хүчийг олж
Давхар мэхэнд суралцан
Өөрийн үл алдах голчоо атган авсан Эзэн хааныхаа бүтээсэн хамтын түүхээс бид нууц бүрийг нь тайлан ухаж, дэм дэмэндээ явахын агууг танин мэдүүштэй.

Орчин үеийн хэллэгээр үүнийг  системийн сэтгэлгээ гэж нэрлэж болох ба харин сайн муу ,сайхан муухай , зөв буруу бүхэн байх нь гарцаагүй гэдгийг ухаарвал түүнд нэгж  өөрөө ямар үүрэгтэй оролцох чадвартай, яаж хамтын ажиллагааг бий болгож,  нэгжийн оролцооныхоо үүргийг нэмэгдүүлж газар зүйн болон цаг хугацааны нөлөөлөлөө бий болгох , тэрхүү нөлөөлөл маань бусдад хэрхэн эерэг байж тэнцлийг хадгалах вэ гэдэг дээр төвлөрч өөрийгөө хөгжүүлж чадахаас ирээдүйд буй болох хор хохирол, үр өгөөжийг тооцоолж чадах чадвар бий болох  юм уу даа.

 Одоо цагт дээрх бүхнийг хөрвүүлж ойлгох гэж оролдоод үзвэл Эзэн хаан маань агуу стратегич байсан гэж ойлгож болохоор. Өөрөөр хэлбэл өөрийнх нь  үйлдсэн байгуулсан бүхэн ирээдүйн бидэнд хэзээ ч мартагдахын аргагүй агуу үйл болон үлдэж тэр их гүрний үлдэгдэл болох бид Монгол хэмээх нэрийг авч яваа улсын иргэд болон 800 гаруй жилийн дараа оршин тогтносоор л байна. Энэ бол үр дүн нь . Яагаад агуу стратегич гэж хэлээд байна гэхээр өв уламжлалдаа, ёс заншилдаа газар нутаг, уул усаа, яс цусаа хайрлан хамгаалах их ухааныг хадгалаад үлдээсэнд байгаад байгаа юм.  Мэдээж дэлхийн түүхэнд оруулсан сэтгэлгээний их өөрчлөлтийг дурьдахгүй байхын аргагүй л дээ. Олон улсын худалдааны аюулгүй байдал, тээвэр  логистикийн болон мэдээлэлийн сүлжээний эх энэ бүгд  Эзэн хааны байгуулсан их гүрний нөлөөлөл, хөгжүүлэлт шүү дээ.
Тийм болохоор бид өвгүдийн ухааны гүнд орж орчин цагийн хөгжилтэй хослуулан байнгын өөрчлөлтөнд баяжуулан суралцсаар байх аваас чадахгүй мэдэхгүй зүйлс гэж үгүй бизээ.
Гэрлийн өргөө маань тэгэхээр мууг сайн болгох, муухайг сайхан болгох, бурууг зөв болгох гэрэл гэгээний өргөө юм . 

Wednesday, May 13, 2020

Ухамсар ба Энерги 4


Энерги гэдэг үгийг монголчилбол эрчим гэж болох уу?
Физикт болон бусад шинжлэх ухаануудад эрчим хүч буюу энерги (Грекийн ενεργός, энергос, "идэвхтэй, ажилладаг" гэсэн утгатай)[1] бол байгаль дээр хадгалагдаж буй системүүд болон биетүүдийн физик шинж чанарыг илэрхийлсэн скаляр физик хэмжигдэхүүн юм. Энерги нь хэд хэдэн өөр төлөвт орших бөгөөд тухайлбал кинетик, потенциал, дулааны, цахилгаан соронзон, химийн, цөмийн, масс гэх мэтчилэн байдаг бөгөөд эд бүгд мэдэгдэж буй байгалийн үзэгдлүүдийг тайлбарлахаар тодорхойлогдсон.
Энерги нь нэг төлөвөөс нөгөө төлөвт хувирах бөгөөд харин хэзээ ч шинээр үүсч бий болдоггүй, мөн устаж үгүй болдоггүй. Энэхүү энерги хадгалагдах зарчмыг анх 19-р зууны эхэн үед постулат болгосон бөгөөд энэ нь аливаа битүү системд үйлчилдэг.
Энэ бол шинжлэх ухааны тайлбар. Харин монгол ухаанд Эрчим Эх гэж ойлголт байдаг.
Эрчим эх нь юу хэмээвээс
Наран эхээс эрчмийг хурааж
Арга ухааныг олж
Чин үнэнд зохицон амьдарч
Саран эхээс билэг ухааныг олж
Сүүн эрчмээс махан биеийг амийг
Сэрээхийг өгуулжээ.
Махан биеийн  амь гэж юу гэсэн үг вэ ? гэсэн асуулт гарнаа даа. Энийг сүнс гээд ойлгочихож болох байх. Махан биеэнд сүнс байж байж амьд гэгддэг байх нь. Тэгэхээр тэр нь махан биеийг тэтгэгч эрчим гэсэн үг. Харин түүнийг махан бие рүү юүлж шахах зориулалттай зүйл нь хүрд буюу өөрөөр чакра гэж нэрлэгдээд байгаа зүйл.  Энэ талаар дэлгэрүүлж уншая гэвэл "Монгол домчийн судар" авч уншаарай.  https://khdelger.blogspot.com/2019/10/blog-post_29.html

Эх дэлхий дээр оршин буй эл бүгдийг танин мэдэж , оюун бодлын ертөнцөөр сэтгэн бодон дагуулж, үйл хөдлөлдөө гүйцэлдүүлж, хэрэг зоригоо биелүүлж, махан биеэ чимэж, зориг хүч , хайр энэрэл, цог заль дүүрэнд нь хувилж  ухамсар юуг нь суулган байж зөн билгээ даган байж өвөг дээдсүүдийнхээ  танин мэдсэн, олж нээсэн амжилтанд суралцахыг мэдвэл зохихуйн Эрчим эх хэмээн тооцдог байжээ.  Мэдвэл зохихуйгаар биеэ чимж олсон олз, мэдсэн мэдлэг , хүрсэн амжилт эл бүгдээр амьдран оршихуйн үнэнийг тайлж ИХ ЗАСАГ хууль гарсан байдаг билээ. Энэхүү хуулиа жаяглаваас энэ бие нь буруугүй тэгш сайхан гэгээрэлд хөтлөхөд хэмтэй байдаг учраас энэ бас нэгэн Эрчим эх болдог учиртай хэмээн өвгүдийн үлдээсэн өв судруудад айлдан үлдээсэн байдаг.
Эр үрэн 6 зүйлийг зохицолыг ухааран ойлгож байгаа бүхнээ оршоон амьдрах их ухамсарт хүрэхийн тулд хүн төрөлхтөн их зовлон бэрхшээлийг туулан алдсан алдаа бүрээсээ суралцан ахин дэвшиж байснаас ухамсарын 4 улиралыг танин мэдсэн нь  бидний агуу өвөг дээдсүүд билээ. Харин өвөг дээдсүүд маань энэ их ухаанаа хадгалан үлдээх аргыг ахуйтай нь холбон ёс заншил уламжлал болгон үе дамжуулсан .
Эрчим эхүүдийг ойлгож ухсан бол хүмүүний оюун бодолд ухамсар нь бүрэлдэн тогтож эх дэлхийн сав шим ертөнцийг ойлгон ухаарч хүрэх ёстой зүйл, хүрэх ёсгүй зүйл , хүртэх ёстой зүйл, хүртэх ёсгүй зүйлийг ялган таньж тайлан мэдэж оройлон манлайлах эрдэмд суралцан түмэн олондоо түгээн дэлгэрүүлж тус хүргэх нь .




Tuesday, April 28, 2020

Эзэн эрх

Эзэн эрх гэж юу хэлээд байнаа? гэж хүмүүс гайхаж байж магад.
Судар дээр "Эх орноо хайрлахыг эзэн эрх гэмү" гэж бичсэн байдаг.
Тэгвэл эх орноо хайрлана гэж юу гэсэн үг вэ? Эх орон гэж ер нь юуг хэлдэг юм?
Ийм амархан юмыг хэн мэдэхгүй байсын гэж ихэнх хүн боддог .  Төрж өссөн газар нутаг, хэлд орсон хэл , ахуй соёл, ёс уламжлал, жаяг хууль гээд задлаад бодоод үзээрэй.
 Эх орон гэдэг зүйлийн үнэ цэнийг одоо энэ короновирус гэдэг цар тахлын үед ихэнх хүмүүс ойлгож эхэлж байгаа байх. Тэгвэл Эзэн эрх гэдэг бол энэ бүх зүйлээ хайрлахыг хэлнэ. Хайрлана гэхээр би эх орондоо хайртай гэж хэлээд л болчихдог юм биш ядаж л хэн нэгэн харийн хүн эх орныг чинь муулахад эх орноо өмөөрөөд хэлчих мэдлэгтэй байхаас эхлэнэ. Хайрлана гэдэг хариуцахаас эхтэй. Хариуцаж чадаж байж эзэн эрх чинь тодроно. Олон айл бүлүүд эртнээс тахиж шүтэж ирсэн уул овоотой байдаг. Улаач болсон хүн тэрхүү тахиж шүтэж ирсэн уул усаа манай өвгүдийн хайрхан хэмээн өөриймсөж бодож сэтгэл зүрхэндээ тээж явдаг . Эгэл нэгэн хүмүүн байсан ч өөрийн өссөн төрсөн нутгаа хайрлан өрөөл нэгэн ирж уул усыг нь ухаж төнхвөл түүнийгөө өмгөөлөөд тэмцэх тэнхээтэй байхыг хариуцах гэдэг. Бид алдаатай оноотой олон цаг үеийг туулсан. Эвлэрч нэгдэж чадсан үедээ хүчирхэг гүрэн байгуулж, эвдэрч задарч байхдаа уруудан доройтож гадныхны эрхшээлд ч орж л байсан. Энэ л түүхээс сургамж аван эгэл бөгөөд агуу дээдсүүдийнхээ үйлсэд энэхэн цаг хугацаандаа нэгдэн эх болсон орон зайгаа хадгалан хамгаалж сурах нь бидний үйлс гэлтэй.


Дүүргэх жаргалын амтыг мэдэрч үзэв үү?
Дуулим хорвоод өчүүхэн гэдгээ таниж чадсан уу?
Даяар олны итгэл сэтгэлийн дөлд цучил нэмж байв уу?
Даахгүй ачаа, давахгүй саад гэж үгүйг ухаарч байв уу?
Дэм дэмэндээ орших дээрхийн сургаалийг сонордож байв уу?
Дэвжих их үйлэндээ хайраа шингээж чадсан уу?
Асуулт бүхний хариуг өөрөөсөө хайн
Амлалт бүхнийхээ арыг даах тэнхээгээ бөхлөж
Гурван голын Монгол байхын онолыг тайлж
Голчоо үл алдах босоо оршихуйн тэнцэлийг хадгалах
Эзэн эрхийг энэхэн насандаа тогтоож чадваас
Эгэл бүхнээс гайхамшгийг олж
Эрдэм бүхний ундаргаас хүртэж
Энх мөнхийн үйлсэд нэгдмой

Нүүдэлчин түмний эзэн гэдэг утга санаа бол өөр бусдыг өөрийнх нь чадамжинд хүрэхэд нь дэм тус болж чаддаг хүнийг эзэн гэх ...
Алд биеэ засдаг
Ахуй төрөө даадаг ийм чадамжтанг зүглүүлж чиглүүлж бардаг хүнийг эзэн гэдэг.Орон хангай байгаль дэлхийгээ дагаж явж эзэн болдог. Захирч эзэн болдоггүй. Өөрийгөө зөв үнэлж сур. Тэгээд дутуугаа дүүргэх ухаантанг эзэн гэнэ гэх өвгүдийн сургаалийг дурьдах нь зөв бизээ. Чухам үүнийг л дэм дэмэндээ дээс эрчиндээ хэмээн сургаал болгон бидэнд үлдээжээ.



Tuesday, April 14, 2020


Үхтэл чинь дэргэд чинь байх
Үнэнч анд чамд бий юу?
Үүрдийн биш ч зуурдын хорвоод
Үйлсэд чинь үнэнч ойрхон ч
Өөрөөс чинь холхон байх андаа мэдэх үү?
Жаргах зовохын алинд ч
Баяр гунигийг хуваалцах
Жаран жарныг үдэхэд ч
Цаг хугацааны шалгаралд
Цагаан сэтгэлээр тэтгэх
Тийм л нэгэн анд минь тэртээд намайгаа хүлээнэ үү

Sunday, April 12, 2020

Тоо ба чанар 13

Энэ сэдвийг эхлүүлээд 13 дах эргэцүүлэлээ бичих гэж байна. Тэгээд 13 ын тооны талаар жаахан ухмаар санагдав. Барууныхан 13 ын тоог чөтгөрийн тоо гээд цээрлэх маягтай байдаг юм гэсэн. Харин Монголчуудын хувьд бол энэ тоо тэр чигээрээ цаг хугацаа, орон зайг илэрхийлдэг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр 4 зүг 8 зовхис , дээр тэнгэр, доор газар хэмээн бүхий л орон зайн дээр өнгөрсөн одоо ирээдүй гэх 3 цагийг нэмэхээр 13 ын тоо гарчихна. Тэгэхээр их хүчирхэг тоо болж таарах нь.
13 ын тоотой холбогдолтой билэгдэл юу бна гэж хайж байгаад 13 Алтай, Дархадын 13 овооны талаар олж уншсан юм. Бас нэгэн зайран  залуутай уулзаад 13 их ясны овоо  хэмээх газар очиж үзсэн ба тэр овооны хажууд бичсэн бичээсийг уншсан санаанд орж байна.

Орвоотой хоргүй барилдах нь орчлонгийн ЖАМ бөлгөө.
Жамыг танихуй дор ёс гүйцмой
Ёс гүйцэхүй  дор ТӨР бүтмой
Төр бүтэхүй  дор Тэнгэр буумой хэмээн бичсэн байсан юм

Үнэхээр цаг уур, орон зайд ээлтэй зохицохыг амьдрал гэдэг юм бол  Орвоотой хоргүй барилдах тэр ЖАМ гээчийг бид хэрхэн таниж мэдэх билээ ? Харин тэр ЖАМ ыг таниж мэдээд түүнийгээ ёс заншил болгон хадгалсан манай монголчууд төрт ёсыг бий болгож зөв амьдран ирснээрээ тэнгэрийн ивээлийг хүртэж эх дэлхий ээжийнхээ амийг сахисан хөх толботнууд хэмээх нэрийг зүйж ирсэн бөгөөд энэ ёс уламжлалаа үеийн үед хадгалан уламжлуулах айхтар даалгавартай улс .
Энэ даалгавараа биелүүлье гэвэл Хор гээчийг таних хэрэгтэй .
Хор гэж юу юм бэ? гэсэн асуултанд юу гэж хариулах гэж бна даа. Зүгээр энгийнээр ойлговол юутай ч хэн нэгнийг хорлож устгах гэж уулгадаг зүйлийг хор гэнээ гэж үзвэл хорын ард устгал гэж зүйл дагалдаж байх шиг.
Юу устаж болох вэ?
- Амь нас
Амь насыг устгана гэж юу гэсэн үг вэ?
- Идэх хоол , уух ундаа, амьсгалах агаар 3 ыг хордуулбал амь тасрана.
Идэх хоолоо хортой юу хоргүй юу гэдгийг тодлох юм бол хүнсний талаарх мэдвэл зохихуйгаа дээшлүүлнэ гэсэн үг
Уух ус ундаагаа хортой юу үгүй юу гэдгийг хохиролоороо мэдэхээс илүүтэй танин мэдэж өөрсдийгөө хөгжүүлэх нь бидний хэрэгцээ болж байна. Амьсгалах агаар ямар үед цэвэр байх вэ гэдгийг танин мэдэх нь бохирдсон бол яагаад бохирдох болсны учир шалтгааныг танин мэдэх бас л хордохгүй амьд үлдэх хэрэгцээ.
Мэдээж иймхэн юмыг мэдэхгүй хэн байдаг байнаа гэж хүн гайхах л байх.
АС т хорлож байж идэхийг зорилго болгодог гөрөөсийг хижи гэмү гэсэн байдаг.
Өөрөө амьдрахын тулд бусдад хор хүргэдэг гэсэн үг байх нь.
Тэгвэл хижи гөрөөс гэгчээс үүссэн хүн хэмээх зүйл хөгжлийнхөө явцад хорлож идэх зорилгоо хассан үеийг оул хэмээн нэрлэсэн байдаг. Тэгэхээр ямартай ч бусдыг хорлохгүй байхын тулд анхны гэр бүл нэгдэлүүд үүссэн гэсэн үг. Юутай ч бусдад хор хийхгүй гэсэн ухамсарын эх үүсч байна.  Энэ ухамсар хөгжсөөр огоуул буюу бусдыг хорлохгүй байх мэдвэл зохихуйг мэдэж танисаар тодорхой нэг түвшинд хүрээд би хэдийгээр үүнийг хүссэн ч бусад маань ч бас бие биеэндээ хоргүй зохицолдон амьдрах ухаанд суралцах шаардлагатай юм байна хэмээн сэтгэж дараагийн мон ухамсарын түүх эхэлж байх жишээтэй. Харин бусдад хор хүргэсэээр байгаа хижи гөрөөснүүд өөрийн амьдрах орчлоо сүйтгээд бусдын орчил руу халдан довтолж байгаа бүгдийг нь булаан хамж хүчирхэгжсээр байсан болохоор оулууд нэгдэн өөрсдийгөө хамгаалах хэрэгцээ шаардлага гарч ирэх болсоор өөрсдийгөө улам хөгжүүлэн мэдвэл зохихуй руу тэмүүлэн , жамыг танин эхэлж анхны ёс дүрэмтэй болон хүн төрөлхтөний түүх үргэлжилсээр байсан байна.
Харин бусдыг хорлож идэх хижинүүд танин мэдэх хэрэгцээг мэдэхгүйгээс сонголт хийж чадахгүй зөвхөн булааж идэхийг л зорилго болгосоор ирсэн ба энэ мэт 13 гэмт хижийг хар хижи хэмээн нэрлэж иржээ.
Нээх олон юм ярьж ярьж арай гэж нэг 13 гэсэн тоог хаанаас ч юм гаргаад ирэх юм гэж гайхаж байна уу? Өнөө европ зүгийнхний цээрлээд байдаг 13 шүү дээ .
Хүний явах амжилтын замд саад болдог 6 авир тархи байдаг талаар ГӨ ний Бөөгийн товчион сударт бичсэн байдаг. Түүнийг дарах ухаануудыг ч бас түүн дээр зааж бичсэн байдаг бол МТТТ судар дээр бүх муу зүйлийн эх болдог 7 хар сүнсний талаар маш эртний нэгэн үлгэрт бичсэн байдаг.
Энэ 7 дээр 6 авир тархийг нэмэх юм бол өнөө муу ёрын 13 тоо гарна.
Миний өмнөх бичлэгүүд дээр ч бичсэн байгаа дахиад л энэ 7 хар сүнсний эх дээр  6 авираа нэмээд бичье :

1.Сувдаг
2.Тачаал
3.Аархал
4.Мунхаг
5.Атаархал
6.Шунал
7.Хонзон

6 авир тархи

1.Болхи
2.Залхуурал
3.Бардамнал
4.Шантрал
5.Атаархал
6.Тогтворгүй байдал

Энэ 13 дотор атаархал гэсэн үг  2 давтагдаж орсон байхыг анзаарсан байх.
МНТ дээр ч бас Тэмүүчин , Жамух нар 13 , 13 хүрээ болж Далан балжуудад байлдаж Жамух ялаад далан тогоонд чоносын эрчүүдийн чанаж цаазалсан байдаг байхаа...
Их засаг хуулинд цаазаар авах 70 заалт байдаг юм гэнэ лээ. Энэ л 13 мууг дарах 70 арга бас байдаг гэнэ лээ. Чухам үүнээс л далыг далуулаа гэх хэлц гарсан ч юм уу хэн мэдлээ.
Чухам энэ хорыг мэдэх хэрэгцээн дээрээс сонголтоо хийж зорилгоо гаргасан бол 70 аргаа танин мэдээд хэрэглээд үзвэл өнөө орон зай цаг хугацааг хариуцаж чадах ч юм бил үү.

Арван гурав, арван гурав, Дал, Дал гээд байгаагийн учрыг ухаад үзэх юм бол сонирхолтой байх болно. Монголын нууц товчионд " далан тогоонд буцалгаж" гэдэг нь далан учгаар шүүж, далан буруугаа хүлээж, анхны уулзвар далаа олох гэсэн үг юм гэж тайлсан байдаг. Дал бол хамгийн ойрхон байдаг уулзвар. үзүүр нь бол хамгийн хол нь. Тэгэхээр далаа олно гэдэг нь анх эхэлсэн газраа олох буюу хаана төөрч алдснаа олно гэсэн утгыг илэрхийлж байна уу даа...







Sunday, March 29, 2020

Агуу болон өчүүхэний хооронд 
Алга дарамхан зай буй
Амраг сэтгэлт , атаат дайсан хоер ч
Алга эргүүлэхийн хооронд солигдох хорвоод
Ашиг сонирхол нэгдэх салах мөч л
Алдаа онооны дэнсээнд шүүгдэх биз