Friday, August 24, 2018

Бидний авир

Хүмүүний оройн дээд ялалт бол өөрөө өөрийгөө ялах ухааны ялалт болно. Түүний өгөөж юутай ч зүйрлэмгүй оройн дээд юм гэж олон ч ухаантан мэргэдийн сургаал номнол, сударт бичсэн байдаг.
Хүн л юм хойно бидэнд янзан бүрийн авир байдаг. Аливаа зүйлийг хийж бүтээе гэж бодовч залхуурах, эсвэл яаж хийхээ олохгүй арга мухардах үе бид бүгдэд зөндөө л тохиодог. Эсвэл бүүр өөрсдийнхөө байгаа байдлыг хэт дөвийлгөн өөрийнхөө байгаа байдалдаа ханаж цаашид хөгжиж дэвшихээ байдаг ч тал бий. Бүүр эсрэгээрээ өөрийгөө хэт голж аливаа зүйлийг хийж бүтээхээсээ бэрхшээн шантрах нь ч бий . Заримдаа бүүр бусдад атаархан , өөрөө хийж чадахгүйдээ  бухимдан өөрийгөө юун дээр алдаж байгаагаа ч анзаарахгүй  суух ч үе байдаг шүү дээ. Энэ бүгд авирууд биднийг өөрөө өөрсдийгөө ялах тэр л ялалтын замд саад болдог. Харин тэр саадыг бид хэрхэн давах вэ гэдэг өөрөө ухаанаа тэлэхээс эхтэй бөгөөд мухардалд орсон үед гарц үргэлж байдаг гэдгийг санаж суралцах тусам гарц улам бүр л тод болдог. Ямар нэг зүйлийн тухай асуусан ч хариулах гэж өөрийнхөө тархинд төвлөрөх нь ухаанаа нэмж байгаа хэрэг гэнэ билээ.  Тэгэхээр ядаж л өөрөө өөртөө асуулт тариж сурах хэрэгтэй ч юм уу.  Ямар ч хүнд үргэлж л өөрийгөө дөвийлгөн өөрийн хийсэн болгоноо бусдаас илүү болгон харах үе байдаг. Тэгэх тусам л бусдын хийсэн болгоныг үгүйсгэж, үнэн бодит дүгнэлтийг хийж чадахгүйгээс үл ойлголцолд хүрэх тохиолдол их байдаг. Харин энэ үед л бусдын байр сууринд өөрийгөө тавин яг түүнийг өөрөөрөө төсөөлөөд бодох үед эрхгүй л зөөлрөөд ирэх вий. Харин өөрийгөө голон шантрах тэр үед бусдын зоригжуулж хэлсэн хэдхэн урмын үг тэрхүү мухар харанхуйд гэрэл тусгах шиг болдог шүү дээ. Яг л түүнтэй адил мухардаж шантарсан нэгэндээ урам зориг ухаан гарцыг зааж өгөх ухаан, сэтгэлийн дэм өгч байхын утгыг хүн өөртөө шингээж авдаг байх. Тусч энэрэнгүй хүмүүс ихэвчлэн өөрсдөө зовлонг туулсан хүмүүс байдаг шүү дээ. Тэд бусдын зовлонг өөрийнх шигээ бодон өөрийн туулсан зовлон бэрхшээлээр жишиглэн чин сэтгэлээсээ тусалдаг байх. 
Харин онгироо бардам нэгэнд ухаан суулгахын тулд өөрт нь даалгавар өгч өөрийнх нь хэр чадал чансаатайг нь мэдрүүлэх ухааныг олж дэм болдог байх юм. Атаархуу нэгэнд нь хүмүүнд атаархаж байснаас өөрийн чадвараар юу хийж чадахыг  нь ухуулан дэмнэх зэргээр хүсэж байгаа үр дүнд хэрхэн хүрэхийг тайлбарлаж байж атаархлаас салгах зэргээр бусдын дэмээр өөрсдийн ухаанаар  гарах замуудаа олохын төлөө өөрөө өөрийгөө ялахын төлөө хичээцгээе дээ


Wednesday, August 22, 2018

3.1 - 3.5

3-1
Хүйтэн чулуун зүрхний цаанаас төөнөх
Хүдэр чийрэг сэтгэлийн галыг
Хөөрөн мандах нарны цацрагаар
Хөтлөн холбох авъяас үгүйд
Хүндлэл хайрын элгэмсэг орчилд
Хүрэх хүсэл төрөх ахуйд
Өөрийн биеийг золин байж
Өрөөлийн хүслийг дээдлэх ухаан
Өрцтэй зээлийг нуруундаа тээх үү?
Өнөр түмний итгэлийг тээх үү?
Өршөөл энэрэлийн мананд умбах уу?
Ариун ариун гэхэд анхны хайр нь юу юм?
Алдах эндэх хорвоод алдаа оноо нь юу юм?
Чин үнэн сэтгэлийн уяа
Чиний миний үүрдийн холбоо
Чимээгүй урсах дусал нулимс
Чигч үнэний замыг заанам
Ард түмний итгэл сэтгэлийг
Аашлан загнан орхиод одвоос
Агч модны жимс адил
Амтлах нь үгүй хор болму
Ай хөөрхий хөөрхий
Алтан эрдэнэ гээд байл уу?
Амин эрдэнэ боломгүй бол
Алт байгаад яанам
Уужуу тавиун цэгц бод
Ухааны цараа чинь хүрэх нь үү?
Үүмэрч сандарч гэгэлзэлгүй
Үйлийнхээ үрийг дахин тунгаа
Ай хөөрхий хөөрхий
Амьдрал мину зээ
2014.10.27
3.2

Чимх чимх ухааныг
Цэгц шударгаар чиглүүлэвч
Таван цэнгийн алтан ээмгийг
Таашаал болгон авч одох уу
Хүн хүний хүсэл
Хүрэх газар байвч
Хөтлөх алсын замд
Хүртэх үгүйгээ танд
Алиман сарны туяанд
Алс хол зорчлоо ч
Алтан нарны цацрагаас
Атгаснаа алдаж боломгүй
Цэнгээр хэмжих туухай нь
Цэгц шударгын хэмжүүр үү
Чин сэтгэлийн хэмжүүр юуг
Цэгцрэх бодлоор л цэгнэнэ дээ

3.3
Хүсэл болсон хүлээлт
Хүзүүгээр татах үед
Хүмүүн заяатны дунд
Хүслийн зүйтэн төрнө
Хүрэх алсаа тодлон байж
Хүмүүний орчлонг нэвтэлнэм
Ая тух гээчийг амар хялбарт бодно уу?
Амгалан цэнхэр дэлхийтэйгээ
Алхаа юугаа нэгтгэн байж
Зуран хайсан бүхнийг
Тооцон бодон тунгааж
Жам ёсны үйлийг нь
Залгуулах учиг байнам
Аяа балчир үрс минь
Анхааралтай бүгдийг аж
Ач тус төвгийн үр дүнгээс
Ангийн чинь олз хамаарна даа
Жингийн цуваа зогсолтгүй хөвөрнөм
Жирэвгэр хөмсөг нумран зангирнам
Эжийгийн чинь бие сулхан байна
Эрч хүчийг нь сэлбэмээр л байна
Үрсийн зүтгэл дутуухан л байна
Үнэн сэтгэлийн дэм нь алга
3.5
Тэмүүлэл үгүй бол
Тэнэмэл нохой мэт
Тэгшрэх бодлын үзүүрт
Тэнхээт ат хөтлөгдөж
Жингийн цуваа хөврөн байхуйд
Ачааны тэнд уртын зам

Уртын замын эхэнд
Уран нүүдэл хийхэд
Учрал дүүрэн харцнаас
Удмын зангилаа тайлагднам
Ухаант ардын үгнээс
Учиг юуг татан байж
Урагшлах замаа гэрэлтүүлнэ
Татсан татаас бүр нь олз
Тавьсан учиг бүр нь гарз
Дүүрэн амьдралын мөрөөдөл
Дүлий орчинд байна уу
Туулах амьдралын бартаа
Сонор нээн замд хөтөлнө
Түмэн олны итгэл юуг
Түүчээлэн хүргэх холбоос
Төвгийн урт зангилаанд
Төөрөн одох вии дээ


Tuesday, August 21, 2018

Тоо ба чанар 6 ба өрөвдөх эрдэм

Аливаа үрсэд
Ямар ч бэрхшээл тулгарч болно
Зовлон зүдгүүр туулсан хүмүүс
Ард иргэдийг өрөвдөн хайрлаж 
Энэрэн тэтгэж ур ухаан хайрлах аваас
Ард иргэд нь
Зовлон бэрхшээлээсээ салан одохыг
Өрөвдөх эрдэм хэмээн
Эрдмийн тоонд оруулсу хэмээн Хас төрөөр бадраах сударт айлдсан байдаг.
Бэрхшээл гэж чухам юуг хэлдэг юм бол доо? Хүний өөрийнх туулж давах зүйлийг хэлэх үү бусдын дэмжлэгээр даван туулахыг нь хэлэх үү эсвэл аль алины хүчээр ухаарлыг олж ур ухаанаа гарган даван туулах тэр  бүхнийг хэлэх үү? Хүн л юм хойно зовлон бэрхшээл тулгараад ирэхэд сэтгэлдээ бодож хайрлаж хүндэлж явдаг болгоноосоо дэм хардаг биз харин тэр бэрхшээлийг нь арилгаж чадахгүйгээс цааш өрөвдөх хэрэг юусан билээ гээд цааш харах уу эсвэл өчүүхэн бага ч гэсэн сэтгэлийн дэм урам өгч цаашид тулгарсан бэрхшээлээ даван туулах арга ухаанд нь дусал боловч нэмэх нь энэ эрдмийн утга учир юм болов уу? Тиймээс ч зовох цагт нөхрийн чанар танигдана гэсэн ардын зүйр үг гарсан биз дээ. Чанар гэдэг үгний утга улам бүр л гүн болоод л байх юм. Эзэн Чингис хааны туулсан зовлон бэрхшээл бүр нь түүнийг улам хурцалж, түүнийг дэмнэж бэрхшээлээс салахад дэм болсон бүхэн анд нөхөд болж туулсан зовлон бэрхшээл болгоноороо бие биенээ өрөвдөн хайрлаж бие биенийхээ бэрхшээлийг хамтран давах нэгэн том хүчний цулдал болж зузаарсаар Их монгол улсыг байгуулсан биз. Дэм дэмэндээ гэх үнэний учиг энэ бололтой. Эрдэм болгоны цаана нуугдах их хүчийг сайтар ухах юмсан даа.

Monday, August 20, 2018

Хамтын хариуцлага

Саяхан зурагтаар нэгдэлжих хөдөлгөөний тухай нэгэн хуучны кино үзлээ. Одоогийн мянгат малчин тэр үеийн мянгат малчдын хооронд ялгаа байгаа болов уу? Тэр киног мэдээж зах зээлийн сэтгэлгээгээр үзсэн боловч үнэхээр нэгдэлжих хөдөлгөөн нэгдлүүдийн хөгжил тийм ч буруу муу зүйл байгаагүй харин ч орчин цагт ч гэсэн зайлшгүй хэрэгжүүлбэл зохилтой мэт санагдлаа. Нутаг орондоо нийтээрээ нэгдэл байгуулбал нэг зохион байгуулалтанд орж  бэлчээрийн зохистой ашиглалт,сүргийн бүтэц дэх бод бог малын  зохист тоо хэмжээнээс авахуулаад  малын чанарыг сайжруулах гээд нутаг орондоо хэрэгтэй байгаа бүхнээ хамтын хариуцлагаар шийдэж одоо тулгараад байгаа нэлээн олон бэрхшээлүүдийг нийтээрээ шийдэх боломж бий болохоор ч юм шиг. Хувь хувиа бодсон ардын аж ахуйтнаас орон нутгийн хэмжээнд хамтарсан хөдөө аж ахуйн томоохон нэгдлүүдийг бий болгох юм бол малынхаа  ашиг буян, түүхий эдээ өөрсдөө хянаж түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдээ дэмжсэн нутаг нутгийн сор бүтээгдэхүүнүүдээ ч чанаржуулах боломж болох юм биш байгаа. Яахав соц нийгмийн үед нийтээр нь улсын бодлого намын даалгавар болгон нэгдэлжүүлж байсан бол одоо энэ зах зээлийн үед ашиг сонирхолоороо хувь хийлүүлсэн хөдөө аж ахуйн хувьцаат компаниуд хэлбэрээр орон нутагтаа байгуулахад ямар бэрхшээл тулгарах бол? Ер нь олон улсад Шведийн социалист туршлага бий л дээ. Саяхан бас нэг буриадын эрдэмтний хийсэн төслийг сонирхож байсан юм. Үнэндээ энэ нь уламжлалт мал аж ахуй дээр биш ч гэсэн газар тариалан дээр тулгуурласан төсөл байсан ба төслийн гол санаа нь эколгийн цэвэр хүнсийг орчин үеийн био технологоор тариж боловсруулан хүн амыг цэвэр хүнсээр хангаж эрүүлжүүлэхэд чиглэгдсэн шинэлэг технологи байсан ба төсөлд хамрагч бүх хүнийг ажилтай орлоготой байлгаж төслийн гишүүдийнхээ үнэ цэнийг дээшлүүлэх зорилготой сонирхолтой төсөл байсан. Иймэрхүү шинэ бөгөөд байгальд ээлтэй технологид суурилсан малын түүхий эдийг зөв зохистой хаягдалгүйгээр ашиглах аргачлалыг ч манай эрдэмтэн судлаачид бас хийж байхыг ч үгүйсгэхгүй юм. Харин түүнийг хэрхэн олж амьдралд ахуйдаа хэрэглэсэн хөдөө аж ахуйн томоохон нэгдлүүдийг бий болгох вэ гэдэг бас л улсын бодлогод хамаатай л байх нөгөө талаараа бас иргэдийн идэвхи санаачлага нэг зорилгын дор эвлэлдэн нэгдэж нутаг нутагтаа эзэн болж амьдрал ахуйгаа өөд татах манлайлалтай ч бас холбоотой болов уу

Wednesday, August 15, 2018

Тоо ба чанар 5

Өвгүд маань нэг удаа  Хүчтэний хүчийг ашиглаж сур гэж хэлж билээ. Тэр үедээ юу гэсэн үг юм болдоо гэж бодчихоод орхичихож билээ. Хятадуудыг муулах үзэл Монголчуудын дунд үргэлж л байсан. Харин Хятад гэдэг улс одоо дэлхийд хүчирхэгээ харуулж байгаа энэ үед бид хичнээн Хятадуудыг муулаад яах ч билээ харин түүний оронд яаж өөрсдийгөө уусгалгүй тэдний хүчийг ашиглан өөрсдөө оршин тогтнох талаараа бодож суусан нь өлзийтэй биз. Хааяа тэлэн өөрсдийнхөө нөлөөлөлийг улам хүчтэй болгож байгаа Орос Хятад хэмээх 2 гүрний дунд өдий болтол тусгаар улсаа бидэнд үлдээсэн өвгүдийн ухааныг судалдаггүй юмаа гэхэд энэ 2 гүрний бодлогыг судлан тэдний бодлого, технолгийн хөгжлийг, газар нутгийнхаа байршил ,   өөрсдийн онцлогт тааруулан бүс нутагтаа онцгой нэгэн тоглогч болохын тулд суралцах нь зайлшгүй болж байна. Тэгвэл бидний онцлог юу юм? Монгол гэж ямар улс юм бэ гэдгийг биднээс илүү мэдэх хэн байна? Өргөн уудам газар нутаг, цөөхөн тооны хүн амтай улсын хувьд уламжлалт мал аж ахуй дээрээ түшиглэн хөгжих түүнийхээ түүхий эд дээр түшиглэсэн үйлдвэрийн технологийг байгал эколгийн асуудалтай уялдуулан хөгжүүлэх бодлого, малынхаа үйлдэр угсаа, түүхий эдийнхээ чанар чансааг сайжруулах, хүний хөгжлийн бодлогоо хөгжүүлэх нь гарцаагүйг хүн болгон шахуу яриж бичиж байгаа боловч цэгцтэй уялдаатай бодлого дутагдаад байна уу даа.
Саяхан өөрт тохиолдсон нэг явдлаар жишиглэн ярья л даа.
Нэлээн хэдэн жилийн өмнө би хонины ноосоор тэр дундаа эсгий гар урлалын чиглэлээр сонирхолын дагуу хүмүүст сургалт хийж жижиг сажиг гар урлалын зүйл хийж үзэж олон улсын худалдааны томоохон сайтууд дээр тавьсан байсан юм. Гэтэл азаар ч юм уу нэгэн томоохон захиалга авах боломж гарч ирсэн боловч гар урлалын цехээр тэрхүү захиалгыг гүйцэтгэхэд нэлээн бэрхшээлтэй байсан юм. Ямар бэрхшээл гарсан бэ гэвэл түүхий эд болох хонины ноосны өртөг маш их үнэтэй болсноос хамааран томоохон захиалгын өртөг нэлээн өндөр болсон юм. Манайд ноос үнэгүй шахуу болчихоод бгаа мэт ойлголт ихэнх хүмүүст байдаг боловч үнэн хэрэгтэй монгол ноосны чанар муудснаас маш их хэмжээний хялгас гардаг ба бүтээгдэхүүн хийхэд чанарын шаардлага хангахгүйгээс гадна нэгж бүтээгдэхүүний өртөг маань өрсөлдөгч Балба улсынхаас хамаагүй өндөр болчихож билээ. Балбын үйлдвэрлэгч нар Авсрали улсаас ноосоо импортолж авдаг хирнээ л манай бүтээгдэхүүний өртөгөөс хамаагүй хямдаар нийлүүлж чадахаар байсан нь сонирхол татсан юм. Тэгээд ноосон сүлжмэл бүтээгдэхүүн хийдэг найзаасаа асуутал тэр маань мөн л Авсралийн хонины ноосон утасыг Хятадаас  импортоор авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болохыг мэдсэн юм. Гайхаад яагаад Монгол ноосон утсаараа хийдэггүй юм бэ гэж асуутал Монгол ноосон утас маш ширүүн болохоор хэрэглэгч нар маань хатгадаг гээд авдаггүй юмаа гэсэн юм. Үүнээс бид ямар дүгнэлт хийх ёстой вэ? Хуучин соц нийгэмийн үед малын үүлдэр угсаанд их анхаарч нарийн ноосны чиглэлээр хонио үржүүлж, махны чиглэлээр илүү нугаламтай хонь гээд л нэр бүхий үүлдэрүүд бий болгож хөгжүүлж ирсэн байдаг. Одоо харин бид хэт тооны хойноос хөөцөлдөөд чанарын талаар мартаад байна уу даа. Түүнээс гадна Авсралийн хонины ноосыг Хятадууд импортоор аваад түүнийг дахин боловсруулж чанартай ноосон утсыг гаргаж бусад оронд импортолдог ба манай ноосыг ч бас ихээр импортолж авдаг ба Монголд ноосны үнэ юанаар тогтоогдож угаах үйлдвэрүүд авж байгаа нь миний хувьд маш хачин санагдаж байж билээ. Тэгэхээр бид бас технологио сайжруулах, малынхаа үйлдэр угсааг сайжруулах цогц бодлого зайлшгүй хэрэгцээтэй санагдсан. Бидэнд маш их боломж бололцоо байна. Харин тэр бүхнийг ашиглахын тулд бид маш их суралцахаас гадна өөрсдийгөө хэн бэ, юу чаддаг вэ, бидний онцлог давуу тал юу вэ гэдгээ таниж уйгагүй хөдөлмөрлөж өөрөө өөрсдийнхөө болон бусдын алдаанаасаа суралцах шаардлагатай байна. 
   

Monday, August 6, 2018

Аравт

Арга билгийн чанадаас ундрах
Алт эрдэнэс мэт эв нэгдэл
Аман хүзүүний нугалаа адил
Асралт сэтгэлийн хэмээр нягтарч
Дутах ухаанаар саваа дүүргэх
Дуурсагдах үйлийн учгаар нэгдэж
Дуулим хорвоод мөрөө үлдээх
Дайчин удмын мөнхийн хэлхээ
Арван хурууны ур шингэж
Амин хэмийн чанар шингэж
Алдар нэрийн амтыг мэдэрч
Асралт тэнгэрт дүүлэн нисэв
2016.8.23