Wednesday, December 24, 2014

Эзэн хичээвэл заяа хичээнэ

Мөрөөдөл , зорилго хоёроо хэрхэн нэгтгэх вэ?

Урьд бичсэн бичлэгүүдээ харж байгаад өөрөө өөртөө ийм асуулт тавьлаа. Мэдээж хувь хүн бүрийн дотор өөр өөрсдийн мөрөөдөл байдаг. Харин бүх зүйл сайн муу 2 талтай байдаг учраас мөрөөдөл ч гэсэн үүнийг дагаад 2 тийш салан одох байх. Тэгвэл зөв зам нь аль вэ? Үр дүнгээр нь хэмжих үү эсвэл хохирлоор нь хэмжих үү?  Одоогийн нийгэмээр бодоод үзье л дэ. Хэрэглээнд тулгуурласан эдийн засгаар бодох юм бол өнөө үед хүмүүсийг хэрэглээнд л байнга урин дуудаж байдаг. Реклам сурталчилгаа бүх зүйлс аливааг хэрэглээд бай,  хэрэглээд бай гээд л байдаг. Хүмүүсийн шуналыг улам өдөөж түүндээ түшиглэн хөгжсөөр л байна. Мэдээж энэ янзаараа явах юм бол үр дүн нь хэн бүхэнд ойлгомжтой болж байна. Хэрэглээг нэмэгдүүлэх эдийн засгийн зохицуулалт энэ янзаар явах юм бол дэлхийн нөөц барагдаж сүйрэлд хөтлөх нь дамжиггүй. Гэхдээ үүнд мэдээж саад гарна. Тэр нь хүмүүсийн сэхээрэл . Бид чинь хаашаа явж байгаа билээ? Хувь хүн бүр өөр дээрээ бодоход нээх аюул учруулаад байх зүйл үгүй мэт санагдах л байх харин нэгэн эх дэлхий дээр амьдарч байгаа цулаараа бодох юм бол арай өөр дурслэл бий болохыг ажиглах болов уу? Тэгвэл хүмүүсийн сэхээрэл гэж юуг хэлэх вэ? Яагаад сэхээрэх болов? Хохирол гарч эхэлснийг анзаарч эхлэв үү? Эсвэл ямар нэгэн нөлөөлөл байв уу?  Мэдээж энэ их хэрэглээг хангах нөөц хязгаартай. Харин хэрэглэснээ нөхөж байх нь амьдралыг уртасгах болов уу? Энд амьдрал гэдэг үгийг нэг хүн дээр хэлсэнгүй шүү. 
Урьд бичсэн бичлэг дээрээ хатны судраас мөрөөдөл гэж юу вэ гээд иш авснаар бол орчлон ертөнцийн жам ёсонд зохицон, байгалийн хуулинд захирагдан түүнийг мөрлөн амьдрах нь мөрөөдөл гэж ухаарах юм бол тэрхүү мөрөөдлийг биелүүлэхийн тулд өөрсдийнхөө өмнө ямар зорилго тавих вэ?  

Харин энэ сударт Эзэн Чингис хаан маань  их л санаа зовнин сэрэмж өгөн  өгүүлсэн байх юм:

Бусдын бурууг дууриаж халуун дай яр зарлаж харламуу
Гэдэс цадах гэж нийтээрээ гэм үйлдэж хараар зэмлэгдмү
Идэж ууж байхдаа итгэлтэй байхыг чиглэхдээ
Идэгч боулихайд (шуналтангуудад) төлбөр төлж хэм-ийг  бармуу
Ний хэм ( иргэн бүр нийтээрээ улс оронд тус нэмэртэй байх хамтын хариуцлагын орчин, ) байхын үндсийг тасалж сүйтгээд
Ядуугийн ясан дээр улсын хэргийн зардлыг нэмж
Муугийн махан дээр Монгол улсын ирээдүйг зоож
Засгийг турааж ний-гэмийг таргалуулж хүслийг алмуу

Ийм байдлыг мунхаглал хэмээн үзээд өөрөө өөрийнхөө өөдгүйн боол мунхаглалын идэш болохгүйн тулд хүслийн зүйд амьдрах нь зорилго гэжээ.

Гэтэл сударт бас их сонин үгс байх юм :

Бусдын алдаа надаас болдог, хохирол нь намайг хорлодог
Багш шавийн барилдлагыг мөрөөдөл болговоос амьдарму 

Яахаараа хэн нэгний алдааны буруутан болох ёстой гэж? Тэгэхээр хэн нэгний алдааны буруутан болохгүйн тулд өөрөө би арвин их мэдлэг хурааж, өөрийгөө засаж залруулж явах хэрэгтэй юм уу? Хэн нэгний алдааны хохирогч нь би болж болох юм байна. Тэгвэл миний алдааны хохиролд хэн нэгэн ч өртөж болох бололтой. Хэн нэгний алдааны хохиролд нийтээрээ өртөх аюул байдаг . Харин тэр алдааг хараад өөрт хамаагүй мэт өнгөрөх үе зөндөө л байдаг ч гэлээ хохирол гарахыг урьтан танин мэдэж тосож бэлдэх чадварыг олох нь алсын хараа,  эсвэл алдаанаас суралцах ухаан гэж үзвэл  эргээд алдаа бүхэн бидний багш болох ч юм шиг .

Ардын зүйр үгээр бол " Эзэн хичээвэл заяа хичээнэ " гэгч болох нь ээ дээ.

Эзэн өөрөө хүсэл тэмүүлэлтэй
Зорьсон зоригдолтой байх аваас
Далан гурван суу билэг ухаанд
Хүрэхгүй байхын аргагүй

(Хас төрийг бадраах судар 238 х)

Эргэцүүлэл юугаа задгай орхилоо. Эрхэм уншигч таньд бодол болгон үлдээе дээ.


Monday, December 15, 2014

Нөхөх ухаан

Нэг ухаарлынхаа тухай бичье л дээ.  Би ханиад хүрчихсэн нус маань гоожчихсан байлаа л даа. Буурал маань буугаад ээжээс манай энэ улаачийн хамрыг арчих юм өг дөө гэхээр ээж салфетка авч өгөв.  Дараа нь дахин авч өгөхөд буурал гэнэт л ээжийг та нар гамнахаа мэддэггүй, байсны зоргоор хэрэглэдэг улс гээд л аашиллаа. Дараа нь би бодлоо. Нээрээ л энэ цаасыг модоор хийдэг гэсэн бид хэдэн ч модыг тасалж ийм зүйлс хийж тэрийгээ хамаа намаагүй хэрэглэж хаядаг билээ дээ.  Өдий нас хүртлээ миний хэрэглэсэн цаас хэдий их билээ дээ. Энэ их хэрэглэсэн зүйлсээ нөхөж байсан бил үү? Нээрээ мод тарих юмсан гээд л . Зүгээр нэг бодоод өнгөрөх ч яахав. Тэрийгээ ч хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн хавар  Хөвсгөл аймагт хэдэн андынхаа хамт буурлуудтайгаа нийлэн үйл хийж ойд мод тарьсан даа.  Тэсийн голын эхэнд 50000 гаран 2 настай хар модны суулгацыг нутгийн хүмүүстэй нийлэн, эгчийнхээ компаний дэмжлэгтэй мод тарьлаа. Буурлууд маань байгальдаа зохицож ургах моддыг маань хураар дэмнэж , уул усны савдагт нь даатган үйл хийсэн дээ.





Намар харин тарьсан моднууд маань сайхан ургасан нь буурлуудын маань үйл хүрч , бас ч гэж  хангай дэлхий таалсных буй заа.



Аливааг хөндлөнгөөс хараад шүүмжлэх , төр засагтаа хамаг буруугаа өгөхөд амархан л даа гэхдээ хүн бүр дор бүрнээ би болохгүй бүтэхгүй байгаа бүхний эсрэг өөрөө юу хийж чадах вэ гэдгээ дор бүрнээ тунгаан, өөрийн зөв гэж бодсноо хэрэгжүүлэх нь бидний эх дэлхийдээ, түмэн олондоо хийх тус нэмэр болох болов уу.  

Саяхан " Нүүрний хуудас" -аар хэсэж яваад ийм нэгэн эх сурвалжийг олж уншлаа. 
1219 онд Чанчунь бомбыг урьсан захиандаа Чингис хааны хэлсэн үг...

Тэнгэр бээр Дундад улсыг жигшин орхисон нь ихэмсэг бардам гоёмсог хээнцэр туйлдаа тулсны учир болай. Би бол умар газрын хээр талд сууж өчүүхэн ч шунахай ховдоггүй, харин даруу хялбарыг эрхэмлэн, элбэг тансагийг няцааж, арвич жирийн байдлыг дaгмуй. Би хэзээ ч нэг янзын хувцас, нэг төрлийн хоолтой байдаг бөгөөд үхэрчин, адуучин лугаа адил хувцаслаж ижил хоолломуй. Би ард иргэдийг нялх хүүхэд мэт энхрийлэн, эрдэмтэн мэргэдийг ах дүү шигээ тэтгэн дэмжмүй. Бид юу ч хийсэн санаа нэгтэй, харилцан бие биеийг өршөөн асрах сэтгэл түгээмэл бөлгөө. Би түмэн цэргийг сурган боловсруулахад биеэр бүхний өмнө яван зуун давхар дайсны жагсаалд учравч ар талд хоцрохыг бодолгүй явсаар долоон жилийн дотор эзэн хааны гүйцэтгэх их үйлийг бүтээж зургаан зүгийн дотроо агч улс орон бүгдийг нэгэн их гүрэнд багтаан нэгтгэв. Миний үйл явдалд эрдэм байснаар биш, Алтан улсын төр батгүй болсны учир Тэнгэрийн ивээл тэтгэлийг хүлээж эрхэм дээд сууринд хүрлээ. Өмнө зүгт Жао овгийн Сүн улстай хил залгаж, умараа Хуйхуй уйгур нарыг нийлүүлж авмагц дорно этгээдийн Ся овогтон, өрнө зүгийн харь аймгууд цөм биеэ боол шивэгчин хэмээх болов. Санавал манай Шаньюй нарын улсаас хойш мянган жил зуун үе өнгөрөхөд өөр ийм улс байсан удаагүй. Иймд миний тушаал их, үүрэг хүнд болсон учир би засаглалыг тэгшлэн үйлдэхдээ алив зүйлийг дутуудуулвай гэж аймуй..
Энэ захианаас бид их л зүйлийг тунгаан бодож их хаан маань бидэнд юуг үлдээхээр зорьж байсанг ойлгох буй заа

Tuesday, December 9, 2014

Эрх эдлэхүй

Эрх гэж хариуцахыг хэлмой гэж эхэлмээр санагдлаа. Гэвч эндээс асуултууд гарч ирнэ. Юуг хариуцах юм? Хариуцах гэдэг нь юу гэсэн үг вэ? Яаж хариуцдаг юм ?
Эдгээр асуултуудын алинаас нь эхлэх вэ?
Яагаад ч юм эрхийн асуудлыг хүн ер нь яах гэж ямар зорилготой бий болсон юм гэдгээс эхэлмээр санагдлаа. Их түүхийн судраас харж байхад наран бичиг, хүн бичгийн тайлбар дээр хүн эх дэлхийдээ хэмээ өгч хүйн холбоотой гэдгээ ойлгон ухаж энэ нарийн холбоосоо тасалчихгүйн тулд амьдран оршихуйг бий болгох оюун ухаантай болон бүтээгдсэн гэсэн байдаг. Тэрхүү нарийн холбоос гэгч нь эх дэлхийн амин сүнснээс нэгэн хэмийг таслан авч хүмүүний биед хөх толбо болгож хийсэн тэр бодис бололтой. Ингээд бодоход хөх толбо бол бидний хариуцах зүйлийг минь сануулагч юм байна.  Хүйн холбоотой гэдгийг босоо холбоос илэрхийлэх болов уу. Юун босоо холбоос вэ гэж бодож магад. Энэ яг л эх үрийн нандин холбоо гэсэн үг . Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэдэг ардын үг байдаг да. Энэ үгийн орчин үеийн бидний ойлголт арай өөр мэт боловч үрс бид уулны учрыг олж ухаанаа тэлж, эх дэлхий дээрээ хэрхэн амьдран орших ёстойгоо танин мэдэж, түүнийгээ амьдралдаа хэрэглэх гэсэн санаа болов уу. Эхээс төрөхдөө бид юу ч мэдэхгүй ямар ч гэм хоргүй төрдөг. Харин эцэг эхийнхээ хайр халамжинд өсөж , тэдний зааж сургасныг сонсон өсдөг боловч идэж, ууж, өмсөх ,хэрэглэх, зугаалж, цэнгэхэд амьдралын утга учир байдаг гэж өнгөцхөн бодож өссөн нь хэд байгаа билээ. За ингээд эхний асуултууд дахиад л гарч ирнэ дэ.
Идэж , өмсөх, эд, орон сууцаа хариуцаж миний чиний гэх зааг ялгарал тогтоожээ. Хүний эрх ямар байхыг эд юмс шийдэж, эд ямар байхыг зоос мөнгө шийдэж байна. Эцэстэй хүний эрх биш эдийн эрх байна. Хүний хариуцлагад байгаа хувцас эд хөрөнгө үнэтэй харин хэн ч хариуцахгүй байгаа  хүн үнэгүй . Хариуцлагын тухай мунхаглал ийм л байна. Амьгүй  нь амьдыг удирдваас яах вэ? Эдээр удирдах гэдэг эгэлгүй мунхаглалыг яах вэ?

Бэхи хатаны судар дээр:

Аливаа ургамал, амьтныг байгал хариуцаж байгаа юм биш
Цаг уур орон зай амьд явж ургаж байгаа юм
Цаг уур орон зайг хүн хариуцаж байваас
Амьд явж ургаж , байгаа бүгд " хэм-эн" байгаа юм.
Цаг , уур орон зай байгалд зөн байдаггүй ч гэсэн
Цэгц жамыг эвддэг мунхаглал байдаггүй нь сайхан
Ургамал амьтан ургаж, үхэж байдаг боловч
Урсах цагийн аясаар байгаль хорогдох хоомой
Оргож амьд яваа бүгд үхэж мөхөх угтал байна
Орчлон хариуцаж байхгүй бол сүйрэх
Онцгой зохицлоор хижи гөрөөс шалгарсан байна.
Үүргээ биелүүлэхийн тулд хүн нар
Үнэний алтан дээдэд гэгээрч зөнч болох тавилантай байна
Эцсийн эцэст эрх эдэлнэ гэдэг нь хамтын хариуцлага юм гэжээ.

Тэгэхээр хүн юу хариуцах болж байна? Цаг уур орон зайг хариуцах нь, орчлонг хариуцахгүй бол сүйрэх нь. Тэгвэл тэр хариуцах гээд байгаа цаг уур ,орон зай, орчлонгийнхоо талаар мэдэж байж зөнч болох нь. Эргээд хүүхэд эхээс төрснөөсөө эхлэн бодъё. Эхээс төрсөн хүүхдийг эцэг эх нь өлгийдөн авч зааж сургаж чиглүүлдэг. Тэгэхээр энэ бүхэн гэр бүлийн хүмүүжлээс ихээхэн хамаатай болох нь. Орчин цагт цэцэрлэг сургууль гээд даатгах газар ч их болж. Хэдий тийм ч гэр бүл бол хамгийн чухал. Хэрэв эцэг эхчүүд бид хүүхдээ анхнаас нь бага балчраас нь зөв зам, зөв зүйлийг , ертөнцийн жам ёсонд нийцсэн бүхнийг зааж сургахгүй бол тэд маань хааш хөтлөгдөн одох бол. Одох бол ч гэж дээ хэдийн бид буруу замаар будаа тээсэн гэдгээ ч ухаарах завгүй яваа бус уу. Иймийн учир л тэнгэр дээрээс өвгөд минь үрсээ харан зүрх нь шимширч суусан биз . Үүгээр ч барахгүй олон олон удмын онгод буурлууд бууж үр ач нараа орчлон ертөнцийн жамд зохицох нүүдэлчин ухаандаа сурган ёс заншлаа сэргээх гэж оролдон буй биз. Энэ бүгд байгаа нь хүн гэдэг үхээд бүх зүйл дуусдаггүй болохыг илэрхийлэх мэт.  Монголчууд үүнийг үндэс иш цомирлог нь удамшил зөв хүчин дор ургадаг гэж сударт бичсэн байдаг. Хүн амьд махан биетэй байх хугацаандаа цаг уур , орон зай, орчлонгийн талаар танин мэдэж, өвгөд дээдсээс уламжлуулж ирсэн ёс заншлаа ухан тайлж сэргээж, өөрийн гэсэн амьдралын туршлагыг хуримтлуулж, өвгөдийн мэдлэгтэй нийцүүлэн батлаж ойлгож ухсан бүхнээ үр хүүхдүүдээ уламжлан үлдээж замнуулах нь хүн болж төрсний үүрэг буюу хариуцлага гэж ойлговол эрх эдэлхүй гэдэг энэ болох нь ээ.
Гэвч эрх эдлэхүй гэдгийг өнөөгийн нийгэмд эрх бол өгөхийн дархан биш авахын дархан гэсэн ойлголт хүчээ авч. Харин монгол ухаанд үүсэл гарвалаасаа эхлээд амь зуулгаа олж, амьдралын утга учрыг эрж хайн , олон ухаарч, амьдрал дээрээ баталж, хэрэгжүүлж , мэдсэн болгоноо зам мөрөө болгон, түмэн олондоо түгээж, амьдралдаа харилцаа болгон жаяглаж эрхийн 5 дээд жаягийг төрийн минь сүлд хэмээн иржээ. Тэгэхээр энэ эрдэм мэдлэгт тэмүүлэх тэмүүлэл нь хүндэтгэлт төрийн сүлд болжээ. Түүнийг дааж явах гэдэг нь асуудлын гол болж байна.

Эрх эдлэхүй

Орчлонгийн амин чанарт онолоор зохицож
Орон зай цаг уурын 5 хүчийг нэү тух болгож
Цагдах шорон, тахал, тамлал, доройтол үгүй
Цаг бус үхэл, ган , зуд үгүй
Моныг голлож Монголоор амьдрахыг эрх эдлэхүй гэмү

Хатаны судар дээрх эдгээр шүлгүүдийг уншаад ойлгож ухахгүй зүйлс их байх боловч бид энэ шүлгээс хэд хэдэн үгсийг тодоруулж ойлгохыг хичээе.

Орчлон - өнөө бидний хариуцахгүй бол сүйрэх зүйл маань. Хөх толботой маань холбоотой. Үүрэг хариуцлагаа умартсан хүнээс хөх толбо нь аяндаа бүдгэрэн алга болдог гэдэг ба ингээд бодохоор ертөнцийн жам ёсыг танин хүн төрөлхтнийг зөв замд нь хөтлөгч нар нь өнөө бидний цөөхөн монголчууд ба үлдсэн хөх толботнууд. Юу гээчийн том үүрэг хариуцлага үүрч яваа улс вэ бид чинь. За ингээд орчлонгийн амин чанар  гэдгийг хайлаа. Хэдий гуравхан үг боловч цаад утга нь их л гүн бололтой. Буурлуудын айлтгалд эрдэм боловсролыг оройлон залж, мэдвэл зохихуйг мэдлэгтээ хурааж, зорилго хүслээ нэгтгэн хурааваас амин чанар нь бүрдэх билээ гэсэн байдаг . Хөтөлсөн мэдлэгээ зорилго болгож, эл биеэ тэгшлэн засвал амин чанар нь үүсэх нь . За тэгвэл энэ их орчлон ертөнцийн их мэдлэгийн санг бидний өвөг дээдэс онол болгон боловсруулж өнөө бидний үед хүргэсэн байх юм.  Тиймээс энэ онолыг ойлгон ухаж биеэ засаж мөнхийн тэмүүлэлд явах нь  бидний эрх юм байна шүү дээ. Цааш нь задраад яваад байх юм бол маш их зүйл болох учир та бүхнийгээ залхаалгүй өөрсөд тань үлдээе дээ.