Tuesday, July 17, 2018

3-10


Түмэн бээрийн алсаас ирэх
Түйтгэр зовлонгийн шалтгааныг олох
Түм түмээр үржих ухааныг
Түүчээлэх үрс ухна буй за
  Төгс ухаарал үгүйтэй адил
  Дүүргэх дутуунууд үйлээ ухаж
  Түмэн жилийн аялгууг хүргэх
  Төгөлдөр учралаа хүлээн байна
Алаг үрсийн уйлах дуунаар
Агаар салхи нь дүүрээд байна
Амраг зүрхний цохилоо бүрээр
Алсрах зам нь тодрон буй
  Зүрх сэтгэлийн уялгаар
  Зүгээр ч нэг холбогдоно гэж үү
  Зөнгөөр урсах амьдрал чамайг
  Зүүд нойрноос чинь сэрээнэ буй за
Агуу ихийг мөрөөдөж байж
Алсын замд гардаг ч гэсэн
Энгийн бүхнээс эхлэх бүхэн нь
Эргэх холбоонд шингээстэй буй
  Түмний итгэлийг олно гээд
  Түвшин амгалангийн үүдийг сахигчид
  Тэмүүлэл юугаа хурцлана биз
  Тэнхээ юугаа тэнцүүлнэ биз

Tuesday, July 3, 2018

Хүлцэл өчих эрдэм

Өөрийгөө чи яаж зөвтгөх юм
Өрөөл нэгний зүрх сэтгэлийг гундаачихаад
Өргөн олны дунд алдар нэрээ түгээчихээд
Өндөр өвгүдийн үр гэж ачаа үүрчихээд
Өршөөл эрэх эрдмээ ч умартчихаад
Өөрийгөө чи яаж зөвтгөх юм
Өндөр өвгүдийн чинь нүүр улайх биш үү
Алс холын замыг зорьсон бус уу
Алдаа онооны дэнсэнд яваа бус уу
Асрал энэрэл зүрхэнд чинь үгүй гэж үү
Алдааныхаа хохиролыг чи яаж нөхөх юм
Эрлэгт очихоор чинь  ингэж л асууна
Эртхэн чи өршөөлөө эр
Элдэвлэж бултах зам чамд үгүй




Monday, July 2, 2018

Суралцахуй



Хамаг Монгол улсыг нэгтгэхийн тулд туулсан зовлон бол Хаан ширээний төлөөх тэмцэл бус тал нутагтаа тайван бэлчих, таван шимтийнхээ аагаар хөлжих, тухт таван ардынхаа тулгар Төрийн төлөөх золиос байсан юм гэж МТТТ судар дээр КауБайУл ( Хабул хаан ) дээдэс айлдсан байдаг.  Өөрөөр хэлбэл идтэй нэгэн гарч ирээд ирт сэлмэн дор нэгдэлгүйгээр, итгэл зүрхний дор нэгдэж эх орныхоо таван тусгаар тогтнолыг хамгаалсан түүх юм хэмээсэн байдаг. Аливаа хүн гэр бүлд харьяалагддагтай адил гэр бүл ч гэсэн улс бүлдээ хамаардаг нь хүн төрөлхтөний түүхийн энгийн л нэг жишээ. Харин тэр гэр бүл хэрхэн бие даан гэр доторх асуудлаа зохицуулж чадаж хир нөлөө бүхий гэр бүл болж байгаагаар нь зэрэг зиндаа хэмээх зүйл тодорхойлогдох биз. Монгол орныг хэдхэн гэр бүл л захирч байна гэсэн яриа олны дунд байдаг болсон. Харин эдгээр толгойлох  гэр бүлүүд зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө бусад гэр бүлүүдийг сорон мөлжиж байна уу эсвэл  бусад гэр бүлүүдийнхээ чадал чансааг харгалзан бүх  гэр бүлүүдийн үнэ цэнийг үнэлж,  харилцан хамааралтай нэгэн цогц системийг бий болгож байна уу , эсвэл бүүр толгойлох  гэр бүл болохын төлөөх  хоорондын  тэмцэлд бусад жижиг бүлүүдийгээ чирж хохироож байна уу гэдгээс хамааран улс орны хөгжил цэцэглэлт тодорхойлогдох шиг.  Гуравхан сая иргэдтэй манай улсын хувьд газар нутаг хүрэлцэхгүй байх гэсэн  зовлон үгүй тул хэрхэн газар нутагтай жигд тархан суурьшиж суурьшсан газар нутгийн онцлогт тохирсон аж ахуй эрхлэн иргэн бүрээ үнэ цэнэтэй иргүн байлгах төрийн бодлогоо тодорхойлох арга чухал болоод байна. Мэдээж түүхийн хөгжлийн замд цуст тулаанаас авхуулаад олон ч тэмцэл болж байсан боловч 1990 оноос хойш Монголчуудын хувьд шинэ шахуу  чөлөөт эдээр засаглах  ухаанд хэн нь  эртхэн  харийнхны  эдийн засгийн зөвөлгөөг авч чадсан  нь толгойлох гэр бүлүүд болоод байна. Бид  чөлөөт эдийн засгийн хөгжлийн  үе шатуудыг мэдэхгүйн гайгаар харийнхны заль мэхэнд орж өөрсдөө ч даахааргүй их өрөнд орж одоогийн гүн хямралтай нүүр тулаад байгаа ч гэлээ бас ч гэж хоцрогдлынхоо давуу талыг ашиглаж эдийн засгийн алуучдын арга мэхийг гадарлаж эхлээд байгаа энэ үед л толгойлох гэр бүлүүд хувь хувийн эрх ашгийн төлөө биш хэрхэн хамтарч улс бүлийнхээ төлөө гадныхны  заль мэхэнд орохгүй байх ,  бусад гэр бүлүүд ч энэ арга ухаанд суралцаж харийнхны заль мэхийг ядаж өдий болтол туулсан зах зээлийн замнал , учруулсан хор хохиролоор нь таниж суралцах нь зайлшгүй болоод байгаа тул өөр хоорондоо дайсагнахын оронд эрхэмлэвэл зохих тусгаар тогтнолоо 5 байдлаар хамгаалах арга ухаандаа суралцвал зохилтой. Харин тэр онолын үндэс бидний түүх бидний өвд байгааг орчин үетэйгээ уялдуулан харах алсын хараа бидэнд дутуу байгаа нь харамсалтай. Гадныхнаас суралцах зүйл арвин их гэдэгтэй маргах хүн тэр бүр байхгүй ч өөрсдийнхөө авдарыг уудалж суралцах төрт ёсны соёлтой гэдэгтэй  маргалдах олон хүн байдаг болсон одоо үед аль алинаас нь суралцах нь чухал болохыг ухамсарлах цаг үе иржээ.