Thursday, June 18, 2015

Зохист хэмжээ.

Амьдрал тэр чигээрээ тэнцвэр дээр оршиж байдаг. Сайны хажуугаар саар нь байдаг. Аливаад хэм хэмжээгээ мэдэж бай. Хөнжлийнхөө хирээр хөлөө жий  гэх үгсийг зөндөө л сонсож байсан ч түүнийг цаашаа хир ухаж бодож байсан болоо?
Нэлээн хэдэн жилийн өмнө  Чингис хааны академийн Давааням гуайн лекцэнд нэг удаа сууж билээ. Тэгэхэд Күнзийн сургааль бол хавтгай дээр сэтгэсэн сургааль харин Монгол ухаан бол огторгуйн хэмжээсээр сэтгэдэг ухаан юм гэсэн утгатай ганц өгүүлбэртэй  л хоцорч билээ. Энэ юу гэсэн үг юм бол гэж бодоод төсөөлөх гэж оролдож үзэхэд огторгуйн геометрийн хичээл дээр үзсэн төсөөлөл орж ирээд л өнгөрч билээ. Ядаж л Күнзийн сургаалийг уншиж үзэж байж , Монгол ухааны судруудыг уншиж үзэж байж л энэ яриад байгаа зүйлийнх нь утгыг ойлгох байх л даа. Тэгж яваад СорКауУгТаНи хатны өртөөлүүлсэн, Нүрзэд агсны гаргасан судруудыг анх олж билээ.
Тэр хайхамшигт судар дээр үнэхээр тэр хэмжээсийг бичсэн байж билээ.

Энгийн нэгэн элсэн ширхэгт урт өргөн өндөр, үүсэл оршил хувирал, амин эрчим байгаа
Нүдэн дусал усанд ч гүн мандал хаяа, ууршил хөлдөл урсгал амин эрчим хур байгаа
Үсэн үзүүр агаарт ч хүнд хөнгөн дулаан, хоол хор хур , эзэрхэл ноёрхол тохируулга байгаа

Үнэхээр л хий, тоос, чийгнээс энэ газар дэлхий бүрэлдэн цаг хугацааны дэнсэнд хувьсан өөрчлөгдсөөр өнөө бидний энэ үед иржээ. Одоо бид яах ёстой юм?  Яах ч юу байхав дээ дагаад л өөрчлөгдөөд хувьсаад л явна шүү дээ гэж бодож байгаа л байх. Ер нь бол  амьдрал үргэлжилдэгээрээ л үргэлжлэх боловч энд буюу ОДОО ЦАГТ зангилаа үргэлж оршсоор ирсэн бололтой. Одоо цаг гэдэг энэ зангилаан дээрх бидний шийдэл байнга л ирээдүйг зөгнөн байдаг бололтой.

Тоос чийг хий дэнс хорвоогийн эх
Хорвоо амин чанарын эх
Хөх нуруутууд хүмүүний уг
Хөх толбоо гээвээс хуйхтанууд

Үнэхээр бид энэ хорвоогийн эх болох эдгээр хэмжээсүүдийг ухамгүй бол хир хол явж чадах болоо? Хол явах гэж юугаа яриад байнаа гэж гайхаж байна уу?  Харин та энэ талаар бодоод үзээрэй. Яагаад гэвэл "би" гэж биш "бид" гэж бичсэн байгаа болохоор. Мэдээж би заавал чамтай явах алба уу гэж эгдүүцэн бодож болох л юм. Харин нэг дэлхий дээр байгаа болохоор л бид гэсэн юм шүү. Тэгэхээр дэлхийтэйгээ бид хир хол явах болоо гэж ойлгож болох л юм.  Юун ч их санаатай юм. Өчүүхэнээ мэдэхгүй дэлхийгээр нь сэтгээд гэх байх л даа. Яахав өчүүхэн ч гэсэн дэлхийн ээжийн үр юм хойно юу нь буруу байхав гээд өршөөн ойлгоно уу. Чухам бидний өвөг дээдэс маань орчлон ертөнцөөр нь , зүй тогтлоор нь, харилцан хамаарлаар нь ингэж харж чадсан л учраас хөх толботон хэмээгдэн хүмүүний уг нь болж байсан юм болов уу? Харин ингэж бодож чадаагүй нь хуйхтанууд буюу бидний эгдүүцэн дургүйцээд байдаг , байгаа бүгдийг идэж устгадаг хортон шавьж шиг өнөө хужаа нар уу? Үнэндээ бид ч гэсэн одоо тэр хуйхтануудын эгнээд орж байгаа ч юм шиг . БИД хэм хэмжээгээ мэдэхээ байжээ. Болох болохгүйн заагаа мэдэхээ байж.

Миний аз тохиож гэх ч юм уу би Гэрлийн өргөө гэдэгтэй холбогдож,  Аянгат удганы хичээл зүтгэл, Гэрлийн өргөөний олон улаач нарын хамтын хүчээр олон сайхан сударнуудыг буулгасныг нь уншиж, өндөр сайхан БууЭрЭл-уудын айлдваруудыг олж сонсох , унших боломж гарч билээ. Энэ бүхнийг уншаад эргэцүүлэн бодож байхад хорвоогийн бүх зүйл тэнцвэрт оршиж байж, харилцан хамаарч, хоорондоо харилцан  шүтэлцээнд оршин байж амьдрал гэдэг зүйл үргэлжилдэг бололтой.
Тэгвэл амьдралыг юугаар хэмждэг юм болоо? Амьдрахын хамгийн наад захын хэрэгцээ нь амьсгалах, хооллох, ундлах  . Тэгэхийн тулд агаар, ус, газар гурвыг хариуцах хэрэгтэй. Хариуцах гэдэг нь эдгээрийн талаар таниж, мэдэж, амьдрал ахуйдаа зохистой,  ээлтэй хэрэглэхийг хэлэх байх.  Сударт цаг уур, орон зайд ээлтэй зохицохыг амьдрал гэм үү гэсэн байдаг. Ээлтэй зохицох гэдэг л амьдралын гол хэмжүүр бололтой. Амьдрал үргэлжлэх гол түлхүүр гэчихвэл бараг болох байх.  Харин ээлгүй байх юм бол хохирол хүлээх нь .
 Өөр дээрээ бодоод үзэхэд өөрийн алдааг  хохирлыг нь амсаж байж мэдэрдэг. Харин хохирлын хэмжээг бас тодруулж болно. Зөвхөн би хохироод үлдэх үү, гэр бүл минь хохирох уу, хамт олон минь миний алдаанаас болж хохирол хүлээх үү гээд л улс орон, дэлхийн хэмжээнд ч хүрч болно. Мөн тухайн цаг  үедээ хохироогүй мэт боловч хэсэг хугацааны дараа хохирлыг нь амсах ч алдаанууд ч байдаг.
Монгол Товчион Түүхийн тайлал судар дээрээс ээжүүдийн минь өргөдөг сүүн цацлын бэлэгдэл болсон 9 хүслийн тухай олж уншсан ба харин эдгээр хүслүүд хэтэрвэл юу болж хувирдаг талаар бичсэн байдаг. Эдийн хүсэл нь шунал болж, хайрлах хүсэл нь хардах болох жишээний.  Тэгэхээр аливаа зүйл зохист хэм хэмжээнээсээ хэтэрвэл сүйрэл рүү хөтөлдөг бололтой.  Харин тэр зохист хэм хэмжээг хэрхэн барих гэдэг дээр өвгүдийн ухаан бидэнд хэрэг болох бололтой. Өвгүд минь олон зуун жилийн хуримтлуулсан туршлагаа нэгтгэн онол гээчийг бий болгосон нь чухам энэ зохист хэм хэмжээг бариулах гэсэн мэт. Онолоо мэдэж байж хохирол бага гарах нь.  Бидний амьдралд ч ийм байдаг шүү дээ. Эхлээд онол номыг үзэж байж өөрсдөө хийж оролдоход арай л илүү дөхөм байдаг шүү дээ.
Ингээд энэ  сэдэв маань өөрийн эрхгүй онол гэдэг рүү гулсан орлоо.  Харин энэхүү онолыг өөрсдийн одоо цагт зохицон хэрэглэх нь бидний ур дүй, тархины чадамжаас хамаарах буй заа. Хохирлын бага дээр алдаагаа засаж сурахын тулд онол буюу өвгүдийн өв их ухаандаа суралцацгаая.

Хэм хэмжээгээ мэдэж
Хүслийн хязгаараа хянаж сурваас
Хүртэх алсын үр нь цэцэглэж
Хүмүн бүхэнд амар амгаланг хүртээнэм
Есөн цагаан хүслийн
Ерөөл буян нь дэлгэрч
Ар хойч нь өвгүдээрээ бахархаж
Амар амгаланг хүртэх болтугай
Ухаант өвгүдийн залгамж болон
Уламжлал соёлоо дээдлэх болтугай

Харанхуйд буцлах сүү

Харанхуй гэж юу вэ? Гэрэл гэгээ гэж юу вэ?
Алтан наран мандаж шингэж, өдөр шөнө ээлжилж байхад утгагүй асуулт юунд тавиад байгаа юм гэж бодож байна уу? Сохор л биш бол харанхуй гэрлээ ялгахтайгаа гэж бодож байна уу?

Бэхи хатны алтан судар дээр :

Мэдлэг нүд сохор болвоос мөрөө харах мэлмий нүд сохор болдгийг танин мэдэрчээ гэсэн үгс байдаг. 

БууЭрЭл-ууд мэдлэгийн талаар тайлбарлаж хэлэхдээ: 

Мэдлэг гэдэг нь сонссон бүгдийн цуглуулга биш, ажсан бүхний дүгнэлт биш. Аливаа орчлонгийн хүний нэг амьдрах хугацаанд нь болдог зүйлийг давтагдах мөн шинж чанараар нь хэлэхийг мэдлэг гэж байгаа юм. Чингэвэл аливаа зүйлийн өндөр өргөн болоод доторхийг үзлээ гээд тэр бол мэдлэг биш. Тэрний энэ хорвоод нь яах гэж байдаг , ямар уялдаа холбоотой байдаг, үүрэг нь юу юм, үйлдэл нь юу юм гэж мэдэхийг мэдлэг гэж хэлээд байна.

Ингээд бодохоор үнэхээр бид юу мэддэг юм болоо? Аливаа зүйлийг ингэж бусад зүйлст нөлөөлөх нөлөөлөлөөр нь, хор уршиг, ач холбогдлоор нь, орон зайнд орших нэгж байдлаар нь мөн чанараар нь тунгааж чаддаг билүү . Ингэж л харж чаддаггүй болохоор төөрч оддог юм болов уу?
Харанхуй бүдүүлэг гэдэг үгс хаанаас гарсан байж болох уу?  Энэ мэдлэг гэдэг үгний төсөөлөл одоогийн бидний боддогоос  хамаагүй гүн байгаад байна уу даа.
Өчигдөр хэдэн хүмүүстэй ярилцаж суугаад Гэрлийн өргөөнөөс гаргасан Монгол товчион түүхийн тайлал номны талаар ярьж байтал нэг хүү надаас ингэж асуулаа. Эгчээ өглөөний 8 цагаас үдшийн 21 цаг хүртэл таньдаг залуучууд маань машин угаалгын газар хоногийнхоо хоолны мөнгийг олох гэж  ажиллаж байгаад гэртээ хариад ядарсандаа болоод ухаангүй унтдаг бидэнд энэ номыг уншаад ухаарах зав ч алга. Энэ номыг худалдан авах мөнгө ч бидэнд байхгүй, өөрөөр бидэнд ухааруулж ойлгуулах арга байхгүй юм уу гэлээ. Тэр асуулт яг л энэ амьдралд байгаа үнэн байлаа. Би харин чи юу гэж бодож байна гэж сөргөж асуув. Бидний амьдралд өдөр тутам болж байдаг энэ амьдралаар минь ойлгуулж өгч болохгүй юм уу гэлээ.  Тэр хүүд   хэрэв бид өөрсдийнхөө зүрх сэтгэлийн гүн рүү орохгүй л юм бол хэн нэгэнд энэ бүхнийг даатгасаар байна. Хэн нэгэн  гэгээнтэнд,  эсвэл хэн нэгэн ухаантанд , хэн нэгэн уран яригчид өөрсдийн энэ байдлыг минь сайхан болгох байлгүй хэмээн найдна. Гэтэл энэ дунд та гэгч хүн, би гэгч хүн хаана байнаа? Өчүүхэн жоохон ч болтугай эх орноо, эх нутгаа гэж хайрлах, үр хүүхдээ хэний ч царай харуулахгүйгээр сайн сайхан амьдруулах юмсан гэх бодол байдаг байж л таараа. Энэ л жоохон цогийн гэрэл дээр цучил нэмж гэрэл гэгээ татуулж өмнөх замаа гэрэлтүүлэхэд Би бас Та ямар үүрэгтэй оролцох ёстой вэ гэдгээ олох нь бидний Эзэн Эрх юм биш үү.  Ямартай ч ураг удам болгонд шахуу өвгүд нь буугаад өнөө мартаж холдож орхисон зүйлийг минь сануулах гэж оролдож байгаа бодит байдлыг хүн бүхэн харж байна. Олон хүмүүс бөө нар олноороо гарч ирээд амар заяа үзүүлэхгүй , өглөө  үдэшгүй дээд доод айлд, хамар хашаанд хэц хэнгэрэгээ нүддэг боллоо гэж ад үзэх нэг нь ад үзэж , өвгүд минь гэж хайрлах нэг нь хайрлаж, хүслийг биелүүлэгч гэж хардаг нэг нь харж байгаа нь үнэн л юм даг.  Яах гэж энэ олон бөө улаач нар гарч ирээд байгаа юм ? Юуны төлөө ? Эсвэл үрсүүдийнхээ хүслийг биелүүлэгч шидэт дэнлүүний Жим  шиг байж юу хүссэн бүгдийг нь биелүүлж өгөх гэж үү? Өвдсөн зовсон шаналсан болгоныг эмчилж өгөх гэж үү? Эсвэл хэн нэгний өстнөөс өсийг авч хараал жатга гээчийг хийх гэж үү? Эсвэл үрсүүддээ жам ёсыг таниулж, энэ байгаль дэлхий дээрээ яаж зохицож амьдрах ухааны ундаргыг уудлах гэж үү? Өвгүдийн холч ухааныг гүйцэх болов уу бид? Бидний  ухаан хэдийн жилийн цаадахыг харж чадах бол?
Ингээд л өдөр хоногоо өнгөрөөгөөд явах бол яах гэж би хүн болсон юм бэ? Ер нь байгаль дэлхий дээр хүнийг яах гэж бий болгосон юм? гэх асуудал өөрийн эрхгүй сөхөгдөх байх.   Хүн гээч бид нар энэ орчлон ертөнцөд яаж зохицон амьдрах тухай мэдлэггүй бол хожим хойчдоо ямар хор хохирол учруулж байгаагаа ч мэдэхгүйгээр , өнөө маргаашийн идэх хоолоо бодон амьдарч байгаа нь харанхуй дунд бэдчин явах сохор, мөчир дээр суугаад суусан мөчрөө хөрөөдөн суугаа тэнэг шиг л  ямар аюулд хэзээ унах нь тодорхойгүйгээр мөхөл гээч рүүгээ өөрийн эрхгүй алхаж байгаатай адил биш гэж үү.

Энэхүү эмхтгэлийг бичих санаа бидний нэгэн андад эрт төрсөн ба " Харанхуйд буцлах сүү" гэж өвөрмөц гэмээр нэр өгөхийг хүссэн ба утгыг нь та бүхэн өөр өөрийнхөөрөө бодоод үзнэ үү.   Харанхуйг бид мэдлэгтэй холбож тайлбарласан юм бол буцлах сүүг нь юу гэж ойлгож болох бол? Энэ бол таны , миний, бидний яс цусанд шингэсэн Монгол гэдэг нэрийг авч явах болсон энэ үндэстэнтэй холбож ойлговол яах бол? Яагаад өөрсдийгөө сүү  болгох гээд байгаа юм гэж гайхаж байна уу? Сэтгэл зүрхэнд буцлах сүү мэт эхийн сэтгэлээр төсөөлүүлж болох уу? Эхийн сэтгэлийг сүүтэй зүйрлүүлэх зүйрлэл монгол хэл соёлд байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Эх хүний сэтгэл гэж онцлох учиг нь үрээ гэх сэтгэлд л байдаг биз. Тэгвэл Монголчууд бид энэ сүү мэт цагаан сэтгэлийн охь байвал яах вэ?
Энэ талаар Гэрлийн Өргөөн дээр Аянгат удганы тавьсан БууЭрЭл-үүдийн нэгэн айлдварт ийнхүү бичжээ.

Гэгээрлийн Эзэд нь хүмүүн төрөлхтөн байх бөгөөд
Үүнд хүрэх зам нь 
Үр хүүхдээ хүмүүжүүлэхэд оршино.
Ийм тайллаар хайр гэдгийг тайлбарлавал
Гэгээрэл гэдэг дээд хүслийн зүйг хэмжих нэгж болж таарна.
Хүмүүн бүхэн бие биенээ энэрч хайрлаж
Үр удмын анд
Ураг барилдах охин үр, хөвүүн үр
Мөн эрхэм дээд багш 
Гурван тангараганд орших аваас
Өртөн шургалах зай үгүй болно.
Энэ үед Гэгээрэл гэгч бүтэн болж
Хүмүүн сэтгэл хайр
Мөн хамтын хариуцлагаар бадрах бөгөөд
Үүнийг энэ сургаал үгэнд цоожлон нуужээ.
Хайрыг сэтгэлд хүлээн авахын тулд
Эхлээд сэтгэлийн мөн чанарыг ухан ойлгож
Хар муу бүхнээс нь цэвэрлэх учигтай
Үүний тулд
Нэгд Би-гээ таних
Хоёрт мөн чанараа таних
Сэтгэлээ таних гурван үе байнам.
Би-гээ таних хэмээдэг нь
Өнгөрсөн, Одоо, Ирээдүй цагийн холбоос 
Бүхнийг ухан мэдэхийг үгүүлнэ.
Үүний учиг нь 
Өнгөрсөн цагийн Өстөн
Өнөө цагийн Анд
Ирээдүйд үр хүүхдийн Багш гэсэн ухагдахуун юм.
Алдааг ухамсарлаж чадах аваас
Аврах арга буйг мэднэм
Аврах арга буйг мэдсэн бол
Алдсан үрийг ухаажуулнам.
Алдсан үр ухаажихдаа 
Арвин их Сууг олох бөгөөд
Үр хүүхдэд хуучлан үлдээх
Өнө мөнхийн хамгаалагч болном.
Мөн чанараа таних гэдэг нь
Өнөө цагт үйлдсэн үрийн
Ирэх цагт ирэх үйлийн үр юм.
Үүнийг ухан таниснаар
Өнгөрсөн цагийн сургаал нь
Өнөө цагийн тэвчих байдал
Ирээдүй цагийн үр өгөөжийг илэрхийлнэм.
Энэ нь дээрх холбоон дээр гарч ирж байгаа бөгөөд
Алдсан үр багш болоход
Үр балчирт сургаалийг үлдээнэм.
Сургаалийг мэдсэн үр биеэ засаж
Мөн чанарын ухагдахууныг олж
Хөгжлийг ухамсарлан ойлгох болно.
Энэ үеийг давсан бол сэтгэлээ танин ажина
Сэтгэлийн гүнээс эл бүхий л түүхийг ухан ойлгож
Нээж чадах аваас сэтгэл чөлөөлөгднөм.

Хорвоо дэлхийд өслөх өс үгүй бөгөөд
Бүхэнд авралын гарц 
Тэнгэр Эцгийн мутар байдгийг ажих бөгөөд
Энэ үед Тэнгэр эцэгт итгэх 
Түүний үйл хэргийг ухамсарлах 
Сэтгэлийн эрх чөлөө орших бөгөөд
Үүний дараагаар үйл 
Үнэн зүрхнээс үйлдэгдэж чадахаар болдог ажгуу.


Үнэхээр бидний сэтгэлийн гүн дэх сүүг буцалгах эдгээр хайхамшигт үгсийг өр зүрхэндээ шингээж үйлдэл болгон батжуулах нь өнөө цагийн эзэд бидэнд ноогдуулсан үүрэг бизээ.  Харин энэ үүргээ биелүүлэхгүй бол яах бол? Хатны сударт хариуг нь хохирлыг нь даахгүй гэсэн байх юм.



Friday, June 5, 2015

Зан заншихуй номны тухай

                                                             Өмнөх үг

Нэг хүний амьдралын хугацааг дэлхийд анх хүн үүссэнээс өдий хүртэлх хугацаатай харьцуулж үзвэл өчүүхэн хугацаа мэт боловч энэ өчүүхэн хугацааг үнэ хүндтэй болгосон олон олон алдартнууд байдаг билээ. Тэдгээр хүмүүсийн үлдээсэн гүн мөр өдий болтол бидний зам мөр болон зүг чигийг заах нь байдаг нь монголчууд бидний хувьд  Эзэн ЧИНГИС хааны маань бий болгосон хамтын  түүх. Гэвч бид энэ их хаанаа бурхан шиг шүтдэггүй.  Яагаад гэвэл бид өөрсдөө  энэ түүхэн хүний бүтээлцсэн агуу их түүхийн гэрч үлдэцүүд нь шүү дээ.  Туурга тусгаар Монгол улс гэж оршин тогтносоор  байж л байна.  Нэг хүн  өөрийн амьдралын туршид орчлон ертөнцийн жам ёсыг таниж мэднэ гэхэд дэндүү ахадсан мэт боловч өнгөрсөн үеийн ололт амжилт алдаа оноо бүрийг өнөө үетэйгээ холбон орчлон ертөнцийн хувьсалд нь баяжигдан, өөр хоорондоо нэгдэн нягтарч , уламжлуулж явах юм бол ертөнцийн жам ёсыг таниж мэдэж зохицож амьдарч болох мэт. Яг л энэ замналаар Монголчууд бидний өвөг дээдэс минь замнаж одоо ч үр ач бид нь үргэлжлэл болгон явуулах уу гэдэг эгзэгтэй мөчид энэхүү номыг олон түмэндээ хүргэж байгаа билээ. Бид бол одоо цагийн эзэд гэдгээ хэзээ ч мартаж боломгүй мэт.
Өнгөрсөн баларсан балар эртний хүмүүсийн үүх  түүхийг эргэж харах ямар хэрэгтэй юм зөвхөн урагшаа харж амьдарна гэж мунхрах олон байгаа болохоор эгзэгтэй мөч гэж тодолсон юмаа. Ямар ч хүн өөрийн туулж өнгөрөөсөн амьдралгүйгээр одоогийн өөрийгөө төсөөлдөггүйтэй адил хүн төрөлхтөн ч мөн адил өнгөрснөөсөө суралцахгүйгээр ирээдүйг харах хэцүү шүү дээ. Харамсалтай нь бидний монголчууд дураараа нүүх газар нутагаа орхиж, хот хэмээх энэхэн багахан газар багширан сууж утаан хөшиг татуулан , уушиг зүрхээ хордуулан өссөн төрсөн нутгаа эзэнгүйдүүлэн орхиж байгаа билээ.
Яагаад өдий болтол Монголчууд нүүдэлчин аж амьдрал ахуйгаасаа салалгүй явсаар ирсэн юм болоо?  Тэнэгтэй тэр үү эсвэл бүдүүлэг  хоцрогдсон мунхагдаа тэр үү? Эсвэл орчлон ертөнцийн жам ёсыг таньсан болохоор тэр үү?
Одоо ч гуравхан сая монголчуудын дундаас дэлхийд хичнээн хүн нэрээ гаргаж, алдраа мандуулж байгаа билээ дээ. Үнэхээр тэнэг мунхаг, ядуу, хоцрогдсон, хүчгүй байсан бол дэлхий даяар монголчууд алдар нэрээ ингэж гаргаж чадна гэж үү?
Тийм болохоор монгол хүний чадамжид эргэлзэх хэрэг байхгүй гээд зоригтой хэлчихье.

Харин бидний өвөг дээдсүүд орчлон ертөнцийн чанадын нууцад нэвтрэн түүнийгээ үр хүүхдэдээ ёс заншлаараа уламжлуулан, мартахын үүдийг хаагаад, сургаад, үлдээгээд уламжлуулсан  байж болох уу?  Ийм дээ ч эгэлхэн боловч хайхамшигт нүүдэлчин ахуй амьдралаа өдий болтол авч ирсэн юм болов уу?
Яг л энэ асуултын хариу болгон энэхүү " Зан заншихуй " хэмээх номыг 5 анд өөрийн уншсан, судалсан, сонссон , нийлж хэлэлцсэн  бүхнээ цэгцлэх гэж оролдсоноо  олон түмэндээ   толилуулж байгаа нь энэ билээ.
Эрин цагийн эзэд болсон Монголчууд та нар минь их эрдэм мэдлэгийн үүдээ нээн хүлээх эцэг өвгүдийн алтан сургаалиа тосон авч, үүрдийн гэх Мөнх амьдралын утгыг олон , өнө мөнхийн түүхээ үргэлжлүүлнэ үү.