Monday, September 17, 2018

Эрчим эх

Нэгэн хүн чатаар надаас хүн амьтан ургамал 3-ын чанад ялгаа юу вэ? гэж асуулаа. Энэ асуултыг ухаж бодож байгаад энэ сэдэв руу урсан орчихлоо.  Нээрээ ямар ялгаатай юм болоо? Ялгааг олохын тулд юугаараа адилхан юм болоо гэж бодлоо. Амьсгалж, хооллож,  өсөж, үржиж, үхэж байдгаараа бол адилхан л юм.  Харин амьтан ургамал 2 юугаараа ялгаатай юм бол? Биологийн нарийн ширийн зүйлийг ярьвал зөндөө л ялгаа хэлэх л байх. Чанад ялгаа гэсэн болохоор мөн чанарын хувьд ямар ялгаатай юм болоо гэсэн байх. Амьтан ч тэр ургамал ч тэр адилхан л амьтай. Тэр битгий хэл махчин ургамал ч байдаг гэсэн.  Махан идэштэн, цагаан хоолтон, ногоон хоолтон хэмээн ялгагдах болсон хүмүүс амьтан идэж байна уу , ургамал идэж байна уу, сүүгээр хооллож байна уу гэдгээрээ ялгагдаж байдаг. Сүүг монголчууд эртнээс дээдэлж ирсний учиг хэнийг ч хохироож амийг нь таслалгүйгээр эх үрийн хайраас ундарсан хэмээснийх гэдэг. Тэгвэл амьтан ч тэр ургамалч тэр амь болохоор ялгаагүй л амийг тасалж байж хүнслэх хүнс. Монголчууд хатуу ширүүн уур амьсгалтай газар нутагт нүүдэллэн амьдрахдаа өвөлдөө махан хүнстэй байж хахир өвлийг давдаг байсан ба харин идэх махаа мал сүргээ хариуцан адгуулж үр төлийг нь өсгөн бойжуулан үржүүлж авдаг байсан бөгөөд өвөл идсэн махны хороо зундаа тайлж,  сүү цагаагаар гэдсээ цайлгаж ирсэн уламжлалтай. Чухам үүнээс л амьдрахыг зоригдол болгосон мянган хүнстэн болсон бизээ.
Амь, амьтан, мангдай, нар, сар, сүү эх үрэн 6 зүйл түүний харилцан шүтэлцээг таних нь өөрөө мэдвэл зохихуй. Харин тэр мэдвэл зохихуйн мэдлэгийн сангаас жаяг ёсоо хүн төрөлхтөн түүхийн явцад олж тогтоож тэрхүү жаягаа тунхагласнаар эх үрэн 6 зүйлийн харилцан шүтэлцээг хадгалах нь өөрөө биднийг тэтгэгч таван эрчим эх Нар, Сар,  Сүүн эх (Дэлхийн ээж), Мэдвэл зохихуй ,  Их засаг болдог гэвэл тэр болох болохгүйн заагийг тогтоосон жаяг  эргээд биднийг тэтгэдэг байх нь . Хүмүүн нь мөнх бус биетэн учгаас таван махбод эргэлтийн онолоор тэнцвэрийг тогтоож байж эрүүл байдаг. Түүнтэй мөн адил эх дэлхий ч таван махбодын тэнцэтгэлтэй тул мөнх бус юм. Иймээс мөнх бус биетнүүдийн насыг утрасгахын тулд амь амьтан биесийн бүхий л зохицол хэрэгтэй. Энэ зохицолыг аль болох удаан хадгалахын тулд мэдвэл зохихуйгаас үеээс үе дамжин таниж мэдсэн агуу их мэдлэгийн сангаас Их засаг хэмээх жаягийг бий болгож өөрөө өөрсдийнхөө оршин амьдрахуйг тэтгэж байдаг. Манай Монголчууд Их засгийг өөрийн зан заншилдаа гүн шингээж болох болохгүйн заагийг үр хүүхдүүддээ сургаж ирсэн. Яагаад болохгүйг нь мэдэхгүй эмээ өвөөдөө зөндөө л загнуулдаг байсан. Яагаад гэхээр муу ёр гэнэ. Гэтэл цаад хор хохирол нь тэнцвэрийг алдагдуулах аливаа үйлийг заншуулж байж хэвшил болгосон нь одоо бидний үед алдагдах аюулд тулж ирээд байгаа тул эргэн мэдвэл зохихуйгаа ухаж баталгаажуулах хэрэгцээ гарч ирж байна. Чухам иймээс ч сүүлийн үед ёс уламжлалаа хадгалан үлдэхийн чухлыг нийтээр ярих болсон ч байж болох шүү дээ.

Манай гаригийн хувьд хийд агаар, чийгэнд ус, тоосонд шороо хамаатаж буй учраас таван махбодийн эргэлтийг тогтоохдоо уснаас гал төрж, галаас агаар төрж, агаараас шороо төрж, шорооноос мод төрж, модноос ус төрж буй эргэлтээр таван махбодийг авч үздэг.
Монгол анагаах ухаанд хүмүүний биеийн яс болон эдэлбэрийг шороон махбод, шингэнийг усан махбод, амьсгалыг хий махбод, эрчмийг гал махбод, нөхцөлдөлгөө буюу сүнс удамшлын мэдээллийг модон махбод гэж үздэг.
Ус модыг тэтгэдэг ч арвидвал өмхөрнө.  Мод шороогоо тэтгэдэг ч арвидвал тэмцэлдэнэ.Шороо агаараа тэтгэвч арвидвал хийгээ сорж зэвэрнэ.Агаар галаа тэтгэвч арвидвал унтраана. Гал усаа тэтгэвч арвидвал ширгээнэ. Бага ус арвин модонд хорогдоно. Бага гал арвин усанд хорогдоно. Бага агаар арвин галд хорогдоно. Бага шороо арвин салхинд элэгдэнэ. Бага мод арвин шороонд хатна. Эдгээр тэнцвэрийн хуулиудыг одоогийн шинжлэх ухаан судлан шинэ шинэ нээлтийг хйиж байгаа боловч үнэн хэрэгтэй эртний соёл иргэншлүүдийн олж нээсэн хэрэглэж байсан мартагдсан хуучин мэдлэгүүд юм . Үүний нэгэн баталгаа болох эртний зурхай тэр харилцан хамааралыг од эрхэс хүмүүний заяа төөрөгтөө уялдуулан цаг хугацааны онолоор илэрхийлсэн байдаг шүү дээ.

Өө тийм эхний асуулт хүн амьтан ургамалын чанад ялгаа нь эрчим эхээрээ ялгаатай байгаа биз ? Амьтан ургамал Мэдвэл зохихуй , Их засгаар эрчимждэггүй байхаа.

Sunday, September 9, 2018

Тоо ба чанар 7

Тоо ба чанар гэдэг сэдвийг эхэлснээс хойш ухаж тунгаах зүйлс их л байна. Тоо чухал биш   чанар нь чухал гэх үгийг ч их сонсох боллоо. Тэгэхээр тоо ба чанарын хоорондох хамаарлын талаар тунгааж үзмээр санагдах болов . Яг юунаас эхэлж тунгаах ёстойгоо нэг л эв нь олдохгүй л байна. Монголын нууц товчионд Эзэн Дээдэс, Жамуха 2 ын хувьд дагуулсан ардын тоо чухал байсан санагддаг. Тамыг газарт буулгаж далан тогоонд чоносынхныг чанасан нь цаанаа нарийн учиртай байсан ч гэсэн нөгөө талаараа түүний харгис догшин занг харсан ардууд ихээр хаан дээдсийг даган ирсэн байдаг. Чанар гэдэг бол үйлийн мөр, өв, үр 3 аар тодорхойлогддог талаар урьд нь  сударт бичигдснийг дурьдаж байсанчлан үгээр биш үйлдлээр үнэлэгдэх чанарыг  тоотой холбох учиг юу бол?
 
Чанар гэдэг үгтэй холбоотой холбоо үгсийг түүгээд үзвэл
Шинж чанар
Мөн чанар
Амин чанар гэх холбоосуудыг Алтан судар болон бусад судруудаас олж харж болно.

Шинжлэх ухаан бол аливаа зүйлийн шинж чанарыг нь судлан мөн чанарын холбоосыг олохын тулд хөгжсөөр л байна. Харин мөн чанар гэдэгт аливаа зүйлийн оршин байгаа учир холбогдол, шүтэн барилдлага, хор хохирол гээд илүү их гүн мэдлэгт тэмүүлсэн  ойлголт байх юм.
Харин амин чанар гэж энэ хөтөлсөн мэдлэгээ зорилго болгож эл биеэ тэгшлэн засвал амин чанар үүсэх бөгөөд орчлонгийн аливаа юмс бусдаас ангид үл оршихыг ухааруулан зохицолд хөтөлдөгийг өвгүдийн буулгасан сударт илүү  задлан бичсэн байдгийг олж уншина бизээ.

Харин өөрсдийн хар ухаанаар жишиглэн бодвоос сошиал ертөнцөд хар масс гэдэг үг газар авсныг ч хэлэх үү нэг зүйлийн  талаар зөвхөн нэг өнцгөөс нь хараад хүмүүсийг хэт шүүмжлэх нь ч элбэг болж. Тэгэхээр хар массыг чиглүүлэгч нар бол чанарлаг нь байж чадах уу гэсэн асуулт гарч ирнэ. Харин  тэр чанарыг хэн тодорхойлох вэ гэсэн асуултанд хэн ч л байж болно гэж хариулмаар ч юм шиг. Үнэндээ бол хар масс гэж ад үзээд байгаачууд бол ард түмэн л дээ. Улс эх орны хувьд ард түмэн ямар байх нь төр засгаас хамаардаг тул муугаа ч тэр сайнаа ч тэр бүгдийг нь чирэхээс өөр гарцгүй. Ядуу , бүдүүлэг, ухамсаргүй , залхуу ардууд байлаа гэхэд түүнийг зөвд нь чиглүүлж хөтөлдөг нь тооны доторх чанартайчууд мөн үү? Тэгэхээр хэдий олныг ухамсарын түвшинд дагуулж чадаж байгаагаар чанарын асуудал бас тодорхойлогдож болох л юм. Ухаанаа уралдуулцгаана биз ээ

Monday, September 3, 2018

Авах гээхийн ухаан гэж агуу юм байх юм даа. Бурхан багшийн сургаал номнолын гүн ухааныг ухан уншихад гайхамшигтай бөгөөд Их хаад маань ч түүнээс суралцан сургаал номнолыг нь ашиглаж  байсныг нь ойлгох шиг. Харин бөө мөргөлийн талаар өвгүдийн бөө гэгээн тархины онол бөө бөх зөнгийн тухай, бидний Монголчуудын бүтээсэн тулгуур 3  онолыг ухан суухад  оюун санааны их ертөнцийг эгэл ардын энгийн сэтгэхүйд ухамсар болгон буулгаж, амьдран оршихуйн жаяг болгон ёс заншилдаа шингээн амьдралдаа мөрдлөгө болгон үр хүүхдүүддээ заншихуйгаар дамжуулан үйлдэлд нь зангидаж орхисонд нь бахархам санагддаг шүү. Эргэх цагийн эрхэнд ээлжлэн солигдох бүхэнд цаг цагаараа байдаггүйг мэдэж эргэн ирдэг их өвгүдийн ухааныг ирэх цагийг угтуулан тосон бэлдүүлэх гэж л удам угсааны охь ухаантнууд оюун санааны их ертөнцөөсөө морилон саатаж эгэл нэгэн улаачийнхаа тархи зүрхэнд энэ амьдралын жам ёсыг таниулах гэж үеийн үед шийдэл бүхнийг нь өөрсөд нь үлдээн байж үр дагавар бүхнийг тооцох ухаанд нь сурган байж ирэх цагийг нь ирээдүй хойчийг нь сануулан үйлдэх үйлээр нь өөрсдөд нь сургаж удмын хэлхээг таниулах нь эгэл бөгөөд агуу .