Tuesday, February 13, 2018

Зөнгийн талаарх эргэцүүлэл

Зөн гэж ер нь яг юуг хэлээд байгаа юм бэ? Тэр хүн  их зөнтэй шүү гээд л хүмүүс ярьдаг даа. Ажаад байхад болох гэж байгаа зүйлийг урьдчилан мэдээд хэлээд байгаа хүмүүсийг хэлээд байх шиг. Алтан судар дээр 7 дээд эцгийн зөн, 12 дээд эцгийн зөн гээд л бичсэн байдаг. Гэвч өвгүдийн тайлбарласнаар зөн гэдэг ирээдүйг урьдчилан харахыг хэлэх төдий биш бололтой. Тэдний тайлбарласнаар зөн гэдэг үйлдэлтэй холбогддог бөгөөд өнөөдөр эхэлсэн зүйл маргааш яаж төгсөхийг хэлж чадах нь зөн юм байна. Өөрөөр хэлбэл аливаа зүйлийг үйлдэх үйлийн үр дүн ямар байхыг тооцоолж чадах мэдлэгийн цулдал ч гэмээр юм уу даа. Чухам тиймдээ ч өөрийн 7 дээд өвүгийнхээ эрдэм чадалд суралцаж өөрийн удмын заяаг тэгшитгэх үйлдлийн үр дүнг тооцоолсноор ирээдүйд гарах үр дүнтэй нь өнөөдрийн үйлдэлээ холбож чадах чадварт суралцах болж таарав уу даа . Зөнч болтол ч өдий байнаа даа. За яахав хор хохирлыг бол гараад байгаа  болохоор нь ингэж болохгүй нь энэ чигээрээ явбал ёстой болохгүй нь гээд нохой хамартаа хүрэхээр усч гэдгийн адил  ойлгоод байгаа хирнээ л  засах залруулах үйлдэл хийж жаяг ёсыг сэргээхгүй байгаад байгаа. Жишээ нь Улаанбаатар хотын агаарын бохирдолын асуудал дээр өвөл болонгуут утаандаа хордоод ирэхээр өөрийн эрхгүй энэ асуудлаа яриж эхэлдэг боловч үр хүүхдүүд болон иргэдийн эрүүл мэндэд гарч болох үр дүнгийн талаар тооцон үзсэн эмч эрдэмтэдийн тооцоололтой холбож үйлдэлээ хийж жаяг ёсоо тогтоогоогүй л байна. Харин аливаа хор хохирол нь илрээгүй үед эрдэм мэдлэгээрээ түүнийг урьдчилан харж үр дүнгий нь тооцох эрдэмтэн мэргэдээ тоохоо болиж төр засгийн бодлогоо боловсруулж чадахгүй байгаа одооны бид өвгүдийн хэдэн түмэн жил суралцаж туулж мэдсэн мэдлэг түүнд түшиглэн боловсруулсан онолыг ашиглан  байж, тэдний бий болгосон зөнд суралцан байж  өөрсдийнхөө хийж бүтээх зүйлийнхээ үр дүнтэй нь холбон хор хохиролтой юу үгүй юу гэдгийг хэмжих хэмжээсийг ухан хийхэд суралцахаас өөр зам байгаа гэж үү. Энэ асуудал зөвхөн бидэнд ч биш дэлхий даяар  тулгарч буй. Зарим улс орнууд дэлхийн дулаарал болж байгаа асуудалд онцгой анхаарч түүнээс гарч болох хор хохирлыг тооцож улс орныхоо цаашид баримтлах бодлогоо боловсруулж байдаг бол зарим нэг нь энэ асуудалд огт анхаарал хандуулахгүй байгаа нь ч байна.
Саяхан нэг гадны философич хүнтэй уулзаж ярилцах боломж таарсан юм. Тэр хүн одоогийн энэ мөнгө , эдийн засагт суурилсан олон улсын төрийн тогтолцоог хүн төрөлхтөний түүхийн туршид бий болгосон гүн ухааны онолуудыг харицуулан судалж  хөгжлийн энэхүү гацааны учир шалтгааныг олон хөгжлийн шинэ концеппци боловсруулсан талаар яриж байсан. Манайд Ч Эрдэнэ мэтийн олон эрдэмтэн мэргэд энэ талаар яриж хэлдэг боловч улс орныг толгойлж байгаа нам болон бүлэглэлүүд энэ тал дээр анхаарал хандуулах нь одоохондоо алга байх шиг байна даа. Гэвч энэ бүхнийг улс орны хэмжээнд ярихаас өмнө хүн бүр өөрсдийн зөн билгээ сэрээх эрдэм мэдлэгт дэм болох суу ухааны судар номнуудаа уншин тайлж үйлдэлтэйгээ холбох нь чухал гэдгийг дахин хэлмээр байна
Нэг талаас иймэрхүү төсөөлөл бий болгож болох юм. Гэтэл саяхан нэг эгч маань би их зөнтэй болчихоод байнаа. Аливаа зүйлийг би урьдчилаад мэдчихээд өөрийн мэдэлгүй л сонин сонин юм ярьчихаад харин тэр зүйл нь дараа нь биелэгдчихээд байх юмаа гэв. Тэгвэл энэ ямар зөн байж болох вэ? Ихэнх өндөр мэдрэмжтэй хүмүүсэд иймэрхүү зүйл тохиолддог шүү дээ. Ийм зүйлд юун тэр үйлдэлтэй холбох юун тэр мэдлэгийн цулдал энээ тэрээ байхав дээ  цэвэр далд гэх мэдрэмжийн тухай ч юм шиг. Тэгэхээр үүнийг юу гэж ойлгож болох болоо? Ингээд эхэлсэн хүмүүсийг бөө болох юм байна эсвэл ямар нэг гэгээнтэний хойд дүр бүүр төрмөл заяатай гэж үзээд байх шиг байгаа юм. Юутай ч үүнийг аргын талаас нь тайлбарлахад хэцүү юм даа. Тэгвэл зөн мэдрэмж орж ирж байнаа гэдэг нь цаанаасаа далд ухамсарт түүнийг хөгжүүлэх түүнтэй холбогдох холбоос буйг нь илэрхийлж байгаа байж болно. Харин тэр мэдээлэлийг мэдээлээд байна гэдэг нь хэрэв муу бол түүнийг засаж залруулах боломж байна шүү түүнээс урьдчилан сэргийлээрэй гэсэн дохио байж болно шүү дээ . Ингээд дахиад л өнөө үйлдэл мэдлэгтэй эргээд холбогдох нь дээ.