Tuesday, August 13, 2019

Амин чанар ( Тоо ба чанар 10)

Тооны ухаан гэж агуу зүйлийг хүн төрөлхтөн нээсэн юм бол тэр юугаараа тийм агуу юм бэ гэсэн асуулт гарнаа даа. Алтан судар бол тэр чигээрээ тоо. Бүх зүйл тоотой холбоотой. Яс тас бүгдийг нь тоолоод олоод тавьчихдаг л юм байх даа л гэмээр...
Хамгийн бага тооноос нь эхлэх юм бол   1 гэж юу вэ гээд л хүүхдийн дууны үг гарч ирэх байх даа. 1 гэдэг бол бүхэл гэсэн үг гэж ухвал түүний дотор тоолж барашгүй их зүйл байгаа л байх. Харин тэр бүхэлд нэгдэх ухааныг өөр өөрийн онцлогоор, өөрийн хэмээр нэгдэж,  нэгэн бүхлийн нэгэн эрэг шураг болох нь тухайн нэгж болгоны өөрөө өөртөө эзэн болох эзэн эрх юм гэж ухаж болохоор. Нэг л нарны дор амьдран орших нэг л эх дэлхийн үрс гэдгээ ухаж түүнийгээ он он дамнуулан мөнх амьдран оршоох их зорилгыг нэгэн бүхэл гэж ухаж чадвал тооны ухааны 1 ын тооны агууг хүн бүр ухах бизээ.
2 гэж юу вэ ? Хосоор амьдрах амьдралын жамаар гэр бүлийг үүсгэх тоо гэж харвал морин хуурын хос чавхдаснаас хичнээн уран тансаг аялгуу урсан гардаг билээ хэмээн зүйрлэн бодвол хосын заяанаас үр хүүхэд өсөн бойжиж амьдралыг цэцэглүүлэн ургах нь тэр л аялгууг дуурсгахтай агаар нэгэн гэмээр
3 гэж юу вэ? Хий чийг тоосноос эх дэлхий бүрэлдэн тогтож энэ дэлхий дээр амьдран орших ухааныг хүн төрөлхтөний туулж өнгөрүүлсэн их түүхийн ой санамжаас улбаалан өнөө цагийн шийдлээр ирээдүй хойч минь үлдээж өгсөн газар нутаг,  өв их соёл , мэдлэг , оюун ухаанаар  хөглөгдөх өнгөрсөн, одоо,  ирээдүй хэмээх цаг хугацааны хэмжээсээр холбон тунгааваас 3 ын тооны агууг магтан дуулахаас ч яах билээ.
4 гэж юу вэ? Хас тэмдэг санаанд бууж байна. Жамын тэмдэг ч гэдэг. Жам гэж юу юм бэ? гээд дахиад л асуулт гарч ирнээ дээ. Аливаа зүйлийн давтамж чанар гэчихвэл өөрсдийнхөө  тухай , байгал дэлхий дээрх аливаа юмс үзэгдлийн зүй тогтол , бас Монголчуудын хүн төрөлхтөний түүхэнд онцгойрон гарч ирсэн цаг хугацааны  давтамжийг төсөөлөн бодож дүгнэлт  гаргаж болох л юм .
5 гэж юу вэ? Том зүйл бодолгүй энгийнээр сургуульд байхдаа үнэлүүлж байсан дүнгээр төсөөлөөд үзье л дээ. Сурсан мэдснээ 5 хүртэл тооны үнэлэмжээр үнэлүүлдэг байсан даа.
Зөв үү 5 уу ? гэж нэг хэлц МТТТ судар байдаг санаанд орж байна. Яагаад заавал таваар үнэлдэг бсан юм бол ? Мэдээж одоогийн хүүхдүүдийн үнэлгээний систем арай өөр л дөө. Монголчуудын хувьд гарын таван хуруу бүгд л өөр өөрийн онцлогтой, нэртэй, үүрэгтэй байсан гэж бодвол тэр бүрийн онцлогийг шингээх гарын алганд  ямар нууц байгаа бол?
6 гэж юу вэ? Эх үрэн 6 зүйл гэх үгс бурхан шашинд ч бий нар сар эх дэлхий түүн дээр амьдрах амьтай ургамал амьтан , оюун ухаант хүн,  сүнс энэ бүхнийг бүхэлд нь хэлээд байх шиг байгаа юм.

Гэх мэтээр хүн бүр л тоо бүрийн цаана нуугдах агуу их мэдлэгийг ухаж төнхөх аваас чанар гээч нь бүрэлдэн нэгэн бүхэл рүү чиглэх ухаанаа хөглөх нь тоо ба чанарын холбоосыг тодотгож амин чанар гээчийг ухах байх. Өөрөөр арай энгийнээр хэлбэл амь бүхнийг оршоох агуу нэгэн бүхлийн нэг хэсгээ ухаж тэр л нэг бүхлээ оршоон байх зам мөрд нэгдэх болов уу гэсэн л санаа  болов уу. Хэрэв тэрэнд нэгдэж чадвал амин чанар нь үүсэх бизээ.

Эрдэм боловсролыг оройлон залж
Мэдвэл зохихуйг мэдлэгтээ хурааж
Зорилго хүслээ нэгтгэн хурааваас
Амин чанар нь бүрдэх билээ
Өвөг дээдсийн эрдэм сургааль
Оноч мэргэн үг үсэг бүр нь
Орчлон хорвоогийн жамыг тухалж
Оройн дээд мэдлэгт нь хөтөлнө
Хөтөлсөн мэдлэгээ зорилго болгож
Эл биеэ тэгшлэн засвал
Амин чанар нь үүсэх билээ
Хүсэл тэмүүлэл эрдэм боловсрол бүр нь
Мон амин чанар нь билээ

Үглэж дуудсан бүхнээ
Үйл болгон буулгах мөчид
Үгсэж хэлцэх чигийг тодруулж
Үйлдэл болгох эрдэм бүхэн 
Үзэж туулсан бүхнээр хөглөгдөж
Ухаан болон хөг аялгуунд нэгднэм
Аялгуу урсах тэрхэн мөчид
Амин чанар хөглөгдөн
Ардын сэтгэл нь уясаж
Аялгуу дуугаар хэмээ нэгтгэж
Агуу төрийн үндэс болмой

Monday, August 12, 2019

2019.08.05


Үглэж дуудсан бүхнээ
Үйл болгон буулгах мөчид
Үгсэж хэлцэх чигийг тодруулж
Үйлдэл болгох эрдэм бүхэн 
Үзэж туулсан бүхнээр хөглөгдөж
Ухаан болон хөг аялгуунд нэгднэм
Аялгуу урсах тэрхэн мөчид
Амин чанар хөглөгдөн 
Ардын сэтгэл нь уясаж
Аялгуу дуугаар хэмээ нэгтгэж
Агуу төрийн үндэс болмой
Нийлж бүтээсэн бүхнийг оршоох цаг хугацаа 
Нэгдэж бутарсан түүхээс сургамж аван урсаж
Нисэн дүүлэх хүсэл тэмүүлэл тэнгэрт тулваас
Газар эх хэвлийдээ тосон авч гарз үгүй оршоох ухаанаар хөгөлмой.

Friday, August 9, 2019

Уусалт

Эргэх орчлонгийн эрээн бараанд
Энэрэл хайрыг эхийн сэтгэлээс мэдэрч
Ээрэм талын бартааг туулах
Эрч хүчийг олсон бол
Эрхэм хайрыг түмэндээ түгээж
Эрчим бүхнээр тархиа тэтгэж
Ээж аавын үлдээсэн бүхнийг
Энхрий үрсдээ үлдээх эрдмээр
Энэхэн биеэ ухаанаар хурцалж
Эргэх тавиландаа эзэн суумой
Үлэмж хайрын мөнхийн орчилд
Мөн чанараар уусах ахуйд
Мөнх тэнгэр ивээлээ хайрлаж
Мөрөн голын урсгал жигдэрмой
Хан тэнгэрээс буух хурыг
Хатуу үнэнээр тосох аваас
Хайрын аялгуу зүрхэнд уянгалж
Хан хорвоод уусах ажаамуу