Monday, July 19, 2021

Орчлон ертөнцийн гэрэл гэгээнд уусах
Онгод дээдсүүдийн тэмтэрч туулсан замнал
Огоорч үл болох ариун ёс заншилд бөхлөгдөн
Овоо хайрхадын эздэд хадгалагдан удамд дамнана
Олзын дээд амин чанарт ертөнцийг сонордохуйд
Огших их сэтгэлийн давалгаа намсаж
Орчлонгийн мөн чанарт уусаж амьдралыг таашаанам





Шунал

Шуналаа чи юу юм бэ?
Шунхан будаг шиг өнгөө хувирган
Хуурамч дүрээр зүсээ өнгөлж
Хуу хаман залгих зангаа далдлан
Хийсэн бүтээсэн бүхний үрийг тасдаж
Хий хоосон яриагаар сэтгэлийг хөөргөн
Хийрхүү зантын авирыг дэвэргэж
Хонжоо ашигаар нүдийг нь сохолж
Хоосон бүхнээр сонорыг нь хаан
Хэмээ нэгтгэх олныг бутаргана уу
Шунхан будгаар нүүрээ гоён
Шударга зангаар авираа далдална уу
Хамаг олныг тольдогч
Хатуу бүхнийг туулсан
Харын их тэнгэрүүд мину
Хараа юу нь хурц байж
Далдалсан бүхнийг илжүүлэх
Давхар ухаанаар үрсээ хөглөнүү
Хараа их хар тугаа мандуулж
Харц үл хүрэх алсын замд гарахуйд
Хамаг зовлонг орхин одсон мэт
Харуусал гунигийг ч тэртээд орхин одном
Хатан зүрхт бүхнийхээ төлөө
Халуун цусаа урсгасан бүхэн
Хайрлаж энхрийлсэн бүхнээ зүрхэндээ оршоон
Хөрст газрын дор биеээ оршоосон нь хэд бол?
Үнэ цэнэт энэ амьдралын чинь түүх
Энэ л учигнаас урсаж байгааг мэдэх үү
Эргэн төрөх эх болсон нутгаа
Элэг зүрхний гүнд шингээж ирснийг мэдэх үү
Элдэв шунал өнгө мөнгөөр хэмжигчид
Энэ л хорвоог зоосны нүхээр шагайгчид
Эцэг өвгүдийн цусаар дэвтсэн газарт
Энэлэл шаналалыг нь үл мэдрэн цэнгэнэ
Эвий үрс минь хэмээн элгээ эмтлэн үлдээсэн
Энэ л газар шороогоо эрхтэн дархтан болоод
Эрээн цаас элдэв гоёл зугаа цэнгэл болгон
Эрээ цээрээ алдан арилжин наргих нь гамшиг