Tuesday, September 29, 2015

Лус

Хүн өөрийн биеийг хир мэддэг юм болоо? Ямартай ч энэ бидний махан биений судсаар цус нь гүйж, судал сувгаар нь эрчим нь дамжиж, эд эсүүд нь  хэм хэмжээнд бүгд зохицолд байж, тулгуур болсон ясан дээрээ тогтон эрүүл байдаг бизээ. Гүнзгий эмнэлгийн мэдлэг байхгүй ч энэ бие гээчийг маань бүрэлдүүлэн байгаа бүхэн зохицолд нь оршиж байх нь чухал бололтой. Хүн төрөлхтөн үүсэн бий болсноос хойш өдийг хүртэл өөрийн биеийг судлан  одоо ч гэсэн шинэ шинэ нээлтүүд өөрсдийн бие эд эсүүд дээрээ хийсээр л байна. Гэвч Лус гэсэн гарчиг тавьчихаад юун эрүүл мэндийн холбогдолтой , бие махбодь яриад явчихваа гэж гайхаж байна уу?  Лус гэдэг үг нь Эл ус гэсэн үг байсан гэдэг.
Чухамдаа  хүний биеийн бүтцийг ярьсан учир нь энэ эл ус буюу лус гээчийг зүйрлүүлэн хэлэх гэсэн санаа төдий. Бидний судсаар урсах цусыг газар дэлхий дээр ил далд байгаа устай зүйрлүүлбэл эх дэлхийн минь судас нь энэ лус гээч нь гэж зүйрлүүлэх гэсэн юм. Бид өөрсдийнхөө гар хөлийг эсгэчихээд цус нь гойжиход ямар байдаг билээ. Тэр тусмаа амин гол судсуудыг таславал амь нас минь тасрах биз дээ. Үүнтэй нэгэн адил гол усыг нь , булаг шандыг нь, халуун хүйтэн зашааныг нь ,нуур цөөрмийг нь, хөрсний чийгийг нь , тэнгис далайг нь, газрын гүнд орших усыг нь байх хэмжээнээс нь багасгаад, бохирдуулаад байх юм бол хүн дээр бол цус багадалт гэдэг өвчин шиг эх дэлхий ээж минь бас л энэ өвчин нүүрлэх бус уу. Харин дэлхий ээжийнхээ өвөрт нь байгаа бид нь ч гэсэн энэхэн зовлонг нь амсах бизээ.

Чухамхүү энэ дэлхий дээр  ил далд орших усан орчлыг бүхэлд нь лус хэмээн нэрлэж амьдралыг тэтгэгч гол хүч гэж харах юм бол түүнийг хариуцан байх лусын эздийн үүрэг маш их байх нь дээ. Энэ дэлхий дээрх амьдралыг тасалчихалгүй байгаа бүхэнтэйгээ зохицон оршлыг хангана гэдэг нэлээн хүндхэн бөгөөд хариуцлагатай алба болох нь л дээ. Тийм ч учраас лусын эздийг догшин гэдэг биз.
Лусын хорлол гэж айхтар зүйл байдаг гэлцдэг. Зарим үед ч удам дамжин үргэлжилдэг ч гэдэг. Хүмүүн бид яагаад ийм зүйлд өртөх болов оо?  Энэ дэлхий дээрх бүх зүйл хоорондоо харилцан хамааралтай оршиж байдаг гэдгийг мартаж үл болно. Алтыг нь ухаад авчихлаар , байх ёстой тэнцэл нь алдагдаж  усыг нь тогтоон бариж байсан хүчин зүйл үгүй болж булаг шанд, гол горхи нь хатаж түүнийг даган амьдарч байсан ан амьтан, адуу мал нь ундаасан малчин ард нь өөр газар нүүдэллэн өөрийн нутагт тогтохын аргагүй болох явдал хаа сайгүй л болж. Саяхан Улаанбаатараас Хөвсгөл явах замд голын нэр нь пайзан дээр бичигдсэн боловч хатаж хуурайсан сайр болсон голтой хэд ч таарав даа.
Нэгэн тохиолдолын тухай хүүрнье. Саяхан БууЭрЭл-тай маань хамаатны маань нэг эгч золголоо. Шинэхэн бэр нь төрж 4 кг хүүтэй боллоо гэсэн боловч, эх нь төрөлтийн үед аарцаг нь задарсан юуны учиг болов гэж асуулаа. БууЭрЭл их л толгой сэгсрэн шогшрон суусны эцэст лус савдагийн догшрол байнаа гэж айлдав. Бэрийнх нь талынхан нь уул усыг эвдэж сүйтгэсний улмаас  маш ширүүнхэн зүйлтэй учирч дээ гээд Өвгүн би аргацаах төдий үйл хийе гээд тухайн нутаг орны чадалтайхан бөөтэй уулзан уул усны нэхлийг нь хэлүүлэн бэрийн талыхныг сайтар үйлээрээ хохиролыг нөхөн аргадах үйл хийлгэ гэлээ. Дараа нь сонсох нь ээ бэрийнх нь талын ах дүүсүүд алт ухан улмаар хоорондоо муудалцан бие биенээ хороосон айхтар зүйлтэй учирсан байсан ба түүний хорлол ч мөн бэрд буусан нь энэ байлаа. Ууг нь хамаатны маань эгч минь олон жил ууланд мод тарьсан  буянтай үйлийн эзэн л дээ. Тийм болохоор ч тэр үү бэрийнх бие ч үйл хийлгэсний дараа илааршсан боловч уул усны нэхэл нэхэгдсээр ямар ч буруугүй нялх балчир үр нь үүний горыг амсан элдэв өвчинд ороогдон байгаа билээ. Энэ жишээн дээрээс харахад лусын хорлол ямархан хэцүү болохыг харж болно. Хэдий чинээ их хохирол учруулна төдий чинээ их зовлонг үр хүүхэд нь туулдаг бололтой.
Хүн бүр энэ бүхнийг ойлгон ухаж өөрийн биеийг, өөрийн үйлдэл болгоноо  хянан бусдад хохирол учруулалгүй байж чадах болов уу? Эс чадваас үр хүүхдүүдэд минь учрах хэцүүхэн амьдралыг бид яах билээ? Надад  биш хүүхдэд  минь ач зээ нарт минь юм чинь гээд санаа амар явж чадах уу?




Sunday, September 13, 2015

Бөө

Хөрст алаг дэлхийд хүмүүн заяаг олоод 
Хөөрөн дүүлэх сэтгэлээр жигүүр юугаа хийн 
Хайр энэрэлээр зүрх юугаа дүүргэхэд
Хонгор үрсдээ жамыг ухааруулах 

Холч их ухаанд зүрх сэтгэлээ нээгч
Хөх монголын эгэл улаач 
Хөрст дэлхийн хүйн хамгаалагч 
Хүмүүн заяаны үргэлжлэл мину 
Өртөөлөх зүйлээ өр зүрхэндээ шингээгч

Өрнүүлэх үйлээ ур ухаандаа урлагч 
Удамт тэнгэрийн өргөөнд морилогч 

Ухаант үрсийн үргэлжлэл бологч 
Хөх тэнгэрийн зараалч 
Мөнх тэнгэрийн бөө мину