Friday, September 25, 2020

Хэлц үг

 Нэг удаа БууЭрЭл " Хэлээд ойлгодогсон бол хэлц үг байгаад яахав" гэхэд нь учиргүй гайхаж билээ.

Алтан судар ч гэсэн хэлц үгээр дүүрэн.

" Гэм хийхгүй бол дэм " гэсэн хэлц үг алтан судар дээр байдаг. Бодвол хэлц  үг гэдэг нь  олон талаас нь хэлцэж ярилцаад цаад гүн утгыг нь бүрэн ойлго гэсэн санаа байх.

Тэгэхээр энэ хэлц үгийг тайлж ярилцая гэж бодвол хамгийн эхний үг болох ГЭМ гэж юу вэ? гэдэг асуултаас эхлэх байх.

За тэгээд л өнөө өвгүдийнхээ буулгасан судраас хайж эхлэнэ дээ. Өөрийн өчүүхэн тархиар бодвол мэдээж хэн нэгэнд хохирол учруулбал тэр нь гэм болох байх. Гэмт хэрэгтэн гэж хэн нэгнийг хохироосон хүнийг хууль цаазаар шүүгээд тиймээ энэ хүн хэн нэгэн хүнийг эдийн засгийн хувьд, эрүүл мэнд, сэтгэл санааны  хувьд ингэж хохироосон эсвэл нийгэмд хохирол учруулсан тул гэмт хэрэгтэн гэж тогтоодог. Тэгэхээр гэм гэдэг үгний цаана хохирол гэдэг зүйл заавал байж байх таарах нь. 

За тэгээд алтан судар буюу онолын хувьд ГЭМ гэдэг юуг илэрхийлж байна вэ гээд дахин судруудаа ухаж үзвэл :

Мохоохуйн 550 ГЭМ -т шалтгаан 

Хүчирхэг таван зуун тавин шалтгааныг үртэй хүний есөн хүслээр тохинуулах үлэмж төгөлдөр 35 эрдмийг нээв.  

Ир ГЭН ХҮН -ий арван зургаан зүйл ний ГЭМ гэх мэтээр маш гүнзгий ойлголтууд гараад ирнэ.

Өнгөцхөн барагцаагаар ойлгох гээд үзвэл  юутай ч ГЭМ ийг үүсгэдэг 550 шалтгаан байдаг байх  нь . Бас ний олонд учруулдаг 16 ГЭМ байдаг байх нь.  Энэ бүхний учгийг ухаад байх юм Гэрлийн өргөөнөөс гаргасан "Монгол товчион түүхийн тайлал" ( Монголын нууц товчиог бүрэн эхээр нь болгосон судар шүү дээ)  судар бас 550 дэстэй байгаа нь дээрх 550 шалтгаантай бас холбоотой. Энэ дэс болгоны цаана нэг гэмт шалтгаан нуугдаж байгаа гэсэн үг юм болов уу?

Хөөх юу вэ? ганц ГЭМ гэдэг үгийг тайлах гэсэн чинь бүхэл бүтэн хэдэн боть ч судар уншихаар болчихвуу даа.

За яршиг зүгээр тэр хамгийн сүүлчийн ДЭМ гэдгийг ухах гээд үзэх үү? тэгэнгүүт "Дэм дэмэндээ" гэдэг хэлц үг бас аманд ороод ирэх юмаа. Энэ бол монгол гүн ухааны онолыг тэр чигт нь шингээсэн хэлц үг гэсэн шүү та минь ээ.

Голт зүрхний амин хэлхээ хөврөх зүг
Гал халуун итгэлийн цог төөнөн уугина
Голыг тасдах хар хүчин тархийг харанхуйлахад
Гэрэл гэгээ өр зүрхнээс тэр л цогоор бадамлан
Хайрын гал болон бадарч түмэн олныг гийгүүлнэ
Дэм дэмэндээ орших мөн чанарыг голлогчид
Дээс эрчлэх мэт чангарч бүгдийг бүслүүрдэн
Дэлхий ээжээ мөнхөд оршоох голчоо барин
Дээрхийн зарлигийг зүрхэндээ сонордоном

Өнгөцхөн ойлголтыг ухаж төнхөж хэлцэх шаардлагатай хэлц үгээр хөөрөлдвөл ямар вэ?

" Хэлээд ойлгодогсон бол хэлц үг байгаад яахав" гэдэг нь хэлцээд ойлго гэсэн үг болох нь ....

Wednesday, September 16, 2020

Бичиг соёл мину

Үнэний замыг таниулах өвгөдийн түүхийн улбаа
Үйлдэж танисан бүхний өв их товчион
Өрнөх үйлийг дэвжээх уран бийрийн татлага
Өөдөө өргөгдөх цацлын ерөөл шингэсэн бичээс
Тэмцэж туулсан амьдралын өнө мөнхийн холбоос
Тэнгэрт тэмүүлэн өндийх босоо голчийн зурлага

Бусгаа цагийн хавсарганд орхигдоход
Бичиг соёлын түүхийг сахин оршоосон
Бусдын өвөр сахисан элгэн түмний минь
Боолын заяаг тасдах сүүлийн учиг болсон
Буган бичгийн улбаат босоо монгол бичиг
Бууриа сахих үрсийн минь өв их соёл мину

Tuesday, September 15, 2020

Өнгөрөн одох цаг хугацаа дахин давтагддаггүйн адил
Урсан өнгөрөх урсгал ус нэгэн хэвийг үл хадгалнам
Үл давтагдах учир товыг өнгөрөөж орхивол
Үдсэн бүхнийхээ үнэ цэнийг хэзээ ч үл мэднэ
Хэзээ нэгэн цагт хэрэв түүнийг амтат зүүдэндээ мэдэрвэл
Хэлэх үг цээжний цаана бугшиж хий дэмий мэгшиж ч магад
Зөн билгийн ариун дусал зүрхэнд шимэгдэж мэдрэмж хурцалбал
Зөрөг замын чулуу бүрийг тоолон зүрхний учгийг хайж ч магад
Зүгээр нэг нисэх шувуудыг харангаа санаа алдан уясаж
Зөөлөн салхины шившээнд хөг аялгуунд дуу нэмж ч магад
Аялгуу болон дуурсах тэр л уянга агаарт тархаж
Амьдран оршихуйн ухааныг тархинд сийлэх ч юм бил үү хэн мэдлээ