Tuesday, March 2, 2021

Суу ухаан цог залийг хослуулан
Суурь бүтцийг бат цогцлоох аваас
Суралцах хүсэл тэмүүлэлд хөтлөгдөх
Суутан бүрээс тооцоолох эрдэм ундарнам
Өвгүдийн эрдэмд цоо нэвтрэх тусам
Өнө мөнхийн ухааныг цаг хугацаа орон зайд
Онож үйлдэх ончоо тааруулан сүвлэж
Билэг ухаан аргад бууж биежих
Буй бүхнээ оршоох хүч бүрэлднэм

Монгол өв соёлын тухай яриа

 Саяхан клабхаусаар орж Монгол соёл , гүн ухааны чиглэлээр яриануудыг сонслоо. Сонирхолтой эх сурвалжууд дээр тулгуурласан ярианууд болж байна. Үнэхээр Монгол өв соёл гэж юу вэ ? Монгол гэдэг улс бусад улс орнуудаас юугаараа онцлог юм бэ? Хэрхэн өв соёлоо уламжлуулж өөрийн онцлогоо хадгалж үр хүүхдүүддээ зан заншил газар нутгийнхаа онцлогоор соёлоор уламжлуулдаг юм бэ ? одоо хэрхэн энэ маань бусад улс орнуудын соёлын нөлөөнд өөрчлөгдөж хувьсаж байгаа юм бэ? гэсэн асуудлуудыг дэвшүүлж эрж хайж монголын гүн ухааныг тайлж байгаа нь авууштай сайхан санагдлаа. Энэ эрэл хайгуулд Гэрлийн өргөөнөөс өвгүд дээдсүүдийн буулгаж байгаа судрууд хэрхэн нөлөөлж байгаа нь ч бас харагдаж байна. Олон олон хүмүүс шинжлэх ухааны талаас нь батлаж, хэмжил зүйн арга ухаанаар энэхүү билэг талын мэдээлэлийг баталгаажуулах нь бас сонирхолтой нэг сэдэв болж байна. 

Аргын талын буюу шинжлэх ухаан болон хадгалагдаж ирсэн эх сурвалжуудаар энэхүү их мэдлэгийг батлаж дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх онолын хэмжээнд хүргэж  чадах  эсэх мөн онгодын өгүүлэмжээр буулгасан  мэдвэл зохихуйн өгөгдөлүүд хир баттай тал дээр ч эргэлзээтэй хэмээн яригдаж байгаа нь монголоо хайсан монголчуудын хувьд зүй ёсны асуудал юм. Зарим судлаачид онгодын өгүүлэмжийн ард заавал эртнээс уламжлагдаж ирсэн судар ном байгаа талаар мөн энэ эх сурвалжуудыг дурьдахгүй эх сурвалжуудаа нууцалж байна ч гэсэн хардлага гарч ирж байгаа нь бас л сонирхолтой сэдэв. Энэ бүхнийг нэг талаас нь харвал ямар ч эх сурвалж нэг хүний оюуны бүтээл байдагтай адил онгод дээдсүүдийн өгүүлэмж ч гэсэн тухайн цаг хугацаанд амьдарч байсан нэгэн хүмүүний туулсан амьдралын хуримтлагдсан туршлага түүн дээр үндэслэгдсэн оюун санааны бүтээл гэдгийг хүлээн зөвшөөрч болох мэт. Хэдийгээр Гэрлийн өргөөнөөс гаргасан судар номнууд одоо цагт орчин цагийн монгол хэл дээр онгодын чадамжаар мөн түүнийг улаачилж буй улаачийн зүтгэлээр бүтэж хэвлэгдэн бууж байгаа ч магадгүй хэдэн жилийн дараа энэ бас л бусад эх сурвалжуудын адил үлдээж өгсөн өв болон хадгалагдаж судлагдахуун болох нь цаг хугацааны л асуудал юм. Түүнээс саяхан хэвлэгдэн гарсан эртний монгол бичгээр үлдсэн эх сурвалж болон хадгалагдаагүй гэдгээрээ эх сурвалж биш гэж үзэх нь учир дутагдалтай мэт. Ялгаагүй л маш эртний зүй тогтлыг ажигласан дүгнэсэн оюун санааны том бүтээл гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Харин энэхүү бүтээлүүдийг уншиж судлаад энэ бүхэнд итгэл үнэмшилээ өгөөд орчин үеийн арга хэрэгслээр баталж олон улсуудад хүлээн зөвшөөрүүлэх нь өнөө цагт амьдарч байгаа бидний үүрэг юм. Харин уншиж судлалгүйгээр өнгөцхөн байдлаар дүгнэх юм бол энэ бол өөр асуудал.