Monday, June 17, 2013

Анхны тахилга

Улаач болоод анхны тахилга болох Хархорины Хаан хатан үрийн заяаг тэгшитгэх хас их тахилгад оролцох боллоо. Их үйлийн талаар сонсоод цээрийн хоногоо ч гүйцээгээгүй нялх улаач би ч явахгүй байх хэмээн сэтгэн байсан боловч нэг л мэдэхэд явах болчихсон байлаа. Анх удаа ийм үйлэнд явж байгаа боловч яагаад ч юм хэзээ язааны л явдаг үйлэндээ явж байгаа мэт сэтгэгдэл төрж байсан нь сонин . Өргөөний найз нартайгаа зам зуураа хөөрөлдөн нэг л мэдэхэд хүрэх газараа ирэн байрлаад хуяг хувцасаа гангаар утан маргаашийн тахилгандаа бэлдэцгээв.
Орой цуглан хуралдаад маргаашийн үйлний талаар ярилцан дуулах дуунуудаа хүртэл ярилцан тохирч байр байрандаа очиж амарцгаалаа. Харин маргааш өглөө нь ёстой л нөгөө байгалийн олон өнгийг үзсэн дээ. Эхлээд жижиг мөндөр шиг зүйл орж байсны цас малгайлан орж ширүүн салхи салхилан юу юугүй л өвөл болчихлоо. За хувьтай хүмүүс хурнаар гэсэн юм бодоод л дээл хувцасаа дулаалан өмсөцгөөлөө. Тахилга эхлэх газар луугаа очтол өнөө их малгайлан орсон цас хайлан газарт шингэн тоос шороог даржээ. Бүгд л тахилганыхаа идээ шүүсийг засалцан бэлтгэл ажилдаа оров. Ингээд тахилга эхэллээ. Хайрханы тахилганы үеээр зайрингууд маань эхлэн орж ирэн дараа нь хатан ээж минь орж ирэн үйлээ хийсэн. Хэдхэн хоногтоо нялх улаач би тасралтгүй шахам л хэцээ нүдсэн дээ. Харин лусын тахилга дээр хатан онго маань маш их баясгалантай буун миний биеийг муригнуулан ёстой нэг биелэж гарсан да. Тахилга эхлэнгүүт л борооны дуслууд бууж эхлэхэд хатан онго маань тачигнатал инээд алдаад ёстой л нэг биелэж өгсөн. Гаднаас нь өөрийгөө харсан бол ямар харагдаж байсныг би таашгүй хэхэхэ. Ингээд балчир улаач миний мэдэрснээр лусууд маань маш их баясаж үйл бүхэн нь амжилттай сайхан болсон доо. Дараа нь Эрийн 3 наадам болсон боловч нум харваж байгаа хүмүүсийг хараад л харваж үзэх хорхой хөдлөөд ёстой байж яддаг байгаа. Эмэгтэйчүүд ч гэсэн харваанд оролцох хүсэлтэй байсан тул бүсгүйчүүдийн харваанд оролцон анх удаа сум тавиж үзэн хорхойгоо дарлаа. Яахав анх удаа харвасан гэхэд овоо хол харвачихсан шүү хэхэхэ. Даанч бүсгүйчүүдэд шагнал өгөөгүй л дээ.
Оройхондоо галын тахилга эхэллээ. Тахилга эхлэх үеээр бороо орож эхэлсэн дээ. Би галын салхины доор сууж байсан болохоор бороо л орлоо гэж бодож байсан боловч дараа нь сонсох нь ээ цас орсон юм байна лээ. Хүйтэн салхитай байсан болохоор дээлээ хуяган дотороо өмссөн боловч галын тахилга эхлэх үеээр юун даарах бүүр халууцаад буурлууддаа юун олон юм өмссөн юм гэж зэмлүүлсэн хэхэхэ. Зайрин онгодууд маань дараалан бууж их сайхан байсан даа.


Их үйл өндөрлөж Хар соно зайрингийн буурал буун айлдвараа айлдан 500 жилийн жатга юу нь тайлагдан үйл амжилттай сайхан боллоо хэмээн айлдлаа. Бүх улаач нар хас хэлбэртэй галаа тойрон гал дээр буусан өндөр дээд онгод тэнгэрүүддээ хүндэтгэл үзүүлэн сөгдөн мөргөж, өргөлөө өргөсөн дөө. Харин энэ үеэр Хар соно зайрин ухаан алдан Хурцаа зайрины буурал буун үйл хийж ухаан оронгуутаа л үйл сайхан боллоо хэмээн бие биеэндээ баяр хүргэхэд тойрсон олны сэтгэл тэнийн өндөр дээдүүддээ өргөлөө өргөн баяслаа.
Маргааш өглөө харин тэнгэрт бүртийх ч үйлгүй сайхан тунгалаг дулаахан өдөр болсон доо. Хархорины музейг үзэцгээлээ. Музей үзэж байхад бие их сонин болж байв. Дараа нь 3 улсын нийслэл байсан гээд хөшөөт овоо дээр гараад тойрч байхад сэтгэл яагаад ч юм маш их догдлон өөрийн мэдэлгүй л нулимс дуслан байхад бусдаасаа санаа зовон  жаахан зайдуу очоод баахан уйллаа. Өөрийгөө яагаад байгааг ч ойлгох тэнхээгүй байлаа. Дараа нь дууны багшийг даган  уулын орой дээрээс доогуур урсах Орхон голыг харцгаалаа. Бас л сэтгэл маш их хөдлөн гуниглан энэ сайхан нутгийг бахдан харж суухад дууны багш сайхан уртын дуу дуулахад бас л өнөөх нулимс чинь урсаж өгсөн дө. Хэзээ нэгэн цагт өвөг дээдсүүд маань энэ сайхан нутагт нутаглан амьдарч байсан болоод л нялх улаач надад мэдрүүлэн байсан нь тэр биз. Тэр сэтгэлийн хөдөлгөөн , гуниг санаашралыг үгээр дүрслэн хэлэхэд хэцүү юм да.


Тэгээд дууны багш тэр доор бэлчээрлэх адууг тоолоод яг тэр мөчид тэр уулан дээр цугласан хэдэн андуудыг тоолоход тоо нь таарч байж билээ. Энд ирэх ёстой хүмүүс нь ирсэн юм байна гэж билээ. Учиргүй юм гэж үгүй гэдэг нь санаанд орж билээ.
Тахилганы дараа найр хийж сайхан дуу дуулцгааж биеэлгээ хийх нь хийж сайхан байсан боловч миний толгой маш хүчтэй өвдөж эхэлсэн юм. Найр дуусаад гэрийн зүг хөдлөх байсан болохоор буурлууд маань энэ сайхан нутагтаа хорогдон балчир улаачийнхаа толгойг өвдүүлсэн ч юм уу ямар ч байсан өргөлөө өргөж буурлуудаа аргадан дараа энэ сайхан нутагтаа заавал ирнээ гэж амлан гэрийн зүг хөдөлсөн дө.