Monday, October 31, 2022

Амьдрал

 Өнөөдөр гэгээрлийн талаар олон төрлийн шашнуудын  сургаалийг уншиж байгаад  доорх өгүүлбэр сэтгэлд ойрхон буухыг анзаарлаа. "Амьдрал бол шийдэх ёстой асуулт биш харин бишрэнгүйгээр амтлах ёстой гайхамшиг билээ"  Үнэхээр тийм юм болов уу? Амьдрал бидэнд юуг ч бэлдсэн байж болно харин түүнийг бишрэнгүйгээр амтлах гайхамшиг гэж харах юм бол амьдрал тэр чигээрээ гайхамшиг шиг санагдах байх. Даахын аргагүй өвчин зовлон бэрхшээл тулгараад сөхрөх үе тохиосон ч өөрөө яаж ийж байгаад босох тэнхэл гаргахгүй л бол тэр зовлонгийн далайд живсээр амьдралыг дуусгасан түүх байдаг байхыг үгүйсгэхгүй л дээ. Энэ тэгээд өнөө бишрэнгүйгээр амтлах ёстой гайхамшиг чинь үү гэж асуух хүн таарвал юу гэж хариулах болоо?  Сөхөрсөн үед босох тэнхэл гаргаад цааш алхаж байгаа нь өөрөө гайхамшиг. Харин тэр далайд нь живэж байгаа бол энэ үхэл үү?  Сударт Амин хүчний эх үүсвэр хомсдвоос амьдрал үхмү гэсэн байдаг.

Өчигдөрхөн ТВ ээр Лхагвасүрэн гуай Үхэл гэдэг шүлгээ уншиж байхыг үзсэн нь гэнэт санаанд буух юм. 

Үхэл бол ээждээ очих тасалбар юм гэж их л цоглог дуусгаж билээ.

 Зовлонгийн далайд живүүлэхгүйн тулд бишрэнгүйгээр амтлах ёстой гайхамшиг гэж хэлсэн буй за. Амьдралын амт давстай шорвог гашуун чихэрлэг энэ бүх амт байгаа учраас л тэр чигээрээ гайхамшиг байдаг байх. Энэ бүх амтны зохицолыг олж гайхамшигтай амттай болгох нь тогоочийн ур чадвараас хамаардаг шиг хэн нэгэнтэй андалж , нөхөрлөсөн, эсвэл дайсагнасан нь нөгөө талынхаа хүнийг юу  гэж хүлээж авсан өөрөөс бүх зүйл хамаардаг гэдгийг ухааран өөрийгөө амьдралыг бүтээгч гэдгийг ухамсарласнаас амьдралын амт ямар байх нь хамаарах мэт.   Анд нь урам зориг, нөөлөг,  түшиг болдог бол дайсан хурцалж ирлэж байдаг гэсэн утгаар шүү. 

Тэгэхээр үхэл ч гэсэн утга учиртай байх нь.   Хүний амьдрал дууслаа ч тэр нь хэн нэгэнд сургамжтай эсвэл хэн нэгэнд үлгэрлэн бахархах замын гэрэл гэгээ ч байж болно. Харин тухайн хүнийхээ хувьд  амьд байхаар оноогдсон  хугацаандаа хэрхэн хүлээн авч зовлон жаргалыг туулж амьдралын утгыг ухаж юунд ч хорогдохгүйгээр өөрийн сэтгэлийн амар амгаланг олсноор нь гэгээрэлд хүрч тэндэх гэртэй очих уу эсвэл дахин энэ утга учрыг олохын тулд амьд байх үеийн эд хөрөнгө, эрхэм хайртай  нэгэндээ эсвэл дайсагнаж муудалцсан өш хонзондоо хорогдож салж чадахгүй  дахин хүний төрөлд бэдрэх үү гэдэгт байдаг юм болов уу ? 

Асуудлын шийдлийг олж байгаа нь өөрөө амьдрал юм биш үү? гэсэн асуулт ургалаа. Өвгүдийн судар сургаалд амьдралын талаар доорхи байдлаар бичсэн байдаг. Уншаад нэг тунгааж үзээрэй.

Агаар тоос чийг гурваас амь үүссэн байдаг
Амьсгалж,өсөж, үржиж, үхэж байвал амьтан болдог
Орчлонгийн амин чанарыг онож үйлдвээс амьдрал болдог
Амьдрахын тулд агаар газар ус гурвыг хариуцах хэрэгтэй
Цаг уур, орон зайд ээлтэй зохицохыг амьдрал гэмүү

Шийдэх ёстой асуудлыг юу гэж харахаас амьдралын өнгө амт тодрох юм болов уу?
Зөв үү тав уу подкастан дээр Боорчи жанжины өчилд би Монгол гэдэг нэрэнд уягдаад эргэн эргэн ирж та нарт эрч хүч, ухаарал зоригийг өгөх гээд байна гэж байсан санаанд буух юм. Тэр Монгол гэдэг нэрэнд уягдах учир нь юу юм бол доо гээд л гайхан бас бодно биз дээ.  
Яагаад тэртээд байх амар амгалангийнхаа ертөнцөөс ирээд,  бидний байгаа байдалд бухимдаад  Монгол нэрэнд уягдаад байнаа гэж үглээд байгаа юм бол доо?   Монгол нэрэнд ямар учир холбогдол байгаа юм бол? Мон гэдэг эхний үеийг орчлонгийн амин чанартай холбоотой гэж ухвал яг л түүнийг гол байгаа болгож ончоо тааруулдаг  болохоор л Монголдоо уягдаад байгаа юм байх даа? Харин дахин асуулт тэр орчлонгийн амин чанар гэж юу юм болоо? Хариулт нь доод мөрөнд байгаа Амьдрахын тулд агаар газар ус гурвыг хариуцах хэрэгтэй. Цаг уур орон зайд ээлтэй зохицохыг амьдрал гэмүү гэсэн нь л байх.....   Тэр харин амин хүчний эх үүсвэр маань агаар газар ус 3 байх гэж ухвал Боорчи жанжины эргэн эргэн ирж Монгол нэрэнд уягдаад байгаагийн утга учир гарах биз . 
Гэгээрлийн талаар эрдэмтэн мэргэд , элдэв  шашин шүтлэгт, Их хаад, онгод , өвгүд эмгүдийн сургаалийг уншиж сонсож дүгнэлт хийх гэж оролдох тусам Эзэн дээдсийн үнэн ,хайр, ухаан 3 ын цогц гэдэг цомхон тайлбар сэтгэлд ойр ч юм уу даа  

 

Thursday, October 20, 2022

Төрдөө итгэх түмний итгэл юун дээр тогтдог бол?
Төгс утгыг олохгүй ч төөрч будилахгүйгээр яаж түүнийг хэмжих бол?
Төрүүлсэн үрээ хайрлах эхийн сэтгэлийг оршоож
Төр хэмээн оршихуйг бөхөлж сүлдэлсэн харилцаагаа
Төрийн минь сүлд өршөө хэмээн хүндэлсэн
Түмний сэтгэл хаана хүрээ бол?
Башир зальтан, хууран мэхлэгчид ,хумслагч нарын үйл нь дэлгэрсэн мэт
Байр сууриар бүхнийг дээрэлхэн доройтуулсан мэт санагдавч
Буй ертөнцийг жам ёсоор юу тарьсан түүнээ хураадаг нь жам
Буцаж төрөхгүйгээр тамд тарчлах мөчид төрүүлсэн үрс нь харин
Бүтээсэн зовлонгийн хүнд ачааг нь мөчөө тасартал үүрэх нь гамшиг
Эцэг өвгөдийн байгуулж өгсөн их гүрний үлдэгдэл болсон Монгол нэрийг тээгчид
Эрхэмлэн дээдлэх ёс жаягийг шингээсэн ёс уламжлалаа сэргээж
Болох болохгүйн хязгаараа, мэдэх мэдэхгүйн заагаар тогтоож
Буй бүхнээ мөнхөд оршоох дээдсийн зарлигт бөхрөх ухааны цараа тэлэгдэн
Өөрөө өөрийгөө олох эрэлтэн бүр үнэний замаа олон
Өр зүрхний хайр гол мэт урсан амьдралыг тэтгэх болтухай

Sunday, October 16, 2022

Хосгүй эрдэнэ мэт оюун билэгээр гялалзан мандавч
Хонин холбоосоор ахуйгаа нэгтгэж хошуу холбож
Хос заяагаар тоонот гэрээ зүрхэндээ оршоож
Хойчийн ирээдүйг бөхлөн ул эс болон түмнээ баясган
Хорвоо дэлхийн өнгөт бүхнээр заяагаа дэлгэрүүлж
Хоосон бүхнийг ахуйд буулгаж хөх ертөнцөө батлан оршсон
Хөх өвгүдийн мөнхийн хан гал мандан бадраг ээ
Зураач Ш.Тамир


Sunday, September 18, 2022

Хорт хавдартай тэмцсэн түүх 2 ( үргэлжлэл)

Хорт хавдартай тэмцсэн түүх гэдэг 2015 онд бичсэн  бичвэрийг маань блогийнхоо статистик мэдээлэлээс харахад маш их хүн уншсан байдаг.

Мэдээж энэ түүхийн үргэлжлэлийг мэдэхийг хүссэн хүмүүс их байгаа байх гэж бодоод үргэлжлүүлж байна. Аав маань ходоодны хорт хавдар гэдэг оношийг 2015 онд оношлуулснаас хойш дариу 7 жил өнгөрчээ. Аав тань бие одоо хир байгаа вэ гэж асуух хүн олон байгаа байх. Аав маань их зүйлийг туулсан ч гэсэн одоо бол ямартай ч амьд мэнд, эрүүл саруул л байгаа.

Гэхдээ 2015 онд анх онош тогтоолгосноос хойш 5 жилийн хугацаанд Гэрлийн Өргөөнөөс гаргасан  Монгол домчийн судар дах сүнс, хүрд, махан тан , махан биеийн хор тайлах эмчилгээ цэвэрлэгээ , Шаблин эмчийн болон түүний хамтран зүтгэгч эмч Кутушов эмчийн боловсруулсан  эмчилгээний арга болон бүтээгдэхүүнийг хэрэглэсээр ирсэн . 5 жил гэдэг бол  хорт хавдартай гэж оношлогдсон битгий хэл,  хорт хавдарын хагалгаа хийлгэсэн хүмүүсийн хувьд  нэлээн урт хугацаа гэж хэлж болно. Миний найзын аав ходоодны  хорт хавдарын онош тогтоогдоод Тайланд улсад хамгийн л сайн орчин үеийн эмчилгээг хийлгэсэн боловч 5 жилийн  дараа тэнгэрт одсон юм. Гэхдээ миний аавыг энэ оношоор оношлогдохоос өмнө л дөө.

5 жилийн турш тасралтгүй энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхээс гадна аав маань төвдийн урт наслуулах 5 дасгалыг тогтмол хийж басхүү өөртөө нэлээн анхаарал тавьдаг байлаа.  Гэхдээ сэтгэлзүйн хувьд бол бас л нэлээн асуудалтай тулгарсан юм. Аав маань ахмадын зөвлөлийн дарга хийдэг байнга л хөгшчүүлтэй уулзаж янзан бүрийн арга хэмжээ зохион байгуулах гээд л гүйдэг идэвхитэй талын хүн. Мэдээж хөгшчүүл аавын оношийг сонсоод хорт хавдартай хүн гээд л байнга л янзан бүрийн зөвөлгөө өгөхөөс гадна хагалгаанд орох хэрэгтэй хэмээн их ятгана. Мөн зурагтаар хорт хавдарын эмчилгээнд сайн гээд л төрөл бүрийн сүлжээний бүтээгдэхүүнийг рекламдах тул аавын сэтгэл зүй дийлэлгүй хорт хавдарын эмчилгээнд маш сайн гээд нэг их үнэтэй эм авч уумаар байна гэж үглэх болов. Хүний сэтгэл гэдэг угаасаа л тогтворгүй хувирамтгай байдаг тул байгаа хэрэглэж байгаа эмчилгээний бүтээгдэхүүний үр дүнд 5 жил эмээ ууж, эрчимээ цэвэрлэх , өөрийн биеийн хорт бодисыг хөлсөөрөө гадагшлуулах аргуудад түүртсэн үү  ямартай ч сүлжээний тэр бүтээгдэхүүнийг хэрэглээд л эв эрүүл болно гэсэн үнэмшилд автаад дээрх орос эмч нарын эмчилгээгээ таслаад сүлжээний бүтээгдэхүүнийг ууж эхэллээ.  3 сарын курсыг 3000 доллараар авч хэрэглэсний дараа биед нь анх оношлуулж байсан үеийнх нь зовиурууд илэрч эхэллээ. Тэгээд байнгын хяналтанд байдаг тул ходоодоо дахин дурандуулахад хавдарын хэмжээ бага зэрэг томорсон байлаа. Яагаад сүлжээний эмэнд илүү итгэл үнэмшил өгөх болсон гэхээр Шаблин эмчийн болон Кутушов эмчийн эмчилгээг цуг эхэлсэн зарим нэг хүн бурхан болсон тул санаа нь эргэсэн байх л даа. Эхний хэсэгт төгс заслын талаар дурьдсан  "  Аливаа засал 3 зүйлийг төгс хийж байж төгс засал болдог. 1 рт эрчмийн засал буюу сүнсэн засал, 2 рт сэтгэлийн засал, 3рт махан биеийн засал байдаг ажээ" . Мэдээж тэр хүн сүнсэн засал буюу үйлийн үр, далд ертөнцөөр дамжиж ирсэн аливаа заслаа хийлгэсэн эсэхийг мэдэхгүй л дээ. Харин аав маань байнга л онгодуудтай золгож галын үйлэн дээрээ сайн эрчмээ хураа гэсэн зааварчилгааны дагуу галын үйлэн дээр сууж онгодуудаар биеэ хянуулдаг байсан нь давуу тал болсон ч байж магад.

Нэгэнт хавдарт өөрчлөлт орсон тул бид санаа зовж хавдар судлалын урдаа барьдаг эмч нарт дахин үзүүлсэн боловч эмч нар оношлуулаад хагалгаанд ороогүй биз дээ одоо элдэв янзын юм хэрэглэчихээд ирлээ гээд маш дургүй байсан боловч шинжилгээ болон дурангийн үзүүлэлтүүдийг нь үзээд 5 жил болсон боловч  маш сайн барьсан байна гэж гайхсан юм тэгээд тэр эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэ гэсэн боловч аав маань олон хүмүүсийн ятгалгаар хагалгаанд орно гэсээр байлаа. Үнэнийг хэлэхэд сүнсэн засал, махан биеийн заслаас илүү сэтгэл зүйн засал хамгийн хэцүү байдаг юм байна гэдгийг ойлгосон доо. Мэдээж өнгөрсөн 5 жилийн хугаццанд махан биеийн цэвэрлэгээг тогтмол хийлгэхээс гадна узуур эсийг дэмнэх хурганы засаа идэх зэрэг монгол домчийн арга чаргыг бас л хэрэглэж байсныг дурьдах хэрэгтэй.

Эгч ээж бид 3 хагалгаа хийлгэхийн оронд Монгол домчийн судар дээрх аргазүй, Шаблин, Кутушев эмч нарынхаа  эмчилгээг дахин сэргээх тал дээр санал нэгтэй байсан боловч харин дүү маань аавтай нийлээд хагалгаанд орох хэрэгтэй гэдэг дээр санал зөрөлдөв. Нэгэнт өөрөө тэгж шийдсэн тул хавдар судлал дээр дахин эмч нарын зөвөлгөөнд орж хагалгаа хийлгэхээр боллоо. 5 жилийн өмнө ходоодыг нь бүтэн авна гэж байсан эмч нар харин энэ удаа ходоодны гуравны нэгийг авна гэлээ. 

Хагалгаа ч хийгдэж эмч хагалгааны дараа гэр бүлтэй нь уулзахдаа тайрч авсан ходоодны хэсгийг эгч бид 2т үзүүлсэн юм. Хонины угаасан ходоод шиг л цэв цэвэрхэн хэсэг үзүүлэхэд эгч бид  2 хавдар нь аль вэ гэхэд нэг хэсэг бондойж хатуулсан зүйлийг шахаж үзүүлсэн ба түүнээс буржгар цагаан юмнууд гарч ирэв. 

Ходоод тайрах хагалгаа амжилттай болсон боловч хагалгааны дараах эмчилгээ маш чухал гэдгийг ойлгосон юм. Хоол ундыг нь хэрхэн зөв тааруулж өгөх талын мэдлэг зөвөлгөө дутуугаас бид аавыгаа нэлээн их өлсгөсөн байсан .  Харин ходоодны хагалгааны дараах эмчилгээ хийлгэдэг эмнэлэг хэвтүүлж хүнд үеийг давсан юм. Гэхдээ ингээд бас дуусчаагүй ээ хамгийн хүнд даваа бол химийн эмчилгээ байсан юм. Аавыг хавдарын эмнэлэгт химийн эмчилгээнд орохоор сууж байхад Монголд хорт хавдар ямар их хэмжээнд, бас  ямар нэгэн насны хязгааргүй болсныг харж алмайрч байлаа. Химийн эмчилгээ  аавын хувьд маш хүнд даваа байсан боловч аав маань харин ч даваад гарснаар барахгүй 4 удаа яваад л дахин хийлгэх шаардлагагүй гэсэн эмч нарын дүгнэлт гарсан юм. Тэр үед аавтай химийн эмчилгээнд цуг явж байсан залуухан жоохон охин бурхан болсныг сонсоод их л цочирдож билээ. 

Хагалгаанд орсноос хойш 2 жил боллоо. Аав төвдийнхөө залуужуулах дасгалаа хийгээд хотын захад цэвэр агаарт Короногоос хол цэцэг , ногоо тариад л биднийгээ түүгээрээ дайлаад л амар сайхан амьдарч байна даа.

Хүмүүс нээрээ Монгол домчийн судар, Шаблин эмч, Кутушов эмчийн талаар асуудаг юм . Орос хэлтэй бол дараах линкүүдээр орж үзээрэй. Хүн бүрийн би онцлог тул таарах таарахгүй байж ч болно шүү. Ямартай ч аавд маань  бол би зохисон л гэж боддог. Тэр ч бүү хэл аав маань хагалгаанд оролгүй эмчилгээгээ үргэлжлүүлж байсан бол хагалгаанд орж  дараа нь химийн эмчилгээ гэх аймаар хүнд хэцүү эмчилгээнд орохгүй байж болох байсан гэж боддог. Гэхдээ бодит байдал дээр ийм л юм болсон доо.

https://www.facebook.com/groups/2116369971941367/permalink/3307846339460385/

www.facebook.com/MongolDomch

https://kutushov.info/?ysclid=l88cesh884258154729

https://kurunga.ru/?ysclid=l88c908kj4107018532

Tuesday, September 13, 2022

Ухаарахуй

Өөрийн сэтгэл шуналд автваас
Өрөөлийг өөр шигээ сэтгэх авай
Шунал хүсэл савнаасаа халиж
Шударга ёсыг уландаа гишгэж
Ялсан мэт бардамнавч
Ял нь өөрт нь буух нь гарцаагүй
Өрөөлийг буруутган өөрийгөө өргөгсөд
Өршөөл энэрэлийг үл мэднэм
Өршөөл энэрэлийг үл мэдэгсэд
Өнгөт ертөнцийн жаргалыг үл мэднэ
Зовлонгийн чангыг жаргалд тооцон
Зохирол үнэнээс холдон одном
Зам мөрөө эргэн харж
Засах ухаанаа хөглөж чадваас
Заяа буян дэлгэрэн ундарч
Замнал бүр нь гэрэлтэх болном
Хайр бүхэн зүрхнээс ундарч
Хатуу бүхэн хайранд дэвтэж
Харуусал гунигийг үлдэн хөөнөм
Харын сэтгэлд автсан бүхэн
Халдашгүй мэт авирлах ч гэлээ
Хамаг зовлонгоо өөрсдөө үүрэн 
Харуусал гунигаар хорвоог барнам
Хийсэн үйлийн үр бүхнээ эрлэгт дэнслүүлэх мөчид
Хийрхэл мунхагийн алдаа бүхэн үрсэд нь үүрэгдэж
Хэлсэн үг хийсэн үйлдлээрээ хэмээ баран зовох нь там
Үйлдэл бүхнээ ухааран засваас
Үйлийн үрээ хөнгөлөн хан тэнгэртээ дүүлэх нь жам

Monday, August 15, 2022

Төв

Сайхан бүхэн сэтгэлд оршвоос Саарыг ч цайруулж зовлонг холдуулна Саруул ухаанаар уурын мунхгийг ялж Санааны зөвд шаналан арилан замхарна Хэрүүл хараал амаар гарах хорт могой мэт Бусдаас олж харсан өөнтөгч үгэнд амь орон Бугшмал хэцүүг үүсгэн зовлонг дуудан Байгаа орчныг хордуулан үйлийн үрд шингэнэ Бусдын алдаа бүхнийг муугаар төсөөлөх тусам Бууж мордохын аргагүй өндөр уул мэт ургаж Туулж барахгүй зовлон мэт сэтгэлийг мунхруулж Туйлбаргүй бодлоор өөрийгөө зовооно Бусдын алдааг өөриймсөж тунгаах тусам Байгаа бүхнээсээ гарцыг олж ухаанаа тэлнэ Бачуу сэтгэл тавирагдан сэтгэл уужирч 
Буй бүхэнд талархан, зовлон замхарч эгэлд баясна


Wednesday, May 25, 2022

Галын ёс

Даян дээрхийн асар дээрээс
Далан долоон товоо тогтоож
Дайчин удмын цусан тангарагт
Дүүргэх үйлийн цараа дэлгэгдэж
Эгэл заяаг эрхэмлэлд багтааж
Энэрэх хайраар энгэрээ дүүргэсэн
Эжий буурал нь тосон хүлээнэ
Эр заяаг тэтгэн дэмнэмү гэсэн шүлгийн мөрүүд өвгүдийн хайрханыг зорихын өмнөх нь орж ирснийг өөртөө тэмдэглэж авчээ. Учрыг нь олчих санаатай жаал харж суув. Бариад авчих сэжүүр гэх 77 гэсэн тоог хөөмөөр ч юм уу .
За тэгээд л өнөө хэдэн судрын хуудсаа эргүүлж байгаад "Өрөг цадиг тамга" судраас Этүгэний 77 бошгын талаарх мэдээлэлийг уншлаа.
Бар жилийн бар сарын бар өдрийн бөөлөө эр заяаг дэмнэсэн томоохон галын үйл байсныг эргэн санаад энэ үйлийн үргэлжлэл болон энэхүү аялал маань үргэлжилж байгаа бололтой хэмээн барагцаалав. Эр заяаг тэтгэнэ гэдэг нь узуур эсээр удамшил зөв мэдээлэлийг дамжуулан бататгахыг хэлж байгаа билээ.
Сударт төрт ёс үүссэнээр энэхүү Этүгэний 77 бошгын 8 тулган шаардалтыг төрийн түвшинд хамгаалан сахиж иржээ. Тэр цаг үе болоход хүмүүн өөрийн дааж чадахгүй орон зайд дайчид болохын тулд төр улсын галыг тахиж, төрийн их голомт үүссэн түүхтэй. Нэгж хүмүний , нэгж гэр бүлийн чадахгүй орон зайд чадамж хүргэж , нийтийн их хүчээр хамгаалал , тэсвэрлэн гарахуйг үүтгэснээр Төр улсын галын ёс , сүлдэн тахилгууд үүссэн юм гэж тэмдэглэжээ.

Гэтэл хэд хоногийн өмнө бас хэдэн шүлгийн мөрүүд орж ирсэн байх юм.

Даяар олны итгэл сэтгэлээр
Дайчин тэнгэрийн үйлс бөхлөгдөж
Дархалж мөнхөлсөн зон ардын
Дүүрэх ухаанаар түмнээ тэтгэсэн
Их хар сахиусын итгэлийн гал бадран
Эрин галавын түүх улбаалагдан
Эх үрийн холбоосоор дамнасан
Эгнэгт сахих эх дэлхийн амин хэлхээ
Өнө мөнх орших болтугай!

Хүн гүрнээс хойш галын ёс нь бөө удгүд, зайрдын хүчээр ам дамжиж, үйл болсоор Хамаг Монголын суурь мэдэгдхүүн боловсрол нь болсон байна. Хамаг монголоос цаашид ч энэ ёс , 77 бошгыг ард түмэндээ ёсчлон хадгалж, харь шашин, соёлын довтолгоо, нийгмийн өөрчлөлтөнд чанд хадгалсаар ирсэн. Үүнийг цаашид ч хадгалах үүрэгтэй. Учир нь анх галд ухааныг төвлөрүүлэн цуглуулсан энэ ёсноос эхэлж, хүн төрөлхтөний түүхэн ухаарал бүртгэгдэж, нэгэн удамд зангидах болсон учир улаач хүн галын тайлга тахилга хийнэ гэдэг нь цаг үеийнхээ ухаарал алдаа онооны дэнсээг гаргаж буй үйл явц юм. Энд алдаанаасаа ичих, онооноос бахдах үйл үгүй. Энэ бол түүхэн цадиг тэмдэглэх лугаа адил алдсан бол алдаанаасаа ухаажин, ухаажсан бол бататган дахин үйлдэхүйн мөн чанар болно. Үүнийг галын ёс гэнэ. Галын ёсонд тангараг өргөсөн улаач мэдсээр байж алдаа хийхгүй , мэлзэж алдаанаасаа зугтахгүй тангараг өргөдөг. Ийнхүү уг гарвал удам угсаагаа тодотгон галын ёсыг хүндэтгэн тайлж тахиж ирсэн нь нэг гэр бүл, нэг ураг удмын үйлс хэрхэн төрийн хэмжээнд хэм болон бөхлөгдөж харилцааны сүлдтэй холбогдон үеийн үедээ уламжлагдан сэргээгдсээр удмын хэлхээг сүлд харилцаагаар бататгаж ирснийг өгүүлэх ажээ.


Sunday, March 6, 2022

Ахуйн тусгаар тогтнол

Цаг төрийн байдал ба тусгаар тогтнолын үнэ цэнийн талаар хэдэн үг биччихмээр санагдчихлаа.

Дэлхийг хамарсан цар тахал, ОХУ болон Украйны дайны талаар сошиал дээр бид хоорондоо хэдэн тал болоод л баахан хоосон цэцэрхэцгээж хэрэлдэцгээж л байна. Цар тахал бидний хөлийг хориж, цаг үеийн нөхцөл байдлаас хамааран урд хойд хөршүүдийн  маань далайн гарц цаг  төрийн байдлаас хамааран  боолттой шахуу байгаа нь  гаднаас хэт хамааралтай амьдарцгаадгийг маань нэлээн тод томруун харуулах шиг боллоо. Дэлхийн бусад улстай худалдаа наймаа эрхлэхэд бид яалтачгүй л энэ 2 том хөршийнхөө нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэлт хийх нь  гарцаагүй .  Зөвхөн Хятадын боомтууд дээр л гэхэд Монголын чиглэлд явж байгаа хэдэн мянган чингэлэгүүд гацсан байдалтай зогсоцгоож байна .  Дэлхий даяар л далайн тээвэр, хуурай замын тээврүүд дээрх 2 том шалтгаанаар гацаж байгаа энэ хүнд үед бид юуг ухаарч ойлгох ёстой вэ гэж тунгаацгаая .

Тусгаар тогтнолын өвөг дээдсүүд маань дараах 5 байдлаар томёолсон байдаг :

УЛС БАЙХЫН ҮНДЭС

Улс байна хэмээх нь таван нөхцөл бүрдсэний тэмдэг юм.
1. ЦУСАН ТУСГААР ТОГТНОЛ - Монгол хэмээх улсын иргэд монгол яс цустай байх . Энэ асуудал дээр нэлээн анхаарал хандуулах цаг болсон. Монгол гэдэг газар шороон дээр монгол гэдэг үндэстэн оршиж байж л цусан тусгаар тогтнол баталгаажина. Монгол гэдэг энэ орон зайд Хятад ч юм уу Орос ч юм уу солонгос ч юм уу үндэстэн амьдраад энэ бол Монгол улс гэж ярих бол утгаггүй асуудал биз дээ?
2. ХИЛ ХЯЗГААРЫН ТУСГААР ТОГТНОЛ - Энийг бид 1961 онд НҮБ ын гишүүн орон болсноороо олон улсад баталгаажуулсан . Энэ бол Өвөг дээдсүүдийн маань гавьяа.
3 . АХУЙН ТУСГААР ТОГТНОЛ - Энэ бол яг одоо бидний ярих гээд байгаа гол сэдвийн нэг. Үнэхээр 2хон том хөрштэй , далайд гарцгүй улсын хувьд бид өөрсдөө л наад захын хэрэгцээгээ бүтээж бий болгож чадахгүй бол тусгаар улс байж чадах уу гэдэг өөрөө том анхаарлын тэмдэг. ОХУ аас нефть бинзен түлш зэргээс бараг бүрэн хамааралтай байгаа. Энэ түлш бензинээс хамаараад ургац тариа ногоо зэрэг наад захын хүнсний хэрэгцээг хангах газар тариалангын үйл ажиллагаагаа тогтвортой явуулж чадах уу болов уу гэсэн асуулт гарна. Яагаад бид өөрсдөө нефтийн нөөцтэй улс мөртлөө одоо болтол дотоод хэрэгцээгээ хангах хэмжээний боловсруулах үйлдвэрээ бариагүй юм бэ гэсэн асуултыг төр засагт тавих нь иргэн бүрийн үүрэг. Бидэнд үйлдвэрээ барихад яг ямар асуудал байгаа юм бэ? тэр асуудлыг шийдэхэд биднээс үл хамаарах нөхцөл шалтгаан байгаа юу? Байгаа бол яг ямар асуудал бна? Байхгүй бол яагаад улс төрчид маань энэ асуудлыг хувийн хэвшилтэйгээ хамтраад хийхгүй байгаа юм болоо?
Урд хөрш хэд хоног хилээ хаахад бид сав баглаа боодлоос авхуулаад жижиг дунд үйлдвэрүүдийн маань түүхий эд , тоног төхөөрөмж, түүний сэлбэг хэрэгсэл гээд бүх л зүйлээс хамааралтай байгаагаа маш тод мэдлээ. Эдгээр бүх зүйл дээр гацаж дэлгүүрийн лангуун дээрх хүнс , өргөн хэрэглээний барааны үнэ замбараагүй өсөж байна. Бид яг юуг бүтээх боломжгүй вэ? Бид хамгийн наад захын хэрэгцээний хүнс болон өргөн хэрэглээний бараагаа өөрсдөө хийж бүтээж өсгөж үржүүлж чадах уу ? Биднээс өөр юуг гадныхан зайлшгүй авах шаардлагатай болдог вэ? Бидэнд өөрсдийн гэсэн давуу тал байна уу? Бидэнд үлдээж өгсөн газар зүйн байрлал бидний давуу тал болж чадах уу? Бидний малчин ахуй, мал сүргийн ашиг шим болох мах, сүү ,ноос, ноолуур түүн дээрээ тулгуурлан хөгжүүлэх ард түмнийхээ идэх өмсөх хэрэгцээг хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүнсний болон түүхий эд боловсруулах хөнгөн үйлдвэрүүдээ яагаад бид бүтээн байгуулж хөгжүүлэхгүй байна вэ ? Ард түмнийхээ хэрэгцээг хангаад илүүг нь бусад гадаад орнуудад арилжах худалдааны сувгуудаа яагаад хөгжүүлж чадахгүй байна ? Энэ мэт наад захын асуултуудын хариуг олох гэж судалж үзэв үү? Эсвэл зөвхөн намуудын эрх ашиг, бүлэглэлүүдийн ашиг сонирхол гээд бие биеэндээ дэгээ тавин улс орныхоо эрх ашгийг хөсөрдүүлсээр байна уу?  
Жишээ нь ОХУ Украйны асуудлаар Орос улсад янз бүрийн хориг тавиж байна. Гэхдээ Оросуудад байдаг өөр хэн ч хийж бүтээж чадахгүй технологи байдаг болохоор олон ч улс ОХУ тавьсан хоригт хүлээцтэй хандаж байгаа нь харагдаж байна. Барууны орнууд ОХУ ын төлбөр тооцооны системд хориг тавихаар оролдож л байна. ОХУ ч гэсэн энэ асуудлаар нэлээн хохирол хүлээж байгаа бололтой. Хүчирхэг тусгаар тогтносон гүрэн улс ямар байх ёстой вэ? ОХУ барууны болон Америкийн төлбөр тооцооны системээс гадуур өөрсдийн системийг ойрын холбоотон түнш улсуудтайгаа хамтран тогтоож чадах болов уу? Мэдээлэлийн технологийн бие даасан боловч бусдад ашигтай байх системийг тогтоож чадах болов уу? Яагаад ОХУ мэдээлэлийн технологийн салбарт илүү их ач холбогдол өгч энэ талыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хаяхаа мэдэгдэж эхлэв?  Энэ нөхцөл байдлыг том зураглалаар харж энэ бэрхшээлийг хэрхэн давах тал дээр ухааныг уралдуулахын оронд хоорондоо Оросын тал Украйны тал хэмээн хэрэлдэж суух гэдэг үнэндээ инээдэмтэй ч гэмээр эмгэнэл .

Тэгвэл бидний онцлог давуу тал юу юм бэ? Тусгаар тогтнол тэр дундаа ахуйн тусгаар тогтнол гэж хэнээс ч үл хамааран ард түмнээ өөрсдийн дотоод нөөц бололцоогоор амьдруулах боломжийг бий болгоход байдаг гэдгийг манайхан жаахан ч гэсэн зах зухаас нь судалцгааж л байгаа байх. Орчин үед залуус оюуны чадавхиараа бий болгож байгаа оюуны бүтээл , технологи, программ хангамж, өөр боломжит дижитал болон виртуал ертөнцөөс эдийн засгийн эргэлтийг бий болгох маш олон платформуудыг хөгжүүлсээр байгаа энэ оюуны ундаргыг хэрхэн зөв ашиглаж улс орондоо эдийн засгийг сайжруулахад тус нэмэр болж байна? Дээрх чиглэлүүдийг хөгжүүлэх эрдэмтэн мэргэдийн оюуны ундаргыг ухах уурхайнуудаа хөгжүүлэхэд юу бидэнд дутагдаж байна ? Энэ мэт асуултууд дээр төвлөрч салбар чиглэл бүрээрээ ажиллах нэгдлүүдийг бий болгож улсын бодлоготойгоо уях системийг ( систем гэдгийг уялга гээд орчуулчихмаар ч юм уу) хэрхэн бүрдүүлэх боломжтой бол? Мэдээж хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнц түүний доторх уялга буюу системийн бүтцийг ухахгүйгээр бид цаашид хэрхэн тусгаар тогтносон улсын ойлголтыг бүрдүүлэх билээ. Хэдийгээр хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхий боловч гүн ухааны талаасаа зүй тогтол хадгалагдсаар байдаг бөгөөд бидний гүн ухаанд үүнийг хэрхэн бидэнд онол болгож үлдээсэн нь бас л сонирхолтой сэдэв.

Монгол ухаанд бол ахуйн тусгаар тогтнолыг 10 түгээмэл буюу уялгаар тайлсан байдаг .  Тэгвэл тэр 10 түгээмэл гэж юуг хэлээд байгаа юм бэ ? 

Тэгээд 10 түгээмэл гэж юу вэ гэдгийг АС-т юу гэж өгүүлсэн байдгийг бодоцгооё. Хатдын сударт бол бидний амьдралд тааралддаг 10 түгээмэл бэрхшээлийг даван гарах арга гэсэн байдгийг санахад илүүдэхгүй л дээ.

1. Үл өлсөн тэгш цадах - хүнс ( Хүнсний аюулгүй байдал )
2. Тэнгэрт мэндэлж , ертөнцөд бойжсон - иргүн ( Иргэн хүний оролцоо)
3. Нүүхүйгээс нэүрит сэрэхүйг олгосон - мал ((https://khdelger.blogspot.com/2014/10/
4. Амин чанарын эх - газар 
5. Ихийг багаар тэгшитгэх - хэм шүүс - (Татварын зохицуулалт)
6. Нүүхүйг айдасгүй болгосон - айл ( Аймаг, хот, орон нутгийн бүтэц зохион байгуулалт) 
7. Хөх монголыг төрөөр бадраагч- нэүрит засаг (Засаглалын бүтэц)
8. Хөг бүтээх үйлийн орон - гэр ( Амьдрах тааламжит орчин)
9. Дутсныг илүүгээр нөхөх- сан ( Нийгмийн халамжийн бодлого)
10. Хүчийг ухаанаар үржүүлэх - багаж ( Шинэ технологи , мэдээлэлийн технологи, эмх цэгц)
Хил хязгаарыг яаж манахаа тунхагласан бол дотроо хэрхэн түвшин сайхан, амар амгалан амьдрахыг " Ахуй" мэддэг юм хэмээн Аланхоо эх айлдсан байдаг.
Хүнс - иргүн - мал - газар - хэм шүүс - айл - нэүрит засаг - гэр - сан - багаж
Энэ бүхнийг хооронд уяж ухах юм бол хүн л юм чинь хүнслэх нь гарцаагүй . Харин үл өлсөн тэгш цадах хэмээн тодотгосон нь өнөө хайрын уялгаар зөвхөн өөрийн хар амиа бодох биш бусад ан амьтан, хүн бүртээ тэгш хүртээн тэнцвэрийг хадгалан, өөрийн биеийн эрүүлийг сахиж хүнслэх ухааны мэдвэл зохихуй болно. Үүнийг сургасан сайхан судар гарсан нь Домчийн судар билээ. Хүнсийг ойлгохын тулд сав шим ертөнцийн шимийг ойлгох хэрэгтэй. Энэ мэдвэл зохихуйд суралцан өөрийн биеийг эрүүл байлгаж , байгаа бүхнээ хайрлах ухааныг олж авсан хүн нь иргүн болон төлөвшихөд мал гэдэг зүйл зөв сэрэхүйг нь хөглөж өгдөг болохоор газар дэлхийтэйгээ хүйн холбоотойгоо мэдэрч түүнээсээ хөдөлмөрлөн байж шим хүртэж буй бүр нь хамтаар элдэв байгалийн болон бусад  бэрхшээлийг хамтран давж нэгдэн нийлж хүртсэн бүхнээсээ хэм шүүс төлж  төр засаг тогтон өсөн үржиж , айх аюулгүй амьдран суух орон гэрээ бэхлэн бие биеэндээ дэмтэй амьдрах арга ухаанаа хөглөж ур ухаанаа гарган , хөдөлмөрийг хөнгөвчлөх бүхнээ бүтээн оршдог байна. 
Тэгэхээр 10 түгээмэл хэмээх нь хөх толботнуудын амьдран орших мэдвэл зохихуйг нэгтгэн уялгалсан бэрхшээлийг давах арга зам байх нь дээ. Энэ бүхнийг ухамсар болгож ахуйгаа төвхнүүлэх нь Эх орон , эх оронч хэмээх үзлийн гол амин чанар болох нь ээ 



Дөрөвдүгээрт энэ зонхилгоо үйлдэлээс хөгжсөн ТАРХИНЫ СЭХЭЭРЭЛ. Энэ бол ТАРХИН ТУСГААР ТОГТНОЛ болно.
Тавдах нь бие биедээ сөргөлдөөнгүй амьдрахыг нөхцөлдүүлэгч ЖАЯГ, ЗАСАГ, ГЭРЭЭ гурав юм. Үүнийг ИХ ЗАСАГИЙН ТУСГААР ТОГТНОЛ хэмээнэ.
Энэ таван тусгаар тогтнол нь УЛС буюу УЛ ЭСийг бүтээнэ.

Saturday, January 15, 2022

Дэнсээ

Өгөж байж авдаг
Өөриймсөж байж засдаг
Үгүйсгэж байж баталдаг
Үйлдэж байж таньдаг
Алдаж байж онодог
Ариглаж байж баяждаг
Амьдралын дэнсээ
Алхам бүрээр хэмжигднэм