Даян дээрхийн асар дээрээс
Далан долоон товоо тогтоож
Дайчин удмын цусан тангарагт
Дүүргэх үйлийн цараа дэлгэгдэж
Эгэл заяаг эрхэмлэлд багтааж
Энэрэх хайраар энгэрээ дүүргэсэн
Эжий буурал нь тосон хүлээнэ
Эр заяаг тэтгэн дэмнэмү гэсэн шүлгийн мөрүүд өвгүдийн хайрханыг зорихын өмнөх нь орж ирснийг өөртөө тэмдэглэж авчээ. Учрыг нь олчих санаатай жаал харж суув. Бариад авчих сэжүүр гэх 77 гэсэн тоог хөөмөөр ч юм уу .
За тэгээд л өнөө хэдэн судрын хуудсаа эргүүлж байгаад "Өрөг цадиг тамга" судраас Этүгэний 77 бошгын талаарх мэдээлэлийг уншлаа.
Бар жилийн бар сарын бар өдрийн бөөлөө эр заяаг дэмнэсэн томоохон галын үйл байсныг эргэн санаад энэ үйлийн үргэлжлэл болон энэхүү аялал маань үргэлжилж байгаа бололтой хэмээн барагцаалав. Эр заяаг тэтгэнэ гэдэг нь узуур эсээр удамшил зөв мэдээлэлийг дамжуулан бататгахыг хэлж байгаа билээ.
Сударт төрт ёс үүссэнээр энэхүү Этүгэний 77 бошгын 8 тулган шаардалтыг төрийн түвшинд хамгаалан сахиж иржээ. Тэр цаг үе болоход хүмүүн өөрийн дааж чадахгүй орон зайд дайчид болохын тулд төр улсын галыг тахиж, төрийн их голомт үүссэн түүхтэй. Нэгж хүмүний , нэгж гэр бүлийн чадахгүй орон зайд чадамж хүргэж , нийтийн их хүчээр хамгаалал , тэсвэрлэн гарахуйг үүтгэснээр Төр улсын галын ёс , сүлдэн тахилгууд үүссэн юм гэж тэмдэглэжээ.
Гэтэл хэд хоногийн өмнө бас хэдэн шүлгийн мөрүүд орж ирсэн байх юм.
Даяар олны итгэл сэтгэлээр
Дайчин тэнгэрийн үйлс бөхлөгдөж
Дархалж мөнхөлсөн зон ардын
Дүүрэх ухаанаар түмнээ тэтгэсэн
Их хар сахиусын итгэлийн гал бадран
Эрин галавын түүх улбаалагдан
Эх үрийн холбоосоор дамнасан
Эгнэгт сахих эх дэлхийн амин хэлхээ
Өнө мөнх орших болтугай!
Хүн гүрнээс хойш галын ёс нь бөө удгүд, зайрдын хүчээр ам дамжиж, үйл болсоор Хамаг Монголын суурь мэдэгдхүүн боловсрол нь болсон байна. Хамаг монголоос цаашид ч энэ ёс , 77 бошгыг ард түмэндээ ёсчлон хадгалж, харь шашин, соёлын довтолгоо, нийгмийн өөрчлөлтөнд чанд хадгалсаар ирсэн. Үүнийг цаашид ч хадгалах үүрэгтэй. Учир нь анх галд ухааныг төвлөрүүлэн цуглуулсан энэ ёсноос эхэлж, хүн төрөлхтөний түүхэн ухаарал бүртгэгдэж, нэгэн удамд зангидах болсон учир улаач хүн галын тайлга тахилга хийнэ гэдэг нь цаг үеийнхээ ухаарал алдаа онооны дэнсээг гаргаж буй үйл явц юм. Энд алдаанаасаа ичих, онооноос бахдах үйл үгүй. Энэ бол түүхэн цадиг тэмдэглэх лугаа адил алдсан бол алдаанаасаа ухаажин, ухаажсан бол бататган дахин үйлдэхүйн мөн чанар болно. Үүнийг галын ёс гэнэ. Галын ёсонд тангараг өргөсөн улаач мэдсээр байж алдаа хийхгүй , мэлзэж алдаанаасаа зугтахгүй тангараг өргөдөг. Ийнхүү уг гарвал удам угсаагаа тодотгон галын ёсыг хүндэтгэн тайлж тахиж ирсэн нь нэг гэр бүл, нэг ураг удмын үйлс хэрхэн төрийн хэмжээнд хэм болон бөхлөгдөж харилцааны сүлдтэй холбогдон үеийн үедээ уламжлагдан сэргээгдсээр удмын хэлхээг сүлд харилцаагаар бататгаж ирснийг өгүүлэх ажээ.
No comments:
Post a Comment