Tuesday, November 3, 2015

Монгол бөө гэж хэн бэ?

2015 оны 3 сард бичсэн бичлэгээ олов :
Монгол бөө гэж хэн бэ? гэж эхэлсэн байна. Энэ дэлхий дээр маш олон ястан үндэстний бөө дотроос юугаараа ялгаатай юм бэ гэсэн санааг илэрхийлж байх шиг. Монгол гэдэг үгнээсээ эхлээд бодоход Монгол гэж хэн бэ гэдгээ эхэлж бодох нь зүй. Мон ухамсарын түүх рүү эргэн харах хэрэг гарав. Мянган сэрэхүй ний тархитай байхыг хэмийг ухаарч байж Мон ухамсар үүссэн түүхтэй гэжээ. Тэгвэл тэр ний тархи гээч нь юу юм? гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ. Ний гэхээр нийтээрээ хуримтлуулсан мэдлэгийн сан буюу энэ цагийн байдал дээрээс харвал БуурЭрЭл-үүд дээрээ нэгдэн олон талын мэдлэгийг судар ном болгон бидэнд цэгцтэй өгж байгааг, мөн л биднийг нийтээр нь сургаж өөрөө өөрсдийгөө олоход дэм болгож биднийг цэгцрэхийг хүлээж байна гэлтэй. Энэ нь бас цаанаа нэлээн нарийн утгатай. Урьд бол бүх зүйлсийг ёс заншил болгон ахуйн хэрэглээн дээр сургааль болгон ам дамжуулж уламжлуулж байсан. Гэвч одоо цагт бид ондоошиж суурин иргэншилд шилжиж байгаа үйл явц түргэсэж байгаа тул үүнийг суурин иргэншлийн нэг хэлбэр болох ном судраар дамжуулан бидэнд мартсан бүхнийг эргэн сануулж буй гэлтэй. Харин тэр цэгцрэл нь бидний нэгэн зорилго. Тэр зорилго нь төрөх буюу мөнхийн залгамжийг хадгалахад орших байх. Мэдээж яаж гэдэг асуулт дахиад л гарна. Мэдвэл зохихуйг мэдэж л гэж хариулах байх даа. Хэтэрхий ерөнхий хариулт ч гэлээ түүнийг мэдэхгүйгээр юу хэлж юу хийж чадах билээ. Үүнд дээр л нарийвчилсан мэдлэг буюу удам судрын асуудал гарч ирэх ба ээж ааваас уламжилж ирсэн мэдээлэлээ хэрхэн сэргээх , өвгүдийн үйлийг таних гээд өөрсдийн хичээл зүтгэл гарч ирэх байх. Танилаа мэдлээ гээд асуудал цаашаа бүүр хэцүү болох байх. Таньсан мэдсэндээ ташуурч өөрөөс минь илүү үгүй мэт санагдах үе ирдэг л байх харин энэ үедээ л хэм гэдгийг сайтар ухах хэрэгтэй болов уу. НЭГ хүн нэг ураг удам энэ мөнхийн залгамжийг хадгалж чадах уу?Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдгээр тэр бүхнийг үзэж туулсан өвгөд минь хамтын хариуцлага гээчийг хэрхэн бий болгосноо бидэнд өвлүүлэх гээд энэ их мэдлэгийг бидэнд буулгаж байгаа тул бидэнд сурах бас дахин сурах л үүрэг байна даа . Бид ийм л орон зайг бий болгож чадах юм бол биднээс бүх дэлхий суралцах байхаа.


Хөрст алаг дэлхийд хүмүүн заяаг олоод 
Хөөрөн дүүлэх сэтгэлээр жигүүр юугаа хийн 
Хайр энэрэлээр зүрх юугаа дүүргэхэд
Хонгор үрсдээ жамыг ухааруулах 

Холч их ухаанд зүрх сэтгэлээ нээгч
Хөх монголын эгэл улаач 
Хөрст дэлхийн хүйн хамгаалагч 
Хүмүүн заяаны үргэлжлэл мину 
Өртөөлөх зүйлээ өр зүрхэндээ шингээгч
Өрнүүлэх үйлээ ур ухаандаа урлагч 
Удамт тэнгэрийн өргөөнд морилогч 
Ухаант үрсийн үргэлжлэл бологч 
Хөх тэнгэрийн зараалч 
Мөнх тэнгэрийн бөө мину

Wednesday, October 14, 2015

4.15

Урсгал усны гольдролыг дагах
Урин дулаан улиралын эхэнд
Уулзан учрах учралын учиг
Ундран урсах Эх үүсвэрт
    Дуулж сонссон нь их байлаа ч
   Дуулим хорвоогийн аялгуунд шингэх үү
   Дуурсах үйлээ бөхөлсөн байлаа ч
   Дундуур гэдгээ мэдэх болов уу
Өндөр өвгүдийн ухаанд төөрч
Өнө мөнхийн зохицолоо мартан
Өөрийн ухааны замыг гэрэлтүүлэх
Өргөн талын өнчин хайлаас адил
Олны дундаас товойх нэг нь
Онцгой содон авъяасаа хөглөвч
Олзын дээдийг хаман ававч
Олох гээхийн ухаанд хүлэгдэж
Орь ганцаар үлдэх вий
Онцгой содон байлаа гээд
Оловч мартах аюул бий
Омог бардам зандаа дийлдэж
Орхигдож ганцаар хоцрох вий
Омголон зангаа хазаарлаж
Одох замаа тодлоно буй заа

Friday, October 2, 2015

4-14

Мэдсэн дуулсан байлаа гээд
Мэдрэмж дүүрэн байлаа гээд
Өр зүрхний угтаа байгааг
Өнгийж харж дийлэмгүй бол
Мөнх оршихуйн учиг юуг
Мөрөөдөл болгон чигээ барих
Чин сэтгэлийн угсаа гарвалын
Цэгц чанарыг алдах вий
Мөр гүн зэрэгт хүрэх гэдэг
Мөрөөдөл төдий зүйл гэж үү
Мөнх амьдралын хэлхээг бөглөх
Мөр замын ариусал бус уу
Өөрөө өөрийгөө танин байж
Өнгөцхөн хэлбэрийг тандан байж
Өнөд орших их түүхийн
Үүрдийн хэлхээ болох бус уу
Аав ээжээ мэддэг шигээ
Ахас ихсээ танидаг болж
Ардын сэтгэлийг хөглөн байж
Амин чанарыг ухах буй заа

Tuesday, September 29, 2015

Лус

Хүн өөрийн биеийг хир мэддэг юм болоо? Ямартай ч энэ бидний махан биений судсаар цус нь гүйж, судал сувгаар нь эрчим нь дамжиж, эд эсүүд нь  хэм хэмжээнд бүгд зохицолд байж, тулгуур болсон ясан дээрээ тогтон эрүүл байдаг бизээ. Гүнзгий эмнэлгийн мэдлэг байхгүй ч энэ бие гээчийг маань бүрэлдүүлэн байгаа бүхэн зохицолд нь оршиж байх нь чухал бололтой. Хүн төрөлхтөн үүсэн бий болсноос хойш өдийг хүртэл өөрийн биеийг судлан  одоо ч гэсэн шинэ шинэ нээлтүүд өөрсдийн бие эд эсүүд дээрээ хийсээр л байна. Гэвч Лус гэсэн гарчиг тавьчихаад юун эрүүл мэндийн холбогдолтой , бие махбодь яриад явчихваа гэж гайхаж байна уу?  Лус гэдэг үг нь Эл ус гэсэн үг байсан гэдэг.
Чухамдаа  хүний биеийн бүтцийг ярьсан учир нь энэ эл ус буюу лус гээчийг зүйрлүүлэн хэлэх гэсэн санаа төдий. Бидний судсаар урсах цусыг газар дэлхий дээр ил далд байгаа устай зүйрлүүлбэл эх дэлхийн минь судас нь энэ лус гээч нь гэж зүйрлүүлэх гэсэн юм. Бид өөрсдийнхөө гар хөлийг эсгэчихээд цус нь гойжиход ямар байдаг билээ. Тэр тусмаа амин гол судсуудыг таславал амь нас минь тасрах биз дээ. Үүнтэй нэгэн адил гол усыг нь , булаг шандыг нь, халуун хүйтэн зашааныг нь ,нуур цөөрмийг нь, хөрсний чийгийг нь , тэнгис далайг нь, газрын гүнд орших усыг нь байх хэмжээнээс нь багасгаад, бохирдуулаад байх юм бол хүн дээр бол цус багадалт гэдэг өвчин шиг эх дэлхий ээж минь бас л энэ өвчин нүүрлэх бус уу. Харин дэлхий ээжийнхээ өвөрт нь байгаа бид нь ч гэсэн энэхэн зовлонг нь амсах бизээ.

Чухамхүү энэ дэлхий дээр  ил далд орших усан орчлыг бүхэлд нь лус хэмээн нэрлэж амьдралыг тэтгэгч гол хүч гэж харах юм бол түүнийг хариуцан байх лусын эздийн үүрэг маш их байх нь дээ. Энэ дэлхий дээрх амьдралыг тасалчихалгүй байгаа бүхэнтэйгээ зохицон оршлыг хангана гэдэг нэлээн хүндхэн бөгөөд хариуцлагатай алба болох нь л дээ. Тийм ч учраас лусын эздийг догшин гэдэг биз.
Лусын хорлол гэж айхтар зүйл байдаг гэлцдэг. Зарим үед ч удам дамжин үргэлжилдэг ч гэдэг. Хүмүүн бид яагаад ийм зүйлд өртөх болов оо?  Энэ дэлхий дээрх бүх зүйл хоорондоо харилцан хамааралтай оршиж байдаг гэдгийг мартаж үл болно. Алтыг нь ухаад авчихлаар , байх ёстой тэнцэл нь алдагдаж  усыг нь тогтоон бариж байсан хүчин зүйл үгүй болж булаг шанд, гол горхи нь хатаж түүнийг даган амьдарч байсан ан амьтан, адуу мал нь ундаасан малчин ард нь өөр газар нүүдэллэн өөрийн нутагт тогтохын аргагүй болох явдал хаа сайгүй л болж. Саяхан Улаанбаатараас Хөвсгөл явах замд голын нэр нь пайзан дээр бичигдсэн боловч хатаж хуурайсан сайр болсон голтой хэд ч таарав даа.
Нэгэн тохиолдолын тухай хүүрнье. Саяхан БууЭрЭл-тай маань хамаатны маань нэг эгч золголоо. Шинэхэн бэр нь төрж 4 кг хүүтэй боллоо гэсэн боловч, эх нь төрөлтийн үед аарцаг нь задарсан юуны учиг болов гэж асуулаа. БууЭрЭл их л толгой сэгсрэн шогшрон суусны эцэст лус савдагийн догшрол байнаа гэж айлдав. Бэрийнх нь талынхан нь уул усыг эвдэж сүйтгэсний улмаас  маш ширүүнхэн зүйлтэй учирч дээ гээд Өвгүн би аргацаах төдий үйл хийе гээд тухайн нутаг орны чадалтайхан бөөтэй уулзан уул усны нэхлийг нь хэлүүлэн бэрийн талыхныг сайтар үйлээрээ хохиролыг нөхөн аргадах үйл хийлгэ гэлээ. Дараа нь сонсох нь ээ бэрийнх нь талын ах дүүсүүд алт ухан улмаар хоорондоо муудалцан бие биенээ хороосон айхтар зүйлтэй учирсан байсан ба түүний хорлол ч мөн бэрд буусан нь энэ байлаа. Ууг нь хамаатны маань эгч минь олон жил ууланд мод тарьсан  буянтай үйлийн эзэн л дээ. Тийм болохоор ч тэр үү бэрийнх бие ч үйл хийлгэсний дараа илааршсан боловч уул усны нэхэл нэхэгдсээр ямар ч буруугүй нялх балчир үр нь үүний горыг амсан элдэв өвчинд ороогдон байгаа билээ. Энэ жишээн дээрээс харахад лусын хорлол ямархан хэцүү болохыг харж болно. Хэдий чинээ их хохирол учруулна төдий чинээ их зовлонг үр хүүхэд нь туулдаг бололтой.
Хүн бүр энэ бүхнийг ойлгон ухаж өөрийн биеийг, өөрийн үйлдэл болгоноо  хянан бусдад хохирол учруулалгүй байж чадах болов уу? Эс чадваас үр хүүхдүүдэд минь учрах хэцүүхэн амьдралыг бид яах билээ? Надад  биш хүүхдэд  минь ач зээ нарт минь юм чинь гээд санаа амар явж чадах уу?




Sunday, September 13, 2015

Бөө

Хөрст алаг дэлхийд хүмүүн заяаг олоод 
Хөөрөн дүүлэх сэтгэлээр жигүүр юугаа хийн 
Хайр энэрэлээр зүрх юугаа дүүргэхэд
Хонгор үрсдээ жамыг ухааруулах 

Холч их ухаанд зүрх сэтгэлээ нээгч
Хөх монголын эгэл улаач 
Хөрст дэлхийн хүйн хамгаалагч 
Хүмүүн заяаны үргэлжлэл мину 
Өртөөлөх зүйлээ өр зүрхэндээ шингээгч

Өрнүүлэх үйлээ ур ухаандаа урлагч 
Удамт тэнгэрийн өргөөнд морилогч 

Ухаант үрсийн үргэлжлэл бологч 
Хөх тэнгэрийн зараалч 
Мөнх тэнгэрийн бөө мину

Wednesday, August 26, 2015

Хий тоос чийг

Амьдралын мод хэрхэн ургадгыг
Анзаарч сонсдоо балчир үрс минь
Аз жаргалын үүд нээгдэх
Алтан мөч гэж байдаг юм
Алтан энэхэн мөчид
Амьдралыг цогцлоох ухаан бууж
Алагхан дэлхийн бүрдэл болсон
Агаар ус газар гурваар
Анхлан үүссэн сүлжээг холбох
Алаг үрсийн хайрын ундарга
Дэлбээ юугаа дэлгэх адил
Дэлгэрсэн ухаан нь ундарч
Дэмнэсэн олон нь сэргэн мандаж
Дэлгэр их дэлхий ээжээ
Дээдлэн мөрлөх цаг нь ирж дээ
Агаар ус нь цэвэрхэн бол
Амьтан бүр нь тухлан
Аз жаргалын орон гээч нь
Аяндаа бүрдэх жам байвч
Онцолж тодолсон мангдайн үйлээр
Орон зайн эзэгнэлийг дүүргэн байж
Газар усаа мануулан байж
Гарцаагүй жамыг нь таниулан байж
Үйлдэх ухааны ундаргыг оргилуулж
Үзэмж төгөлдөр лүү дөхүүлэн байж
Үлэмжийн чанарыг ойлгуулнам зээ



Tuesday, July 21, 2015

Хорт хавдартай тэмцсэн түүх

Өөрт минь тохиолдсон бусдад хэрэг болох нэгэн зүйлийн тухай бичье. 3 сарын өмнө гэр бүлийнхэнд маань хүндхэн сорилт тулгарсан юм. Аав маань бие эрүүл, байнга л хөдөлж байдаг заримдаа биднээс ч илүү түргэн шалмаг хүн л дээ. 3 сарын өмнө аавд маань цээжээр нь хөндүүрлэж өвдөх , амьсгаадах зовиур илэрлээ. Бид бүгд л зүрх байх хэмээн зүрхний сайн эмч нарт үзүүлсэн боловч бүх л шинжилгээний дүн зүгээр гарлаа. Тэгэж байгаад санаандгүй ходоодоо дурандуулахад харин өнөө зовиур нь ходоодны том шарх бас ч хорт хавдарын шинж тэмдэг байна гэсэн онош тавигдлаа. Найз нөхдийнхөө тусламжаар манайдаа л урдаа барьдаг ходоодны эмч нарт үзүүлж хорт хавдарын шинжилгээ хийлгэсний дараа ходоодны хорт хавдар, ходоодыг нь дариу тайрч авах талаар эмч нар ам уралдан л зөвлөцгөөлөө. Манайхан бүгд л сандралдан Хавдар судлалын төвд үзүүлж эмч нарын зөвөлгөөнөөр ороод 7 хоногийн дараа хагалгаанд орох болов. Гэрийнхэн маань бүгд л сандралдаж байхад аавд минь ямар хэцүү байгаа нь нүүрэн дээр нь илхэн байлаа. Хүн болгон л янзан бүрийн зүйл хэлж байсан учир ямар шийдэл гаргахаа ч мэдэхээ байлаа
Улаач хүний хувьд юутай ч өвгүдээ залж учир байдлыг асуулаа. Үнэхээр л хүнд зүйл байна гэж өвгүд маань хэлээд энэ заслыг миний үр арай хийж дийлэмгүй балчир байна гээд наад зах нь 5 жил болсон зайран үрээр заслыг нь хийлгэх хэрэгтэй гэв. Юутай ч өөрөө хийж чадамгүй бол андуудтайгаа хамтарч хийх талаар хоорондоо ярилцлаа.Манайхан ч бүгд л хамт хийлцье гэлээ. Угаа аваад 5 жил болж байгаа удган дүү маань хамтарч хийхээр болов.
Гэрлийн өргөөнийхөө  домч бууЭрЭл залсан ахтайгаа уулзаж бас зөвөлгөө авлаа. Ямар ч тохиолдолд эрхтнийг нь авна гэдэг нь тухайн эрхтэн дээрх хүрд үгүй болж гажуудал үүсэх талаар тайлбарлаж өглөө. Заслын талаар БууЭрЭл-ууд хэлэхдээ " Аливаа засал 3 зүйлийг төгс хийж байж төгс засал болдог. 1 рт эрчмийн засал буюу сүнсэн засал, 2 рт сэтгэлийн засал, 3рт махан биеийн засал байдаг ажээ" Юутай ч эрчмэн засал буюу сүнсэн заслыг нь эхлээд хийх хэрэгтэй гэж ойлгоод хийх өдрөө товлоод байж байтал оюутан цагийн минь найз маань тааралдав. Найзын маань нөхөр хорт хавдраар өнгөрсөн болохоор найз маань өөрийн туршлага дээрээ үндэслэн надад яав ч хагалгаа хийлгэж ходоодыг нь тайруулах хэрэггүй гэж зөвлөлөө. Тэгээд нөхрийн хамаатан болох 5 гаруй жил бөөлж байгаа зайран залуу дээр очиж өвгүдтэй нь хөөрөлдөж үзэхийг санал болгов. Тэр зайран залуу өөрөө ч ходоодны хорт хавдартай байж байгаад эдгэсэн тухай нь хэлсэн юм.  Юутай ч тэр зайрантай уулзаж үзэхээр шийдэн аавыгаа аваад очтол БууЭрЭл нь маш итгэлтэйгээр мэс хүргэж болохгүй гээд заслыг нь хийж өгнө гэлээ. Хагалгаанд орохгүй бол хорт хавдар нь бүх биеээр тархаад дараа нь хагалгаа хийгээд ч ямар ч үр дүнгүй болно гэж айлгах эмч нарын үг маш их эргэлзээ төрүүлж байсан болохоор ямар шийд гаргахаа мэдэхгүй их хэцүү байлаа. Тэгээд нөгөө ядаж л 3 аар өөртөө баталгаа гаргахын тулд зурхайч Намсрай ахтай ярьж учир байдлаа хэлж аавын зурхайг зуруулахад бас л хагалгаа хийлгэж болохгүй гээд бөөгийн засал хийлгэвэл ингэж хийлгэвэл зохино гэж хэлсэн нь зайран залуугийн БууЭрЭл-уудын хэлсэн засалтай таарч байхад дотроо бага ч гэсэн итгэлтэй болж билээ. Ингээд 3 талаар баталгаа хайсан маань хагалгаанд орж болохгүй гэсэн нэг зүйл дээр нийлсэн тул эрчмийн заслыг Зайран залуугийн БууЭрЭл-уудаар хийлгэхээр болов. Үнэн сэтгэлээрээ өөрийн чадах мэдэх бүхнээрээ туслах гэж чармайх оюутан цагийн минь найз Өлзийням , Сайханбаяр зайран, түүний эхнэр бас үнэнч түшээ нь болох Өөнөө гээд олон  сайхан найз нар маань аавын минь төлөө сэтгэл зүрхээрээ үйл хийж өгсөн юм. Сүнсэн буюу эрчмэн заслаа хийлгээд Гэрлийн өргөөний Мягаа ах дээр очлоо. Мягаа ах бүх хүрднүүдийг нь шалган, буруу болон гэмтэлтэй байгаа хүрдүүдийг нь цэвэрлэн, махан биеийн цэвэрлэгээг хэрхэн хийх талаар сайхан зөвөлгөө өгөв.  Аавын маань хувьд энэ бүхнийг ойлгоход хэцүү байгаа бололтой байлаа. Шинжлэх ухаанч, социалист хүмүүжлээр толгойгоо дүүргэсэн хүнд энэ бүхэн зарим үед дэмий балай зүйл мэт санагдаж л байсан байх. Юутай ч ямар нэгэн эм ууж , эсвэл хагалгаанд орж л эдгэрнэ гэсэн бодолтой байсан юм. Энэ нь ч бас зүйтэй байлаа. Энэ хооронд Баатар эмчийн эмнэлэг дээр очоод тан авах болсон байв. Ээж маань БууЭрЭл-уудын үйлийг маш сайн ойлгодог, Гэрлийн өргөөнөөс гарсан судар номнуудыг уншдаг болохоор бүх зүйлд маань маш их дэм болж байсан юм. Бид дахин Сайхнаагийн БууЭрЭлүүдтэй золгож махан биеийн засалд ямар эм тан хэрэгтэйг асууж лавласан юм. БууЭрЭл-үүд харин аавын биеийг шинжиж үзээд ургамлын гаралтай тангаас илүү сүүний гаралтай эм тан зохих талаар хэлээд энэ тал дээр нэлээн их ажил хийж байгаа Буриад эмч Шаблин Петр Аюушивич гэдэг хүн рүү зүглүүлж өглөө. Энэ хүн урьд нь энэ БууЭрЭлтай золгож өөрийн хийж байгаа эссэн сүүнээс гаргаж авсан ,цэвэр байгалийн гаралтай эм мөн байгал орчинг цэвэршүүлэх байгалийн гаралтай биободисуудынхаа талаар хөөрөлдөж ажил үйлийнхээ талаар засал хийлгэж байсан юм байна лээ.
Ингээд аавыгаа дагуулаад Шаблин эмчтэй уулзахаар Улаан-Үүдийг зорьсон юм.
Энэ хүнтэй уулзаж ярилцахад маш сонирхолтой байлаа. Шаблин эмч тэнгэр үзэлтэй, маш их ажилсаг бас маш завгүй хүн боловч бидэнд цаг гарган үнэн сэтгэлээсээ өөрийн хийж байгаа зүйлээ тайлбарлан хорт хавдрын эсийн талаар маш тодорхой тайлбарлан хэрхэн өвчилсний дараа гарсан хавдартай биш түүнийг үүсгэгч шалтаг шалтгааныг эмчлэх талаар ярьж өгсөн юм. Тэрээр хэлэхдээ   Монгол шиг байгаль дэлхийгээ хайрлаж түүнийгээ энэ хэвээр нь хадгалж үлдсэн улс үндэстэн бараг байхгүй гээд харин одоо л та нар минь энэ бүгдээ үгүй хийж байгаад маш их санаа зовинож байна гэв. Мөн тэрээр хэлэхдээ Монголчууд үнэхээр агуу их түүхтэй улс , тэдэн шиг ийм их агуу гүрэн байгуулсан улс үгүй ба одоо орчин үеийн монголчууд та нар энэ түүхийг хэрхэн дахин дэлхий дахинд харуулах гэж байна гэж асуугаад харин би энэ үйлд өөрийн хийсэн зүйлээрээ монгол яс цустай хүний хувьд хувь нэмрээ оруулмаар байна гэж ярьлаа. Би хорт хавдрын эсрэг маш энгийн бөгөөд үр дүнтэй хямд эм эмчилгээг нээсэн ба үүнийг та бүхэнтэй хуваалцаж 3 сая хүн амтай Монгол улсыг хавдаргүй монгол болгож дэлхий нийтийн анхаарлыг татмаар байна гэж ярьлаа. Харамсалтай нь манай төр засгийн зүгээс түүний энэ сайхан сэтгэл рүү нь ус цацсан бололтой. Энэ хүнтэй уулзаад би өөрөөсөө ичих шиг болов. Бидний ярих нь ихдээд хийх нь багадаад байна уу даа гэсэн бодолтой хоцорч билээ.
Шаблин эмч тусгай багажаар аавын минь биеийг хэмжиж яг л түүний биед  тохирсон эмүүдийг 2 сар уухаар өгсөн юм.  Аав минь эмүүдээ зааврын дагуу 2 сар уусны эцэст эмнэлэгт ходоодоо дурандуулж, хорт хавдрын эсийн шинжилгээ өгөхөд ходоодын шарх эдгэрч эмчилгээ авсан байлаа  . Гэвч хорт хавдар гэдэг бол бидний буруу амьдралын хэв маяг үйлийн үрийн улмаас дамжиж ирсэн зүйл байдаг бол юутай ч түүний бий болох шалтаг шалтгааныг олж зохист хэм хэмжээнд тогтоож байх нь  чухал байх нь .     Энэ үр дүн гартал маш их сэтгэлийн шаналгаа, эргэлзээ, тээнэгэлзээ гээд их зүйлийг туулсан юм шүү. Та бүхэнд  энэ түүх маань хэрэг болох болов уу хэмээн хуваалцаж байна.
Ер нь хорт хавдарыг эмчлэхийн тулд өөрсдийн амьдарч байгаа хорт орчины нөлөө  , буруу хооллолт, элдэв химийн болон генийн өөрчлөлт бүхий хүнс, сэтгэл санааны тогтворгүй байдал, хөдөлгөөнгүй байдал зэрэг маш их муу зуршлууд буюу шалтгаануудыг арилгахгүйгээр тэр хэцүү гэдгийг хүмүүс тэр бүр ухаардаггүй л дээ. Хорт хавдараа ялан дийлсэн хүмүүсийн туршлагыг харахад амьдралынхаа хэв маягийг өөрчилж цэвэр байгальд амьдарч, цэвэр булгийн ус уух зэргээр ихээхэн зоригтой алхамуудыг хийсэн байдаг. Гэвч үнэхээр амьдрахын төлөө тэмцэж чадвал яагаад болохгүй гэж ....

Шаблин эмчийн  талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэ хуудсаар нь  орж үзээрэй:

shablinem1.com

Энэ бүх түүхээс эргээд  би юуг ойлгож авсан бэ гэхээр дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдгийг маш сайн ойлгож авсан гэдгээ дурьдахгүй байхын аргагүй юм даа.

Аав маань хорт хавдар гэдэг оношийг гарснаас хойш мэс засалд оролгүйгээр 3  жил болж байгаа ба энэ хугацаанд хавдарын хэмжээ томорч бусад эрхтэнд үсэрхийлсэн эсэхийг байнга эмнэлэгт хянуулж байгаа ба одоогоор хавдарт өөрчлөлт ороогүй тул Шаблин эмчийн эмчилгээ үр дүнгээ өгч байгаа гэж ойлгож болно.  Хэрэв  эдгээр эм бүтээгдэхүүнүүдийг байнга хэрэглэхгүй байхыг хүсч байвал дээр хэлсэнчлэн амьдралын зөв хэв маяг руу аажим аажмаар шилжих шаардлагатай ч байж болох юм. Ер нь өвдсний дараа нь биш хэрхэн урьдчилан сэргийлэхийн тулд зөв амьдралын хэв маягийг дадуулах гэж өвөө эмээ нар маань багаас маань зааж сургадаг байсан маань одоо цагт " Монгол домчийн судар" нэртэйгээ та бидний гар дээр ирсэн ба энэхүү сударт  сүнс буюу амийг тэтгэгч эрчим , түүнийг махан биед жигд юүлэх хүрд (чакра),  махан буюу физик биеэ хэрхэн зөв засаж , зөв амьсгалах, зөв хүнслэх, зохист хөдөлгөөнөөр эрчим болон махан биеэ хэрхэн дэмнэх зэрэг мэдлэгийг тухайн газар орныхоо   цаг улирал, газар орон нутгийн онцлогтой уялдуулж амьдрах зөв дадлыг бий болгох талаар хүн бүрийн мэдвэл зохих зүйлсийг бичсэн байгааг Гэрлийн өргөө фейсбуук группээс мэдээлэлийг нь олж уншаарай.


Thursday, June 18, 2015

Зохист хэмжээ.

Амьдрал тэр чигээрээ тэнцвэр дээр оршиж байдаг. Сайны хажуугаар саар нь байдаг. Аливаад хэм хэмжээгээ мэдэж бай. Хөнжлийнхөө хирээр хөлөө жий  гэх үгсийг зөндөө л сонсож байсан ч түүнийг цаашаа хир ухаж бодож байсан болоо?
Нэлээн хэдэн жилийн өмнө  Чингис хааны академийн Давааням гуайн лекцэнд нэг удаа сууж билээ. Тэгэхэд Күнзийн сургааль бол хавтгай дээр сэтгэсэн сургааль харин Монгол ухаан бол огторгуйн хэмжээсээр сэтгэдэг ухаан юм гэсэн утгатай ганц өгүүлбэртэй  л хоцорч билээ. Энэ юу гэсэн үг юм бол гэж бодоод төсөөлөх гэж оролдож үзэхэд огторгуйн геометрийн хичээл дээр үзсэн төсөөлөл орж ирээд л өнгөрч билээ. Ядаж л Күнзийн сургаалийг уншиж үзэж байж , Монгол ухааны судруудыг уншиж үзэж байж л энэ яриад байгаа зүйлийнх нь утгыг ойлгох байх л даа. Тэгж яваад СорКауУгТаНи хатны өртөөлүүлсэн, Нүрзэд агсны гаргасан судруудыг анх олж билээ.
Тэр хайхамшигт судар дээр үнэхээр тэр хэмжээсийг бичсэн байж билээ.

Энгийн нэгэн элсэн ширхэгт урт өргөн өндөр, үүсэл оршил хувирал, амин эрчим байгаа
Нүдэн дусал усанд ч гүн мандал хаяа, ууршил хөлдөл урсгал амин эрчим хур байгаа
Үсэн үзүүр агаарт ч хүнд хөнгөн дулаан, хоол хор хур , эзэрхэл ноёрхол тохируулга байгаа

Үнэхээр л хий, тоос, чийгнээс энэ газар дэлхий бүрэлдэн цаг хугацааны дэнсэнд хувьсан өөрчлөгдсөөр өнөө бидний энэ үед иржээ. Одоо бид яах ёстой юм?  Яах ч юу байхав дээ дагаад л өөрчлөгдөөд хувьсаад л явна шүү дээ гэж бодож байгаа л байх. Ер нь бол  амьдрал үргэлжилдэгээрээ л үргэлжлэх боловч энд буюу ОДОО ЦАГТ зангилаа үргэлж оршсоор ирсэн бололтой. Одоо цаг гэдэг энэ зангилаан дээрх бидний шийдэл байнга л ирээдүйг зөгнөн байдаг бололтой.

Тоос чийг хий дэнс хорвоогийн эх
Хорвоо амин чанарын эх
Хөх нуруутууд хүмүүний уг
Хөх толбоо гээвээс хуйхтанууд

Үнэхээр бид энэ хорвоогийн эх болох эдгээр хэмжээсүүдийг ухамгүй бол хир хол явж чадах болоо? Хол явах гэж юугаа яриад байнаа гэж гайхаж байна уу?  Харин та энэ талаар бодоод үзээрэй. Яагаад гэвэл "би" гэж биш "бид" гэж бичсэн байгаа болохоор. Мэдээж би заавал чамтай явах алба уу гэж эгдүүцэн бодож болох л юм. Харин нэг дэлхий дээр байгаа болохоор л бид гэсэн юм шүү. Тэгэхээр дэлхийтэйгээ бид хир хол явах болоо гэж ойлгож болох л юм.  Юун ч их санаатай юм. Өчүүхэнээ мэдэхгүй дэлхийгээр нь сэтгээд гэх байх л даа. Яахав өчүүхэн ч гэсэн дэлхийн ээжийн үр юм хойно юу нь буруу байхав гээд өршөөн ойлгоно уу. Чухам бидний өвөг дээдэс маань орчлон ертөнцөөр нь , зүй тогтлоор нь, харилцан хамаарлаар нь ингэж харж чадсан л учраас хөх толботон хэмээгдэн хүмүүний уг нь болж байсан юм болов уу? Харин ингэж бодож чадаагүй нь хуйхтанууд буюу бидний эгдүүцэн дургүйцээд байдаг , байгаа бүгдийг идэж устгадаг хортон шавьж шиг өнөө хужаа нар уу? Үнэндээ бид ч гэсэн одоо тэр хуйхтануудын эгнээд орж байгаа ч юм шиг . БИД хэм хэмжээгээ мэдэхээ байжээ. Болох болохгүйн заагаа мэдэхээ байж.

Миний аз тохиож гэх ч юм уу би Гэрлийн өргөө гэдэгтэй холбогдож,  Аянгат удганы хичээл зүтгэл, Гэрлийн өргөөний олон улаач нарын хамтын хүчээр олон сайхан сударнуудыг буулгасныг нь уншиж, өндөр сайхан БууЭрЭл-уудын айлдваруудыг олж сонсох , унших боломж гарч билээ. Энэ бүхнийг уншаад эргэцүүлэн бодож байхад хорвоогийн бүх зүйл тэнцвэрт оршиж байж, харилцан хамаарч, хоорондоо харилцан  шүтэлцээнд оршин байж амьдрал гэдэг зүйл үргэлжилдэг бололтой.
Тэгвэл амьдралыг юугаар хэмждэг юм болоо? Амьдрахын хамгийн наад захын хэрэгцээ нь амьсгалах, хооллох, ундлах  . Тэгэхийн тулд агаар, ус, газар гурвыг хариуцах хэрэгтэй. Хариуцах гэдэг нь эдгээрийн талаар таниж, мэдэж, амьдрал ахуйдаа зохистой,  ээлтэй хэрэглэхийг хэлэх байх.  Сударт цаг уур, орон зайд ээлтэй зохицохыг амьдрал гэм үү гэсэн байдаг. Ээлтэй зохицох гэдэг л амьдралын гол хэмжүүр бололтой. Амьдрал үргэлжлэх гол түлхүүр гэчихвэл бараг болох байх.  Харин ээлгүй байх юм бол хохирол хүлээх нь .
 Өөр дээрээ бодоод үзэхэд өөрийн алдааг  хохирлыг нь амсаж байж мэдэрдэг. Харин хохирлын хэмжээг бас тодруулж болно. Зөвхөн би хохироод үлдэх үү, гэр бүл минь хохирох уу, хамт олон минь миний алдаанаас болж хохирол хүлээх үү гээд л улс орон, дэлхийн хэмжээнд ч хүрч болно. Мөн тухайн цаг  үедээ хохироогүй мэт боловч хэсэг хугацааны дараа хохирлыг нь амсах ч алдаанууд ч байдаг.
Монгол Товчион Түүхийн тайлал судар дээрээс ээжүүдийн минь өргөдөг сүүн цацлын бэлэгдэл болсон 9 хүслийн тухай олж уншсан ба харин эдгээр хүслүүд хэтэрвэл юу болж хувирдаг талаар бичсэн байдаг. Эдийн хүсэл нь шунал болж, хайрлах хүсэл нь хардах болох жишээний.  Тэгэхээр аливаа зүйл зохист хэм хэмжээнээсээ хэтэрвэл сүйрэл рүү хөтөлдөг бололтой.  Харин тэр зохист хэм хэмжээг хэрхэн барих гэдэг дээр өвгүдийн ухаан бидэнд хэрэг болох бололтой. Өвгүд минь олон зуун жилийн хуримтлуулсан туршлагаа нэгтгэн онол гээчийг бий болгосон нь чухам энэ зохист хэм хэмжээг бариулах гэсэн мэт. Онолоо мэдэж байж хохирол бага гарах нь.  Бидний амьдралд ч ийм байдаг шүү дээ. Эхлээд онол номыг үзэж байж өөрсдөө хийж оролдоход арай л илүү дөхөм байдаг шүү дээ.
Ингээд энэ  сэдэв маань өөрийн эрхгүй онол гэдэг рүү гулсан орлоо.  Харин энэхүү онолыг өөрсдийн одоо цагт зохицон хэрэглэх нь бидний ур дүй, тархины чадамжаас хамаарах буй заа. Хохирлын бага дээр алдаагаа засаж сурахын тулд онол буюу өвгүдийн өв их ухаандаа суралцацгаая.

Хэм хэмжээгээ мэдэж
Хүслийн хязгаараа хянаж сурваас
Хүртэх алсын үр нь цэцэглэж
Хүмүн бүхэнд амар амгаланг хүртээнэм
Есөн цагаан хүслийн
Ерөөл буян нь дэлгэрч
Ар хойч нь өвгүдээрээ бахархаж
Амар амгаланг хүртэх болтугай
Ухаант өвгүдийн залгамж болон
Уламжлал соёлоо дээдлэх болтугай

Харанхуйд буцлах сүү

Харанхуй гэж юу вэ? Гэрэл гэгээ гэж юу вэ?
Алтан наран мандаж шингэж, өдөр шөнө ээлжилж байхад утгагүй асуулт юунд тавиад байгаа юм гэж бодож байна уу? Сохор л биш бол харанхуй гэрлээ ялгахтайгаа гэж бодож байна уу?

Бэхи хатны алтан судар дээр :

Мэдлэг нүд сохор болвоос мөрөө харах мэлмий нүд сохор болдгийг танин мэдэрчээ гэсэн үгс байдаг. 

БууЭрЭл-ууд мэдлэгийн талаар тайлбарлаж хэлэхдээ: 

Мэдлэг гэдэг нь сонссон бүгдийн цуглуулга биш, ажсан бүхний дүгнэлт биш. Аливаа орчлонгийн хүний нэг амьдрах хугацаанд нь болдог зүйлийг давтагдах мөн шинж чанараар нь хэлэхийг мэдлэг гэж байгаа юм. Чингэвэл аливаа зүйлийн өндөр өргөн болоод доторхийг үзлээ гээд тэр бол мэдлэг биш. Тэрний энэ хорвоод нь яах гэж байдаг , ямар уялдаа холбоотой байдаг, үүрэг нь юу юм, үйлдэл нь юу юм гэж мэдэхийг мэдлэг гэж хэлээд байна.

Ингээд бодохоор үнэхээр бид юу мэддэг юм болоо? Аливаа зүйлийг ингэж бусад зүйлст нөлөөлөх нөлөөлөлөөр нь, хор уршиг, ач холбогдлоор нь, орон зайнд орших нэгж байдлаар нь мөн чанараар нь тунгааж чаддаг билүү . Ингэж л харж чаддаггүй болохоор төөрч оддог юм болов уу?
Харанхуй бүдүүлэг гэдэг үгс хаанаас гарсан байж болох уу?  Энэ мэдлэг гэдэг үгний төсөөлөл одоогийн бидний боддогоос  хамаагүй гүн байгаад байна уу даа.
Өчигдөр хэдэн хүмүүстэй ярилцаж суугаад Гэрлийн өргөөнөөс гаргасан Монгол товчион түүхийн тайлал номны талаар ярьж байтал нэг хүү надаас ингэж асуулаа. Эгчээ өглөөний 8 цагаас үдшийн 21 цаг хүртэл таньдаг залуучууд маань машин угаалгын газар хоногийнхоо хоолны мөнгийг олох гэж  ажиллаж байгаад гэртээ хариад ядарсандаа болоод ухаангүй унтдаг бидэнд энэ номыг уншаад ухаарах зав ч алга. Энэ номыг худалдан авах мөнгө ч бидэнд байхгүй, өөрөөр бидэнд ухааруулж ойлгуулах арга байхгүй юм уу гэлээ. Тэр асуулт яг л энэ амьдралд байгаа үнэн байлаа. Би харин чи юу гэж бодож байна гэж сөргөж асуув. Бидний амьдралд өдөр тутам болж байдаг энэ амьдралаар минь ойлгуулж өгч болохгүй юм уу гэлээ.  Тэр хүүд   хэрэв бид өөрсдийнхөө зүрх сэтгэлийн гүн рүү орохгүй л юм бол хэн нэгэнд энэ бүхнийг даатгасаар байна. Хэн нэгэн  гэгээнтэнд,  эсвэл хэн нэгэн ухаантанд , хэн нэгэн уран яригчид өөрсдийн энэ байдлыг минь сайхан болгох байлгүй хэмээн найдна. Гэтэл энэ дунд та гэгч хүн, би гэгч хүн хаана байнаа? Өчүүхэн жоохон ч болтугай эх орноо, эх нутгаа гэж хайрлах, үр хүүхдээ хэний ч царай харуулахгүйгээр сайн сайхан амьдруулах юмсан гэх бодол байдаг байж л таараа. Энэ л жоохон цогийн гэрэл дээр цучил нэмж гэрэл гэгээ татуулж өмнөх замаа гэрэлтүүлэхэд Би бас Та ямар үүрэгтэй оролцох ёстой вэ гэдгээ олох нь бидний Эзэн Эрх юм биш үү.  Ямартай ч ураг удам болгонд шахуу өвгүд нь буугаад өнөө мартаж холдож орхисон зүйлийг минь сануулах гэж оролдож байгаа бодит байдлыг хүн бүхэн харж байна. Олон хүмүүс бөө нар олноороо гарч ирээд амар заяа үзүүлэхгүй , өглөө  үдэшгүй дээд доод айлд, хамар хашаанд хэц хэнгэрэгээ нүддэг боллоо гэж ад үзэх нэг нь ад үзэж , өвгүд минь гэж хайрлах нэг нь хайрлаж, хүслийг биелүүлэгч гэж хардаг нэг нь харж байгаа нь үнэн л юм даг.  Яах гэж энэ олон бөө улаач нар гарч ирээд байгаа юм ? Юуны төлөө ? Эсвэл үрсүүдийнхээ хүслийг биелүүлэгч шидэт дэнлүүний Жим  шиг байж юу хүссэн бүгдийг нь биелүүлж өгөх гэж үү? Өвдсөн зовсон шаналсан болгоныг эмчилж өгөх гэж үү? Эсвэл хэн нэгний өстнөөс өсийг авч хараал жатга гээчийг хийх гэж үү? Эсвэл үрсүүддээ жам ёсыг таниулж, энэ байгаль дэлхий дээрээ яаж зохицож амьдрах ухааны ундаргыг уудлах гэж үү? Өвгүдийн холч ухааныг гүйцэх болов уу бид? Бидний  ухаан хэдийн жилийн цаадахыг харж чадах бол?
Ингээд л өдөр хоногоо өнгөрөөгөөд явах бол яах гэж би хүн болсон юм бэ? Ер нь байгаль дэлхий дээр хүнийг яах гэж бий болгосон юм? гэх асуудал өөрийн эрхгүй сөхөгдөх байх.   Хүн гээч бид нар энэ орчлон ертөнцөд яаж зохицон амьдрах тухай мэдлэггүй бол хожим хойчдоо ямар хор хохирол учруулж байгаагаа ч мэдэхгүйгээр , өнөө маргаашийн идэх хоолоо бодон амьдарч байгаа нь харанхуй дунд бэдчин явах сохор, мөчир дээр суугаад суусан мөчрөө хөрөөдөн суугаа тэнэг шиг л  ямар аюулд хэзээ унах нь тодорхойгүйгээр мөхөл гээч рүүгээ өөрийн эрхгүй алхаж байгаатай адил биш гэж үү.

Энэхүү эмхтгэлийг бичих санаа бидний нэгэн андад эрт төрсөн ба " Харанхуйд буцлах сүү" гэж өвөрмөц гэмээр нэр өгөхийг хүссэн ба утгыг нь та бүхэн өөр өөрийнхөөрөө бодоод үзнэ үү.   Харанхуйг бид мэдлэгтэй холбож тайлбарласан юм бол буцлах сүүг нь юу гэж ойлгож болох бол? Энэ бол таны , миний, бидний яс цусанд шингэсэн Монгол гэдэг нэрийг авч явах болсон энэ үндэстэнтэй холбож ойлговол яах бол? Яагаад өөрсдийгөө сүү  болгох гээд байгаа юм гэж гайхаж байна уу? Сэтгэл зүрхэнд буцлах сүү мэт эхийн сэтгэлээр төсөөлүүлж болох уу? Эхийн сэтгэлийг сүүтэй зүйрлүүлэх зүйрлэл монгол хэл соёлд байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Эх хүний сэтгэл гэж онцлох учиг нь үрээ гэх сэтгэлд л байдаг биз. Тэгвэл Монголчууд бид энэ сүү мэт цагаан сэтгэлийн охь байвал яах вэ?
Энэ талаар Гэрлийн Өргөөн дээр Аянгат удганы тавьсан БууЭрЭл-үүдийн нэгэн айлдварт ийнхүү бичжээ.

Гэгээрлийн Эзэд нь хүмүүн төрөлхтөн байх бөгөөд
Үүнд хүрэх зам нь 
Үр хүүхдээ хүмүүжүүлэхэд оршино.
Ийм тайллаар хайр гэдгийг тайлбарлавал
Гэгээрэл гэдэг дээд хүслийн зүйг хэмжих нэгж болж таарна.
Хүмүүн бүхэн бие биенээ энэрч хайрлаж
Үр удмын анд
Ураг барилдах охин үр, хөвүүн үр
Мөн эрхэм дээд багш 
Гурван тангараганд орших аваас
Өртөн шургалах зай үгүй болно.
Энэ үед Гэгээрэл гэгч бүтэн болж
Хүмүүн сэтгэл хайр
Мөн хамтын хариуцлагаар бадрах бөгөөд
Үүнийг энэ сургаал үгэнд цоожлон нуужээ.
Хайрыг сэтгэлд хүлээн авахын тулд
Эхлээд сэтгэлийн мөн чанарыг ухан ойлгож
Хар муу бүхнээс нь цэвэрлэх учигтай
Үүний тулд
Нэгд Би-гээ таних
Хоёрт мөн чанараа таних
Сэтгэлээ таних гурван үе байнам.
Би-гээ таних хэмээдэг нь
Өнгөрсөн, Одоо, Ирээдүй цагийн холбоос 
Бүхнийг ухан мэдэхийг үгүүлнэ.
Үүний учиг нь 
Өнгөрсөн цагийн Өстөн
Өнөө цагийн Анд
Ирээдүйд үр хүүхдийн Багш гэсэн ухагдахуун юм.
Алдааг ухамсарлаж чадах аваас
Аврах арга буйг мэднэм
Аврах арга буйг мэдсэн бол
Алдсан үрийг ухаажуулнам.
Алдсан үр ухаажихдаа 
Арвин их Сууг олох бөгөөд
Үр хүүхдэд хуучлан үлдээх
Өнө мөнхийн хамгаалагч болном.
Мөн чанараа таних гэдэг нь
Өнөө цагт үйлдсэн үрийн
Ирэх цагт ирэх үйлийн үр юм.
Үүнийг ухан таниснаар
Өнгөрсөн цагийн сургаал нь
Өнөө цагийн тэвчих байдал
Ирээдүй цагийн үр өгөөжийг илэрхийлнэм.
Энэ нь дээрх холбоон дээр гарч ирж байгаа бөгөөд
Алдсан үр багш болоход
Үр балчирт сургаалийг үлдээнэм.
Сургаалийг мэдсэн үр биеэ засаж
Мөн чанарын ухагдахууныг олж
Хөгжлийг ухамсарлан ойлгох болно.
Энэ үеийг давсан бол сэтгэлээ танин ажина
Сэтгэлийн гүнээс эл бүхий л түүхийг ухан ойлгож
Нээж чадах аваас сэтгэл чөлөөлөгднөм.

Хорвоо дэлхийд өслөх өс үгүй бөгөөд
Бүхэнд авралын гарц 
Тэнгэр Эцгийн мутар байдгийг ажих бөгөөд
Энэ үед Тэнгэр эцэгт итгэх 
Түүний үйл хэргийг ухамсарлах 
Сэтгэлийн эрх чөлөө орших бөгөөд
Үүний дараагаар үйл 
Үнэн зүрхнээс үйлдэгдэж чадахаар болдог ажгуу.


Үнэхээр бидний сэтгэлийн гүн дэх сүүг буцалгах эдгээр хайхамшигт үгсийг өр зүрхэндээ шингээж үйлдэл болгон батжуулах нь өнөө цагийн эзэд бидэнд ноогдуулсан үүрэг бизээ.  Харин энэ үүргээ биелүүлэхгүй бол яах бол? Хатны сударт хариуг нь хохирлыг нь даахгүй гэсэн байх юм.



Friday, June 5, 2015

Зан заншихуй номны тухай

                                                             Өмнөх үг

Нэг хүний амьдралын хугацааг дэлхийд анх хүн үүссэнээс өдий хүртэлх хугацаатай харьцуулж үзвэл өчүүхэн хугацаа мэт боловч энэ өчүүхэн хугацааг үнэ хүндтэй болгосон олон олон алдартнууд байдаг билээ. Тэдгээр хүмүүсийн үлдээсэн гүн мөр өдий болтол бидний зам мөр болон зүг чигийг заах нь байдаг нь монголчууд бидний хувьд  Эзэн ЧИНГИС хааны маань бий болгосон хамтын  түүх. Гэвч бид энэ их хаанаа бурхан шиг шүтдэггүй.  Яагаад гэвэл бид өөрсдөө  энэ түүхэн хүний бүтээлцсэн агуу их түүхийн гэрч үлдэцүүд нь шүү дээ.  Туурга тусгаар Монгол улс гэж оршин тогтносоор  байж л байна.  Нэг хүн  өөрийн амьдралын туршид орчлон ертөнцийн жам ёсыг таниж мэднэ гэхэд дэндүү ахадсан мэт боловч өнгөрсөн үеийн ололт амжилт алдаа оноо бүрийг өнөө үетэйгээ холбон орчлон ертөнцийн хувьсалд нь баяжигдан, өөр хоорондоо нэгдэн нягтарч , уламжлуулж явах юм бол ертөнцийн жам ёсыг таниж мэдэж зохицож амьдарч болох мэт. Яг л энэ замналаар Монголчууд бидний өвөг дээдэс минь замнаж одоо ч үр ач бид нь үргэлжлэл болгон явуулах уу гэдэг эгзэгтэй мөчид энэхүү номыг олон түмэндээ хүргэж байгаа билээ. Бид бол одоо цагийн эзэд гэдгээ хэзээ ч мартаж боломгүй мэт.
Өнгөрсөн баларсан балар эртний хүмүүсийн үүх  түүхийг эргэж харах ямар хэрэгтэй юм зөвхөн урагшаа харж амьдарна гэж мунхрах олон байгаа болохоор эгзэгтэй мөч гэж тодолсон юмаа. Ямар ч хүн өөрийн туулж өнгөрөөсөн амьдралгүйгээр одоогийн өөрийгөө төсөөлдөггүйтэй адил хүн төрөлхтөн ч мөн адил өнгөрснөөсөө суралцахгүйгээр ирээдүйг харах хэцүү шүү дээ. Харамсалтай нь бидний монголчууд дураараа нүүх газар нутагаа орхиж, хот хэмээх энэхэн багахан газар багширан сууж утаан хөшиг татуулан , уушиг зүрхээ хордуулан өссөн төрсөн нутгаа эзэнгүйдүүлэн орхиж байгаа билээ.
Яагаад өдий болтол Монголчууд нүүдэлчин аж амьдрал ахуйгаасаа салалгүй явсаар ирсэн юм болоо?  Тэнэгтэй тэр үү эсвэл бүдүүлэг  хоцрогдсон мунхагдаа тэр үү? Эсвэл орчлон ертөнцийн жам ёсыг таньсан болохоор тэр үү?
Одоо ч гуравхан сая монголчуудын дундаас дэлхийд хичнээн хүн нэрээ гаргаж, алдраа мандуулж байгаа билээ дээ. Үнэхээр тэнэг мунхаг, ядуу, хоцрогдсон, хүчгүй байсан бол дэлхий даяар монголчууд алдар нэрээ ингэж гаргаж чадна гэж үү?
Тийм болохоор монгол хүний чадамжид эргэлзэх хэрэг байхгүй гээд зоригтой хэлчихье.

Харин бидний өвөг дээдсүүд орчлон ертөнцийн чанадын нууцад нэвтрэн түүнийгээ үр хүүхдэдээ ёс заншлаараа уламжлуулан, мартахын үүдийг хаагаад, сургаад, үлдээгээд уламжлуулсан  байж болох уу?  Ийм дээ ч эгэлхэн боловч хайхамшигт нүүдэлчин ахуй амьдралаа өдий болтол авч ирсэн юм болов уу?
Яг л энэ асуултын хариу болгон энэхүү " Зан заншихуй " хэмээх номыг 5 анд өөрийн уншсан, судалсан, сонссон , нийлж хэлэлцсэн  бүхнээ цэгцлэх гэж оролдсоноо  олон түмэндээ   толилуулж байгаа нь энэ билээ.
Эрин цагийн эзэд болсон Монголчууд та нар минь их эрдэм мэдлэгийн үүдээ нээн хүлээх эцэг өвгүдийн алтан сургаалиа тосон авч, үүрдийн гэх Мөнх амьдралын утгыг олон , өнө мөнхийн түүхээ үргэлжлүүлнэ үү.

Tuesday, April 28, 2015

Үг үйлдэл 2-ын хооронд орших Би

Ууг нь бол үгнээс өмнө их юм бий л дээ.  Бодол гэж айхтар юм бий. Хүн өдөрт хичнээн мянган бодол тээдэг гэдэг билээ дээ барууныхны гаргасан судалгаа байдаг. Харин үг, тэрхүү бодлын цэгцрэлээр ил болон гардаг ч юм уу. Бодлогогүй хэлсэн үг гэж байдаг ч бодолгүй хэлсэн үг гэж байхгүй бизээ. Үг амнаас гартлаа зурсхийх бодол, сэтгэл хөдлөлийн нөлөөнд урсах байх. За энэ бүгдийг орхиод амнаас нэгэнт гарсан үг, харин тэрхүү үгээ үйлдэл болгохын хоорондох их зайны талаар бодлоо бичмээр санагдлаа. Үг үйлдэл 2 ын хооронд үүдэн хойморын зай бий гэдэг үг хэнээс ч юм сонссон ч юм шиг эсвэл бодолд зурсхийж орж ирэв үү санахгүй байна.
Нэг ухаант хүн хэлэхдээ :
Хайхам гэж магтахад нь байдаг юм биш

Хайхам гэдгийг  нь бүтээхэд байдаг юм гэсэн юм. Тухайн үедээ сонсоод л өнгөрч билээ.
Одоо эдгээр үгсийг эргэцүүлэн бодох тусам үг, үйлдэлээ нийлүүлнэ гэдэг хэцүү даваа бололтой. Үүдэн хойморын зай гэхээр гэрийн орон зай тэр чигээрээ байх шиг. 
Бид монголчууд монгол гэрдээ бүх л зүйлийг бэлэгдсэн байдаг шүү дээ. Энэхүү орон зайдаа бор гэртээ Богд, хар гэртэй Хаан болон сууцгаадаг улс даа.  Тэгвэл энэ үгийг үг үйлдэлээ нийлүүлж чадвал гэрээ бариад сууна даа гэж ойлговол болох болов уу.  
Онлайн ертөнцөөр дүүрэн хүн бүхэн үгээ хэлдэг болсон одоо үед , үгний үнэ цэнэ ч үгүй болж байна гэлтэй. Хөөрхий ерөнхийлөгч маань хүртэл  хэлсэн  үгээ  үйлдэлтэйгээ холбоогүй учраас олон нийтийн зүгээс нэлээн шүүмжлүүлж ямар сайндаа "Уран хөхөө" нэртэй болохов  дээ. Харин ямар хүмүүсийн үг үнэ цэнэтэй сонсогдох болов оо гэхээр өөрийн хэлсэн үгсээ амьдрал дээр үйл болгож баталж чадсаных нь ч юм уу гэлтэй. 
Ингээд ярих юм бол улс төр, сонгууль руу ороод явчих гээд байгаа болохоор өөр дээрээ ярьсан нь арай амьдралтай ч юм уу .
Жишээ нь л гэхэд миний нүүр хуудасны зураг дээр " Дэлхий ээжээ аварья " гэсэн үг байдаг. Харин энэ сүржин гэмээр үгээ би хэрхэн үйлдэл болгож байгаад л асуудал байгаа бололтой. Хэрэв та ийм сүрхий үг тавьсан бол дэлхий ээжийнхээ төлөө юу хийж байгаа вэ гэж хүн надаас асуувал би юу гэж хэлэх вэ? Гэтэл үнэн хэрэг дээрээ би өөрийнхөө л чадах л юмыг хэлнэ. Дэлхий ээжээ аварья гэсэн уриан доор хэдэн мод тарьсан л даа. Моднууд маань ч сайхан ургаж байгаа.  Ер нь бол би  бусад хүмүүсийн адил хэрэглэгч. Би бас зуслан дээрээ очоод модоор гал түлдэг маань үнэн. Миний хэрэглэсэн мод миний тарьсан модноос хамаагүй их. Хэрэглэсэн бол нөхөж бай гэсэн үгийг хэлэх дуртай ч үйлдэл дээр маань бас л зөрүү гарч л байна.  Би бас хүүхдүүддээ усаа хайрла . Шүдээ угаахдаа усаа битгий гоожуул гэж хэлдэг хааяа бас өөрөө усаа гоожуулчихаад хүүхдүүддээ та өөрөө усаа гамна гэчихээд өөрөө гоожууллаа гэж загнуулж л байсан. 
Энэхэн жаахан зүйл дээр ч үг үйлдлийн зөрүү яаж гарч байгааг харахаар үнэхээр үгээ хянах нь дээр үү?  Үйлдлээ ихэсгэх нь дээр үү гэдэг бодол гарч ирж байх шиг. Үүнээс л өөрийгөө засах маань эхлэх юм болов уу.
Ингэж бичихэд нэг талын хэтэрхий өрөөсгөл сонсогдох байх. 
Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг монгол ардын зүйр цэцэн үг байдаг гэдгийг бас мартамгүй . Гэхдээ хэлсэн үгний араас хариуцлага дагалдаж байдаг гээд ойлгочихвол өрөөлийг сургах гээд байхаар өөрийгөө хянадаг болчихвол зүгээр ч юм уу даа.
Үгэн зэвсэгтэй улс төрчид маань үг үйлдлээ нийлүүлдэг болчихвол улс маань дэвжих ч юм бил үү.  





Wednesday, April 22, 2015

Мөнгө ба Монгол үргэлжлэл

Би БуурЭрЭЛ-тэй ярилцснаа уншиж үзээд цааш бодлоо. Ер нь мөнгийг манай хаадууд өөрсдөө зохиочихоод яагаад одоо муулаад байгаа юм болоо. Нэг талаас энэ чинь маш их зүйлийг хөнгөвчилж байгаа зүгээр л нэг хэрэглэгдхүүн биз дээ гээд.
Одоогийн дэлхий дахинд ноёрхож байгаа мөнгөний бодлого гээч нь юу вэ? Зүгээр л эдийн засгийн огт мэдлэггүй хүний хувиар бодоход мөнгийг баталгаажуулж байгаа нь цаана нь байгаа алт юм уу ямар нэгэн нөөц байх. Гэвч тэр баталгааг нь хэн баталдаг юм бол. Мэдээж банкууд л байх. Тэгэхээр бодьё л доо. Дэлхий хэмжээнд мөнгө гээд цаас эргэлдэж байгаа. Тэр тодорхой хэмжээтэй . Түүнийг хянаж байдаг нэг л бодлого байдаг уу? Мөнгөний бодлого. Тэр бодлого нь юун дээр тогтож байдаг юм бол? Яаж бүгдийг хяналтан доороо байлгах уу гэдэгт чиглэгддэг юм болов уу? Тэгэхээр дэлхийн банк зээлийн хүү, мөнгөний нийлүүлэлт гээчээр биднийг хянаж байдаг юм уу?   Тэр нь хянаад байгаа нь тэгээд хэн бэ? Монголчууд лав биш. Тэгвэл бид яаж өөрөө өөрсдийгөө мэддэг болох вэ? Өөрсдийн бие даасан мөнгөний бодлогоор уу?  Ха ха хэхэ гэж ихэнх мундаг эдийн засагчид инээх байх л даа. Бид нар даяарчлагдаж байна гээд. Бид чинь лаг шаварт хэдийн суучихсан. Хэдэн ч тэрбум долларын бонд гээчийг улсаа барьцаалаад тавьчихлаа даа. Одоо юун үндэсний мөнгөний бодлого тэд юу гэнэ бид тэгж л хөдлөх  юм уу? Эсвэл арай өөрсдийгөө доош нь хийгээд байна уу? Төр засаг маань бас арай хол алсыг харж л байгаа байлгүй дээ гэж найдах уу?
Их хатны судар дээр таван зуун жил монголыг тамлах тахлын цагийг тунбао  (мөнгө гэдэг үгний эртний хэллэг) авчирна гэж анхааруулан бичсэн байх юм.
Ахуйг тунбаогоор орлуулаад
Ахуйт төр хоосрох бус уу
Ардаасаа гуйхуй дэрэмдэхүй
Хулгайлахуй хуурахуй болох бус уу  гэжээ.
Энэ юу гэсэн үг вэ? Өнөөгийн төрийн бодлого нэг иймэрхүү л байгаад байна уу даа...

За да ер нь өөрийн хийсэн хоолоо идээд, өөрийн хийсэн хувцсаа өмсөөд байж байх юм уу хаашаа юм? Өөрсдөө төмс хүнсний ногоо, тариа будаагаа тариад, малаа маллаад хүнсээ хангачихна. Өөрсдөө ноос ноолуураа боловсруулаад, арьс ширээ боловсруулаад даавуугаа хийгээд хувцасаа хийгээд өмсчихнө. За энэ бүхнийг чаддаг байсан чадах л байх. Харин яаж ? Мөнгөө дотроо бие биенээ дэмжихэд ашиглахаас гадагшаагаа нээх алдаад баймааргүй байх хэрэгтэй юм уу? За тэгэхээр бүгд ухамсарын түвшинд үүнийгээ ойлгож дэм дэмэндээ дээс эрчиндээ зарчмаар амьдарч сурах. Харин бусад хэрэглээгээ яахын? Өөрсдийнхөө хийсэн зүйлээ малынхаа ашиг шимийг, иргэдийнхээ оюуны чадлаар бүтсэн бүхнээ бусдад арилжиж бусад хэрэглээгээ хангах гарц байна.   Тэгвэл бусад хэрэглээгээ хөнжлийнхөө хирээр хөлөө жий гээд хүн бүр хянах болох нь ээ. Ёстой олон мөнгөтэй хүний дургүй хүрэх байх даа. За үүн дээр л хамтын хариуцлага гэдэг ойлголт гарч ирэх байх даа. Би л болж байвал ер нь бусад нь ямар хамаа байнаа. Олигтойхон ажил төрөл хийгээд мөнгө төгрөгтэй болцгоо. Хэн нэгний өмнөөс би яахаараа хэрэглээгээ хянах ёстой юм бэ гээд. Тэгэх  юм бол тэр дэлхийн мөнгөний бодлогодоо хянагдаад явж байя гэх байх. Би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ ажиглаад байхад одоогийн эдийн засаг бол хэрэглээд бай хэрэглээд бай гэх хэрэглээг дэмжсэн бодлоготой байх шиг.  Хэрэв хэрэглээг дэмжиж байгаа бол дэлхийн нөөцийн асуудал хэзээ нэгэн цагт гарч ирэх нь тодорхой.  Эсвэл бид өвгүд шигээ өөрсдийн нөөцөндөө тулгуурлаж  хэмнэлттэй хэрэглэж, хэрэглэхээ тооцож , хэрэглэхээ бий болгож байх  бодлоготой байх уу?  Сударт үүнийг байгаа хүссэн хоёрыг байлгахуйтай гурамсах гэж хэдхэн үгээр бичсэн нь үнэхээр хайхамшиг гэлтэй.  Үүнийг манайхан ахуй гэж хардаг байсныг нь бид мөнгөний хэрэглээ болгочихсонд алдаа байна уу?

Tuesday, April 21, 2015

Үнэ цэнэ

Хэдэн гаригийн өмнө нэгэн онгод надад үнэ цэнэ гэдгийн талаар таниж мэдээрэй гэж хэлж билээ.  Үнэ цэнэ гэдгийг одоогийн зах зээлийн ойлголтоор бодоход их мөнгөөр авах зүйл гэж ойлгож болох ч  гүн утгаар нь бодвол их өөр зүйл байх нь.
Хүнд юу хамгийн үнэ цэнэтэй байдаг вэ ? Мэдээж өөрийн минь хайрладаг бүхэн надад үнэ цэнэтэй. Үр хүүхэд, эр нөхөр, эцэг эх, ах дүүс, найз нөхөд гээд л . Энэ бүхнийг дэс дараалуулна гэхийн бол утгагүй ч юм шиг. Гэтэл бас дэс дараалал гэж байдаг бололтой. Хамгийн эрхэмлэж хайрлаж явах зүйл маань тэгээд юу юм? Газар шороо эх нутаг эх орон минь үү? Эсвэл хэт дэврүүн хоосон сонсогдож байна уу? Сүүлийн үед эх орон , газар шороо гэж ярьсан болгон популист гэгч гадаад үгээр цоллуулах болсон болохоор эдгээр үг өөрсдийн үйлдэлтэйгээ л холбохгүй бол хоосон амнаас гарах авиа төдий сонсогдож байна уу даа.
Зүгээр л энгийнээр бодоод үзэхэд энэ газар шороон дээрээ энэ бүхэн маань  оршин тогтнож байдаг шүү дээ.  Нэг хүн надад эрдэнэ чинь гишгэх газраас чинь л эхэлнэ гээд харин хариуцаж байж эрдэнэ шүү гэсэн юм. Ер нь хүмүүс их үнэ цэнэтэй зүйлээ эрдэнэ гэдэг шүү дээ. Харин хариуцаж байж эрдэнэ болдог юм шүү гэх үгийн  утгыг юу гэсэн үг вэ гэж нүүр хуудасны нэг найз маань асуусан юм. Олон хүн нэг зүйлийг хариуцах тусам үнэ цэнэ нь нэмэгддэг гэдэг. Жишээ нь нэг хүний бүтээл  байлаа гэхэд олон хүн түүнийг нь уншиж , олон хүн тэр тухай хоорондоо хэлэлцэж, олноороо маргалдаж эхэлбэл энэ бүтээл  үнэ цэнэтэй болж байна гэж ойлгож болох юм. Харин хичнээн үнэн зүйл бичээд түүнийгээ олон хүнд хүргэж олны анхааралд орж чадахгүй бол бас олон хүн түүнийг нь батлан тэр бүгдийг нь үйл болгож чадахгүй бол  тэр үнэ цэнэтэй болж чадахгүй бөгөөд хэзээ олон хүн ойлгож хүлээж авсан хойно нь л үнэ цэнэтэй болох нь байна гэж ойлговол ямар байна?  Хэдий чинээ хүн хариуцаж байна төдий чинээ үнэ цэнэтэй байх уу? Цаг хугацаанаас бас хамаарах л байх. Жишээ нь Ван Гог-ын зурагнууд түүнийг амьд байхад тийм ч үнэтэй байгаагүй бөгөөд зураач нь ядуу байсаар үхсэн гэдэг харин одоо Ван Гог-ийн зурагнууд дэлхийн хамгийн үнэтэй зурагнуудын нэг болж. Тэгэхээр аливаа үйл үнэ цэнэтэй байхын тулд цаг хугацааны шалгуурыг давах чанартай ,үлдэцтэй, гүн мөртэй байх нь үнэ цэнийг тодорхойлох бололтой.  Ингээд бодохоор үнэ цэнийн асуудалд цаг хугацаа, орон зай, уур амьсгал гол үзүүлэлт болдог юм болов уу? Энэ цаг хугацаа, орон зай , уур амьсгалын дунд хүн бид оршин байж үнэ цэнэ гээчийг тодлон байна уу?  Одоо өөрсдийнхөө амьдралаар бодьё л доо. Бид үр хүүхдүүддээ үлдээх үнэт зүйлсээ юу гэж боддог билээ? За ямар ч байсан үхэхдээ хүүхдүүддээ орон байр, үнэт эдлэл, банкин дах хуримтлалтай үлдээгээд үхье гэх хэсэг байхад харин үр хүүхдүүдээ хэзээ ч ямар ч үед амьдралаа аваад зөв сайхан амьдрах ухааныг нь, урыг нь зааж сургаад үлдээчих юмсан гэх хэсэг бас л байна. Ямар ч цаг үед, ямар ч  цаг уурын өөрчлөлт болоход , ямар ч улс төрийн нөхцөл байдалд , ямар ч дайн тулаанд үр хүүхдүүдэд минь юу үнэ цэнэтэй байх бол гэж бодож үзсэн болов уу? Эдийн засгийн нэг хямралаар банкин дах мөнгө нь цаас болж болно. Нэг газар хөдлөхөд өнөө сайхан орон сууц нь нураад уначихаж болно. Хүчтэй, зальтай нэг нь   үнэт эдлэлүүдийг нь хулгайлаад, дээрэмдээд , зальдаад авчихаж болохыг үгүйсгэхгүй .
Ингээд бодохоор эцсийн эцэст үр хүүхдүүддээ үлдээх үнэ цэнэт зүйл маань юу болж таарч байна даа? Ямар ч үед тэсэж үлдэж чадах их ухаан биш гэж үү? Өвгүдийн өв их боловсрол биш гэж үү ? Харин хамгийн үнэ цэнэтэй гэж дээр дурьдагдсан газар шороо минь биш гэж үү?
Үнэндээ бид их азтай хүмүүс юмаа. Ямартай ч бидэнд тусгаар Монгол улсыг минь үлдээж өгч. Өв их ухааны онол болох судар номнуудыг дамнуулаад аваад ирж. Тэр бүү хэл өөрсдөө бууж ирээд үрсдээ үгээ айлдаад байна.  Харин энэ бүгдийгээ бид хариуцаж үнэ цэнэтэй болгох , үр хүүхдүүддээ өвлүүлэх л үүрэг минь болоод байна уу даа.
ЯАЖ? гэдэг том асуулт хүн бүрийн дотор байгаа биз . Давуу талууд болох онол нь байна, үгээ хэлэх өвгүд нь байна. Хэрхэхийг тэнгэр мэднэ гэх үү ? Үрсүүд бидний хичээл зүтгэл  мэднэ гэх үү? Өвгүдийн ухааныг өнөө цагтаа тохируулах өөрсдийн хичээл зүтгэл мэднэ гэх үү?  Их жанжины маань хөшөөн дээр бичсэн үг дээр бол дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ гэсэн байдаг санагдаж байна.

Sunday, April 5, 2015

Мөнгө мөн Монгол гэж юу болох

2015.02.25
Бууралтай хөөрөлдсөн нь :

Балчир : Мөнгө мөн Монгол гэж юу болохыг тодолж өгнө үү
БууЭрЭл : Мөнгө мал 2 ын ялгааг үр чи олоод хэлээдэх. Мөнгө гэж байхад мал гэж яагаад асуугаад харьцуулаад байгаагийн учрыг нэг тайлаадах
Балчир : Мал чинь өсөж үрждэг амьд амьтан шүү дээ. Үржил шимээ өгч үр төл нь өсдөг шүү дээ.
БууЭрЭл : Тэгвэл та нарын шүтээд байдаг мөнгө чинь бас л үрждэг биз дэ?
Балчир: Тиймээ бид бас мөнгийг үржүүлэх гэж ажил хийдэг л дээ. Гэхдээ мөнгө чинь амьгүй биз дэ?
БуурЭрЭл : Мөнгийг та нар шунаг сэтгэлээрээ амилуулдаг биш үү?
Балчир : Тэгвэл бас л амьтай юм уу? Тэр чинь амьсгал авч халуун эрчим ялгаруулдаггүй. Хооллодоггүй шүү дээ.
БуурЭрЭл : Тэр та нарын сэтгэлээр хооллодог юм биш үү?
Балчир :тийм байж болох юм.
БуурЭрЭл : Тэгээд мал мөнгө 2-ын ялгааг олов уу?
Балчир : Мал бол эх газартайгаа амин шүтэлцээтэй оршиж, идэж ууж, өсөж үржиж , ашиг шимээ хүртээж, үхэж газартай шим болдог юм байна. Харин мөнгөнд тэр амин шүтэлцээ нь алга . Тэр зөвхөн бидний сэтгэлээр хооллож, илүү ихээр шунавал байгаль дэлхийдээ хор хөнөөлийг үйлдүүлдэг юм байна.
 БуурЭрЭл : Малыг яах гэж өсгөдөг юм? Мөнгийг яах гэж өсгөдөг юм? Зорилго нь юу юм?
Балчир : Ашиг шимийг нь хүртэх гэж. Мах, сүү, арьс үсийг нь боловсруулж амьдрал ахуйдаа хэрэглэх гэж. Мөнгийг мөн л өөрсдийн арга ухаанаар өсгөж амьдрал ахуйдаа хэрэглэх гэж. Гэхдээ өсгөх явцад нь ялгамж гарч байна. Малыг өсгөхийн тулд байгаль дэлхийтэйгээ холбогдож түүнийгээ танин мэдэж, үр төлийг нь авахын тулд өвс бэлчээрээс авхуулаад бүх зүйлийнхээ зохицолыг олж , суралцаж, хамтран нэгдэж нутаг усаа хамгаалж, ус голоо хайрлах юм байна. Харин мөнгийг үржүүлэхийн тулд бас л их ухаан зарах боловч , явж явж хамгийн цаана нь алт гээч зүйл дээр тулах ба тэр нь байгальдаа байгаагаараа биш хэн нэгний сейфэнд байгаагаар л төсөөлөгдөж байна.
БуурЭрЭл : Тэгвэл төрөхийг гол болгож байгаа нь малчин, үхэхийг гол болгож байгаа нь мөнгө байгаа биз дээ. Мал маллагчид тэгвэл нэгэн зорилготой ний тархитай байж юуг гол болгох нь уу?
Балчир : Моныг гол болгох. Сударт  малыг биш хүнийг хамтаар хариуцах ёстой гэж сэтгэж Моныг голлох ухамсар үүссэн гэсэн байсан. Ний бүлээрээ төрөхийг гол болгохыг  Монгол гэх юм уу? Аан тэгэхээр төр гэдэг үг чинь үүнтэй холбоотой юм уу? Өө хөөрхий манай энэ төр чинь тэгээд эсрэгээрээ болчихсон яваа юм байна.
БуурЭрЭл :
Түмэн жилийн
Төгөлдөр ухааныг олж
Төр улсаа тогтоож
Түвшин амгаланг оршоож
Мөнхийн эргэлтийн судсыг атгаж
Мөрөн голын урсгалыг жигдрүүлж
Өсөх үржихийн учгийг тайлж
Өөдлөн дэвжихийн ухааныг олж
Хамтаар хариуцахын чухлыг ойлгож
Тоонот гэртээ толгой холбож
Торгон дээлээ урлан өмсөж
Тооцох ухаанаар хэмээ бүрдүүлж
Зүрх сэтгэлээрээ уялга хийж
Зүүд нойрноос зөнгөө сэргээж
Арга билгээ тэнцүүлэн байж
Асралт эзнээ тэтгэн дэмнэж
Алс замд одно буй заа





Айлдвар

Эрүүл биед саруул ухаан оршиж
Энх мэндийн аялгуу цуурай татуулахад
Эр зоригийн үйлс бүхэн дэлгэрч
Эрхэм 9 ийн мэдвэл зохихуй ундарнам
Амин хайртай бүхнээ эрхэмлэж
Алдар нэрийг цуурайтуулавч
Хаданд цуурайтан замхрахад
Хахир хүйтнийг сэтлэх үү гэдэгт
Учиг юу нь оршиж
Урвал юу зохицож
Ундарга юу нь бөглөрч
Уулс юу нь хөтлөж
Хүний зорчих орчил нь
Хүлгийн хөлд дэвсэгдэж
Хүүхэн хонгор үрсийн
Хүслийн жигүүр болном зээ
Аяа энэ бүхнийг өр зүрхэндээ ургуулан байж
Өвчүү цээжээ дэлгэн байж
Үлэмж тунгалагтай учран байж
Өлмий доор нь сөгднөм зээ
Огт оргүй юм бол
Зай барих нь юу юм?
Олом үгүй юм бол
Эн тогтоох нь хаана юм?
Олзолж шүүрсэн бүгдээрээ
Орчлонгийн үнэнг цогцлоож
Олом үгүй далайдаа
Омголон цэнхэр хөлгөөрөө
Олзоо тээн хөвөх биш үү
Тээсэн олзоо харин
Тэрэг болгоод түрэх үү
Тэнхээ мэдэн үүрэх үү
Үрсийн ухаан мэднэм зээ


Sunday, February 15, 2015

Эвч

Яагаад энэ үгээр эхлэн бичих болов оо гэхээр өнөөгийн бидний нийгэмд хамгийн их шаардагдаж байгаа зүйл юм болов уу гээд л...

Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр гэсэн зүйр үгс байдаг.
Бар хүчний бэлэгдэл . Дөрвөн хүчтний нэг болохоор ингэж бодлоо. Хэдий бар газрын хүчтэн ч гагц дан хүчээр яах ч билээ. Хүчийг нь хэрэгтэй газраа хэрэгтэй цагт нь гаргах ухаан үгүй бол өвгөн арслан 2-ын үлгэрт гардаг шиг мадлагдах баталгаа өндөр. Тийм болохоор ганц бар бол дан ганц хүч тэнхээг илэрхийлэх мэт
Цуглаж суусан шаазгай . Цуглаж гэхээр ухаанаа үржүүлж байна уу даа. Нийлж суугаад хэлэлцэж байж нэгнийхээ мэдээгүйг нэг нь мэдэж  оновчтой шийдэл гаргах магадлал өндөр тул ганц барнаас илүү дээр гэсэн санаа болов уу? 
Энд цуглаж суусан гэхээр ямар нэг зүйл тэднийг цуглуулсан байж таарна. Нэгдмэл зорилго, нэг дайсан, нэг газар, нэг саад бэрхшээл , ямартаа ч цуглуулах шалтгаан байж. Цуглуулж чадсан нь эвч үү?

Монголчууд бид одоо яагаад хэдэн тийшээ хардаг болчихвоо? Биднийг нэгдүүлж байгаа маргашгүй нэг зүйл бол Монгол гэдэг тусгаар улсын иргэд гэдэг маань бас оршин амьдарч байгаа нэгэн газар нутаг маань. Үүнд жалга довны асуудлыг хамруулахаа болье гэвэл шүү. Харин энэ газар нутаг дээр амьдарч байгаа монголчууд бидний одоогийн төрийн бодлого дээр асуудал үүсэж, олон нийтийн дунд төрөө муулсан , төрийн явуулж буй бодлогод харамссан, хүчтэй эсэргүүцсэн, эргээд сөргөлдсөн гэх мэтээр илэрч байна. 
Аливаа улс оронд хэн нь зөрчих ёсгүй хил хязгаар гэж байдаг. Харин тэр хил хязгаар зөвхөн хилийн шонгууд дээр биш Монголчууд бидний сэтгэл зүрхэнд, оюун бодолд, хэлж байгаа үг , хийж байгаа үйлдэлтэй холбоотой юм. Хэдийгээр бид хил хязгаартай тусгаар улс мэт боловч харин тос дотроосоо өтдөгийн адил бид өөрсдийн дотор байх үнэт зүйлсээ алдаж байгаа юм биш биз? 
Харин тэр өтийг хил хязгаарыг нь байлдаад эзэлж чадахгүйгээ мэдсэн гадныхан бидний тархи оюунд цацаж, монголчууд бидэнд өнгөний сайхныг үзүүлж, биеийн амрыг нь бодуулж, бэлэн бүхнийг  өгөж, согтууруулж , холч ухааныг минь булингартуулах хоосон магтаалаар утаж, аминч зоргоор болгож, өр зээлэнд дуртай болгож, өөрсдийнхөө өнгө мөнгийг шүтүүлж, хар шуналд автуулан байж аажим аажмаар дотроос минь ялзруулж сайн муугаа танихаа байлгаж байна. 
Гэвч даравч далдайх , булавч бултайх өвгөдийн минь холч ухаанаас салгаж дийлэх болов уу? 

Өнгөрсөн 7 хоногийн Монгол олон нийтийн телевизийн нэвтрүүлгийг сонслоо. 2011 онд ДНБ 17.5 % аар өссөн алтан үе минь ард үлджээ. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаад одоо хэцүү хямралтай байна гэж. Үнэхээр л уул уурхайгаар тэгэж эдийн засаг нь өссөн юм бол яагаад ард түмэн нь өсөж дэвжсэнгүй вэ? Тэр үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байхад бахь байдгаараа байсан бол одоо уналтын үед ухаад зараад ч өөдлөх гэж үү? Ингэж бичихэд энэ юугаа мэдэж ингэж хуцна вэ гэх хүмүүс захаасаа аваад гарна. Бид зам харилцааг чинь сайжрууллаа дэд бүтцийг хөгжүүллээ гэх байх. Үүнийг ч би үгүйсгэж чадахгүй. Тэглээ гээд Улаанбаатар луу цувах ардын зам улам л тодорсон бөгөөд утаан хөшиг минь улам л өтгөрсөн байх. Бид тэгээд яах ёстой юм бэ? Дөрөв дөрвөн жилээр засаг барих хэнээтэнүүд маань өчигдөр хийсэн алдаагаа маргааш нь засах гэсээр өдөр шөнийг үдэж холыг бодох завгүй тэдэнд уулаа ухаж , голоо таслаж олох олзыг үнэний зам хэмээн харах нь аймшиг.
Өөрийн улаан голоор чинь төсөөлүүлж, гол усыг чинь гол гэж нэрлэсэн юм гэх өвгөдийн үгийг юман чинээ бодох ухаан дутлаа гэж үү?  

Ертөнцийн жам юм хойно бид үхэх нь үнэн, үр хүүхэд минь төрөх нь үнэн. Үрсийг минь өлгийдөн тосох газар нутаг минь ямархан байх бол. Үрийг минь өлгийдөх өлгийг минь урж цоолоод,  бузарлаад хаячихвал бид ямархан их уурлаж хилэгнэх бол доо.
Эргээд ирэхэд минь эрдэнэ мэт
Буцаад ирэхэд минь булаг минь ундарч байх болов уу?

Нэг удаа найз нартайгаа салхинд гарангаа элдэв яриа өрнүүлж байгаад л яахав нөгөө 3 монгол нийлэхээр улс төр ярьдаг гэдгийн үлгэрээр улс төр гэж юу вэ гэсэн асуудал руу орчихов. Тэгтэл найзууд маань янз бүрийн тодорхойлолт хэлж байна. 
"  Орчин үед хамгийн оновчтой хэмээн үзэж буй тодорхойлолтыг төр судлаач Г.Еллинек гаргасан бөгөөд төрийг тодорхой нэг нутаг дэвсгэр дээр оршин сууж, тодорхой нэг засагт захирагдаж буй хүмүүсийн нийтлэг гэж үздэг байна. Дээрхи тодорхойлолтоос харахад төрийн үндсэн гурван шинж гарч ирж байна. Үүнийг төрийн гурван элементийн тухай сургаал гэж нэрлэдэг юм. Төрийн үндсэн шинжид нутаг дэвсгэр, хүн ам, нийтлэг засаг буюу засаглалыг багтааж байдаг энэ үзлийг олонхи төр судлаачид дэмжиж хүлээн зөвшөөрч байгаа юм." гэж уншлаа.
Гадны нэг нэр нөлөө бүхий нэг хүн : Улс төр бол эрх мэдлийн төлөөх тэмцэл гэжээ. Яг өнөөгийн төрийн байдлаар бол энэ тодорхойлолт ер нь зөв гэлээ. Харин би дотроо бодлоо. Монголчууд төр гэж юуг хэлдэг байсан юм бол доо гэж.
Түүхэн хатны судрын агууламжаар бол төр бол бүүр эсрэгээрээ эвлэлдэн нэгдэхүйн их ухаан ч юм шиг. Гэхдээ дан ганц хүмүүсийн эвлэлдэн нэгдэх биш бололтой . Үүнд Тэнгэр - Байгаль- Иргүн -ний төгс гурамсалын эв нэгдлийг хангах гэсэн байлаа . Тэнгэр гэдэг үг ороод ирэхээр боловсролтой гэх хүмүүс бас өнөө мухар сүсэг, шашины балай юмаа орууллаа гэх байх. Гэвч Тэнгэр гэдгийг Монгол ухаанаар хүн үүссэн цагаас өнөөг хүртэлх амьдралын ажиглалт, туршлага ололт амжилт, алдаа бүхнийг цэгцэлсэн их мэдлэгийн сан гэж харвал арай өөр сонсогдох байх. Тэнгэрлэг Монголчууд гэдэг үг ч энэ их мэдлэгийн сангаас хүртэгчид гэж ойлговол арай дээр сонсогдох болов уу гэж найднам. Тэгэхээр тэр л утгаараа бидний монголчууд тархиныхаа мананг хөөн тэр их ухаандаа орцгоох гарцаагүй шаардлага гарч буй мэт.

Ерөнхийлөгч Том төрөөс ухаалаг төр лүү гэсэн хөтөлбөр гаргасан. Тэр нь юу юм бэ гэхээр :
Хуулиар өөрт нь оногдсон эрх үүргийнхээ хүрээнд төсөрхөн төсөв, цомхон бүтэц, технологийн дэвшлийг чадмаг ашиглаж хууль, бодлогын хэрэгжилтийг төгс хангаж чаддаг тэр төрийг ухаалаг төр" гэж ойлгож болно гэжээ. Үүнд Тэнгэр-Байгаль- Иргүн гэдгээ сайтар холбон тунгаах шаардлага  зайлшгүй гээд дахин дурьдчихвал яах бол?

Tuesday, February 10, 2015

Өчүүхэний бодрол

Тэнгэр чамд эрдэм хайрлаваас
Тэнгис далайг хага ярах мэт урагшлана чи
Дуу уухайгаа бүү тасал
Хад чулууг бутлах мэт давшина чи
Хашгираа уухайгаа улам чангаруулахгүй юу
Ханцуй хормой урагдан яваа чи
Хойшоо үйл хэргийнхээ мэдээг жигүүртэйгээр илгээ
                                                Эзэн ЧИНГИС Хааны хэлсэн үгнээс

Миний хойчдоо уламжлан дамжуулах үйл хэргийн маань мэдээ юу вэ?  Үйл хэрэг гэсэн болохоор заавал ямар нэгэн юм үйлдэл болгож түүнийгээ уламжлан дамжуулах болох нь. Миний өвгөдийн үйл хэрэг юу байв гэж тодлохоос эхлэх үү? 
Яагаад заавал удмын үйл хэрэгтэй холбох гээд байгаа юм бол? Удам гэхээр яс мах цусан холбоо юм уу? Бас сүнсэн гэчихвэл бүүр ойлгомжгүй болчих уу? Үнэн хэрэг дээрээ сүнс гэж юм байдаг юм байна гээд шинжлэх ухаан батлаад бас жингийг нь хүртэл гаргачихсан байна лээ л дээ. Нэгэнт бид эцэг эхийн хос дусал нийлж бүтсэн болохоор тэднээс өвлөн авсан яс цус байхаас гадна тэр сүнс гэгчид нь хадгалагдсан мэдээлэл гэдэг зүйл байдаг  байж болох уу? Ааваас хүүд, ээжээс охиндоо, үр хүүхдүүддээ   амьдралынхаа туршид хуримтлуулсан мэдлэг туршлагаа уламжлуулан үлдээдэг уламжлал бол амьдрал дээр зөндөө л байдаг . Дархан хүний хүүхэд эцгийнхээ үйлийг уламжлаад дархан хийгээд л явж байдаг. Тэр бүү хэл тэр удмын нэрээр нэрлэгдсэн хийцүүд хүртэл байдаг шүү дээ. Тожил хийц, сэрвээ хийц гээд л нэрлээд байгаа нь тэр л уран дархчуудын хийц  үр хүүхдээрээ дамжаад олны дунд алдаршаад үнэлэгдээд л явж байна.
Тэнгэр чамд эрдэм хайрлаваас гэсэн үгийг дахин уншиж үзэхээр тэнгэр бидэнд ямар эрдэм хайрласан юм болоо гэсэн асуулт гарч ирнээ дээ. Тэгээд тэр тэнгэр нь тэгээд юу юм бэ? Тэнгэр гэхээр яав ч нэг хүнд хамаарагдах эсвэл бас нэг ураг удамд хамаарагдах зүйл биш байх.   Дээрээс мэлтийх тэнгэр биднийг их бага гэж ялгалгүй л байж л байдаг. Харин бидний таамаг бол хүн үүссэн цагаас өнөө хүртэлх энэ дэлхий дээр амьдарч байсан хүмүүсийн мэдлэгийн хуримтлал юм болов уу даа. Тэгэхээр маш их мэдээлэл байгаа биз. Бөөгийн ёсонд 99 тэнгэрийн талаар бичсэн байдаг . Саяхан Намсрай гээд зурхайч ахтай хөөрөлдөж суухад зурхайн сударт 130 тэнгэр байдаг гэж байсан . Тэгэхээр ямар ч байсан тэр мэдээлэлүүдийг эмхэлээд 99 ч юм уу эсвэл зурхайн судраар 130 файл болгочихсон байж болох юм. За тэгээд л тэр мэдлэгийн файлаас тэнгэр чамд нэгээхэн хэсгийг хайрлах юм бол та эсвэл би тэнгис далайг хага яран урагшлах нь дээ. Гэтэл энд бас нөхцөл бичсэн байна. Хайрлаваас гэжээ. Хайрлахгүй  байж бас болох нь . Яахаар хайрладаг  юм бол доо?  Мэдээж ямар нэг байдлаар аливаа зүйлийн учрыг олох гэсэн сониуч эсвэл ямар нэг бэрхшээлийг давж гарцыг олох гэсэн эсвэл бүүр  эсвэл эцэг өвгөдөөс уламжлагдаж байсан уламжлалаасаа тасараад сэргээх гэсэн гэх мэт олон хүслээр ямар нэгэн зүтгэл гаргаж тэр мэдлэгийн сангийн хаалгыг тогшоод ирсэн бол хайрладаг  байх. Эсвэл зүгээр сууж байхад гэнэт чи чадна май гээд өгчихдөг юм болов уу? Ямартаа ч хайрлавал гэсэн болохоор хэнд хайрлах эсэхээ тэнгэрүүд өөрсдөө шийддэг байх л даа.  Гэхдээ энд бас нэг сонин юм байнаа. Дээр яригдаад байсан удмын асуудал. Тэгэхээр тэр тэнгэрээс ирэх эрдэм мэдлэг тухайн ураг удам өөрсдийн чадлаар хуримтлуулан баяжигдан ирсэн удамдаа л өгөгддөг байх уу? Шударга байя гэвэл мэдээж л хүний оюуны өмчийг ямар ч хичээл зүтгэл гаргаагүй хүнд зүгээр л май гээд өгчихгүй л байх л даа. Тухайн нэгэн чиглэлийн мэдлэгийг нэгэн ураг удмын хүн хамгийн их хөгжүүлсэн байлаа гэхэд тэр хүн мэдээж л үр хүүхдүүддээ эсвэл хүүхдүүд нь тоохгүй бол ядаж л тэр тал дээр зүтгэл гаргаж байгаа хүнд хайрлах байх . Харин тэр бүгдээс өөрийн чадах  эрдмийг  хэрхэн нээж  , тайлах юм болоо ? Яаж ч бодсон тэр их мэдээлэлийг нэг хүн хуримтлуулна гэж байхгүй. Байлаа ч үйлдэл болгох дээр асуудал гарах нь ойлгомжтой.  Тиймээс дээрээс мэлтийх тэнгэр хүн хүнд нь тохирсон эрдэм мэдлэгийг хайрладаг ба харин энэ олон эрдэм мэдлэгтэнгүүдийг нэгтгэн нэг том үйл хийх гэдэг хамгийн хэцүү бөгөөд гайхамшигт үйлс болох байх.
Гэхдээ тэр тэнгэрээс хайрласан эрдэм мэдлэгээ юунд ашиглах вэ? Мөнгө олж баяжиж дутах гацах юмгүй амьдрахад уу? Яагаад болохгүй гэж ? Гэхдээ чамд тэнгэр эрдэм хайрласан байхад тэнгэрт чи бас авсан зүйлийнхээ хариуг барих хэрэг гарах л байх. Тэгвэл тэр тэнгэр нь ямар хариу хүсдэг юм болоо? Тэнгэр л юм хойно доороо байх түмэн олны тусын тулд, бас тэнгэрээ нураачихгүй байлгах зүйлийг хүсэх байх. Аан тийм бас хойшоо үйл хэргийнхээ мэдээг бас илгээх ёстой.   Ирээдүйтэй маань холбоос үүсгэж байна. Тэгэхээр тэнгэрүүд биднээс энэ орчлон ертөнцийн зүй тогтол, уялдаа холбоогоо хадгалан эх дэлхий дээрээ урт удаан хугацаанд амьдран оршуулахыг хүсдэг болов уу? Тэгэж байж дэлхий маань байж, дэлхий байгаа болохоор сар нь байж , наран нь байж , бусад 7 гариг нь байж орчлон ертөнц оршин тогтнодог байх. За бүүр орчлон ертөнц гээд томроод алга боллоо. Харин дотогшоогоо орох юм бол бидний ууж идэж, өмсөж зүүж, амьдран сууж байгаа маань бүгд л харилцан хамааралд оршиж нэгэн том цулын өчүүхэн жижиг хэлтэрхий мөртлөө маш чухал үүрэгтэй болж хувирав уу даа. Орчлон ертөнц гэдэг чинь бид мэтийн өчүүхэнүүдийн нэгдэл юм уу? Тэр өчүүхнүүдээс яг юу хамаарах гээд байгаа юм?  Хамаарахгүй байж болох уу?  Өчүүхнүүд хоорондоо хамааралгүй амьдарч болох уу? Яасан ч байсан бид нэг дэлхий дээр амьдарч байгаа нь үнэн юм даг. Тэгэхээр хамааралгүй байх үндэсгүй гэсэн үг болох нь . Харин харилцан хамаарлыг нь ёс жаяганд оруулах зохицол гээчийг олох нь өнөө их мэдлэгийн сангаас хир хэмжээний ашигтай мэдээлэл авч,  авсангууд нь эвлэлдэн нэгдэж чадах эсэхээс хамаарах мэт.   Олон олон онгод тэнгэрүүдтэй золгож байхад бидний бууж ирсэн зорилго бол та нарын үрийн чинь үрсүүдийг та нарыг төрөхөд чинь ямар байсан тэр сайхан дэлхий дээр чинь өлгийдөн авахуулахын тулд л  та нарын мартчихсан, мэдэхээ байсан хэрхэн амьдрах ухааныг чинь сануулан хэлэх гэж удам удмынхаа үрсүүд дээр бууж өөр өөрсдийн мэддэг чаддаг бүгдээ зааж сургах гэж айлдах юм билээ. Тэгээд  тэнгэр эцэг гэдэг чинь энэ их мэдээлэлийн санг удирдан залж , цэгцэнд нь оруулан, орчлон ертөнцийн зүй тогтолыг бүхэлд нь мэдэх их том оюун санаа юм байна гэж мунхаглан бодлоо.

Thursday, January 8, 2015

Ёс заншлын хэлхээ


Үндсэн хууль гэдгийг хүн бүрийн зайлшгүй дагаж мөрдөх ёстой зүйлс гэж үзвэл тэр нь юу вэ ?
 Ёс заншлын хэлхээ гэж эхэлчихээд юун үндсэн хууль яриад унав аа гэж бодох байх л даа.
Хүмүүс юуг даган биелүүлдэг вэ?
Өөртөө зөв гэж итгэснийгээ эсвэл хэн нэгнээс айсан айдасдаа автан хөндлөнгөөс дага мөрд гэснийг нь , эсвэл нийтээрээ бүгд даган мөрдөж байгааг олны жишгээр даган мөрддөг байж болох юм.  Гэвч энэ бүгдийн хэрэв дагаж мөрдөхгүй бол ард нь гарах ямар нэгэн үлдэц буюу хохирол байнаа даа. Эхний тохиолдолд  ухамсарын асуудал гарч ирэх байх, 2 дох  тохиолдол шийтгэл буюу айдас, 3 дах тохиолдолд хэрэгжилтийг хүлээн зөвшөөрсөн ард түмний хурц хараа буюу шүүмжлэл эсвэл ганцаардал гэж нэрлэсэн ч болох мэт. 2дох тохиолдол бол одоо энэ нийгэмд маань байгаа хууль дүрэм. Дуртай ч бай дургүй ч бай ухамсарласан ч бай ухамсарлаагүй ч бай , дагаж мөрдөхгүй л бол ард нь шийтгэл дагалдана. Үнэн сэтгэлээсээ ухамсарлан өөрийнхөө зам мөр болгоогүй л бол ямар ч хууль дүрмийг зөрчих хүсэл цаг хугацаа нөхцөл байдалдаа төрөх нь гарцаагүй ч юм шиг.
Харин Их Засаг хууль  манай өнөө үед яг бичиглэн үлдээсэн хууль маягаар ирсэн болов уу? Яахав интернет болон ном судруудаас хэсэглэн бичсэн байхыг уншиж харж байхад хуулийн заалт гэхээсээ зүгээр эмээ өвөө нарын маань хэлж зааж байдаг нөгөө муу ёр , тэгэж болдоггүй юм гэсэн ёс заншлын хэлхээ мэт санагдсан.  Босгон дээр гишгэдэггүй юм, эр хүн дээлийн бүсгүй явдаггүй юм, уураг дээр алхдаггүй юм, хурц хутгыг хүнд өгөхдөө бариулаар нь өгч бай гээд л маш их зүйлийг биднийг хар бага байхад маань эмээ өвөө маань хэлж өсгөсөн байдаг. Бидний өвгөд олон мянган жилийн турш мэдэж хуримтлуулсан мэдлэгээ хэрхэн хэрэглэх ёстойг маань ёс заншилд маань шингээгээд ээж, аав, эмээ, өвөөгөөр нь дамжуулаад зайлшгүй дагаж мөрдөх ёстой зүйл гэдгийг зүгээр л нэг энгийн үг мэт боловч ухамсард гүн суулгах аргаар өнөө бидний үед хүргэсэн байж таарах уу?  Харин энэ ёс заншил Монголчууд бид Монгол ахуйгаасаа холдон суурьшмал хотын амьдралд орсноор хүссэн хүсээгүй мартагдаж эхэлж байна. Бид мал маллахаа байж, байгалиасаа холдож, дулаахан байшинд халуухан паарандаа нозоорон , байгаль дэлхий нар сар оддын байрлалаа ч мэдэхгүй болж дэлгэц ширтсэн хүүхдүүд маань иддэг юмнууд маань хаанаас бий болдогийг ч мэдэхээ байн өвөө эмээгийн хэлж сургадаг үгнүүдийн утгыг ч  ойлгохоо байж байна. Ийм болохоор л сүүлийн  хэдэн жилд мартсан бүхнийг маань сэргээх гэсэн мэт Монгол хувцасаараа гоёх,  Монгол гэртээ амьдрах, Монгол ахуйгаа сэргээх , Монгол уламжлал ёс заншлаа сэргээх , хэрэглэхээ байсан бичиг соёлоо сэргээх, сонсохоо байсан үлгэр домгоо ухан тайлах  гэсэн  давалгаа бий болж эхэллээ. Энэ бүхэн юуны учир гарч ирэв гэдгийг бид дор бүрнээ бодох цаг үе ирээ юу даа.

Нэг андын маань хүүтэйгээ ярьсан  яриаг бичмээр санагдлаа.
3 настай хүү нь ээжээсээ асууж байна :
Ээжээ газар ухвал ээж нь үхдэг юм уу? Хар шороо гаргавал аав нь үхдэг юм уу? ( Цэцэрлэгт байхдаа би ч гэсэн бас л ингэж ярьдаг байсан даа . Хэн ч хэлсэн юм бүү мэд ам дамжин яригдсан яриа бидний хүүхдүүд ч гэсэн бас ингээд л асууж байна )

Ээж нь хариулах даа :
Яг ч тийм биш л дээ . Гэхдээ энэ эх дэлхий чинь бид бүгдийг бий болгосон ээж маань болохоор ээжийнхээ биеийг цоолоод байвал өвдөнө шүү дээ. Ээж нь хүүгээ дандаа хайрладаг шиг хүүхдүүд ч гэсэн ээжийгээ өвтгөх ёсгүй шүү дээ .

Ийм л энгийн ярианы ард ийм л гүн утга шингээж байсан байна шүү дээ.

Агуу ихийг мөрөөдөж байж
Алсын замд гардаг ч гэсэн
Энгийн бүхнээс эхлэх бүхэн нь
Эргэх холбоонд нь  шингээстэй буй  гэсэн 4 мөртийг бичмээр санагдлаа.