Tuesday, February 10, 2015

Өчүүхэний бодрол

Тэнгэр чамд эрдэм хайрлаваас
Тэнгис далайг хага ярах мэт урагшлана чи
Дуу уухайгаа бүү тасал
Хад чулууг бутлах мэт давшина чи
Хашгираа уухайгаа улам чангаруулахгүй юу
Ханцуй хормой урагдан яваа чи
Хойшоо үйл хэргийнхээ мэдээг жигүүртэйгээр илгээ
                                                Эзэн ЧИНГИС Хааны хэлсэн үгнээс

Миний хойчдоо уламжлан дамжуулах үйл хэргийн маань мэдээ юу вэ?  Үйл хэрэг гэсэн болохоор заавал ямар нэгэн юм үйлдэл болгож түүнийгээ уламжлан дамжуулах болох нь. Миний өвгөдийн үйл хэрэг юу байв гэж тодлохоос эхлэх үү? 
Яагаад заавал удмын үйл хэрэгтэй холбох гээд байгаа юм бол? Удам гэхээр яс мах цусан холбоо юм уу? Бас сүнсэн гэчихвэл бүүр ойлгомжгүй болчих уу? Үнэн хэрэг дээрээ сүнс гэж юм байдаг юм байна гээд шинжлэх ухаан батлаад бас жингийг нь хүртэл гаргачихсан байна лээ л дээ. Нэгэнт бид эцэг эхийн хос дусал нийлж бүтсэн болохоор тэднээс өвлөн авсан яс цус байхаас гадна тэр сүнс гэгчид нь хадгалагдсан мэдээлэл гэдэг зүйл байдаг  байж болох уу? Ааваас хүүд, ээжээс охиндоо, үр хүүхдүүддээ   амьдралынхаа туршид хуримтлуулсан мэдлэг туршлагаа уламжлуулан үлдээдэг уламжлал бол амьдрал дээр зөндөө л байдаг . Дархан хүний хүүхэд эцгийнхээ үйлийг уламжлаад дархан хийгээд л явж байдаг. Тэр бүү хэл тэр удмын нэрээр нэрлэгдсэн хийцүүд хүртэл байдаг шүү дээ. Тожил хийц, сэрвээ хийц гээд л нэрлээд байгаа нь тэр л уран дархчуудын хийц  үр хүүхдээрээ дамжаад олны дунд алдаршаад үнэлэгдээд л явж байна.
Тэнгэр чамд эрдэм хайрлаваас гэсэн үгийг дахин уншиж үзэхээр тэнгэр бидэнд ямар эрдэм хайрласан юм болоо гэсэн асуулт гарч ирнээ дээ. Тэгээд тэр тэнгэр нь тэгээд юу юм бэ? Тэнгэр гэхээр яав ч нэг хүнд хамаарагдах эсвэл бас нэг ураг удамд хамаарагдах зүйл биш байх.   Дээрээс мэлтийх тэнгэр биднийг их бага гэж ялгалгүй л байж л байдаг. Харин бидний таамаг бол хүн үүссэн цагаас өнөө хүртэлх энэ дэлхий дээр амьдарч байсан хүмүүсийн мэдлэгийн хуримтлал юм болов уу даа. Тэгэхээр маш их мэдээлэл байгаа биз. Бөөгийн ёсонд 99 тэнгэрийн талаар бичсэн байдаг . Саяхан Намсрай гээд зурхайч ахтай хөөрөлдөж суухад зурхайн сударт 130 тэнгэр байдаг гэж байсан . Тэгэхээр ямар ч байсан тэр мэдээлэлүүдийг эмхэлээд 99 ч юм уу эсвэл зурхайн судраар 130 файл болгочихсон байж болох юм. За тэгээд л тэр мэдлэгийн файлаас тэнгэр чамд нэгээхэн хэсгийг хайрлах юм бол та эсвэл би тэнгис далайг хага яран урагшлах нь дээ. Гэтэл энд бас нөхцөл бичсэн байна. Хайрлаваас гэжээ. Хайрлахгүй  байж бас болох нь . Яахаар хайрладаг  юм бол доо?  Мэдээж ямар нэг байдлаар аливаа зүйлийн учрыг олох гэсэн сониуч эсвэл ямар нэг бэрхшээлийг давж гарцыг олох гэсэн эсвэл бүүр  эсвэл эцэг өвгөдөөс уламжлагдаж байсан уламжлалаасаа тасараад сэргээх гэсэн гэх мэт олон хүслээр ямар нэгэн зүтгэл гаргаж тэр мэдлэгийн сангийн хаалгыг тогшоод ирсэн бол хайрладаг  байх. Эсвэл зүгээр сууж байхад гэнэт чи чадна май гээд өгчихдөг юм болов уу? Ямартаа ч хайрлавал гэсэн болохоор хэнд хайрлах эсэхээ тэнгэрүүд өөрсдөө шийддэг байх л даа.  Гэхдээ энд бас нэг сонин юм байнаа. Дээр яригдаад байсан удмын асуудал. Тэгэхээр тэр тэнгэрээс ирэх эрдэм мэдлэг тухайн ураг удам өөрсдийн чадлаар хуримтлуулан баяжигдан ирсэн удамдаа л өгөгддөг байх уу? Шударга байя гэвэл мэдээж л хүний оюуны өмчийг ямар ч хичээл зүтгэл гаргаагүй хүнд зүгээр л май гээд өгчихгүй л байх л даа. Тухайн нэгэн чиглэлийн мэдлэгийг нэгэн ураг удмын хүн хамгийн их хөгжүүлсэн байлаа гэхэд тэр хүн мэдээж л үр хүүхдүүддээ эсвэл хүүхдүүд нь тоохгүй бол ядаж л тэр тал дээр зүтгэл гаргаж байгаа хүнд хайрлах байх . Харин тэр бүгдээс өөрийн чадах  эрдмийг  хэрхэн нээж  , тайлах юм болоо ? Яаж ч бодсон тэр их мэдээлэлийг нэг хүн хуримтлуулна гэж байхгүй. Байлаа ч үйлдэл болгох дээр асуудал гарах нь ойлгомжтой.  Тиймээс дээрээс мэлтийх тэнгэр хүн хүнд нь тохирсон эрдэм мэдлэгийг хайрладаг ба харин энэ олон эрдэм мэдлэгтэнгүүдийг нэгтгэн нэг том үйл хийх гэдэг хамгийн хэцүү бөгөөд гайхамшигт үйлс болох байх.
Гэхдээ тэр тэнгэрээс хайрласан эрдэм мэдлэгээ юунд ашиглах вэ? Мөнгө олж баяжиж дутах гацах юмгүй амьдрахад уу? Яагаад болохгүй гэж ? Гэхдээ чамд тэнгэр эрдэм хайрласан байхад тэнгэрт чи бас авсан зүйлийнхээ хариуг барих хэрэг гарах л байх. Тэгвэл тэр тэнгэр нь ямар хариу хүсдэг юм болоо? Тэнгэр л юм хойно доороо байх түмэн олны тусын тулд, бас тэнгэрээ нураачихгүй байлгах зүйлийг хүсэх байх. Аан тийм бас хойшоо үйл хэргийнхээ мэдээг бас илгээх ёстой.   Ирээдүйтэй маань холбоос үүсгэж байна. Тэгэхээр тэнгэрүүд биднээс энэ орчлон ертөнцийн зүй тогтол, уялдаа холбоогоо хадгалан эх дэлхий дээрээ урт удаан хугацаанд амьдран оршуулахыг хүсдэг болов уу? Тэгэж байж дэлхий маань байж, дэлхий байгаа болохоор сар нь байж , наран нь байж , бусад 7 гариг нь байж орчлон ертөнц оршин тогтнодог байх. За бүүр орчлон ертөнц гээд томроод алга боллоо. Харин дотогшоогоо орох юм бол бидний ууж идэж, өмсөж зүүж, амьдран сууж байгаа маань бүгд л харилцан хамааралд оршиж нэгэн том цулын өчүүхэн жижиг хэлтэрхий мөртлөө маш чухал үүрэгтэй болж хувирав уу даа. Орчлон ертөнц гэдэг чинь бид мэтийн өчүүхэнүүдийн нэгдэл юм уу? Тэр өчүүхнүүдээс яг юу хамаарах гээд байгаа юм?  Хамаарахгүй байж болох уу?  Өчүүхнүүд хоорондоо хамааралгүй амьдарч болох уу? Яасан ч байсан бид нэг дэлхий дээр амьдарч байгаа нь үнэн юм даг. Тэгэхээр хамааралгүй байх үндэсгүй гэсэн үг болох нь . Харин харилцан хамаарлыг нь ёс жаяганд оруулах зохицол гээчийг олох нь өнөө их мэдлэгийн сангаас хир хэмжээний ашигтай мэдээлэл авч,  авсангууд нь эвлэлдэн нэгдэж чадах эсэхээс хамаарах мэт.   Олон олон онгод тэнгэрүүдтэй золгож байхад бидний бууж ирсэн зорилго бол та нарын үрийн чинь үрсүүдийг та нарыг төрөхөд чинь ямар байсан тэр сайхан дэлхий дээр чинь өлгийдөн авахуулахын тулд л  та нарын мартчихсан, мэдэхээ байсан хэрхэн амьдрах ухааныг чинь сануулан хэлэх гэж удам удмынхаа үрсүүд дээр бууж өөр өөрсдийн мэддэг чаддаг бүгдээ зааж сургах гэж айлдах юм билээ. Тэгээд  тэнгэр эцэг гэдэг чинь энэ их мэдээлэлийн санг удирдан залж , цэгцэнд нь оруулан, орчлон ертөнцийн зүй тогтолыг бүхэлд нь мэдэх их том оюун санаа юм байна гэж мунхаглан бодлоо.

No comments:

Post a Comment