Thursday, September 21, 2023

Эр зоригтон

Эрин зуунаар алслагдсан тэртээгээс
Эрдэм мэдлэг хуримтлагдан цугларч
Цаг хугацааны шалгуурт шигшүүлж
Цаглашгүй мөнхийн тавиланд бөхлөгдөхүйд
Эцэс төгсгөлгүй мэт мөнхийн урсгал
Түүх хүүрнэж эр зоригийг магтан дуулнам
Эргэх хорвоогийн тэмцэл тэнцвэрт
Ялах ялагдах хоёрын хооронд
Ялгаа үнэндээ бий гэж үү?
Янаг сэтгэлийн тунгалагийг олвоос
Ялгаа зааг үгүй болох уу?
Заагийг давсан эр зоригтонг магтая
Зам мөрийг тодлох гэгээ бүхэнд уусаж
Заяа тавилангийн жим бүхэнд гэрэл болох болтугай

Monday, August 28, 2023

Агуу болон өчүүхэний хооронд
Алга дарамхан зай буй
Амраг сэтгэлт , атаат дайсан хоер ч
Алга эргүүлэхийн хооронд солигдох хорвоод
Ашиг сонирхол нэгдэх салах мөч л
Алдаа онооны дэнсээнд шүүгдэх биз

Tuesday, July 18, 2023

Өв соёл мину

 Монголын төрт ёсны уламжлал, нүүдэлчдийн соёл, гүн ухааны онолууд байгал дэлхийнхээ жамын эргэлтэнд зохицсон хамгийн шилдэг хувилбар болохыг хэн баталж чадах вэ? Цаг хугацаа мөнхийн оршихуй. Харин оршин буй орон зайдаа эх дэлхийн мөнхийн оршихуйг бөхлөх нь өнөө цагийн эздийн үүрэг зорилго болой. 

Нүүдэлчин түмний өв үлдээх соёл хэдийгээр үе үеийн эрдэмтэн мэргэдийн бичиж үлдээсэн бичгийн эх сурвалж, эрт цагийн хүмүүний зурж үлдээсэн хадны зураг, археологийн олдворуудаас гадна ам дамжин хүүрнэх үлгэр домог, туульс, зүйр цэцэн үгс, оньсого таавар, ёс заншил, үе үе дамжин ирсэн удам бүрийн ур дүйн чадамжаар өнөө цагтаа  уягдан ирснээс гадна бөө соёл болох онгод тэнгэрийн айлдвар сургаал, амьдралын туулалаар баталгаажсан алдаа онооны дүгнэлтээс үүссэн ололт амжилт уналтын түүх , сургамжаар хөглөгдөн өнөө цагт  үе дамжин уламжлагдан ирснийг үе үедээ тухайн үеийнхээ бичиг соёлд буун баяжигдан ирж байгаа нь Гэрлийн өргөө хэмээх бүлхэмийн улаачдын хичээл зүтгэлээр баталгаажин 12 жилийн турш орчин цагийн бичиг соёлд буун оюуны их санд томоохон дэм болон эрдэмтэн мэргэд, оюутан сурагчид, уншигч олны гарт хүрч байгаа билээ. 

Бид өнөө цагийн эзэд боловч удахгүй өнгөрсөн цагийн түүхийн улбаа болон эдгээр дээр өгүүлсэн өв соёлын нэгээхэн хэсэг болон ирээдүй хойчдоо өв соёлоо бичгийн өв болгон өөрсдийн түүхээр баяжуулан  үлдээж ирээдүй цагийн эздэд хүргэж буй нь эргэх холбоог бөхлөх нэгэн бөх аргамжаа болох нь гарцаагүй юм. 

Тосож аван оюуны цараагаа тэлэн одоо цагтаа чадамжаа хөгжүүлэн бататгах нь ирээдүй хойчийн минь гарт үлдэх нь гарцаагүй юм.

Дээдийн дээдэд тэмүүлэх чин хүсэл
Дэргэдэх түмнээ хөтлөх эрдэмээр  бөхлөгдөн
Их түүхийн улбааг тодотгон 
Ирээдүй хойчийн замыг гэрэлтүүлэх
Суу алдар нь тэнгэрээс бууж газарт батжиж
Суу ухааны ундарга болон 
Сурсан бүхэн эвлэн нэгдэж үйлс болгон
Мандах нарны цацрраг адил
Мандан бадарч маргаашийг гэрэлтүүлэх болтухай
Өв соёл мину өвсний үрээр таран
Өнөд орших дэлхий ээжийнхээ
Үрс нь болох Монголын ирээдүй 
Үүрд мөнх мандах бадрах болтухай
Тэнгэр Монгол Газар 


Thursday, May 25, 2023

Сонголт

Эд баялаг ба эрхэм хайрын сонголт хүнийг тодорхойлох мөчид
Энхрийлж өсгөсөн ээжийгээ ч түлхэх өдөр ирдэг гэж үү
Эд баялаг гэгч нь харам сэтгэлийг өрдөн
Эргэх он цагийн туршид энхрийлж хайрласан бүхнээ
Эргэлзэх зүйлгүй таягдан хаях харам шуналын сэтгэлийг өрдөнө
Андалж нөхөрлөх үедээ алдхан биесээ дэмнэн
Аяга хоолоо ч хуваалцан энгийн нөхөрлөлөөрөө бахархан
Элэг зүрхээ дэвтээж эргэн санах дурсамжтай явсан ч
Эд баялаг ихсэх үед энэ бүгд нь үнэгүй мэт болох нь
Эгэл нэгэн андаа ч хардах харын сэтгэлийг өрдөх нь
Энэ л хорвоогийн энгийн нэгэн сорио
Эд баялаг эрхэм хайрын сонголтонд онч мэргэн байх болтухай

Monday, May 22, 2023

Эмх цэгц

Эрин зуунаар алслагдсан тэртээгээс
Эрдэм мэдлэг хуримтлагдан цугларч
Цаг хугацааны шалгуурт шигшүүлж
Цаглашгүй мөнхийн тавиланд бөхлөгдөхүйд
Эцэс төгсгөлгүй мэт мөнхийн урсгал
Түүх хүүрнэнэ
Хүүрнэсэн түүх биелэлээ олж биеийг тэтгэхүйд
Эзэн заяа орон зайг дүүргэн олныг дагуулна
Дагуулсан түмэн зөвийг хайж зүтгэлийг үнэлнэ
Зүтгэлийн утсаар эмх журам тогтох ч
Зүтгэлгүй бүхний хоосон цэцэрхэлээр
Зүүж бүтээсэн бүхнийг өөрийн болгох булхайнууд
Зүүмэл хөнжилд хөлөө жийх нь гамшиг
Зөвийг тандах ухааны үзүүрээс атгасан олон
Зөв буруугийн өтгөн мананг сарниулах эмх цэгцийг хүснэ
Эмх цэгц эрхэт төрд тогтовоос
Зүтгэлгүй булхайд орогнох зай үгүй болно

Tuesday, March 14, 2023

Мөнхийн гэрэл

Баяр хөөр уйтгар гуниг
Атаархал хорсол шунал тачаал
Алдаа оноо амжилт уналт бүгд
Урсан өнгөрөх цаг хугацааг даган
Алсран одох нь орчлонгийн жам
Харин сэтгэлийн шуурганд барьц алдан
Хүлгийн жолоогоо тавин зүг чиггүй мэт болох үед
Ширүүн шуургыг намжаах уужуу ухаан, энэрэл хайр
Үнэнтэй нүүр тулан мөнхийн замналыг бүтээнэм
Цаг хугацааны эрхэнд үл автан мөнхрөх бүхэн
Түүхийн нугачаанд улам тодрон гэрэлтнэм
Эгэл бүхний энгийн түүх
Эгнэшгүй андуудын хамтын түүх болохуйд
Эрин зууныг дамнасан үлгэр туульс болон
Ирээдүй хойчийн зам мөр болном
Эгэл нэгний энгүүн түүхийг бүтээх бүхэн
Эв эеийг дээдлэн мөрлөвөөс замын хүзүү уртасч
Дутуу бүхнээ дүүргэх эрдэмд нэвтэрч
Дуусашгүй мөнхийн гэрэлд шингэнэм

Tuesday, February 7, 2023

Үнэ цэнэ 3

 Саяхан "Зөв үү тав уу ? судар уншигчдын групп" дээр нэгэн хүн "хамгаас үнэтэй миний судрууд" гээд Гэрлийн өргөөнөөс гаргасан судруудыг тавьсан байлаа.  Олон сайхан залуучууд өвгүд дээдсүүдийн буулгасан судруудыг уншиж, бахархаж байгаад ихэд олзуурхан баярлаж билээ. Тэгээд нөгөө хүнээс эдгээр судрууд яагаад хамгаас үнэтэй байгааг нь асууж олон уншигчдын санаа бодлыг сонсоё гэж бодоод Яагаад хамгаас үнэтэй гэж байгаа талаар нь асуув. Мэдээж хамгаас үнэтэй гэсэн болохоор бусад ном судруудтай харьцуулан нэгийг бодож 2ыг сэтгэсэн байх гэж тэрхүү бодлоо олон нийттэй хуваалцахыг санал болгосон гэсэн үг л дээ.  

Үнэ цэнэ гэдэг сэдвээр урьд нь 2 ч эргэцүүлэл бичиж байсан юм. Эхний эргэцүүлэлд хүнээ хүүн эрдэнэ болгох Алтан аялгуу  судрын санаан дээр тулгуурлаж бичиж байжээ. Дараагийн эргэцүүлэл дээр хүн өөрөө өөрийнхөө үнэ цэнийг хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр эргэцүүлэл бичиж байжээ.  Цаг хугацаа өнгөрөн одох тусам миний үнэ цэнийн талаарх ойлголтонд өөрчлөлт орж баяжигдаж яваа болов уу?   Ер миний энэ сэдэвтэй дээрх үйлдэл холбоотой байх тул  бусдын эргэцүүлэлээс сайхан санаа гарах байх гэсэн хүлээлттэй байна . 

Гэрлийн өргөөнөөс гаргасан судруудын үнэ цэнэ улам л өсөн нэмэгдэж (мэдээж мөнгөөр илэрхийлэх үнийн талаар яриагүй гэдгийг ойлгож байгаа байх) эдгээр судруудыг эрж хайсан олон олон уншигчид шинээр гарч ирсээр байна. Өнөө л бидний амьдрал,  нийгэмд үүсэж гарч байгаа элдэв хямрал, хулгай,  түүнийг уг үндсээр нь ухаж ойлгох гэсэн залуучууд ихээр болж байгаа нь цаашид бид юун дээр алдаад, юуг дутуу ухаараад, юуг буруу үйлдээд байгаагаа олох гэсэн хүсэл эрмэлзлэл ирээдүйд бидний Монгол улс оршин байх уу үгүй юу гэсэн асуултын хариуг хайсаар байгаа эрэлчдийн  өөрөө өөрсдийнхөө чадвар чадамж боловсролыг нэмэгдүүлж,  нийхэмийн ухамсарт оруулах ихээхэн том хөрөнгө оруулалт болж байгаагаараа судруудын үнэ цэнэ улам нэмэгдэж байгаа байх. 

Хэдэн зууны өмнөх үйл явдал , агуу түүхийг энгийн нэгэн залуусын туулсан амьдралаар жишиглэн хэрхэн зовлон жаргалыг хамтдаа туулж, нийлэн нэгдэж,  агуу гүрнийг байгуулсан гайхалтай түүхүүд ирээдүй хойч болсон бидний гарт судар болон ирж түүнийг өөрөө өөрсдийн амьдралдаа буулган суралцаж ,  эв эеийг олж их үйлийг бүтээх талаар олон залуус бас тунгаан хоорондоо хэлэлцэж судрын хэлэлцүүлгийг зохиоцгоож байгааг харахад үнэхээр үхээд тэнгэртээ очсон ч голын хатгаасаа алдалгүй яваа агуу дээдсүүдээрээ бахархахаас ч яах билээ. Энэ бүхнийг ухаарсан олон сайхан залуус ирээдүйн их Монгол улсаа хучирхэгжүүлэн цогцлоох их түүхийн давтамжийг хадгалах буй заа.


Monday, February 6, 2023

Өөрөөсөө бусдыг өөрчлөх хэцүү

Бусдын бурууг харах тусам
Өөрийн бурууг мартаж орхидог
Өөнтөглөж бүхнийг шүүмжлэх тусам
Өөрийн чадлыг үгүйсгэж орхидог
Атаархал шунал бадрах тусам
Алд биеэ голж орхиод
Ахиулж бүтээх ариун бүхнээ
Атаархалын хороор хордуулагч
Аяа хүмүүний сэтгэл юутай гаслантай
Амар амгалангийн үүдийг нээх
Өршөөл энэрэл дайчин чанараа
Өргөө гэртэй тухлуулах болтугай
Өөрийн дотор луу өнгийж сураад
Өрөөлийн сэтгэлийг ухаарах болтугай