Thursday, May 25, 2023

Сонголт

Эд баялаг ба эрхэм хайрын сонголт хүнийг тодорхойлох мөчид
Энхрийлж өсгөсөн ээжийгээ ч түлхэх өдөр ирдэг гэж үү
Эд баялаг гэгч нь харам сэтгэлийг өрдөн
Эргэх он цагийн туршид энхрийлж хайрласан бүхнээ
Эргэлзэх зүйлгүй таягдан хаях харам шуналын сэтгэлийг өрдөнө
Андалж нөхөрлөх үедээ алдхан биесээ дэмнэн
Аяга хоолоо ч хуваалцан энгийн нөхөрлөлөөрөө бахархан
Элэг зүрхээ дэвтээж эргэн санах дурсамжтай явсан ч
Эд баялаг ихсэх үед энэ бүгд нь үнэгүй мэт болох нь
Эгэл нэгэн андаа ч хардах харын сэтгэлийг өрдөх нь
Энэ л хорвоогийн энгийн нэгэн сорио
Эд баялаг эрхэм хайрын сонголтонд онч мэргэн байх болтухай

Monday, May 22, 2023

Эмх цэгц

Эрин зуунаар алслагдсан тэртээгээс
Эрдэм мэдлэг хуримтлагдан цугларч
Цаг хугацааны шалгуурт шигшүүлж
Цаглашгүй мөнхийн тавиланд бөхлөгдөхүйд
Эцэс төгсгөлгүй мэт мөнхийн урсгал
Түүх хүүрнэнэ
Хүүрнэсэн түүх биелэлээ олж биеийг тэтгэхүйд
Эзэн заяа орон зайг дүүргэн олныг дагуулна
Дагуулсан түмэн зөвийг хайж зүтгэлийг үнэлнэ
Зүтгэлийн утсаар эмх журам тогтох ч
Зүтгэлгүй бүхний хоосон цэцэрхэлээр
Зүүж бүтээсэн бүхнийг өөрийн болгох булхайнууд
Зүүмэл хөнжилд хөлөө жийх нь гамшиг
Зөвийг тандах ухааны үзүүрээс атгасан олон
Зөв буруугийн өтгөн мананг сарниулах эмх цэгцийг хүснэ
Эмх цэгц эрхэт төрд тогтовоос
Зүтгэлгүй булхайд орогнох зай үгүй болно