Tuesday, April 21, 2015

Үнэ цэнэ

Хэдэн гаригийн өмнө нэгэн онгод надад үнэ цэнэ гэдгийн талаар таниж мэдээрэй гэж хэлж билээ.  Үнэ цэнэ гэдгийг одоогийн зах зээлийн ойлголтоор бодоход их мөнгөөр авах зүйл гэж ойлгож болох ч  гүн утгаар нь бодвол их өөр зүйл байх нь.
Хүнд юу хамгийн үнэ цэнэтэй байдаг вэ ? Мэдээж өөрийн минь хайрладаг бүхэн надад үнэ цэнэтэй. Үр хүүхэд, эр нөхөр, эцэг эх, ах дүүс, найз нөхөд гээд л . Энэ бүхнийг дэс дараалуулна гэхийн бол утгагүй ч юм шиг. Гэтэл бас дэс дараалал гэж байдаг бололтой. Хамгийн эрхэмлэж хайрлаж явах зүйл маань тэгээд юу юм? Газар шороо эх нутаг эх орон минь үү? Эсвэл хэт дэврүүн хоосон сонсогдож байна уу? Сүүлийн үед эх орон , газар шороо гэж ярьсан болгон популист гэгч гадаад үгээр цоллуулах болсон болохоор эдгээр үг өөрсдийн үйлдэлтэйгээ л холбохгүй бол хоосон амнаас гарах авиа төдий сонсогдож байна уу даа.
Зүгээр л энгийнээр бодоод үзэхэд энэ газар шороон дээрээ энэ бүхэн маань  оршин тогтнож байдаг шүү дээ.  Нэг хүн надад эрдэнэ чинь гишгэх газраас чинь л эхэлнэ гээд харин хариуцаж байж эрдэнэ шүү гэсэн юм. Ер нь хүмүүс их үнэ цэнэтэй зүйлээ эрдэнэ гэдэг шүү дээ. Харин хариуцаж байж эрдэнэ болдог юм шүү гэх үгийн  утгыг юу гэсэн үг вэ гэж нүүр хуудасны нэг найз маань асуусан юм. Олон хүн нэг зүйлийг хариуцах тусам үнэ цэнэ нь нэмэгддэг гэдэг. Жишээ нь нэг хүний бүтээл  байлаа гэхэд олон хүн түүнийг нь уншиж , олон хүн тэр тухай хоорондоо хэлэлцэж, олноороо маргалдаж эхэлбэл энэ бүтээл  үнэ цэнэтэй болж байна гэж ойлгож болох юм. Харин хичнээн үнэн зүйл бичээд түүнийгээ олон хүнд хүргэж олны анхааралд орж чадахгүй бол бас олон хүн түүнийг нь батлан тэр бүгдийг нь үйл болгож чадахгүй бол  тэр үнэ цэнэтэй болж чадахгүй бөгөөд хэзээ олон хүн ойлгож хүлээж авсан хойно нь л үнэ цэнэтэй болох нь байна гэж ойлговол ямар байна?  Хэдий чинээ хүн хариуцаж байна төдий чинээ үнэ цэнэтэй байх уу? Цаг хугацаанаас бас хамаарах л байх. Жишээ нь Ван Гог-ын зурагнууд түүнийг амьд байхад тийм ч үнэтэй байгаагүй бөгөөд зураач нь ядуу байсаар үхсэн гэдэг харин одоо Ван Гог-ийн зурагнууд дэлхийн хамгийн үнэтэй зурагнуудын нэг болж. Тэгэхээр аливаа үйл үнэ цэнэтэй байхын тулд цаг хугацааны шалгуурыг давах чанартай ,үлдэцтэй, гүн мөртэй байх нь үнэ цэнийг тодорхойлох бололтой.  Ингээд бодохоор үнэ цэнийн асуудалд цаг хугацаа, орон зай, уур амьсгал гол үзүүлэлт болдог юм болов уу? Энэ цаг хугацаа, орон зай , уур амьсгалын дунд хүн бид оршин байж үнэ цэнэ гээчийг тодлон байна уу?  Одоо өөрсдийнхөө амьдралаар бодьё л доо. Бид үр хүүхдүүддээ үлдээх үнэт зүйлсээ юу гэж боддог билээ? За ямар ч байсан үхэхдээ хүүхдүүддээ орон байр, үнэт эдлэл, банкин дах хуримтлалтай үлдээгээд үхье гэх хэсэг байхад харин үр хүүхдүүдээ хэзээ ч ямар ч үед амьдралаа аваад зөв сайхан амьдрах ухааныг нь, урыг нь зааж сургаад үлдээчих юмсан гэх хэсэг бас л байна. Ямар ч цаг үед, ямар ч  цаг уурын өөрчлөлт болоход , ямар ч улс төрийн нөхцөл байдалд , ямар ч дайн тулаанд үр хүүхдүүдэд минь юу үнэ цэнэтэй байх бол гэж бодож үзсэн болов уу? Эдийн засгийн нэг хямралаар банкин дах мөнгө нь цаас болж болно. Нэг газар хөдлөхөд өнөө сайхан орон сууц нь нураад уначихаж болно. Хүчтэй, зальтай нэг нь   үнэт эдлэлүүдийг нь хулгайлаад, дээрэмдээд , зальдаад авчихаж болохыг үгүйсгэхгүй .
Ингээд бодохоор эцсийн эцэст үр хүүхдүүддээ үлдээх үнэ цэнэт зүйл маань юу болж таарч байна даа? Ямар ч үед тэсэж үлдэж чадах их ухаан биш гэж үү? Өвгүдийн өв их боловсрол биш гэж үү ? Харин хамгийн үнэ цэнэтэй гэж дээр дурьдагдсан газар шороо минь биш гэж үү?
Үнэндээ бид их азтай хүмүүс юмаа. Ямартай ч бидэнд тусгаар Монгол улсыг минь үлдээж өгч. Өв их ухааны онол болох судар номнуудыг дамнуулаад аваад ирж. Тэр бүү хэл өөрсдөө бууж ирээд үрсдээ үгээ айлдаад байна.  Харин энэ бүгдийгээ бид хариуцаж үнэ цэнэтэй болгох , үр хүүхдүүддээ өвлүүлэх л үүрэг минь болоод байна уу даа.
ЯАЖ? гэдэг том асуулт хүн бүрийн дотор байгаа биз . Давуу талууд болох онол нь байна, үгээ хэлэх өвгүд нь байна. Хэрхэхийг тэнгэр мэднэ гэх үү ? Үрсүүд бидний хичээл зүтгэл  мэднэ гэх үү? Өвгүдийн ухааныг өнөө цагтаа тохируулах өөрсдийн хичээл зүтгэл мэднэ гэх үү?  Их жанжины маань хөшөөн дээр бичсэн үг дээр бол дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ гэсэн байдаг санагдаж байна.

No comments:

Post a Comment