Wednesday, December 24, 2014

Эзэн хичээвэл заяа хичээнэ

Мөрөөдөл , зорилго хоёроо хэрхэн нэгтгэх вэ?

Урьд бичсэн бичлэгүүдээ харж байгаад өөрөө өөртөө ийм асуулт тавьлаа. Мэдээж хувь хүн бүрийн дотор өөр өөрсдийн мөрөөдөл байдаг. Харин бүх зүйл сайн муу 2 талтай байдаг учраас мөрөөдөл ч гэсэн үүнийг дагаад 2 тийш салан одох байх. Тэгвэл зөв зам нь аль вэ? Үр дүнгээр нь хэмжих үү эсвэл хохирлоор нь хэмжих үү?  Одоогийн нийгэмээр бодоод үзье л дэ. Хэрэглээнд тулгуурласан эдийн засгаар бодох юм бол өнөө үед хүмүүсийг хэрэглээнд л байнга урин дуудаж байдаг. Реклам сурталчилгаа бүх зүйлс аливааг хэрэглээд бай,  хэрэглээд бай гээд л байдаг. Хүмүүсийн шуналыг улам өдөөж түүндээ түшиглэн хөгжсөөр л байна. Мэдээж энэ янзаараа явах юм бол үр дүн нь хэн бүхэнд ойлгомжтой болж байна. Хэрэглээг нэмэгдүүлэх эдийн засгийн зохицуулалт энэ янзаар явах юм бол дэлхийн нөөц барагдаж сүйрэлд хөтлөх нь дамжиггүй. Гэхдээ үүнд мэдээж саад гарна. Тэр нь хүмүүсийн сэхээрэл . Бид чинь хаашаа явж байгаа билээ? Хувь хүн бүр өөр дээрээ бодоход нээх аюул учруулаад байх зүйл үгүй мэт санагдах л байх харин нэгэн эх дэлхий дээр амьдарч байгаа цулаараа бодох юм бол арай өөр дурслэл бий болохыг ажиглах болов уу? Тэгвэл хүмүүсийн сэхээрэл гэж юуг хэлэх вэ? Яагаад сэхээрэх болов? Хохирол гарч эхэлснийг анзаарч эхлэв үү? Эсвэл ямар нэгэн нөлөөлөл байв уу?  Мэдээж энэ их хэрэглээг хангах нөөц хязгаартай. Харин хэрэглэснээ нөхөж байх нь амьдралыг уртасгах болов уу? Энд амьдрал гэдэг үгийг нэг хүн дээр хэлсэнгүй шүү. 
Урьд бичсэн бичлэг дээрээ хатны судраас мөрөөдөл гэж юу вэ гээд иш авснаар бол орчлон ертөнцийн жам ёсонд зохицон, байгалийн хуулинд захирагдан түүнийг мөрлөн амьдрах нь мөрөөдөл гэж ухаарах юм бол тэрхүү мөрөөдлийг биелүүлэхийн тулд өөрсдийнхөө өмнө ямар зорилго тавих вэ?  

Харин энэ сударт Эзэн Чингис хаан маань  их л санаа зовнин сэрэмж өгөн  өгүүлсэн байх юм:

Бусдын бурууг дууриаж халуун дай яр зарлаж харламуу
Гэдэс цадах гэж нийтээрээ гэм үйлдэж хараар зэмлэгдмү
Идэж ууж байхдаа итгэлтэй байхыг чиглэхдээ
Идэгч боулихайд (шуналтангуудад) төлбөр төлж хэм-ийг  бармуу
Ний хэм ( иргэн бүр нийтээрээ улс оронд тус нэмэртэй байх хамтын хариуцлагын орчин, ) байхын үндсийг тасалж сүйтгээд
Ядуугийн ясан дээр улсын хэргийн зардлыг нэмж
Муугийн махан дээр Монгол улсын ирээдүйг зоож
Засгийг турааж ний-гэмийг таргалуулж хүслийг алмуу

Ийм байдлыг мунхаглал хэмээн үзээд өөрөө өөрийнхөө өөдгүйн боол мунхаглалын идэш болохгүйн тулд хүслийн зүйд амьдрах нь зорилго гэжээ.

Гэтэл сударт бас их сонин үгс байх юм :

Бусдын алдаа надаас болдог, хохирол нь намайг хорлодог
Багш шавийн барилдлагыг мөрөөдөл болговоос амьдарму 

Яахаараа хэн нэгний алдааны буруутан болох ёстой гэж? Тэгэхээр хэн нэгний алдааны буруутан болохгүйн тулд өөрөө би арвин их мэдлэг хурааж, өөрийгөө засаж залруулж явах хэрэгтэй юм уу? Хэн нэгний алдааны хохирогч нь би болж болох юм байна. Тэгвэл миний алдааны хохиролд хэн нэгэн ч өртөж болох бололтой. Хэн нэгний алдааны хохиролд нийтээрээ өртөх аюул байдаг . Харин тэр алдааг хараад өөрт хамаагүй мэт өнгөрөх үе зөндөө л байдаг ч гэлээ хохирол гарахыг урьтан танин мэдэж тосож бэлдэх чадварыг олох нь алсын хараа,  эсвэл алдаанаас суралцах ухаан гэж үзвэл  эргээд алдаа бүхэн бидний багш болох ч юм шиг .

Ардын зүйр үгээр бол " Эзэн хичээвэл заяа хичээнэ " гэгч болох нь ээ дээ.

Эзэн өөрөө хүсэл тэмүүлэлтэй
Зорьсон зоригдолтой байх аваас
Далан гурван суу билэг ухаанд
Хүрэхгүй байхын аргагүй

(Хас төрийг бадраах судар 238 х)

Эргэцүүлэл юугаа задгай орхилоо. Эрхэм уншигч таньд бодол болгон үлдээе дээ.


No comments:

Post a Comment