Tuesday, December 9, 2014

Эрх эдлэхүй

Эрх гэж хариуцахыг хэлмой гэж эхэлмээр санагдлаа. Гэвч эндээс асуултууд гарч ирнэ. Юуг хариуцах юм? Хариуцах гэдэг нь юу гэсэн үг вэ? Яаж хариуцдаг юм ?
Эдгээр асуултуудын алинаас нь эхлэх вэ?
Яагаад ч юм эрхийн асуудлыг хүн ер нь яах гэж ямар зорилготой бий болсон юм гэдгээс эхэлмээр санагдлаа. Их түүхийн судраас харж байхад наран бичиг, хүн бичгийн тайлбар дээр хүн эх дэлхийдээ хэмээ өгч хүйн холбоотой гэдгээ ойлгон ухаж энэ нарийн холбоосоо тасалчихгүйн тулд амьдран оршихуйг бий болгох оюун ухаантай болон бүтээгдсэн гэсэн байдаг. Тэрхүү нарийн холбоос гэгч нь эх дэлхийн амин сүнснээс нэгэн хэмийг таслан авч хүмүүний биед хөх толбо болгож хийсэн тэр бодис бололтой. Ингээд бодоход хөх толбо бол бидний хариуцах зүйлийг минь сануулагч юм байна.  Хүйн холбоотой гэдгийг босоо холбоос илэрхийлэх болов уу. Юун босоо холбоос вэ гэж бодож магад. Энэ яг л эх үрийн нандин холбоо гэсэн үг . Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэдэг ардын үг байдаг да. Энэ үгийн орчин үеийн бидний ойлголт арай өөр мэт боловч үрс бид уулны учрыг олж ухаанаа тэлж, эх дэлхий дээрээ хэрхэн амьдран орших ёстойгоо танин мэдэж, түүнийгээ амьдралдаа хэрэглэх гэсэн санаа болов уу. Эхээс төрөхдөө бид юу ч мэдэхгүй ямар ч гэм хоргүй төрдөг. Харин эцэг эхийнхээ хайр халамжинд өсөж , тэдний зааж сургасныг сонсон өсдөг боловч идэж, ууж, өмсөх ,хэрэглэх, зугаалж, цэнгэхэд амьдралын утга учир байдаг гэж өнгөцхөн бодож өссөн нь хэд байгаа билээ. За ингээд эхний асуултууд дахиад л гарч ирнэ дэ.
Идэж , өмсөх, эд, орон сууцаа хариуцаж миний чиний гэх зааг ялгарал тогтоожээ. Хүний эрх ямар байхыг эд юмс шийдэж, эд ямар байхыг зоос мөнгө шийдэж байна. Эцэстэй хүний эрх биш эдийн эрх байна. Хүний хариуцлагад байгаа хувцас эд хөрөнгө үнэтэй харин хэн ч хариуцахгүй байгаа  хүн үнэгүй . Хариуцлагын тухай мунхаглал ийм л байна. Амьгүй  нь амьдыг удирдваас яах вэ? Эдээр удирдах гэдэг эгэлгүй мунхаглалыг яах вэ?

Бэхи хатаны судар дээр:

Аливаа ургамал, амьтныг байгал хариуцаж байгаа юм биш
Цаг уур орон зай амьд явж ургаж байгаа юм
Цаг уур орон зайг хүн хариуцаж байваас
Амьд явж ургаж , байгаа бүгд " хэм-эн" байгаа юм.
Цаг , уур орон зай байгалд зөн байдаггүй ч гэсэн
Цэгц жамыг эвддэг мунхаглал байдаггүй нь сайхан
Ургамал амьтан ургаж, үхэж байдаг боловч
Урсах цагийн аясаар байгаль хорогдох хоомой
Оргож амьд яваа бүгд үхэж мөхөх угтал байна
Орчлон хариуцаж байхгүй бол сүйрэх
Онцгой зохицлоор хижи гөрөөс шалгарсан байна.
Үүргээ биелүүлэхийн тулд хүн нар
Үнэний алтан дээдэд гэгээрч зөнч болох тавилантай байна
Эцсийн эцэст эрх эдэлнэ гэдэг нь хамтын хариуцлага юм гэжээ.

Тэгэхээр хүн юу хариуцах болж байна? Цаг уур орон зайг хариуцах нь, орчлонг хариуцахгүй бол сүйрэх нь. Тэгвэл тэр хариуцах гээд байгаа цаг уур ,орон зай, орчлонгийнхоо талаар мэдэж байж зөнч болох нь. Эргээд хүүхэд эхээс төрснөөсөө эхлэн бодъё. Эхээс төрсөн хүүхдийг эцэг эх нь өлгийдөн авч зааж сургаж чиглүүлдэг. Тэгэхээр энэ бүхэн гэр бүлийн хүмүүжлээс ихээхэн хамаатай болох нь. Орчин цагт цэцэрлэг сургууль гээд даатгах газар ч их болж. Хэдий тийм ч гэр бүл бол хамгийн чухал. Хэрэв эцэг эхчүүд бид хүүхдээ анхнаас нь бага балчраас нь зөв зам, зөв зүйлийг , ертөнцийн жам ёсонд нийцсэн бүхнийг зааж сургахгүй бол тэд маань хааш хөтлөгдөн одох бол. Одох бол ч гэж дээ хэдийн бид буруу замаар будаа тээсэн гэдгээ ч ухаарах завгүй яваа бус уу. Иймийн учир л тэнгэр дээрээс өвгөд минь үрсээ харан зүрх нь шимширч суусан биз . Үүгээр ч барахгүй олон олон удмын онгод буурлууд бууж үр ач нараа орчлон ертөнцийн жамд зохицох нүүдэлчин ухаандаа сурган ёс заншлаа сэргээх гэж оролдон буй биз. Энэ бүгд байгаа нь хүн гэдэг үхээд бүх зүйл дуусдаггүй болохыг илэрхийлэх мэт.  Монголчууд үүнийг үндэс иш цомирлог нь удамшил зөв хүчин дор ургадаг гэж сударт бичсэн байдаг. Хүн амьд махан биетэй байх хугацаандаа цаг уур , орон зай, орчлонгийн талаар танин мэдэж, өвгөд дээдсээс уламжлуулж ирсэн ёс заншлаа ухан тайлж сэргээж, өөрийн гэсэн амьдралын туршлагыг хуримтлуулж, өвгөдийн мэдлэгтэй нийцүүлэн батлаж ойлгож ухсан бүхнээ үр хүүхдүүдээ уламжлан үлдээж замнуулах нь хүн болж төрсний үүрэг буюу хариуцлага гэж ойлговол эрх эдэлхүй гэдэг энэ болох нь ээ.
Гэвч эрх эдлэхүй гэдгийг өнөөгийн нийгэмд эрх бол өгөхийн дархан биш авахын дархан гэсэн ойлголт хүчээ авч. Харин монгол ухаанд үүсэл гарвалаасаа эхлээд амь зуулгаа олж, амьдралын утга учрыг эрж хайн , олон ухаарч, амьдрал дээрээ баталж, хэрэгжүүлж , мэдсэн болгоноо зам мөрөө болгон, түмэн олондоо түгээж, амьдралдаа харилцаа болгон жаяглаж эрхийн 5 дээд жаягийг төрийн минь сүлд хэмээн иржээ. Тэгэхээр энэ эрдэм мэдлэгт тэмүүлэх тэмүүлэл нь хүндэтгэлт төрийн сүлд болжээ. Түүнийг дааж явах гэдэг нь асуудлын гол болж байна.

Эрх эдлэхүй

Орчлонгийн амин чанарт онолоор зохицож
Орон зай цаг уурын 5 хүчийг нэү тух болгож
Цагдах шорон, тахал, тамлал, доройтол үгүй
Цаг бус үхэл, ган , зуд үгүй
Моныг голлож Монголоор амьдрахыг эрх эдлэхүй гэмү

Хатаны судар дээрх эдгээр шүлгүүдийг уншаад ойлгож ухахгүй зүйлс их байх боловч бид энэ шүлгээс хэд хэдэн үгсийг тодоруулж ойлгохыг хичээе.

Орчлон - өнөө бидний хариуцахгүй бол сүйрэх зүйл маань. Хөх толботой маань холбоотой. Үүрэг хариуцлагаа умартсан хүнээс хөх толбо нь аяндаа бүдгэрэн алга болдог гэдэг ба ингээд бодохоор ертөнцийн жам ёсыг танин хүн төрөлхтнийг зөв замд нь хөтлөгч нар нь өнөө бидний цөөхөн монголчууд ба үлдсэн хөх толботнууд. Юу гээчийн том үүрэг хариуцлага үүрч яваа улс вэ бид чинь. За ингээд орчлонгийн амин чанар  гэдгийг хайлаа. Хэдий гуравхан үг боловч цаад утга нь их л гүн бололтой. Буурлуудын айлтгалд эрдэм боловсролыг оройлон залж, мэдвэл зохихуйг мэдлэгтээ хурааж, зорилго хүслээ нэгтгэн хурааваас амин чанар нь бүрдэх билээ гэсэн байдаг . Хөтөлсөн мэдлэгээ зорилго болгож, эл биеэ тэгшлэн засвал амин чанар нь үүсэх нь . За тэгвэл энэ их орчлон ертөнцийн их мэдлэгийн санг бидний өвөг дээдэс онол болгон боловсруулж өнөө бидний үед хүргэсэн байх юм.  Тиймээс энэ онолыг ойлгон ухаж биеэ засаж мөнхийн тэмүүлэлд явах нь  бидний эрх юм байна шүү дээ. Цааш нь задраад яваад байх юм бол маш их зүйл болох учир та бүхнийгээ залхаалгүй өөрсөд тань үлдээе дээ.

No comments:

Post a Comment