Tuesday, April 28, 2015

Үг үйлдэл 2-ын хооронд орших Би

Ууг нь бол үгнээс өмнө их юм бий л дээ.  Бодол гэж айхтар юм бий. Хүн өдөрт хичнээн мянган бодол тээдэг гэдэг билээ дээ барууныхны гаргасан судалгаа байдаг. Харин үг, тэрхүү бодлын цэгцрэлээр ил болон гардаг ч юм уу. Бодлогогүй хэлсэн үг гэж байдаг ч бодолгүй хэлсэн үг гэж байхгүй бизээ. Үг амнаас гартлаа зурсхийх бодол, сэтгэл хөдлөлийн нөлөөнд урсах байх. За энэ бүгдийг орхиод амнаас нэгэнт гарсан үг, харин тэрхүү үгээ үйлдэл болгохын хоорондох их зайны талаар бодлоо бичмээр санагдлаа. Үг үйлдэл 2 ын хооронд үүдэн хойморын зай бий гэдэг үг хэнээс ч юм сонссон ч юм шиг эсвэл бодолд зурсхийж орж ирэв үү санахгүй байна.
Нэг ухаант хүн хэлэхдээ :
Хайхам гэж магтахад нь байдаг юм биш

Хайхам гэдгийг  нь бүтээхэд байдаг юм гэсэн юм. Тухайн үедээ сонсоод л өнгөрч билээ.
Одоо эдгээр үгсийг эргэцүүлэн бодох тусам үг, үйлдэлээ нийлүүлнэ гэдэг хэцүү даваа бололтой. Үүдэн хойморын зай гэхээр гэрийн орон зай тэр чигээрээ байх шиг. 
Бид монголчууд монгол гэрдээ бүх л зүйлийг бэлэгдсэн байдаг шүү дээ. Энэхүү орон зайдаа бор гэртээ Богд, хар гэртэй Хаан болон сууцгаадаг улс даа.  Тэгвэл энэ үгийг үг үйлдэлээ нийлүүлж чадвал гэрээ бариад сууна даа гэж ойлговол болох болов уу.  
Онлайн ертөнцөөр дүүрэн хүн бүхэн үгээ хэлдэг болсон одоо үед , үгний үнэ цэнэ ч үгүй болж байна гэлтэй. Хөөрхий ерөнхийлөгч маань хүртэл  хэлсэн  үгээ  үйлдэлтэйгээ холбоогүй учраас олон нийтийн зүгээс нэлээн шүүмжлүүлж ямар сайндаа "Уран хөхөө" нэртэй болохов  дээ. Харин ямар хүмүүсийн үг үнэ цэнэтэй сонсогдох болов оо гэхээр өөрийн хэлсэн үгсээ амьдрал дээр үйл болгож баталж чадсаных нь ч юм уу гэлтэй. 
Ингээд ярих юм бол улс төр, сонгууль руу ороод явчих гээд байгаа болохоор өөр дээрээ ярьсан нь арай амьдралтай ч юм уу .
Жишээ нь л гэхэд миний нүүр хуудасны зураг дээр " Дэлхий ээжээ аварья " гэсэн үг байдаг. Харин энэ сүржин гэмээр үгээ би хэрхэн үйлдэл болгож байгаад л асуудал байгаа бололтой. Хэрэв та ийм сүрхий үг тавьсан бол дэлхий ээжийнхээ төлөө юу хийж байгаа вэ гэж хүн надаас асуувал би юу гэж хэлэх вэ? Гэтэл үнэн хэрэг дээрээ би өөрийнхөө л чадах л юмыг хэлнэ. Дэлхий ээжээ аварья гэсэн уриан доор хэдэн мод тарьсан л даа. Моднууд маань ч сайхан ургаж байгаа.  Ер нь бол би  бусад хүмүүсийн адил хэрэглэгч. Би бас зуслан дээрээ очоод модоор гал түлдэг маань үнэн. Миний хэрэглэсэн мод миний тарьсан модноос хамаагүй их. Хэрэглэсэн бол нөхөж бай гэсэн үгийг хэлэх дуртай ч үйлдэл дээр маань бас л зөрүү гарч л байна.  Би бас хүүхдүүддээ усаа хайрла . Шүдээ угаахдаа усаа битгий гоожуул гэж хэлдэг хааяа бас өөрөө усаа гоожуулчихаад хүүхдүүддээ та өөрөө усаа гамна гэчихээд өөрөө гоожууллаа гэж загнуулж л байсан. 
Энэхэн жаахан зүйл дээр ч үг үйлдлийн зөрүү яаж гарч байгааг харахаар үнэхээр үгээ хянах нь дээр үү?  Үйлдлээ ихэсгэх нь дээр үү гэдэг бодол гарч ирж байх шиг. Үүнээс л өөрийгөө засах маань эхлэх юм болов уу.
Ингэж бичихэд нэг талын хэтэрхий өрөөсгөл сонсогдох байх. 
Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг монгол ардын зүйр цэцэн үг байдаг гэдгийг бас мартамгүй . Гэхдээ хэлсэн үгний араас хариуцлага дагалдаж байдаг гээд ойлгочихвол өрөөлийг сургах гээд байхаар өөрийгөө хянадаг болчихвол зүгээр ч юм уу даа.
Үгэн зэвсэгтэй улс төрчид маань үг үйлдлээ нийлүүлдэг болчихвол улс маань дэвжих ч юм бил үү.  





Wednesday, April 22, 2015

Мөнгө ба Монгол үргэлжлэл

Би БуурЭрЭЛ-тэй ярилцснаа уншиж үзээд цааш бодлоо. Ер нь мөнгийг манай хаадууд өөрсдөө зохиочихоод яагаад одоо муулаад байгаа юм болоо. Нэг талаас энэ чинь маш их зүйлийг хөнгөвчилж байгаа зүгээр л нэг хэрэглэгдхүүн биз дээ гээд.
Одоогийн дэлхий дахинд ноёрхож байгаа мөнгөний бодлого гээч нь юу вэ? Зүгээр л эдийн засгийн огт мэдлэггүй хүний хувиар бодоход мөнгийг баталгаажуулж байгаа нь цаана нь байгаа алт юм уу ямар нэгэн нөөц байх. Гэвч тэр баталгааг нь хэн баталдаг юм бол. Мэдээж банкууд л байх. Тэгэхээр бодьё л доо. Дэлхий хэмжээнд мөнгө гээд цаас эргэлдэж байгаа. Тэр тодорхой хэмжээтэй . Түүнийг хянаж байдаг нэг л бодлого байдаг уу? Мөнгөний бодлого. Тэр бодлого нь юун дээр тогтож байдаг юм бол? Яаж бүгдийг хяналтан доороо байлгах уу гэдэгт чиглэгддэг юм болов уу? Тэгэхээр дэлхийн банк зээлийн хүү, мөнгөний нийлүүлэлт гээчээр биднийг хянаж байдаг юм уу?   Тэр нь хянаад байгаа нь тэгээд хэн бэ? Монголчууд лав биш. Тэгвэл бид яаж өөрөө өөрсдийгөө мэддэг болох вэ? Өөрсдийн бие даасан мөнгөний бодлогоор уу?  Ха ха хэхэ гэж ихэнх мундаг эдийн засагчид инээх байх л даа. Бид нар даяарчлагдаж байна гээд. Бид чинь лаг шаварт хэдийн суучихсан. Хэдэн ч тэрбум долларын бонд гээчийг улсаа барьцаалаад тавьчихлаа даа. Одоо юун үндэсний мөнгөний бодлого тэд юу гэнэ бид тэгж л хөдлөх  юм уу? Эсвэл арай өөрсдийгөө доош нь хийгээд байна уу? Төр засаг маань бас арай хол алсыг харж л байгаа байлгүй дээ гэж найдах уу?
Их хатны судар дээр таван зуун жил монголыг тамлах тахлын цагийг тунбао  (мөнгө гэдэг үгний эртний хэллэг) авчирна гэж анхааруулан бичсэн байх юм.
Ахуйг тунбаогоор орлуулаад
Ахуйт төр хоосрох бус уу
Ардаасаа гуйхуй дэрэмдэхүй
Хулгайлахуй хуурахуй болох бус уу  гэжээ.
Энэ юу гэсэн үг вэ? Өнөөгийн төрийн бодлого нэг иймэрхүү л байгаад байна уу даа...

За да ер нь өөрийн хийсэн хоолоо идээд, өөрийн хийсэн хувцсаа өмсөөд байж байх юм уу хаашаа юм? Өөрсдөө төмс хүнсний ногоо, тариа будаагаа тариад, малаа маллаад хүнсээ хангачихна. Өөрсдөө ноос ноолуураа боловсруулаад, арьс ширээ боловсруулаад даавуугаа хийгээд хувцасаа хийгээд өмсчихнө. За энэ бүхнийг чаддаг байсан чадах л байх. Харин яаж ? Мөнгөө дотроо бие биенээ дэмжихэд ашиглахаас гадагшаагаа нээх алдаад баймааргүй байх хэрэгтэй юм уу? За тэгэхээр бүгд ухамсарын түвшинд үүнийгээ ойлгож дэм дэмэндээ дээс эрчиндээ зарчмаар амьдарч сурах. Харин бусад хэрэглээгээ яахын? Өөрсдийнхөө хийсэн зүйлээ малынхаа ашиг шимийг, иргэдийнхээ оюуны чадлаар бүтсэн бүхнээ бусдад арилжиж бусад хэрэглээгээ хангах гарц байна.   Тэгвэл бусад хэрэглээгээ хөнжлийнхөө хирээр хөлөө жий гээд хүн бүр хянах болох нь ээ. Ёстой олон мөнгөтэй хүний дургүй хүрэх байх даа. За үүн дээр л хамтын хариуцлага гэдэг ойлголт гарч ирэх байх даа. Би л болж байвал ер нь бусад нь ямар хамаа байнаа. Олигтойхон ажил төрөл хийгээд мөнгө төгрөгтэй болцгоо. Хэн нэгний өмнөөс би яахаараа хэрэглээгээ хянах ёстой юм бэ гээд. Тэгэх  юм бол тэр дэлхийн мөнгөний бодлогодоо хянагдаад явж байя гэх байх. Би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ ажиглаад байхад одоогийн эдийн засаг бол хэрэглээд бай хэрэглээд бай гэх хэрэглээг дэмжсэн бодлоготой байх шиг.  Хэрэв хэрэглээг дэмжиж байгаа бол дэлхийн нөөцийн асуудал хэзээ нэгэн цагт гарч ирэх нь тодорхой.  Эсвэл бид өвгүд шигээ өөрсдийн нөөцөндөө тулгуурлаж  хэмнэлттэй хэрэглэж, хэрэглэхээ тооцож , хэрэглэхээ бий болгож байх  бодлоготой байх уу?  Сударт үүнийг байгаа хүссэн хоёрыг байлгахуйтай гурамсах гэж хэдхэн үгээр бичсэн нь үнэхээр хайхамшиг гэлтэй.  Үүнийг манайхан ахуй гэж хардаг байсныг нь бид мөнгөний хэрэглээ болгочихсонд алдаа байна уу?

Tuesday, April 21, 2015

Үнэ цэнэ

Хэдэн гаригийн өмнө нэгэн онгод надад үнэ цэнэ гэдгийн талаар таниж мэдээрэй гэж хэлж билээ.  Үнэ цэнэ гэдгийг одоогийн зах зээлийн ойлголтоор бодоход их мөнгөөр авах зүйл гэж ойлгож болох ч  гүн утгаар нь бодвол их өөр зүйл байх нь.
Хүнд юу хамгийн үнэ цэнэтэй байдаг вэ ? Мэдээж өөрийн минь хайрладаг бүхэн надад үнэ цэнэтэй. Үр хүүхэд, эр нөхөр, эцэг эх, ах дүүс, найз нөхөд гээд л . Энэ бүхнийг дэс дараалуулна гэхийн бол утгагүй ч юм шиг. Гэтэл бас дэс дараалал гэж байдаг бололтой. Хамгийн эрхэмлэж хайрлаж явах зүйл маань тэгээд юу юм? Газар шороо эх нутаг эх орон минь үү? Эсвэл хэт дэврүүн хоосон сонсогдож байна уу? Сүүлийн үед эх орон , газар шороо гэж ярьсан болгон популист гэгч гадаад үгээр цоллуулах болсон болохоор эдгээр үг өөрсдийн үйлдэлтэйгээ л холбохгүй бол хоосон амнаас гарах авиа төдий сонсогдож байна уу даа.
Зүгээр л энгийнээр бодоод үзэхэд энэ газар шороон дээрээ энэ бүхэн маань  оршин тогтнож байдаг шүү дээ.  Нэг хүн надад эрдэнэ чинь гишгэх газраас чинь л эхэлнэ гээд харин хариуцаж байж эрдэнэ шүү гэсэн юм. Ер нь хүмүүс их үнэ цэнэтэй зүйлээ эрдэнэ гэдэг шүү дээ. Харин хариуцаж байж эрдэнэ болдог юм шүү гэх үгийн  утгыг юу гэсэн үг вэ гэж нүүр хуудасны нэг найз маань асуусан юм. Олон хүн нэг зүйлийг хариуцах тусам үнэ цэнэ нь нэмэгддэг гэдэг. Жишээ нь нэг хүний бүтээл  байлаа гэхэд олон хүн түүнийг нь уншиж , олон хүн тэр тухай хоорондоо хэлэлцэж, олноороо маргалдаж эхэлбэл энэ бүтээл  үнэ цэнэтэй болж байна гэж ойлгож болох юм. Харин хичнээн үнэн зүйл бичээд түүнийгээ олон хүнд хүргэж олны анхааралд орж чадахгүй бол бас олон хүн түүнийг нь батлан тэр бүгдийг нь үйл болгож чадахгүй бол  тэр үнэ цэнэтэй болж чадахгүй бөгөөд хэзээ олон хүн ойлгож хүлээж авсан хойно нь л үнэ цэнэтэй болох нь байна гэж ойлговол ямар байна?  Хэдий чинээ хүн хариуцаж байна төдий чинээ үнэ цэнэтэй байх уу? Цаг хугацаанаас бас хамаарах л байх. Жишээ нь Ван Гог-ын зурагнууд түүнийг амьд байхад тийм ч үнэтэй байгаагүй бөгөөд зураач нь ядуу байсаар үхсэн гэдэг харин одоо Ван Гог-ийн зурагнууд дэлхийн хамгийн үнэтэй зурагнуудын нэг болж. Тэгэхээр аливаа үйл үнэ цэнэтэй байхын тулд цаг хугацааны шалгуурыг давах чанартай ,үлдэцтэй, гүн мөртэй байх нь үнэ цэнийг тодорхойлох бололтой.  Ингээд бодохоор үнэ цэнийн асуудалд цаг хугацаа, орон зай, уур амьсгал гол үзүүлэлт болдог юм болов уу? Энэ цаг хугацаа, орон зай , уур амьсгалын дунд хүн бид оршин байж үнэ цэнэ гээчийг тодлон байна уу?  Одоо өөрсдийнхөө амьдралаар бодьё л доо. Бид үр хүүхдүүддээ үлдээх үнэт зүйлсээ юу гэж боддог билээ? За ямар ч байсан үхэхдээ хүүхдүүддээ орон байр, үнэт эдлэл, банкин дах хуримтлалтай үлдээгээд үхье гэх хэсэг байхад харин үр хүүхдүүдээ хэзээ ч ямар ч үед амьдралаа аваад зөв сайхан амьдрах ухааныг нь, урыг нь зааж сургаад үлдээчих юмсан гэх хэсэг бас л байна. Ямар ч цаг үед, ямар ч  цаг уурын өөрчлөлт болоход , ямар ч улс төрийн нөхцөл байдалд , ямар ч дайн тулаанд үр хүүхдүүдэд минь юу үнэ цэнэтэй байх бол гэж бодож үзсэн болов уу? Эдийн засгийн нэг хямралаар банкин дах мөнгө нь цаас болж болно. Нэг газар хөдлөхөд өнөө сайхан орон сууц нь нураад уначихаж болно. Хүчтэй, зальтай нэг нь   үнэт эдлэлүүдийг нь хулгайлаад, дээрэмдээд , зальдаад авчихаж болохыг үгүйсгэхгүй .
Ингээд бодохоор эцсийн эцэст үр хүүхдүүддээ үлдээх үнэ цэнэт зүйл маань юу болж таарч байна даа? Ямар ч үед тэсэж үлдэж чадах их ухаан биш гэж үү? Өвгүдийн өв их боловсрол биш гэж үү ? Харин хамгийн үнэ цэнэтэй гэж дээр дурьдагдсан газар шороо минь биш гэж үү?
Үнэндээ бид их азтай хүмүүс юмаа. Ямартай ч бидэнд тусгаар Монгол улсыг минь үлдээж өгч. Өв их ухааны онол болох судар номнуудыг дамнуулаад аваад ирж. Тэр бүү хэл өөрсдөө бууж ирээд үрсдээ үгээ айлдаад байна.  Харин энэ бүгдийгээ бид хариуцаж үнэ цэнэтэй болгох , үр хүүхдүүддээ өвлүүлэх л үүрэг минь болоод байна уу даа.
ЯАЖ? гэдэг том асуулт хүн бүрийн дотор байгаа биз . Давуу талууд болох онол нь байна, үгээ хэлэх өвгүд нь байна. Хэрхэхийг тэнгэр мэднэ гэх үү ? Үрсүүд бидний хичээл зүтгэл  мэднэ гэх үү? Өвгүдийн ухааныг өнөө цагтаа тохируулах өөрсдийн хичээл зүтгэл мэднэ гэх үү?  Их жанжины маань хөшөөн дээр бичсэн үг дээр бол дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ гэсэн байдаг санагдаж байна.

Sunday, April 5, 2015

Мөнгө мөн Монгол гэж юу болох

2015.02.25
Бууралтай хөөрөлдсөн нь :

Балчир : Мөнгө мөн Монгол гэж юу болохыг тодолж өгнө үү
БууЭрЭл : Мөнгө мал 2 ын ялгааг үр чи олоод хэлээдэх. Мөнгө гэж байхад мал гэж яагаад асуугаад харьцуулаад байгаагийн учрыг нэг тайлаадах
Балчир : Мал чинь өсөж үрждэг амьд амьтан шүү дээ. Үржил шимээ өгч үр төл нь өсдөг шүү дээ.
БууЭрЭл : Тэгвэл та нарын шүтээд байдаг мөнгө чинь бас л үрждэг биз дэ?
Балчир: Тиймээ бид бас мөнгийг үржүүлэх гэж ажил хийдэг л дээ. Гэхдээ мөнгө чинь амьгүй биз дэ?
БуурЭрЭл : Мөнгийг та нар шунаг сэтгэлээрээ амилуулдаг биш үү?
Балчир : Тэгвэл бас л амьтай юм уу? Тэр чинь амьсгал авч халуун эрчим ялгаруулдаггүй. Хооллодоггүй шүү дээ.
БуурЭрЭл : Тэр та нарын сэтгэлээр хооллодог юм биш үү?
Балчир :тийм байж болох юм.
БуурЭрЭл : Тэгээд мал мөнгө 2-ын ялгааг олов уу?
Балчир : Мал бол эх газартайгаа амин шүтэлцээтэй оршиж, идэж ууж, өсөж үржиж , ашиг шимээ хүртээж, үхэж газартай шим болдог юм байна. Харин мөнгөнд тэр амин шүтэлцээ нь алга . Тэр зөвхөн бидний сэтгэлээр хооллож, илүү ихээр шунавал байгаль дэлхийдээ хор хөнөөлийг үйлдүүлдэг юм байна.
 БуурЭрЭл : Малыг яах гэж өсгөдөг юм? Мөнгийг яах гэж өсгөдөг юм? Зорилго нь юу юм?
Балчир : Ашиг шимийг нь хүртэх гэж. Мах, сүү, арьс үсийг нь боловсруулж амьдрал ахуйдаа хэрэглэх гэж. Мөнгийг мөн л өөрсдийн арга ухаанаар өсгөж амьдрал ахуйдаа хэрэглэх гэж. Гэхдээ өсгөх явцад нь ялгамж гарч байна. Малыг өсгөхийн тулд байгаль дэлхийтэйгээ холбогдож түүнийгээ танин мэдэж, үр төлийг нь авахын тулд өвс бэлчээрээс авхуулаад бүх зүйлийнхээ зохицолыг олж , суралцаж, хамтран нэгдэж нутаг усаа хамгаалж, ус голоо хайрлах юм байна. Харин мөнгийг үржүүлэхийн тулд бас л их ухаан зарах боловч , явж явж хамгийн цаана нь алт гээч зүйл дээр тулах ба тэр нь байгальдаа байгаагаараа биш хэн нэгний сейфэнд байгаагаар л төсөөлөгдөж байна.
БуурЭрЭл : Тэгвэл төрөхийг гол болгож байгаа нь малчин, үхэхийг гол болгож байгаа нь мөнгө байгаа биз дээ. Мал маллагчид тэгвэл нэгэн зорилготой ний тархитай байж юуг гол болгох нь уу?
Балчир : Моныг гол болгох. Сударт  малыг биш хүнийг хамтаар хариуцах ёстой гэж сэтгэж Моныг голлох ухамсар үүссэн гэсэн байсан. Ний бүлээрээ төрөхийг гол болгохыг  Монгол гэх юм уу? Аан тэгэхээр төр гэдэг үг чинь үүнтэй холбоотой юм уу? Өө хөөрхий манай энэ төр чинь тэгээд эсрэгээрээ болчихсон яваа юм байна.
БуурЭрЭл :
Түмэн жилийн
Төгөлдөр ухааныг олж
Төр улсаа тогтоож
Түвшин амгаланг оршоож
Мөнхийн эргэлтийн судсыг атгаж
Мөрөн голын урсгалыг жигдрүүлж
Өсөх үржихийн учгийг тайлж
Өөдлөн дэвжихийн ухааныг олж
Хамтаар хариуцахын чухлыг ойлгож
Тоонот гэртээ толгой холбож
Торгон дээлээ урлан өмсөж
Тооцох ухаанаар хэмээ бүрдүүлж
Зүрх сэтгэлээрээ уялга хийж
Зүүд нойрноос зөнгөө сэргээж
Арга билгээ тэнцүүлэн байж
Асралт эзнээ тэтгэн дэмнэж
Алс замд одно буй заа





Айлдвар

Эрүүл биед саруул ухаан оршиж
Энх мэндийн аялгуу цуурай татуулахад
Эр зоригийн үйлс бүхэн дэлгэрч
Эрхэм 9 ийн мэдвэл зохихуй ундарнам
Амин хайртай бүхнээ эрхэмлэж
Алдар нэрийг цуурайтуулавч
Хаданд цуурайтан замхрахад
Хахир хүйтнийг сэтлэх үү гэдэгт
Учиг юу нь оршиж
Урвал юу зохицож
Ундарга юу нь бөглөрч
Уулс юу нь хөтлөж
Хүний зорчих орчил нь
Хүлгийн хөлд дэвсэгдэж
Хүүхэн хонгор үрсийн
Хүслийн жигүүр болном зээ
Аяа энэ бүхнийг өр зүрхэндээ ургуулан байж
Өвчүү цээжээ дэлгэн байж
Үлэмж тунгалагтай учран байж
Өлмий доор нь сөгднөм зээ
Огт оргүй юм бол
Зай барих нь юу юм?
Олом үгүй юм бол
Эн тогтоох нь хаана юм?
Олзолж шүүрсэн бүгдээрээ
Орчлонгийн үнэнг цогцлоож
Олом үгүй далайдаа
Омголон цэнхэр хөлгөөрөө
Олзоо тээн хөвөх биш үү
Тээсэн олзоо харин
Тэрэг болгоод түрэх үү
Тэнхээ мэдэн үүрэх үү
Үрсийн ухаан мэднэм зээ


Sunday, February 15, 2015

Эвч

Яагаад энэ үгээр эхлэн бичих болов оо гэхээр өнөөгийн бидний нийгэмд хамгийн их шаардагдаж байгаа зүйл юм болов уу гээд л...

Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр гэсэн зүйр үгс байдаг.
Бар хүчний бэлэгдэл . Дөрвөн хүчтний нэг болохоор ингэж бодлоо. Хэдий бар газрын хүчтэн ч гагц дан хүчээр яах ч билээ. Хүчийг нь хэрэгтэй газраа хэрэгтэй цагт нь гаргах ухаан үгүй бол өвгөн арслан 2-ын үлгэрт гардаг шиг мадлагдах баталгаа өндөр. Тийм болохоор ганц бар бол дан ганц хүч тэнхээг илэрхийлэх мэт
Цуглаж суусан шаазгай . Цуглаж гэхээр ухаанаа үржүүлж байна уу даа. Нийлж суугаад хэлэлцэж байж нэгнийхээ мэдээгүйг нэг нь мэдэж  оновчтой шийдэл гаргах магадлал өндөр тул ганц барнаас илүү дээр гэсэн санаа болов уу? 
Энд цуглаж суусан гэхээр ямар нэг зүйл тэднийг цуглуулсан байж таарна. Нэгдмэл зорилго, нэг дайсан, нэг газар, нэг саад бэрхшээл , ямартаа ч цуглуулах шалтгаан байж. Цуглуулж чадсан нь эвч үү?

Монголчууд бид одоо яагаад хэдэн тийшээ хардаг болчихвоо? Биднийг нэгдүүлж байгаа маргашгүй нэг зүйл бол Монгол гэдэг тусгаар улсын иргэд гэдэг маань бас оршин амьдарч байгаа нэгэн газар нутаг маань. Үүнд жалга довны асуудлыг хамруулахаа болье гэвэл шүү. Харин энэ газар нутаг дээр амьдарч байгаа монголчууд бидний одоогийн төрийн бодлого дээр асуудал үүсэж, олон нийтийн дунд төрөө муулсан , төрийн явуулж буй бодлогод харамссан, хүчтэй эсэргүүцсэн, эргээд сөргөлдсөн гэх мэтээр илэрч байна. 
Аливаа улс оронд хэн нь зөрчих ёсгүй хил хязгаар гэж байдаг. Харин тэр хил хязгаар зөвхөн хилийн шонгууд дээр биш Монголчууд бидний сэтгэл зүрхэнд, оюун бодолд, хэлж байгаа үг , хийж байгаа үйлдэлтэй холбоотой юм. Хэдийгээр бид хил хязгаартай тусгаар улс мэт боловч харин тос дотроосоо өтдөгийн адил бид өөрсдийн дотор байх үнэт зүйлсээ алдаж байгаа юм биш биз? 
Харин тэр өтийг хил хязгаарыг нь байлдаад эзэлж чадахгүйгээ мэдсэн гадныхан бидний тархи оюунд цацаж, монголчууд бидэнд өнгөний сайхныг үзүүлж, биеийн амрыг нь бодуулж, бэлэн бүхнийг  өгөж, согтууруулж , холч ухааныг минь булингартуулах хоосон магтаалаар утаж, аминч зоргоор болгож, өр зээлэнд дуртай болгож, өөрсдийнхөө өнгө мөнгийг шүтүүлж, хар шуналд автуулан байж аажим аажмаар дотроос минь ялзруулж сайн муугаа танихаа байлгаж байна. 
Гэвч даравч далдайх , булавч бултайх өвгөдийн минь холч ухаанаас салгаж дийлэх болов уу? 

Өнгөрсөн 7 хоногийн Монгол олон нийтийн телевизийн нэвтрүүлгийг сонслоо. 2011 онд ДНБ 17.5 % аар өссөн алтан үе минь ард үлджээ. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаад одоо хэцүү хямралтай байна гэж. Үнэхээр л уул уурхайгаар тэгэж эдийн засаг нь өссөн юм бол яагаад ард түмэн нь өсөж дэвжсэнгүй вэ? Тэр үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байхад бахь байдгаараа байсан бол одоо уналтын үед ухаад зараад ч өөдлөх гэж үү? Ингэж бичихэд энэ юугаа мэдэж ингэж хуцна вэ гэх хүмүүс захаасаа аваад гарна. Бид зам харилцааг чинь сайжрууллаа дэд бүтцийг хөгжүүллээ гэх байх. Үүнийг ч би үгүйсгэж чадахгүй. Тэглээ гээд Улаанбаатар луу цувах ардын зам улам л тодорсон бөгөөд утаан хөшиг минь улам л өтгөрсөн байх. Бид тэгээд яах ёстой юм бэ? Дөрөв дөрвөн жилээр засаг барих хэнээтэнүүд маань өчигдөр хийсэн алдаагаа маргааш нь засах гэсээр өдөр шөнийг үдэж холыг бодох завгүй тэдэнд уулаа ухаж , голоо таслаж олох олзыг үнэний зам хэмээн харах нь аймшиг.
Өөрийн улаан голоор чинь төсөөлүүлж, гол усыг чинь гол гэж нэрлэсэн юм гэх өвгөдийн үгийг юман чинээ бодох ухаан дутлаа гэж үү?  

Ертөнцийн жам юм хойно бид үхэх нь үнэн, үр хүүхэд минь төрөх нь үнэн. Үрсийг минь өлгийдөн тосох газар нутаг минь ямархан байх бол. Үрийг минь өлгийдөх өлгийг минь урж цоолоод,  бузарлаад хаячихвал бид ямархан их уурлаж хилэгнэх бол доо.
Эргээд ирэхэд минь эрдэнэ мэт
Буцаад ирэхэд минь булаг минь ундарч байх болов уу?

Нэг удаа найз нартайгаа салхинд гарангаа элдэв яриа өрнүүлж байгаад л яахав нөгөө 3 монгол нийлэхээр улс төр ярьдаг гэдгийн үлгэрээр улс төр гэж юу вэ гэсэн асуудал руу орчихов. Тэгтэл найзууд маань янз бүрийн тодорхойлолт хэлж байна. 
"  Орчин үед хамгийн оновчтой хэмээн үзэж буй тодорхойлолтыг төр судлаач Г.Еллинек гаргасан бөгөөд төрийг тодорхой нэг нутаг дэвсгэр дээр оршин сууж, тодорхой нэг засагт захирагдаж буй хүмүүсийн нийтлэг гэж үздэг байна. Дээрхи тодорхойлолтоос харахад төрийн үндсэн гурван шинж гарч ирж байна. Үүнийг төрийн гурван элементийн тухай сургаал гэж нэрлэдэг юм. Төрийн үндсэн шинжид нутаг дэвсгэр, хүн ам, нийтлэг засаг буюу засаглалыг багтааж байдаг энэ үзлийг олонхи төр судлаачид дэмжиж хүлээн зөвшөөрч байгаа юм." гэж уншлаа.
Гадны нэг нэр нөлөө бүхий нэг хүн : Улс төр бол эрх мэдлийн төлөөх тэмцэл гэжээ. Яг өнөөгийн төрийн байдлаар бол энэ тодорхойлолт ер нь зөв гэлээ. Харин би дотроо бодлоо. Монголчууд төр гэж юуг хэлдэг байсан юм бол доо гэж.
Түүхэн хатны судрын агууламжаар бол төр бол бүүр эсрэгээрээ эвлэлдэн нэгдэхүйн их ухаан ч юм шиг. Гэхдээ дан ганц хүмүүсийн эвлэлдэн нэгдэх биш бололтой . Үүнд Тэнгэр - Байгаль- Иргүн -ний төгс гурамсалын эв нэгдлийг хангах гэсэн байлаа . Тэнгэр гэдэг үг ороод ирэхээр боловсролтой гэх хүмүүс бас өнөө мухар сүсэг, шашины балай юмаа орууллаа гэх байх. Гэвч Тэнгэр гэдгийг Монгол ухаанаар хүн үүссэн цагаас өнөөг хүртэлх амьдралын ажиглалт, туршлага ололт амжилт, алдаа бүхнийг цэгцэлсэн их мэдлэгийн сан гэж харвал арай өөр сонсогдох байх. Тэнгэрлэг Монголчууд гэдэг үг ч энэ их мэдлэгийн сангаас хүртэгчид гэж ойлговол арай дээр сонсогдох болов уу гэж найднам. Тэгэхээр тэр л утгаараа бидний монголчууд тархиныхаа мананг хөөн тэр их ухаандаа орцгоох гарцаагүй шаардлага гарч буй мэт.

Ерөнхийлөгч Том төрөөс ухаалаг төр лүү гэсэн хөтөлбөр гаргасан. Тэр нь юу юм бэ гэхээр :
Хуулиар өөрт нь оногдсон эрх үүргийнхээ хүрээнд төсөрхөн төсөв, цомхон бүтэц, технологийн дэвшлийг чадмаг ашиглаж хууль, бодлогын хэрэгжилтийг төгс хангаж чаддаг тэр төрийг ухаалаг төр" гэж ойлгож болно гэжээ. Үүнд Тэнгэр-Байгаль- Иргүн гэдгээ сайтар холбон тунгаах шаардлага  зайлшгүй гээд дахин дурьдчихвал яах бол?

Tuesday, February 10, 2015

Өчүүхэний бодрол

Тэнгэр чамд эрдэм хайрлаваас
Тэнгис далайг хага ярах мэт урагшлана чи
Дуу уухайгаа бүү тасал
Хад чулууг бутлах мэт давшина чи
Хашгираа уухайгаа улам чангаруулахгүй юу
Ханцуй хормой урагдан яваа чи
Хойшоо үйл хэргийнхээ мэдээг жигүүртэйгээр илгээ
                                                Эзэн ЧИНГИС Хааны хэлсэн үгнээс

Миний хойчдоо уламжлан дамжуулах үйл хэргийн маань мэдээ юу вэ?  Үйл хэрэг гэсэн болохоор заавал ямар нэгэн юм үйлдэл болгож түүнийгээ уламжлан дамжуулах болох нь. Миний өвгөдийн үйл хэрэг юу байв гэж тодлохоос эхлэх үү? 
Яагаад заавал удмын үйл хэрэгтэй холбох гээд байгаа юм бол? Удам гэхээр яс мах цусан холбоо юм уу? Бас сүнсэн гэчихвэл бүүр ойлгомжгүй болчих уу? Үнэн хэрэг дээрээ сүнс гэж юм байдаг юм байна гээд шинжлэх ухаан батлаад бас жингийг нь хүртэл гаргачихсан байна лээ л дээ. Нэгэнт бид эцэг эхийн хос дусал нийлж бүтсэн болохоор тэднээс өвлөн авсан яс цус байхаас гадна тэр сүнс гэгчид нь хадгалагдсан мэдээлэл гэдэг зүйл байдаг  байж болох уу? Ааваас хүүд, ээжээс охиндоо, үр хүүхдүүддээ   амьдралынхаа туршид хуримтлуулсан мэдлэг туршлагаа уламжлуулан үлдээдэг уламжлал бол амьдрал дээр зөндөө л байдаг . Дархан хүний хүүхэд эцгийнхээ үйлийг уламжлаад дархан хийгээд л явж байдаг. Тэр бүү хэл тэр удмын нэрээр нэрлэгдсэн хийцүүд хүртэл байдаг шүү дээ. Тожил хийц, сэрвээ хийц гээд л нэрлээд байгаа нь тэр л уран дархчуудын хийц  үр хүүхдээрээ дамжаад олны дунд алдаршаад үнэлэгдээд л явж байна.
Тэнгэр чамд эрдэм хайрлаваас гэсэн үгийг дахин уншиж үзэхээр тэнгэр бидэнд ямар эрдэм хайрласан юм болоо гэсэн асуулт гарч ирнээ дээ. Тэгээд тэр тэнгэр нь тэгээд юу юм бэ? Тэнгэр гэхээр яав ч нэг хүнд хамаарагдах эсвэл бас нэг ураг удамд хамаарагдах зүйл биш байх.   Дээрээс мэлтийх тэнгэр биднийг их бага гэж ялгалгүй л байж л байдаг. Харин бидний таамаг бол хүн үүссэн цагаас өнөө хүртэлх энэ дэлхий дээр амьдарч байсан хүмүүсийн мэдлэгийн хуримтлал юм болов уу даа. Тэгэхээр маш их мэдээлэл байгаа биз. Бөөгийн ёсонд 99 тэнгэрийн талаар бичсэн байдаг . Саяхан Намсрай гээд зурхайч ахтай хөөрөлдөж суухад зурхайн сударт 130 тэнгэр байдаг гэж байсан . Тэгэхээр ямар ч байсан тэр мэдээлэлүүдийг эмхэлээд 99 ч юм уу эсвэл зурхайн судраар 130 файл болгочихсон байж болох юм. За тэгээд л тэр мэдлэгийн файлаас тэнгэр чамд нэгээхэн хэсгийг хайрлах юм бол та эсвэл би тэнгис далайг хага яран урагшлах нь дээ. Гэтэл энд бас нөхцөл бичсэн байна. Хайрлаваас гэжээ. Хайрлахгүй  байж бас болох нь . Яахаар хайрладаг  юм бол доо?  Мэдээж ямар нэг байдлаар аливаа зүйлийн учрыг олох гэсэн сониуч эсвэл ямар нэг бэрхшээлийг давж гарцыг олох гэсэн эсвэл бүүр  эсвэл эцэг өвгөдөөс уламжлагдаж байсан уламжлалаасаа тасараад сэргээх гэсэн гэх мэт олон хүслээр ямар нэгэн зүтгэл гаргаж тэр мэдлэгийн сангийн хаалгыг тогшоод ирсэн бол хайрладаг  байх. Эсвэл зүгээр сууж байхад гэнэт чи чадна май гээд өгчихдөг юм болов уу? Ямартаа ч хайрлавал гэсэн болохоор хэнд хайрлах эсэхээ тэнгэрүүд өөрсдөө шийддэг байх л даа.  Гэхдээ энд бас нэг сонин юм байнаа. Дээр яригдаад байсан удмын асуудал. Тэгэхээр тэр тэнгэрээс ирэх эрдэм мэдлэг тухайн ураг удам өөрсдийн чадлаар хуримтлуулан баяжигдан ирсэн удамдаа л өгөгддөг байх уу? Шударга байя гэвэл мэдээж л хүний оюуны өмчийг ямар ч хичээл зүтгэл гаргаагүй хүнд зүгээр л май гээд өгчихгүй л байх л даа. Тухайн нэгэн чиглэлийн мэдлэгийг нэгэн ураг удмын хүн хамгийн их хөгжүүлсэн байлаа гэхэд тэр хүн мэдээж л үр хүүхдүүддээ эсвэл хүүхдүүд нь тоохгүй бол ядаж л тэр тал дээр зүтгэл гаргаж байгаа хүнд хайрлах байх . Харин тэр бүгдээс өөрийн чадах  эрдмийг  хэрхэн нээж  , тайлах юм болоо ? Яаж ч бодсон тэр их мэдээлэлийг нэг хүн хуримтлуулна гэж байхгүй. Байлаа ч үйлдэл болгох дээр асуудал гарах нь ойлгомжтой.  Тиймээс дээрээс мэлтийх тэнгэр хүн хүнд нь тохирсон эрдэм мэдлэгийг хайрладаг ба харин энэ олон эрдэм мэдлэгтэнгүүдийг нэгтгэн нэг том үйл хийх гэдэг хамгийн хэцүү бөгөөд гайхамшигт үйлс болох байх.
Гэхдээ тэр тэнгэрээс хайрласан эрдэм мэдлэгээ юунд ашиглах вэ? Мөнгө олж баяжиж дутах гацах юмгүй амьдрахад уу? Яагаад болохгүй гэж ? Гэхдээ чамд тэнгэр эрдэм хайрласан байхад тэнгэрт чи бас авсан зүйлийнхээ хариуг барих хэрэг гарах л байх. Тэгвэл тэр тэнгэр нь ямар хариу хүсдэг юм болоо? Тэнгэр л юм хойно доороо байх түмэн олны тусын тулд, бас тэнгэрээ нураачихгүй байлгах зүйлийг хүсэх байх. Аан тийм бас хойшоо үйл хэргийнхээ мэдээг бас илгээх ёстой.   Ирээдүйтэй маань холбоос үүсгэж байна. Тэгэхээр тэнгэрүүд биднээс энэ орчлон ертөнцийн зүй тогтол, уялдаа холбоогоо хадгалан эх дэлхий дээрээ урт удаан хугацаанд амьдран оршуулахыг хүсдэг болов уу? Тэгэж байж дэлхий маань байж, дэлхий байгаа болохоор сар нь байж , наран нь байж , бусад 7 гариг нь байж орчлон ертөнц оршин тогтнодог байх. За бүүр орчлон ертөнц гээд томроод алга боллоо. Харин дотогшоогоо орох юм бол бидний ууж идэж, өмсөж зүүж, амьдран сууж байгаа маань бүгд л харилцан хамааралд оршиж нэгэн том цулын өчүүхэн жижиг хэлтэрхий мөртлөө маш чухал үүрэгтэй болж хувирав уу даа. Орчлон ертөнц гэдэг чинь бид мэтийн өчүүхэнүүдийн нэгдэл юм уу? Тэр өчүүхнүүдээс яг юу хамаарах гээд байгаа юм?  Хамаарахгүй байж болох уу?  Өчүүхнүүд хоорондоо хамааралгүй амьдарч болох уу? Яасан ч байсан бид нэг дэлхий дээр амьдарч байгаа нь үнэн юм даг. Тэгэхээр хамааралгүй байх үндэсгүй гэсэн үг болох нь . Харин харилцан хамаарлыг нь ёс жаяганд оруулах зохицол гээчийг олох нь өнөө их мэдлэгийн сангаас хир хэмжээний ашигтай мэдээлэл авч,  авсангууд нь эвлэлдэн нэгдэж чадах эсэхээс хамаарах мэт.   Олон олон онгод тэнгэрүүдтэй золгож байхад бидний бууж ирсэн зорилго бол та нарын үрийн чинь үрсүүдийг та нарыг төрөхөд чинь ямар байсан тэр сайхан дэлхий дээр чинь өлгийдөн авахуулахын тулд л  та нарын мартчихсан, мэдэхээ байсан хэрхэн амьдрах ухааныг чинь сануулан хэлэх гэж удам удмынхаа үрсүүд дээр бууж өөр өөрсдийн мэддэг чаддаг бүгдээ зааж сургах гэж айлдах юм билээ. Тэгээд  тэнгэр эцэг гэдэг чинь энэ их мэдээлэлийн санг удирдан залж , цэгцэнд нь оруулан, орчлон ертөнцийн зүй тогтолыг бүхэлд нь мэдэх их том оюун санаа юм байна гэж мунхаглан бодлоо.