Монгол хатдын онгон түүхийн гялбаа судрыг уншиж байгаад хатад хэрхэн охидоо сургадаг байсан талаар уншсан юм :
Эм хүмүн эр нөхрөө хайрлахад мөрдлөгө болгох 5 зарчим буй. Үүнийг мэдэхгүй бол эр нөхрөө тухлуулж чадахгүй гэсэн сургаал.
1. Эр нөхрөө хүндлэх: Хүндэл гээд Тэнгэр шиг магтах биш. Хүндэтгэж түүний өгүүлэхийг гүйцэд сонсож, өөрийгөө илтгэж, өөрөөсөө дээгүүр харьц гэсэн үг. Харин түүнийг дааж чадахгүй эр нөхөр бол заяаны чинь хань биш . Хүндлэлийг дааж чадаж байж л эхнэр хүмүн, нөхөр хүмүн нэгэн гэрт оршино. Эр хүмүний заяаг өөд өөд нь өргөж байж эр хүмүн хийморьлог явж, нэрийг чинь өргөн түмэнд алдаршуулна.
Энэ Эмгүдийн сургаал. Харин би түүнийг өөрийн амьдралтай холбон бодлоо. Тиймээ би нөхрөөсөө чи намайг хүндэлсэнгүй гэх гомдлыг сонсож байсан. Үнэхээр л бодоод байхад энэ л зарчим зөрчигдсөн санагдсан. Эр нөхрийнхөө үгийг гүйцэд дуулдаггүй талтай. Нэгэн онгодын подкастан дээр Эр хүмүн гэдэг илүүтэй хүсэлдээ хөтлөгддөг харин эм хүмүн илүүтэй нөхцөлдөө уягдах чигчтэй гэж айлдсан байдаг. Тэгэхээр эр хүний хүсэлдээ хөтлөгдөх тэр мөн чанараа үгээр илэрхийлэх мөчид түүнийг хүлээн авах эм хүмүүн хэт нөхцөл байдалдаа автан үл хэрэгсэж өнгөрөөчихдөг талтай байж болох юм. Ахуйн жижиг сажиг өнөө маргаашийн асуудалдаа анхаарлаа илүү хандуулаад эр нөхрийнхөө хүсэл зорилгыг дутуу сонсож анзаардаггүйгээс эр нөхөр өөрийг минь хүндэлэхгүй байна гэсэн ойлголтод орж байх талтай. Саяхан Эр хүмүний мөн чанар гэдэг подкаст сонссон юм. Тэр подкастан дээр нэгэн онгодын ярианд бас "Эм хүмүн илүү гарцыг тавьдаг боловч эр хүмүн харин илүү зохистойг нь сонгодог мөн чанартай" гэж яриж байсан. Нийгэмд ч тэр аливаа болохгүй бүтэхгүй зүйлс гарвал эмэгтэйчүүд эхчүүд л бодит байдалтай нүүр тулж үнэхээр хэцүү хүнд нөхцөл байдалд байна гэдгийг муугаар нь ч тэр сайнаар ч тэр яриж шаагилддаг. Харин эр хүмүүн эдгээр нөхцөл байдлыг үнэлж эдгээр гарцуудаас хамгийн зохистойг нь сонгодог мөн чанартай байх нь . Тэгэхээр эр нөхрийнхөө ярихыг гүйцэд сонсож сурах чадварт суралцах хэрэг гарах нь дээ хүүхнүүд минь Хайрлагдана гэдэг чадвар хайрлана гэдэг ухаан шүү гэж сударт бичсэн байдаг үг санаанд буучихлаа.
2. Эр хүмүүний урдаас их дуугаар бүү ярьж бай. Эрх мэдлийн билэгдэл болдог эр хүмүнд их дуугаар хэлэх нь хэдэн мянган зөв үг хэлсэн ч хэрэгцээгүй болгодог. Аядуу зөөлөн хэлсэн аливаа үг бүхнийг сонсоогүй мэт дүр үзүүлэвч зүрхэндээ шигтгэдэг юм шүү гэж захиж байлаа. Арвинтай бухимдаж, араа шүд тачигнах үе байлгүй яахав дээ. Хамраас цус гарч, цусаар уйлах шахам гомдох үе ч байнам. Тэр бүхэнд өөрийгөө бариж чадаж байгаа эм хүмүнийг эр хүмүн өндөр Тэнгэрээс илүү биширч чаддаг юм гэж сургасан байдаг.
3. Сул юм хэзээ ч бүү хэлж бай. Үг бүхэн чинь үнэтэй байх тусам өөрийг чинь хүндлэх нь их. Үг бүхэн чинь хог байх тусам өөрийн чинь нэр хүнд унана. Үүнийг эмэгтэй хүн бүр мэдэж байх учигтай. аливаа зүйлийг өөнтөглөж, өөг засах ухаан байлгүй л яахав, гэхдээ үргэлж яриад байхаар хов болж хэнд ч хүрч засал болдоггүй жамтай.
Тиймээ хүүхнүүд бид чинь үргэлж л ямар нэгэн зүйл санаанд нийлэхгүй бол үр хүүхэддээ ч тэр эр нөхөртэй ч тэр үглэж яншиж байдаг сул талтай шүү дээ. Харин түүний оронд эр нөхөртэй намуун дуугаар час хийтэл нэг хэлчихэд зүрхэнд нь шигтгэж болох талтай нь байна. Өөрсдийнхөө , гэр бүлийнхээ нэг асуудлыг хамтран шийдэхийн тулд туршиж үзнэ биз. Бас л энэ чадварыг эзэмшиж байж хайрлагдах нь бна шүү дээ.
4. Аливааг захирая гэвэл цэгцэлж захир : Хүмүн ч бай, адуу мал ч бай, гэр орон ч бай захирахын тулд чи хаана юу байгааг бүгдийг мэдэж байх хэрэгтэй. Үргэлж бүхнийг шинээр цээжлэх хэцүү байдаг учраас цэгцэд оруулаад түүнээ цээжилвэл тэр зүйлийнхээ хөдөлгөөн бүхэн чиний нүдний дэргэд ил байна. Энэ амархан сонсогдож байгаа боловч хийхэд хэцүү.
Тиймээ үнэхээр гэрийнхээ эд зүйлсийг нь цэгцлээд энд тийм юм байдаг тэнд тийм юм байдаг гээд цэгцэнд оруулсан байхад гэрийн хэн яаж бусниулдагийг бүүр мэддэг болчихдог шүү дээ. Заримдаа эзгүйд байх үедээ хөргөгчөө онгойлгож үзээд л хүүхдүүд маань юу идэж ууж гэдгийг юу хийснийг нь ч мэддэг болчихдог . Тэр бүү хэл гадны хүн орж ирснийг ч анзаардаг болчихдог.
5. Өөртөө хүртэл үнэнч бай. Хэрэв чи өөрийн үгнээс зөрөх бол чи тэрийг хэлэх эрхгүй. Хүмүнд зөвөлгөө өгөхдөө хүртэл чи түүнийг чаддаг байж зөвлөгөө өгөх хэрэгтэй.
Заримдаа хүүхдүүддээ ч тэр нөхөртэй ч тэр зөвөлгөө өгчихөөд тэрийгээ өөрөө зөрччих юм бол та өөрөө чи өөрөө тэгэхгүй л байна шдээ гэж шүүмж сонсох үе байдаг шүү дээ. Нэг удаа хүүхдүүддээ шүдээ угаахдаа усаа битгий гоожуулаад бай гэж загначихаад өөрөө тэрийг мартах үед хүүдээ тэгж шүүмжлүүлж л байлаа. Тэр үед нээрээ би өөрөө тэгж загначихаад гээд их л эвгүй байдалд орж байсан удаа бий. Энэ бол зүгээр л жижигхэн алдаа юм шиг байсан ч цаад үр дагавар нь өөрийхөө үгний үнэ цэнээ алдаж буйн нэг жишээ байсан . Түүнээс хойш өөрийнхөө үйлдэл бүрийг үглэсэн үгтэйгээ холбох болсон доо.
Эр хүмүнийг хайрлах 5 мөн чанар бий гэж хэлсэн. Үнэндээ өөрийгөө хайрлуулах 5 мөн чанар байсан юм байна лээ. Эр нөхрийнхөө , ханийхаа дутууг нөхөж дүүргэж өгөх , нэгнийхээ хүслээр нөгөөх нь хөлөглөж бүрэн болдог жамыг таниулах Их Хатдын түүхээс суралцмаар
Хүмүн гэдэг үргэлж л бусдаас бурууг хайдаг талтай . Үнэндээ өөрийн дотор луу өнгийж өөрөөсөө алдаагаа хайж засаж чадвал энэ нь эргээд бусдад нөлөөлж болдог байх нь. Яаж вэ гэвэл өөрөө ингэж алдаж байсан юм болохоор бусад хүн ч бас алдаж болно гэдгийг ухаарч байж харилцагчийгаа илүүтэй ойлгож өөриймсөж бодож эхлэх гарц гарч ирэх нь. Энэ л харин харилцааны гацааг гаргаж хэзээ ч эвлэрэхгүй мэт бодож байсан бүхэн энгийн амархан шийдэж ойлголцолд хүрэх боломж нээгдэх юм уу даа.
No comments:
Post a Comment