Friday, February 7, 2020

Солонгос кино ба Ов А бууЭрЭлийн подкаст

Өчигдөр нэг Солонгос кино үзлээ. ( ТВ 9 дээр гарсан Бурхадын орон Зуурдын ертөнц) Яагаад ингэж сонирхолыг минь татах болсоныг тайлбарлая л даа. Ер нь бол урт түүх. Бөөгийн талаар сонирхож эхэлсэнтэй маань холбоотой. Танил  улаачийн онгодуудтай золгож, хааяа үйл хийхэд нь харж суух завшаан тохиож байсан үе байв. Тэгээд нэгэн удаа хүүгээ алдан зовж шаналсан нэгэн ээж ирэхэд нь цуг байж таарлаа. Өнгөрөөд удаагүй байсан болохоор Онгод нь  зуурдын ертөнцийн хаалганд дэнсээнд орохоор олон хүмүүсийн хамт оочерлоод л байж байна гэх нь тэр. Тэгээд тэр нэгэн улаач бүсгүйгээр дамжуулан ээждээ амьддаа хэлж чадаагүй үгээ хийж чадаагүй үйлдлүүдээ хийхэд тэнд байсан бүх хүн өрөвдөн уйлж байж билээ. Гэтэл тэр кино яг ингэж эхэлж байсан юм. Тэгээд л сонирхолыг минь татав.
Энэ явдлаас хойш олон жил өнгөрч өндөр өвгүдийн айлтгал сургаал, Нүрзэд агсны өртөөлсөн алтан аялгуу судрууд,  Гэрлийн өргөөнөөс буулгасан судар ном, өөрийн болон өрөөлийн өвгүдийн сургаал үйлийг ажиглан харж үзэж сонссон зүйл маань их болж амьдралын мөн чанарын талаар багахан ч гэсэн тунгааж аль болох өөрийнхөө үг үйлдэлтэй холбохыг оролдох болсон л доо. Мэдээж тэр болгон сайн байгаагүй л дээ.
Энэ киног үзээд үнэхээр үхээд тэр зуурдын ертөнцөд  очиод хэрхэн амьдарч ирсэнээ дэнслүүлэх өдөр ирвэл амьд байхдаа ухаарч ойлгох юм их байгаа талаар нэлээн бодол төрүүлсэн юм.
Зөв гэж бодож үйлдсэн бүхний нөгөө талд хэн нэгнийг хохироож байсан юм биш биз? Аливаа шийдлийн ард гарах үр дүн хэн нэгэнд бас хор хохирол болдог юм биш байгаа? Хийсэн үйлийнхээ үнэ цэнийг хэрхэн зөв үнэлж байсан , эргээд одоо энэ цагт ямар үр дүн болон ирэх бол ирээдүйд ямар байх бол?
Саяхан Ов А БууЭрЭл-ийн подкастыг сонсож байгаад эрлэгийн дэнсээнд очиход хүн хүнтэйгээ хэрхэн харьцаж хэрхэн баярлуулж хэрхэн гомдоож байснаас илүү байгаль дэлхийд хир өгөөжтэй хир хор хохиролтой зүйл хийснээр чинь эрлэгийн дэнсээ шүүгдэнэ шүү гэсэн үгс нь орой руу орох шиг л боллоо. Бас Ов А бууЭрЭл онгод болохоос өмнө эрлэгийн элчийн ажлыг хийхдээ өөрийн адил амиа хорлогч нарыг хөтлөх үйлэндээ тэр бүхний зовлонгийн шалтаг шалтгаанаас ухан суралцаж тэр бүхнээ бидэнд өгүүлэх нь үнэхээр бидэнд олдошгүй их олз болохыг ухаарлаа.
Бас саяханы нэг эргэцүүлэл дээр минь бичиж байсан тэр Айдас гэх зүйл үнэхээр юу юм болоо?  (https://khdelger.blogspot.com/2019/02/blog-post.html ) гээд л дахин дахин тунгааж өөрийнхөө үйлдэлтэй холбож ухаж ирээдүйд хийх зүйл дээрээ тунгаах зүйл ихтэй боллоо. Тэр айдсыг үргээнэ гэх үгийн цаад гүнийг хүн бүр яаж ухах бол гээд л бодлууд хөвөрч эмх замбарааг нь олох гээд л будилан сууна.
Бурханы шашны дайсан үгүй гэх сургаалыг ухан тунгаах юм бол өөртэй харь мэт санагдах тэр бүх зүйлийг өөртөө ил ойрхон болгож чадаж байж нэгэн бүхлийн өчүүхэн хэсгүүд гэдгээ олохыг хэлэх шиг...
Дайснаа өөртөө нэгтгэх тэр хүчийг өөртөө агуулж чадвал тэр бол үнэнхүү дээд ялалт. Харин тэр дайсан өөрт дотор чинь оршиж байдаг гэдгийг ухна
https://khdelger.blogspot.com/2020/02/blog-post.html

No comments:

Post a Comment