Thursday, February 13, 2020

Зорилго ( Тоо ба чанар 12)

Жил гарангийн өмнө " Зорилго" гэдэг сэдвээр эргэцүүлэл бичиж байсан байх юм. (https://khdelger.blogspot.com/2018/10/blog-post.html  )
Гэтэл Боорч бууЭрЭл ийн подкастыг сонсоод дахин нэг дэлгэрүүлж бичмээр санагдлаа. Өмнө нь бичиж байсан эргэцүүлэлд хүн болж төрсөн бидний зорилго юунд байсан юм бэ ? гэсэн асуултыг хөөж судрын хуудсыг эргүүлж бичжээ. Энэ подкастыг сонсоход Боорчу онгод хүн бүрийг баян болгох зорилготой хэмээн ярив. Харин алд биеэ баяжуулах биш улс орноороо дэлхий даянаараа хэрхэн баян болохыг зааж сургах зорилготой хэмээн ярив. Харин бидний алдаа зөвхөн алд биеэ бодон хар амиа боддогт асуудлын гол нь байнаа хэмээн ярив. Алтан судрын хуудсыг эргүүлж байхад нэг ийм хэлц үг байдаг : Хар амиа бодогч хатуу булхай Хамтарсан улсыг бутаргав Энэ судрын хэлцийг мартахгүй болтол сануулсан хэлцэл бидний хэдэн нөхдийн дунд болсон болохоор тэр чигтээ л сэтгэлд хадагдан үлдсэн байх юм. За энийг орхиод үндсэн сэдэв рүүгээ эргээд ороё.
 Юутай ч буддын шашны сургаалд ч тэр алтан сударт ч тэр эх үрэн 6 зүйлийн талаар бичсэн байдгийг бүгд л уншсан байх. Харин түүний оршин байх мөн чанарыг танин мэдэх нь өөрөө мэдвэл зохихуй гэж үзвэл бидний зорилго бие биеэндээ, байгал дэлхийдээ хоргүй, ээлтэйгээр зохицон амьдрах соёлыг бий болгосон  агуу өвгүдийн үр сад гэдгээрээ энэ Монгол ( Мөн чанарыг голлогчид)  хэмээн нэрлэгдсэн улсын иргэд болон төрсний утга учир бололтой. Харин одоо судрын энэхүү ишлэлүүд, онгод дээсүүдийн сургаалийг амьдралд буулгах гэж оролдоод орчин цагтайгаа холбон ухая гэвэл нийт систем яаж ажиллаад байгааг ойлгох гэж оролдох хэрэгтэй болж байна. Орчин үед систем инженерчлэлийн талаар яригдах болсон. Энэ асуудлын талаар нэлээн дэлгэрүүлж судалмаар байгаа юм. Юутай ч бид системийн нэг өчүүхэн хэсэг. Гэвч системийг бүрэн ойлгох хэмжээнд сэтгэж чадах уу үгүй юу гэдэг бидний өвөг дээдсийн үлдээсэн өв онолыг( Гэр онол, Үнэний онол, Уялгын онол ) хир ухаж байхаас шалтгаалах магадлал өндөр бололтой . Бизнес хийсэн амьдралынхаа туршлагаас харахад бизнес хир амжилттай явах нь бизнес оролцогч талууд хир харилцан ашигтай нөхцөл байдал үүсгэж байгаагаас хамаардаг болохыг ухсан. Өөрөөр хэлбэл хэрэглэгч маань сэтгэл ханамжтай байсан уу? Үнэхээр шаардлагатай байгаа өөрийн хийж чадахгүй үйлчилгээ болон өөрийнх нь  хэрэгцээг хангасан бүтээгдэхүүнийг өөрийн боломжит үнэ чанарт нийцэхээр авч чадсан уу? энэ нь үнэхээр бусдад ямар нэгэн хор хохиролгүй байж чадсан уу? ажиллаж байгаа ажилтан албан хаагчид маань ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна уу? мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэх боломж нь байна уу? бизнесийн түншүүд маань оролцож гүйцэтгэсэн ажлынхаа хэмжээнд ашиг хүртэж чадаж байгаа болов уу гэх мэтчилэн... Тэгээд зөвхөн компанийхаа хүрээнээс халиад салбарын хэмжээнд бүүр цаашлаад салбарын хөгжил дэвшил бусад салбарт хэрхэн нөлөөлж байна энэ нь улс орны хөгжилд ямар нөлөөтэй байх бол энэ нь дэлхийн бусад улс орнуудад ямар онцлогоор яаж нөлөөлөх вэ гээд л  арай том цаг хугацаа, орон зайн алслалаар сэтгэх оюуны цараагаа тэлэх шаардлагатайг БоорЧу бууЭрЭл хэлж сануулав уу даа . Ингэж харах гэж оролдоод эхэлбэл өөрсдийнхөө дутууг мэдэж давуугаа үзүүлэх боломжийг нээн харилцааны ур дүйг хөгжүүлэх шаардлага бидний өмнө тулгарч байна. БууЭрЭл маань надад элдэв зүйлийн талаар айлтгахдаа дандаа л дагуулсан ард чинь гэж ирээд л айлдахаар нь би гайхаад л би одоо хэнийг дагуулах болж байнаа? Хэн нэгнийг дагууллаа гэхэд хаашаа яах гэж дагуулах болж байнаа гээд л гайхан боддог байсан маань одоо харин арай дээр болж өөрөө өөрийгөө таниж мэдснээр өөрийн онцлог давуу тал , бусдаар дутагдах орон зайгаа тодолж мунхаглал хэмээх зүйлээр эв эеээ эвдэгч байхаас зайлсхийх аргад хөтлөх нь тодрох шиг санагдах юм.
Алтан сударт нэг ийм хэсэг байдаг

Одоо бид Их Монгол ир-гүнүүд Мон-ыг голлогчид билээ
Уул нь болбоос " хижи гөрөөсний" хүүхдүүд байсан билээ
Хорлож байж идэхийг зорилго болгодог гөрөөсийг хижи гэмү
Булаацалдаж идэгч хижи гөрөөсийг хий-үмүн гэмү
Хижи-ээс зорилгыг нь хасчихвал ( хорлож идэх зорилгыг нь) үлдсэн бие нь оул болму
Булаагдсныг дээрэмдэн идэгч хижийг боулихай гэмү
Идэхийгээ булаалгаж дассан хижийг булхай гэмү
Мунхаглалаас мунхаглал туу тэмүүлэгч хижийг хор гэмү
Арван зургаан гай гэмийн нэгийг хүсвээс гэмтэн болму
МОН амин чанараас айгч хижийг ГУЛ гэмү
Хэрэгцээ, сонголт, зорилгоо үл мэдэгч хижийг мунхаг гэмү
Энэ бүхий арван гурван гэмт хижийг хар хижи гэмү
Би ч хувьдаа энэ олон төрлийн хижигийн алинд би орж байна гэж уншиад хорлож идэх зорилгоо хасахын тулд хорыг таниж сурахын тулд суралцах нь гэж л тунгааж байна. Энэ талаар2013 онд эргэцүүлэл бичиж байсан нь та бүхэнд дэм болж магад уншиад үзээрэй.
https://khdelger.blogspot.com/2013/11/blog-post.html
Авах гээхийн ухаанаар аливаа зүйлд хандаж сурах өөрийн голчийг босгож чадваас ямар ч шашны сургаалиас олз үүрч чадах л байх .

Адиша богд:
Үндэс нь хор бол салаа мөчир нь ч хор.
Үндэс нь эм бол салаа мөчир нь ч эм.
Үндэс нь шунал, хорсол, мунхаглал бол 
Үйл юу ч үйлдсэн нүгэл болно.
Цаг цагаараа байдаггүй гэх ухаант ардын үгнээс суралцвал орчин цагт бид өөрсдийн ухааныг өвгүдийн ухаантай сүлэх нь зайлшгүй л суралцах чадвар гэж үзвэл доорхи лекцийг сонсоод үзээрэй. Бэхи хатны өв уламжлуулж үлдээсэн судар арга билгийн талаас өнөө бидний гарт ирсэнийг орчин цагтаа холбож ухвал бид өвгүдийн үлдээсэн их өвөөр өнөө цагийг бүтээж ирэх цагт угтан бэлдвээс тэсэж бас үлдэх буй заа.

https://www.youtube.com/watch?v=wX8b8oB1__o&feature=share&fbclid=IwAR0OUy0I2pIVheIMpEOVZrWN7ahox6M2KeW48TJot3owCozooaPl_0GJ9oU
Энэ лекц бас сонирхолтой байж магад

Friday, February 7, 2020

Солонгос кино ба Ов А бууЭрЭлийн подкаст

Өчигдөр нэг Солонгос кино үзлээ. ( ТВ 9 дээр гарсан Бурхадын орон Зуурдын ертөнц) Яагаад ингэж сонирхолыг минь татах болсоныг тайлбарлая л даа. Ер нь бол урт түүх. Бөөгийн талаар сонирхож эхэлсэнтэй маань холбоотой. Танил  улаачийн онгодуудтай золгож, хааяа үйл хийхэд нь харж суух завшаан тохиож байсан үе байв. Тэгээд нэгэн удаа хүүгээ алдан зовж шаналсан нэгэн ээж ирэхэд нь цуг байж таарлаа. Өнгөрөөд удаагүй байсан болохоор Онгод нь  зуурдын ертөнцийн хаалганд дэнсээнд орохоор олон хүмүүсийн хамт оочерлоод л байж байна гэх нь тэр. Тэгээд тэр нэгэн улаач бүсгүйгээр дамжуулан ээждээ амьддаа хэлж чадаагүй үгээ хийж чадаагүй үйлдлүүдээ хийхэд тэнд байсан бүх хүн өрөвдөн уйлж байж билээ. Гэтэл тэр кино яг ингэж эхэлж байсан юм. Тэгээд л сонирхолыг минь татав.
Энэ явдлаас хойш олон жил өнгөрч өндөр өвгүдийн айлтгал сургаал, Нүрзэд агсны өртөөлсөн алтан аялгуу судрууд,  Гэрлийн өргөөнөөс буулгасан судар ном, өөрийн болон өрөөлийн өвгүдийн сургаал үйлийг ажиглан харж үзэж сонссон зүйл маань их болж амьдралын мөн чанарын талаар багахан ч гэсэн тунгааж аль болох өөрийнхөө үг үйлдэлтэй холбохыг оролдох болсон л доо. Мэдээж тэр болгон сайн байгаагүй л дээ.
Энэ киног үзээд үнэхээр үхээд тэр зуурдын ертөнцөд  очиод хэрхэн амьдарч ирсэнээ дэнслүүлэх өдөр ирвэл амьд байхдаа ухаарч ойлгох юм их байгаа талаар нэлээн бодол төрүүлсэн юм.
Зөв гэж бодож үйлдсэн бүхний нөгөө талд хэн нэгнийг хохироож байсан юм биш биз? Аливаа шийдлийн ард гарах үр дүн хэн нэгэнд бас хор хохирол болдог юм биш байгаа? Хийсэн үйлийнхээ үнэ цэнийг хэрхэн зөв үнэлж байсан , эргээд одоо энэ цагт ямар үр дүн болон ирэх бол ирээдүйд ямар байх бол?
Саяхан Ов А БууЭрЭл-ийн подкастыг сонсож байгаад эрлэгийн дэнсээнд очиход хүн хүнтэйгээ хэрхэн харьцаж хэрхэн баярлуулж хэрхэн гомдоож байснаас илүү байгаль дэлхийд хир өгөөжтэй хир хор хохиролтой зүйл хийснээр чинь эрлэгийн дэнсээ шүүгдэнэ шүү гэсэн үгс нь орой руу орох шиг л боллоо. Бас Ов А бууЭрЭл онгод болохоос өмнө эрлэгийн элчийн ажлыг хийхдээ өөрийн адил амиа хорлогч нарыг хөтлөх үйлэндээ тэр бүхний зовлонгийн шалтаг шалтгаанаас ухан суралцаж тэр бүхнээ бидэнд өгүүлэх нь үнэхээр бидэнд олдошгүй их олз болохыг ухаарлаа.
Бас саяханы нэг эргэцүүлэл дээр минь бичиж байсан тэр Айдас гэх зүйл үнэхээр юу юм болоо?  (https://khdelger.blogspot.com/2019/02/blog-post.html ) гээд л дахин дахин тунгааж өөрийнхөө үйлдэлтэй холбож ухаж ирээдүйд хийх зүйл дээрээ тунгаах зүйл ихтэй боллоо. Тэр айдсыг үргээнэ гэх үгийн цаад гүнийг хүн бүр яаж ухах бол гээд л бодлууд хөвөрч эмх замбарааг нь олох гээд л будилан сууна.
Бурханы шашны дайсан үгүй гэх сургаалыг ухан тунгаах юм бол өөртэй харь мэт санагдах тэр бүх зүйлийг өөртөө ил ойрхон болгож чадаж байж нэгэн бүхлийн өчүүхэн хэсгүүд гэдгээ олохыг хэлэх шиг...
Дайснаа өөртөө нэгтгэх тэр хүчийг өөртөө агуулж чадвал тэр бол үнэнхүү дээд ялалт. Харин тэр дайсан өөрт дотор чинь оршиж байдаг гэдгийг ухна
https://khdelger.blogspot.com/2020/02/blog-post.html

Thursday, January 16, 2020

Үнэ цэнэгүй мэт урсах цаг хугацаа
Үйлийн өр болж үхлийн цалам руу дөхүүлнэм 
Үнэлж барамгүйг нь таних тэр агшинд
Үлэмжийн чанарыг аялмаар ч юм шиг
Ухаарал гүн шингээж зүрхэнд уянгалахуйд
Үйлийн үрийн тойрогт орон өнө мөнхийг бүтээмүй
Үнэн үгтэй худал дүр
Худал үгтэй үнэн төрх
Үнэндээ ялгаагүй юм биш үү
Үг нь үнэн ч үйлдэл нь хоосон
Үйлдэл нь арвин ч үг нь цөөн
Үг нь үйлдлээр хэмжигдэх
Үнэний энэ хорвоод
Өөрийгөө хуурах нэгэн байхад
Өрөөлийг хуурах нэгэн бас буй
Үнэ цэнийн хэмжүүр хүн бүрд өөр
Өөр өөр хэмжүүрээр үнэлэгдэх бүхэн
Өөрөө өөрийгөө олж
Үнэний голчийг барих болтугай

Sunday, December 29, 2019

Тооцоолох эрдэм ( Тоо ба чанар 11)

Асуудлыг шийдэх цорын ганц гарц бол өөрийгөө л өөрчлөх . Энэ өгүүлбэрийн утгыг юу гэж ухаж байна? Өөрөөр хэлбэл зохицохуй гэж ганц үгээр тодорхойлж болох байх. Харин юунд яаж зохицох болж байнаа гэсэн асуулт гарнаа даа. Үүнийг хариултыг олохын тулд цаг хугацаа, орон зайг хир хэмжээгээр харж чадаж байгаагаас хамаарна. Хүмүүсийн шийдлийн үр дүн үргэлж  үүнээс хамаардаг. Өнөө маргаашаа харж гаргасан шийдвэрийн үр дүн нөгөөдөр ямар байх вэ гэдгийг харахын тулд бүтэн систем яаж ажиллаж байгааг тооцох чадвараас хамаарна. Алтан судрын тосож бэлдээд тэсэж дав гэдэг үг чухам юуг илэрхийлнэ вэ?
Нийгэмд маань түмэн асуудлууд бий , түүнийг дагаад түмэн шүүмжлэл байдаг. Аливааг шүүмжлэх шиг амархан зүйл байхгүй. Таксины жолоочтой таван үг солиод л үүнийг мэдэж болно. Гэвч бид яагаад аливааг шүүмжилдэг юм бол? Шүүмжилснээр тэр асуудлыг өөрчилж чадна гэж боддог юм болов уу? Харин тийм бол та буруу бодож байгаа магадлал тун өндөр . Өөрөөсөө бусдыг өөрчилнө гэдэг хэцүү. Харин та зөвхөн өөрийгөө өөрчилж чадна. Хоосон шүүмжилж сурсан сэтгэлгээгээ өөрчилж " Үүнийг шүүмжлэхийн оронд БИ ЮУ ХИЙЖ ЧАДАХ БИЛЭЭ? " гэж өөрсдөөсөө асуумагц бид асуудлыг бодит өнцгөөс харж эхэлдэг. Улмаар өөрсдийн сэтгэлгээнээсээ ӨӨРЧЛӨЛТ -ийг эхэлбэл бидний ШҮҮМЖИТ нийгэм ямар нийгэм болж өөрчлөгдөх бол? Зөвхөн өөрийнхөө сэтгэлгээгээ өөрчлөхийн ач тусыг ойлгож улмаар системийн сэтгэлгээнд суралцаж, бусдад сурсан эрдмээ хуваалцах гэж яваа нэгэн болж болох юм.
Бид тодорхой ажлыг хийхдээ яаж сайн хийх дээр л төвлөрдөг. Гэтэл тухайн ажлыг хийх ч шаардлагагүй байсан үе нэг биш удаа гардаг. Аливааг хийж эхлэхээсээ өмнө цэгцтэйгээр төлөвлөж хийх гэдэг сурч болох чадвар. Энэ бол орчин үеийн хэллэгээр систем инженерчлэлийн нэг хэсэг юм. Ажлыг зөв хийх тухай биш эхлээд зөв ажлаа сонгохын чухлыг хэлэх гэсэн юм. Ямар ч ажлыг хийж эхлэхийн өмнө асуух 3 чухал асуулт байдаг. Яагаад юуг яаж? Эдгээр асуултыг асуух дараалал нь маш чухал. Яагаад хийх ёстойгоо ойлговол юу хийх хэрэгтэйгээ мэднэ. Юу хийх хэрэгтэйгээ мэдсэний дараа түүнийгээ яаж хийх тухайгаа бодно. Гэвч хамгийн чухал асуулт бол ЯАГААД?
Яагаад энэ бүгдийг би хийх хэрэгтэй гэж? Яагаад энэ асуудал үүссэн юм бол? Энэ бүхнийг ойлгосон цагт ямар нэг асуудлыг шийдэхэд нэн хялбар болно. Ямар ч асуудал өөрийн гэсэн шинж тэмдэгтэй байдаг.  Жишээ нь агаарын бохирдол ихтэй байна гэдгийг утаатай болсноор нь мэддэг. Энэ бол зөвхөн шинж тэмдэг. Шинж тэмдэгийг танимагцаа бид асуудлыг нэн даруй шийдэх гэж оролддог. Улаанбаатарын утааг харснаар яагаад утаа үүссэнийг мэдэхийг хичээдэг. Улмаар хүмүүс нүүрс түлэж амьдарч байгааг мэдмэгцээ тэднийг нүүрс түлэхийг болиулахыг хичээдэг.  Гэвч бид яагаад энэ хүмүүс нүүрс түлж байгааг асуух хэрэгтэй. Ингэж гүнзгий ухаж асуусаар эцэст нь бид асуудлыг гүнд нь орох хэрэгтэй.
Магадгүй жинхэнэ асуудал нүүрс түлэх биш харин иргэд хөдөөнөөс хотод нүүж ирж байгаа шилжилт хөдөлгөөн байж болно. Тэгвэл дахиад л яагаад иргэд хөдөөнөөс хот руу нүүж ирж байгаа юм болоо гэсэн асуулт гарч ирнэ. Өнөөдөр хэн ч уур амьсгалын өөрчлөлтийг хүсээгүй боловч бодит байдал дээр дэлхий дулаарч байна. Бидний хийж буй алхамууд эцэстээ бидний хүсээгүй үр дүнг бий болгож байдаг. Бидний жижиг үйлдэл өнөөдөр дэлхийг өөрчилж байна. Хэрэв бид энэ маягаар муу нөлөө үзүүлж чадаж байгаа бол сайн талдаа ч нөлөөлж чадна гэсэн үг. 
Тооцоолох эрдэмийн гол зорилго нь асуудлын шинж тэмдэгт хариу үйлдэл үзүүлэлгүйгээр яагаад шинж тэмдэг  гарч байгаа тухай эцсийн хариултыг олтлоо ухаж асуухад оршиж байгаа юм.

Өөрийн оюун ухаандаа тунгаан бодоод
Тооцоолж дийлэхгүй зүйл гарах аваас
Ирээдүй цагийг
Зуу зуун жилээр нь урьдчилан харж
Төр улсын төвшин амгалан амьдралыг
Өтүгэ цагаас бэлдэн тооцоолж ирсэн
Ухамсар оюуныг ухан дийлэхгүй тул
Бөө гэгээн тархи
Өвөг дээдсийн оюун ухааныг
Ухан төнхчин байж
Ирээдүй цагтаа
Улс гэр, эх дэлхий хааш эргэхийг
Аливаа замд хэрхэн оруулахыг
Тооцоолон өгүүлсэн байгаа
Өвөг дээдсээсээ
Ирээдүй цагийг тунгаан асуу
Өнгөрсөн түүхийг эргүүлэн сөх
Үлгэр домгийг тольдон унш
Их засгийг тунгаан бод
Мэвдэл зохихуйг тархиндаа хураа
Энэ бүхнийг тооцоолон байж
Оюун бодлоо цэнэглэ
Түүний дараа тооцоолон бодож
Ирээдүй хойчдоо үлдээх өв судраа
Дахин бичиж үлдээх болтугай



Wednesday, December 25, 2019

Үнэн үг өөр дээр тань биежихүйд
Үнэ цэнэ өсөж өргөн түмнийг дагуулна
Өөртөө өгсөн амлалтаа биелүүлэмгүй бол
Өрөөлийн сэтгэлийг хэрхэн татах
Чин сэтгэл байлаа гээд
Чимээгүй урсгалыг сонордлоо гээд
Үйлдэл болгож биелүүлэмгүй бол
Үүдэн хойморын ялгааг танилгүй
Үлээхэд замхрах утаа мэт хоосон
Үлдэж тэр л газартаа л хадагднам

Thursday, December 19, 2019

Ухаалаг гүн харцтай тэр нэгэн 
Урам зориг, эрч хүчээр дүүрэн
Уулзаж үг солиж үзээгүй ч 
Угийн дотно танил мэт мэдрэмж
Урьд нэгэн насандаа
Учирч бас нөхөрлөсөн мэт
Хатуу зовлонг хөнгөхөөн үүрэх
Хатан зориг түүнд нэвт шингэсэн мэт