Thursday, May 25, 2023

Сонголт

Эд баялаг ба эрхэм хайрын сонголт хүнийг тодорхойлох мөчид
Энхрийлж өсгөсөн ээжийгээ ч түлхэх өдөр ирдэг гэж үү
Эд баялаг гэгч нь харам сэтгэлийг өрдөн
Эргэх он цагийн туршид энхрийлж хайрласан бүхнээ
Эргэлзэх зүйлгүй таягдан хаях харам шуналын сэтгэлийг өрдөнө
Андалж нөхөрлөх үедээ алдхан биесээ дэмнэн
Аяга хоолоо ч хуваалцан энгийн нөхөрлөлөөрөө бахархан
Элэг зүрхээ дэвтээж эргэн санах дурсамжтай явсан ч
Эд баялаг ихсэх үед энэ бүгд нь үнэгүй мэт болох нь
Эгэл нэгэн андаа ч хардах харын сэтгэлийг өрдөх нь
Энэ л хорвоогийн энгийн нэгэн сорио
Эд баялаг эрхэм хайрын сонголтонд онч мэргэн байх болтухай

Monday, May 22, 2023

Эмх цэгц

Эрин зуунаар алслагдсан тэртээгээс
Эрдэм мэдлэг хуримтлагдан цугларч
Цаг хугацааны шалгуурт шигшүүлж
Цаглашгүй мөнхийн тавиланд бөхлөгдөхүйд
Эцэс төгсгөлгүй мэт мөнхийн урсгал
Түүх хүүрнэнэ
Хүүрнэсэн түүх биелэлээ олж биеийг тэтгэхүйд
Эзэн заяа орон зайг дүүргэн олныг дагуулна
Дагуулсан түмэн зөвийг хайж зүтгэлийг үнэлнэ
Зүтгэлийн утсаар эмх журам тогтох ч
Зүтгэлгүй бүхний хоосон цэцэрхэлээр
Зүүж бүтээсэн бүхнийг өөрийн болгох булхайнууд
Зүүмэл хөнжилд хөлөө жийх нь гамшиг
Зөвийг тандах ухааны үзүүрээс атгасан олон
Зөв буруугийн өтгөн мананг сарниулах эмх цэгцийг хүснэ
Эмх цэгц эрхэт төрд тогтовоос
Зүтгэлгүй булхайд орогнох зай үгүй болно

Tuesday, March 14, 2023

Мөнхийн гэрэл

Баяр хөөр уйтгар гуниг
Атаархал хорсол шунал тачаал
Алдаа оноо амжилт уналт бүгд
Урсан өнгөрөх цаг хугацааг даган
Алсран одох нь орчлонгийн жам
Харин сэтгэлийн шуурганд барьц алдан
Хүлгийн жолоогоо тавин зүг чиггүй мэт болох үед
Ширүүн шуургыг намжаах уужуу ухаан, энэрэл хайр
Үнэнтэй нүүр тулан мөнхийн замналыг бүтээнэм
Цаг хугацааны эрхэнд үл автан мөнхрөх бүхэн
Түүхийн нугачаанд улам тодрон гэрэлтнэм
Эгэл бүхний энгийн түүх
Эгнэшгүй андуудын хамтын түүх болохуйд
Эрин зууныг дамнасан үлгэр туульс болон
Ирээдүй хойчийн зам мөр болном
Эгэл нэгний энгүүн түүхийг бүтээх бүхэн
Эв эеийг дээдлэн мөрлөвөөс замын хүзүү уртасч
Дутуу бүхнээ дүүргэх эрдэмд нэвтэрч
Дуусашгүй мөнхийн гэрэлд шингэнэм

Tuesday, February 7, 2023

Үнэ цэнэ 3

 Саяхан "Зөв үү тав уу ? судар уншигчдын групп" дээр нэгэн хүн "хамгаас үнэтэй миний судрууд" гээд Гэрлийн өргөөнөөс гаргасан судруудыг тавьсан байлаа.  Олон сайхан залуучууд өвгүд дээдсүүдийн буулгасан судруудыг уншиж, бахархаж байгаад ихэд олзуурхан баярлаж билээ. Тэгээд нөгөө хүнээс эдгээр судрууд яагаад хамгаас үнэтэй байгааг нь асууж олон уншигчдын санаа бодлыг сонсоё гэж бодоод Яагаад хамгаас үнэтэй гэж байгаа талаар нь асуув. Мэдээж хамгаас үнэтэй гэсэн болохоор бусад ном судруудтай харьцуулан нэгийг бодож 2ыг сэтгэсэн байх гэж тэрхүү бодлоо олон нийттэй хуваалцахыг санал болгосон гэсэн үг л дээ.  

Үнэ цэнэ гэдэг сэдвээр урьд нь 2 ч эргэцүүлэл бичиж байсан юм. Эхний эргэцүүлэлд хүнээ хүүн эрдэнэ болгох Алтан аялгуу  судрын санаан дээр тулгуурлаж бичиж байжээ. Дараагийн эргэцүүлэл дээр хүн өөрөө өөрийнхөө үнэ цэнийг хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр эргэцүүлэл бичиж байжээ.  Цаг хугацаа өнгөрөн одох тусам миний үнэ цэнийн талаарх ойлголтонд өөрчлөлт орж баяжигдаж яваа болов уу?   Ер миний энэ сэдэвтэй дээрх үйлдэл холбоотой байх тул  бусдын эргэцүүлэлээс сайхан санаа гарах байх гэсэн хүлээлттэй байна . 

Гэрлийн өргөөнөөс гаргасан судруудын үнэ цэнэ улам л өсөн нэмэгдэж (мэдээж мөнгөөр илэрхийлэх үнийн талаар яриагүй гэдгийг ойлгож байгаа байх) эдгээр судруудыг эрж хайсан олон олон уншигчид шинээр гарч ирсээр байна. Өнөө л бидний амьдрал,  нийгэмд үүсэж гарч байгаа элдэв хямрал, хулгай,  түүнийг уг үндсээр нь ухаж ойлгох гэсэн залуучууд ихээр болж байгаа нь цаашид бид юун дээр алдаад, юуг дутуу ухаараад, юуг буруу үйлдээд байгаагаа олох гэсэн хүсэл эрмэлзлэл ирээдүйд бидний Монгол улс оршин байх уу үгүй юу гэсэн асуултын хариуг хайсаар байгаа эрэлчдийн  өөрөө өөрсдийнхөө чадвар чадамж боловсролыг нэмэгдүүлж,  нийхэмийн ухамсарт оруулах ихээхэн том хөрөнгө оруулалт болж байгаагаараа судруудын үнэ цэнэ улам нэмэгдэж байгаа байх. 

Хэдэн зууны өмнөх үйл явдал , агуу түүхийг энгийн нэгэн залуусын туулсан амьдралаар жишиглэн хэрхэн зовлон жаргалыг хамтдаа туулж, нийлэн нэгдэж,  агуу гүрнийг байгуулсан гайхалтай түүхүүд ирээдүй хойч болсон бидний гарт судар болон ирж түүнийг өөрөө өөрсдийн амьдралдаа буулган суралцаж ,  эв эеийг олж их үйлийг бүтээх талаар олон залуус бас тунгаан хоорондоо хэлэлцэж судрын хэлэлцүүлгийг зохиоцгоож байгааг харахад үнэхээр үхээд тэнгэртээ очсон ч голын хатгаасаа алдалгүй яваа агуу дээдсүүдээрээ бахархахаас ч яах билээ. Энэ бүхнийг ухаарсан олон сайхан залуус ирээдүйн их Монгол улсаа хучирхэгжүүлэн цогцлоох их түүхийн давтамжийг хадгалах буй заа.


Monday, February 6, 2023

Өөрөөсөө бусдыг өөрчлөх хэцүү

Бусдын бурууг харах тусам
Өөрийн бурууг мартаж орхидог
Өөнтөглөж бүхнийг шүүмжлэх тусам
Өөрийн чадлыг үгүйсгэж орхидог
Атаархал шунал бадрах тусам
Алд биеэ голж орхиод
Ахиулж бүтээх ариун бүхнээ
Атаархалын хороор хордуулагч
Аяа хүмүүний сэтгэл юутай гаслантай
Амар амгалангийн үүдийг нээх
Өршөөл энэрэл дайчин чанараа
Өргөө гэртэй тухлуулах болтугай
Өөрийн дотор луу өнгийж сураад
Өрөөлийн сэтгэлийг ухаарах болтугай

Monday, October 31, 2022

Амьдрал

 Өнөөдөр гэгээрлийн талаар олон төрлийн шашнуудын  сургаалийг уншиж байгаад  доорх өгүүлбэр сэтгэлд ойрхон буухыг анзаарлаа. "Амьдрал бол шийдэх ёстой асуулт биш харин бишрэнгүйгээр амтлах ёстой гайхамшиг билээ"  Үнэхээр тийм юм болов уу? Амьдрал бидэнд юуг ч бэлдсэн байж болно харин түүнийг бишрэнгүйгээр амтлах гайхамшиг гэж харах юм бол амьдрал тэр чигээрээ гайхамшиг шиг санагдах байх. Даахын аргагүй өвчин зовлон бэрхшээл тулгараад сөхрөх үе тохиосон ч өөрөө яаж ийж байгаад босох тэнхэл гаргахгүй л бол тэр зовлонгийн далайд живсээр амьдралыг дуусгасан түүх байдаг байхыг үгүйсгэхгүй л дээ. Энэ тэгээд өнөө бишрэнгүйгээр амтлах ёстой гайхамшиг чинь үү гэж асуух хүн таарвал юу гэж хариулах болоо?  Сөхөрсөн үед босох тэнхэл гаргаад цааш алхаж байгаа нь өөрөө гайхамшиг. Харин тэр далайд нь живэж байгаа бол энэ үхэл үү?  Сударт Амин хүчний эх үүсвэр хомсдвоос амьдрал үхмү гэсэн байдаг.

Өчигдөрхөн ТВ ээр Лхагвасүрэн гуай Үхэл гэдэг шүлгээ уншиж байхыг үзсэн нь гэнэт санаанд буух юм. 

Үхэл бол ээждээ очих тасалбар юм гэж их л цоглог дуусгаж билээ.

 Зовлонгийн далайд живүүлэхгүйн тулд бишрэнгүйгээр амтлах ёстой гайхамшиг гэж хэлсэн буй за. Амьдралын амт давстай шорвог гашуун чихэрлэг энэ бүх амт байгаа учраас л тэр чигээрээ гайхамшиг байдаг байх. Энэ бүх амтны зохицолыг олж гайхамшигтай амттай болгох нь тогоочийн ур чадвараас хамаардаг шиг хэн нэгэнтэй андалж , нөхөрлөсөн, эсвэл дайсагнасан нь нөгөө талынхаа хүнийг юу  гэж хүлээж авсан өөрөөс бүх зүйл хамаардаг гэдгийг ухааран өөрийгөө амьдралыг бүтээгч гэдгийг ухамсарласнаас амьдралын амт ямар байх нь хамаарах мэт.   Анд нь урам зориг, нөөлөг,  түшиг болдог бол дайсан хурцалж ирлэж байдаг гэсэн утгаар шүү. 

Тэгэхээр үхэл ч гэсэн утга учиртай байх нь.   Хүний амьдрал дууслаа ч тэр нь хэн нэгэнд сургамжтай эсвэл хэн нэгэнд үлгэрлэн бахархах замын гэрэл гэгээ ч байж болно. Харин тухайн хүнийхээ хувьд  амьд байхаар оноогдсон  хугацаандаа хэрхэн хүлээн авч зовлон жаргалыг туулж амьдралын утгыг ухаж юунд ч хорогдохгүйгээр өөрийн сэтгэлийн амар амгаланг олсноор нь гэгээрэлд хүрч тэндэх гэртэй очих уу эсвэл дахин энэ утга учрыг олохын тулд амьд байх үеийн эд хөрөнгө, эрхэм хайртай  нэгэндээ эсвэл дайсагнаж муудалцсан өш хонзондоо хорогдож салж чадахгүй  дахин хүний төрөлд бэдрэх үү гэдэгт байдаг юм болов уу ? 

Асуудлын шийдлийг олж байгаа нь өөрөө амьдрал юм биш үү? гэсэн асуулт ургалаа. Өвгүдийн судар сургаалд амьдралын талаар доорхи байдлаар бичсэн байдаг. Уншаад нэг тунгааж үзээрэй.

Агаар тоос чийг гурваас амь үүссэн байдаг
Амьсгалж,өсөж, үржиж, үхэж байвал амьтан болдог
Орчлонгийн амин чанарыг онож үйлдвээс амьдрал болдог
Амьдрахын тулд агаар газар ус гурвыг хариуцах хэрэгтэй
Цаг уур, орон зайд ээлтэй зохицохыг амьдрал гэмүү

Шийдэх ёстой асуудлыг юу гэж харахаас амьдралын өнгө амт тодрох юм болов уу?
Зөв үү тав уу подкастан дээр Боорчи жанжины өчилд би Монгол гэдэг нэрэнд уягдаад эргэн эргэн ирж та нарт эрч хүч, ухаарал зоригийг өгөх гээд байна гэж байсан санаанд буух юм. Тэр Монгол гэдэг нэрэнд уягдах учир нь юу юм бол доо гээд л гайхан бас бодно биз дээ.  
Яагаад тэртээд байх амар амгалангийнхаа ертөнцөөс ирээд,  бидний байгаа байдалд бухимдаад  Монгол нэрэнд уягдаад байнаа гэж үглээд байгаа юм бол доо?   Монгол нэрэнд ямар учир холбогдол байгаа юм бол? Мон гэдэг эхний үеийг орчлонгийн амин чанартай холбоотой гэж ухвал яг л түүнийг гол байгаа болгож ончоо тааруулдаг  болохоор л Монголдоо уягдаад байгаа юм байх даа? Харин дахин асуулт тэр орчлонгийн амин чанар гэж юу юм болоо? Хариулт нь доод мөрөнд байгаа Амьдрахын тулд агаар газар ус гурвыг хариуцах хэрэгтэй. Цаг уур орон зайд ээлтэй зохицохыг амьдрал гэмүү гэсэн нь л байх.....   Тэр харин амин хүчний эх үүсвэр маань агаар газар ус 3 байх гэж ухвал Боорчи жанжины эргэн эргэн ирж Монгол нэрэнд уягдаад байгаагийн утга учир гарах биз . 
Гэгээрлийн талаар эрдэмтэн мэргэд , элдэв  шашин шүтлэгт, Их хаад, онгод , өвгүд эмгүдийн сургаалийг уншиж сонсож дүгнэлт хийх гэж оролдох тусам Эзэн дээдсийн үнэн ,хайр, ухаан 3 ын цогц гэдэг цомхон тайлбар сэтгэлд ойр ч юм уу даа  

 

Thursday, October 20, 2022

Төрдөө итгэх түмний итгэл юун дээр тогтдог бол?
Төгс утгыг олохгүй ч төөрч будилахгүйгээр яаж түүнийг хэмжих бол?
Төрүүлсэн үрээ хайрлах эхийн сэтгэлийг оршоож
Төр хэмээн оршихуйг бөхөлж сүлдэлсэн харилцаагаа
Төрийн минь сүлд өршөө хэмээн хүндэлсэн
Түмний сэтгэл хаана хүрээ бол?
Башир зальтан, хууран мэхлэгчид ,хумслагч нарын үйл нь дэлгэрсэн мэт
Байр сууриар бүхнийг дээрэлхэн доройтуулсан мэт санагдавч
Буй ертөнцийг жам ёсоор юу тарьсан түүнээ хураадаг нь жам
Буцаж төрөхгүйгээр тамд тарчлах мөчид төрүүлсэн үрс нь харин
Бүтээсэн зовлонгийн хүнд ачааг нь мөчөө тасартал үүрэх нь гамшиг
Эцэг өвгөдийн байгуулж өгсөн их гүрний үлдэгдэл болсон Монгол нэрийг тээгчид
Эрхэмлэн дээдлэх ёс жаягийг шингээсэн ёс уламжлалаа сэргээж
Болох болохгүйн хязгаараа, мэдэх мэдэхгүйн заагаар тогтоож
Буй бүхнээ мөнхөд оршоох дээдсийн зарлигт бөхрөх ухааны цараа тэлэгдэн
Өөрөө өөрийгөө олох эрэлтэн бүр үнэний замаа олон
Өр зүрхний хайр гол мэт урсан амьдралыг тэтгэх болтухай