Wednesday, September 1, 2021

Тэнгэр үзэл

 Монголчууд бид өөрсдийгөө тэнгэрлэг ард түмэн гэдэг. Тэгэхээр тэнгэрлэг гэдэг нь ямар утгыг илэрхийлж байна гэсэн үг вэ ? гэж асуулт гарч ирнээ дээ.

Энэ асуултын хариуг хайн судрын хуудас эргүүлж байгаад "Өрөг тунхаг тамга" судраас доорхи ойлголтыг олж уншлаа. Та бүхэн ч гэсэн уншиж тунгаана уу:

ТНГР гэдэг нь амьсгалах амьд бүхний амин хэмийн холбоосыг хэлдэг. Энэ бол бидний Тэнгэр үзэл. Эх үрэн зургаан зүйл бүхэн амьтай гэж Монгол бөөд үзнэ.

Тэгвэл эх үрэн зургаан зүйл гэж юу юм бэ? гэж асуувал доорхи хариулт байна.

1. Нар буюу гэрэлтэгч орон зайнууд болох одод

2. Сар буюу Агаар мандалд байгаа нэгнийг дагдаг болоод дагадаггүй гэрэл ойлгогч орон зайнууд

3. Сүүн эх буюу Шимт мандлууд, гаригсууд

4. Амь буюу Хий биетэнгүүд, хийсвэр дүртэнгүүд, биед шингээгүй оюун ухаанууд буюу сүнснүүд

5. Амьтан буюу бичил биетнээс авахуулаад махан биетэн хүртэл. Өөрөөр хэлбэл Амь, Эд хоёрын нэгдэл болох сүнс эдэнд оршихыг хэлээд байна.

6. Мангдай ( Хүн) буюу Оюун ухаан, ухамсар тээгчид 

Энэ 6 түвшин зүйл амьдардаг амьсгалдаг.

Эдгээр нэг нэгнээсээ хамааралтай аж төрдөг торлог холбоосыг ТНГР буюу Тэнгэр гэнэ. Хүний амьдралд шууд тусгалаар тодорхой үйлдэл үзүүлдэг 99 одон гэрлэн торлог нь 99 тэнгэр болж байгаа юм. Зурхайн ухаан болон од гариг эрхэсийн нөлөөгөөр хүний заяа тавилан зурагддаг гээд хүмүүс өөрсдийн зурхайн зурлага төрсөн од гаригийн нөлөөлөлийг өрнийн ч тэр дорнын ч тэр зурхайгаар холбодог талаар хүн бүр л мэддэг шүү дээ. Тэгэхээр гэрэл цацруулагч бүхний холбоо, амьд бүхний холбоо, сансар огторгуйд бие эзэлж байгаа билэг эзэлж байгаа бүхэн ТэнГэр юм. 

Тэнгэр гэдэг өөрөө ийм бөгөөд энэ холбоосны анхдагч Тэнгэр эцэг юм . Тийм учраас тэр үл баригдахуйц . Эсийн холбоосын анхдагч  хаана байгаа вэ? гэхэд өөрийн биеээс узуур эсийг хайхтай адил. Тийм өчүүхэн зүйлээс амьдрал эхэлсэн ба тэр нь салаалан салаалан хөгжсөөр нэг зүй тогтолд хүрч, хүний бие тогтсонтой адилхан гариг ертөнцийн бүх холбоо тогтсон.

Энэ холбогдоод байгаа холбоосыг ойлгоно гэдэг өөрөө " Бөө" юм. Сүнс өөрөө сэтгэн бодох чадвартай ч эдэнд дамжуулах гэдэг ондоо зүйл. Тархины эд эс, дурсамж, үйлдэл, үг, өнгө, дуу , эгшиг, шүлэг, туульс болгоно гэдэг нь хүн илэрхийлж болох тархитай холбоотой нь " Бөө тархи" болж байгаа юм. Гэрлийн холбоосыг илэрхийлж, өөрийн эзэгнэж чадах хамгийн том орон зайг эзэгнэж, түүний төлөө хариуцлага хүлээж хишгийг хүртэж байхыг хэлнэ. Хүн зогсвол тавхайн, суувал суудлын доорхи орон зай, хэвтвэл хэвтрийн доорхи орон зай гэх хамгийн жижиг орон зайтай. Харин үг, авиа, хийморь, сүлд зэргээрээ илүү том орон зайг эзэлж болдог. Харилцаагаар илүү том орон зайн эзэн болж болно. Хаан байвал улсын орон зайг эзэгнэгч болж таарах нь . 

Хүн хэмээх оюун ухаант, ухамсар тээгчид бид эх үрэн 6 зүйлийн амин холбоос шүтэлцээг ухааран ойлгож тэдгээрийн амийг сахигч их Өвгүдийнхээ өвийг тээгчид гэдгээрээ тэнгэрлэг ард түмэн хэмээн нэрлэгдэх болсноо ухаарч байж тэнгэрлэг хэмээн нэрлэгдэх учиртай аж. Энэ бүхнийг их Өвгүд маань  түүний учиг бүрийг Бөө тархиар өнөө бидэнд дамжуулж буй нь Гэрлийн өргөөний их судрууд болох нь ....

Үүнтэй нэгэн адил отог овог болгоны охь ухаантнууд бөө хэмээх чадамжаар өөр өөрийн улаач нараар дамжуулан отог овог болгоныхоо хүрж чадсан агуу их мэдлэгээ яс цусныхаа үр удмаар дамнуулан түгээн түмэн олныхоо ухамсарт суулгахаар зорин байгаа бүхнээ хайрлан хамгаалж өвлүүлэх их үйл дэлгэрч байгаа билээ

Monday, July 19, 2021

Орчлон ертөнцийн гэрэл гэгээнд уусах
Онгод дээдсүүдийн тэмтэрч туулсан замнал
Огоорч үл болох ариун ёс заншилд бөхлөгдөн
Овоо хайрхадын эздэд хадгалагдан удамд дамнана
Олзын дээд амин чанарт ертөнцийг сонордохуйд
Огших их сэтгэлийн давалгаа намсаж
Орчлонгийн мөн чанарт уусаж амьдралыг таашаанам





Шунал

Шуналаа чи юу юм бэ?
Шунхан будаг шиг өнгөө хувирган
Хуурамч дүрээр зүсээ өнгөлж
Хуу хаман залгих зангаа далдлан
Хийсэн бүтээсэн бүхний үрийг тасдаж
Хий хоосон яриагаар сэтгэлийг хөөргөн
Хийрхүү зантын авирыг дэвэргэж
Хонжоо ашигаар нүдийг нь сохолж
Хоосон бүхнээр сонорыг нь хаан
Хэмээ нэгтгэх олныг бутаргана уу
Шунхан будгаар нүүрээ гоён
Шударга зангаар авираа далдална уу
Хамаг олныг тольдогч
Хатуу бүхнийг туулсан
Харын их тэнгэрүүд мину
Хараа юу нь хурц байж
Далдалсан бүхнийг илжүүлэх
Давхар ухаанаар үрсээ хөглөнүү
Хараа их хар тугаа мандуулж
Харц үл хүрэх алсын замд гарахуйд
Хамаг зовлонг орхин одсон мэт
Харуусал гунигийг ч тэртээд орхин одном
Хатан зүрхт бүхнийхээ төлөө
Халуун цусаа урсгасан бүхэн
Хайрлаж энхрийлсэн бүхнээ зүрхэндээ оршоон
Хөрст газрын дор биеээ оршоосон нь хэд бол?
Үнэ цэнэт энэ амьдралын чинь түүх
Энэ л учигнаас урсаж байгааг мэдэх үү
Эргэн төрөх эх болсон нутгаа
Элэг зүрхний гүнд шингээж ирснийг мэдэх үү
Элдэв шунал өнгө мөнгөөр хэмжигчид
Энэ л хорвоог зоосны нүхээр шагайгчид
Эцэг өвгүдийн цусаар дэвтсэн газарт
Энэлэл шаналалыг нь үл мэдрэн цэнгэнэ
Эвий үрс минь хэмээн элгээ эмтлэн үлдээсэн
Энэ л газар шороогоо эрхтэн дархтан болоод
Эрээн цаас элдэв гоёл зугаа цэнгэл болгон
Эрээ цээрээ алдан арилжин наргих нь гамшиг

Monday, June 21, 2021

Үхэж төрөх амьдрал бүрт
Үүрдийн дурсамж үлддэг болов уу?
Үнэнч сэтгэлийн тэр л холбоос
Үеийн үедээ танигддаг болов уу?
Түүхээ сөхөн ухаарлыг хураах
Төгөлдөр ухааны хэм хэмжээг
Төгс болгох гэж үнэнч сэтгэл
Түүх хүүрнэдэг ч юм бол уу?
Оршиж байсан нь үнэн юм бол
Оршоож үлдээсэн бүхнээс
Онцолж тодлох үнэнч сэтгэл
Орчлонд уусаж зүрхэнд шингэж
Он цагийг элээдэг юм болов уу?
Зүрхэнд шингэсэн тэр л дурсамж
Зүүд нойронд сэргэдэг юм болов уу?
Зүсэрч орох борооны дуслууд шиг
Зүгээр л хөрсөнд шингэж шим болон
Зүйлийн цэцэгсийн цомирлогт өндийн
Зөн билэгт уусдаг ч юм болов уу ?

Sunday, May 30, 2021

Үнэ цэнэ ба мөнгө

Мөнгө бол сэтгэлийн төрхийг хоосруулагч хорон бясалгал гэж сударт бичсэн байдаг. Байхгүй бүтээгээгүй зүйлийн үр дүнг үзэхийн тулд судалж , төлөвлөж, тооцож , хичээж , эвлэж , сурах чухал болохоос түүний сэтгэлийг хоосруулагч хоосон бясалгалын шуналд автуулдаг хорт шидэнд бүү авт .
Амьдралын үнэ цэнийг
Үнэлж мэдэхгүй нэгэн нь
Агшин зуурын хоосон бясалгалаар
Амин эрдэнээ алдах нь буй ч
Алдсан бүхний үнэ цэнэ өсөж
Алдуурсан хүслийг хазаарланам
Эгэлхэн амьдралын түүхээс
Эрээлж гоёх зүйлгүйгээр
Эрхэм нэгнээ түшинхэн
Энх амгаланг мэдрээсэй
Байгаагаа үл хайрлагсад
Байхгүйдээ илүү санаа тавина
Байгаагаа тордож үл мэдэгч
Баяр цэнгэл хэмээн эндүүрч
Өдөр хоногийг өнгөрүүлэх нь өрөвдөлтэй
Өнгөрч одсон цаг хугацаа хэзээ ч үл ирнэ
Үнэнч сэтгэлийг үл тоогчид
Өөрөө ч бас үнэ цэнэгүй болно

Tuesday, April 27, 2021

Бөө соёл бөө гэгээн тархи

 Оюун ухаан анхдагч уу?

Матер анхдагч уу?  Энэ философийн асуудлын хариултыг олох гэж ертөнцийн үүслийн талаар квант физикийн онолыг хэлэлцдэг. Ихэнх шинжлэх ухааны онол философи судлагч оюунлаг хүмүүс оюун ухаан анхдагч гэдэгтэй санал нийлдэг боловч онгод тэнгэрүүд гэх энэ оюун санааны өгүүлэмжид их л болгоомжтой ханддаг нь ажиглагддаг. Энэ ч бас аргагүй юм.

Үнэхээр судлаачид маань оюун ухааныг дээдлэн эрт эдүгээгийн эрдэмтэн мэргэдийн үлдээн өгсөн эх сурвалж ном судруудыг судлан үнэлэлт дүгнэлт өгдөг ба нүүдэлчдийн соёлын нэг хэсэг болох биет бус аман яриа үлгэр туульсуудыг судалгааны үндэс болгодог гэдэгтэй маргах хүн цөөхөн ч нүүдэлчдийн соёлын нэг өв болох тархинаас тархинд дамжуулдаг бөө соёлын улбаа болох онгод хэмээх устгаж үл болох оюун санааны өгүүлэмжийг эх сурвалж болгож өөрсдийн мэдсэн сурсан ба шинжлэх ухаанаар баталгаажуулсан онолоороо шүүн мэдлэгийн хүрээгээ тэлж болохоор...

Гэрлийн өргөөний олон улаач нарын хичээл зүтгэлээр бүтсэн олон судар номнууд бидний гар дээр ирээд бараг 10 аад жил болж байна. Эхний 5 сударт монгол улсын газар нутгаас олдсон хадны зургуудаар жишиглэн тайлбар хийж ертөнц хэрхэн үүссэн анхны амь амьтан хэрхэн бүрэлдсэн, хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн ямар ухамсаруудыг бий болгож хөгжсөн хүний хөгжлийн үе шатууд гэх мэдээлэлийг олж үзэж болно. Энэхүү онгод тэнгэрүүдийн айлдаж бичүүлсэн эдгээр судруудыг хүлээн авч уншихдаа ихэнх уншигчид маань  өөрийн өдий болтол үзэж судалсан ном эх сурвалж өөрийн итгэл үнэмшилдээ тулгуурлан өөр өөрийнхөөрөө үнэлж дүгнэж магадгүй зарим нэгнийх нь аливааг үзэх өнцөг өөрчлөгдөж илүү тэлж том зургаар нь харах, илүү их цаг хугацааны агууламжаар зүй тогтлыг олж харах бүхэл системд нөлөөлөх нөлөөлөл ач холбогдол үр дүнгээр нь хэмжээс хийж дүгнэлтээ гаргаж байгааг үгүйсгэхгүй юм. Бидний өвгөд дээдсүүдийн бидэнд хэлэх гээд байгаа гол санаа нь нэгж иргэний чадамж хэрхэн бүхэл системд нөлөөлдөг тэрхүү нөлөөлөлөөр эзэн эрхээ хэрхэн тэлэх чадамжаа дээшлүүлж эв нэгдлийг бий болгохын тулд хэрхэн өөрийгөө засаж аливаад хүлээцтэй байж, бусдынхаа давуу талыг олж өөрийн дутагдах орон зайгаа мэдэрч түүнийгээ хөгжүүлж эвлэлдэн нэгдэх ухаан суралцаж нийтийн дэг жаягаа тогтоох талаарх хэмжээсүүдийг ухаж ойлгуулахад оршиж байгаа гэлтэй. Монголын нууц товчио гэх эх сурвалжийг өвгүдийн ухаанаар тайлж монгол гүн ухааны онолыг Эзэн хааныхаа байгуулсан их түүхээр жишиглэн суурин соёлын хэмжээсүүдээс илүү тэлсэн нүүдэлчдийн өв соёлын гайхамшгийг суу ухаануудаар  тайлсан тайлалыг Монгол товчион түүхийн тайлал судраар дамжуулан өгснийг тосон авч оюуныхаа царааг тэлэх нь бидний ирээдүйд Монгол хэмээх тусгаар тогтносон улс оршин байх үндсийг бататгаж байгаа гэлтэй.

Монголын түүхийг судлаачид маань энэхүү онгод хэмээх утсаж үл болох мэдлэгийг баталгаажуулсан оюун санаанаас буй болгож, буулгасан судар номнуудыг судалгааны эргэлтэнд оруулах нь ирээдүйн ар хойчид маань ямар ач холбогдолтойг ухаж нарийн мэдээлэлүүдийг судалж баталгаажуулах бизээ хэмээн найдаж байна.