Wednesday, July 20, 2016

Мөр

Эргэх орчлонгийн өчүүхэн тоос
Эр дэм мэдлэгийн оройн дээд
Эгэл сэтгэлийн бяцхан дөл
Энх мөнхийн хайрын ундарга
Эвлэх үнэний замыг олох
Эрээвэр хураавар замын бартаанд
Эндэл үгүй оршихуйг таних 
Эцэг өвгүдийн үлдээсэн мөр

Thursday, June 23, 2016

Хөгжил гэж чухам юу вэ?

Хөгжил гэж чухам юу вэ?
Хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад шинжлэх ухааны бүхий л салбарт танин мэдэхүйн төлөө явж ирсээр өнөө цагт ирлээ. Физик математик  хими гээд л бүхий л салбаруудад орчлон ертөнцийн бодит бүхнийг судлан шинжилж өөрсдийн бүтээлүүдийг бий болгон амьдрал ахуйдаа хэрэглэсээр ирлээ. 
Аливаа нөөцийг ашиглан хэрэглэх нь гарцаагүй боловч түүнийг хэрэглэсэн л бол тэрхүү нөөцийн байгалд орших оршлын талаар эргэн тунгаах явцыг орхигдуулсаар ирсэн алдаа байсаар байна. Сүүлийн үед байгал экологийн асуудал нэлээн хурцаар олон улсын хэмжээнд яригдаж байгаа боловч яг ухамсарын гүнд бүрэн гүйцэд ухсан нь цөөн байгаа нь харамсалтай .
Саяхан би буриадын нэгэн эрдэмтэн эмч хүнтэй уулзаж ярилцаж мэдээлэл солилцсон юм. Тэрбээр  хүн  ,байгал, нийхэм болон дэлхий  дээр орших бүхний зүй тогтол , хүний биеийн эд эсийн зүй тогтолыг шинжлэн өвгүд дээдсүүдийнхээ сургаал өгөгдөлийг хүлээн авч судалж хорт хавдрын эсрэг энгийн бөгөөд үр дүнтэй эмчилгээг сүүнээс гарган авсан бөгөөд зөвхөн хүний бие төдийгүй газрын хөрсний, байгалийн бохирдлыг байсан бүтцийг нь эргэн бий болгох аргачлалыг судлан түүний үндсэн дээр цоо шинэ технологийг боловсруулсан талаар ярилаа. Хэдийгээр үүний цоо шинэ гэж ярьж байгаа боловч энэ бол эртний уламжлалт , өвүг дээдсүүдийн маань мэдэж байсан зүйлийг орчин үед хэрэглэж болохуйцаар шинжлэх ухааны талаар нь баталгаажуулж чадсан болохоор шинэ технологи гэж хэлэгдэж байгаа юм. 
Бидний яриад байдаг нүүдэлчин соёл гэх  ахуйн гол үндэс нь багахан зүйлээр ихийг бүтээх ур дүй, хязгаарлагдмал нөөцөөс хамааралт олон үйлдэлт хэрэглээ, энэ хэрэглээг урт наслах ёстой гэсэн ухаан, цаашлаад хог хаягдалгүй байж бүрэн хэрэглэх зуршил зэрэг дээр материаллаг хэрэглээг тулгуурласан байдаг . Чухам энэ нүүдэлчин соёлынхоо ахуйн үндэс дээр л бид тулгуурлаж цаашдын хөгжлийн замаа олж харах учиртай. Чухам энэ л үндсэн гол санаан дээр энэ буриад эрдэмтэн ажлаа төвлөрүүлж ажилласан байх юм.
Саяхан нүүр хуудаснаас манай монгол инженерүүд уснаас эрчим хүч гаргах хөдөлгүүрүүдийг зохион бүтээсэн тухай уншлаа. Энэ технологийг амьдралд хэрэгжүүлбэл бид агаарын бохирдол, хүн амын амын хэт төвлөрөл зэрэг байгал орчинд халтай хэд хэдэн том асуудлуудыг шийдэж чадна. ОХУ -д боловсруулж байгаа ОХУ -ын хөгжлийн шинэ бодлого дэлхийн эрчим хүчний нөөцөөс үүсч байгаа дайн болон одоо байгаа эрчим хүчний нөөцүүдийн ашиглалтаас болж  байгалд учруулж байгаа хохирлуудыг үгүй болгох шинэ эргэлт хийсэн эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд дээр тулгуурлаж хүн амын хэт төвлөрөл хотжилтыг сааруулах бүхэл бүтэн цогц том төслүүд хэрэгжиж эхлэх гэж байгаа бололтой. Харин энэ төслүүдийн цаана манай буриад халимаг эрдэмтэд голлох үүрэгтэй ажиллаж байгаа юм байна.  Тэгвэл энэ цөөхөн ч гэсэн чадварлаг авъяаслаг монголчуудаа нэгтгэн зөв зүгт чиглүүлж чадах монгол хүний чадамжинд тулгуурлан хөгжих төрийн хүчтэй шийдэмгий бодлого байх  юм бол бид ч хэдэн зууны өмнө эзэн Чингис хаан маань дэлхийг яаж өөрчилсөн шиг ур чадвар, суу ухаан бидний яс цусанд хадгалагдан байгаагаа ил гарган , үйл болгон эх дэлхийгээ аврах цаг хугацаа аль хэдийн болжээ. Бидний ярих нь ихдээд хийх нь багадаад байна уу ? Эсвэл бид эвлэлдэн нэгдэж чадахгүй хүчээ тарамдуулаад байна уу?



Sunday, June 19, 2016

Өвгүдийн хайрханд

Өвгүд минь намайг өөрсдийн гэж нэрлэх хайрхан руугаа очих ёстой гэж хэдэнтэй хэлсэн боловч хэлж дуулгаснаас нь хойш нэг жилийн дараа арай л гэж нэг очихоор шийдлээ. Өөрсдийн гэж нэрлэх тэр хайрханд үр намайг очуулах учир юусан билээ? Тэнд очиод би яах ёстойгоо ч мэдэх юм байсангүй.  Өөрсдийн гэж гэж өөриймсөх учиг юусан билээ? Өөрийнхөө өчүүхэн тархиар өнгөцхөн бодоод байхнээ :
Өдий болтол бид хариуцаад хадгалаад ирлээ
Өрлөг ээжүүдийнхээ үнэт сургаалийг тосоод аваарай
Өргөн түмэндээ түгээн дэлгэрүүлээрэй
Үлдэх үрсдээ бас үлдээж өгөөрэй хэмээх мэт
Харин үнэт сургаал нь юу юм болоо? Үгний цаадахыг ухахаа байсан балчирхан үрсдээ үгээр ойлгохгүй бүхнийг нь үйлдэл болгон харуулж өөрсдийн балчир ухаанаа багаар ч болов тэлээрэй гэх шиг аян замын уртад адал явдал арвинтай, бодох бодлын үзүүрт тунгаах зүйлс арвинтай аялал боллоо. Өвгүдийн сүрлэг хайрханд очоод онгон дагшин байгалын сүр хүчийг бахархан харж, өндөр өвгүдийн ухааны гүнд хүрэхгүй ч гэсэн үйл гээчийг нь тандан, үйлчлэл гээчийг нь ажин өөрийн өр зүрхэнд шингэх тэрхэн их хайрыг мэдрэнхэн байлаа. Үрээ гэж хайрлах учиг үлдээж өгсөн уул усанд нь байдгийг ухаж билээ. Энэ та нарт л гэж үлдээсэн юм ирээдүйд төрөх үрсэд минь бас энэ чигээр нь эзэн шиг эзэн  болон байж үлдээж өгөөрэй хэмээн өвгүд минь өөрөө өөрсдөөр минь өөрийг минь таниулж зөв байхын учгийг үйдлээр минь ухуулах шиг л болж билээ. Олон олон улаач нар мөн л миний адил өвгүдийнхээ , удам судрынхныхаа тахиж шүншиглэж байсан овоо хайрхадууд, гол мөрөн нуурандаа очиж хариуцах гэдгийн учрыг тунгаан, шингээж өгсөн эрдэмд нь суралцан түмэн олондоо тус дэмтэй үйлэндээ бас зоригдон буй бизээ. Ингээд бодоход хөх өвгүдүүдийнхээ ухааныг бишрэхээс ч яах билээ. Үеийн үедээ  хариуцлага гэдгийг уламжлуулж үлдээх аргаа уул устайгаа холбоод үрсдээ үлдээж өгсөн байх юм даа. Энэ л их хариуцлагыг дааж явах нь улаач бүрийн үүрэг юм байна.

Эргэж ирээд юуг ойлгож юуг танив гэдэг асуултанд үлдэж хоцорсон зүйл байгаа бил үү? Өөрийн гаргасан алдаа, оноо, үйлдэл бүр дээрээ зөв байхын учгийг шингээж чадсан бил үү? Удам судар, угсаа гарвалынхаа түүхийг таниж дийлсэн бил үү?  Үеийн үед дархлах эгэл бөгөөд эрхэм зүйлийг таниж дийлсэн бил үү? Энэ олон асуулт тархин дотор минь эргэлдэн л байна.  
Бага гэж  өөрийгөө бүү голоорой
Их гэж  өөрийгөө бүү өргөөрэй
Эгэлхэн бөгөөд эр хэм байхын ухааныг олж
Эв эеийн орон зайнд
Энх мөнхийг цогцлоох үр минь байгаарай гэх өвгүдийнхээ сургаалийг тунгаан , үйлдэх үйлүүддээ шингээхийг хичээн байна даа.

Monday, May 23, 2016

Төвөргөөн

Тэртээх алсын төвөргөөн
Зүрхэн тушаа цуурайтахад
Тэргэл саран ижий
Тэнүүн сэтгэлийг уудалнам
Төрөх үрсийн ирээдүйг гэрэлтүүлэх
Төрмөл заяа хаалга тогшин орохуйд
Сэрүүн сэрэхүй заншилд бөхлөгдөн
Сэрүүн салхиар дамнан
Хацар юуг минь илбэнэм
Илбэх учиг нь тодхон байхуйд
Ирэх замаа олно буй заа
Элбэх андаа товлоно буй заа
Заяа төөрөг ондоо ч гэсэн
Замнал гэдэг ганцхан хөх

Үргэлжлэл

Түйтгэр зовлонгийн эх нь хүмүүний сэтгэл ажгуу. Сэтгэлээ таниж дийлсэн бол зовлонгийн шалтгааныг таниж дийлнэ. Шалтгааныг таниж мэдсэн бол түүнийг тохинуулах ухааныг олно. 
Огших их сэтгэл хөрөхдөө
Ондоо ондоо зовлонг үүсгэнэ
Ондоо ондоо байхын учиг
Оргилох эх булгаас хамаарна
Зүрх сэтгэл амар тайвныг олоогүй цагт
Зүйлийн цэцэгсийг ч гундуулан харж
Зөв буруугийн өтгөн мананд
Зүг чигээ алдах үе байдаг
Алдана гэдэг онохын эх
Анзаарч нэг тунгаахад л учиг байдаг
Тунаж үлдэх бүхэн чинь
Төгөлдөр их ухааны ундарга
Энэ л ундаргаас ухамсар дэлбээлж
Өр зүрхнээс энэрэл түгж
Өөдлөх амьдралын зам тодорч
Үйлдэл болох цаг тохионо
2016.05.18

Зовлонгийн талаар хэлсэн хэдэн мөрийг уншаад их зүйл бодлоо. Сэтгэл гэдэг жолоогүй зүйлийг таних гэдэг их хэцүү юм байна. Чухам тийм л учраас сэтгэл гэдэг өөрөө зовлонгийн эх болдог бололтой. Тиймээс алдаа бүр минь үнэ цэнэтэй байх учигтай бизээ. Үнэ цэнийг би бас их өнгөцхөн харж байсан бололтой. Алдаанаас олсон ухаарлыг тордон өөрөө өөрийгөө хариуцаж дийлвээс ядаж л өөрөө өөртөө үнэ цэнэтэй болно . Өөрийнхөө үнэ цэнийг таних тусам өрөөл нэгэндээ ч үнэ цэнэтэй байж дийлэх бизээ. Алдуулахгүй гэж өвгүд минь сургаалиа айлддаг гэж боддог байлаа харин хэрэг дээрээ өөрийн туулсан, өөрийн танисан зүйлээр түүнийг мэдэрч өвгүдийн үгний гүнийг таниж гэрэлт тэр мөрийг олж харахад учиг байсан бололтой. Ингэж л байж өнөө сэтгэл гэдэг жаахан ч гэсэн жолоонд ордог ч юм уу даа. 

Sunday, May 8, 2016

Айлдвар 2016.03.09

Үнэн мөнийг таньлаа гээд
Үүрд мөнхийг ойлгочихдог юм биш
Үйлдэл болгон заншиж байж
Өнө мөнхтэй холбогддог юм
Зам мөр тэгширлээ гээд
Заяа тавилангаа олчихдог юм биш
Засаж асарч байж
Жаргалын замыг олдог юм
Онч мэргэн байлаа гээд
Олзыг олчихдог юм биш
Оноо алдааны мөрний гүнд
Орчлон чигтэй оршин буй
Мөр гүн дээдийг оройдоо залж
Мөр замын чигийг гэрэлтүүлж
Өр зүрхний гүнд учиглах
Өчүүхэн ч гэсэн хайраар нэгдэж
Тархи оюун чинь цэгцэрнэ буй заа

Monday, April 18, 2016

Ухамсар энерги 3

Өнөөдөр яагаад ч юм дархлах гэдэг үгийг хөөмөөр санагдаад болдоггүй.
Үүслийн олзыг хойдод дархлан засагламой гэж төрийн найман цахад өгүүлсэн байдаг.
Нэг удаа БууЭрЭл маань буугаад надад олз гэдгийн учгийг одоо болтол оломгүй байна уу гэж шүрүүхэн хэлж билээ. Түүнээс өмнөхөн нэг бөөгийн группын админ гэх залуутай чатаар ярилцаж байгаад би өөрийгөө олз хайгч гэж хэлж тэр хүний дургүйг нэлээдгүй хүргээд авсан билээ.
Олз гэж их л олон янз байх юм.
Дөрвөн нэүрит улиралын олз аялгуу гучин таван эрдэм
Оршихуйн олз ерэн есөн тэнгэр
Үрийн олз есөн хүслийн хүчин
Зүтгэлийн олз есөн мөрний сав шимийн үнэн
Нүүхүйн олз босоо голчит нэүрит засаг
Үүрдийн олз андын нэүрит дэм
Хүслийн олз ерэн есөн арга
Хэцүүгийн олз таван зуун тавин шалтгаан

Ингээд судраас хайгаад байх юм бол олзны талаар их л сонин байдлаар мөр мөшгиж болохоор.
Далд байсан ухамсарын олзыг далай аайий хан зөн болгож
Дарж булавч гэрэлтэх далан гурван суу болгож
Мэдвэл зохихуйг ил болгон цогцлоожээ хэмээн сударт өгүүлсэн байдаг. Үүний нэгэн баталгаа болж "Монгол товчион түүхийн тайлал " судар болон бусад Гэрлийн өргөөнөөс гаргасан судрууд. Үнэхээр эдгээр олзын товчоон нь гэгээрэл юм бол олз хайгч байхаас яах ч билээ.
Би харин яг өөр дээрээ юу гэж тусгаж авах болоо?  Би өөрийгөө сүүлийн үед их ажиглах боллоо. Хөндлөнгөөс өөрийнхөө үйлдлүүдийг ажаад байхад их л өөрийнхөөрөө зүтгэдэг хүн шиг байгаа юм. Мэдээж энэ бол сайн муу 2 талтай.  Одоо харин олзын талаар тунгаагаад байхаар өөрийнхөө алдсан, оносон, үзсэн, туулсан, уншиж тунгаасан  бүхнээсээ би бага ч гэлтгүй ухаарлыг олж байж өвгүдийн ил болгож өгсөн мэдвэл зохихуйгаас удамшил зөв хүчин авч тэр бүхнээр өөрийгөө засаж , аливаа асуудлын  учир шалтгааныг хайж, түүнээс суралцаж байхыг хичээх болсон. Ингээд бодохоор өөрийн дотор луу орохын оронд  бусдаас бурууг хайдаг байснаа больж харин ч аливаа асуудлаас ухаарлыг олоход минь тусалж байгаа бүхэнд талархмаар ч юм шиг.  Гэхдээ асуудлын гол нь эргээд л над дээр бууна. За чи энэ бүхнээс ухаарал олсон юм бол  , олз олсон юм бол (олзыг олуулаа гэдэг дээ) цаашид яаж хэрэглэх гэж байна гэсэн хариуцлага араас нь бас дагаж явдаг бөгөөд ухсан тунгаасан бүхэн чинь хоргүй байх баталгаа гээчийг хэн нэгэн шаардах юм бол яах билээ? Ингээд л дахин дахин алдаа оноо минь үргэлжилж шүүлтүүр шалгуурууд гарч ирэх юм байна. Ингэж тунгаан тунгаагдсаар үлдэх тэр л мэдлэг, дахин дахин тунгаагдах шижир алт  шиг л байх юм уу даа. Харин үнэндээ энэ бол энгийн нэгэн элсэн ширхэг бөгөөд  олон олон элсэн ширхэгүүд нийлэхийн үндэс болдог бөгөөд  нэгэн цул шижирийг бий болгосон  туршлага нь өвгүдийн  минь бүтээсэн нэүрит засаг ч юм болов уу. Ийм л олон элсэн ширхэгүүд  хариуцлага гээчээр, нэгэн  зорилго ( мунхаглалын идэш болохгүй байх ) гээчээр бие биеэндээ татагдаж тэрхүү цулыг бий болгодог бизээ.  Чухам үүнийг хадгалахын тулд Их Засаг болгон дархалсан байж болох л юм. Түүнээс илүүг бүтээтэл дархлагдана гэсэн санаа. Харин хойдод  дархлах гэсэн нь ямар учиртай юм болоо? Хойд зүг үү ирээдүй хойч уу? Мэдээж ирээдүй хойчид л байх гэвч бас хойд зүг юуг илэрхийлдэг юм бол гэж ухаад үзье л дээ.
Хулгана зүг:
Монгол бөө мөргөлд гал голомтны чанх хойд зүгийг хулгана зүг хэмээдэг. Энэ зүгт бүх эсгий туургат Их Монгол улсын тулгар төрийн тэнгэр байрлахаас гадна буддын шашин дэлгэрсэн 16-р зуунаас хойш бурхан сахиусаа байршуулан тахидаг учраас гэрийн эздээс өөр хэн ч гар хүрч болдоггүй байжээ. Гэрийн гаднах умар зүг нь хүмүүс нарт хорвоогоос халиад очдог мөнхөд орших сүнсний буюу онгодын ертөнц Харанхуйн орон орших зүг учраас энэ зүгээс ирэх аюулаас тухайн айл гэрийнхнийг бүх онгод, сүлд, сахиус шүтээн хамгаалж, урт насны хишиг зүг болгодог ажээ. Ер нь айл гэрт аливаа хий биетэн хийсгэлэн дүртэн онгод тэнгэр залран ирэх болбол хаалга үүд голлон цэх шулуун явж, гэрийн чанх хойт хойморт очдог учраас үүд голлох, хаалга алдлах, хоймор голлон суухыг ихэд цээрлэдэг байжээ. Мөн айл гэрийн хоймор арслантай авдар тавьсан байдаг нь гаднаас ирэх элдэв муу зүгийн ад хорлолыг аюулган эцэслэх утга учир билэгдэлтэй байдаг.
Тэгэхээр хойдод дархлах учиг нь энэ бүх зүйлдээ эзэн болоо гэсэн санаа бололтой.