Sunday, March 15, 2026

"Тусгаар тогтнол, бошиг сахигч" киноны талаарх сэтгэгдэл

 Ойрд кинотеатрт кино үзээгүй байж байгаад залуухан найз нарынхаа урилгаар энэ киног үзэхээр ярилцлаа.

Киноны талаар ганц 2 сэтгэгдэл уншсан болохоор энэ киног үзэх хүсэлтэй минь давхцаад сайхан завшаан боллоо.

Яагаад ч юм киног үзэж дууссаны дараа цурхиран уйлмаар санагдсан. Үнэндээ кино үзэж байхад ч гэсэн нулимс минь чимээгүй урсан гарч л байсан л даа.  Хүүхэд байхад 4,5  ангид л  байсан байх нэг удаа сонин уншиж байсан чинь Дилов хутагт Жамсранжав гуайн талаар нэг нийтлэл бичигдсэн байсныг би маш их сонирхон уншаад бүүр тэр сонины нийтлэл дээр байсан Дилов хутагтын зургийг хайчилж аваад тэмдэглэлийнхээ дэвтэрт хадгалаад үе үе яагаад ч юм гаргаж хардаг байж билээ. Яагаад тэр жоохон хүүхдэд тэр нийтлэл тэгж их таалагдсан ч юм бүү  мэд.  Социализмийн үе шүү  дээ тэгэхээр тэр хүний талаар бас ч хамаагүй одоо цагт ил болсон мэдээлэл байгаагүй л байх. Одоо санахнээ Дилов хутагтын талаар Монгол улс НҮБ гишүүн орон болсон талаар байсан байх гэж бүүр түүрхэн санадаг юм. Ер нь бидний хүүхэд насанд маш их ном уншдаг байсан санагддаг. Шинээр гарсан роман болгоныг ээж аав 2 авчираад л номын санд хийчихдэг байсан болохоор  бид номыг бол амтархан уншдаг байж билээ. Тэгээд саяны киног үзсэн тэр уншсан романууд дээр гардаг үйл явдлууд дурсамж сэргээн бодит болон сонирхолтой нь аргагүй дурслэгдэж учир холбоосыг гайхалтай гаргасан зохиолчийг, мөн чин сэтгэлээ зориулан бүтээсэн уран бүтээлчдийг бахархан үзлээ.  Өндөр гэгээн Занабазар, Галдан бошгот гээд л одоо болтол нүүр номын түүхийн группүүд дээр манайхан 2 хуваагдан урвагч тэмцэгч гээд л маргалддаг сэдэв байнга л сэтгэл хөндүүрлүүлдэг .  Монгол нэрнийхээ учрыг тайлж мэдэх цагт бидний мөн чанар өр зүрхнээс өөрийгөө таниулан зүрх шархируулан ургадаг ч юм уу хэн мэдлээ. Халхын ноёдын хуралдаан дээр 8 р Богдод " Та хэдийгээр төвд хүн ч гэсэн таны мөн чанар , сүнс тань Монгол" гэж хэлээд таны анхдугаар дүр Өндөр гэгээний үйл хэрэг үргэлжилж буйг нь тодруулан хэлэх зохиогчийн шийдэл үнэхээр гүнзгий сэтгэгдэл төрүүлж билээ.  Цаг үе бүрийн түүхийн эгзэгтэй мөч бүхэнд тусгаар тогтнолын үнэ цэнийг юунаас дээгүүр тавин зүтгэж байсан үе үеийн баатарлаг түүхийн үнэн тодрон гарч ирэх мөч,  цаг нь болоод ил гарч ирсэн ч гэмээр.

Хөдөөнөөс ирсэн 20 гаран насны залуухан дүү маань бидэнтэй нэгдэж энэ киног үзсэн юм. Тэгээд киноны дараа сэтгэгдэлийг нь асуухад сэтгэл минь маш их огшлоо. Хамгийн сүүлийн хэсэгт хүмүүс тусгаар Монгол улсаа зарлаад хурайлах хэсэгт кинотеатрт байгаа бүр хүмүүс яг л хурайлаад байгаа юм шиг би бүүр дагаж хурайлмаар байсан гэлээ. Кино дууссаны дараа хүмүүсийн алга таших нь яг л театрт жүжиг үзэж байгаа ч юм шиг ...  

No comments:

Post a Comment