Wednesday, July 29, 2020

Хог

Сүүлийн үед хогны асуудал их хөндөгдөх боллоо.
Хөдөө очиод мал малладаг хамаатныхаа айлд очиж хэд хоноод өөрсдийнхөө хогийн уутыг хараад хотынхон бид маш их хог тарьдаг улс болохоо мэдэрлээ. Бидний хэрэглээнээс гарсан элдэв пластик сав, нэг удаагийн хэрэглээний салфетка, 00 цааснаас авхуулаад бүгдийг нь хогны уутандаа цуглуулав. Харин хөдөөгийн айлаас  бараг хог гарсангүй.
Ингэхээр бид хэрэглээгээ дахин дахин тунгаах хэрэг гарах нь дээ.

Бид байгальдаа хог хаяхгүй байх талаар их ярицгааж байгаа боловч өөрсдөө ямар их хог гаргаж байгаагаа бодохгүй байна уу даа. Мэдээж ус ундаанаас авхуулаад л бүх зүйл л пластик сав, элдэв сав баглаа боодолтой л байгаа. Хүссэн хүсээгүй л хог гарна шдээ тэгээд яах юм бэ? гэсэн асуулт хүн бүрт л төрж байгаа байх.  Харин урьд нь яаж ийм их пластик сав, гялгар уутгүй хоггүй амьдарч байсан юм болоо?
Социализмын үед дэлгүүрт ороод идэж уух юм авахдаа бүгд л өөр өөрийн гэсэн даавуун уутаа гаргаж ирээд л үсрээд л бор цаасан боодолд боолгож аваад ундааныхаа шилийг буцаж тушааж мөнгөө аваад л , сүү тарагаа хөнгөн цагаан бидондоо хийлгэж аваад л амьдардаг байсан даа. Ээж маань хүүхдүүдийнхээ хуучин хувцасаар ажлын бээлий хийж зарж олсон мөнгөөрөө бас тодорхой хэмжээний хэрэгцээгээ хангаад л амьдарч байсан гэдэг. Төмс ногооныхоо хальсыг цуглуулаад малтай айлд өгчихдөг.  Эмээ маань нэг зүгээр суудаггүй хүн байж билээ. Хааяа нэг хонь гаргаж идсний дараа  хониныхоо арьсыг элдээд л суудаг байсан сан . Сургуулиуд дээр хүүхдүүд анги ангиараа хаягдал яс , хуучин ном сэтгүүл хэрэглэсэн дэвтэрүүдийг бас цуглуулаад савангийн үйлдвэрт болон бусад үйлдвэрүүдэд  тушаачихдаг байж билээ.
 Саяхан найзууд маань Германд суралцдаг охин дээрээ очиход охин нь хогоо хаяж болохгүй шүү гээд л бүх пластик сав шилийг нь тушаагаад эргээд мөнгө болгоод авчихаж байсан талаар ярицгааж билээ.
Ингээд бодоход хоггүй амьдарч болохоор ч юм шиг. Одоо үед хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд ч зөндөө байдаг болж харин бид дор бүрнээ хичээх юм бол  тэр хоггүй амьдарч чадах болов уу?

No comments:

Post a Comment