Monday, May 19, 2025

Ул суурь- Гүн ухаан

Аливаа зүйлийг ул суурьтай бодож бай гээд л ээж аав маань ч эмээ өвөө маань ч хэлж сургадаг шүү дээ. Тэгвэл тэр ул суурь нь юу юм бэ? Өвгүд ч бидэнд хэлэхдээ та нар зөвхөн сууриа л тавих үйлэнд зүтгэж байна гэдэг. Яаруу сэтгэлт бид чинь юу юугүй л бүхэл бүтэн цогцыг бүтээчихмээр ч юм шиг сэтгэл маань оволзож суудаг даа. Оволзсон их сэтгэл заримдаа тээр болох ч үе байдаг. Харин тэр яарсан оволзсон сэтгэлийн суурь хир бат бөх болоо? Яарвал даарна гэдэг үг ч бас л тэр хэврэг суурьтай холбоотой хээр хонохыг хэлээд байна уу? Ул суурьтай гэхээр үндэстэй үндэслэлтэй байхад суралцах юм болов уу? Аль болох бага алдаж их зүйлийг бүтээхийг хэлээд байна уу? Долоо хэмжиж нэг огтлохыг хэлээд байна уу? гээд хэлээн хэдэн жилийн өмнө бичиж байжээ.

Гэтэл саяхан " Засаглахуйн засал" судрыг нээж үзээд доорхи гарчгийг уншлаа . Өнөө ул суурь гэдэг зүйлийг бичжээ.
НҮҮДЭЛЧИН ТҮМНИЙ ЗАСАГТЫН СУУРЬ ТАВАН ГҮН УХААН :
1.Үндэсний үзлийн гүн ухаан
2.Соёлын гүн ухаан
3. Бүтээмжийн гүн ухаан
4. Хүслийн гүн ухаан
5. Ний зохицлын гүн ухаан
Гүн ухаан бол ерөөсөө л зарчим.  Тухайн зүйлийн анхны зөв сэтгэл зүй хэрхэн гарч ирж байна гэдэг зүй тогтол гэнээ.
Тэгэхээр ул суурьтай бодож бай гэдэг үгийг эдгээр 5 гүн ухааны зарчмыг бидэнд ухааруулах гээд байгаа юм байна гэж ухлаа.
Яг тэрийг хэлнэ гэхийн оронд тиймэрхүү зүйлийг хэлнэ гэж ерөнхийлэх бөгөөд энэхүү гүн ухаанаас төрөх бодлого хэлбэршиж, хэмжигдэхүйц болсноор засаг болж хувирна гэж бичжээ.
Үндэсний үзэл дээр хүн нийхэмийн бүрдэл болж дийлэнхийн оюун санаа гарч ирэх тухай тайлбарласан. Соёлжилт гэдэг нь урт хугацааны орон зайд шалгарах хүний зан байдлаас, оюун дүгнэлтээс гарч хэвшмэл дадал болдог тухай ярьсан. Хүн өөрөө ашиглагч бөгөөд ашиглагдагч буюу байгаль ертөнцийг тусад нь авч үзээд ахуйн нөөц гэж үзээд энэ нөөцөө хамгаалах үүргээ хэрэглэх эрхэд шилжүүлэхийн тулд бүтээмжийн гүн ухаан гарч ирсэн тухай бичсэн. Харин бүтээмжгүй байж хэрэглэгч учгаас хүсэлтэй гэж үзээд хүслийн гүн ухааны тодорхойлолтыг 9 чигчид авч үзэн цаашид хүн дангаар буюу гагцаар оршин боломжгүй тул ний зохицолын буюу нийхмийн харилцааны мөн чанарын гүн ухааны утгыг тайлбарлаад энэ бүхнийг суурь болгон Засагийг бий болгож байсан туршлагаа бичсэн байна . 

 Отгонбаяр докторын Гээгдсэн түүх подкастаар "Их Монголын  гүрний номлол" гэсэн сэдвээр ярьсан яриаг сонслоо. Яг цэгцтэй энэ талаар яригдаагүй боловч Их Монголын гүрэн хэмээгдэн 100 гаран жил эзэнт гүрнийг тогтоож байсан гүн ухааны суурь байсан гэдэг нь тодорхой гээд дэлхийн түүхэн дэх томоохон эзэнт гүрнүүдийн талаар харьцуулан ярьсныг сонсоод "Засаглахуйн засал " судрыг дэлгэрүүлэн унших юм бол маш сайхан цэгцтэй ойлголттой болохыг ойлголоо. Үүнийг судалсан томоохон судалгааны ажлуудыг бичгийн эх сурвалжуудыг ашиглан хийвэл докторын сайхан сэдэв болно хэмээн эрдэмтэн судлаачдыг уриалсан яриа болсон.
Улс төрийн зохион байгуулалт түүний засаглалын үйл ажиллагааг цэгцлэхийн тулд төрт улс бүхэн өөрийн гүн ухаан, хүчин чармайлт гаргаж ерөнхий зүй тогтлыг олохыг хичээсэн. Үүний нэгэн адилаар нүүдэлчдийн  анхны төр Хүн гүрэнтэн өөрийн улсын бодлогыг анх аравтын зохион байгуулалтаар цэгцлэх оролдлого хийсэн юм. Энэхүү зохион байгуулалт , цэгцийн хүрээнд гүрний түвшинд мандаж , төрийн анхны бодлого суурьтууд үүсэж байсанд ололт амжилт, алдаа оноо байснаас дараа дараагийн төртүүд алдааг засаж оноог улбаалсны хүрээнд " "Арван түгээмэл"-ийн гүн ухаан хөгжсөн байдаг.
Арван түгээмлийн гүн ухаанд өгүүлэхдээ 
" Их засаг нь үндэсний үзлээр бий болж
Их засгаа Хамтын Хариуцлагаар үүрэн хүлээж
Хүсэл мөрөөдлөө Ухаанаар тэмтэрч
Эзэн эрхээ Оюунлагаар үүрэгжүүлж
Бүтээврийг бий болгож
Хүнсийг гол болгож
Эв гэриэг барьцалдуулан
Соёл зөнгөөр нийхэмийн хүч хийж
Үнэнээр цаазалсуу" гэх гүн ухаан төрсөн болно. 

Thursday, May 15, 2025

Хүсэл Чадамж Бүтээмж Хөгжил Дэвшил

Сүүлийн үед Гэрлийн өргөөний постууд дээр 9 цагаан хүслийн талаар их уншиж байгаа байх. Үүнээс улбаалаад хүслийн зүйтэн гэсэн ухагдахуун гарч ирэх байх.

Өнгөцхөн бодлоор хүслийн зүйтэн гэж хэнийг хэлэх вэ гэж асуугаад хүслийнхээ хэм хэмжээг мэдэгч байх нь гэж ухвал тэр хэм хэмжээг хэн тодорхойлох вэ гэсэн асуулт гарнаа даа. Мэдээж хэм хэмжээгээ хэтрүүлээд ирэхээр бусдад хохирол учруулаад эхлэхээр хүсэл зааглагдаж таарах нь. Тэгвэл тэр хэм хэмжээ хэмээхийг тодорхойлохын тулд  хэмжигдэхүйц, тоон нэгжид хөрвөхүйц байдлыг хангаж байна уу гэдэг асуудал гарна. Засаглахуйн засал сударт "Эзэн хариуцагчтай , оршин тогтнолтой, хэмжигдэхүйц байх шаардлагыг хууль хангах ёстой гэж бичсэн байдаг.   Засаг нь зохист хэм хэмжээний хил хязгаар гэсэн ойлголт байгаа. Тэгэхээр хүний хүслийн хэм хэмжээг Засаг тогтоох нь ээ гэсэн ойлголт гарч ирэх нь . Жишээ нь гадны нэг компани Монгол улсын нутаг дэвсгэрээс уран олборлож ашиг олох хүсэл  сонирхолтой байгаа.  Энэ хүслээ биелүүлэхийн тулд Монгол улсын засгийн газарт уранаа олборлуулах зөвшөөрөл өгөх юм бол бид тэдий хэмжээний  хөрөнгө оруулалт хийж та бүхэн  тэдий хэмжээний ашиг олох болно гэсэн хэмжигдэхүйц тоон мэдээлэл өгч байгаа. Тэгэхээр Монголын засгийн газар бид ямар нэгэн хөрөнгө оруулахгүйгээр газар нутгаасаа уран олборлуулснаар ийм хэмжээний ашиг авах нь гэдгийг хүлээн авч байгаа  бол энэ хир бодит ашиг вэ гэдгээ тооцоолох шаардлага үүснэ. Олон нийтийн зүгээс хор хохиролыг тооцож үзсэн үү гэж асууж байгаа ба зарим нэг төрийн бус байгууллага туршилтын олборлолт хийсэн байдлаар нь иймэрхүү хор хохирол үүсээд байна цаашид улам ихээр олборлох бол бидэнд хуваарлиж өгсөн ашиг энэ хор хохиролыг нөхөх үү гэдэг дээр асуудал босгож сайтар тооцож үзэхийг засгийн газартаа анхааруулж үүнийг бодит байдлаар хэмжих хэм хэмжээг тодорхой болгож өгөхийг шаардаж байгаа. Зарим нэг хэсэг нь улсад ийм их ашиг өгөх гэж байхад оркууд харин шал дэмий бодит биш хохиролыг бодит болгож байна гэж ярицгааж байгаа. Тэгэхээр бодит ашгийг тооцохын тулд хор хохиролын хэмжээг тодорхой болгох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн үр дүнгээр хэмжих түүнийг хэвийн хэмжээнд байлгахын тулд нөхөн сэргээлт аюулгүй байдлын зардлыг зөв тооцохыг шаардаж бодит ашгаа хэмжигдэхүйц байлгаж  тухайн олборлолт хийгдэж байгаа газар нутгийн хүн ардын эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг хангахыг шаардах нь Засаг төрөөсөө шаардах нь зүй ёсны асуудал болж таарна. Өөрөөр хэлбэл ямар хэм хэмжээнд хүн ард эрүүл аюулгүй амьдрах хэм хэмжээг тогтоох нь Засгийн үүрэг болж таарна.   Байгаа болон байх ёстойн зохист харьцааны талаар асуудал үүсэж байна гэсэн үг.  "Байх" нь өнгөрсөн хугацаа, "байна" одоо хугацааг,  " байлга" ирээдүй хугацааг илэрхийлнэ.

Тэгэхээр одоогоор ирээдүй цагт бид юуг байлгаж үлдээх гэж байгаа вэ гэдэг өөрөө хэмжигдэхүйц байж чадахгүй байнаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл нүүдэлчин  түмний засаглалын суурь нь хүний чадамж дээр биш, гаргаж буй хохиролд суурилдаг байснаас улбаалан " Би алдсан нь бусдыг хохироож , бусад хүнд хамаатай байна. Би оносон нь бусдыг тэжээж, бусдыг жаргалтай болгоно" гэсэн хамтын хариуцлагын онол өндөртэй  үзлээс улбаатайгаар нүүдэлчин түмний засагт хариуцлагыг нэгж толгой дээр биш түүнтэй хамаатай бүхий л сурвалж дээр хориглох цаашлаад хохиролыг барагдуулах засаг батлагдсан уу гэдгийг үнэлэх хэрэгтэй болно.  Тэгвэл хүсэл гэж ер нь юу юм бэ гэдгийг бүтээмжтэй холбож тайлбарласан байгааг бас анхаарна биз.

Бүүр энгийнээр тайлбарлах юм бол чи самар идэх хүсэлтэй гэх тохиолдолд хориг, чи тариад идлээ гэх үед чиний бүтээмжээр бий болох эрх тул чи бүгдийг нь авч болно.  Энэ самар урган төлжих боломжтой гэж үзье. Ашиглахын тулд үүнийг заавал дэлхий дээр оршоох ёстой. Энэ миний үүрэг. Би энэ самрыг тариад дөрөв болголоо. Тэгэхээр би байнга бүтээмжээ нэмэгдүүлж байгаа учир ирээдүйн зарцуулалт маань анхны бүтээх нөөцөө хамгаалаад түүнээс илүүг нь ашиглах эрх үүснэ.

Үүнээс үндэслээд Засаглахуйн засал судар дээрээс  Бүтээмжийн гүн ухааныг тайлбарласан хэсэгийг уншаарай. Хамгаалах үүргээ хэрэглэх эрхэд шилжүүлэхийн тулд бүтээмжийн бодлогыг гаргаж ирсэн талаар сайхан тайлбарласан байгаа.

Саяхан " Хиймэл оюун , их өгөгдөл , дижитал хуваагдал" сэдэвтэй  подкаст сонслоо Энэ нь орчин үеийн технологи дижитал хөгжлийн талаар байлаа. Энэ подкастан дээр Энхбат гуай ярихдаа бид Монголчууд өөрсдийгөө 3,5 сая хүний нэг гэж харах нь зүй ёсны боловч  үүнээс илүү энэ дэлхий дээр амьдардаг 8 тэрбум хүний нэг гэж харах юм бол Англи хэлний мэдлэгээ сайжруулах мэдлэг боловсролоо сайжруулах шаардлага үүснэ. Анх хүн төрөлхтөний хөгжил усаа дагаж хөгжиж явдаг байсан . Үүний дараа  хөгжил зам дагаж хөгжих болсон. Монголын Эзэнт гүрэн байгуулагдаж худалдааны аюулгүй байдлыг бий болгож торгоны замууд үүссэнээр хөгжлийн шинэ түвшин бий болж үүнтэй холбоотойгоор ч Эзэн хаан маань Мянганы хүнээр шалгарсан . Үүний гүн ухаан дээрээс үндэслэн орчин үед интернет бий болж орчин үед технолиги хөгжиж мэдээлэл мэдлэгийг дагаж хөгжил цааш явсаар одоо хиймэл оюун ухаан бий болж байна. Тэгэхээр хөгжил мэдээлэл мэдлэг боловсрол хаана байна тэнд хөгжил явагдаж байна. Хэрэв бид 8 тэрбумын нэг боловч Монгол хүн гэдэг онцлогоо хадгалж хөгжил дэвшилийн урсгалд өөрсдийгөө тодлохыг хүсэж л байгаа бол өөрсдийн гүн ухааны онцлог , соёл, төрийн онолын суурь нөхцөл , түүхийн хугацаанд тодорч байсан засаглалын туршлагыг орчин үеийн техник технологи дижитатчилалын шинэ эринд зохицуулах мэдлэг боловсролыг эзэмшихээс өөр арга үгүй.


Энэ тал дээр Хамаг Монголын ур дүйн хааны судрын Дайтахуйн ухаан хэсэгт ийнхүү өгүүлсэн байдаг . Бид дайтахыг дайн байлдаанаар төсөөлдөг байсан бол бидний түүхэнд илүү ахисан ойлголтоор  дайтахуйн ухааны нэг зүйл нь бусдад хүлээн зөвшөөрөгдөх дэвшил хөгжил гэж үзэж байжээ. 

 Дэвшил, хөгжил: Дэвшил, хөгжил бусдад боловсрол түгээх чадварт байдал нь олон улсын эв гэриэний үнэ цэнэ, улс оршиж байгаагийн илрэл байдаг. Тухайн улсын олгож байгаа боловсрол дэлхий нийтийн хэрэгцээг хангах чадвартайг илэрхийлдэг. Ингэснээр тухайн улс нь хүлээн зөвшөөрөгдсөнийг олон улсад мэдэж, гуравдагч оронд харилцаатай болохын үүд хаалга болдог. Хөгжингүй болж байж давуу тал олдог юм биш хүлээн зөвшөөрөгдөх түвшинд боловсрол олгох чадвартай байх тодорхойлолтоороо давуу талтай болдог. Энэ улсад бэлтгэгдсэн хүмүн нь аль ч улсад хүмүний нөөцийн чадвартай байх нь олон улсад гэриэ хийх бас нэг нөхцөл болдог онцлогтой. Харин дахин боловсрол эзэмшиж байж өөр улсад ажил, алба хаах орон зайтай байгаа нь тухайн улс бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүйн дээр хүмүн нь үнэ цэнэгүй байгаагийн илрэл юм. Аль ч оронд тухайн улсын албаттай ижил ханш цалин авна. Дунд ба бага түвшний удирдлага хийх боломжтой байгаа нөхцөлд тухайн улсын олон улсын харилцааны чадвар оршин тогтнодог онцлогтой. Үүнтэй уялдуулж дотоодын боловсролын бодлогыг бүх улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд чанаржуулах шаардлагатай бөгөөд газар нутаг, эд баялгийн доройтолтой улс бол бага болоод дунд шатны удирдах хүчин бэлтгэх чадвартай байдлаар өөрийн дутуу талыг нөхөх боломжтой болно. Иргүн өөрөө хүчирхэг байгаа нь сүрдүүлгийн зэвсэг болдог тул цөөн болоод олон тооны ардтай байхаас эс хамаараад иргэншлийн чанараас дүрвэх болоод оршин суух гэриэ тэнцэтгэдэг. Ихэнх олон улсын харилцаанд тухайн улсын тусгаар тогтнолыг аль болох өөрт ашигтай байдлаар эргүүлэх сонирхолтой, хамтрагчаа албадах шинжтэй байдаг. Энэхүү нөхцөлийг бүрэн утгат болгодог хүчин зүйл нь иргэний боловсрол юм. Иргэний боловсрол буцаад нийхэмийн ижилсэх шинж чанарын боловсрол, өөрийн авьяас билгийн боловсрол хоёроор үнэлэгдэнэ. Оройлол өндөртэй иргэн буюу алдартан, баатар, сод хүмүн улсдаа тусгаар тогтнол, тэнцвэрт байдал, үнэ цэнийг авчирдаг.

Энэ бүхнээс ямар дүгнэлт гаргах вэ гэхээр дэлхий нийтийн хөгжил дэвшил биднээс үл хамааран хөгжсөөр байх бөгөөд энэхүү мөнхийн хөдөлгөөнд өөрсдийгөө тодлохуй нь нүүдлийн соёлын онцлог болох эх дэлхийнхээ оршин тогтнолтой хамааралтай хязгаартай хэм хэмжээстэй байх гүн мэдлэгтэй нягт холбоотой болохыг ухаарах биз. Мэдлэг боловсролоо дээшлүүлцгээе. Тэгээд чадамжаа бүтээмж болгоцгооё !

Monday, March 24, 2025

Засаглахуйн засал судрын тухай

 Энэ судрыг нээж үзэхээс өмнө бичиж байсан бичлэгүүдээ илүү дэлгэрүүлж ойлгох боломжийг их өөрөөр харж байсан маань илүү тодрох шиг боллоо.

Чадамж бүтээмж 2 ын талаарх ойлголт маань их сайхан зөв гольдрол руугаа урсах шиг л болж энэхүү судрын гол агууламжийг гаргаж өгсөн Алага онгодын өгүүлэмжийн цэгц гол санаагаа гаргах байдал, орчин цагийн ойлголттой харьцуулан жишиглэх чадамжийг уншаад гайхан бахархахын зэрэгцээ мөн гаргаж буй санааг нь ойлгон ухахын тулд нэлээн их нухаж унших болсондоо олзуурхан сууна.

Миний нэгэн бичлэгт Бай ур дүй зөнгийн талаар өөрийн ухснаа бичсэн байсныг энэ судар дээр маш сайхан дэлгэрүүлж дутуу ухаарсан зүйлийг маань нэлээн бодуулж дахин дахин эргэцүүлэх харваатай бичиж тайлбарласан байлаа.

Байгаа бүхэн
Хүний хүсэл
Байлгах гэсэн 3 утгын холбоосыг нүүдэлчин түмний засагтын 5 гүн ухаанаар маш ухаарууштай ул үндэслэлтэй одоогийн байдалтай харьцуулан тайлбарлаж засаглалын мөн чанарыг шинж чанартай нь уялдуулан тайлбарласан байлаа. 
"Нийхэм" буюу хариуцагч, "Байх" буюу бүтээмж, "Хэм хэмжээ" гэдэг тоонд хувиргах нэгж гэдгийг тайлбарлан онцлоод " Эзэн хариуцагчтай, оршин тогтнолтой, хэмжигдэхүйц зүйлийг хууль хэмээн тодорхойлдог талаар өгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл хүмүний хувьд нийхмийн биш нэгжийн хүсэл сонирхол байвал хууль биш. Оршин тогтноогүй зүйл дээр хууль гардаггүй. Жишээ нь Харь гаригийнханд зориулсан хууль байх ёсгүй 
Хэм хэмжээ дээр шударга ёс нь хэм хэмжигдхүүнтэй ухагдахуун биш гэдгийг маш сонирхолтой байдлаар жишээн дээр тайлбарласан байлаа. Жишээ нь нүдийг нүдээр гээд 2 хүн бие биенийхээ нүдийг сохлоод эн тэнцэх бол шударга ёс мөн үү? Харин хохирол арилаагүй учир тэр 2 хүний хувьд шударга ёс тогтсон ч хууль засаглалын хувьд шударга явдал биш юм. 
Миний хувьд үндэсний үзэл ба үндэстэн гэдэг ойлголтыг төсөөлж байснаас минь илүү гүн гүнзгий мөртлөө ойлгомжтой байдлаар тайлбарласан үнэхээр олз бөгөөд миний ерөнхийлөн ойлгож байсан зүйлийг илүү нарийвчлан хэм хэмжээстэй нь ардаас төр лүү, эргээд төрөөс ард руу чиглэсэн харилцааны үндсийг гаргаж өгсөн байлаа. Энэ би-гээс Бид рүү чиглэсэн чиглэлийг бүтээмжтэй холбон  оршин тогтнолтой , эзэн хариуцагчтай, хэмжигдэхүйц байх хуулийн үндэслэлийг засаглалын бүтэцтэй холбон Ний тархи, Нийхэм, Нийгэм гэдэг ойлголтуудыг тайлбарлажээ. 
Саяхан би Наминчимэд гуайн ярилцлагыг сонсоод Монголоо алдах гэдэг тал дээр их л эргэцүүлж  өрөнхийлөн ойлгож байсан бүхний нарийвчилсан хариултыг Соёлжилт засаглалын үйл явцтай холбон хэрэгжилтийн засаглалын аргачлалтай холбон тайлбарласан байна лээ. Өөрөөр хэлбэл ёс заншил уламжлалаараа бид Монгол хүн ямар байх талаар ёс суртахууны тогтсон хэм хэмжээсээр болох болохгүйн заагийг тогтоож болохгүйн зааг руу хэлбийснийгээ Монголоо алдсан хэмээн харуусан дуу алддах хэмжээний ёс заншлаа хатуу барьдаг байсан соёлтой байжээ. Энэ улбаа бидний төрт ёсны хар хайрцагт хадгалагдсаар ирсэн гэсэн үг байх ....

Tuesday, March 11, 2025

Тоо ба чанар 16

 Ойрд блогтоо эргэцүүлэлүүдээ оруулсангүй. Тоо ба чанар сэдвээ үргэлжлүүлье гээд дараалалаа хартал 16 дахь эргэцүүлэл маань болж таарлаа.

16 ын тоог жаахан хөөе гэж бодоод судрын хуудас эргүүлж суулаа. Алтан судар судлаач нар бараг мэдэж байгаа байх нийтээрээ үйлдэх 16 гэмийн талаар холбож бичих гэж оролдоё.

Хүн болж төрсний гол зорилго юу вэ гэхээр судар дээр Мунхаглалын идэш болж өөрөө өөрийнхөө өөдгүйн боол бусдын идэш болохгүй байх нь бидний зорилго гэсэн байдаг. Тэгвэл хэрхэн өөрөө өөрийнхөө өөдгүйн боол болохгүй байх юм болоо?

Өөрийн дотор луу өнгийх юм бол хүн бүрд л муу авир, муу сэтгэл байдаг.

Сударт хүний авир тархины талаар бичсэн байдаг 

Хүний амжилтын замд саад болдог 6 авир тархи
1.Болхи
2.Залхуурал
3.Бардамнал
4.Шантрал
5.Атаархал
6.Тогтворгүй байдал
Энэ бол бидний дотор л байдаг зүйл. Харин энэ бүхнийг давах ухаан ч бас байна. Болхи байдлаа засахын тулд олон дахин оролдож байж засна.  Залхууралаа даван туулахын тулд өөрийгөө зоригдуулж хүчилж бусад хүчирхэг залхуугүй нэгнээсээ суралцан байж даван туулна. Бардамнал байгаа бол би л бүгдийг чадна гэж хоосон бардамнахын оронд өөрийн чадахгүй байгаа зүйлээ бусдаар хэлүүлэн хийж бүтээх гэж оролдоно. Шантрал байгаа бол бусдаас урам дэм авна. Атаархал байгаа бол дэмий атаархахын  оронд бусдын чадсан зүйлийг өөрөө ч бас чадна гэж өөрийгөө дайчилна. Тогтворгүй байдал байвал тогтож оролдох зэргээр даван туулна . Энэ бүхнээ зүгээр хүлээн зөвшөөрөөд л байх юм бол өөрөө өөрийнхөө өөдгүйн боол болно шүү дээ. Тэгэхээр өөрийн хүчээр бас  бусдынхаа дэмжлэгээр даван туулж болох л зүйлс. 
Индианы Широкии омгийн нэг хөөрхөн үлгэр байдаг даа. Хар цагаан 2 нохойгоо алийг нь илүү тэжээж байна тэр нь л илүү хүчирхэг болдог. Тэгэхээр эдгээр авираа тэжээгээд л суух уу эсвэл даван туулах уу гэдэг өөрөөс болон бусад анд нөхдийн дэмжлэгээс  л хамаарна. Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл муутай нөхөрлөвөл могойн хорлол гэдэг зүйр үг ч байдаг шүү дээ. 
Энэ бүхнээ даван туулж байж бид амжилтанд хүрдэг гэдэгтэй маргах хүн байраг байхгүй байх.
Харин хүний дотор байдаг 7 муу сэтгэл гэж байдаг бас бөөд бол 7 хар сүнсний эх гэж бичсэн байдаг. Буддын шашин болон бусад шашнууды сургаалд 10 хар нүгэл гэх мэтээр зөндөө бичсэн байдаг.  
1.Сувдаг
2.Тачаал
3.Аархал
4.Мунхаг
5.Атаархал
6.Шунал
7.Хонзон
Тэгвэл эдгээр муу авир, сэтгэлийг дэвэргэж нийтээр нь гэмтэн болгох  16 арга байдаг ба үүнийг хөх монгол иргүнийг үхүүлэх 4 арга ,  доройтуулах 7 арга , тамлах 5 арга  хэмээн 16 аргаар өөрөө өөрийн өөдгүй боол бусдын идэш болгох аргаас болгоомжлоорой хэмээн сануулсан байдаг.
Үхүүлэх 4 арга :
1. Архи сархаданд дуртай болгох 
2. Буруу хийснийг бусдаас онцгой хэмээн онгироон уруу татах 
3. Аминч зоргоор болгож шуналд автуулж өмчирхөг болгох
4. Бэлнийг өгч өөрийн чадамжийг нь үгүй хийх
Доройтуулах 7 арга:
1. Тэнцвэргүй тулаанд оруулж урам зоргийг нь унтраах
2. Өр зээлэнд дуртай болгох
3. Заншил бусыг шүтдэг болгох (Харийн шашнд оруулах , гаж урсгалууд)
4.Эмст шунаж эдэнд захирагддаг  болгох
5. Гэр бүл, хамт олноос нь хөндийрүүлж ганцаардуулах
6. Өглөг хээл хахуульд дуртай болгох
7. Ахуй ажил төрлөөс нь холдуулж мөнгөнд шүтүүлэх
 Тамлах 5 арга
1. Өөр хооронд нь муудалцуулж өөрөө өөрсдөөр нь устгуулах
2. Идэх хэрэглэхийн хүслэнд живүүлэх (үр хүүхэд ирээдүй хойчдоо үлдээх зүйлгүй болгох мэт )
3. Өөрөө өөртөө итгэхийг болиулж бусдад найддаг болгох 
4. Тэнэг бодлоор хууль гаргуулж төөрөгдлийн дээдээр тамлах арга 
5. Хамгийн аюултай хүнийг хаан сууринд залж удирдуулаад зарлиг хуулийг хоосон магтаад нийтээр нь тамлах арга 

Эдгээр аргууд хэрхэн хэрэглэгдэж байгааг өнөөгийн нийгмээс анзаарч болох тул хүн бүр дотроо бодолтой байж эдгээр аргуудыг танин мэддэг болох нь бидний өөрөө өөрийгөө, өрх гэрээ, улс орноо доройтуулан устгах аюулаас гэтэлгэхийн тулд мэдвэл зохихуйн их эрдэмд шамдах хэрэгцээг сонголт болгох нь дээ. Үр дүн нь ямар байх нь та биднээс хамаарна .






 


 

Wednesday, February 19, 2025

Тогтвортой хөгжил ба бидний хэрэглээ

 Өглөө ажил руугаа явах замдаа подкаст сонсож явлаа. 

Тогтвортой хөгжил гэж юуг хэлдэг талаар сонсож байхдаа үнэхээр бидний өвүг дээдсийн бидэнд хэлэх гээд байгаа санааны хэрэгжилттэй холбоотой сэдэв байлаа. 

Охин маань 10 жилийн  сургуулийн сурагч , үзэж байгаа хичээлийнхээ талаар надтай хуваалцсан юм. Юу вэ гэхээр усны асуудлыг надаас асуусан юм. Ээжээ бид гүний усыг хэрэглэдэг юм байна.  Харин энэ гүний ус нөхөгддөггүй юм байна тэгтэл бид энэ хэзээ ч нөхөгддөггүй усаа бид жорлонд хичнээнийг хэрэглэж байгаа болоо? Дараа нь энэ ус дуусна тэгэхээр бид яах ёстой вэ гэж асуулаа. Гадаадын хөгжилтэй улс орнууд усны асуудлаа нэлээн урт хугацааны бодлогоор тогтвортой хөгжлийн бодлогодоо өнөө бидний өвөг дээдсийн маанв сургаад байдаг чанад манах эрдэнэ болох агаар, ус, хөрсний асуудлыг тусгаж эхэлсэн. Ихэнх томоохон мега хотуудад саарал усны хэрэглээгээр ахуйн хэрэглээний болох жорлонгийнхоо усны асуудлыг аль хэдийн шийдээд явж байгаа.   Бидэн шиг гүнийхээ усыг жорлондоо хэрэглэдэггүй бололтой. Үнэхээр энэ янзаараа үргэлжлэх бол  100 жилийн дараах Улаанбаатар хотод амьдрах хүмүүсийн хувьд усны асуудал нэлээн хүнд асуудал болох юм байна. Гэр хороололд амьдарч байгаа нэг хүний усны хэрэглээ 7 л байдаг бол орон сууцанд амьдарч байгаа нэг хүний усны хэрэглээ 70 л байдаг талаар уг подкастан дээр яриж байна . Үүний хэдэн хувь нь жорлон руу урсаж байгаа бол ? Нэгж өрхийн шийдэж чадахгүй асуудлыг төрийн хэмжээнд бодлого гарган нийтийн хэрэглээгээр нь тооцоолсны үндсэн дээр нэгж хүн бүр нэг байгууллага бүр хэрэглээний усыг хэрхэн зарцуулах, дахин ашиглагдах саарал усыг хэрэглэх системийг бий болгож ингэснээр цэвэр гүний усныхаа хэрэглээг яаж багасгах нь эцэст нь ирээдүй хойчдоо санаа тавьсан шийдлийн нэг хэсэг болно.

Бидний өвүг дээдсийн ёс суртахууны үндсэн 9 жаяг байдаг 

1. Нэгийг аврахад нөгөөг нь бүү хохироо - тэнцэл
2. Хэрэглэсэн бол төл - тэнцвэр 
3. Арыг харж ачлалыг бүү түгээ - голч
4. Эхийг нь бүү бохирдуул, адгийг нь бүү хатаа - хязгаар буюу хэмжээс
5. Хэдий чинээ хүнд өгч чадна, төдий чинээ эзэрхэн ноёрхоно - жин
6. Өв мөр үр 3 ыг үлдээ - чанар
7. Аливаа зүйл хөгжилдөө, хөг ижилсэх утгатай байдаг - андын гэрээ
8. Мэддэгтээ эзэн болж, мэдэхгүйгээ 99 тэнгэрээс асуу- тогтворжуулалт
9 .Мон гол бай - төгс 

Энэ жаягийн эхний 2т тогтвортой хөгжлийн үндсэн зарчим оршиж л байна. Үнэгүй юм гэж энэ хорвоод үгүй харин бид одоо усыг ямар ч үнэ цэнэгүй мэт хэрэглэж байгаа ч магадгүй хэдхэн жилийн дараа бидний үр хүүхдийн хувьд усны үнэ цэнэ асар  их болох байх өөрөөр хэлбэл бид ирээдүй хойчийнхоо хэрэглээг маш бага үнээр ашиглаж үр хүүхдүүддээ маш их өр, дарамт үлдээж байнаа гэсэн үг. Тэгээд яах юм гэж үү? Яг энэ асуултанд хариулах гэж оролдохын тулд тогтвортой хөгжлийн асуудлыг ярих хэрэгтэй болно. Зөвхөн хамгийн хэрэглээнд ойрхон усны асуудал  дээр ийм байхад хог хаягдлын асуудлыг ярих юм бол үнэхээр өөр том том асуудал руу орно. Нүүдэлчдийн соёлын талаар өвүг дээдэс маань бидэнд юу өгүүлснийг сөхөж үзвэл доорхи асуудлуудыг онцолсон байдаг . 

Багахан зүйлээр ихийг бүтээх "Ур дүй"
Хязгаарлагдмал нөөцөөс хамааралт Олон үйлдэлт "Хэрэглээ"
Энэ хэрэглээг урт наслах ёстой гэх "Ухаан"
Цаашлаад хог хаягдалгүй байж бүрэн хэрэглэх "Зуршил"
Байгаа зүйлээрээ бүхнээ болгох "Тархины хөгжил"

Гэвч бид одоо суурин соёл руу шилжиж байгаа тул энэ онцлогоо яаж авч үлдэх вэ гэдэг өөрөө том асуудал .

Чагдгаагийн Батцэцэг гэх бүсгүйн УЛ МӨРГҮЙЧҮҮД цуврал нийтлэлийг уншиж байсан маань яг л энэ өвгүдийн нүүдэлчин соёлын талаар өгүүлсэн байдаг.
Гэхдээ бид хүссэн хүсээгүй суурин соёлын хэмжээсэнд орсон бөгөөд нийтээрээ хамт яаж хамтын хариуцлагыг бий болгох ёстой вэ гэхээр л өнөө л 3 гол онол руугаа орж Тогтвортой хөгжлийн бодлого, алсын хараагаа хувь хүн, байгууллага , төр засгийн бодлогын хүрээнд томоор харж ухамсарлах асуудал руу л орно. Дэлхий нийт ч бас үүн дээр анхаарч байгаа ба томоохон үндэстэн дамнасан корпорацуудын үйл ажиллагаа тогтвортой хөгжлийн бодлоготойгоо уялдаж илүү алсын хараатай ажиллах болсон ба гадны болон томоохон банкуудын зээл тусламжийг авахын тулд тогтвортой хөгжлийн, экологийн асуудлыг шийдсэн байдлыг шаардах болсонг анзаарч байгаа байх.
Хувь хүн талаасаа харах юм бол утаат Улаанбаатарт би яагаад амьдраад байгаа юм болоо гэж асууж болно. Агаарын бохирдол гэр хороололд байна уу орон сууцанд байна уу гэдгээс үл хамаарч бүх хүмүүсийг их бага хэмжээнд хордуулж л байгаа гэдгийг бүгд ухамсарлаж байгаа тул нэгж өрхөөс хамаарах дулааны асуудлаа хэрхэн шийдэх боломжтой гэдгийг танин судалж гэр байшингаа дулаалахаас эхлээд яндангүйгээр сэргээгдэх эрчим хүчний технологийн хөгжилтэй өрхийн хэрэгцээгээ уялдуулж өөрсдөөс хамаарах бүхнээ танин мэдэж хэрэглэх хэрэгцээ нь эргээд эрүүл агаарын бохирдолгүй амьдрахад нэмэр болно гэж ухамсарлах явдал юм. Энэ мэтээр орон сууцанд амьдарч байгаа хүмүүс ч усны хэрэглээндээ анхаарч усаа хэмнэх тал дээр ямар шинэ санаа хэрэгслүүд бий болж байгааг анхаарч хүн бүр хичээх юм бол бага ч гэсэн улс орныхоо тогтвортой хөгжлийн бодлогод нэмэр болох бизээ. Дуслыг хураавал далай гэдэг дээ . Мэдээж төрийн хэмжээнд бодлого боловсруулагчид ч улс орныхоо ирээдүйн хөгжлийг тооцоолон өнөө маргаашийг харсан харалган шийдвэр хожим ямар их алдагдалд оруулж болохыг тооцоолох биз ээ.

Tuesday, February 11, 2025

Бодрол

Үхэл амьдралын зааг гэж юу юм бол ?

Үүтгэл мөхлийн мөн чанар юунд оршдог бол ?

Үнэнч сэтгэл юун дээр тогтдог бол ?

Үлэмжийн чанар гэж юуг өгүүлсэн юм бол ?

Агуу ч юм шиг энэхэн асуултуудад хариулт олдох болов уу ?

Амьсгал авах гаргах өчүүхэн заагаар хэмжигдэх юм болов уу ?

Алдуурсан хүслийн заагийг тогтоож өгдөг юм болов уу ?

Амжилт уналтын түүхэнд илэрдэг юм болов уу ?

Амар амгалангийн ертөнцийг хэлдэг юм болов уу ?

Агуу гэх бүхэн эгэл эхийн хайр шиг

Араа бөхөлж, үрдээ үлдээх ухаан ч юм шиг

Алс холын ирээдүй эгэл нэгэн маргааш ч юм уу

Амжилт уналтын түүх ахих нэгэн гишгүүр ч юм уу....

Monday, January 27, 2025

Уран ба эрчим хүч

Сүүлийн үед Уран олборлолтын гэрээн дээр маш их маргаан үүсч олон түмний бодол санааг 2 тал болон дагуулах гэж тэмцэлдэж байна.
Засгийн газрын зүгээс олох ашиг дээрээ илүү төвлөрч томоохон мега төслийн нэг болгосноо зарлаж байгаа боловч олон нийтийн зүгээс байгаль орчны эрсдэл хожмын үр дагаварыг сайтар тооцохыг анхааруулсаар байна. Мэдээж Уранаас эрчим хүч гаргаж авах технологи дэлхийд ихээр хөгжиж байгаа боловч ихэнх томоохон хөгжилтэй орнууд ураны эрчим хүчнээс татгалзсан шийдвэрийг парлементаараа хэлэлцэж шийдсэн талаар Герман, Австрали, Швейцарь зэрэг орны жишигээс харж болно. Японы олон нийт ч бас Фукишимагийн ослоос хойш уранаас эрчим хүч гаргах атомын станцуудаас татгалзах тал руу хэлбийж л байна. Энэ нь уг дэлбэрэлтийн хор уршгийг арилгах тал дээр тухайн улс маш их хэмжээний хөрөнгө зарж гадаад улсуудаас авсан өрийн хэмжээ таазандаа  тулж , улсынх нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаатай холбоотой биз.  Харин манай улсын хувьд эрчим хүчний асуудал биш зөвхөн уран олборлож экспортлох тал дээр гэрээ хэлэлцээрүүд яригдаж байгаа ба энэ тал дээр ажиллах компаниуд ураны олборлолт ямар нэгэн аюулгүй бөгөөд байгаль орчны эрсдэл байхгүй хэмээн бараг л бүх телевизүүдээр төлбөрт нэвтрүүлгүүдийг цацаж байгаа нь мэдээж бизнесийн эрх ашгийн үүднээс гэдгийг олон нийт харж л байгаа байх. Зарим боловсролтой гэх хүмүүс дэлхий дээр гарсан шинэ технолгийн талаар яриж ураны эсрэг тэмцэж байгаа олон нийтийг харанхуй бүдүүлэг гэж байгаа боловч олон нийт ч бас мөчөөгөө өгөхгүй хор уршгийн талаар бусад уран олборлосон улсуудын туулсан бэрхшээлүүд ,бодит хор хохиролын мэдээлэлүүдийг гадаадын сайтуудаас олж уншиж түгээсээр байна.
Мэдээж Монгол улс бол үйлдвэрлэгч улс биш нийт эрчим хүчний хэрэглээнд айл өрхийн өргөн хэрэглээний цахилгаан дулааны хэрэглээ ба  хөнгөн үйлдвэрүүдийн цахилгаан дулааны хэрэглээний  хувь хэмжээ уул уурхайн томоохон компаниудын хэрэглэх цахилгаан дулаантай харицуулах юм бол тийм ч өндөр хэрэглээтэй биш . Одоогоор бид  нүүрсний цахилгаан станцуудын  болон хөрш орнуудаас импортолж байгаа эрчим хүчээр хангагдаж байна. Мэдээж гадны импортын эрчим хүчнээс хамааралгүйгээр өөрсдийн эх үүсвэрүүдээс эрчим хүчээ  хангахын тулд Засгийн газрын зүгээс эрчим хүчний реформыг зарлаж үнээ чөлөөлсөн нь зөв зоригтой алсыг харсан  зоригтой шийдвэр. Олон нийт ч бас цахилгаан дулааны  үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор өрхийн хэмжээний сэргээгдэх эрчим хүч болох нарны салхины шийдлүүдийг хайж  түүнтэй холбоотой хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ногоон зээлүүдийг гаргах тал дээр Засгийн газрын зүгээс гаргах бодлогыг анхааралтай ажиглаж байгаа болохоор УИХ асуудлуудыг хэлэлцэж шийдэх байх гэсэн хүлээлттэй бодит үр дүнг хүлээж байгаа. Энэ бүхэн эргээд биднийг өвөл болгон бухимдуулдаг агаарын бохирдолын асуудалтай нягт холбоотой. Нэгж өрхийн хэмжээнд утааны яндангүй болох нь өрхийн хэмжээний сэргээгдэх эрчим хүчний технологийг хэрхэн хямд боломжийн үнээр , боломжийн  зээлийн нөхцлөөр шийдэх боломжтойгоос хамаарах бөгөөд энэ нь Засгийн газрын эрчим хүчний реформэд ч эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй ба агаарын бохирдлын асуудлыг шийдэхэд ч дэм болно. Үнэндээ бол уран олборлох асуудал бол эрчим хүчний шийдлээс хол гэдгийг хэлэх гэж дурьдлаа.
Харин уран олборлолтоос их ашиг олно хэмээн эдийн засгийн хувьд  ашигтай гэрээ хэлэлцээр хийсэн байлаа ч энэ нь эргээд урт хугацаандаа ард түмнийхээ болон  ирээдүйд төрөх үр хүүхдийнхээ   эрүүл аюулгүй амьдрах эрхийн тухай  үндсэн хуулийн заалтыг зөрчих хэмжээнд юм биш байгаа гэдэг дээр л олон нийт эргэлзэж , урьдын гарсан хариуцлагагүй бүхэн дээр одоо бодитоор гарч байгаа баримтууд дээр үндэслэн болгоомжилж, эсэргүүцэж  байна.