Tuesday, July 17, 2018

3-10


Түмэн бээрийн алсаас ирэх
Түйтгэр зовлонгийн шалтгааныг олох
Түм түмээр үржих ухааныг
Түүчээлэх үрс ухна буй за
  Төгс ухаарал үгүйтэй адил
  Дүүргэх дутуунууд үйлээ ухаж
  Түмэн жилийн аялгууг хүргэх
  Төгөлдөр учралаа хүлээн байна
Алаг үрсийн уйлах дуунаар
Агаар салхи нь дүүрээд байна
Амраг зүрхний цохилоо бүрээр
Алсрах зам нь тодрон буй
  Зүрх сэтгэлийн уялгаар
  Зүгээр ч нэг холбогдоно гэж үү
  Зөнгөөр урсах амьдрал чамайг
  Зүүд нойрноос чинь сэрээнэ буй за
Агуу ихийг мөрөөдөж байж
Алсын замд гардаг ч гэсэн
Энгийн бүхнээс эхлэх бүхэн нь
Эргэх холбоонд шингээстэй буй
  Түмний итгэлийг олно гээд
  Түвшин амгалангийн үүдийг сахигчид
  Тэмүүлэл юугаа хурцлана биз
  Тэнхээ юугаа тэнцүүлнэ биз

Tuesday, July 3, 2018

Хүлцэл өчих эрдэм

Өөрийгөө чи яаж зөвтгөх юм
Өрөөл нэгний зүрх сэтгэлийг гундаачихаад
Өргөн олны дунд алдар нэрээ түгээчихээд
Өндөр өвгүдийн үр гэж ачаа үүрчихээд
Өршөөл эрэх эрдмээ ч умартчихаад
Өөрийгөө чи яаж зөвтгөх юм
Өндөр өвгүдийн чинь нүүр улайх биш үү
Алс холын замыг зорьсон бус уу
Алдаа онооны дэнсэнд яваа бус уу
Асрал энэрэл зүрхэнд чинь үгүй гэж үү
Алдааныхаа хохиролыг чи яаж нөхөх юм
Эрлэгт очихоор чинь  ингэж л асууна
Эртхэн чи өршөөлөө эр
Элдэвлэж бултах зам чамд үгүй




Monday, July 2, 2018

Суралцахуй



Хамаг Монгол улсыг нэгтгэхийн тулд туулсан зовлон бол Хаан ширээний төлөөх тэмцэл бус тал нутагтаа тайван бэлчих, таван шимтийнхээ аагаар хөлжих, тухт таван ардынхаа тулгар Төрийн төлөөх золиос байсан юм гэж МТТТ судар дээр КауБайУл ( Хабул хаан ) дээдэс айлдсан байдаг.  Өөрөөр хэлбэл идтэй нэгэн гарч ирээд ирт сэлмэн дор нэгдэлгүйгээр, итгэл зүрхний дор нэгдэж эх орныхоо таван тусгаар тогтнолыг хамгаалсан түүх юм хэмээсэн байдаг. Аливаа хүн гэр бүлд харьяалагддагтай адил гэр бүл ч гэсэн улс бүлдээ хамаардаг нь хүн төрөлхтөний түүхийн энгийн л нэг жишээ. Харин тэр гэр бүл хэрхэн бие даан гэр доторх асуудлаа зохицуулж чадаж хир нөлөө бүхий гэр бүл болж байгаагаар нь зэрэг зиндаа хэмээх зүйл тодорхойлогдох биз. Монгол орныг хэдхэн гэр бүл л захирч байна гэсэн яриа олны дунд байдаг болсон. Харин эдгээр толгойлох  гэр бүлүүд зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө бусад гэр бүлүүдийг сорон мөлжиж байна уу эсвэл  бусад гэр бүлүүдийнхээ чадал чансааг харгалзан бүх  гэр бүлүүдийн үнэ цэнийг үнэлж,  харилцан хамааралтай нэгэн цогц системийг бий болгож байна уу , эсвэл бүүр толгойлох  гэр бүл болохын төлөөх  хоорондын  тэмцэлд бусад жижиг бүлүүдийгээ чирж хохироож байна уу гэдгээс хамааран улс орны хөгжил цэцэглэлт тодорхойлогдох шиг.  Гуравхан сая иргэдтэй манай улсын хувьд газар нутаг хүрэлцэхгүй байх гэсэн  зовлон үгүй тул хэрхэн газар нутагтай жигд тархан суурьшиж суурьшсан газар нутгийн онцлогт тохирсон аж ахуй эрхлэн иргэн бүрээ үнэ цэнэтэй иргүн байлгах төрийн бодлогоо тодорхойлох арга чухал болоод байна. Мэдээж түүхийн хөгжлийн замд цуст тулаанаас авхуулаад олон ч тэмцэл болж байсан боловч 1990 оноос хойш Монголчуудын хувьд шинэ шахуу  чөлөөт эдээр засаглах  ухаанд хэн нь  эртхэн  харийнхны  эдийн засгийн зөвөлгөөг авч чадсан  нь толгойлох гэр бүлүүд болоод байна. Бид  чөлөөт эдийн засгийн хөгжлийн  үе шатуудыг мэдэхгүйн гайгаар харийнхны заль мэхэнд орж өөрсдөө ч даахааргүй их өрөнд орж одоогийн гүн хямралтай нүүр тулаад байгаа ч гэлээ бас ч гэж хоцрогдлынхоо давуу талыг ашиглаж эдийн засгийн алуучдын арга мэхийг гадарлаж эхлээд байгаа энэ үед л толгойлох гэр бүлүүд хувь хувийн эрх ашгийн төлөө биш хэрхэн хамтарч улс бүлийнхээ төлөө гадныхны  заль мэхэнд орохгүй байх ,  бусад гэр бүлүүд ч энэ арга ухаанд суралцаж харийнхны заль мэхийг ядаж өдий болтол туулсан зах зээлийн замнал , учруулсан хор хохиролоор нь таниж суралцах нь зайлшгүй болоод байгаа тул өөр хоорондоо дайсагнахын оронд эрхэмлэвэл зохих тусгаар тогтнолоо 5 байдлаар хамгаалах арга ухаандаа суралцвал зохилтой. Харин тэр онолын үндэс бидний түүх бидний өвд байгааг орчин үетэйгээ уялдуулан харах алсын хараа бидэнд дутуу байгаа нь харамсалтай. Гадныхнаас суралцах зүйл арвин их гэдэгтэй маргах хүн тэр бүр байхгүй ч өөрсдийнхөө авдарыг уудалж суралцах төрт ёсны соёлтой гэдэгтэй  маргалдах олон хүн байдаг болсон одоо үед аль алинаас нь суралцах нь чухал болохыг ухамсарлах цаг үе иржээ.

Sunday, June 24, 2018

Тоо ба чанар 4

Өвгүд минь үрс балчируудтайгаа хөөрөлдөхдөө үргэлж л ертөнцийн 3 ыг асуудаг сан. Монголын аман зохиолын нэгэн хэлбэр болох ертөнцийн гурваас юуг таниулах гэсэн юм болдоо гэж би бодохдоо заавал яагаад 3 аар нь хэлц болгодог юм бол доо гэж тунгааж суулаа. Бүх л зүйлийг 3 аар нь зүйрлэн ухуулах учир нь чухам юунд юм болоо?

ЖАМ-аараа байгаа бодит бүхэн гурван төлөвтэй, гурван биетэй, гурван хэмжээстэйг
ЖАЯГ -аар байгаа бүгдэд гурван хязгаар, гурван чанар, гурван ёсыг байлгаж дархалдаг Газарч ТНГР ээ ерэн таван АЙЛ түм Эн Улс тайлж тахиж, түгээн дэлгэрүүлж соёрхийтээ гэсэн үгс Алтан судар дээр байдаг. Сургуульд үзсэн бодисын 3 төлөв хатуу шингэн хий, Домчийн судар дээр байдагчлан хий чийг тоос 3 нэгэн цул болж эх дэлхий үүсэж амь оршсон, өндрийн өндөр, далдын далд, гүний гүн  хэмээх алтан судар дээр гардаг хэмжээс , чандманах 3 эрдэнэ хэмээн дээдлэх бүхэн  3 ын тоотой холбоотой. 3 аар учигласан олон зүйл байдаг л даа. Балчир үрсүүдээсээ ертөнцийн 3 ыг байнга шалгаах өвгүд, ардын аман зохиолын ертөнцийн 3 хэмээх энэ өвд ямар учиг байгаа юм бол? Дэлхийг хавтгай гэж төсөөлж байсан үе хүн төрөлхтөнд байсантай адил бид ч өдөр тутмынхаа амьдралд нүдэнд үзэгдэх бүхнийг 2 хэмжээсээр хардаг нь аливаа юмс үзэгдлийн мөн чанарыг олж харахаасаа илүү хэлбэр дүрс , шинж чанарыг нь илүүтэй олж хардагтай холбоотой бизээ. Саяхан нэг БууЭрЭл-ийн айлтгалыг сонсож байхдаа шинж чанарыг судлаж таниж байж цаад мөн чанарт хүрэхийг сэрэхүй хэмээн нэрлэдэг тухай сонсоод Монгол хүмүүн байх нь чухамхүү аливаа зүйлийн оршиж байгаа нь ямар ач холбогдолтой юм,   байхгүй бол яах юм, ямар хор хохиролтой юм, аливаа юмс үзэгдлийн давтамж чанар байгаа эсэх, мөн адил төстэй байдлыг харьцуулан жишиж дүн шинжилгээ хийж чадах  эсэх гээд маш их зүйлийг ажиглаж судалж түүнд зохицон амьдрах ухааныг өв болгон хадгалж ирсэн нь үр хүүхдүүдийгээ аливаа зүйлийн шинж чанарыг ухан ойлгуулахын тулд багадаа л 3 учгаар жишиж суралцахад сургаад байна уу даа гэлтэй. Мөн тэрхүү айлтгалд хүний заяа гэж өөрөө мөн чанар юм шүү дээ гэхэд дотроо мөн чанараа бид танисан бил үү гэсэн бодол эрхгүй төрж билээ. Харин өөрийн заяагаа дүүргэнэ гэдэг бүгдийг өөрөө хийж сурахад байдаг гэсэн юм. Мэддэг юм шиг боддог бүхнээ хүнд мэдэмхийрч баахан зөвлөгөө өгч шүүмжилчихээд  дараа нь өөрөө тэр бүгдийг хийгээд үзэхэд тэр бүр ярьсан шиг байдаггүй юм байна лээ гэж нэг залуухан хүү зурагтаар ярихыг сонсоод  үнэхээр манай залуус бас хийж хөдөлмөрлөж байж мөн чанарт суралцаж байгаад бахархаж л байлаа.  Чухам ингэж л мэдлэгт суралцсан байхад олныг дагуулах хүндэтгэл гэдэг нь бий болдог бөгөөд үүнд л тоо чанарын холбоос бий болоод байна уу даа гэж тунгаах юм.

Friday, June 15, 2018

Наран эжий

Ачлал хайрын оройн дээд
Алтан цацрагт эрдмийн охь
Амин хайрын эрчмийн дээд
Аранзал улаан галт мину
    Амьтай бүхнийг хайрлан тэтгэх
    Арга ухааны ундарга болсон
    Агуу гэрлийг зүрхэнд шингээгч
    Амин их  шүтээн мину
Үүлэнд халхлагдах сүүдэрт тань
Үнэний замыг таних болтугай
Үйлдүүлж сургасан ур бүхнээр тань
Үлэмж төгөлдөрийг бүтээх болтугай
   Чин зүрхний гал нь бадрах болтугай
   Чимээ чагнах сонор нь соргог болтугай
   Чигч ухааны үзүүр нь хурц байг
   Цэгцлэх үйлийн ур нь ундрах болтугай

Thursday, May 17, 2018

Эв эеийн үлгэр

Эрт урьдын цагт нэгэн хүү хөгшин эх  4 ах нарынхаа хамт эвтэй найртай сайхан амьдарч байж гэнээ. Үзэсгэлэнт сайхан уул устай нутаг орондоо адуу малаа маллан амар тайван  амьдран сууж байтал хаанаас ч юм  хэсэг хүмүүс тэдний нутагт нүүдэллэн ирж суугаад үзэсгэлэн сайхан уулыг нь ухан төнхөж,  ургамал амьтдыг нь хайр найргүй устгаж най сайхан тухыг нь эвдэх болж гэнэ. Ах дүү 5 энэ бүхэнд нь эгдүүцэн дургүйлхэж өнөө улстай очиж уулзаж  уул усаа ургамал амьтнаа хайрлан эвтэй найртай амьдрахыг хүссэн боловч өнөө хүмүүс сонсохыг хүссэнгүй гэнэ. Тэгэхээр нь өнөө ах дүүс өөрийн нутаг хэмээн хил хязгаар тогтоож уул ус ургамал амьтнаа хайрлан амьдрах дэг жаягийг тогтоож түүнийг биелүүлэхгүй бол тэдэнтэй зэрэгцэн амьдрахгүй гэжээ. Хүчирхэг 5 ах дүүсийг эсэргүүцэх хүч үгүй байсан тул аргагүйн эрхэнд тэдний нутгаас холдон нүүжээ. Гэтэл тэр хүмүүсийн дунд нэгэн арга заль ихтэй хүн байсан бөгөөд бусаддаа яаж энэ байдлыг эвдэх талаар сургаж гэнэ. Түүний хэлж өгсөн арга бол 5 ах дүүгийн хамгийн ахмадтай нь уулзаж түүнийг бусад ах дүү нартайгаа муудалцуулах аргыг олцгооё гэжээ. Тэгээд өнөө ахмад хүүг нь дуудаж буруу үйл хийж бусдыг хохироосондоо өршөөл эрье хэмээгээд эв нэгдлийг бэлэгдэж нэг сайхан охиныг түүнд гэргий болгон өгье гэцгээж гэнэ. Ахмад хүү тэр охиныг хараад үнэхээр үзэсгэлэн төгс байсан тул сэтгэл алдан дурлаж гэнэ. Гэртээ эргэж ирээд дүү нартаа өнөө хүмүүс өөрсдийн алдаагаа ухамсарлан эвтэй найртай зэрэгцэн амьдарахыг хүсч байгааг нь хэлж гэнэ. Гэвч дүү нар нь уул усыг нь бохирдуулж ургамал амьтанг нь сүйтгэсэн урьдын их хохиролыг нь санан түр харзнахаар шийдэж гэнээ. Явсан очсон газар бүхнээ хомхойлон идэж устгачихаад дахин нэгэн шинэ газар луу нүүж амьдардаг эдгээр ард өнөө баялаг сайхан газраас холдон нүүхийн оронд ах дүү 5 ыг хооронд нь муудалцуулаад газар нутагт нь эзэн суух санаанаасаа татгалзахыг хүссэнгүй. Ахмад хүүд эхнэр болгож өгсөн өнөө бүсгүй өнгө зүс сайхан боловч өсөж төрсөн гэр бүл нь хайрлаж энэрэхийг мэддэггүй учраас ахмад хүүгийн гэрт очсон ч багаас сурсан зангаараа байгаа бүхнийг ховдоглон ах дүүсийн хооронд яс хаяж муудалцуулах болжээ.  Өнөөх ардууд олон газрыг хомхойлон олсон олзноосоо хөвгүүдийн хамгийн ахмадад онцгойлон бэлэг сэлт өгч эв эеийг найр тавин элдэв найранд урих болж гэнэ. Эхнэрийн ятгалга элдвийн бэлэг сэлтэнд толгой эргэсэн ахмад хүү жаяг ёсыг өөрчилж өнөөх ардад өөрсдийн дураар байх боломжийг нь гаргаж өгөх болжээ. 4 дүүгийн дундах ахын энэ үйлдэлд ихээхэн дурамжхан байдаг тул бусад дүү нартаа хандан харь газраас бэр авахгүй байх жаягийг шинээр тогтооё хэмээж гэнэ.   Тэгээд алдагдах болсон дэг жаягийг эзэнтэй болгож түүнийг өөрчлөхийг 5 уул хамтдаа хэлцэж байя гээд  4 дэх ахдаа хариуцуулж өгч гэнэ. Ахмад хүү өөрийг нь айлын ах тул бие дааж шийдвэр гаргах эрхтэй гэж маргаж гэнээ. Ахмад хүү эхнэрийнхээ ах дүүсийн өгсөн бэлэг сэлтэнд дулдуйдаж өнгөт сайхан хувцасыг өмсөж амтат сайхан амттанг хүртэж адуу малаа ч адгуулахаа байж өөрийн дүү нарт даатгах болжээ. Ахыгаа хэдий хайрлан хүндэтгэдэг ч урьдын сайхан цаг шиг хамтаар бүхнээ хийдэг байснаа дурсаж ахдаа гомдох болсон отгон хүү ихэд уурлаж, хүндэтгэл гэдгийг умартаж ахтайгаа муудалцах болж гэнэ.  Харин бусад дүү нар нь ахынхаа авсан бэлэг сэлтэнд атаархан хорсох болж гэнэ.  Харин хөгшин эх энэ бүхнийг үзэж  сонсоод 5 хүүгээ бүгдийг цуглуулаад, ахмад хүүгийн алдааг сайтар хэлж өгөөд  ахыгаа алдсан хэмээн ад үзэлгүй алдаа бүхнээсээ суралцаж улам хүчирхэгждэг нэгэн гэр бүл байж  өөрийн ахан дүүсдээ хар муу саналгүй  зүрх сэтгэлийн цагаанд автаж, зүрх сэтгэлийн ариунаар бие биенээ урьдын адил хайрлаж хүндэтгэж  чадах аваас эв эе ямар ч муу хорон санаанд дийлдэшгүй болохыг  сургаж гэнээ. Хөгшин эхийнхээ хэлсэн бүхнийг 5 хүү ухааран нэгэн хүмүүн мэт багц болон эв эеээ хичээж  эх нутагтаа эзэн нь болж байгаа бүхнээ хамгаалан эв эеийг эвдэгч сувдаг, тачаал, аархал, мунхаг, атаархал, шунал, хонзон хэмээх  7 зүйлийг өөрийн биедээ , ухаан бодолдоо бугшиулалгүй үеийн үедээ санаж,  сэрэмжилж явахыг үр хүүхэддээ сургая хэмээн хэлэлцэж  амар сайхан жаргажээ.

Tuesday, April 10, 2018

Хүүхэд хүмүүжүүлэх арга

Үр хэмээгч нь цагаан болоод улаан эс нэгдэж, алтан эсээр амилж, сүүн эсээр хүчижсэн дөрвөн эсэн нэгдэл, гурван бодгалын хүч оюун ухаант өөрийн хэвлээгээс бултас хийж гарч өрөөлийн хэмээр дэмнэгдэж, өөрийгөө улбаалагчийг хэлдэг.  Өөрөөр хэлбэл , өөрөөс чинь төрөх хүмүнийг хэлнэ гэж Хатан судар дээр бичсэн байдаг.
Нэгэн удаа бууЭрЭлийн маань буултыг тоссон зайрангаас  :
Үр гээчийн учгийг үрсүүдэд нэг айлдаадах даа
Юуны учиг үрс минь гээд байгаа билээ?
Өвгүд бидний үйлийг түүчээлж
Өнө мөнхийг залгамжлах биш үү
Үүний тулд бид араа үрээрээ бөхөлдөг юм да
Иймийн учиг үрс минь гэж өр зүрхнээсээ үнэн учгийг таниулах гээд байна даа.
Үр чиний үр хэн билээ?
Зайран залуу : ( хүүгийнхээ нэрийг айлдав)
БууЭрЭл : Тэгвэл үрдээ үлдээх мөр чинь хир гүн билээ?
Үрийн чинь үр энэ үрийн үр гүн мөрөөр чинь мөшгөнө дөө
Түмэнтэй жилийн үрийг
Түмэнтэй жилийн мөрийг мөшгиж яваа улаач биз дээ үр минь
Мөшгөсөн ч бас мөрөө ардаа бас үлдээдэг юм даа.
Үр чинь тэр мөрөөр чинь мөшгөнө дөө гэж айлдаж билээ. 

Тэгэхээр үр хэмээгч нь Огоуул Хаймиш хатны айлдснаар эцэг эх гарвалуудынхаа амин мөн чанарыг ирээдүй хойчийнхоо хувь заяатай холбогч болох нь дээ.

1. Улаан эс гэж эхийн эсийг хэлнэ. Өндгөн эс
2. Цагаан эс буюу үр эс, эцгийн эс
3. Сүүн эс буюу сүнс. Сүүн эс байхад дээрхи 2 эс амилдаг
4. Алтан эс бол үржихүйн эс, шимт мандал. Алтан сав хэвлий. Өөрөөр хэлбэл улаан, цагаан, сүүн эс хэмээх 3 эс нь хүмүн болж, нэг эс нь буюу алтан эс нь тэр 3 ыг сүлэлдүүлэн байж үр бий болж төрөх ёстой.

Тэгвэл Монгол хүмүүний алтан эс бол Монгол хэмээх улс байдаг бол хүмүүн төрөлхтөний алтан эс бол эх дэлхий. Чухам ингэж тунгаах олон хүмүүс байгаа бол өөрийнхөө үрийг байгал дэлхийн үрд дүйцүүлэн сургах нь эцэг эх бидний үүрэг гэдгийг ухамсарлан  энэ ухаанд тулган эх үрэн зургаан зүйлийн амин чанарыг таниулж түүнд таарах 6 зүйлийн соён сургах аргыг өвлүүлэн үлдээснийг судлууштай санагдах боллоо. Үүнд 

1. Нартын цагт 
Өөрийн биеэр үлгэрлэн сургах арга
2. Сартын цагт
Өгүүлэн сургах үлгэр домгийн арга
3. Сүүн сэтгэлд
Ухуулан жишиглэн сургах арга
4.Сайн муу , амьдын цагт
Залбирал бишрэлээр шүншиглэх арга ( Биднийг хууччуул муу ёр гээд л сургадаг байсан даа)
5. Амьтан мөн чанарт
Давтуулан, даган үйлдүүлж сургах арга
6. Хүмүн мөн чанарт 
Бясалган таниулж, ухамсарлуулах арга


БууЭрЭл маань Ээж хайрханы бэлд хүүхэд хүмүнжүүлэх эм хүмүүний үүргийг  :

Хорвоо дэлхийн үүслээс нь
Хонгор үрсдээ таниулнам
Арван сар тээх амин сүнсний учгийг
Алаг дэлхийн үйлстэй нь холбон
Хатуу бэрхээс түүртэлгүй
Харуулан үзүүлж таниулж
Хорвоо дэлхийн уужмыг
Хос баганат гэртээ
Үйлдүүлж, үлгэрлэж, уламжлуулж
Мэдрүүлж, ойлгуулж, мэдүүлнэм гэж билээ