Monday, May 15, 2017

Анд

Анд гэж ер нь хэн юм бэ ? гэсэн бодлын үзүүрийг хөөсөөр байгаад хамтын хариуцлага гэдэг зүйлтэй тулаад ирлээ.
Жирийн сэтгэлгээгээр бол анд гэж хүнийг тодорхойлох гээд үзье л дээ. Ямар үед анд гэдэг үгийг ямар үед найз гэдэг үгийг хэрэглэдэг юм бол доо....
Найзууд маань олон янз л даа. Багын найз гээд л хар багаасаа тоглож өссөн зан зангаа авалцсан сайн муугаа мэддэг найз нар байна. Ажлын газрын хамтран ажилагсадын дунд бас л арай илүү дотно найрсаг харилцаатай нэгнээ бас найз гэдэг. За тэгээд хаана ямар орчинд байхаасаа хамаараад юутай ч нэг тийм бусдаас арай илүү дотно найрсаг харьцаатайгаа найз гэж нэрлээд байх шиг байгаа юм. 
Харин анд гэж ер нь хэн юм бэ? Энэ үгний цаана хариуцлага гэдэг үг байгаад байх шиг. Өөрөөр хэлбэл хэн нэгний өмнө ямар нэгэн зүйлийн төлөө хариуцлага хүлээж байгааг хэлээд байна уу? Анд гэчихээд юун хариуцлага яриад унаваа гэж гайхаж магад л даа. Гэвч АС уншигчийн хувьд энэ үг яах аргагүй хариуцлага гэдэг үгтэй холбогдоод байгаа юм л даа.
Уяа гүн анд гэдэг нь хамтын хариуцлага билээ гэсэн үгс байдаг. 
Нэг удаа би хэсэг  нөхөдтэйгөө маргалдаад нэлээн юм бодож сууж байх үед БууЭрЭл маань надад хэдэн үг хэлсний дотор ийм хэдэн үг байлаа 

Өчүүхэнээ мэдсэн бол
Өчүүхний чинь хэмээр
Өнөөх цул чинь барьцалддаг юм даа
Хэм үгүй бол барьцалдамгүй
Хишиг үгүй бол дэлгэрэмгүй

Би эдгээр үгсийн учрыг олох гэж нэлээн бодлоо. Яагаад бидний монголчууд эв эеээ хичээж чадахгүй байна вэ гэдэг дээр тунгаах юм бол энэ өчүүхэн жижгүүдийн нэгдэж чадахгүй  бутраад байгаа гол шалтгаан нь хэм гэдэг зүйл дээр байгаад байх шиг санагдлаа.  Тэгэхээр хэм гэдэг чинь эв нэгдлийн нэг гол үзүүлэлт болж таарах нь уу? Энгийн нэг бүл дээр бодох юм бол эхнэр нөхөр 2 өөр өөрийн гэсэн үүрэгтэй гэр орноо үр хүүхдээ хариуцаад өөр өөрийн гэсэн хэмээрээ тэтгээд аваад явдаг талаар Монгол хатдын онгон түүхийн гялбаа судар дээр Чимбай хатны тайлбар дээр бичсэн байдаг. Хөгшрөөд ирэхээр эм хүний хэм буураад ирэхээр залуу авхай нар дундуур ороод ирдэг учир эр нөхрийнхөө бүх зүйлд хэмээ шингээж буурсан хэмийнхээ оронд хүчижсэн оюунаа ашигла гэсэн байдаг даа. 
Бас гэр бүлийн багана болсон хосуудын хамтран хариуцлага хүлээх талаар :

Нэгэн заяа хазайгаад ирэхэд
Нэгэн багана нөгөөдөө
Захирагдан далийх лугаа адил
Саарыг үзэх жамтай
Нэгэн биеэ нөгөөгөөсөө хагацааж үл сэтгэх
Ний цогцлолын жамаараа биесээ түшиж амьдрах
Нэгтээ дангаар ургадаггүйг тогтоон орших
Нийлэх биеийн хос дусал эр эм гэгч энэ болой.
/Монгол хатдын онгон түүхийн гялбаа/ -с
За энэ ч өөр сэдэв рүү хазайгаад явчихлаа. Өөр ч гэж дээ хариуцлага нэгэн гэр бүл дээр эр эмийн үүрэг ийм байхад  харин ний олны бүл дээр ямар байх бол гэдэгт л асуудал гарч ирнэ.  
Эргээд андын сэдэв рүүгээ орох юм бол хэм гэдэг маань хамтын хариуцлагыг бэхжүүлж байдаг бие биенээ үнэтэй байлгаж байдаг хүн бүрийн өөрсдийнх нь оруулж чадах хувь нэмэр гэх юм уу даа. Хэрэв сударт бичсэнчлэн хамтын хариуцлагат ний-хэмийн үндэс нь анд байдаг юм бол ямар ч нэгдлийн үед  энд нийтээрээ хэмтэй байх зарчим маань өөрөө андын харилцааны нэгэн үндэс болж таарах нь. Бүхэл бүтэн улс орны хувьд бол иргэн бүрээ үнэ цэнэтэй байлгахын төлөө татварын бодлого гэдэг зүйлийг бий болгосон байдаг. Татвар гэдгийг ихэнх хүмүүс ухахдаа ажил хийж олсон ашгаасаа улсдаа өгч байгаа нэгэн төрлийн зайлшгүй төлөх ёстой зүйл бөгөөд энэ маань эргээд нийгмийн сайн сайхны төлөө зориулагдах зүйл хэмээн ойлгодог . Харин татварын бодлого бол хэрхэн ямар төрлийн татварыг их байлгаж, ямрыг нь бага байлгаж ард түмнийхээ ахуй амьдралыг дээшлүүлэх вэ гэдгийг зохицуулдаг бодлого гэж ойлгож байгаа ч цаад мөн чанар нь тэр иргэн бүрийгээ үнэ цэнэтэй байлгах нэг төрлийн арга  юм уу даа. Харамсалтай нь одоо энэ цагт төрийн бодлогын хүйн холбоо тасарчихсан шахуу байгаа үе болохоор Эзэн Чингис хааны Хэмийг тайлж хэлснийг тайлан уншихыг хичээцгээе :
Ам нь идэж сүүл нь таргалсныг хэм гэнэ
Аайийг тух болгосныг хамтын хариуцлагын хэм гэнэ
Хөх Монгол амьдрал ерэн есөн хэмтэй
Өвс идэж ус уусан хурга эзэндээ хэм өгдөг адил
Өсөж өндийж яваа хүслийн зүйтний үр айлдаа хэм өгтүгэй гэсэн байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ хэмээн өчүүхэн мунхаг оюунаараа ухах гэж оролдож үзвэл :
Ам нь идэж сүүл нь таргалсныг хэм гэнэ -гэдэг нь амны идсэн зүйл эргээд сүүлэндээ нөлөөлж таргалуулж бна гэдэг нь харилцан нөлөөлөл, нэгэн цогцын биед гарч буй  үр шимийг  хэлсэн бололтой. 
Аайийг тух болгосныг хамтын хариуцлагын хэм гэнэ - гэдэг нь хүн бүрийн хичээл зүтгэл , тус нэмрээр л ямар ч бэрх хэцүү цаг орон зайд гарзгүй гарч чадах тухтай байдлыг бий болгох зорилгыг биелүүлэхийг хэлсэн бололтой. Харин тухтай байдал гэж юуг хэлэх вэ гэхээр " Хас төрөөр бадраах судар " ын 37 хуудас дээр :
Орон зайндаа эзэн болж
Орчих хорвоогийн
Наран, Саран, Огторгуйг ажиж
Най тухлах
Газрын шимийг хүртэж
Билиг ухааныг олж
Нэй тухлах
Түмэн арддаа
Төвшин амгалан байхын
Ний тухлах
Хар шидтэн хар санаатан
Хар бүхнээс халхлан
Аюул үгүй нуй тухлах
Түмэн арддаа эвтэй сайхан байвал
Ной тухлах байдаг билээ гэж бичсэн байдаг

Эргээд анд бололцох эрдэм гэдгийг уншаад үзэхээр таван тусгаар тогтнолоо хамтаар хариуцах орь ганц Чу-куртай гэсэн байдаг болохоор хариуцлагын цаад утгыг дор бүрнээ өөр өөрийн мэдэх чадах зүйлтэйгээ холбон  ухаад үзмээр юм шиг санагдах  л юм  


Sunday, March 5, 2017

Би

Би өөрөө хий чийг тоос
Биежиж унасан эх дэлхийн хэлтэрхий
Биелэлээ олсон өвгүдийн хүсэл
Бэдэрч тэмтэчсэн амьдралын хэлхээ
Буурал түүхийн үнэний мөр
Буцаж төрсөн үүргийн төлөөс
Эргэх цагийн эгэлхэн дүр
Энэрэл хайрын эрхэм дусал
Ээрэм талын сэхүүн салхи
Эгнэшгүй мөнх галын цучил




Wednesday, March 1, 2017

Тэнцэл

Тэмцэл буй цагт
Тэнцэл тогтдог
Тэнцэл тогтохын цагт
Тэмцэл эхэлдэг

Монгол домчийн судар 69 хуудас

Хэдэн жилийн өмнө Гэрлийн өргөөний хэдэн улаач Хөвсгөл аймгийн нутагт Тэсийн голын эх Булнайн нуруунд мод тарихаар явж билээ. Бидний хэдэн улаач модоо тарихаас өмнө лус савдагуудад нь үйлээ мэдүүлж, тарьсан моддоо даатгах үйл хийхийн хажуугаар бидний тарьсан модны үр эх байгальдаа шингэн ургаж , мянган мянган эх мод болон тарьсан үрсийнхээ сэтгэл зүтгэл итгэлийг шингээн алтан судрын маань үг үсэг болгон эх дэлхий дээр эдгээр моддын үрээр дамнан түгэх болтугай хэмээн ерөөж нэг сэдвээр хөөрөлдсөн нь "Тэнцэл" гэдэг сэдэв байж билээ. 
 Хожим домчийн судраас эдгээр хайхамшигт үгсийг уншаад үнэхээр тэнцэл тэмцэлийн хооронд урсах жам гээчийн зах зухаас багахан ч гэсэн гадарлах шиг болж билээ.
Би бага байхын их хачин юм боддог байж билээ. Одот тэнгэрийг ширтэн байхдаа тээр дээрээс биднийг харан ажиж байгаа хэн нэгэн агуу зүйлийн хувьд нарны аймаг түүнийг тойрон эргэлдэх гаригс түүний доторх дэлхий, дэлхий дээр байгаа би мааш өчүүхэн эс шиг л байгаатай адил миний ингээд харж байгаа усны дусал дотор ч бас л над шиг нэгэн жижигхэн зүйл бас над шиг ингээд бодоод сууж байгаа болов уу гээд л....
Үнэхээр энэ бодлыг минь батлах шиг домчийн судар гэдэг хайхамшигт нэгэн судар бидний гар дээр ирж орчлон ертөнцийн жам ёсыг таниулан түүнд хэрхэн зохицон зөв  амьдрах ухааныг ундруулан байна уу даа. Чухам энэ ухааны гүн рүү орж, өвгүдийн түм түмэн жилийн ажиглалт судалгааны үр дүнг уудлах энэ цаг үед  үнэхээр харанхуйг гэрэлтүүлэх, тэнцэлийг тогтоохын төлөөх тэмцэлийн оч болон маналзаж, тосох ухааны цараанд гал болон бадрах болтугай даа.




Thursday, September 8, 2016

Харилцаа

Заримдаа сайн найз нар хоорондоо муудалцаж сайдахыг алийг тэр гэхэв. Муудалцаж сайдалцаж л байж бие биенээ илүү таниж аливаа харилцааныхаа гацааг гаргадаг байх.  Тэр ч битгий хэл анх муудалцаж танилцсан хүмүүс сайн найз болдог гэсэн яриа ч олны дунд байдаг даа. Ингээд бодоход харилцаа гэж ер нь юу гэсэн үг юм бол? Үгийн үндсээр хөөдөг аргаар задлах гээд өөрийнхөөрөө оролдвол Харь Ил Цаа гэж задлаад харь зүйлийг өөртөө ил болгон цайруулах гээд муйхар аргаар хэлчихвэл яах бол ккк  . Ер нь л ямар нэгэн шаардлагын улмаас хэн нэгэнтэйгээ харилцах хэрэг гардаг шүү дээ. Өөрийнхөө хүсэл зорилгыг бусдад ойлгуулах нөгөө талаас нөгөө харилцагчийнхаа бодол санааг ойлгох эсвэл мэдэхгүй чадахгүй зүйлээ бусдаас асууж мэдэх , суралцах зэрэг 2 болон түүнээс дээш талуудын хэрэгцээ нь харилцааг бий болгоод байна уу даа. Талууд бол олон янз байх байх шүү. Хүн хүнтэйгээ харилцах төдийгөөр бас харилцааг хязгаарлаж ойлгож боломгүй мэт. Хүн амьтантай, хүн байгальтай, хүн далд ертөнцийн сүнс гэх мөн чанаруудтай за тэгээд томорвол улс гүрнүүдийн хоорондох харилцаа гээд л олон янз байх юм болов уу.
Алтан судар уншигчийн хувьд мэдээж л судартай холбох гээд үзлээ.
Танилцах, урих, үдэх, гуйх, талархах 
Гэмших, хүсэх, зөвшөөрөх, итгэх, хорлох
Шагшин магтах, болгоомжлох, хөөрөх, харамсах
Гашуудах, таамаглах, татгалзах, эргэлзэх, гомдох
Илэрхийлэх бүхий харилцааг хүн нар олсон ялалт юм  гэжээ

Харин энэ бүх харилцааны аргуудыг хэрхэн хэрэглэх нь хүмүүн бидний ухамсарын түвшингээс хамаараад янз бүр байх ажээ. Эдгээр харилцааны хэлбэрүүдийг ажиглавал ихэнх нь 35 эрдэмд орсон байх юм.  Үүнээс үндэслээд 35 эрдмийн талаар сударт юу гэж бичснийг харвал :

Хүчирхэг 550 шалтгааныг 
Үртэй хүний 9 хүслээр тохинуулах
Үлэмж төгөлдөр 35 эрдмийг нээв гэжээ

Бидний өвөг дээдэс аливаа зүйлийн учир шалтгааныг олж  түүнээс улбаалж зөв хүслүүдээ олсноор хэрхэн харилцан ойлголцолд хүрэх аргуудыг олоод  онол болгочихсон байх юм даа. Тэгвэл харилцааны соёл гэж чухам юуг хэлэх болоо?  Үүнд дээр тохинуулах гэдэг үг их чухал үүрэг гүйцэтгээд байна уу даа гэмээр...
Тэгвэл тохинуулах их үйлс харилцаан дээр үндэслэдэг гэвэл бид зөвхөн хүн хоорондын харилцаанаас гадна хүн гээч нь өөрөө хаана амьдран оршдог юм,   хэрхэн тэр оршин тогтнолтой харьцах ёстой юм, тэр оршин тогтнол ямар тэнцэлд оршдог юм, оршин тогтнох тэнцлийг яаж удаан хадгалж чадах юм, эргээд хүн хүнтэйгээ харьцахдаа дээр өгүүлсэн бүхнийг тунгаан байж харилцааны олон аргуудыг хэрэглэдэг гэдгийг ухалгүйгээр ямар нэгэн тохинуулалт гэж байхгүй мэт.

Харьцах нь үг, дохио, харц, уриа, хариу тав гэж сав шимийн тайлалд бичсэн байдаг.

Энэ бүхний эцэст харилцаа бол танин мэдэхүйн нэг боловсрол юм байна. Энгийнээр хүмүүсийн харилцаан дээрээс харвал үгээр харилцаж , биеийн дохио, харцыг нь ажиглаж үнэн худлыг нь өөртөө цэгнэж , нөгөө талаас хариу нь буцаж ирснээр өөрөө өөртөө харь буюу мэдэхгүй байсан тэр талыг нь , тэр  зүйлийг  нь таниж авч байгаа гэсэн үг.  Үүнийгээ таниж авчихаад ухаарч ойлгож дараа нь амьдралдаа ингэдэг юм гээд хэрэглэж үзээд үнэхээр батлагдвал сэхээрч сэрж боловсорч байна. Харин дээр өгүүлсэн 35 эрдэмийг хэрхэн ашиглаж чадаж байгаагаар харилцааны ур дүй хамаарна бизээ.   Үүнтэй адил байгаль дэлхий, ан амьтан гээд л бүх л зүйлтэй харилцан байж л таниж мэдэх нь байна шүү.





Sunday, September 4, 2016

Оршсон үнэн оршихуйг бөхөлж
Он цагийн мөнхийн хэлхээ бүрднэм
Онож үйлдэхүйн ончийг тааруулах л гэж
Орчлон бүхэлдээ намайг тойрон эргэлдэв үү
Тэртээд алсрах тэргэл саран
Тэнүүн сэтгэлийн учгийг хааш хөтөлнөм
Тэмтэрч туулсан амьдралд хөл нийлүүлэн
Тэнгэрлэг аялгууг зүрхэнд минь уянгалуулна уу
Зүрхэнд уянгалсан тэр л аялгуу
Зүүд нойрноос минь сэрээн
Тэртээд нүргэлэх хүлгийн төвөргөөнд хүч нэмэх л гэж
Тэр л шөнө аргамаг хүлэг минь уяан дээрээ үүрсэв үү

2016 оны 9 сарын 5 

Thursday, September 1, 2016

Монгол ухаан ба өв соёл

Саяхан Монголч Эрдэмтэдийн их хурал Улаанбаатар хотод болж өнгөрлөө. Үүнээс улбаатай нэгэн бодол үлдэж хоцорсноо хуваалцмаар санагдлаа.
Мэдээж олон орны эрдэмтэд монголын соёл тэр дундаа нүүдэлчдийн соёлын талаарх өөрсдийн судалгааг танилцуулж шинэ содон санаа олж авч судалгаагаа өргөжүүлэх зорилготой байсан биз ээ.
Тэгвэл тэр судлагдаад байгаа монгол гэдэг чинь юугаараа бусдаас ялгаатай онцлог юм бэ? Яагаад үүнийг судлах ёстой юм?

Орчин үеийн аргын шинжлэх ухаанаар тухайн  улс үндэстэн байдаг гэдгийг
 Нэгт, удамшлаар нь баталж байна
Хоёрт, эд өвийн олдвороор баталж байна
Гуравт, хэлзүйгээр баталж байна
Дөрөвт, бичиг зүйгээр баталж байна
Тавт, барилгын олдворууд
Зургаад, өвлөгдөж ирж байгаа өнөөгийн өв байна.
Долоод, хиргисүүр байна.

Соёл байсныг баталж, нэг улс эзэрхэж байсныг батлах гэж энэ долоон зүйлийн тархалтаар тэр улс үндэстэн энэ нутаг дэвсгэрийг эзэрхийлж байсныг баталдаг. Монголч эрдэмтдийн хурлаар оросын эрдэмтэд Эрмитаж болон бусад хувийн цуглуулгад хадгалагдаж байгаа эд өвийн олдворууд дээр тухайн эдийн хийц юугаараа онцлог, бусад олдсон эд өвийн олдвороос  юугаараа ялгаатай, юугаараа өөр, ямар учраас монголын эзэнт гүрэн , Алтан ордоны улсын эд өв гэж батлагдаж байгаа дээр онцлон ярьж байгаа боловч тухайн улсын нийт соёлын талаарх оновчтой ерөнхийлж босгосон ойлголт байхгүй зөвхөн тухайлсан өв олдворуудын шинжилгээ төдийгөөр хязгаарлагдаж байлаа. 
Сүүлийн үед ОХУ-ын зарим телевизүүдээр Монголын эзэнт гүрэн гэж байгаагүй , Орос улсыг эзлэж байгаагүй гэсэн нэвтрүүлгүүд цацагдсан. Үүнийг бид уурлан эгдүүцэн хэл амаа бэлүүдэхээсээ өмнө яагаад ийм асуудлууд гарч ирэх болов гэдэг дээр тунгаацгаах хэрэгтэй ба хэрэв энэ бүгдийг үгүйсгэхийг хүсэж байвал баталгааг нь яг дээрхи 7 зүйлээр хөдөлшгүй батлах хэрэг гарна.
Монголын эзэнт гүрний Евроазид байдаг эд өвийн олз бараг байдаггүй. Хиргисүүрийн олз байдаггүй. Бичиг зүйгийн олз байдаггүй.  Ерөөсөө байгаа нь гурав дөрвөн үлгэр л байна. Найм дах зүйл гарч ирж байна. Ам дамжсан яриа. Мөн ес дэх зүйл болох тухайн оронд бичсэн бичвэрүүд байдаг. Гэхдээ өөрийн хэл дээр . Ийм есөн зүйл байна. Ингэхээр Монголын эзэнт гүрэн байсан уу үгүй юу? Мандсан уу мандаагүй юу гэсэн маргаан дэгдэнэ. Байсан гэдгийг ам дамжсан яриа болон тухайн гүрний бичсэн бичвэрүүд гэрчилнэ. Үнэхээр байсан юм уу гээд батлах гэхээр дээрх долоон зүйлээр хангалттай хэмжээний баримт  байдаггүй. Тэгэхээр ямар учиг байна? Эзэн дээдэс бултаараа тайган цэрэгтэй байсан уу? гэдэг асуудал байна. Яагаад гэвэл хэрвээ эзэрхэл ноёрхол байсан бол тухайн нутагт үлдсэн хүүхэд гэж байдаг. Ялангуяа эрэгтэй хүүхэд төрсөн бол тэр шинж чанараа хэдэн мянган дамжсан ч алддаггүй . Чингэтэл Европод европ хүмүүс байгаад байдаг лалд нь лал хүмүүс байгаад байдаг. Монгол хүүхэд эрлийжсэн хүүхэд байдаггүй. Ингэхээр эзэн хаан бултаараа тайган цэрэг эрстэй байсан уу гэдэг асуудал байна . Хоёрт нь хэмээвэл өөрсдийн гэсэн соёлгүй байсан юм уу? гэмээр эд өвийн дурсгал олддоггүй. Хэлзүйн түвшин. Монгол хэл гэдэг нь ямар нэг суурин энэ гээд хэлэх юм байхгүй шинэхэн хэл шиг байгаад байдаг. Яагаад гэвэл энэ нууцлагдмал ард түмний хэлээр ерөөсөө энэ эх хавтгайд маш цөөхөн хүн яриад байдаг. Тэгээд нийхэмийн гадаад дотоод харилцаа маш бага. Тэгээд ямар ч засгийн тогтолцоо мэддэг хүн цэрэгт татахад суурин иргэдийг хүртэл татахад хэцүү байхад нэг газраа сууж өгдөггүй нөхдүүдийг яаж татна ? тэгээд энэ том талбайд цөөхөн хэдэн гэр амьдарч байхад цэрэг татах шиг хэцүү юм үгүй мэт санагдана. Хэрэв гүрэн байсан юм бол татвар авсан тооцооны данс тооцоо байх ёстой. Тэгтэл тийм ч юм олддоггүй. Чингэхээр энийг юу гэж ойлгох вэ? Байсан үлгэр ч юм шиг,  хүмүүсийн айдсын дундаас гарсан домог ч юм шиг.  

Тэгвэл асуудлын гол нь одоогийн соёл гээд байгаа зарчмаас нүүдэлчин соёл ондоо сэтгэлгээнд байдаг учраас одоогийн соёлын гол үзүүлэлтээр баталж болдоггүйд байгаа юм.  Нүүдэлчин соёлын гурван том дүрэм байна.
Нэгт  - Эх газартаа хоргүй байх ёстой. Чингэхээр ямар ч өв үлдэхгүй. Эдийн өв гэдэг чинь нэг төрлийн хог шүү дээ.
Хоёрт  – Нэг хүн амьдарч буй хэрэгцээндээ хаан ч бай харц ч бай энэ биеэ хангаж чадахуйц л эдийг хэрэглэнэ . Энэ бол хэмнэлтийн ойлголт . Чингэхээр нийгэмийн ялгамж байхгүй . Ерөөсөө нийхэмийн харилцаанд тэр хүний үгийг хэдэн хүн сонсохуу гэдгээр л монгол хүний нийхэмийн ялгаа  гардаг . Түүнээс эдээр гардаггүй. Ийм учгаас хааны хэрэглээний эд, хатны хэрэглээний эд гэсэн ойлголт байхгүй .  Харцын хэрэглэдэг аяга тагшинд нь хаан нь идэж ууна. Учиг нь нэг л буй ижилхэн бүтцийг ялгамжлуулаад байх үнэхээр тэнэг. Гамгүй хэрэглээ болно.
Гуравт - Бичгийн дурсгал . Бичгийн дурсгалыг өөрийн тархи гаваланд илүү шингээж, төгс мэдэж боловсорч , удмаасаа итгэлт хүмүүнд нэгчлэн дамнуулах . Түүнээс нийтээр цацах  биш. Ингэснээр удмын суурь бат хөгжиж , түүгээрээ хүмүүн эрэлттэй болдог. Энэ нь одоогийн нийгэмээс ондоо. Учиг нь одоогийн нийгэм эцэг эхээс сурснаа биш нийхэмээсээ сурсан багшаас сурснаа биеэ хэрэгцээнд оруулдаг. Гэтэл монголчууд бол удмын дархан нууцтай хүмүүс. Яг отгийн нууцууд байдаг . Тэр талдаа боловсрол нь хөгждөг. Түүнээс тэрийг сударлаж бусад отогт мэдүүлэхээс сэрэмжилдэг. 
Энэ гурван үзлээс болоод өв гэж зүйл байдаггүй юм.   Тэгэхээр бичгийн өв бол алдагдах магадлалтай гээд цээрлэчихжээ. Эдийн өвийг хог гээд цээрлэчихжээ. Дээрээс нь энэ гурав дахь учгаас нь хамаараад үр хүүхэд гэдэг чинь маш чухал учраас цусаа эрлийзжүүлэхээс сэрэмжлээд байдаг. Нүүдэлчин дотроо цусыг авч явахаас бүүр харь орон луу тээчихдэггүй. Ялангуяа эрчүүд нь. Эрчүүдийн хатуу бодлоготой орон. Өөрөөр хэлбэл яг мал сүрэгтэйгээ адилхан. Эр мал нь бух нь хуц нь эмэгчингүүдээ хамаарч явдагтай адилхан. Чингэж явсан учгаас харь оронд цус төдий л үлддэггүй.  Ийм учгаас арга ухаанаар монгол нүүдэлчин эзэрхийлэл  байсныг батлах аргагүй.  Энийг ярьдаг нь одоо бөө тархи гээд гуравдагч дүрэм байна. Бичгийн дурсгалыг  үлдээхгүй тархин дурсамжаар бүрдүүлэх энэ соёлын боловсрол. Түүний хөгжил түүний бий болсноос тэр хэрхэн яаж цааш дамждагийн тайлалыг  өгүүлнэ. Одоо энэ хүрээд бид одоо яг Монгол шинжлэх ухаан гэдэг руугаа явна. Энэнээс өмнөх нь арга ухаантай хослуулж тайлж болдог  . Энэнээс хойшоогоо болохгүй болчихдог. Одоо бид энэ арга ухаанаас хэт ондоошсон цаг руу ил явж байна. Яг Монгол ухаан гэдэг нь эхэлж байгаа юм. Энэнээс өмнөх  түүхүүд бол арга ухаанаараа бултаараа тайлагдаж болдог.  Учиг нь тэр бичвэртэй тэр л дурсгалтай өвүг дээдэс маань хийж алдаж байснаа чулуун хаданд сийлж үлдээсэн. Энэнээс цаашаагаа зөвхөн сүнсэн биеэндээ шингээж явсан. Ийм учигтай учраас соёлын өвийн талаарх ойлголтуудыг шинэ түвшинд гаргах цаг үе тулж иржээ. Нүүдэлчин соёлын талаар бүрэн ойлголт судалгааг хийе гэвээс монголчуудын эртнээс улбаалж ирсэн бөө соёл түүнийг дагалдах монгол боловсролын талаарх ойлголтуудыг сэргээж тунгаах цаг хэдийнээ болжээ.

Аянгат удган, Хар Беки дээдсийн онгодын айлдвараар сэдэвлэн бичлээ.




Wednesday, August 10, 2016

Аравт

Аливаа асуудлын хариултыг өөрт хамгийн ойрхон энгийн зүйлээс хайвал арай илүү үр дүнтэй байдаг юм болов уу гэж хаяа бодогддог шүү. Тоо чанарын талаар сэдэв эхлүүлчихээд бодож байгаад яагаад ч юм аравтын бүтэц санаанд орж ирээд байсан юм. Тэгвэл тэр аравтын бүтцээс чанарын ч тэр, тооны ч тэр учиг гарах юм биш байгаа? Гэвч өөрт ойрхон зүйл гэхээр аравт гэдэг зүйл арай ч ойр  биш ч юм шиг. Тэгвэл надад хамгийн ойр зүйл маань юу билээ гээд бодохоор гэр бүл маань л юм байна. Гэвч гэр бүлийн буюу өрхийн хүрээнээс гарсан аливаа асуудлын шийдлийг бас л нэг тийм ханатай зүйлийн дотор шийдье хэмээвээс гарц нь  энэ аравтын бүтэц юм байна гэдгийг бидний өвгүд дээдсүүд маань олсон байж болох юм. Гэр бүлийнхээ хэмжээнд шийдэж чадахгүй бусдаас хамаарах  нэгэн зорилго дээр нэгдсэн,  гэр бүлээ гэсэн сэтгэлтэй өрхийн тэргүүнүүдээс бүрдсэн арван хүнийг аравт гэж хэлж болох болов уу? Яагаад болохгүй гэж? Зорилго үгүй бол энэ бүхний талаар ярих утгагүй бизээ. Гэвч асуудал нэгэн зорилгод хүрэх аравтын гишүүн бүрийн хүсэл , түүнд тулгуурласан хүн бүрийн хүчин зүтгэл , хүн бүрийн хэмээр аравт гэдэг зүйл маань нэгэн цул болон барьцалдаад байна уу даа ? За тэгээд нэг хэлц үг байдаг даа " арван хуруу тэгш хүн гэж байдаггүй" гээд харин тэгш байх ухаан нь энэ л аравтад оршоод ч байх шиг.  Чухам л тэр бүтэц дотор бүх зүйл оршиж эв эеийг бий болгож жамын давалгаанд зохицож чадваас амьдрал үргэлжилмээр ч юм шиг. Мэдээж бүх зүйл гэж юу вэ гээд задлаад бодох юм бол их л урт болох учраас уншигч та нар минь дор бүрдээ тунгааж санаа бодлоо хуваалцана бизээ .  Цаашилбал энэ л аравтаас зуут, мянгат, түмтүүд үүсэх боловч чухамдаа бол бүгд л аравтын бүтэц бөгөөд нэгдэх зорилгоос хамааралтай ч эцсийн дээд зорилго юу вэ хэмээн уншигч та тунгаах юм бол бид өөрсдийн мөн чанарыг олох бизээ. Гэвч бас зорилго янз бүр шүү дээ. Монголын нууц товчионоос уншсан биз дээ их сайхан жишээ байдаг. Нэгдсэн нэгдлийн зорилго юун дээр оршин буйгаас тэрхүү нэгдлийн хир удаан нэгдмэл байх нь хамаарах мэт. Тийм ч учраас бидний түүх нэгдэл бутралын түүх байсаар ирсэн. Харин түүхээс олсон олзын дээдээр бидний өвгүд юу бүтээж чадсаны үр дүнд бид оршин тогтносоор байгаа маань билээ. Тэгэхээр тэр үр дүн цааш хир удаан орших бол гэдэг дээр бидний үйлдэл чухал болоод ч байх шиг.  Мэдээж бидний мартаж болохгүй зүйл бол сайны хажууд саар гэж бас байдаг гэдэг үнэн.    Харин сайн бүхнээ эзэнтэй байлгаж , бие биеэ  хариуцаж нэгдмэл байх нууц энэхүү аравтын бүтцэд байгаа юм биш биз?

Арга билгийн чанадаас ундрах
Алт эрдэнэс мэт эв нэгдэл
Аман хүзүүний нугалам адил
Асралт сэтгэлийн хэмээр нягтарч
Дутах ухаанаар саваа дүүргэж
Дуурсагдах үйлийн учгаар нэгдэж
Дуулим хорвоод мөрөө үлдээх
Дайчин удмын мөнхийн хэлхээ
Арван хурууны ур шингэж
Амин хэмийн чанар шингэж
Алдар нэрийн цуурай мөнхөрч
Айзам аялгууны хэмнэл хөвөрнөм