Tuesday, February 23, 2016

Нэр алдар суу ухаан

1. Нэр алдар суу ухаан.
Зүйр үг : Сайн хүний нэрийг
Сайхи худалдаж жаргаму
БууЭрЭл-ын өгөгдөл :
Түгээл болох галын үнс
Түм түмээр таран байвч
Түүчээлэх үрсийн зүрх сэтгэл
Түмний үрсийг хурайлна
Алдар гавьяаг нь тодлох учиг
Ардын замыг гэрэлтүүлэхэд л байнам
Амгалан цэнхэр эх дэлхий
Алдар сууг нь оршоон буй
Зүйдэл болсон хөнжил юуг
Зүгээр ч нэг бүтээгээгүй юм шүү
Зүрх зүрхээ олох үрсийн
Зөрөх замыг хэрсэн юм шүү
Уулзах тов учрал дуудна
Учрал бүр нь учиг тодолно
Тодолсон бүхний тов тодорч
Тосон авах ухаанд ундарнам

Харин би энэ суу ухааныг юу гэж ухаж байна вэ гэхээр хэн ч бай энэ хорвоод эхээс салж унаснаас  хойш үхэн үхтлээ сайн ч тэр муу ч тэр өөр өөрийн өв,үр, мөр, өрөө үлдээдэг бизээ. Үлгэрлэн дууриах үлгэрээ бий болгож чадсныг ам дамжин ярьж үлгэрлэн дууриаж, үйлдэж таньсан алдаа нь сургамж болон үрсдээ багшилж, үйлдэж бүтээсэн ур нь өв болон уламжлагдаж, үйлдэж амжаагүй төлөөс бүхэн нь өр болон  үрсэд нь хүнд ачаа болон, үргэлжлэл болсон  яс цусны тасархайд бахархал ,сургамж, төлөөсөөр үргэлжлэх боловч ондоо ондоогоор нь  нэгтгэж чадсан онцгой нэгний зам мөр үлдэгсэдийнхээ цааш алхах замыг чиглүүлэх чиг болдог нь хайхамшиг. Чухам тэр нэгтгэж чадсан мөр бүрээр тэр зам улам өргөн тод зам болдог гэдгийг ухлаа.Саяхан аялагч Амайгийн номыг сөхөн харахад гадныхан түүнээс хаанаас ирсэн бэ гэхэд нь би Монгол аялагч гэж хэлэхдээ бахархалтай байдаг гэсэн хэсгийг уншсан юм. Түүний хариуд Чингис хаан Атилла хааны нэрээр бахархсан бахархал олонтой сонсож явсан бололтой. Миний хувьд ч бас энэ жил олон улсын хуралд сууж байх үед монгол гэхээр танай монгол үзэсгэлэнтэй сайхан байгальтай гэсэн тээ гэсэн асуултуудтай таарч ийм сайхан онгон байгалийг үлдээсэн өвгүдээрээ бахархаж байсан ч одоо үеийн монголчууд бид юугаараа дурсагдах болон газар шороогоо ухаж биднийг амьдрах аргагүй болгосон тэнэгүүд гэж дуудагдах болов уу гэсэн болгоомжлол бас төрж байсныг нуух юун

Tuesday, February 16, 2016

Бодрол

Үнэн гэж юу вэ?
Үүрдийн энэ хорвоод 
Үрээ тэврэн суух чинь
Үргэлжийн мөнхийн амьдралыг
Үүнээс өөрөөр төсөөлнө үү?
Хорвоо дэлхийн үнэн гэж
Хоосон чанарыг хэлнэ үү?
Хонгор үрсийн сэвлэгийг
Хойшлуулан илэхийг хэлэх үү?

Асуултыг асуултаар хариулах өвгүдийг яалтай.

Үнэн гэхээр хүн бүр л нэг үнэнг ярих болжээ. Тэгвэл хэний ч хүлээн зөвшөөрөх үнэн гэж юу юм бол? Үхэх төрөх нь үнэн. Эцэг эхээс төрсөн нь үнэн. Эцэг эхүүд маань эцэг эхээс  төрсөн  нь үнэн. Үүнтэй хэн ч маргаж чадахгүй бизээ. Тэгээд юу гэж хэмээн гайхаж байна уу? Харин хир эцэг эх болох эсэх нь надаас бас таниас шалтгаална. За ингээд л нэгэн гинжин гэмээр хэлхээний нэг зангилаа болох нь тэр.  Үр хүүхэдтэй болчихсон бол хариуцлага гэдэг зүйлд уяагдаж орхино . За бас хөхөө шувуу шиг бусдын үүрэнд өндөгөө орхиод хариуцлагаас бас бултах арга бас байнаа.  Өндөгөө бусдын үүрэнд хийчихээд сайхан донгодоод яваад байж болдог л юм байна. Энэ нь үрээ өсгөхөөс ч чухал ажил ч юм уу хэн мэдлээ.  Гэхдээ л бас үрээ өөрөө тэжээхгүй ч бусдаар ч болтугай тэжээлгэхэд хариуцлага хүлээсэн ч юм уу даа. Хариуцлагын талаар урьд нь бичиж байсан болохоор нуршихаа болин үнэн гэж эхэлсэн сэдвээ л хөөе.
Хүн ч бай амьтан ч бай үр хүүхдээ үлдээх нь жам л юм байна. Харин амьтан хүн 2 юугаараа ялгаатай юм бэ?
Хамаг амьтнаас хүн нар гавлынхаа чанараар ялгарчээ гэсэн үг сударт байдаг. Гавлын чанар гэдгийг ухах хэрэг гарлаа шүү таминь. Энд чанар гэдэг үг дээр анхаарал төвлөрүүлбэл яаж байна?  Хэлхээний нэг хэсэг болохын хувьд зууралдсан тэр хэлхээ маань чанарыг чанаржуулсаар явсан талаар тунгаах гэж оролдоод үзье.
Ер нь хүн төрөлхтөний түүх, эдгээр хэлхээнүүд уул устайгаа холбогдож өөр хоорондоо хэлхэлдэж улс гүрэн гээчийг цогцлож ирсэн эсвэл бүүр өөрийн хэлхээг батжуулахын тулд өрөөл бусад хэлхээг тасалж бутаргаж байсан түүх байдаг  буй зээ. Харин чанар гээч нь энэ бүгдээс хүн төрөлхтөн ямар туршлага хуримтлуулж, ямар дэг жаягийг бий болгож, яаж цаашид оршин тогтнох ухааныг хуримтлуулж, өөр өөрийн хэлхээнийхээ үүрэг хариуцлагыг ухаж ирсэнд байдаг байх.
Агуу бүхэн энгийн байдаг гэдэг үгэнд би жигтэйхэн дуртай. Энгийн бүхнээс л өөрийгөө ойлгох нь амар болоод ч тэр үү. Аав ээжээс төрсөн үнэн бол энгийн үнэн боловч ургуулж бодох юм бол бүхэл бүтэн хүн төрөлхтөний түүхийн хэлхээ байх юм даа. Өнгөрсөн одоо ирээдүй цагийн хэлхээ,  арга билиг, эр эм байхын учиг, одоо цагийн зангилаа, ирээдүй цагийн өмнө хүлээх хариуцлага, оршин байх орон зай, уул ус ургамал амьтаны шүтэн барилдлага гэж овоорсоор байгаад бүхэл бүтэн бөмбөрцөг эргээд ч байх шиг. Энэ дунд л өчүүхэн тэрхэн эд эс болсон миний байгаагийн учир юусан билээ?

Tuesday, February 2, 2016

Найздаа бичсэн шүлэг

2013 онд нэг найздаа зориулж бичсэн хэдэн мөртөө оллоо :
Чин зүрхний хайр гэдэг
Чиний минь сайхан царай шиг
Чимх чимхээр ирэх урин дулаан
Чигч шулуухан зан шиг чинь
Гуниг гомдлыг тээгээд яанам
Гашуун амт нь хоолой бооно
Голт зүрхний ариун хайр
Гулсан гарах халуухан мэдрэмж
Чиний миний сэтгэлийн дундах
Баяр жаргал уйтгар гуниг
Алагхан дэлхийн амьдралын амт








А

Sunday, January 24, 2016

Популист ба популизм

Эдгээр үгсийг олон нийтэд таалагдахын тулд олон нийтийн сэтгэл хөдлөлийг ашиглан өөртөө нэр хүнд олж авах гэж тайлбарласан байхыг олж уншлаа.
Тэгэхээр олон нийт юу хүсэж байгаа вэ гэдэг дээр асуудал үүсч байна уу? эсвэл тэдгээрийн хүсэл дээр тоглох гэдэг дээр асуудал гарч байна уу?
Улсын их хурлын гишүүдийг олон нийт өөрсдийнхөө төлөөлөл болгон сонгодог гэдэгтэй маргах хүн байхгүй биз.
Тэгвэл тэр олон нийт буюу ард түмэнд хамгийн чухал зүйл юу болохыг тодорхойлох нь чухал болов уу.
Монгол улсын үндсэн хуульд :
1/ амьд явах эрхтэй.
2/ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;
гэж заасан байдаг.
Эрүүл амьдрахын тулд эрүүл агаар, гишгэх газар, уух цэвэр ус байхад бусад зүйлс нэг их чухал биш л болов уу. Энэ бол ард түмний буюу олон нийтийн хувьд хамгийн үнэт бөгөөд чухал заалт. Амаа бариад амьсгалаа боогоод хэдий хир тэвчих вэ? Ус уухгүй хэдий хир тэвчих вэ? Гишгэх газаргүй бол хэний газар дээр яаж амьдрах гээ вэ?
Энэ заалтыг зөрчих шийдвэр гаргаж эдийн засгийг сайжруулна гэж ярьж байгаа хэн боловч популист болох нь дээ. Хүмүүсийг идэх хоолгүй өлсгөж байгаад сэтгэлийн хөдлөлийг нь ашиглаж эдийн засгаа сайжруулаад хоол өгнө шүү наад гишгэх газраа хүнд өгчих доороос нь жаахан алт аваад л буцаагаад булаад л өгчихнө. Хорт бодис шингэсэн , уух ус нь бохирдсон , агаар нь хорт бодисоор дүүрсэн байх нь хамаагүй шүү дээ. Мөнх цэвдэгийг нь буцаагаад хөлдөөгөөд өгнө. Бүх амьтан, ургамлыг нь буцаагаад тариад өгчихнө. нэг ч шоргоолж дутаахгүй. Өвгүдийн чинь булшийг эвтэйхэн ухаж аваад буцаагаад яг байранд нь хийчихнэ гэвэл өнөө ухаж авсан алт нь хүрэлцэхгүй л дээ.
Харин газар шороо, уул ус , амьсгалах агаар , өв соёлоо хамгаалъя гэж ярьж байгаа хэн ч өөрт ноогдсон үүргээ биелүүлж байгаа нэгэн . Үндсэн хуулийн заалтанд байгаа бүхнийг олон нийтийн өмнөөс сануулан дуугарч л байна даг.
Эцэст нь хэлэхэд өнөө маргааш гэдэс цатгалан мөр бүтэн эдийн засгаа дэмжээд явах хүн бүрийн хувьд чухал хэдий ч ирээдүй хойчоо мартаад одоо цагаараа амьдралыг  төсөөлөх аваас  энэ бол жинхэнэ популизм. Амь зуух, амьдран орших 2-ын ялгааг тунгаах цаг ирсэн бус уу

Friday, January 8, 2016

Луу туулай ирвэс бүргэд хангарьд 5 ын үлгэр

Эртээ урьдын цагт Эзэн Богд хааны дуудлагаар эх дэлхийн энд тэндээс нэгэн сайхан газар их олон амьтан хуран цуглацгааж гэнээ. Амьтад юуны учир ийнхүү дуудагдан ирснээ ч мэдсэнгүй өөр хоорондоо хэлэлцэн байхад  луу, туулай, ирвэс , бүргэд , хангарьд  5 их л дотночлон танилцаж гэнээ.  Эзэн Богд хаан эдгээр олон амьтанд хэрхэн энэ дэлхий дээр зохицон амьдрах ухаан юуг нь хэлэн таниулж эргэж хариад үр хүүхэд хамаатан садан, нутаг усныхандаа энэ ухааныг түгээхийг даалгаж гэнэ дээ.  Өнөө ихэд дотночилон танилцсан 5 амьтан энэ бүгдийг хичээнгүйлэн сурч өөр хоорондоо сонссон дуулснаа хуваалцан эвтэй найртай байх болж гэнэ. Гэтэл нэг өдөр өнөө 5 амьтан хэлэлцээд энэ газар нэлээн саатан эрдэм номд суралцах болохоор бүгдээрээ нийлээд нэг зүйл бүтээх хэрэгтэй юм байна гэж шийдэж гэнээ. Луу эхлээд нэг сайхан өргөө бүтээе гэж гэнэ бусад амьтад ч мөн дэмжиж гэнээ. Өдрийн сайныг товлон байж  нэгэн сайхан өргөө бүтээж гэнээ.  Бүгд л өөр өөрийн чадлаар дэм оруулж сайхан өргөө бүтэж гэнэ. Харин өөдлөх айлын гэр үүднээсээ гэдэг болохоор  өргөөний үүд хаалга сайхан байх ёстой гэж бодсон боловч товлосон өдөр болсон тул ирвэс яаран сандран будаж орхижээ. Өргөө гэрт нь цугларсан олон амьтадаас орж гарцгаасан л биз.
Гэтэл нэг өдөр туулай гомдол гаргав. Энэ өргөө гэрийн хаалгыг будахад юунд намайг оролцуулсангүй , яаран сандран дутуу хагас будлаа гэж гомдол гаргажээ. Тэгтэл ирвэс ихэд гомдон товт өдөр болсон байсан ч чадлынхаа хирээр өнгө будагийг нь тааруулсан байтал юунд ингэв гээд л гомдон Луунд энэ тал дээр гомдол гаргажээ. Тэгтэл харин Хангарьд туулайг санаагаа гаргасан нь зөв хэмээн өргөөг бүтээсний дараа алдаа онооны дүгнэлтээ хийж хойшид дахин алдаа гаргахгүй тал дээр анхааръя гэж ширүүхэн хэлсэн нь бүүр маргааныг дэвэргэж орхилоо. Луу ирвэсийн хэлснээр дэмий зүйлэнд хэрүүл дэгдээлээ хэмээн туулайг буруутгаж, хэрүүлийг дэвэргэлээ хэмээн хангарьдыг ч бас буруутгав. Бүргэд дэмий л өнөө 4-ийг муудалцахыг харан дээгүүр нь эргээд нисэж байж гэнээ.  Гэтэл луу  баян тансаг хангарьд өөрийн энэ байдлаа ашиглан бусдыгаа дарамталж байна  гэсэн маргааны шинэ сэдэв нэмлээ. За ингэж байтал өнөө хэрүүл маань эв нэгдлийг бусниулах гэсэн нэгэн бутаргагч андуудын дунд гарч ирлээ гэсэн том хардлагыг бий болговоо. За тэгээд л бүгд л өөр өөрийнхөөрөө асуудлыг томруулж бие биенээ хардах хар маань улам бүр өсөж бүүр явсаар хэн нэгнийхээ амь насанд хүрэх дээрээ тулсан том хэрүүл боллоо. За юутай ч хэрүүлийг эхлүүлсэн туулай, хэрүүлийг дэмжигч хангарьд 2 хошуу нийлүүлсэн харууд болов. Өнөө 2 ч түүнийгээ хүлээн зөвшөөрөн энэ хэрүүлийг таслах зорилгоор харууд гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Туулай өөртөө дүгнэлт хийн дэмжигч хар Харгарьдаасаа салсан дээр гэж нөгөө хэддээ ч түүнийгээ батлан харуулав . За ингээд бүгд эв нэгдэлтэй болж энэ хэрүүлийг мартацгаая гэсэн боловч Хангарьд хар болж хувирсандаа бухимдан элдэв ааш гаргах болж гэнээ.  Одоо яах вэ гэсэн асуулт андуудын дунд зүй ёсоор гарч ирж гэнээ. Мэдээж бүгд бусдын алдаа юм чинь энэ Хангарьд нөхөр л өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч ,  бууж өгөх нь хамгийн зөв эв нэгдэлийг бататгах хүч мөн гэж харна биз дээ.  Гэвч хангарьд тэгсэнгүй.  Харин түүний оронд  гэрэл цацруулах цор ганц хаалганаас хариулт олохыг хүсэж гэнээ. Харин түүний хариуд хаалганы цаанаас түүнд  :

Бусдын алдаа надаас болдог, хохирол нь намайг хорлодог гэх
Багш шавийн барилдлагыг мөрөөдөл болговоос амьдарму

гэсэн үгс тодоос тод сонсогдож гэнээ. Ингээд Хангарьд энэ үгсийг бусад 4 дөө хэлээд бүгд өөр өөрийн алдаагаа олж харж , эвтэй найртай сайхан амьдрах болсон юм гэнээ.

Tuesday, January 5, 2016

Нимгэн бодол өр цоолно уу
Нисэх мэт дүүлэх нь үү
Чин үнэнийг хайн бэдрэнэ үү
Чимх чимхээр мэдрэх л байх даа
Алхам алхамаар дөхөн байна уу
Алсын бодлыг тээн зүтгэнэ үү
Итгэл сэтгэлийн жигүүрээ олов уу
Энгийн бүхэнд л тэр оршино доо
Алтрах нарны цацрагаас
Аливаа бүхэн эхтэй ч
Андын дэмэнд ургах эрдэнэ
Алагхан зүрхний бүтэн цохилоо
Үргэлжийн мөнхийн амьдрал гэдэг нь
Үнэнч зүрхний бичээс юм уу
Үйлдэл болгох зүтгэл юм уу
Үлэмжийн их хайр юм уу
Эргэцүүлэн тунгаах бодол бүрд
Эргэлзэн тээнэгэлзэх урсгал бүрд
Эв эеийн тэнгэр оршиж
Энх мөнхийн үйлс тунарна

Sunday, January 3, 2016

Харьцуулалт

Мөнгөний талаар  ойлголтоо дахиад нэг биччихмээр санагдчихлаа.
Нэг танил маань мөнгө угаасаа л хар мөртэй гэхэд би тэр хүний туулсан амьдралын замд тийм сэтгэгдэл төрүүлэх зүйл гарч дээ гэж бодож билээ. Үнэхээр л төрсөн эгч нь мөнгөнөөс болж дүүгээ шүүхэд өгч, өсгөж өндийлгөсөн өнчин дүү нар нь том болж бие даачихсан хойноо таниар тэтгүүлж байсан даа харамсаж байна гэж хэлээд холбоогоо таслахад амьгүйгээр нь мөнгөнд буруу өгөхөөс ч яах билээ.
Тэгвэл хүмүүсийн зарим нь мөнгийг зүгээр л нэг хэрэглэдхүүн л гэж боддог байж болно шүү дээ.  Дээрхи зүйлийг туулаагүй  хүмүүсийн хувьд  үүнтэй адил бодолтой байх албагүй л дээ. Сударт тунбаог (мөнгө буюу зоос) анх ядуусыг тэтгэхийн тулд бий болгосон гэдэг . Гэвч сүүлдээ энэ зүйлийг сэтгэлийн төрхийг хоослогч хорон бясалгал хэмээн  хаадын алдаанд тооцсон байдаг . Тэр ч бүү хэл цөвүүн цагийг урин дуудагч болох нь гэсэн байдаг.
Гэвч энэ мөнгө гээч тунбао юугаараа тэгж  цөвүүн цагийг урин дуудах болов?

Орчин цагийн хүмүүсийн ойлголт:
Ирээдүйн амьдралын баталгааг мөнгөн буюу эд өмчийн хуримтлал гэж үздэгтэй ихэнх нь санаа нийлэх байх.
Харин Монгол ухааны сударт :
Уул ус газар шороо , удмын хэлхээ байсан цагт ирээдүйд төрөх үрс минь өөрийн ухаан , уламжлуулсан өвгүдийн ухаанаараа,  ур дүйгээрээ байгаа бүхнээ тордоод өсгөөд үржүүлээд амьдралын баталгаагаа хангаж чадна гэх

Харин орчин цагийн бидний хувьд мөнгийг өөрийн хүч хөдөлмөрийн хүчний үнэлэмж хэмээн үздэг шүү дээ. Гэвч хуримтлал гэдэг дээр л асуудал байгаад байна уу гэлтэй. Яагаад гэж гайхаж байна уу? Харин та мөнгө бол амьгүй бөгөөд байгаль дэлхийтэй ямар нэгэн харилцан хамааралтайгаар оршиж чадахгүй гэдэгтэй санал нийлж  чадах уу? Гэвч мөнгө бол зөвхөн хөдөлмөрийн хүчний үнэлэмж төдий биш бөгөөд түүгээр дамжин бүгдийг хянаж чадах эрх мэдлийн соронзон ч байж болох гэдэгтэй ч бас маргахгүй байх. Энэ дэлхий дээр бүх зүйл өөрийн гэсэн сайн муу талуудтай ба түүнийг хэн хэрхэн ашиглах хэрэглэх гэдэг дээр л асуудлын гол оршоод байна уу даа. Харин сударт дурьдсан сэтгэлийн төрхийг хоослогч гэсэн нь юу гэсэн үг юм бол? Энэ хүмүүн гээчийн сэтгэлийн төрх гэж юу вэ? Бядуухан тархитай миний бодоход хүмүүн гээчийн сэтгэл энэ байгал , дэлхий, наран, саран , од эрхэс хэмээх байгаа бүхнийхээ салшгүй өчүүхэн хэсэг гэдгээ мартаад эхлэхээр л тэрхүү төрх нь өөрчлөгдөн хоосрол руу унаад байна уу даа гэх
Сударт :
Бугшмал хэцүүгийн хохирол хоосролын хэцүүг ойлгуулж
Бортот хүүний сэтгэл буцлаад ирэх цаг болно доо гэж наашлан ирэх цагийг зөгнөсөн  байдаг.
Энэ нь чухам л өнөө эх дэлхий дээрээ амьдран байгаа бид түүнийг арчилж тордож байгаа бүхнийг нь өсгөн үржүүлж өөрсдийгөө тэжээх мангдайн үүргийг маань хохиролоор чинь сануулна шүү гэсэн үг болов уу. Томоор нь харвал дэлхий дулаарал, энгийн амьдралаар харах юм бол хүүхэд байхад тоглож өссөн уул ус маань нүдэн дээр өөрчлөгдөхийг анзаараа л байлгүй. Хүний боломжит хэрэглээ, түүнээсээ хэтэрсэн далай шиг шунал л тэр хоосрол руу бүхнээс салган хүн төрөлхтөнийг хөтлөн байна уу гэлтэй.  Харин ч үнэхээр наашлах цаг нь ирж олон хүмүүс энэ талаар бодож тунгааж , эх дэлхий, уул ус ургамал амьтанаа хайрлахын төлөө тэмцэж эхэлсэн нь өөрсдийгөө мөхөөх их хохирол нүүр тулан ирэхийг ойлгож бортот хүүний сэтгэл буцлаж эхэлсний тэмдэг гэлтэй.