Thursday, December 19, 2019

Ухаалаг гүн харцтай тэр нэгэн 
Урам зориг, эрч хүчээр дүүрэн
Уулзаж үг солиж үзээгүй ч 
Угийн дотно танил мэт мэдрэмж
Урьд нэгэн насандаа
Учирч бас нөхөрлөсөн мэт
Хатуу зовлонг хөнгөхөөн үүрэх
Хатан зориг түүнд нэвт шингэсэн мэт

Tuesday, December 17, 2019

Номин багшдаа

Хондод унасан өдрийн учрал
Хос заяаны эрхэм дусалд шингэж
Хорвоод уусах уран хөдөлгөөнөөр
Хүйн талын дээгүүр дүүлэн нисэв
  Ухаант ээжүүдийн сүүн цацлаар
  Урагшлах бүхний есөн хүсэл оршиж
  Уран биелгээнд уусгах уянга ундарч
  Урам зоригоор бүгдийг хөтлөж чиглүүлмой
Номин цэнхэр хадаг дэлгэх агшинд
Номт мэргэдийн ухааныг дэлгэрүүлж
Мөнх тэнгэрийн эрчис биед шингэн биесэж  
Мөнгөн түлхүүр зангилаа бүхнийг нээмүй
Түмэн олны түүчээ болон түг түмээр эрчис бүхэн хуйлрах болтугай!

Sunday, December 15, 2019

Хөхүүд


Эргэх хорвоогийн орчил хасын дүрсэнд бууж
Ээрэм талд жам ёсыг мөнхөлнөм
Эргэн эргэн ирэх орон зай, цаг хугацаа
Ээлжлэх дөрвөн улиралыг сонорт буулгаж
Эрээлэх өнгийг уусгаж бас тодруулнам
Харин тэр л ертөнцийн өнгөнөөс хөхүүд
Хагацашгүй мөнхийн зам мөрийн холбоосыг олж
Хан тэнгэрт дүүлэн нисэж
Хөрст газартаа гишгэгдэлээ бөхөлвөө

Thursday, December 5, 2019

Эрх чөлөө


Ээрэм талын салхи шиг эрх чөлөөтэй төрсөндөө би баярланам
Эргээд л энэ газартаа ясаа оршоогоод хаа нэгтээ одох болно
Эргэх цагийн аяст зөөлөрч бас ширүүссээр
Эгэлхэн нэгний хацрыг элбэн бас хайрна 
Хэн нэгний гаргасан замын эхэнд очиод
Хаа очихоо ч мэдэхгүй тэр л замаар бэдрэх үед
Хүрэх газарт минь хүргэх зам энэ мөн бил үү?
Хүсэл болсон өөрийн замыг олсон болов уу хэмээн
Хувь заяаны төөрөгтэй эргэлзэн бас шинжих болов уу
Үнэхээр би эрх чөлөөтэй юм уу
Үүргийн төлөөс шиг бас барьцаатай ч юм уу хэн мэдлээ

Зах хязгааргүй ээрэм талын салхи юу шивнэнэ вэ
Заяа тавилангийн мөнхийн ундаргаас үгс тээж
Борхон зүрхний дусал цусанд шингээж үлдээсэн бүхнээс
Бодлын гүн рүү харвах сум мэт гүн уусгана уу
Эргэх тавилангийн оноолт бүрийн ончийг тааруулж
Болзоо товын хугацааг товлон уясгана уу
Аранзал тугны намираа салхины чигт жигдэрч
Ассан галын дөл тэнгэр өөд цоргин тэмүүлнэ үү
Чив чимээгүй урсгалын эрчим хөврөн байхуйг танигсад
Биесээ таних дохиог аниргүй орчлонд сонордохуйд
Билэг ухаан аргад шингэн биесэж
Буй бүхний гал төөнөн ариусгахуй



Хорвоо ертөнцийг тэмтэрч туулаагүй хүмүүн
Хоосон чанарын мөн чанарыг бясалгаж чадах бил үү
Зовлон жаргалын амтыг амтлаагүй хүмүүн 
Үнэн худлын дэнсийг хэрхэн дэнслэж чадах
Хоруу сэтгэлийн хохиролыг амсаж үзээгүй хүмүүн
Хоосон бясалгалаар хэрхэн гэгээрлийг олох
Үйлдэж бүтээх гэж зүтгэж үзээгүй хүмүүн
Үлэмжийн чанарыг хэрхэн таних

Sunday, November 17, 2019

Сүнс гэж юу вэ? үргэлжлэл

Хүмүүн нь махан биеийг олж төрөхдөө эхийн талаасаа цусны сүнс, эцгийн талаасаа ясны сүнсийг эзэн биедээ өөрийн сүнс 3 толгой сүнсийг агуулдаг. Дахин 2 бяцхан сүнс байна. Тэр нь бол хүмүүний махан биенд нь өсөн торниж байдаг .  Хүмүүн  тэнгэрт халихад сүнс нь өөрийн сүнсийг гэгээрэлд одуулсан бол тэнгэрээ өөдөө одно. Гэгээрлийг олж эс дийлсэн бол эрлэг лугаа учирна. Балчир 2 сүнс нь эргэх хорвоо дээр дахин хүмүүний биенд нь өсөн торнихоор одно.
Амьдран оршихуйн үнэнийг сүнс тархиндаа хурааж дахин төрөх балчир үрийн тархи оюунд эзэн бие нь , эзэн сүнс нь болон сууна. Эцэг эхийн яс махан сүнс нь болохоор өөрийн удмын өөрийн угсааны тамгын нууцыг шингээсэн байдаг.

Бөө гэгээн тархины судраас