Tuesday, August 13, 2019

Амин чанар ( Тоо ба чанар 10)

Тооны ухаан гэж агуу зүйлийг хүн төрөлхтөн нээсэн юм бол тэр юугаараа тийм агуу юм бэ гэсэн асуулт гарнаа даа. Алтан судар бол тэр чигээрээ тоо. Бүх зүйл тоотой холбоотой. Яс тас бүгдийг нь тоолоод олоод тавьчихдаг л юм байх даа л гэмээр...
Хамгийн бага тооноос нь эхлэх юм бол   1 гэж юу вэ гээд л хүүхдийн дууны үг гарч ирэх байх даа. 1 гэдэг бол бүхэл гэсэн үг гэж ухвал түүний дотор тоолж барашгүй их зүйл байгаа л байх. Харин тэр бүхэлд нэгдэх ухааныг өөр өөрийн онцлогоор, өөрийн хэмээр нэгдэж,  нэгэн бүхлийн нэгэн эрэг шураг болох нь тухайн нэгж болгоны өөрөө өөртөө эзэн болох эзэн эрх юм гэж ухаж болохоор. Нэг л нарны дор амьдран орших нэг л эх дэлхийн үрс гэдгээ ухаж түүнийгээ он он дамнуулан мөнх амьдран оршоох их зорилгыг нэгэн бүхэл гэж ухаж чадвал тооны ухааны 1 ын тооны агууг хүн бүр ухах бизээ.
2 гэж юу вэ ? Хосоор амьдрах амьдралын жамаар гэр бүлийг үүсгэх тоо гэж харвал морин хуурын хос чавхдаснаас хичнээн уран тансаг аялгуу урсан гардаг билээ хэмээн зүйрлэн бодвол хосын заяанаас үр хүүхэд өсөн бойжиж амьдралыг цэцэглүүлэн ургах нь тэр л аялгууг дуурсгахтай агаар нэгэн гэмээр
3 гэж юу вэ? Хий чийг тоосноос эх дэлхий бүрэлдэн тогтож энэ дэлхий дээр амьдран орших ухааныг хүн төрөлхтөний туулж өнгөрүүлсэн их түүхийн ой санамжаас улбаалан өнөө цагийн шийдлээр ирээдүй хойч минь үлдээж өгсөн газар нутаг,  өв их соёл , мэдлэг , оюун ухаанаар  хөглөгдөх өнгөрсөн, одоо,  ирээдүй хэмээх цаг хугацааны хэмжээсээр холбон тунгааваас 3 ын тооны агууг магтан дуулахаас ч яах билээ.
4 гэж юу вэ? Хас тэмдэг санаанд бууж байна. Жамын тэмдэг ч гэдэг. Жам гэж юу юм бэ? гээд дахиад л асуулт гарч ирнээ дээ. Аливаа зүйлийн давтамж чанар гэчихвэл өөрсдийнхөө  тухай , байгал дэлхий дээрх аливаа юмс үзэгдлийн зүй тогтол , бас Монголчуудын хүн төрөлхтөний түүхэнд онцгойрон гарч ирсэн цаг хугацааны  давтамжийг төсөөлөн бодож дүгнэлт  гаргаж болох л юм .
5 гэж юу вэ? Том зүйл бодолгүй энгийнээр сургуульд байхдаа үнэлүүлж байсан дүнгээр төсөөлөөд үзье л дээ. Сурсан мэдснээ 5 хүртэл тооны үнэлэмжээр үнэлүүлдэг байсан даа.
Зөв үү 5 уу ? гэж нэг хэлц МТТТ судар байдаг санаанд орж байна. Яагаад заавал таваар үнэлдэг бсан юм бол ? Мэдээж одоогийн хүүхдүүдийн үнэлгээний систем арай өөр л дөө. Монголчуудын хувьд гарын таван хуруу бүгд л өөр өөрийн онцлогтой, нэртэй, үүрэгтэй байсан гэж бодвол тэр бүрийн онцлогийг шингээх гарын алганд  ямар нууц байгаа бол?
6 гэж юу вэ? Эх үрэн 6 зүйл гэх үгс бурхан шашинд ч бий нар сар эх дэлхий түүн дээр амьдрах амьтай ургамал амьтан , оюун ухаант хүн,  сүнс энэ бүхнийг бүхэлд нь хэлээд байх шиг байгаа юм.

Гэх мэтээр хүн бүр л тоо бүрийн цаана нуугдах агуу их мэдлэгийг ухаж төнхөх аваас чанар гээч нь бүрэлдэн нэгэн бүхэл рүү чиглэх ухаанаа хөглөх нь тоо ба чанарын холбоосыг тодотгож амин чанар гээчийг ухах байх. Өөрөөр арай энгийнээр хэлбэл амь бүхнийг оршоох агуу нэгэн бүхлийн нэг хэсгээ ухаж тэр л нэг бүхлээ оршоон байх зам мөрд нэгдэх болов уу гэсэн л санаа  болов уу. Хэрэв тэрэнд нэгдэж чадвал амин чанар нь үүсэх бизээ.

Эрдэм боловсролыг оройлон залж
Мэдвэл зохихуйг мэдлэгтээ хурааж
Зорилго хүслээ нэгтгэн хурааваас
Амин чанар нь бүрдэх билээ
Өвөг дээдсийн эрдэм сургааль
Оноч мэргэн үг үсэг бүр нь
Орчлон хорвоогийн жамыг тухалж
Оройн дээд мэдлэгт нь хөтөлнө
Хөтөлсөн мэдлэгээ зорилго болгож
Эл биеэ тэгшлэн засвал
Амин чанар нь үүсэх билээ
Хүсэл тэмүүлэл эрдэм боловсрол бүр нь
Мон амин чанар нь билээ

Үглэж дуудсан бүхнээ
Үйл болгон буулгах мөчид
Үгсэж хэлцэх чигийг тодруулж
Үйлдэл болгох эрдэм бүхэн 
Үзэж туулсан бүхнээр хөглөгдөж
Ухаан болон хөг аялгуунд нэгднэм
Аялгуу урсах тэрхэн мөчид
Амин чанар хөглөгдөн
Ардын сэтгэл нь уясаж
Аялгуу дуугаар хэмээ нэгтгэж
Агуу төрийн үндэс болмой

Monday, August 12, 2019

2019.08.05


Үглэж дуудсан бүхнээ
Үйл болгон буулгах мөчид
Үгсэж хэлцэх чигийг тодруулж
Үйлдэл болгох эрдэм бүхэн 
Үзэж туулсан бүхнээр хөглөгдөж
Ухаан болон хөг аялгуунд нэгднэм
Аялгуу урсах тэрхэн мөчид
Амин чанар хөглөгдөн 
Ардын сэтгэл нь уясаж
Аялгуу дуугаар хэмээ нэгтгэж
Агуу төрийн үндэс болмой
Нийлж бүтээсэн бүхнийг оршоох цаг хугацаа 
Нэгдэж бутарсан түүхээс сургамж аван урсаж
Нисэн дүүлэх хүсэл тэмүүлэл тэнгэрт тулваас
Газар эх хэвлийдээ тосон авч гарз үгүй оршоох ухаанаар хөгөлмой.

Friday, August 9, 2019

Уусалт

Эргэх орчлонгийн эрээн бараанд
Энэрэл хайрыг эхийн сэтгэлээс мэдэрч
Ээрэм талын бартааг туулах
Эрч хүчийг олсон бол
Эрхэм хайрыг түмэндээ түгээж
Эрчим бүхнээр тархиа тэтгэж
Ээж аавын үлдээсэн бүхнийг
Энхрий үрсдээ үлдээх эрдмээр
Энэхэн биеэ ухаанаар хурцалж
Эргэх тавиландаа эзэн суумой
Үлэмж хайрын мөнхийн орчилд
Мөн чанараар уусах ахуйд
Мөнх тэнгэр ивээлээ хайрлаж
Мөрөн голын урсгал жигдэрмой
Хан тэнгэрээс буух хурыг
Хатуу үнэнээр тосох аваас
Хайрын аялгуу зүрхэнд уянгалж
Хан хорвоод уусах ажаамуу



Tuesday, July 9, 2019

Оюунд буух үгс

Амьдралын урсгал дунд сэлэх жараахайд урсгал сөрөх тэнхээ байдагтай адил алхам алхамаар дөхөх зорилгоо хараагүй хүнд аз эзийн оноогоор бүтээх үйл тохиох нь буй. Харин аз жаргал гэдгийг юу гэж ухаж байгаагаас аз эзийн оноо ончоо олсон эсэх нь хамаарна. Эз гэж юу юм бэ? Эрхэмлэх нэгэн үйлийнхээ учгийг алдахыг хэлнэ. Харин алдааны хохиролоос учгийг зуурч чадвал азын оноо өөрийг чинь бүтээж алхам алхамын зайгаар мөнхийн утга руу дөхөх буй заа. Алдаж онож олоогүй гэх алтан дээд гэриэ тэгээд юу гэсэн үг вэ? Амьдралын утгыг ухаж байж алдар хүндийн оройд мацсан ч алдар хүндийн далайд хөл алдах нь алга урвуулахтай адил амархан зүйл. Харанхуй ангалын ирмэг дээр алхах амьдралын үнэ цэнийг тооцож сурах хоёрт л алхаа гишгээний алхам хэмжигдэж амьдралын мөн чанарт гүн шингэнэ. Уусалт гэж энэ. Ухааны цараа тэлэгдэж оюуны бядаа нэмэх тусам урсгал усыг даган сэлэх удмынхаа үйлийг танин олох учиг үргэлж ундарнам. Хүслийн дээдэд хүрсэн байлаа ч хүмүүн заяанаас холдож чадамгүй ээ. Хүрэх алсыг ухсан байлаа ч хүндлэлийн орчныг буй болгох нь амьдралын үнэ цэнийг тодорхойлно доо. Хайр гэдгийг энгийнээр ухвал хагацал гунигийн ч үнэ цэнийг ухна. Харин тэнхээт оюуныг буй болгож гэмээнэ тэнгэр мэт гүн орчилд ууснам зээ. Ухаарал сэхээрэл хоёрт төөрч одох нь их ч гэлээ ухаарал сэхээрэл хоёроос олз үүрэх нь харин уужим сэтгэлийн таниа мөн. Түнэр харанхуйд гэрэл асахад татагдах олон их учраас түнэр харанхуйг гэрэлтүүлэх тэнхээт оюун, тэнхээт биед сууж тавилан заяандаа хөтлөгдөн түмэн олны төлөө бие сэтгэлээ зориулах төрмөл заяагаа танин  орчлонгийн үнэнд уусна даа. Ууссан тэр оюун биенээс салж тэнгэр болон үрсээ хамгаалж тэр л нэгэн заяанд дахин дахин бууж тэвэрсэн үрээ хайрлан тэтгэх нь орчлонгийн жам бөлгөө.


Monday, June 17, 2019

Бид хэн юм бэ?

Бид хэн юм бэ гэсэн асуултыг тавихаас өмнө би хэн юм бэ гэсэн асуулт зүй ёсоор гарна. Энийг хүн бүр дотроо тунгааж байгаа биз. Бидний ухамсар юун дээр төвлөрөх ёстой юм бол?
Бид гэж хамааруулж байгаа нь газар нутаг, хэл соёл, яс цус үндэс нэгтнүүд л гэсэн санаа гэж ухвал Монголчууд гэж нэрлэгдэх хүмүүс бид ер нь хэн юм бэ гээд өргөсөөд ирнэ.
Их түүхийн хэлхээ холбоо ,  Эзэн Чингис хааны түүх байгуулсан эзэнт гүрэн энэ бүгдийг өнгөрсөн баларсан юм гэж үзээд одоогийн бид хэн юм бэ гэж асуугаад үзвэл ямар хариулт гарах болоо?
Ямар ч хүн өөрийн  туулж өнгөрүүлсэн амьдрал, алдаж оносон бүхэн , хуримтлуулсан туршлагагүйгээр өөрийгөө хэн юм бэ гэж тодорхойлж чадахгүйтэй адил хэрэв бид хэн юм бэ гэдэг асуултыг өөрсдийгөө юунаас хаанаас ургасан юуны хэний үр вэ гэдгээ тодорхойлоход хэцүү л болох байх.
Америкчуудыг аваад үзье л дээ. Энд тэндээс хуран цугларч нэгэн шинэ тивийг эзэгнэн сууж тэндээ өөрсдийн засаг захиргааг цогцлоосон байсан ч гэсэн тэдний тэр цогцлоосон бүхэн ямар нэгэн осёл иргэншилээс үүсэж бий болж баяжуулсан л зүйл.
Тэгвэл бидний соёл хаанаас эхтэй вэ?

Хүн төрөлхтөн маш олон соёл иргэншлээс бүрэлддэг ч үндсэн 2 соёлд л хуваагдах болов уу?
- Суурин соёл
- Нүүдлийн соёл

Орчин цагийн бидний дотор хотынх хөдөөгийнх гэсэн ялгаа байдаг. Энэ ялгаа суурин соёлын хэм хэмжээг хир ойлгож зохицож чадаж байгаагаас хамаараад л байх шиг . Хотод арай эрт ирж сууришсан нь суурин соёлд арай эрт хэвшсэн сүүлд ирэгсэд нь нийтээрээ нэг газар бөөгнөрөн амьдрах соёлд арай суралцаж дадаж амжаагүйгээрээ ялгагдаж байгаа нь тэр.   Гэвч уг гарвал нь ижилхэн л нүүдэлчид. Тэр битгий хэл одоо дэлхий дээр үлдээд байгаа сүүлийн нүүдэлчид гэх.
Ер нь биднээс өөр нүүдлийн соёлтой улс орон байгаа болов уу?
Тэгвэл нүүдлийн соёл суурин соёл 2 гэж ангилах гол ялгаа юу вэ?
Нэг газраас нөгөө газар луу нүүдэллэн амьдрахыг нүүдэлчид гээд байна уу эсвэл арай өөр ойлголт байна уу? Жишээлбэл хятадууд байна. Дэлхий даяар хятадууд тархан энд тэндгүй Чайна таунаа байгуулан амьдарч байна . Тэд бас нүүдэлчид үү? Хариултыг үгүй ээ гэж ихэнх хүмүүс хэлэх л байх . Ямар хэмжүүрээр тэгж үгүйсгэж байгаагаа дор бүрнээ тунгаагаад үзээрэй.
Хятадуудын соёл  суурин соёл.  Европчуудын  соёл ч бас суурин соёл . Газар тариалан эрхэлж эхэлсэнээс үүдэлтэй бөгөөд  суурьшин амьдрах бүх нөхцөл бололцоогоо техник технологийн  хөгжил дэвшилд  тулгуурлан улам улам том том хот суурингуудыг байгуулан үйлдвэрлэл худалдаа арилжааг хөгжүүлэн  дэлхийн эдийн засагт том тоглогч болон хөгжсөөр л байна.
Монголчууд бид ч гэсэн  одоо энэ бүхнийг даган аажмаар хотжилт руу шилжин хүн амын ихэнх хэсэг нь хотод амьдарч байна. Энэхүү хотжилтоос үүдэлтэй мөн ч их асуудал үүсч байгааг надаар хэлүүлэх юу байхав дээ. Бодвол бас суурин соёлтой гэх эдгээр хөгжилтэй улсууд энэ бүхнийг туулаад ирсэн болохоор тэднээс бас яаж суурьшин амьдрах ёстойг суралцах л хэрэгтэй байх. Хор хохиролтой ямар асуудлууд суурин соёлтой ард түмний өмнө тулгарч байгаа болоо? Хот бүрийн өмнө тулгардаг хогны асуудал, агаарын бохирдол, хүн амын эрүүл ахуй, хөдөлгөөн болон хүнслэлтэй холбоотой янз бүрийн өвчлөл хүмүүсийн стресс ихсэх асуудлууд хөгжилтэй гэх энэ суурин амьдралын хэв маягтай хөгжилтэй орнуудад үүсээд эхэлжээ. Тэр битгий хэл хүн амынх нь зарим хэсэг их хотжилтоос залхаж хөдөө гарч амьдарч эхэлсэн бололтой.
Түүхээ эргээд харах юм бол дэлхийд урьд хожим нь хэний ч байгуулж байгаагүй их гүрнийг цогцлоож байсан хүчирхэг монголчууд яагаад өнөөг хүртэл  нүүдэлчин хэв маягаа хадгалаад үлдчихэвээ гэдэг асуулт гарах байх
 Тэгвэл нүүдлийн соёл гэж ер нь юугаа яриад байгаа юм бэ ? Тэр ер нь бидэнд тийм чухал зүйл мөн юм уу?
Уг гарвал нь мал ахуйтай холбоотой байх л даа. Нүүдлийн мал ахуйг даган нүүдэллэн амьдрах амьдралын хэв маяг юм байна гэж ухвал суурин соёлоос юугаараа илүү юм бэ? Лав илүү гэх зүйл харагдахгүй үнэн хэцүү амьдралын хэв маяг юм биш үү? Хэн тэгээд л хэдэн мал дагаад л нүүдэллээд амьдарч байдаг юм. Халуун байранд телевизээ үзээд л өөртөө тохирсон ажил байвал хийчихээд л хотод тохь тухтай амьдараад болоод л байна даг. Тэр нь ч тийм шүү. Гэхдээ ч нөгөө талаар нь харах юм бол малчид маань техник технологийн үр шимийг хүртээд мэдээлэлээс хоцрохгүй амьдралын хэв маягаа сайжруулан тохь тухтай мал аж ахуйгаа түшиглэн бас л амьдраад л байна. Бэлчээрийн мал аж ахуйгаа улам сайжруулан хамтаар бэлчээр уул усаа байгаа байдлаар нь хадгалахын тулд тордож байгалийн тэнцлийг хадгалан амьдарч байгаль дэлхийтэйгээ аль болохоор хоргүй зохицон амьдрах хэв маягаа хадгалсаар иржээ. Харин бид малынхаа түүхий эд , үр шимийг боловсруулах өөрийн онцлог сор бүтээгдэхүүнээ бий болгон дэлхий нийтэд эко бүтээгдхүүн , эко аялал зуучлал, сэтгэлийн амар амгалан, онгон зэрлэг байгаль , байгал дэлхийд хоргүй зохицон амьдрах эрдэм мэдлэгийг түгээх ахуйгаа цэгцэлж чадах юм бол манай улсын ирээдүй гэгээлэг байх бизээ.
Энэ бүхнээс дүгнэх юм бол  бидний энэхүү нүүдлийн соёлын хэм хэмжээ суурин соёлтой улсуудтай зэрэгцэн оршиж илүү дутуугаа нөхөн орших нөхцөлдөөг бүрдүүлэн суурин соёлын хор хохиролыг тэднээс урьдчилан таниад энэхүү байгал дэлхийтэйгээ хүйн холбоогоо хадгалагдан үлдэх ёстойг бидэнд сургаад байна уу гэлтэй.
Тэгэхээр нүүдлийн соёлоо хамгаалан тусгаар орших нь газар нутаг, яс цус үндэс угсаа, нүүдлийн ахуй соёл, түүнд тохирсон хууль ёс жаяг, түүнийг ухамсарласан хүн бүрийн ухамсараар хадгалагдан үлдэх нь .
Бид бол нүүдлийн соёлыг хадгалагчид . Өөрөөр хэлбэл газар дэлхийгээ хайрлан шүтэж , түүнийг ашиглаж хэрэглэсэн бол нөхөх бололцоог нь хангаж байнгын эргэлтэнд байгаа бүхнээ байх ёстой чигээр хадгалахдаа өөрсдийн хүслийнхээ хэмжээг мэдэж , байгаагаа хэрэглээд дуусгах биш ирээдүй хойчдоо  байлгаж үлдээхийн тулд бүтээж бий болгож хэрэглэдэг  өвөрмөц соёлтнууд болж таарах нь дээ . Тиймээ хуурай газрын агуу эзэнт гүрнийг байгуулсан мөртлөө их хот балгасыг байгуулж үлдээсэнгүй ч онгон  зэрлэг байгалиа , мал ахуйгаа, соёлоо, хууль жаягаа ёс заншилдаа шингээж үлдээжээ.



Wednesday, May 22, 2019

Өв Гүн сүлд

Нар сар гал төрийн сүлдэнд орших энэ дүрсийг мэдэхгүй хүмүүн гэж үгүй билээ. Гэвч үүний утга учрыг мэдэх нь хэд байгаа бол ? Яагаад бүхний дээр оршдог юм болоо ?
Нар Сарны  дор амьдран оршиж байгаа тул орой дээр байхад эргэлзэж тээнгэлзээд байх хэрэг нээх байхгүй биз.
Харин гал яахаараа нар сарныхаа дээр байдаг билээ? гэсэн асуулт бол байж болох л асуулт . Энэ асуултын хариултыг олох гээд үзье л дээ.
Гал бол хүн бүлийн хамтран амьдрахуйн анхны эв нэгдлийг илэрхийлэгч гэж үзвэл Төр гэдэг угаасаа гал бүлүүдийн буюу гэр бүл тэлэн томорсоор төр улс гэсэн өргөн утгыг агуулах болсонтой холбоотой ойлголт болоод явчихна.
Ингээд галыг гэр бүлтэй холбож бодох юм бол эртнээс галын ёс заншилтай Монгол түмэн гэр бүлийн нандин харилцааг эрхэмлэж алдаа оноондоо ухаажин, үргэлжид дэвшин явахын гол сэтгэхүйг хөглөсөн байх нь.
Анзаарсан бол гал  3 дөлтэй  байдгийг  нь язгуурын амь үүтгэл Гал - Тэнгэр чанар, Оршихуйн дээд тэтгэгч Гал -Нар, итгэл сэтгэлийн Гал- Зүрхний нар нэгдэж чадсан цагт сая Монгол түмэн Мөнх Гал болон мандан бадрахыг билэгдсэн байж болох юм . Энэ бүхнээс дүгнээд бодвол гал бол нэгдэн нийлсэн ард түмний хамтран хариуцахын дээд ухамсар,  түүнтэй холбоотой ёс заншлын дээд илэрхийлэл болон мандан бадрахын билэгдэл болон төрийн сүлдний дээр орших болжээ гэж тайлж ухаж болох л юм.
Галын тахилга галын үйл бол гал голомтын ноён нурууг өргөж, сүнс сүлдийг тэтгэж, нэгэн хариуцах толгойн сэтгэл зүйн төв байдлыг олгон хамааруулах үйл гэж Өрөг цадиг тамга сударт өгүүлсэн байдаг ба үүнийг өнөө нэг толгойтой олон сүүлтэй могойгоор төсөөлж болох юм. Харин  тэр тэтгэгддэг сүнс сүлд гэдэг нь юу юм бэ ? гэсэн зүй ёсны асуулт гарч ирнээ дээ. Сүнсийг би өвгүдийн буулгасан судар номноос  амийг тэтгэгч эрчим бөгөөд мэдээлэлийг хадгалагч  хэмээн ухдаг  ба хир сайн муу мэдээлэл хадгалж байгаагаасаа  хамаарч сүнсний мөн чанар тодорхойлогддог байх .  Сайнаас нь үлгэрлэл авч, саараас нь сургамж авах нь сүнстэй харилцагч нарын төлөвшлөөс  тэтгэгдэх мөн чанар нь  хамаарах болов уу. Харин сүлдний тайлбарыг олох гэж судрын хуудсыг эргүүлж суугаад Үнэний онол нь сүлд буюу харилцаа болдог гэсэн хэсгийг олж уншсан бөгөөд нийтдээ харицахыг сүлд гэдэг юм гэжээ.
Хүн өөрөө өөртэйгөө харилцдаг, өрөөлтэй харилцдаг, бусадтай харилцдаг. Үүнээс өрөөл гэдгийг  өөрийн орны хүн , бусад гэдгийг харь орны хүн гэж ойлговол " Сүлд " онолоор бусад буюу харь оронтой харилцаж, "Тархин онол"-оор нийт дундаа харилцаж, харин өөрөө бол "Чин онол"  - оор гэгээрч явах ёстой юм. Их засгийн онол ийм 3 чигт бодлоготой юм бол 3 дөлт галт засаг гэж төрийн найман цахаа дээр өгүүлсэнийг төрийн сүлдэн дэх галын учиг гүн болж таарч байна.  
Өв Гүн сүлд гэж яагаад нийтлэлээ нэрлэсэн юм болоо гэж олон хүн бодож магад. Энэ сэдвийг ухсаар байгаад Өв бүхэн маань ийм л Гүн ухааны онолтой юмаа  гэсэн тайлбарт хүрж болох юм .  Төрийн минь сүлд хийморь мандан бадрах болтугай .