Tuesday, April 10, 2018

Хүүхэд хүмүүжүүлэх арга

Үр хэмээгч нь цагаан болоод улаан эс нэгдэж, алтан эсээр амилж, сүүн эсээр хүчижсэн дөрвөн эсэн нэгдэл, гурван бодгалын хүч оюун ухаант өөрийн хэвлээгээс бултас хийж гарч өрөөлийн хэмээр дэмнэгдэж, өөрийгөө улбаалагчийг хэлдэг.  Өөрөөр хэлбэл , өөрөөс чинь төрөх хүмүнийг хэлнэ гэж Хатан судар дээр бичсэн байдаг.
Нэгэн удаа бууЭрЭлийн маань буултыг тоссон зайрангаас  :
Үр гээчийн учгийг үрсүүдэд нэг айлдаадах даа
Юуны учиг үрс минь гээд байгаа билээ?
Өвгүд бидний үйлийг түүчээлж
Өнө мөнхийг залгамжлах биш үү
Үүний тулд бид араа үрээрээ бөхөлдөг юм да
Иймийн учиг үрс минь гэж өр зүрхнээсээ үнэн учгийг таниулах гээд байна даа.
Үр чиний үр хэн билээ?
Зайран залуу : ( хүүгийнхээ нэрийг айлдав)
БууЭрЭл : Тэгвэл үрдээ үлдээх мөр чинь хир гүн билээ?
Үрийн чинь үр энэ үрийн үр гүн мөрөөр чинь мөшгөнө дөө
Түмэнтэй жилийн үрийг
Түмэнтэй жилийн мөрийг мөшгиж яваа улаач биз дээ үр минь
Мөшгөсөн ч бас мөрөө ардаа бас үлдээдэг юм даа.
Үр чинь тэр мөрөөр чинь мөшгөнө дөө гэж айлдаж билээ. 

Тэгэхээр үр хэмээгч нь Огоуул Хаймиш хатны айлдснаар эцэг эх гарвалуудынхаа амин мөн чанарыг ирээдүй хойчийнхоо хувь заяатай холбогч болох нь дээ.

1. Улаан эс гэж эхийн эсийг хэлнэ. Өндгөн эс
2. Цагаан эс буюу үр эс, эцгийн эс
3. Сүүн эс буюу сүнс. Сүүн эс байхад дээрхи 2 эс амилдаг
4. Алтан эс бол үржихүйн эс, шимт мандал. Алтан сав хэвлий. Өөрөөр хэлбэл улаан, цагаан, сүүн эс хэмээх 3 эс нь хүмүн болж, нэг эс нь буюу алтан эс нь тэр 3 ыг сүлэлдүүлэн байж үр бий болж төрөх ёстой.

Тэгвэл Монгол хүмүүний алтан эс бол Монгол хэмээх улс байдаг бол хүмүүн төрөлхтөний алтан эс бол эх дэлхий. Чухам ингэж тунгаах олон хүмүүс байгаа бол өөрийнхөө үрийг байгал дэлхийн үрд дүйцүүлэн сургах нь эцэг эх бидний үүрэг гэдгийг ухамсарлан  энэ ухаанд тулган эх үрэн зургаан зүйлийн амин чанарыг таниулж түүнд таарах 6 зүйлийн соён сургах аргыг өвлүүлэн үлдээснийг судлууштай санагдах боллоо. Үүнд 

1. Нартын цагт 
Өөрийн биеэр үлгэрлэн сургах арга
2. Сартын цагт
Өгүүлэн сургах үлгэр домгийн арга
3. Сүүн сэтгэлд
Ухуулан жишиглэн сургах арга
4.Сайн муу , амьдын цагт
Залбирал бишрэлээр шүншиглэх арга ( Биднийг хууччуул муу ёр гээд л сургадаг байсан даа)
5. Амьтан мөн чанарт
Давтуулан, даган үйлдүүлж сургах арга
6. Хүмүн мөн чанарт 
Бясалган таниулж, ухамсарлуулах арга


БууЭрЭл маань Ээж хайрханы бэлд хүүхэд хүмүнжүүлэх эм хүмүүний үүргийг  :

Хорвоо дэлхийн үүслээс нь
Хонгор үрсдээ таниулнам
Арван сар тээх амин сүнсний учгийг
Алаг дэлхийн үйлстэй нь холбон
Хатуу бэрхээс түүртэлгүй
Харуулан үзүүлж таниулж
Хорвоо дэлхийн уужмыг
Хос баганат гэртээ
Үйлдүүлж, үлгэрлэж, уламжлуулж
Мэдрүүлж, ойлгуулж, мэдүүлнэм гэж билээ





Thursday, March 29, 2018

ЧИН СЭТГЭЛ

Хүн сэтгэлийн амьтан гэж хэлэлцэхийг сонсож л байсан байх. Махан бие, сэтгэл бие, сүнсэн бие гэж 3 бие байдаг гэж өвөг дээдсийн буулгасан судраас уншаад махан бие, сүнсэн бие 2ийн нөлөөлөлөөр сэтгэл бие гээч оршоод байна уу гэж бодлоо.  Махан бие өвдөхөд сэтгэл бие бас л шаналан өвдөж эхэлдэг бололтой. Өвчтэй хүмүүс эмзэг гомдомхой тунимхай ууртай байдаг тийм ч учраас бусдаас анхаарал халамжийг хүсэж байдаг биз. Чухам энэ үед л чин сэтгэлтэй хүмүүсийн дэм тусламжаар сэтгэл бие засагдаж эдгэрэх итгэлийг олж авч сүнсэн биедээ нөлөөлөн өөрийн эрчимээ нэмэгдүүлдэг байх л даа. Бас нэг арга нь бөөгийн аргаар шууд сүнсэн биед нөлөөлөн сүнсэн биений эрчмийг цэвэрлэж ,нэмэгдүүлдэг байж болох ч бас энэ үйл нь тухайн хүний итгэл сэтгэлээс нэлээн хамааралтай байгаад байх шиг. Тэгэхээр сэтгэл бие махан бие сүнсэн биений заслыг тус тусад нь авч үзэх нь утгагүй юм шиг. Энэ тохиолдолд сэтгэл биеийн нөлөөлөл сүнсэн болон махан биед хэрхэн нөлөөлж байгаа хамаарлыг судлаад үзмээр ч юм шиг. Эмнэлэг болон сэтгэл зүйн практикт өвчтөний сэтгэл  зүй хэдий чинээ өөдрөг байхаас эмчилгээний үр дүн төдий чинээ сайн байх нь бараг л батлагдсан зүйл.  Энэ бол зөвхөн өвчтэй хүн дээрээс олж харагдах энгийн жишээ л дээ. Амьдрал дээр өөр маш олон жишээнүүд байдаг шүү дээ.  Сүүлийн үед хүн бүр л уур бухимдалтай, төр засагтаа итгэл алдарч буруутгах нь ихэсч байгаа ч гэсэн сайн сайхан бүхнийг хөхүүлэн дэмжиж өөдрөг бүхний төлөө тэмүүлэх тэмүүлэлээ хурцлан өөр өөрсдийн чадах бүхнээрээ үлгэрлэж эхлэвэл бусдынхаа сэтгэл биед ч нөлөөлөх бизээ.

Tuesday, March 20, 2018

2-22

Хүндэтгэл хайрын орон зайг
Хүлээн зөвшөөрч чадваас
Хүрэх алсын замаа дөтлөх
Хөтөл замыг олох адил
       Алдар хүндийн оргилд мацаад
       Араас нэхэх нэхлээ даалгүй
       Ардын итгэлийг дэмий мохоон
       Ацан замд хөтлөх шиг
Хүмүүн заяаны төвөг олширч
Хохирол юугаа даалгүй
Өөрийн өөдгүйн боол болж
Өрц сүвээгээ хатгах адил
         Чин үнэн байсаар байтал
         Чимх чимхээр мэдэрсээр байтал
         Алтан наран цацрагаа түгээж
         Алдаа оноог дэнсэлсээр байтал
Өнөд алдсан алдааг минь
Өтөл насандаа олсон ч гэсэн
Үнэний мөрийг бат атгаж
Үзэсгэлэн төгсийг бүтээх буй заа
      Хан тэнгэрийн сургаал юуг
      Хайхарч ойлгохгүй явах аваас
      Ар нь утаа мэт замхарч
     Алтан хэлхээ тасрах бус уу

Тэнгэрийн дуулал

Оройн дээд эцэг мину
Орчлон ертөнцийн үүсгэл мину
Амьдран оршихуйн эзэн мину
Алагхан дэлхийн голт мину
Эртний дээд ээжийн
Элгэн тэнгэр мину
Ижил олны заяаг тэтгэгч
Илчит тэнгэр мину
Ариун бүхнийг дээдлэгч
Алдар нэрийн эзэн тэнгэр
Аврал хайраар тэтгэгч
Асралт их тэнгэр мину
Чин үнэний замыг ологч
Чигч ухааны эзэн мину
Чиний миний хайрыг тэтгэгч
Цэгц шударгын эзэн мину
Хүмүүн заяаны эзэн тэнгэр
Хөөрөл баяслыг түгээгч тэнгэр
Гал голомтыг сахигч тэнгэр
Газрын хүчийг тогтоогч тэнгэр
Хишиг буяныг дэлгэрүүлэгч тэнгэр
Ерөөл магтаалын уухай тэнгэр
Есөн хүслийн эзэн тэнгэр
Ёрын муугаас хамгаалагч тэнгэр
Ёс бустаас өмгөөлөгч тэнгэр
Эрүүл мэндийн эрхэм тэнгэр
Эзэн богдын  асрагч тэнгэр
Зальхай бүхнийг шүүгч тэнгэр
Задын хүчийг эзэмшигч тэнгэр
Хээрийн салхины эзэн тэнгэр
Хар бүгдийг хаагч тэнгэр
Хальсан бүгдийг одуулагч тэнгэр
Хүсэл хяслыг дэмнэгч тэнгэр
Хүүний орчлоор хэсэгч тэнгэр
Мөнхийн босоо орших тэнгэр
Мөнгөн сарны эзэн тэнгэр
Ав эв овын тэнгэр
Азын гүйдлийн эзэн тэнгэр
Ивээл хайрыг түгээгч тэнгэр
Энх тунхын эзэн тэнгэр
Элбэрэл энэрэлийн дээд мину
Эрхэс гаригсын эзэн тэнгэр
Зүүд нойрны хийсвэр эзэн
Зөн билгийн мэргэн дээдЭс минь
Үнэн зүрхний тольт минь
Үзэмж төгөлдөрийн эзэн минь
Үлэмж төгсийг урлагч мину
Сүр их ухаанаараа
Суу залийг сүлэгч эзэн
Сүүмгэр тэнгэрийн хаяанд оддогч
Сүүн далайн эзэн тэнгэр
Найман оюуны эзэн ээжүүд
Номт мэргэн сургаалаар шүүж
Наран гийх зүг бүртээ
Най тухыг олон суухуйд
Түвшин сайхан нь цогцлон бүрдэж
Тусгаар таван тогтнол нь
Төгс төгөлдөрийг бүтээнэ буй за
Түмний үйлсэд тусна буй за



Monday, March 19, 2018

2-15

Хүчит хар шуурга
Хүрээ юугаа тэлэн
Хүмүүний сэтгэлд бугших
Хүсэл хяслыг өдөөн
Эргэн харах мөргүй
Ээж аавын сэтгэлгүй бол
Эрчимнэн босох салхины шивнээ
Эрээлэн урсах голын урсгалд
Элдэв муугаа таягдан хаяж
Энэ биеэ хөглөн урсаж
Ирэх цагийн аясыг олном
Бардам онгироо зангаар
Бааш юуг гарган
Алхах хөлөө тушин
Алдаа бүхнээ дэвэргэн
Олны өмнөөс цэцэрхэн
Олох гээхийн ухаанд төөрч
Олз юуг олж чадамгүй
Орчлонгийн үнэнийг ухаж дийлэмгүй
Оюун бодлоо мухарт хөөн
Ойчих газраа хаягдаж үлдэнэ
Эрс тэс хатуу аргаар
Эвлэлдэн нэгдэх зөөлөн аргаар
Хамтран хариуцахын ухааныг олон
Олзын үүдийг нээнэм зээ

Ул Суурь-Гүн ухаан

Аливаа зүйлийг ул суурьтай бодож бай гээд л ээж аав маань ч эмээ өвөө маань ч хэлж сургадаг шүү дээ. Тэгвэл тэр ул суурь нь юу юм бэ? Өвгүд ч бидэнд хэлэхдээ та нар зөвхөн сууриа л тавих үйлэнд зүтгэж байна гэдэг. Яаруу сэтгэлт бид чинь юу юугүй л бүхэл бүтэн цогцыг бүтээчихмээр ч юм шиг сэтгэл маань оволзож суудаг даа. Оволзсон их сэтгэл заримдаа тээр болох ч үе байдаг. Харин тэр яарсан оволзсон сэтгэлийн суурь хир бат бөх болоо? Яарвал даарна гэдэг үг ч бас л тэр хэврэг суурьтай холбоотой хээр хонохыг хэлээд байна уу? Ул суурьтай гэхээр үндэстэй үндэслэлтэй байхад суралцах юм болов уу? Аль болох бага алдаж их зүйлийг бүтээхийг хэлээд байна уу? Долоо хэмжиж нэг огтлохыг хэлээд байна уу? 
Гэтэл саяхан " Засаглахуйн засал" судрыг нээж үзээд доорхи гарчгийг уншлаа . Өнөө ул суурь гэдэг зүйлийг бичжээ.
НҮҮДЭЛЧИН ТҮМНИЙ ЗАСАГТЫН СУУРЬ ТАВАН ГҮН УХААН :
1.Үндэсний үзлийн гүн ухаан
2.Соёлын гүн ухаан
3. Бүтээмжийн гүн ухаан
4. Хүслийн гүн ухаан
5. Ний зохицлын гүн ухаан
Гүн ухаан бол ерөөсөө л зарчим.  Тухайн зүйлийн анхны зөв сэтгэл зүй хэрхэн гарч ирж байна гэдэг зүй тогтол гэнээ.
Тэгэхээр ул суурьтай бодож бай гэдэг үгийг эдгээр 5 гүн ухааны зарчмыг бидэнд ухааруулах гээд байгаа юм байна гэж ухлаа.
Яг тэрийг хэлнэ гэхийн оронд тиймэрхүү зүйлийг хэлнэ гэж ерөнхийлэх бөгөөд энэхүү гүн ухаанаас төрөх бодлого хэлбэршиж, хэмжигдэхүйц болсноор засаг болж хувирна гэж бичжээ.
Үндэсний үзэл дээр хүн нийхэмийн бүрдэл болж дийлэнхийн оюун санаа гарч ирэх тухай тайлбарласан. Соёлжилт гэдэг нь урт хугацааны орон зайд шалгарах хүний зан байдлаас, оюун дүгнэлтээс гарч хэвшмэл дадал болдог тухай ярьсан. Хүн өөрөө ашиглагч бөгөөд ашиглагдагч буюу байгаль ертөнцийг тусад нь авч үзээд ахуйн нөөц гэж үзээд энэ нөөцөө хамгаалах үүргээ хэрэглэх эрхэд шилжүүлэхийн тулд бүтээмжийн гүн ухаан гарч ирсэн тухай бичсэн. Харин бүтээмжгүй байж хэрэглэгч учгаас хүсэлтэй гэж үзээд хүслийн гүн ухааны тодорхойлолтыг 9 чигчид авч үзэн цаашид хүн дангаар буюу гагцаар оршин боломжгүй тул ний зохицолын буюу нийхмийн харилцааны мөн чанарын гүн ухааны утгыг тайлбарлаад энэ бүхнийг суурь болгон Засагийг бий болгож байсан туршлагаа бичсэн байна . 

 Отгонбаяр докторын Гээгдсэн түүх подкастаар "Их Монголын  гүрний номлол" гэсэн сэдвээр ярьсан яриаг сонслоо. Яг цэгцтэй энэ талаар яригдаагүй боловч Их Монголын гүрэн хэмээгдэн 100 гаран жил эзэнт гүрнийг тогтоож байсан гүн ухааны суурь байсан гэдэг нь тодорхой гээд дэлхийн түүхэн дэх томоохон эзэнт гүрнүүдийн талаар харьцуулан ярьсныг сонсоод "Засаглахуйн засал " судрыг дэлгэрүүлэн унших юм бол маш сайхан цэгцтэй ойлголттой болохыг ойлголоо. Үүнийг судалсан томоохон судалгааны ажлуудыг бичгийн эх сурвалжуудыг ашиглан хийвэл докторын сайхан сэдэв болно хэмээн эрдэмтэн судлаачдыг уриалсан яриа болсон.
Улс төрийн зохион байгуулалт түүний засаглалын үйл ажиллагааг цэгцлэхийн тулд төрт улс бүхэн өөрийн гүн ухаан, хүчин чармайлт гаргаж ерөнхий зүй тогтлыг олохыг хичээсэн. Үүний нэгэн адилаар нүүдэлчдийн  анхны төр Хүн гүрэнтэн өөрийн улсын бодлогын анх аравтын зохион байгуулалтаар цэгцлэх оролдлого хийсэн юм. Энэхүү зохион байгуулалт , цэгцийн хүрээнд гүрний түвшинд мандаж , төрийн анхны бодлого суурьтууд үүсэж байсанд ололт амжилт, алдаа оноо байснаас дараа дараагийн төртүүд алдааг засаж оноог улбаалсны хүрээнд " "Арван түгээмэл"-ийн гүн ухаан хөгжсөн байдаг.
Арван түгээмлийн гүн ухаанд өгүүлэхдээ 
" Их засаг нь үндэсний үзлээр бий болж
Их засгаа Хамтын Хариуцлагаар үүрэн хүлээж
Хүсэл мөрөөдлөө Ухаанаар тэмтэрч
Эзэн эрхээ Оюунлагаар үүрэгжүүлж
Бүтээврийг бий болгож
Хүнсийг гол болгож
Эв гэриэг барьцалдуулан
Соёл зөнгөөр нийхэмийн хүч хийж
Үнэнээр цаазалсуу" гэх гүн ухаан төрсөн болно


   

Tuesday, February 13, 2018

Зөнгийн талаарх эргэцүүлэл

Зөн гэж ер нь яг юуг хэлээд байгаа юм бэ? Тэр хүн  их зөнтэй шүү гээд л хүмүүс ярьдаг даа. Ажаад байхад болох гэж байгаа зүйлийг урьдчилан мэдээд хэлээд байгаа хүмүүсийг хэлээд байх шиг. Алтан судар дээр 7 дээд эцгийн зөн, 12 дээд эцгийн зөн гээд л бичсэн байдаг. Гэвч өвгүдийн тайлбарласнаар зөн гэдэг ирээдүйг урьдчилан харахыг хэлэх төдий биш бололтой. Тэдний тайлбарласнаар зөн гэдэг үйлдэлтэй холбогддог бөгөөд өнөөдөр эхэлсэн зүйл маргааш яаж төгсөхийг хэлж чадах нь зөн юм байна. Өөрөөр хэлбэл аливаа зүйлийг үйлдэх үйлийн үр дүн ямар байхыг тооцоолж чадах мэдлэгийн цулдал ч гэмээр юм уу даа. Чухам тиймдээ ч өөрийн 7 дээд өвүгийнхээ эрдэм чадалд суралцаж өөрийн удмын заяаг тэгшитгэх үйлдлийн үр дүнг тооцоолсноор ирээдүйд гарах үр дүнтэй нь өнөөдрийн үйлдэлээ холбож чадах чадварт суралцах болж таарав уу даа . Зөнч болтол ч өдий байнаа даа. За яахав хор хохирлыг бол гараад байгаа  болохоор нь ингэж болохгүй нь энэ чигээрээ явбал ёстой болохгүй нь гээд нохой хамартаа хүрэхээр усч гэдгийн адил  ойлгоод байгаа хирнээ л  засах залруулах үйлдэл хийж жаяг ёсыг сэргээхгүй байгаад байгаа. Жишээ нь Улаанбаатар хотын агаарын бохирдолын асуудал дээр өвөл болонгуут утаандаа хордоод ирэхээр өөрийн эрхгүй энэ асуудлаа яриж эхэлдэг боловч үр хүүхдүүд болон иргэдийн эрүүл мэндэд гарч болох үр дүнгийн талаар тооцон үзсэн эмч эрдэмтэдийн тооцоололтой холбож үйлдэлээ хийж жаяг ёсоо тогтоогоогүй л байна. Харин аливаа хор хохирол нь илрээгүй үед эрдэм мэдлэгээрээ түүнийг урьдчилан харж үр дүнгий нь тооцох эрдэмтэн мэргэдээ тоохоо болиж төр засгийн бодлогоо боловсруулж чадахгүй байгаа одооны бид өвгүдийн хэдэн түмэн жил суралцаж туулж мэдсэн мэдлэг түүнд түшиглэн боловсруулсан онолыг ашиглан  байж, тэдний бий болгосон зөнд суралцан байж  өөрсдийнхөө хийж бүтээх зүйлийнхээ үр дүнтэй нь холбон хор хохиролтой юу үгүй юу гэдгийг хэмжих хэмжээсийг ухан хийхэд суралцахаас өөр зам байгаа гэж үү. Энэ асуудал зөвхөн бидэнд ч биш дэлхий даяар  тулгарч буй. Зарим улс орнууд дэлхийн дулаарал болж байгаа асуудалд онцгой анхаарч түүнээс гарч болох хор хохирлыг тооцож улс орныхоо цаашид баримтлах бодлогоо боловсруулж байдаг бол зарим нэг нь энэ асуудалд огт анхаарал хандуулахгүй байгаа нь ч байна.
Саяхан нэг гадны философич хүнтэй уулзаж ярилцах боломж таарсан юм. Тэр хүн одоогийн энэ мөнгө , эдийн засагт суурилсан олон улсын төрийн тогтолцоог хүн төрөлхтөний түүхийн туршид бий болгосон гүн ухааны онолуудыг харицуулан судалж  хөгжлийн энэхүү гацааны учир шалтгааныг олон хөгжлийн шинэ концеппци боловсруулсан талаар яриж байсан. Манайд Ч Эрдэнэ мэтийн олон эрдэмтэн мэргэд энэ талаар яриж хэлдэг боловч улс орныг толгойлж байгаа нам болон бүлэглэлүүд энэ тал дээр анхаарал хандуулах нь одоохондоо алга байх шиг байна даа. Гэвч энэ бүхнийг улс орны хэмжээнд ярихаас өмнө хүн бүр өөрсдийн зөн билгээ сэрээх эрдэм мэдлэгт дэм болох суу ухааны судар номнуудаа уншин тайлж үйлдэлтэйгээ холбох нь чухал гэдгийг дахин хэлмээр байна
Нэг талаас иймэрхүү төсөөлөл бий болгож болох юм. Гэтэл саяхан нэг эгч маань би их зөнтэй болчихоод байнаа. Аливаа зүйлийг би урьдчилаад мэдчихээд өөрийн мэдэлгүй л сонин сонин юм ярьчихаад харин тэр зүйл нь дараа нь биелэгдчихээд байх юмаа гэв. Тэгвэл энэ ямар зөн байж болох вэ? Ихэнх өндөр мэдрэмжтэй хүмүүсэд иймэрхүү зүйл тохиолддог шүү дээ. Ийм зүйлд юун тэр үйлдэлтэй холбох юун тэр мэдлэгийн цулдал энээ тэрээ байхав дээ  цэвэр далд гэх мэдрэмжийн тухай ч юм шиг. Тэгэхээр үүнийг юу гэж ойлгож болох болоо? Ингээд эхэлсэн хүмүүсийг бөө болох юм байна эсвэл ямар нэг гэгээнтэний хойд дүр бүүр төрмөл заяатай гэж үзээд байх шиг байгаа юм. Юутай ч үүнийг аргын талаас нь тайлбарлахад хэцүү юм даа. Тэгвэл зөн мэдрэмж орж ирж байнаа гэдэг нь цаанаасаа далд ухамсарт түүнийг хөгжүүлэх түүнтэй холбогдох холбоос буйг нь илэрхийлж байгаа байж болно. Харин тэр мэдээлэлийг мэдээлээд байна гэдэг нь хэрэв муу бол түүнийг засаж залруулах боломж байна шүү түүнээс урьдчилан сэргийлээрэй гэсэн дохио байж болно шүү дээ . Ингээд дахиад л өнөө үйлдэл мэдлэгтэй эргээд холбогдох нь дээ.