Tuesday, March 20, 2018

Тэнгэрийн дуулал

Оройн дээд эцэг мину
Орчлон ертөнцийн үүсгэл мину
Амьдран оршихуйн эзэн мину
Алагхан дэлхийн голт мину
Эртний дээд ээжийн
Элгэн тэнгэр мину
Ижил олны заяаг тэтгэгч
Илчит тэнгэр мину
Ариун бүхнийг дээдлэгч
Алдар нэрийн эзэн тэнгэр
Аврал хайраар тэтгэгч
Асралт их тэнгэр мину
Чин үнэний замыг ологч
Чигч ухааны эзэн мину
Чиний миний хайрыг тэтгэгч
Цэгц шударгын эзэн мину
Хүмүүн заяаны эзэн тэнгэр
Хөөрөл баяслыг түгээгч тэнгэр
Гал голомтыг сахигч тэнгэр
Газрын хүчийг тогтоогч тэнгэр
Хишиг буяныг дэлгэрүүлэгч тэнгэр
Ерөөл магтаалын уухай тэнгэр
Есөн хүслийн эзэн тэнгэр
Ёрын муугаас хамгаалагч тэнгэр
Ёс бустаас өмгөөлөгч тэнгэр
Эрүүл мэндийн эрхэм тэнгэр
Эзэн богдын  асрагч тэнгэр
Зальхай бүхнийг шүүгч тэнгэр
Задын хүчийг эзэмшигч тэнгэр
Хээрийн салхины эзэн тэнгэр
Хар бүгдийг хаагч тэнгэр
Хальсан бүгдийг одуулагч тэнгэр
Хүсэл хяслыг дэмнэгч тэнгэр
Хүүний орчлоор хэсэгч тэнгэр
Мөнхийн босоо орших тэнгэр
Мөнгөн сарны эзэн тэнгэр
Ав эв овын тэнгэр
Азын гүйдлийн эзэн тэнгэр
Ивээл хайрыг түгээгч тэнгэр
Энх тунхын эзэн тэнгэр
Элбэрэл энэрэлийн дээд мину
Эрхэс гаригсын эзэн тэнгэр
Зүүд нойрны хийсвэр эзэн
Зөн билгийн мэргэн дээдЭс минь
Үнэн зүрхний тольт минь
Үзэмж төгөлдөрийн эзэн минь
Үлэмж төгсийг урлагч мину
Сүр их ухаанаараа
Суу залийг сүлэгч эзэн
Сүүмгэр тэнгэрийн хаяанд оддогч
Сүүн далайн эзэн тэнгэр
Найман оюуны эзэн ээжүүд
Номт мэргэн сургаалаар шүүж
Наран гийх зүг бүртээ
Най тухыг олон суухуйд
Түвшин сайхан нь цогцлон бүрдэж
Тусгаар таван тогтнол нь
Төгс төгөлдөрийг бүтээнэ буй за
Түмний үйлсэд тусна буй за



Monday, March 19, 2018

2-15

Хүчит хар шуурга
Хүрээ юугаа тэлэн
Хүмүүний сэтгэлд бугших
Хүсэл хяслыг өдөөн
Эргэн харах мөргүй
Ээж аавын сэтгэлгүй бол
Эрчимнэн босох салхины шивнээ
Эрээлэн урсах голын урсгалд
Элдэв муугаа таягдан хаяж
Энэ биеэ хөглөн урсаж
Ирэх цагийн аясыг олном
Бардам онгироо зангаар
Бааш юуг гарган
Алхах хөлөө тушин
Алдаа бүхнээ дэвэргэн
Олны өмнөөс цэцэрхэн
Олох гээхийн ухаанд төөрч
Олз юуг олж чадамгүй
Орчлонгийн үнэнийг ухаж дийлэмгүй
Оюун бодлоо мухарт хөөн
Ойчих газраа хаягдаж үлдэнэ
Эрс тэс хатуу аргаар
Эвлэлдэн нэгдэх зөөлөн аргаар
Хамтран хариуцахын ухааныг олон
Олзын үүдийг нээнэм зээ

Ул Суурь-Гүн ухаан

Аливаа зүйлийг ул суурьтай бодож бай гээд л ээж аав маань ч эмээ өвөө маань ч хэлж сургадаг шүү дээ. Тэгвэл тэр ул суурь нь юу юм бэ? Өвгүд ч бидэнд хэлэхдээ та нар зөвхөн сууриа л тавих үйлэнд зүтгэж байна гэдэг. Яаруу сэтгэлт бид чинь юу юугүй л бүхэл бүтэн цогцыг бүтээчихмээр ч юм шиг сэтгэл маань оволзож суудаг даа. Оволзсон их сэтгэл заримдаа тээр болох ч үе байдаг. Харин тэр яарсан оволзсон сэтгэлийн суурь хир бат бөх болоо? Яарвал даарна гэдэг үг ч бас л тэр хэврэг суурьтай холбоотой хээр хонохыг хэлээд байна уу? Ул суурьтай гэхээр үндэстэй үндэслэлтэй байхад суралцах юм болов уу? Аль болох бага алдаж их зүйлийг бүтээхийг хэлээд байна уу? Долоо хэмжиж нэг огтлохыг хэлээд байна уу? 
Гэтэл саяхан " Засаглахуйн засал" судрыг нээж үзээд доорхи гарчгийг уншлаа . Өнөө ул суурь гэдэг зүйлийг бичжээ.
НҮҮДЭЛЧИН ТҮМНИЙ ЗАСАГТЫН СУУРЬ ТАВАН ГҮН УХААН :
1.Үндэсний үзлийн гүн ухаан
2.Соёлын гүн ухаан
3. Бүтээмжийн гүн ухаан
4. Хүслийн гүн ухаан
5. Ний зохицлын гүн ухаан
Гүн ухаан бол ерөөсөө л зарчим.  Тухайн зүйлийн анхны зөв сэтгэл зүй хэрхэн гарч ирж байна гэдэг зүй тогтол гэнээ.
Тэгэхээр ул суурьтай бодож бай гэдэг үгийг эдгээр 5 гүн ухааны зарчмыг бидэнд ухааруулах гээд байгаа юм байна гэж ухлаа.
Яг тэрийг хэлнэ гэхийн оронд тиймэрхүү зүйлийг хэлнэ гэж ерөнхийлэх бөгөөд энэхүү гүн ухаанаас төрөх бодлого хэлбэршиж, хэмжигдэхүйц болсноор засаг болж хувирна гэж бичжээ.
Үндэсний үзэл дээр хүн нийхэмийн бүрдэл болж дийлэнхийн оюун санаа гарч ирэх тухай тайлбарласан. Соёлжилт гэдэг нь урт хугацааны орон зайд шалгарах хүний зан байдлаас, оюун дүгнэлтээс гарч хэвшмэл дадал болдог тухай ярьсан. Хүн өөрөө ашиглагч бөгөөд ашиглагдагч буюу байгаль ертөнцийг тусад нь авч үзээд ахуйн нөөц гэж үзээд энэ нөөцөө хамгаалах үүргээ хэрэглэх эрхэд шилжүүлэхийн тулд бүтээмжийн гүн ухаан гарч ирсэн тухай бичсэн. Харин бүтээмжгүй байж хэрэглэгч учгаас хүсэлтэй гэж үзээд хүслийн гүн ухааны тодорхойлолтыг 9 чигчид авч үзэн цаашид хүн дангаар буюу гагцаар оршин боломжгүй тул ний зохицолын буюу нийхмийн харилцааны мөн чанарын гүн ухааны утгыг тайлбарлаад энэ бүхнийг суурь болгон Засагийг бий болгож байсан туршлагаа бичсэн байна . 

 Отгонбаяр докторын Гээгдсэн түүх подкастаар "Их Монголын  гүрний номлол" гэсэн сэдвээр ярьсан яриаг сонслоо. Яг цэгцтэй энэ талаар яригдаагүй боловч Их Монголын гүрэн хэмээгдэн 100 гаран жил эзэнт гүрнийг тогтоож байсан гүн ухааны суурь байсан гэдэг нь тодорхой гээд дэлхийн түүхэн дэх томоохон эзэнт гүрнүүдийн талаар харьцуулан ярьсныг сонсоод "Засаглахуйн засал " судрыг дэлгэрүүлэн унших юм бол маш сайхан цэгцтэй ойлголттой болохыг ойлголоо. Үүнийг судалсан томоохон судалгааны ажлуудыг бичгийн эх сурвалжуудыг ашиглан хийвэл докторын сайхан сэдэв болно хэмээн эрдэмтэн судлаачдыг уриалсан яриа болсон.
Улс төрийн зохион байгуулалт түүний засаглалын үйл ажиллагааг цэгцлэхийн тулд төрт улс бүхэн өөрийн гүн ухаан, хүчин чармайлт гаргаж ерөнхий зүй тогтлыг олохыг хичээсэн. Үүний нэгэн адилаар нүүдэлчдийн  анхны төр Хүн гүрэнтэн өөрийн улсын бодлогын анх аравтын зохион байгуулалтаар цэгцлэх оролдлого хийсэн юм. Энэхүү зохион байгуулалт , цэгцийн хүрээнд гүрний түвшинд мандаж , төрийн анхны бодлого суурьтууд үүсэж байсанд ололт амжилт, алдаа оноо байснаас дараа дараагийн төртүүд алдааг засаж оноог улбаалсны хүрээнд " "Арван түгээмэл"-ийн гүн ухаан хөгжсөн байдаг.
Арван түгээмлийн гүн ухаанд өгүүлэхдээ 
" Их засаг нь үндэсний үзлээр бий болж
Их засгаа Хамтын Хариуцлагаар үүрэн хүлээж
Хүсэл мөрөөдлөө Ухаанаар тэмтэрч
Эзэн эрхээ Оюунлагаар үүрэгжүүлж
Бүтээврийг бий болгож
Хүнсийг гол болгож
Эв гэриэг барьцалдуулан
Соёл зөнгөөр нийхэмийн хүч хийж
Үнэнээр цаазалсуу" гэх гүн ухаан төрсөн болно


   

Tuesday, February 13, 2018

Зөнгийн талаарх эргэцүүлэл

Зөн гэж ер нь яг юуг хэлээд байгаа юм бэ? Тэр хүн  их зөнтэй шүү гээд л хүмүүс ярьдаг даа. Ажаад байхад болох гэж байгаа зүйлийг урьдчилан мэдээд хэлээд байгаа хүмүүсийг хэлээд байх шиг. Алтан судар дээр 7 дээд эцгийн зөн, 12 дээд эцгийн зөн гээд л бичсэн байдаг. Гэвч өвгүдийн тайлбарласнаар зөн гэдэг ирээдүйг урьдчилан харахыг хэлэх төдий биш бололтой. Тэдний тайлбарласнаар зөн гэдэг үйлдэлтэй холбогддог бөгөөд өнөөдөр эхэлсэн зүйл маргааш яаж төгсөхийг хэлж чадах нь зөн юм байна. Өөрөөр хэлбэл аливаа зүйлийг үйлдэх үйлийн үр дүн ямар байхыг тооцоолж чадах мэдлэгийн цулдал ч гэмээр юм уу даа. Чухам тиймдээ ч өөрийн 7 дээд өвүгийнхээ эрдэм чадалд суралцаж өөрийн удмын заяаг тэгшитгэх үйлдлийн үр дүнг тооцоолсноор ирээдүйд гарах үр дүнтэй нь өнөөдрийн үйлдэлээ холбож чадах чадварт суралцах болж таарав уу даа . Зөнч болтол ч өдий байнаа даа. За яахав хор хохирлыг бол гараад байгаа  болохоор нь ингэж болохгүй нь энэ чигээрээ явбал ёстой болохгүй нь гээд нохой хамартаа хүрэхээр усч гэдгийн адил  ойлгоод байгаа хирнээ л  засах залруулах үйлдэл хийж жаяг ёсыг сэргээхгүй байгаад байгаа. Жишээ нь Улаанбаатар хотын агаарын бохирдолын асуудал дээр өвөл болонгуут утаандаа хордоод ирэхээр өөрийн эрхгүй энэ асуудлаа яриж эхэлдэг боловч үр хүүхдүүд болон иргэдийн эрүүл мэндэд гарч болох үр дүнгийн талаар тооцон үзсэн эмч эрдэмтэдийн тооцоололтой холбож үйлдэлээ хийж жаяг ёсоо тогтоогоогүй л байна. Харин аливаа хор хохирол нь илрээгүй үед эрдэм мэдлэгээрээ түүнийг урьдчилан харж үр дүнгий нь тооцох эрдэмтэн мэргэдээ тоохоо болиж төр засгийн бодлогоо боловсруулж чадахгүй байгаа одооны бид өвгүдийн хэдэн түмэн жил суралцаж туулж мэдсэн мэдлэг түүнд түшиглэн боловсруулсан онолыг ашиглан  байж, тэдний бий болгосон зөнд суралцан байж  өөрсдийнхөө хийж бүтээх зүйлийнхээ үр дүнтэй нь холбон хор хохиролтой юу үгүй юу гэдгийг хэмжих хэмжээсийг ухан хийхэд суралцахаас өөр зам байгаа гэж үү. Энэ асуудал зөвхөн бидэнд ч биш дэлхий даяар  тулгарч буй. Зарим улс орнууд дэлхийн дулаарал болж байгаа асуудалд онцгой анхаарч түүнээс гарч болох хор хохирлыг тооцож улс орныхоо цаашид баримтлах бодлогоо боловсруулж байдаг бол зарим нэг нь энэ асуудалд огт анхаарал хандуулахгүй байгаа нь ч байна.
Саяхан нэг гадны философич хүнтэй уулзаж ярилцах боломж таарсан юм. Тэр хүн одоогийн энэ мөнгө , эдийн засагт суурилсан олон улсын төрийн тогтолцоог хүн төрөлхтөний түүхийн туршид бий болгосон гүн ухааны онолуудыг харицуулан судалж  хөгжлийн энэхүү гацааны учир шалтгааныг олон хөгжлийн шинэ концеппци боловсруулсан талаар яриж байсан. Манайд Ч Эрдэнэ мэтийн олон эрдэмтэн мэргэд энэ талаар яриж хэлдэг боловч улс орныг толгойлж байгаа нам болон бүлэглэлүүд энэ тал дээр анхаарал хандуулах нь одоохондоо алга байх шиг байна даа. Гэвч энэ бүхнийг улс орны хэмжээнд ярихаас өмнө хүн бүр өөрсдийн зөн билгээ сэрээх эрдэм мэдлэгт дэм болох суу ухааны судар номнуудаа уншин тайлж үйлдэлтэйгээ холбох нь чухал гэдгийг дахин хэлмээр байна
Нэг талаас иймэрхүү төсөөлөл бий болгож болох юм. Гэтэл саяхан нэг эгч маань би их зөнтэй болчихоод байнаа. Аливаа зүйлийг би урьдчилаад мэдчихээд өөрийн мэдэлгүй л сонин сонин юм ярьчихаад харин тэр зүйл нь дараа нь биелэгдчихээд байх юмаа гэв. Тэгвэл энэ ямар зөн байж болох вэ? Ихэнх өндөр мэдрэмжтэй хүмүүсэд иймэрхүү зүйл тохиолддог шүү дээ. Ийм зүйлд юун тэр үйлдэлтэй холбох юун тэр мэдлэгийн цулдал энээ тэрээ байхав дээ  цэвэр далд гэх мэдрэмжийн тухай ч юм шиг. Тэгэхээр үүнийг юу гэж ойлгож болох болоо? Ингээд эхэлсэн хүмүүсийг бөө болох юм байна эсвэл ямар нэг гэгээнтэний хойд дүр бүүр төрмөл заяатай гэж үзээд байх шиг байгаа юм. Юутай ч үүнийг аргын талаас нь тайлбарлахад хэцүү юм даа. Тэгвэл зөн мэдрэмж орж ирж байнаа гэдэг нь цаанаасаа далд ухамсарт түүнийг хөгжүүлэх түүнтэй холбогдох холбоос буйг нь илэрхийлж байгаа байж болно. Харин тэр мэдээлэлийг мэдээлээд байна гэдэг нь хэрэв муу бол түүнийг засаж залруулах боломж байна шүү түүнээс урьдчилан сэргийлээрэй гэсэн дохио байж болно шүү дээ . Ингээд дахиад л өнөө үйлдэл мэдлэгтэй эргээд холбогдох нь дээ.
 

Monday, January 29, 2018

Эргэцүүлэл

Их хаадын амин хэлхээ
Алтан ургийн хөвүүн байлаа гээд
Амиа бодож өөрийгөө асарч
Өрөвдүүлэхээс өөр эрдэм чадалгүй бол
Түүнийг хаанд залах хэрэг юу байна

Хаадын угсааных мөн байтал
Харцын мэт сэтгэхүйтэй бол
Түүнийг алтан хэлхээнд
Оруулах хэрэг юу байна?

Хаан байх харц байх юугаараа ялгаатайг орчин үеийн хүмүүс юу гэж ойлгодог болоо?  Хаан Эзэн Чингис хаанаар жишиглэн бодоход Эзэн хааны 1219 онд Чанчунь бомбыг урьсан захиандаа :
Тэнгэр бээр Дундад улсыг жигшин орхисон нь ихэмсэг бардам гоёмсог хээнцэр туйлдаа тулсны учир болай. Би бол умар газрын хээр талд сууж өчүүхэн ч шунахай ховдоггүй, харин даруу хялбарыг эрхэмлэн, элбэг тансагийг няцааж, арвич жирийн байдлыг дaгмуй. Би хэзээ ч нэг янзын хувцас, нэг төрлийн хоолтой байдаг бөгөөд үхэрчин, адуучин лугаа адил хувцаслаж ижил хоолломуй. Би ард иргэдийг нялх хүүхэд мэт энхрийлэн, эрдэмтэн мэргэдийг ах дүү шигээ тэтгэн дэмжмүй. Бид юу ч хийсэн санаа нэгтэй, харилцан бие биеийг өршөөн асрах сэтгэл түгээмэл бөлгөө. Би түмэн цэргийг сурган боловсруулахад биеэр бүхний өмнө яван зуун давхар дайсны жагсаалд учравч ар талд хоцрохыг бодолгүй явсаар долоон жилийн дотор эзэн хааны гүйцэтгэх их үйлийг бүтээж зургаан зүгийн дотроо агч улс орон бүгдийг нэгэн их гүрэнд багтаан нэгтгэв. Миний үйл явдалд эрдэм байснаар биш, Алтан улсын төр батгүй болсны учир Тэнгэрийн ивээл тэтгэлийг хүлээж эрхэм дээд сууринд хүрлээ. Өмнө зүгт Жао овгийн Сүн улстай хил залгаж, умараа Хуйхуй уйгур нарыг нийлүүлж авмагц дорно этгээдийн Ся овогтон, өрнө зүгийн харь аймгууд цөм биеэ боол шивэгчин хэмээх болов. Санавал манай Шаньюй нарын улсаас хойш мянган жил зуун үе өнгөрөхөд өөр ийм улс байсан удаагүй. Иймд миний тушаал их, үүрэг хүнд болсон учир би засаглалыг тэгшлэн үйлдэхдээ алив зүйлийг дутуудуулвай гэж аймуй..
 гэсэн байдаг нь чухамдаа Хаан хүний мөн чанарыг үнэн голоосоо жишиглэн бичсэн нь тэр олон хаад ноёдын урилганаас татгалзаж байсан Чанчунь бомбын сэтгэлийг хөгийг өөрийн эрхгүй татсан бизээ. Өвгүдийн сургаал номонд бичигдсэн айлтгалуудыг уншиж байхад хаан байна харц байна гэдэг хэдий хэмжээний эд баялаг, баян тансаг хэрэглээтэй, эрх мэдэлтэй  байгаагаар биш хичнээн олон ард олны амьдрал ахуйг өөд нь татаж , амьдран орших орчлыг нь хадгалан үлдээх замд чиглүүлснээр нь хэмжигддэг гэсэн санаа гарсан байдаг . ХААН хүний  21 шинж гэж АС дээр байдаг. Тэр бүхнийг дурьдах юм төрийн албанд зүтгэж байгаа сайд дарга нарт тавих ёс суртахууны хэмжээс болох биз. Өдий хэмжээнд өөрийн шунал хүслийг хязгаарлаж чадах хэмжээнд өөрийгөө засаж чадаагүй хүмүүн төрийг хэрхэн засах билээ.  Харцын сэтгэхүй гэдэг нь гагц өөрийн хар амийг бодох бусдын төлөө аливаа үйлийг хийх чадамжгүй байдлыг хэлэх бололтой. Хаан мэт эрх ямбыг эдлэж харц мэт сэтгэхүйтэй байдаг төрийн түшээдийг аран олон таниж эхлэж буй учир хоосон үгээр түмэн олныг хуурах хугацааг багасгаж монгол хүн бүр дор бүрнээ өөрөө өөрийгөө засан, өрх бүлээ өргөн төрийг түшилцэх мэргэн түшээдээ олох мэлмий сонор нь нээгдэх болтугай даа

Эх оронч гэж хэн юм бэ?

Уялга гэж юу юм бэ? гэх асуултанд "Хайр" гэж хариулах.  Алтан судрын уялга нь хүмүүний оюун бодлын орчлыг нэгэн чигт удирдан залах тэр л ухаан билээ гэж Хас төрийг бадраах сударт айлдсан байдаг. Тэгвэл тэр чиг нь энэ Хайр гээч нь байх нь  . Тэгэхээр нь хайрын судар хэмээгдэх хатдын судраа нээгээд 9 хайрын тухай гарчиглаад байгаа бүхнийгээ байлган байж хүслээ биелүүлэхийн тулд хүслийн зүй гээчээ олох нь өөрөө мэдвэл зохихуй юм байна. Энэ нь л тэгээд хайрын утга учир  бололтой.

Эцэг эхээ хайрлахыг ачлал гэмой
Үр хүүхдээ хайрлахыг энэрэл гэмой
Эр нөхрөө хайрлахыг дурлал гэмой
Эдийг хайрлахыг гамнах гэмой
Эх орноо хайрлахыг эзэн эрх гэмой
Байгалиа хайрлахыг үүрэг гэмой
Амь бүхнийг хайрлахыг төөрөг гэмой
Өөрөө өөрийгөө хайрлахыг оршихуй гэмой
Хий зүйл онгодыг хайрлахыг шүншиглэх гэмой

Нэг овооны хажууд бичсэн тайлбарыг уншсан маань санаанд бууж байхын

Орвоотой хоргүй барилдах нь орчлонгийн ЖАМ бөлгөө.
Жамыг танихуй дор ёс гүйцмой
Ёс гүйцэхүй  дор ТӨР бүтмой
Төр бүтэхүй  дор Тэнгэр буумой хэмээн бичсэн байсан юм

Үүнийг уншаад гүн санааг нь одоо хир л бодсоор л байна. ЧИН үнэнд ГИС таарах л гэдэг нь энэ бололтой.
Ууг нь би ахуйн тусгаар тогтнолын талаар бичих гэж энэ сэдвийг эхэлсэн юм л даа. Тэр дотроо 10 түгээмэл гэж юуг хэлээд байгаа юм бэ ? гэдэг дээр сэдвээ бичихээр бодож байсан боловч уялга гэдгийг ухахгүйгээр энэ бүхнийг эхэлж боломгүй санагдсан гэх үү дээ...
Тэгээд 10 түгээмэл гэж юу вэ гэдгийг АС-т юу гэж өгүүлсэн байдгийг бодоцгооё. Хатдын сударт бол бидний амьдралд тааралддаг 10 түгээмэл бэрхшээлийг даван гарах арга гэсэн байдгийг санахад илүүдэхгүй л дээ.

1. Үл өлсөн тэгш цадах - хүнс
2. Тэнгэрт мэндэлж , ертөнцөд бойжсон - иргүн
3. Нүүхүйгээс нэүрит сэрэхүйг олгосон - мал  (https://khdelger.blogspot.com/2014/10/)
4. Амин чанарын эх - газар
5. Ихийг багаар тэгшитгэх - хэм шүүс -
6. Нүүхүйг айдасгүй болгосон - айл
7. Хөх монголыг төрөөр бадраагч- нэүрит засаг
8. Хөг бүтээх үйлийн орон - гэр
9. Дутсныг илүүгээр нөхөх- сан
10. Хүчийг ухаанаар үржүүлэх - багаж

Хил хязгаарыг яаж манахаа тунхагласан бол дотроо хэрхэн түвшин сайхан, амар амгалан амьдрахыг " Ахуй" мэддэг юм хэмээн Аланхоо эх айлдсан байдаг.
Хүнс - иргүн - мал - газар - хэм шүүс - айл - нэүрит засаг - гэр - сан - багаж
Энэ бүхнийг хооронд уяж ухах юм бол хүн л юм чинь хүнслэх нь гарцаагүй . Харин үл өлсөн тэгш цадах хэмээн тодотгосон нь өнөө хайрын уялгаар зөвхөн өөрийн хар амиа бодох биш бусад ан амьтан, хүн бүртээ тэгш хүртээн тэнцвэрийг хадгалан, өөрийн биеийн эрүүлийг сахиж хүнслэх ухааны мэдвэл зохихуй болно. Үүнийг сургасан сайхан судар гарсан нь Домчийн судар билээ. Хүнсийг ойлгохын тулд сав шим ертөнцийн шимийг ойлгох хэрэгтэй. Энэ мэдвэл зохихуйд суралцан өөрийн биеийг эрүүл байлгаж , байгаа бүхнээ хайрлах ухааныг олж авсан хүн нь иргүн болон төлөвшихөд мал гэдэг зүйл зөв сэрэхүйг нь хөглөж өгдөг болохоор газар дэлхийтэйгээ хүйн холбоотойгоо мэдэрч түүнээсээ хөдөлмөрлөн байж шим хүртэж буй бүр нь хамтаар элдэв байгалийн болон бусад  бэрхшээлийг хамтран давж нэгдэн нийлж хүртсэн бүхнээсээ хэм шүүс төлж  төр засаг тогтон өсөн үржиж , айх аюулгүй амьдран суух орон гэрээ бэхлэн бие биеэндээ дэмтэй амьдрах арга ухаанаа хөглөж ур ухаанаа гарган , хөдөлмөрийг хөнгөвчлөх бүхнээ бүтээн оршдог байна.
Тэгэхээр 10 түгээмэл хэмээх нь хөх толботнуудын амьдран орших мэдвэл зохихуйг нэгтгэн уялгалсан бэрхшээлийг давах арга зам байх нь дээ. Энэ бүхнийг ухамсар болгож ахуйгаа төвхнүүлэх нь Эх орон , эх оронч хэмээх үзлийн гол амин чанар болох нь ээ 

Монгол түүхийн онгон түүхийн гялбаа сударт ӨгИЭЛүн эх " Аливаа зүйлийн оршин тогтнох хэмийг өгөгч гэсэн утгыг "Хайр" хэмээх үг илтгэнэ. Иймээс "Хайр" гэдгийг " Оршин тогтнохуйн хүчийг бэлэглэх ухаан гэж тодорхойлдог хэмээн  айлджээ.

Tuesday, December 19, 2017

Хувь хүний хөгжил

Орчин үеийн бизнесийн удирдлагын сургалтуудын хандлагууд хувь хүний хөгжил, харилцааны ур чадвар дээр тулгуурлан хөгжих болсныг анзаарсан биз. Байгууллагууд урд нь төгссөн сургуулийн диплом , сурсан гадаад хэлийг чухалчилдаг байсан бол одоо энэ бүхний хажуугаар хир зөв хүмүүжил төлөвшилтэй, хир бусадтай багаар ажиллах чадвартай юм, хир сурч боловсрох тэмүүлэлтэй юм бэ  гэдэгт илүү оноо өгөх болжээ. Хүний нөөцийн менежер найзтайгаа хөөрөлдөж байхад тэрээр ажлыг бол бид сургаад авчихаж болно гол нь тухай хүний хүмүүжил төлөвшил, сурч мэдэх гэсэн хүсэл эрмэлзлэл их чухал даа гэж  ярьж байсан юм. Өвгүдийн сургааль ч мөн хүмүүний хүсэл хэмээгч нь юу байдаг юм, түүн дээр түшиглэн хэрхэн зөв хүн болж төлөвших юм, хэрхэн эрүүл мэнддээ анхаарах ёстой юм , эрүүл байхын тулд ямар дадал хэвшилтэй болох ёстой юм, хэрхэн өөдрөг сайн сайхан тэмүүлсэн гэгээлэг сэтгэл санаатай байх юм гэдгээс авхуулаад хэрхэхийг зааж сургасан байдаг.
Хувь хүний хөгжилд хэрхэн өөртөө зөв дадал зуршлыг төлөвшүүлэх нь чухал байдаг бөгөөд үүнд Монгол домчийн судрууд дээр байдаг мэдлэгүүд  бидэнд их хэрэг болох болно.

Хүн төрөлхтөний хүсэл үндсэн 9 зүйлд багцлагддаг талаар бүгд уншицгаасан байх. Үүнд
1. Эд баялаг нь элбэг дэлбэг байхын хүсэл
2.  Энэхэн бие элгэн садан нь эрүүл саруул байхын хүслэн
3. Энгүй олонтойгоо эвтэй найртай харилцан ойлголцох хүсэл
4. Танин мэдэхүйд тэмүүлэх хүсэл
5. Хайрлан дурлаж хамтран амьдрахын хүсэл
6. Үр хүүхэдтэй болохын хүсэл
7. Эзэн эрхтэй болохын хүсэл
8.Амар амарлангуйн хүсэл
9. Мөнх оршихуйн  хүсэл

Эдгээр  хүслүүд нь өөрөө хувь хүний хөгжилд эрүүл мэндийн талаас нь зөв эрүүл хооллолт, зохист хүнс, зохист хөлдөлгөөн , зохист амралт зэрэг үзүүлэлтүүдээр хүмүүний махан бодийн төдийгүй сэтгэл биеийн  ажлын чадамжид нөлөөлдөг бол  харилцааны болон танин мэдэхүйн хүсэл нь карьераа өсгөх харилцааны ур чадвар, манлайлах ур чадвар, идэвхи санаачлагатай байдал, багаар ажиллах чадвар , ажлын зохион байгуулалт  зэрэг чадамжуудаа сайжруулахад түлхэц болдог ба өвгүдийн сургааль номнол болон Алтан сударт заасан 35 эрдмийг эзэмшснээр өөрийгөө хөгжүүлэх боломжуудыг бий болгодог байх юм. Хүний эдгээр хүслүүдийг зохицуулах эдгээр 35 эрдмийг хэрхэн эзэмшсэн  тухайгаа  МТТТ судрын 2-р бөлөгт өөрийн туулсан бүхнээрээ жишиглэн бичсэн Эзэн хааны туршлага орчин цагийн хэлбэрт оруулан ойлгох юм бол дээр дурьдсан ур чадваруудыг эзэмшихэд та бидэнд үнэт өв болох нь байна  шүү дээ. Харин энэ үнэт өвөө тосон авч,  хөх толбот хэмээх эх дэлхийн хүйн хамгаалагч байх том зорилготойгоо холбож чадах юм бол эх болсон газар шороо, байгаль дэлхийдээ хоргүйгээр зохицон амьдрах ухаанаар жигүүрлэх бизээ. МТТТ судар нийт 550 дэстэйгээр та бидний гар дээр ирсэн нь дэс болгон нь аливаа бүхний цаад  учиг шалтгаануудыг тодруулан жишиглэсэн түлхүүрүүд мэт бөгөөд тэрхүү түлхүүрүүдээр нээгдэх хаалганы цаана гарч чадах юм бол амьдралын мөн чанарыг ухан, хэзээ ч алдаж болохооргүй гол зүйлээ бат атгах бизээ. Өвөг дээдэс нь эрдмээ хурааж, үр хойчдоо өвлүүлэн үлдээдэг Алтан ураг гээч нь цусандаа биш УХААН-даа байдаг гэж Хас төрийг бадраах сударт өвгүд айлдсан байдгийг санаж хүн бүр өөрөө өөрсдийнхөө чадамжийг хөглөж ,  Хөх толбот хэмээх эх дэлхийн амийг сахигчийнхаа зорилго дор  нэгдэж чадах аваас шуналын хүслээ дарж , хийх үйлэндээ шамдан сэхээрэх биз ээ.