Monday, August 21, 2017

Ёс суртахуун

Ёс суртахуун
Хүч чадал
Гоо үзэсгэлэн
Эелдэг зан
Эрүүл мэнд
Эрдэм мэдлэг
Ур ухаан
Эдгээр нь бидний тэмүүлэх ёстой чигч мөн биз.
Эдгээр үгсийн хамгийн дээр нь ёс суртахуун гэсэн үгийг тавьсныг юу гэж бодож байна?
Ёс суртахуунгүй хүч чадал , ёс суртахуунгүй гоо үзэсгэлэн гээд төсөөлөөд үз дээ. Ёс суртахуун гэж ер нь юуг хэлээд байгаа юм болоо ? Аливаа зүйл хэм хэмжээтэй байхыг хэлээд байна уу? Харин энэ талаар МТТТ судрыг нээхэд доорхи зүйлийн тайлбар байх юм. х.1370
Дэг жаяг, хууль гэдэг чинь ёс суртахууны гэдэг зүйлд хамаарна. Энэ ёс суртахуун гэдэг нь хүмүүний хэм хэмжээнээс байж болох бүх бичигдээгүй хуульсийг, бичигдээгүй жаягийг, энэ зөв зүйтэй гэх бүхэн.
Ёс суртахуун нь монгол ухааны 9 жаягтай

1. Нэгийг аврахад нөгөөг нь бүү хохироо - тэнцэл
2. Хэрэглэсэн бол төл - тэнцвэр 
3. Арыг харж ачлалыг бүү түгээ - голч
4. Эхийг нь бүү бохирдуул, адгийг нь бүү хатаа - хязгаар буюу хэмжээс
5. Хэдий чинээ хүнд өгч чадна, төдий чинээ эзэрхэн ноёрхоно - жин
6. Өв мөр үр 3 ыг үлдээ - чанар
7. Аливаа зүйл хөгжилдөө, хөг ижилсэх утгатай байдаг - андын гэрээ
8. Мэддэгтээ эзэн болж, мэдэхгүйгээ 99 тэнгэрээс асуу- тогтворжуулалт
9 .Мон гол бай - төгс 

Тэмүүлэх чигчийн минь хэм хэмжээс ёс суртахууны 9 жаягт байж чадаж байж бидний монгол хэмээх үндэстэн оршин байгаагийн үр дүн болох бид байгаа бөгөөд энэ чанарыг алдагдуулах гэсэн гадныханы тархины угаалт бүрээс зөөлөн сэтгэл, дайчин чанараараа тэсэж гарсан  ёс заншлын хэлхээ өнөө ч бидний яс цусанд бат суусных биз. Харин бидний хариуцлага бас л энэ л ёс суртахууны жаягаа үр хүүхдүүддээ уламжлуулахад оршсоор ирсэн бололтой.
Үнэхээр л бид өршөөлийн хуулиар биш тэнцвэрийн хуулиар хатуу жаягт ард түмэн байсаар ирсэн өвгүдийн түүхийн мөн чанарыг ухахгүйгээр түүнийг үр хүүхдүүддээ уламжлуулахгүйгээр Монгол байх хэмээх төгсийг хэрхэн он цагийн уртад хадгалах билээ дээ.
Сэрэхүйгээр биш заншихуйгаар сэрж тохинуулсан гэх Алтан судрын үгсийн утга үүнээс ундрах биз ээ.

Monday, August 7, 2017

Тоо ба Чанар 2

Хүмүүн өв үр мөр 3 ыг үлдээ. Энэ бол чанар  гэж МТТТ (1371 х ) сударт өгүүлсэн байдаг.

ӨВ гэж юу юм болоо гээд цааш унштал өв үлдээхэд ерөнхийдөө 5 чигчтэй байдаг гээд :
1. Амь амьдрахуйн чигчийн өв - Тэнгэр газар уул усаа үлдээ
2. Соёлын чигчийн өв- Хэл соёл, дуу хуур, хувцас хунар, бүжиг наадам
3. Ахуйн чигчийн өв - Эд хөрөнгө, өргөө гэр , хотол олон, адуу мал
4. Эрхмийн өв - Соёл боловсрол , гүн ухаан, эрдэм мэдлэг , ном
5. Цусан өв - өөрийн мах яс, цус

Үр гэж юу юм болоо гэтэл 3 үрээ үлдээх хэрэгтэй гээд
1. Үр хүүхдийн үр - Өөрийн, нөхөрийнхөө, тэнгэрт нэг гээд хамгийн багадаа 3 хүүхэд үлдээх
2. Оршихуйн үр - байгал дэлхийд үртэй бүхэн.
3. Эрдмийн үр - шинэ шинэ юм ундран гарах их нээлтийг хийнэ гэдэг нь эрдмийн үр

Хүн амьдралдаа хүүхэдтэй болоод ядаж л  нэг мод тариад, нэг ном биччихвэл болоо доо гэсэн яриа ч бидний дунд байдаг нь зүгээр ч нэг хоосон яриа биш дэг шүү

Мөр гэж юу юм бэ гэхээр хөрстөд үлдээх ганц л мөр байна. Аливаа нэг зүйлд амжилт үлдээ л гэсэн үг гэнэ шүү дээ.

Эдгээр өв, мөр , үр гурвыг үлдээж чадахгүй бол үйлийн өртэй хэмээн үзэх нь дээ.
Ингээд бодохоор хорвоод Монгол хүн болж төрсөн бол өөрийн гэсэн ёс заншил, бидэнд хэмээн үлдээсэн уул ус газар шороо,  өвөг дээсийн минь бүтээсэн хайхам түүх  үүнийгээ үргэлжлүүлэн хүлээн аваад үр хүүхдүүддээ уламжлуулах залгамж гэдэг зүйлээр  чанар гээч зүйл тодорхойлогдоод л байна уу даа.
Тоо чанар гэдэг сэдвийг бичиж байхдаа чанарын талаар их л бодож байсан ийм учиртай байжээ. Тооцох ухааныг , үр дүнг хэмжих хэмжүүрийг чанар гэдэг бололтой гэж баримжаалж байсан маань нээх хол гажаагүй ч юм уу даа гэж өөртөө урам өгч сууна.

Гэвч бас нүүдэлчин соёлын хувьд бид өв гэдгийг юу гэж үзэж байсан юм  гэсэн өвгүдийн айлтгалыг уншиж байхдаа тогтоосон хэдэн үгсийг эргэцүүлэхэд өвгүдийн маань өвийг тэр болгон суурин соёлын хэмжүүрээр баталж болдоггүй бололтой шүү. Тийм ч учраас бид яс цусаа цэвэр авч үлдэх хатуу  бодлогоо алдалгүй ,  суурин соёлын хэмжүүрээс гадна орших тархинаас тархинд дамжуулах тийм өвөрмөц гэмээр өвтэй ард түмэн гэдгээрээ онцлог гэдгээ таних ёстой байж болох юм даа.

Friday, August 4, 2017

2-22

Хүндэтгэл хайрын орон зайг
Хүлээн зөвшөөрч чадваас
Хүрэх алсын замаа дөтлөх
Хөтөл замыг олох адил
Алдар хүндийн оргилд мацаад
Араас нэхэх нэхэлээ даалгүй
Ардын итгэлийг дэмий мохоон
Ацан замд хөтлөх шиг
Хүмүүн заяаны төвөг олширч
Хохирол юугаан даалгүй
Өөрийн өөдгүйн боол болж
Өрч сүвээгээ хатгах адил
Чин  үнэн байсаар байтал
Чимх чимхээр мэдэрсээр байтал
Алтан наран цацрагаа түгээж
Алдаа оноог дэнсэлсээр байтал
Өнөд алдсан алдаагаа
Өтөл насандаа олсон ч гэлээ
Үнэний мөрийг бат атгаж
Үзэсгэлэн төгсийг бүтээх буй заа
Хан тэнгэрийн сургаал юуг
Хайхарч ойлгохгүй явах аваас
Ар нь утаа мэт замхарч
Алтан хэлхээ тасрах бус уу

Thursday, August 3, 2017

Айлтгал

2016 оны сонгуулийн  дараа

Өргөн түмэн ардын сэтгэлийг татах ухаан гэдэг нь
Өршөөл энэрэлийн сэтгэлээс эхтэй
Ухаан мунхаг нүд сохорсон ч
Уламжлал гээчээ хүндэтгэдэг учигтай
Учгийн үзүүрээс чангаах ухаанаар
Ул сууриа бөхлөн байж
Аран олны сэтгэлийг нь гэрэлтүүлэх
Алтан гадас шиг чигийг заагч
Түмэн жилийн үйлийг тольдогч
Түйтгэр зовлонгийн эхийг ологч
Түмэн настангууд тань түүхээ өгүүлээд байгаа бус уу
Өгүүлэх түүхээс учиг зангидаж
Үнэн түүхийг худлаас ялгаж
Үзэмж төгөлдөр утгаар хөглөж
Өнө мөнхийн мөн чанарыг ухмой
Үүсгэлийг өөрчлөх шинэчлэл болгоноос
Үйлдлээр бултах арга замыг олж
Үнэнч сэтгэлийн ЧИН-д зохицож
Уринч асурийн ухаанаас суралцаж
Үрсийн ухааныг тэгшитгэвээс
Үнэний зам тодроод ирнэ
Өвгүд бид ажин сууна
Үйлдэл бүрээр чинь тооцон хүлээнэ
Хүлээх учгийг ухсан бол
Тов болзоондоо бүү хоцор

2016.06.30

Tuesday, August 1, 2017

Тунамал

Ойрд шинэ зүйл блогтоо оруулсангүй.
Явсан нохой яс зууна гэдэг шиг юутай ч явсан аян замын дундаас олсон олзоо хуваалцмаар ч юм уу. Эргэцүүлэл маань өвгүдийн сургаал ном сударт буусан бүхнээс амьдралтайгаа холбон олсон ухаарал дээрээ тусган бичихийг хичээдэг билээ.
Анх өвгүд минь буухад хамгийн анхны асуусан асуулт маань " Үнэн гэж юу вэ? " гэхэд " Дэм дэмэндээ дээс эрчиндээ" гэж хэлэхэд нь жигтэйхэн их гайхаж билээ. Дараа нь алтан судрыг унших гэж оролдож байгаад дахиад л энэ үгтэй тулгараад бас л гайхасхийгээд л өнгөрсөн боловч тунгааж сайн бодоогүй бололтой.
Хожим нь бусад бууЭрЭл-үүдийн буултан дээр хэлсэн ганц нэг үгсийг тэмдэглэж авснаас харахад үнэн гэдгийг өөрийнхөө өвүг дээдсүүдээс хай, үнэн тэндээс л ундардаг юм гэхэд энэ дэм дэмэндээ гэдэг үгний учиг улам бүр л дэлгэгдэхээр юм билээ.
МТТТ сударт " Монголын нууц товчоо"  ганц хүний түүх биш бултаараа нийлж, нэгдэж, бүлэглэж байж бүтээсэн нийхэм гэдгийг ойлгочихвол бидний Монголын Нууц Товчоонд хэлэх гээд байгаа зорилго биелчих юм гэж бичсэн байж билээ. Монголын нууц товчоо" г гаргахуйн зорилго, дэлгэх ёстой нууц, хүн ойлгох ёстой зүйл нь энэ юм. Хэрхэн яаж зангилагдаж, холбогдож, хэн нь яаж нэг нэгнийгээ нөхөж, ямар ямар асуудлыг яаж шийдэж, шийдвэрлэж байсан гэдгийг л гаргах нь чухал гэсэн байж билээ.
Ингээд бодохоор бид энэ олон отог омгийн өвгүдийн үр сад , ургийн хэлхээ болон өнөө цагт амьдарч байгаа болохоор өөр өөрсдийн өвгүдийн оршсон түүхийн үнэнээс л өөрийн отог омгийн онцлог ,ур дүй , мэргэшил, хэрхэн эмх цэгцэнд орж ,хэрхэн зангилагдаж байсан , юугаараа бусдаас илүү, юун дээр бусдаас дэм авдаг байсан туршлагаас суралцах  нь бидний үнэний хайлт маань юм байна.

Нээрээ эхлэхдээ явсан аян замын олзноос гэсэн боловч яг ямар олз олсон билээ гэх асуултанд юу гэж хариулах талаараа тунгаах хэрэг дахиад л гарлаа. Яагаад гэвэл МТТТ судар дээр бичснээр "  Чингис хаан гол нь биш НийХэмийг яаж зохион байгуулж, хэн юу хийж, нэг хүн ямар үүрэгтэй байж байснаараа Их Монгол улсыг байгуулсан бэ гэдэг гол цөм шүү дээ. Энэ бол амь нь байгаа юм " гэжээ.  Тэгэхээр өөрсдийнхөө үүргийг тодорхойлж улсдаа, айлдаа, өрхдөө ямар хэмтэйгээ мэдэж чадсан бид бол гол амь нь юм байна шүү дээ.  Харин мэдэхийн учиг байгал дэлхийтэйгээ хүйн холбоотой гэдгээр л дэлгэгдэх бизээ.

Тунамал хэмээх нууранд очиход өвгүдийн минь  энэхэн уул усны эздэд хадгалуулж үлдээсэн Эр Дэмийг тосох ухааны цараа хир байснаа эргэцүүлсээр л явна. Яагаад заавал уул усны эздэд хадгалуулдаг юм болоо гэж гайхахад минь уул ус бүхний онцлог бүрийг очиж үзэж мэдрэлгүйгээр таних билүү гэсэн бодол толгойд орж ирэв  дээ. Өвгүдийн ухааныг гүйцэх биш дээ.

Thursday, June 15, 2017

Эргэцүүлэл

Заримдаа надад ярих маань ихсээд хийж, оролдох нь багасаад байгаа юм шиг санагдах юм . Өөр дээрээ бодоход өдий болтол босгосон компани,  ажил маань хэдий байгаа ч гэсэн  нэгэн бизнесийн зөвлөх андынхаа лекцэд суугаад л бас л дахин эргэцүүлэх шаардлага гарч ирж байгааг анзаарлаа. Монголын компаниудын түүх Японы 1000 жилийн түүхтэй компанитай харьцуулахад хамаагүй залуу л даа . Харин яаж ийм түүхийг бүтээж чадав аа гэсэн асуултанд  Япончууд уламжлал ёс заншлаа өнөөг хүртэл хадгалж үе дамжуулан явсан гайхалтай түүхийг олж харах байх. Үнэхээр энэ компани Японы уламжлалт барилгыг үе дамжуулан одоо болтол тэр уламжлалыг хадгалан ирсэн байх юм. Тэгвэл одоогийн технологийн дэвшилтэт компаниудын түүх энэ компани шиг урт удаан үргэлжлэх болов уу? Тэрхүү технологийн түүх ийм их цаг хугацааны уртыг туулж чадах болов уу? Хэрэв туулж чадах бол яаж тэр урт удаан хугацааны шалгуур нь юу юм болоо? Бидний уламжлалт мал аж ахуй, бидний нүүдэлчин ахуй 1000 жилтэй харьцуулашгүй урт удаан хугацааны түүхтэй шүү дээ гээд хэлчихвэл яах бол? Дахиад л бодол боллоо. Үнэхээр цаг хугацааны 4 жилийн хэмжүүр,  60 жилийн хэмжүүр, 100 жилийн хэмжүүр, 1000 жилийн хэмжүүр гэж өөр байдаг бололтой. Зорилго зорилт зоригдол гээд л задраад байх юм болов уу? Тэгвэл 1000 жилийн хэмжүүрээр зорилгоо харж чадах юм бол зорилт зоригдол маань арай өөр байх болов уу? Японы тэр нэг компанийнхан үнэхээр 1000 жилийн цаадахыг харж байсан юм болов уу эсвэл зүгээр ёс заншил уламжлалаа хадгалсаар ирсэн нь ийм нэгэн гайхалтай түүхийг бүтээчихсэн юм болов уу?

Thursday, June 1, 2017

Сэтгэлийг номхруулж жолоодож чадахыг ухамсар гээд ойлгочихвол яах болоо ?

Түйтгэр зовлонгийн эх нь хүмүүний сэтгэл ажгуу. 
Сэтгэлээ таниж дийлсэн бол зовлонгийн шалтгааныг таниж дийлнэ. 
Шалтгааныг таниж мэдсэн бол түүнийг зохицуулах ухааныг олно. 
Огших их сэтгэл хөрөхдөө
Ондоо ондоо зовлонг үүсгэнэ
Ондоо ондоо байхын учиг
Оргилох эх булгаас хамаарна
Зүрх сэтгэл амар тайвныг олоогүй цагт
Зүйлийн цэцэгсийг ч гундуулан харж
Зөв буруугийн өтгөн мананд
Зүг чигээ алдах үе байдаг
Алдана гэдэг онохын эх
Анзаарч нэг тунгаахад л учиг байдаг
Тунаж үлдэх бүхэн чинь
Төгөлдөр их ухааны ундарга
Энэ л ундаргаас ухамсар дэлбээлж
Өр зүрхнээс энэрэл түгж
Өөдлөх амьдралын зам тодорч
Үйлдэл болох цаг тохионо


Өвгүдийн минь айлдсан эдгээр үгсийг ухан тунгаах тутам МТТТ судрын 550 дэстэй байгаагийн учгийн зангилаа тодрох мэт . Дэс бүрийн цаана учир нуугдах тэр учир шалтгааныг ухаж унших юмсан даа. МТТТ ын 1273 хуудас-д хүний авир 108 янзад байна, алдаа нь 550 шалтгаантай байна гэсэн байдаг ба 550 шалтгаан бүрийг засах биш 108 суурь үзлээ зохицуулж тэрийг давах жаягийг цогцлоогч нь Төр баригч болдог хэмээжээ. Үүнээс эргэцүүлэхэд үнэхээр л өөрийн эрхгүй л хэл амаа мэдэж эхлэж ,  бие биенийхээ дотоод мөн чанар, үгзүйгээр  харилцах ухаан ухаанд үгсэн нэгдэж, үйлийг хамжиж, үзэл бодлыг нэг чигт төвлөрүүлэхийг суралцаж байна
Яагаад бид муудалцаад байдаг юм болоо гэж бодсон чинь энэ бүхэн муудалцахаас эхэлдэг юм гээд биччихсэн байх юм.  Харыг таньж байж , цагааныг ялгаж авдаг юм. Иймээс үрс та нар үүнд бутарч сарних биш илүүтэй энэ хүн бие хүмүүн , нэгэн бодьгал, энэтэй үүгээр, энэ харилцаагаар би сүлэлдэн холбогдож нэг үйлийн, нэг аяын, нэг аяны, нэг шугмын хэлхээ болно гэдгээ ойлгох учигтай гээд айлдчихсан байх юмаа. 
Үүнийг ухамсарлах л гэж бид муудалцаж сайдалцан суралцацгаадаг бололтой шүү.