Sunday, January 3, 2016

Хүндлэл

Хүндлэл хэзээ бий болж, хүндлэл хэзээ үгүй болдог юм бол?
Ер нь хүндлэл гэж юуг хэлээд байна?
Надад ч биш надтай хамаатай хэн нэгэнтэй тохиолдсон явдал юм. Хүн ер нь амьдралыг өөрийн туулсан туулсан байдлаараа харж ойлгодог байх. Хэн нэгний туулаагүй зүйлийг заавал ч ойлгох нь алба биш л дээ. Хэн нэгний зүрх сэтгэлийн гүнийг мэдрэх ч бас алба биш . Гэхдээ хүний туулсан замаас авсан сургамж тэр хүний хувьд нэг үнэн байж болох ч бусад нэг нь тэр бүхнийг туулаагүй ч бусдын туршлагаар түүнийг үнэн гэж хүлээн зөвшөөрч чадах болов уу? Нэг танил маань амьдралын хатуу бэрхийг туулж явахдаа өнчин хэдэн дүү нараа мөнгөөр асран тэтгэж явсан боловч тэдгээр нь том болж бие даацгаасан хойноо таниар асран тэтгүүлж байсан даа харамсаж байна гэж хэлэх. Талархалгүй гэмээр энэ үйлдлийг хараад амьдралыг туулагч маань мөнгө бол хар мөртэй юм байна. Мөнгөөр тэтгэсэн маань эргээд энэ хүүхдүүдийг ингэж хэлүүлэхэд хүргэжээ гээд өөрийн дүгнэлтийг хийсэн байх . Харин нөхцөл байдал ухаан муутай дүү нарт уу, мөнгөөр тэтгэсэн эгчид үү , бүүр хар мөртэй мөнгөнд үү гэсэн асуултуудуудыг тодруулах л байх . Үүнийг хүн бүр л өөрсдийн туулсан туршлагаараа л ойлгож өөр өөрсдийн дүгнэлтийг хийнэ. Үүгээрээ юу гэх гээд байх вэ гэхээр хүндлэл гэдгийг бий болгогч гол зүйлийг юу болохыг л тодруулах гэсэн юм. Хүний амьдралд хэрэг болох эсвэл бүүр томруулаад  хүн төрөлхтөний өөрсдийнх нь урт удаан хугацааны үргэлжлэлийг тасалдуулахгүй байх тэр л бодитойгоор үлдээсэн мөрийг тайлж ойлгох их ухаанд хүндлэл үзүүлдэг байж болох уу? Цаг хугацааны энэ шалгуурыг давж чадахааргүй тэр бүхэнд хүндлэл гээч зүйл тэр зүйлтэйгээ бас л хаа нэгтэй уусан алга болох юм гэж үү?  Хэтэрхий гүн ухаанлаг ойлгомжгүй ч юм шиг.
Амьдрал дээр бол Монгол хүмүүс эцэг, эх, эмээ, өвөө, ах, эгч, ахмад настайчуудаа хүндлэн дээдэлж ирсэн уламжлалтай ба бас үүний хажуугаар  хийсэн бүтээсэн зүйлтэй , тэр бүхнээсээ улбаатай  хэлж сургах сургаальтай бүхнийг хүндэтгэн энэ л хүн үнэнг хэлж магад хэмээн хүндэтгэн сонсдог шүү дээ.
ХҮНДЛЭЛ гэдэг үгийг өв монгол хэлээр задалж ойлгох гэж оролдвол КҮ ЭНД ИЛ ЭЛ гэсэн 4 үг гэх юм бол КҮ сурсан мэдсэн бүхнээ ЭНД - өөрийн байгаа орон зай цаг хугацаандаа ИЛ- ил болгон бүтээн цогцлоож ЭЛ- түүний үрээр бусдаас тодрон гарах гэсэн үг гэж тайлбал болмоор ч юм шиг. Энэ бол зөвхөн л нэг талыг нь харах  нэг л өнцөг. Үүнийг хүн бүр өөр өөрийнхөөрөө харахыг оролдох нь . Харин миний өнцөг зөв тэрний өнцөг зөв гэхийн оронд энэ хүн ингэж бодож байгаа бол миний ингэж бодож байгаатай юугаараа нийлж юугаараа өөр юм , яагаад өөр гэж бодох болов, нийлэмж нь юув гэж харахыг хичээх гэж  тэр л нэг ертөнцийг (миний төсөөлөлд огторгуйд эргэх бөмбөрцөг орж ирдэг  юм) нээн мөн чанарыг ухах нь хүндлэлийн орчин юм болов уу гэж боддог доо. Түүнээс аливаа асуудлын хэлцэлд хэн нэгэнд ая тал засах гэж өөрийнхөө дууны өнгийг өөрчлөх  хуурамч дүр зураг биш байх.Дотоод сэтгэлээрээ тэр л нэг ертөнцийн мөн чанарыг мэдэхийг хүсэх нь чухал болохоос хэн нэгний сэтгэлийн эмоцийг шүүмжлэх нь гол зүйл биш байлтай. Чухамхүү тэр эмоцид тэр хүний ЧИН байж байдаг бололтой. Гэхдээ мэдээж итгэсэн хүмүүсийнхээ дунд л даа.  Энэ бас л нэг өнцөг. Эцэст нь хэлэхэд монгол зүйр үгэнд байдаг шиг инээсэн бүхэн нөхөр биш уурласан бүхэн дайсан биш гэдэг шиг хүндлэлийн орчин гэж яг юуг хэлэх вэ гэдгийг дор бүрнээ тунгаамаар ч юм уу даа...
Бусдын буруу надаас болдог, хохирол нь намайг хорлодог гэх
Багш шавийн барилдлагыг мөрөөдөл болговоос амьдарму гэсэн судрын үгсээр бодол юунд тань өргөл өргөе дөө

Tuesday, November 3, 2015

Монгол бөө гэж хэн бэ?

2015 оны 3 сард бичсэн бичлэгээ олов :
Монгол бөө гэж хэн бэ? гэж эхэлсэн байна. Энэ дэлхий дээр маш олон ястан үндэстний бөө дотроос юугаараа ялгаатай юм бэ гэсэн санааг илэрхийлж байх шиг. Монгол гэдэг үгнээсээ эхлээд бодоход Монгол гэж хэн бэ гэдгээ эхэлж бодох нь зүй. Мон ухамсарын түүх рүү эргэн харах хэрэг гарав. Мянган сэрэхүй ний тархитай байхыг хэмийг ухаарч байж Мон ухамсар үүссэн түүхтэй гэжээ. Тэгвэл тэр ний тархи гээч нь юу юм? гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ. Ний гэхээр нийтээрээ хуримтлуулсан мэдлэгийн сан буюу энэ цагийн байдал дээрээс харвал БуурЭрЭл-үүд дээрээ нэгдэн олон талын мэдлэгийг судар ном болгон бидэнд цэгцтэй өгж байгааг, мөн л биднийг нийтээр нь сургаж өөрөө өөрсдийгөө олоход дэм болгож биднийг цэгцрэхийг хүлээж байна гэлтэй. Энэ нь бас цаанаа нэлээн нарийн утгатай. Урьд бол бүх зүйлсийг ёс заншил болгон ахуйн хэрэглээн дээр сургааль болгон ам дамжуулж уламжлуулж байсан. Гэвч одоо цагт бид ондоошиж суурин иргэншилд шилжиж байгаа үйл явц түргэсэж байгаа тул үүнийг суурин иргэншлийн нэг хэлбэр болох ном судраар дамжуулан бидэнд мартсан бүхнийг эргэн сануулж буй гэлтэй. Харин тэр цэгцрэл нь бидний нэгэн зорилго. Тэр зорилго нь төрөх буюу мөнхийн залгамжийг хадгалахад орших байх. Мэдээж яаж гэдэг асуулт дахиад л гарна. Мэдвэл зохихуйг мэдэж л гэж хариулах байх даа. Хэтэрхий ерөнхий хариулт ч гэлээ түүнийг мэдэхгүйгээр юу хэлж юу хийж чадах билээ. Үүнд дээр л нарийвчилсан мэдлэг буюу удам судрын асуудал гарч ирэх ба ээж ааваас уламжилж ирсэн мэдээлэлээ хэрхэн сэргээх , өвгүдийн үйлийг таних гээд өөрсдийн хичээл зүтгэл гарч ирэх байх. Танилаа мэдлээ гээд асуудал цаашаа бүүр хэцүү болох байх. Таньсан мэдсэндээ ташуурч өөрөөс минь илүү үгүй мэт санагдах үе ирдэг л байх харин энэ үедээ л хэм гэдгийг сайтар ухах хэрэгтэй болов уу. НЭГ хүн нэг ураг удам энэ мөнхийн залгамжийг хадгалж чадах уу?Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдгээр тэр бүхнийг үзэж туулсан өвгөд минь хамтын хариуцлага гээчийг хэрхэн бий болгосноо бидэнд өвлүүлэх гээд энэ их мэдлэгийг бидэнд буулгаж байгаа тул бидэнд сурах бас дахин сурах л үүрэг байна даа . Бид ийм л орон зайг бий болгож чадах юм бол биднээс бүх дэлхий суралцах байхаа.


Хөрст алаг дэлхийд хүмүүн заяаг олоод 
Хөөрөн дүүлэх сэтгэлээр жигүүр юугаа хийн 
Хайр энэрэлээр зүрх юугаа дүүргэхэд
Хонгор үрсдээ жамыг ухааруулах 

Холч их ухаанд зүрх сэтгэлээ нээгч
Хөх монголын эгэл улаач 
Хөрст дэлхийн хүйн хамгаалагч 
Хүмүүн заяаны үргэлжлэл мину 
Өртөөлөх зүйлээ өр зүрхэндээ шингээгч
Өрнүүлэх үйлээ ур ухаандаа урлагч 
Удамт тэнгэрийн өргөөнд морилогч 
Ухаант үрсийн үргэлжлэл бологч 
Хөх тэнгэрийн зараалч 
Мөнх тэнгэрийн бөө мину

Wednesday, October 14, 2015

4.15

Урсгал усны гольдролыг дагах
Урин дулаан улиралын эхэнд
Уулзан учрах учралын учиг
Ундран урсах Эх үүсвэрт
    Дуулж сонссон нь их байлаа ч
   Дуулим хорвоогийн аялгуунд шингэх үү
   Дуурсах үйлээ бөхөлсөн байлаа ч
   Дундуур гэдгээ мэдэх болов уу
Өндөр өвгүдийн ухаанд төөрч
Өнө мөнхийн зохицолоо мартан
Өөрийн ухааны замыг гэрэлтүүлэх
Өргөн талын өнчин хайлаас адил
Олны дундаас товойх нэг нь
Онцгой содон авъяасаа хөглөвч
Олзын дээдийг хаман ававч
Олох гээхийн ухаанд хүлэгдэж
Орь ганцаар үлдэх вий
Онцгой содон байлаа гээд
Оловч мартах аюул бий
Омог бардам зандаа дийлдэж
Орхигдож ганцаар хоцрох вий
Омголон зангаа хазаарлаж
Одох замаа тодлоно буй заа

Friday, October 2, 2015

4-14

Мэдсэн дуулсан байлаа гээд
Мэдрэмж дүүрэн байлаа гээд
Өр зүрхний угтаа байгааг
Өнгийж харж дийлэмгүй бол
Мөнх оршихуйн учиг юуг
Мөрөөдөл болгон чигээ барих
Чин сэтгэлийн угсаа гарвалын
Цэгц чанарыг алдах вий
Мөр гүн зэрэгт хүрэх гэдэг
Мөрөөдөл төдий зүйл гэж үү
Мөнх амьдралын хэлхээг бөглөх
Мөр замын ариусал бус уу
Өөрөө өөрийгөө танин байж
Өнгөцхөн хэлбэрийг тандан байж
Өнөд орших их түүхийн
Үүрдийн хэлхээ болох бус уу
Аав ээжээ мэддэг шигээ
Ахас ихсээ танидаг болж
Ардын сэтгэлийг хөглөн байж
Амин чанарыг ухах буй заа

Tuesday, September 29, 2015

Лус

Хүн өөрийн биеийг хир мэддэг юм болоо? Ямартай ч энэ бидний махан биений судсаар цус нь гүйж, судал сувгаар нь эрчим нь дамжиж, эд эсүүд нь  хэм хэмжээнд бүгд зохицолд байж, тулгуур болсон ясан дээрээ тогтон эрүүл байдаг бизээ. Гүнзгий эмнэлгийн мэдлэг байхгүй ч энэ бие гээчийг маань бүрэлдүүлэн байгаа бүхэн зохицолд нь оршиж байх нь чухал бололтой. Хүн төрөлхтөн үүсэн бий болсноос хойш өдийг хүртэл өөрийн биеийг судлан  одоо ч гэсэн шинэ шинэ нээлтүүд өөрсдийн бие эд эсүүд дээрээ хийсээр л байна. Гэвч Лус гэсэн гарчиг тавьчихаад юун эрүүл мэндийн холбогдолтой , бие махбодь яриад явчихваа гэж гайхаж байна уу?  Лус гэдэг үг нь Эл ус гэсэн үг байсан гэдэг.
Чухамдаа  хүний биеийн бүтцийг ярьсан учир нь энэ эл ус буюу лус гээчийг зүйрлүүлэн хэлэх гэсэн санаа төдий. Бидний судсаар урсах цусыг газар дэлхий дээр ил далд байгаа устай зүйрлүүлбэл эх дэлхийн минь судас нь энэ лус гээч нь гэж зүйрлүүлэх гэсэн юм. Бид өөрсдийнхөө гар хөлийг эсгэчихээд цус нь гойжиход ямар байдаг билээ. Тэр тусмаа амин гол судсуудыг таславал амь нас минь тасрах биз дээ. Үүнтэй нэгэн адил гол усыг нь , булаг шандыг нь, халуун хүйтэн зашааныг нь ,нуур цөөрмийг нь, хөрсний чийгийг нь , тэнгис далайг нь, газрын гүнд орших усыг нь байх хэмжээнээс нь багасгаад, бохирдуулаад байх юм бол хүн дээр бол цус багадалт гэдэг өвчин шиг эх дэлхий ээж минь бас л энэ өвчин нүүрлэх бус уу. Харин дэлхий ээжийнхээ өвөрт нь байгаа бид нь ч гэсэн энэхэн зовлонг нь амсах бизээ.

Чухамхүү энэ дэлхий дээр  ил далд орших усан орчлыг бүхэлд нь лус хэмээн нэрлэж амьдралыг тэтгэгч гол хүч гэж харах юм бол түүнийг хариуцан байх лусын эздийн үүрэг маш их байх нь дээ. Энэ дэлхий дээрх амьдралыг тасалчихалгүй байгаа бүхэнтэйгээ зохицон оршлыг хангана гэдэг нэлээн хүндхэн бөгөөд хариуцлагатай алба болох нь л дээ. Тийм ч учраас лусын эздийг догшин гэдэг биз.
Лусын хорлол гэж айхтар зүйл байдаг гэлцдэг. Зарим үед ч удам дамжин үргэлжилдэг ч гэдэг. Хүмүүн бид яагаад ийм зүйлд өртөх болов оо?  Энэ дэлхий дээрх бүх зүйл хоорондоо харилцан хамааралтай оршиж байдаг гэдгийг мартаж үл болно. Алтыг нь ухаад авчихлаар , байх ёстой тэнцэл нь алдагдаж  усыг нь тогтоон бариж байсан хүчин зүйл үгүй болж булаг шанд, гол горхи нь хатаж түүнийг даган амьдарч байсан ан амьтан, адуу мал нь ундаасан малчин ард нь өөр газар нүүдэллэн өөрийн нутагт тогтохын аргагүй болох явдал хаа сайгүй л болж. Саяхан Улаанбаатараас Хөвсгөл явах замд голын нэр нь пайзан дээр бичигдсэн боловч хатаж хуурайсан сайр болсон голтой хэд ч таарав даа.
Нэгэн тохиолдолын тухай хүүрнье. Саяхан БууЭрЭл-тай маань хамаатны маань нэг эгч золголоо. Шинэхэн бэр нь төрж 4 кг хүүтэй боллоо гэсэн боловч, эх нь төрөлтийн үед аарцаг нь задарсан юуны учиг болов гэж асуулаа. БууЭрЭл их л толгой сэгсрэн шогшрон суусны эцэст лус савдагийн догшрол байнаа гэж айлдав. Бэрийнх нь талынхан нь уул усыг эвдэж сүйтгэсний улмаас  маш ширүүнхэн зүйлтэй учирч дээ гээд Өвгүн би аргацаах төдий үйл хийе гээд тухайн нутаг орны чадалтайхан бөөтэй уулзан уул усны нэхлийг нь хэлүүлэн бэрийн талыхныг сайтар үйлээрээ хохиролыг нөхөн аргадах үйл хийлгэ гэлээ. Дараа нь сонсох нь ээ бэрийнх нь талын ах дүүсүүд алт ухан улмаар хоорондоо муудалцан бие биенээ хороосон айхтар зүйлтэй учирсан байсан ба түүний хорлол ч мөн бэрд буусан нь энэ байлаа. Ууг нь хамаатны маань эгч минь олон жил ууланд мод тарьсан  буянтай үйлийн эзэн л дээ. Тийм болохоор ч тэр үү бэрийнх бие ч үйл хийлгэсний дараа илааршсан боловч уул усны нэхэл нэхэгдсээр ямар ч буруугүй нялх балчир үр нь үүний горыг амсан элдэв өвчинд ороогдон байгаа билээ. Энэ жишээн дээрээс харахад лусын хорлол ямархан хэцүү болохыг харж болно. Хэдий чинээ их хохирол учруулна төдий чинээ их зовлонг үр хүүхэд нь туулдаг бололтой.
Хүн бүр энэ бүхнийг ойлгон ухаж өөрийн биеийг, өөрийн үйлдэл болгоноо  хянан бусдад хохирол учруулалгүй байж чадах болов уу? Эс чадваас үр хүүхдүүдэд минь учрах хэцүүхэн амьдралыг бид яах билээ? Надад  биш хүүхдэд  минь ач зээ нарт минь юм чинь гээд санаа амар явж чадах уу?




Sunday, September 13, 2015

Бөө

Хөрст алаг дэлхийд хүмүүн заяаг олоод 
Хөөрөн дүүлэх сэтгэлээр жигүүр юугаа хийн 
Хайр энэрэлээр зүрх юугаа дүүргэхэд
Хонгор үрсдээ жамыг ухааруулах 

Холч их ухаанд зүрх сэтгэлээ нээгч
Хөх монголын эгэл улаач 
Хөрст дэлхийн хүйн хамгаалагч 
Хүмүүн заяаны үргэлжлэл мину 
Өртөөлөх зүйлээ өр зүрхэндээ шингээгч

Өрнүүлэх үйлээ ур ухаандаа урлагч 
Удамт тэнгэрийн өргөөнд морилогч 

Ухаант үрсийн үргэлжлэл бологч 
Хөх тэнгэрийн зараалч 
Мөнх тэнгэрийн бөө мину

Wednesday, August 26, 2015

Хий тоос чийг

Амьдралын мод хэрхэн ургадгыг
Анзаарч сонсдоо балчир үрс минь
Аз жаргалын үүд нээгдэх
Алтан мөч гэж байдаг юм
Алтан энэхэн мөчид
Амьдралыг цогцлоох ухаан бууж
Алагхан дэлхийн бүрдэл болсон
Агаар ус газар гурваар
Анхлан үүссэн сүлжээг холбох
Алаг үрсийн хайрын ундарга
Дэлбээ юугаа дэлгэх адил
Дэлгэрсэн ухаан нь ундарч
Дэмнэсэн олон нь сэргэн мандаж
Дэлгэр их дэлхий ээжээ
Дээдлэн мөрлөх цаг нь ирж дээ
Агаар ус нь цэвэрхэн бол
Амьтан бүр нь тухлан
Аз жаргалын орон гээч нь
Аяндаа бүрдэх жам байвч
Онцолж тодолсон мангдайн үйлээр
Орон зайн эзэгнэлийг дүүргэн байж
Газар усаа мануулан байж
Гарцаагүй жамыг нь таниулан байж
Үйлдэх ухааны ундаргыг оргилуулж
Үзэмж төгөлдөр лүү дөхүүлэн байж
Үлэмжийн чанарыг ойлгуулнам зээ