Wednesday, October 14, 2015

4.15

Урсгал усны гольдролыг дагах
Урин дулаан улиралын эхэнд
Уулзан учрах учралын учиг
Ундран урсах Эх үүсвэрт
    Дуулж сонссон нь их байлаа ч
   Дуулим хорвоогийн аялгуунд шингэх үү
   Дуурсах үйлээ бөхөлсөн байлаа ч
   Дундуур гэдгээ мэдэх болов уу
Өндөр өвгүдийн ухаанд төөрч
Өнө мөнхийн зохицолоо мартан
Өөрийн ухааны замыг гэрэлтүүлэх
Өргөн талын өнчин хайлаас адил
Олны дундаас товойх нэг нь
Онцгой содон авъяасаа хөглөвч
Олзын дээдийг хаман ававч
Олох гээхийн ухаанд хүлэгдэж
Орь ганцаар үлдэх вий
Онцгой содон байлаа гээд
Оловч мартах аюул бий
Омог бардам зандаа дийлдэж
Орхигдож ганцаар хоцрох вий
Омголон зангаа хазаарлаж
Одох замаа тодлоно буй заа

Friday, October 2, 2015

4-14

Мэдсэн дуулсан байлаа гээд
Мэдрэмж дүүрэн байлаа гээд
Өр зүрхний угтаа байгааг
Өнгийж харж дийлэмгүй бол
Мөнх оршихуйн учиг юуг
Мөрөөдөл болгон чигээ барих
Чин сэтгэлийн угсаа гарвалын
Цэгц чанарыг алдах вий
Мөр гүн зэрэгт хүрэх гэдэг
Мөрөөдөл төдий зүйл гэж үү
Мөнх амьдралын хэлхээг бөглөх
Мөр замын ариусал бус уу
Өөрөө өөрийгөө танин байж
Өнгөцхөн хэлбэрийг тандан байж
Өнөд орших их түүхийн
Үүрдийн хэлхээ болох бус уу
Аав ээжээ мэддэг шигээ
Ахас ихсээ танидаг болж
Ардын сэтгэлийг хөглөн байж
Амин чанарыг ухах буй заа