Wednesday, January 9, 2019

Цаг үе улс төр

Шинэ он гарсан энэ өдөр ямар сэдвээр бичдэг юм билээ гэж бодоод цаг үе улс төр сэдвээ үргэлжлүүлмээр ч юм шиг санагдав. Яагаад вэ гэхээр бид хэнд удирдуулаад байна вэ гэсэн бодол. Өөрөөр хэлбэл нийгмийн сэтгэл зүй ямар түвшинд байна вэ өнөөгийн нөхцөл байдал биднийг ямар сонголтын өмнө аваачиад байна вэ гэсэн тунгаалт.
Манай орчин үеийн шинэ улс төрчид " либерализм- ардчилсан үзэл" ба " Экономикс",  "Маркетинг" "Менежмент", герман зохиогчтой " Төрийн ерөнхий онол" хэмээх сурах бичгүүдээр зах зээлийн эдийн засагтай чөлөөт нээлттэй нийгмийг төсөөлж чөлөөт өрсөлдөөнт зах зээлийн эдийн засгийг Монголд нэвтрүүлэхийг оролдож байгаа нь нууц биш. Харин үүний үр дүнд төрийн тухай монгол бодлого алдагдаж, нийт ард түмнээрээ ядуурч зөвхөн засгийн эрх мэдэлтнүүдэд ойр байдаг бэсрэгхэн хэсэг бүлэг хүмүүс баяжин албан тушаал ашиглах, хээл хахууль, авилгал хэтэрч төр засаг нь нийгмээсээ хөндийрэх явдал лавширсаар байна. Ууг нь бол ингэж шууд хуулбарлаж биш харин монгол маягийн, монгол нүүдлийн нөхцөл соёлд тохирсон зах зээлийн эдийн засгийн загварыг гаргаж авах үүрэгтэй байсан юмсанж. Тэгээгүйн улмаас төрийн бодлого гажиж дор хаяж нүүдлийн аж байдал ба хот суурин газрын хоорондох зохист харьцаа алдагдаж нийслэл хотод нийт хүн амын 1\3 нь төвлөрөх болж дэлхийн бусад орнуудад байхгүй гаж байдал үүсч хүмүүс нь бие биенээ хот хөдөөгөөрөө ялгаварлан ад үзэцгээх болсон .
Нүүдлийн аж байдал , хэв шинж өнөөдөр өрнөөс орж ирж байгаа тэр чөлөөт өрсөлдөөнт зах зээлийн эдийн засгийн хүрээнд анхнаасаа огт байгаагүй гэж болох зүйл . Өөрөөр хэлбэр тариалан төвийн үзэлт судлаачдын суурьшмал орны ард түмний амьдрал ололтын дүнд боловсрогдсон онолыг бид шууд хуулбарласнаас үүссэн гажуудалтай одоо бид нүүр тулаад юун дээр алдаж оноод байгаагаа тогтолцооноосоо хайж байна.
Монгол иргэншлийн нүүдэллэхүйн төр хүн-хүний, хүн - байгалийн хоорондох харилцаанаас үүсч, ёс зүйт төр байгуулж " хүн төвт" менежментэд илүү анхаарал өгч , эрдэм мэдлэгт илүү ач холбогдол өгдөг. Суурин иргэншлийн төр хүн-газар хоорондох харилцаанаас үүсч, ам газарт илүү анхаарч, эрх зүйт төр байгуулж " газар төвт " менежментийг илүү түлхүү явуулж эдийн засгийн харилцаа, эд баялагт илүү ач холбогдол өгдөг.
Анхааралтай уншсан бол ёст зүйт төр, эрх зүйт төр хоёрын ялгааг сайтар тунгаагаад үзнэ биз. Өнөөдөр Ганболд хэмээх бизнес эрхлэгч эрх зүйт төрийн мангасуудад яаж шударга бусаар машиндуулсан талаараа ярьж, ёс зүйт төрийн системд шилжих хонгилын үзүүр дэх гэрэлд найдаж байгаагаа ярьж байна. Хөндлөнгөөс харахад аль аль нь ёс зүйгүй ч иргэдийн дунд ёс зүйт төрийн системд шилжих хонгилын үзүүр дэх гэрэл гарах нь уу гэсэн найдвар төрүүлж байж болох л юм.
Ард түмэн бид эрдэм мэдлэгт тэмүүлж, хийж бүтээхийн төлөө, түүнийхээ ашиг шимийг шударгаар хүртэхийг хүсэж, түүний үр дүнгээр улс орон маань өөдлөн дэвжиж үр хүүхдийн маань ирээдүй гэрэл гэгээтэй байгаасай л гэж хүсэж байна.
 Төр бол зөвхөн хууль биш хүмүүсийн нийтлэг ба тэдний шүтээн болсон гал голомт нь юм. Монголчуудын төр хэмээх ухагдахуун нь гэр бүл, гал голомттой хүйн холбоотой учраас угаас тахил шүтээн, сүсэг бишрэлийн утга чанартай тул дээдлэн хүндлэх, монголчуудын соёл эрхэмлэлийн цогц ойлголт, ертөнцийг үзэх категори, олны ёс, ертөнцийн зүй билээ.  Ямар ч гэр бүлийн гишүүд бие биенээ хариуцаж, бие биенийхээ төлөө санаа тавьж, буруудаж уруудаж доройтсныгоо зөв замд оруулчих гэж зүтгэдэг шиг төр улс маань ч бас хүн төвт байсан уламжлалт төрийн ухаанаа орчин үеийн мэдлэг, шинжлэх ухаан, эко техник технологийн ололтуудыг үр ашигтай ашиглаж улс орноо төвхнүүлэх цаг үе ирээд байна уу даа.
Ашигласан ном : Ц.Эрдэмт  " Төрийн тухайт монгол онол "
                              Монгол товчион түүхийн тайлал судар

No comments:

Post a Comment