Sunday, March 27, 2016

Ухамсар ба энерги 2

Ухамсар ба энерги 2
(үргэлжлэл)
Энд нэг зүйлийг дахин тодруулах хэрэгтэй санагдлаа. Энерги буюу эрчим байж л байдаг зүйл юм бол түүнийг хэрхэн таниж мэдэх вэ? Нар, сар ,сүү гэдэг эрчим эхийг сайтар тунгааж үзийл дээ. Чухам энэ л үндсэн 3 эрчимд зохицох зохицолыг олж байж мэдвэл зохихуй гээч маань өөрөө бүрэлдэн тогтож үүнээс улбаалсан ухамсар бий болдог юм уу даа.
Нар бол амьтай бүхнийг илч гэрлээрээ ялгалгүй тэжээн тэтгэгч, олон төрлийн эрчим хүчний анхны эх үүсвэр . Сар бол дэлхийд хамгийн ойрхон орших сансарын эрхэс . Эрт дээр үеэс сарыг билэг ухаантай зүйрлүүлэн ирсэн байдаг бөгөөд бидний ёс заншилд сар дүүрэх үед алив дэлгэрүүлэх үйлийг хийж ирсэн уламжлал одоо болтол байдаг билээ. С. Даваахүү гуай "Биоэнерги 3 " номондоо сар сэтгэл хөдлөлийг эвээдэг, сарны нөлөөлөлөөр сэтгэлийн хөдөлгөөнтэй, романтик, мэдрэмтгий, зөн билэгтэй шинж чанарууд бүрэлддэг гэж бичсэн байсан. Сударт мангдай (хүн)бие сарнаас эрчим авч Сэрэхүй сайн билээ гэсэн байдаг. Ингээд бодоход бидний сүнсэн бие буюу өвгөд дээдсээс хадгалагдаж ирсэн тэр мэдээлэлийг сэрээн эрчимнүүлдэг байж болох юм. Бөөгийн товчион сударт сүнсийг тодорхойлохдоо " Амь мөн чанарын оюунлаг шинжийг нь сүнс гэж нэрийднэ. " гэсэн байдаг ба сартайд сүнсний гэмтэл хурдан төлжиж эдгэнэ гэжээ. Харин сүү эрчим гэж өсөж үржихүйн амин хүчин. Сүү гэхээр зөвхөн малаас гардаг сүү хэмээн бодвол бас өрөөсгөл болох байх. Тиймээс аливаа амьтан ургамлын өсөн үржихүйн бэлэгдэл хэмээн ойлгож өвсний үрээс эхлэн тунгаах хэрэгтэй болов уу. Мал өсгөж,жимс ургуулахыг хүсүүлдэг сүү, байгалийн бодит ба бодит бус хүчээр арвиждаг мянган хүнсний эх булаг болдог удамшил зөв хоол билээ гэж сударт өгүүлсэн байдаг.
УХАМСАР гэсэн үгийг өөрийн дотогшоо тунгаах тусам эл махан биеэндээ эрдэм мэдлэгийг хураан энэ биеэ эрүүлжүүлж, эрдэм мэдлэгээр эрчимнүүлэн суралцсны олз бололтой. Байнгын эргэлтэнд байх хүн, амьтан, адгуус, ургамал зэрэг биетүүдийг эрчим биеээр хангаад, ухамсар биеийг төлөвшүүлж байдаг нь сүнс. Тэгэхээр сүнсний талаар ойлголтоо дээшлүүлэхгүйгээр эрчим , ухамсарын талаар ойлгоход нэлээн хүндрэл гарах болов уу. Бөөгийн товчион сударт сүнснүүдийн аж төрөх болоод сэрэхүй, хооллолтоор нь 3 зүйл болгон ангилсан байдаг. Үүнд амьд амьтад, хүн гэх зэрэг амьд биесийн сүнс , онгод буурлууд буюу махан бодьгал хүсэмжилдэггүй эрчмийн дутагдалд ордоггүй ханасан түвшний сүнсүүд, 3 дах нь хар сүнснүүд буюу амьд биет болон онгод зэрэг бусад эрчим биетүүдээс эрчмийг сорон амьдардаг эрчим сорогчууд. Эдгээрээс ажихад хүн амьд байх хугацаандаа өөрийн сүнсийг хир наран ээлд биежүүлж, саран ээлд төлжүүлж, сүү хэмээр цатгаж, сүсэг хэмээр батжуулж, сэтгэл хэмээр хатжуулж, мэдвэл зохихуйгаар гэгээрч, мэдсэн бүхнээрээ үйлдэж, эрчимнүүлж, эрүүл саруул байж чадснаас махан биеэ хаях үеийн сүнсний дараагийн түвшин хамаарах мэт.
Би энэ хорвоод юуны тулд төрсөн юм? Би хэрхэн бусдад хор хохиролгүй амьдрах юм? Би хэрхэн яаж эв эеийг хичээж сурах юм? Би хэрхэн өөрийн авир аашийг татаж сурах юм? Би хэзээ ухарч , хэзээд нь тэвчиж , хэзээд нь ур ухаанаа гаргах эв дүйгээ олох юм бол ? Энэ бүгдийн ард миний энэ тархинд юу шингэх ёстой юм?
Энэ бүгдийг ухаарахын тулд өөрийн биеээр туулж үзэх ёстой зүйл гэж байдаг бололтой. Хааяа хүүхэд байхад аав ээжээс банга хүртэх үе байдаг л байсан даа. Хэлээд ойлгохгүй бол хааяа таван салаа боовны амтыг үздэгтэй адил хэцүү хүндийг туулан байж мах цусандаа шингэтэл ойлгох үе тохиож л байлаа . Чухам энэ л замаар өвүг дээдсүүд минь өрөө цоололдон асууж өнчин зүрхээ сугалуулж байж үнэнд хүрч олсон аж төрөхүй, таван мөчний яс чулуу болтол тэмтэрч хөл тавьж ахисаар олсон амьдрал, шүлсний хөөсөөр ундаалж, шүдний өнгөрөөр хооллож, тэсэж тэмүүлж олсон аврал , эгэмний мах нь яс, өсгий нь туурай болтол ажиллаж олсон энэ их ухаанаа бидэнд өвлүүлэх гэж өндөр тэнгэрээсээ буун үр ачдаа жам ёсыг таниулах гэж онол номоор нь үлдээснээ сэргээн зүтгэж буй билээ.
Саяхан нэг инээдтэй ч гэх юм уу эмгэнэлтэй ч гэх юм уу нэг зүйл надад тохиолдсон юм л даа.
БууЭрЭл маань удмын буултан дээр эгчийг маань өөрийн биеийг асарч тойлж эрчимнүүлэмгүй бол үхээд атгахан газрыг тэжээх сэг зэм болох нь уу гэж загнахад эгч маань намайг хүн гэж тоосонгүй гэж гомдоод сүйд боловоо. Уг цаад санааг нь би ухахдаа үзэгдэж ургаад үхэх амь зуугч төдий биш байгаарай үрсдээ үлдээх өвтэй, өвгүдийн ухаанд суралцан өөрийн биеийг эрчимнүүлж өв их мэдлэгээс минь суралцаж үр хүүхдүүддээ сургаарай хэмээн үр хойчидтой нь алсаар нь харан санаа тавьсан бизээ . Үрсээ сэг зэм болгохыг хүсэх өвгүд байна гэж үү, харин ч үргэлжийн мөнхийн амьдралыг батжуулагч үрсдээ өөрсдийн мэдсэн сурсан ухаандаа суралцаарай гэсэн байлтай. Үнэн хэрэгтэй би ч бас өвгүдийнхээ үгний цаадахыг ухаж, ухсан бүхнээ амьдралдаа хэрэгжүүлж чаддаггүй л нэгэн. Хүнд зааж хэлэхдээ сүрхий мөртлөө өөрөө үйлдэхдээ тааруухан нэгэн. Чухам иймийн учир өөрөө үйлдэх ухаанд сургах гэж хатуухан үг хэлээ байлгүй .
Амьдрахын амин хүчин мэдлэгээр олгогддог
Амьдралын амин хүчин Их засагаар хадгалагддаг
Тиймээс зүгээр л нэг гүйлгээд унших биш өөрийн туулсан бүхнээрээ тунгааж үзэж байж биедээ шингээж чадах л юм бол өвгүдийн үлдээсэн ухааны учгаас зуурч, өөрийн энэ махан биеэ , сүнсэн биеэ эрчимнүүлж чадах болов уу даа.



( Хөх моногоуулыг нийхэм-ээр бадраах хутагтай дөрвөн нэүрит их засаг-ийн алтан дээд үнэний аялгуу, 97 х)
үргэлжлэл бий



Wednesday, March 16, 2016

Монгол ба өв соёл

Саяхан Монголч Эрдэмтэдийн их хурал Улаанбаатар хотод болж өнгөрлөө. Үүнээс улбаатай нэгэн бодол үлдэж хоцорсноо хуваалцмаар санагдлаа.
Мэдээж олон орны эрдэмтэд монголын соёл тэр дундаа нүүдэлчдийн соёлын талаарх өөрсдийн судалгааг танилцуулж шинэ содон санаа олж авч судалгаагаа өргөжүүлэх зорилготой байсан биз ээ.
Тэгвэл тэр судлагдаад байгаа монгол гэдэг чинь юугаараа бусдаас ялгаатай онцлог юм бэ? Яагаад үүнийг судлах ёстой юм?

Орчин үеийн аргын шинжлэх ухаанаар тухайн  улс үндэстэн байдаг гэдгийг
 Нэгт, удамшлаар нь баталж байна
Хоёрт, эд өвийн олдвороор баталж байна
Гуравт, хэлзүйгээр баталж байна
Дөрөвт, бичиг зүйгээр баталж байна
Тавт, барилгын олдворууд
Зургаад, өвлөгдөж ирж байгаа өнөөгийн өв байна.
Долоод, хиргисүүр байна.

Соёл байсныг баталж, нэг улс эзэрхэж байсныг батлах гэж энэ долоон зүйлийн тархалтаар тэр улс үндэстэн энэ нутаг дэвсгэрийг эзэрхийлж байсныг баталдаг. Монголч эрдэмтдийн хурлаар оросын эрдэмтэд Эрмитаж болон бусад хувийн цуглуулгад хадгалагдаж байгаа эд өвийн олдворууд дээр тухайн эдийн хийц юугаараа онцлог, бусад олдсон эд өвийн олдвороос  юугаараа ялгаатай, юугаараа өөр, ямар учраас монголын эзэнт гүрэн , Алтан ордоны улсын эд өв гэж батлагдаж байгаа дээр онцлон ярьж байгаа боловч тухайн улсын нийт соёлын талаарх оновчтой ерөнхийлж босгосон ойлголт байхгүй зөвхөн тухайлсан өв олдворуудын шинжилгээ төдийгөөр хязгаарлагдаж байлаа. 
Сүүлийн үед ОХУ-ын зарим телевизүүдээр Монголын эзэнт гүрэн гэж байгаагүй , Орос улсыг эзлэж байгаагүй гэсэн нэвтрүүлгүүд цацагдсан. Үүнийг бид уурлан эгдүүцэн хэл амаа бэлүүдэхээсээ өмнө яагаад ийм асуудлууд гарч ирэх болов гэдэг дээр тунгаацгаах хэрэгтэй ба хэрэв энэ бүгдийг үгүйсгэхийг хүсэж байвал баталгааг нь яг дээрхи 7 зүйлээр хөдөлшгүй батлах хэрэг гарна.
Монголын эзэнт гүрний Евроазид байдаг эд өвийн олз бараг байдаггүй. Хиргисүүрийн олз байдаггүй. Бичиг зүйгийн олз байдаггүй.  Ерөөсөө байгаа нь гурав дөрвөн үлгэр л байна. Найм дах зүйл гарч ирж байна. Ам дамжсан яриа. Мөн ес дэх зүйл болох тухайн оронд бичсэн бичвэрүүд байдаг. Гэхдээ өөрийн хэл дээр . Ийм есөн зүйл байна. Ингэхээр Монголын эзэнт гүрэн байсан уу үгүй юу? Мандсан уу мандаагүй юу гэсэн маргаан дэгдэнэ. Байсан гэдгийг ам дамжсан яриа болон тухайн гүрний бичсэн бичвэрүүд гэрчилнэ. Үнэхээр байсан юм уу гээд батлах гэхээр дээрх долоон зүйлээр хангалттай хэмжээний баримт  байдаггүй. Тэгэхээр ямар учиг байна? Эзэн дээдэс бултаараа тайган цэрэгтэй байсан уу? гэдэг асуудал байна. Яагаад гэвэл хэрвээ эзэрхэл ноёрхол байсан бол тухайн нутагт үлдсэн хүүхэд гэж байдаг. Ялангуяа эрэгтэй хүүхэд төрсөн бол тэр шинж чанараа хэдэн мянган дамжсан ч алддаггүй . Чингэтэл Европод европ хүмүүс байгаад байдаг лалд нь лал хүмүүс байгаад байдаг. Монгол хүүхэд эрлийжсэн хүүхэд байдаггүй. Ингэхээр эзэн хаан бултаараа тайган цэрэг эрстэй байсан уу гэдэг асуудал байна . Хоёрт нь хэмээвэл өөрсдийн гэсэн соёлгүй байсан юм уу? гэмээр эд өвийн дурсгал олддоггүй. Хэлзүйн түвшин. Монгол хэл гэдэг нь ямар нэг суурин энэ гээд хэлэх юм байхгүй шинэхэн хэл шиг байгаад байдаг. Яагаад гэвэл энэ нууцлагдмал ард түмний хэлээр ерөөсөө энэ эх хавтгайд маш цөөхөн хүн яриад байдаг. Тэгээд нийхэмийн гадаад дотоод харилцаа маш бага. Тэгээд ямар ч засгийн тогтолцоо мэддэг хүн цэрэгт татахад суурин иргэдийг хүртэл татахад хэцүү байхад нэг газраа сууж өгдөггүй нөхдүүдийг яаж татна ? тэгээд энэ том талбайд цөөхөн хэдэн гэр амьдарч байхад цэрэг татах шиг хэцүү юм үгүй мэт санагдана. Хэрэв гүрэн байсан юм бол татвар авсан тооцооны данс тооцоо байх ёстой. Тэгтэл тийм ч юм олддоггүй. Чингэхээр энийг юу гэж ойлгох вэ? Байсан үлгэр ч юм шиг,  хүмүүсийн айдсын дундаас гарсан домог ч юм шиг.  

Тэгвэл асуудлын гол нь одоогийн соёл гээд байгаа зарчмаас нүүдэлчин соёл ондоо сэтгэлгээнд байдаг учраас одоогийн соёлын гол үзүүлэлтээр баталж болдоггүйд байгаа юм.  Нүүдэлчин соёлын гурван том дүрэм байна.
Нэгт  - Эх газартаа хоргүй байх ёстой. Чингэхээр ямар ч өв үлдэхгүй. Эдийн өв гэдэг чинь нэг төрлийн хог шүү дээ.
Хоёрт  – Нэг хүн амьдарч буй хэрэгцээндээ хаан ч бай харц ч бай энэ биеэ хангаж чадахуйц л эдийг хэрэглэнэ . Энэ бол хэмнэлтийн ойлголт . Чингэхээр нийгэмийн ялгамж байхгүй . Ерөөсөө нийхэмийн харилцаанд тэр хүний үгийг хэдэн хүн сонсохуу гэдгээр л монгол хүний нийхэмийн ялгаа  гардаг . Түүнээс эдээр гардаггүй. Ийм учгаас хааны хэрэглээний эд, хатны хэрэглээний эд гэсэн ойлголт байхгүй .  Харцын хэрэглэдэг аяга тагшинд нь хаан нь идэж ууна. Учиг нь нэг л буй ижилхэн бүтцийг ялгамжлуулаад байх үнэхээр тэнэг. Гамгүй хэрэглээ болно.
Гуравт - Бичгийн дурсгал . Бичгийн дурсгалыг өөрийн тархи гаваланд илүү шингээж, төгс мэдэж боловсорч , удмаасаа итгэлт хүмүүнд нэгчлэн дамнуулах . Түүнээс нийтээр цацах  биш. Ингэснээр удмын суурь бат хөгжиж , түүгээрээ хүмүүн эрэлттэй болдог. Энэ нь одоогийн нийгэмээс ондоо. Учиг нь одоогийн нийгэм эцэг эхээс сурснаа биш нийхэмээсээ сурсан багшаас сурснаа биеэ хэрэгцээнд оруулдаг. Гэтэл монголчууд бол удмын дархан нууцтай хүмүүс. Яг отгийн нууцууд байдаг . Тэр талдаа боловсрол нь хөгждөг. Түүнээс тэрийг сударлаж бусад отогт мэдүүлэхээс сэрэмжилдэг. 
Энэ гурван үзлээс болоод өв гэж зүйл байдаггүй юм.   Тэгэхээр бичгийн өв бол алдагдах магадлалтай гээд цээрлэчихжээ. Эдийн өвийг хог гээд цээрлэчихжээ. Дээрээс нь энэ гурав дахь учгаас нь хамаараад үр хүүхэд гэдэг чинь маш чухал учраас цусаа эрлийзжүүлэхээс сэрэмжлээд байдаг. Нүүдэлчин дотроо цусыг авч явахаас бүүр харь орон луу тээчихдэггүй. Ялангуяа эрчүүд нь. Эрчүүдийн хатуу бодлоготой орон. Өөрөөр хэлбэл яг мал сүрэгтэйгээ адилхан. Эр мал нь бух нь хуц нь эмэгчингүүдээ хамаарч явдагтай адилхан. Чингэж явсан учгаас харь оронд цус төдий л үлддэггүй.  Ийм учгаас арга ухаанаар монгол нүүдэлчин эзэрхийлэл  байсныг батлах аргагүй.  Энийг ярьдаг нь одоо бөө тархи гээд гуравдагч дүрэм байна. Бичгийн дурсгалыг  үлдээхгүй тархин дурсамжаар бүрдүүлэх энэ соёлын боловсрол. Түүний хөгжил түүний бий болсноос тэр хэрхэн яаж цааш дамждагийн тайлалыг  өгүүлнэ. Одоо энэ хүрээд бид одоо яг Монгол шинжлэх ухаан гэдэг руугаа явна. Энэнээс өмнөх нь арга ухаантай хослуулж тайлж болдог  . Энэнээс хойшоогоо болохгүй болчихдог. Одоо бид энэ арга ухаанаас хэт ондоошсон цаг руу ил явж байна. Яг Монгол ухаан гэдэг нь эхэлж байгаа юм. Энэнээс өмнөх  түүхүүд бол арга ухаанаараа бултаараа тайлагдаж болдог.  Учиг нь тэр бичвэртэй тэр л дурсгалтай өвүг дээдэс маань хийж алдаж байснаа чулуун хаданд сийлж үлдээсэн. Энэнээс цаашаагаа зөвхөн сүнсэн биеэндээ шингээж явсан. Ийм учигтай учраас соёлын өвийн талаарх ойлголтуудыг шинэ түвшинд гаргах цаг үе тулж иржээ. Нүүдэлчин соёлын талаар бүрэн ойлголт судалгааг хийе гэвээс монголчуудын эртнээс улбаалж ирсэн бөө соёл түүнийг дагалдах монгол боловсролын талаарх ойлголтуудыг сэргээж тунгаах цаг хэдийнээ болжээ.

Аянгат удган, Хар Беки дээдсийн онгодын айлдвараар сэдэвлэн бичлээ.



Ухамсар ба энерги

Ухамсар энерги 2 ямар холбоотой юм болоо? Физикийн шинжлэх ухаанд энерги оргүй хоосноос бий болдоггүй , устаж үгүй болдоггүй гэж үздэг байсан санагдаж байна .
Нэгэн хүн надад энерги болон ухамсарын талаар ойлголтгүй бол алтан судрыг ойлгоход хэцүү дээ гэж хэлж билээ. Бидний эргэн тойронд байгаа бүх зүйлсийн тавхан хувь нь та бидэнд ил үзэгдэж харагдаж мэдрэгдэж байдаг бол  95 хувь нь далд байдаг болохоор тэр далд байгаа бүхнийг ухамсар болон энергийн түвшнээр тунгааж үзэх талаар хэлж билээ.
Өмнөх бичлэгтэй хүн амьтнаас гавлын чанараар ялгагддаг гэнээ гэж бичиж байсан даа. Тэгэхээр гавлын чанарыг чанаржуулж ирсэн ухамсарын 4 улиралын талаар сударт бичсэн байдаг талаар дурьдмаар санагдлаа.

Ухамсар хэмээхийг оюун бодолдоо
Түүхэн гарвалаасаа ухан ойлгож
Энэ маханд шингээснийг танихыг
Эл зүйд өгүүлсэн болой гэж Хас төрийг бадраах сударт өгүүлсэн байдаг.
 Өөрийн бядуухан тархиар тунгааснаа бичвэл:
 Өтүгэ ухамсар. 4 буман насыг насалж байж энэ ухамсарыг олсон гэж бичсэн байдаг. Хүн төрөлхтөн , тэр дотроо бидний өвүг дээдэс 4 буман жилд юуг ухамсарласан байх нь уу?
Нэг БууЭрЭл надаас, галтай байх их үйлийн учиг юунд байдаг вэ гэж асуусан юм. Харин би өөрийн ойлгосоноороо анхны нэгдэлийг гал хэмээн ойлгодогоо гэж хариулсан юм.
Сударт ч энэ талаар Өтүгэ ухамсарын түүхэнд  :
Газар дээрх галын дөлийг огторгуйд гэрэлтүүлж
Од-угт бүлүүд үүсч олуулаа ний-хэмтэй болжээ гэсэн байдаг .
Айл өрх бүл галынхаа тахилгаа хийдэг эртнээс  уламжилж ирсэн ёс заншлаа бид мартсан боловч өндөр дээд өвгүд минь бууж ирэн энэхүү зан үйлийг сэргээн үйлдүүлж эхэлсэн билээ. Яг л энэ үйл дээр БууЭрЭЛ үүд газарт галтай болж тэнгэрт ураг барилдлаа хэмээн тунхаглан зарлаж яс омгийг минь таниулж өгч билээ. Анхны нэгдэл болох өрх гэрийн галаас эхлэн отог омгийн галууд ч мөн газар дээр үрсүүд нь нэгдэн нийлснээр бадарч эхэлсэн нь наашлах цаг үнэхээр ирж буйн баталгаа буй заа.
Хэдий нэгдэн нийлэхийн ач тусыг ухаарч, үр дүнг нь хүртсэн ч гэлээ энэхэн бие нь зүрх сэтгэлээ сонсож,ухаан оюунаа хөглөж өөрийн авир аашийг татан эв эеээ сахиж үл чадах аваас өрөөл бусдыгаа хорлох өс гээч нь үржин тэлж эв эеийг бутаргаж олсон , мэдсэн , бүтээсэн бүхнээ  устгах аюул байдаг байна. Энэ л ухаарлаас дараах ухамсарын эх үүдэлтэй байсан буй заа.
Өтүгэ ухамсар, энерги буюу эрчимтэй хэрхэн холбогдох бол гэж тунгааж байна уу?
Судар дээр наран, саран, сүү, мэдвэл зохихуй, их засаг гэсэн 5 эрчим эх байдаг талаар уншаа л байлгүй.
Алтан наран доор хүмүүн төрөлхтөн арга ухааныг олж байгаа байдалдаа зохицон амьдрахад олуулаа нийлэн төвөг аюулыг давах нь илүү болохыг ухамсарлан, байгал дэлхийгээсээ өөрсдийгээ тэжээх тэтгэх хүнс бүхнээ хамтаар хариуцан олохоо ухамсарласан хэмээн үзвэл наран саран сүүн эрчмээр тэтгэгдэж байж дээ гэж ойлгож болох юм уу даа. Гэвч юу дутагдсан юм болоо? Хэдий эвлэлдэн нэгдэх ухааныг олсон боловч хэрхэн эв эетэй байх мэдлэг оюун дутагдаж байж дээ гэмээр. Сайн муу зэрэгцэн оршдог жамын дагуу эвлэрлийн давуу тал байсан ч бас түүн дотор энэ давуу талыг ашиглагч нар гарч ирснээр  өтүгэ ухамсарын хэцүүгийн олз бий болсон гэлтэй. Чухамхүү энэ олзон дээр дөрөөлөн  Мон ухамсар гарч ирсэн юм болов уу. Хэцүүгийн олз гэж юуг хэлнэ вэ гэж хайхаж байна уу? Алдсан алдаанаас олсон ухаарал, эдгээр алдааны  шалтгааныг таних гэвэл бараг болох байхаа.


Зориг бие байвч , зорилго чиглэл байхгүй
Өдөр олсон махыг хоногт нь идэж дуусгаад
Унтах, мах идэх, зугаацах гурваар
Оул биеэ тэжээсэн олон буман наснаас
Мянган сэтгэхүй ний тархитай байхын хэмийг ухаарч
Мон ухамсар үүссэн түүхтэй билээ
Өтүгэ ухамсарыг дөрөөлж, авъяасыг дэрлэж
Ний тархинд удирдагдахын үлгэр туульс уухайлж
Түмэн насыг баравч төр болж чадсангүй  гэж сударт өгүүлсэн нь байдаг.
Мянган сэтгэхүй ний тархитай байхын хэм гэж юуг өгүүлсэн бол? Өтүгэ ухамсарын хэцүүгийн олз нь юу байв? Юуг дөрөөлсөн байх вэ?  Дээрх өгүүлсэнчлэн нэгдэлийн дунд гарсан алдааны ухаарлыг дөрөөлөн олны дундаас  дэмч нар төрөн гарч нэгдсэн түмнээ оройлон манлайлж, нэгэн цэгцтэй явах хүсэл тэмүүллээр ард түмнээ удирдан залж болох болохгүйн хязгаараа тогтоон, дэг жаягууд гарч эхэлсэн үе байх нь. Харин мянган сэтгэхүй ний тархитай байх гэдэг өгүүлбэр нэлээн гүн утгыг агуулж байх шиг. Өнгөцхөн бядуухан тархиар ухаж үзвэл хүн бүрийн сэтгэх чадвар янз бүр байдаг ба гагцхүү тэдгээрийн нийлэмж дээр асуудал зангилагдаж байгаа болов уу. Үүн дээр яах аргагүй манлайлал гэдэг зүйл гарч ирэх байх . Манлайлалыг бий болгох гол хүчин зүйлс юу байж болох вэ?
Оройн дээдэд эрдэм мэдлэгийг залж
Түмэн ардаа мэдлэг оюунд нь төгөлдөржүүлж
Ний хэмэнд нь оруулж
Хүмүүн нь
Моногоуул биендээ хүрч амьдрах нь
Моныг голлосон хэрэг нь билээ гэж Хас төрөөр бадраах сударт тодлон айлдсан байдаг

Ам бүр моныг шулуун шударгаар ул болгохгүй бол
Амаар хэлсэн үлгэр туульс домог болохыг мэджээ
Моныг гол болгох ухамсар ингэж үүссэн юм.



Оройлон манлайлах эрдэмд суралцаж
Түмэн ардаа удирдан залахад ухамсар оюунаа чилээн байж
Өөрийн хүслийг даран байж Үйлдэх тэр л үйлийг
Мон Огоуул ухамсар хэмээн айлдсан билээ



Чухамхүү гавалын чанар гэдэг зүйлийг дор бүрнээ өөрийн чадах хэмжээндээ ухан , бусадтайгаа учиг нийлүүлэн, эвлэн нэгдэхийн ухааныг олж , амьдрал ахуйдаа хэрэглэн заншил болгож ирсэн агуу өвгүд дээдсийн үрс билээ бид.
Сэтгэхүйгээр биш заншихуйгаар
Сэрж тохинуулж хөх болжээ гэсэн Алтан судрын үгс чухам бидний ухамсар , эрчим эх хоёрын нийлэмж дээр гарч ирэв үү гэлтэй .

Хэрэглэж байж , зан болгож, заншиж байж сая Их Засаг гэж нэгэн анд минь өөрийнхээ бичлэг дээр бичиж байсныг энд ч бас давтмаар санагдлаа. Үргэлжлэл бий .