Sunday, December 29, 2019

Тооцоолох эрдэм ( Тоо ба чанар 11)

Асуудлыг шийдэх цорын ганц гарц бол өөрийгөө л өөрчлөх . Энэ өгүүлбэрийн утгыг юу гэж ухаж байна? Өөрөөр хэлбэл зохицохуй гэж ганц үгээр тодорхойлж болох байх. Харин юунд яаж зохицох болж байнаа гэсэн асуулт гарнаа даа. Үүнийг хариултыг олохын тулд цаг хугацаа, орон зайг хир хэмжээгээр харж чадаж байгаагаас хамаарна. Хүмүүсийн шийдлийн үр дүн үргэлж  үүнээс хамаардаг. Өнөө маргаашаа харж гаргасан шийдвэрийн үр дүн нөгөөдөр ямар байх вэ гэдгийг харахын тулд бүтэн систем яаж ажиллаж байгааг тооцох чадвараас хамаарна. Алтан судрын тосож бэлдээд тэсэж дав гэдэг үг чухам юуг илэрхийлнэ вэ?
Нийгэмд маань түмэн асуудлууд бий , түүнийг дагаад түмэн шүүмжлэл байдаг. Аливааг шүүмжлэх шиг амархан зүйл байхгүй. Таксины жолоочтой таван үг солиод л үүнийг мэдэж болно. Гэвч бид яагаад аливааг шүүмжилдэг юм бол? Шүүмжилснээр тэр асуудлыг өөрчилж чадна гэж боддог юм болов уу? Харин тийм бол та буруу бодож байгаа магадлал тун өндөр . Өөрөөсөө бусдыг өөрчилнө гэдэг хэцүү. Харин та зөвхөн өөрийгөө өөрчилж чадна. Хоосон шүүмжилж сурсан сэтгэлгээгээ өөрчилж " Үүнийг шүүмжлэхийн оронд БИ ЮУ ХИЙЖ ЧАДАХ БИЛЭЭ? " гэж өөрсдөөсөө асуумагц бид асуудлыг бодит өнцгөөс харж эхэлдэг. Улмаар өөрсдийн сэтгэлгээнээсээ ӨӨРЧЛӨЛТ -ийг эхэлбэл бидний ШҮҮМЖИТ нийгэм ямар нийгэм болж өөрчлөгдөх бол? Зөвхөн өөрийнхөө сэтгэлгээгээ өөрчлөхийн ач тусыг ойлгож улмаар системийн сэтгэлгээнд суралцаж, бусдад сурсан эрдмээ хуваалцах гэж яваа нэгэн болж болох юм.
Бид тодорхой ажлыг хийхдээ яаж сайн хийх дээр л төвлөрдөг. Гэтэл тухайн ажлыг хийх ч шаардлагагүй байсан үе нэг биш удаа гардаг. Аливааг хийж эхлэхээсээ өмнө цэгцтэйгээр төлөвлөж хийх гэдэг сурч болох чадвар. Энэ бол орчин үеийн хэллэгээр систем инженерчлэлийн нэг хэсэг юм. Ажлыг зөв хийх тухай биш эхлээд зөв ажлаа сонгохын чухлыг хэлэх гэсэн юм. Ямар ч ажлыг хийж эхлэхийн өмнө асуух 3 чухал асуулт байдаг. Яагаад юуг яаж? Эдгээр асуултыг асуух дараалал нь маш чухал. Яагаад хийх ёстойгоо ойлговол юу хийх хэрэгтэйгээ мэднэ. Юу хийх хэрэгтэйгээ мэдсэний дараа түүнийгээ яаж хийх тухайгаа бодно. Гэвч хамгийн чухал асуулт бол ЯАГААД?
Яагаад энэ бүгдийг би хийх хэрэгтэй гэж? Яагаад энэ асуудал үүссэн юм бол? Энэ бүхнийг ойлгосон цагт ямар нэг асуудлыг шийдэхэд нэн хялбар болно. Ямар ч асуудал өөрийн гэсэн шинж тэмдэгтэй байдаг.  Жишээ нь агаарын бохирдол ихтэй байна гэдгийг утаатай болсноор нь мэддэг. Энэ бол зөвхөн шинж тэмдэг. Шинж тэмдэгийг танимагцаа бид асуудлыг нэн даруй шийдэх гэж оролддог. Улаанбаатарын утааг харснаар яагаад утаа үүссэнийг мэдэхийг хичээдэг. Улмаар хүмүүс нүүрс түлэж амьдарч байгааг мэдмэгцээ тэднийг нүүрс түлэхийг болиулахыг хичээдэг.  Гэвч бид яагаад энэ хүмүүс нүүрс түлж байгааг асуух хэрэгтэй. Ингэж гүнзгий ухаж асуусаар эцэст нь бид асуудлыг гүнд нь орох хэрэгтэй.
Магадгүй жинхэнэ асуудал нүүрс түлэх биш харин иргэд хөдөөнөөс хотод нүүж ирж байгаа шилжилт хөдөлгөөн байж болно. Тэгвэл дахиад л яагаад иргэд хөдөөнөөс хот руу нүүж ирж байгаа юм болоо гэсэн асуулт гарч ирнэ. Өнөөдөр хэн ч уур амьсгалын өөрчлөлтийг хүсээгүй боловч бодит байдал дээр дэлхий дулаарч байна. Бидний хийж буй алхамууд эцэстээ бидний хүсээгүй үр дүнг бий болгож байдаг. Бидний жижиг үйлдэл өнөөдөр дэлхийг өөрчилж байна. Хэрэв бид энэ маягаар муу нөлөө үзүүлж чадаж байгаа бол сайн талдаа ч нөлөөлж чадна гэсэн үг. 
Тооцоолох эрдэмийн гол зорилго нь асуудлын шинж тэмдэгт хариу үйлдэл үзүүлэлгүйгээр яагаад шинж тэмдэг  гарч байгаа тухай эцсийн хариултыг олтлоо ухаж асуухад оршиж байгаа юм.

Өөрийн оюун ухаандаа тунгаан бодоод
Тооцоолж дийлэхгүй зүйл гарах аваас
Ирээдүй цагийг
Зуу зуун жилээр нь урьдчилан харж
Төр улсын төвшин амгалан амьдралыг
Өтүгэ цагаас бэлдэн тооцоолж ирсэн
Ухамсар оюуныг ухан дийлэхгүй тул
Бөө гэгээн тархи
Өвөг дээдсийн оюун ухааныг
Ухан төнхчин байж
Ирээдүй цагтаа
Улс гэр, эх дэлхий хааш эргэхийг
Аливаа замд хэрхэн оруулахыг
Тооцоолон өгүүлсэн байгаа
Өвөг дээдсээсээ
Ирээдүй цагийг тунгаан асуу
Өнгөрсөн түүхийг эргүүлэн сөх
Үлгэр домгийг тольдон унш
Их засгийг тунгаан бод
Мэвдэл зохихуйг тархиндаа хураа
Энэ бүхнийг тооцоолон байж
Оюун бодлоо цэнэглэ
Түүний дараа тооцоолон бодож
Ирээдүй хойчдоо үлдээх өв судраа
Дахин бичиж үлдээх болтугай



Wednesday, December 25, 2019

Үнэн үг өөр дээр тань биежихүйд
Үнэ цэнэ өсөж өргөн түмнийг дагуулна
Өөртөө өгсөн амлалтаа биелүүлэмгүй бол
Өрөөлийн сэтгэлийг хэрхэн татах
Чин сэтгэл байлаа гээд
Чимээгүй урсгалыг сонордлоо гээд
Үйлдэл болгож биелүүлэмгүй бол
Үүдэн хойморын ялгааг танилгүй
Үлээхэд замхрах утаа мэт хоосон
Үлдэж тэр л газартаа л хадагднам

Thursday, December 19, 2019

Ухаалаг гүн харцтай тэр нэгэн 
Урам зориг, эрч хүчээр дүүрэн
Уулзаж үг солиж үзээгүй ч 
Угийн дотно танил мэт мэдрэмж
Урьд нэгэн насандаа
Учирч бас нөхөрлөсөн мэт
Хатуу зовлонг хөнгөхөөн үүрэх
Хатан зориг түүнд нэвт шингэсэн мэт

Tuesday, December 17, 2019

Номин багшдаа

Хондод унасан өдрийн учрал
Хос заяаны эрхэм дусалд шингэж
Хорвоод уусах уран хөдөлгөөнөөр
Хүйн талын дээгүүр дүүлэн нисэв
  Ухаант ээжүүдийн сүүн цацлаар
  Урагшлах бүхний есөн хүсэл оршиж
  Уран биелгээнд уусгах уянга ундарч
  Урам зоригоор бүгдийг хөтлөж чиглүүлмой
Номин цэнхэр хадаг дэлгэх агшинд
Номт мэргэдийн ухааныг дэлгэрүүлж
Мөнх тэнгэрийн эрчис биед шингэн биесэж  
Мөнгөн түлхүүр зангилаа бүхнийг нээмүй
Түмэн олны түүчээ болон түг түмээр эрчис бүхэн хуйлрах болтугай!

Sunday, December 15, 2019

Хөхүүд


Эргэх хорвоогийн орчил хасын дүрсэнд бууж
Ээрэм талд жам ёсыг мөнхөлнөм
Эргэн эргэн ирэх орон зай, цаг хугацаа
Ээлжлэх дөрвөн улиралыг сонорт буулгаж
Эрээлэх өнгийг уусгаж бас тодруулнам
Харин тэр л ертөнцийн өнгөнөөс хөхүүд
Хагацашгүй мөнхийн зам мөрийн холбоосыг олж
Хан тэнгэрт дүүлэн нисэж
Хөрст газартаа гишгэгдэлээ бөхөлвөө

Thursday, December 5, 2019

Эрх чөлөө


Ээрэм талын салхи шиг эрх чөлөөтэй төрсөндөө би баярланам
Эргээд л энэ газартаа ясаа оршоогоод хаа нэгтээ одох болно
Эргэх цагийн аяст зөөлөрч бас ширүүссээр
Эгэлхэн нэгний хацрыг элбэн бас хайрна 
Хэн нэгний гаргасан замын эхэнд очиод
Хаа очихоо ч мэдэхгүй тэр л замаар бэдрэх үед
Хүрэх газарт минь хүргэх зам энэ мөн бил үү?
Хүсэл болсон өөрийн замыг олсон болов уу хэмээн
Хувь заяаны төөрөгтэй эргэлзэн бас шинжих болов уу
Үнэхээр би эрх чөлөөтэй юм уу
Үүргийн төлөөс шиг бас барьцаатай ч юм уу хэн мэдлээ

Зах хязгааргүй ээрэм талын салхи юу шивнэнэ вэ
Заяа тавилангийн мөнхийн ундаргаас үгс тээж
Борхон зүрхний дусал цусанд шингээж үлдээсэн бүхнээс
Бодлын гүн рүү харвах сум мэт гүн уусгана уу
Эргэх тавилангийн оноолт бүрийн ончийг тааруулж
Болзоо товын хугацааг товлон уясгана уу
Аранзал тугны намираа салхины чигт жигдэрч
Ассан галын дөл тэнгэр өөд цоргин тэмүүлнэ үү
Чив чимээгүй урсгалын эрчим хөврөн байхуйг танигсад
Биесээ таних дохиог аниргүй орчлонд сонордохуйд
Билэг ухаан аргад шингэн биесэж
Буй бүхний гал төөнөн ариусгахуй



Хорвоо ертөнцийг тэмтэрч туулаагүй хүмүүн
Хоосон чанарын мөн чанарыг бясалгаж чадах бил үү
Зовлон жаргалын амтыг амтлаагүй хүмүүн 
Үнэн худлын дэнсийг хэрхэн дэнслэж чадах
Хоруу сэтгэлийн хохиролыг амсаж үзээгүй хүмүүн
Хоосон бясалгалаар хэрхэн гэгээрлийг олох
Үйлдэж бүтээх гэж зүтгэж үзээгүй хүмүүн
Үлэмжийн чанарыг хэрхэн таних