Tuesday, September 23, 2014

Орон зай

 Орон зай

Аливаа зүйлийг үнэлж ,дүгнэх, цэгнэх нь хүн бүрийн оюуны цараагаас хамаарах аж. Өнгөцхөн хараад гадаад хэлбэрээр нь дүгнэх нь ихэвчлэн алдаатай байдаг ч ажигч гярхай хүний хувьд бол өнгөц дүрээс сэжүүр олж цааш ургуулан бодох нь ч байдаг л юм. Өөрөөр хэлбэл  өнгөцөөс гүн рүү нь орох нь өөрийн чадвараас хамаарах мэт. Бид аливаа асуудлыг олон талаас харах талаар ярьдаг боловч тэр болгон харж чаддаггүйд асуудал байдаг. Саяхан нэг танилынхаа "Шорон " (http://nisdegbalchir.blogspot.com/2014/09/89.html) гэдэг шүлгийг уншиж байгаад бид өөрөө өөрсдийгөө тэр шоронд хорьж орхидог юм байна гэж ойлголоо.  Шоронгийн хана нь харин бидний мэдэмхий зан, мэддэг гэж боддог өнгөцхөн бодол. Зарим хүний хувьд мөнгө эд хөрөнгө, бүүр заримынх нь хувьд залхуурал, эсвэл бусдад  даатгах  гээд олон л янз байдаг биз. Харин  мэдэхийг хүссэн тэмүүлэл л бидэнд тэрхүү шоронгийн үүд хаалгыг нээж өгөх мэт.  Харин тэрхүү шоронгийн гадаа биднийг юу хүлээж байгаа бол?

Хорвоо чи юунд хэлгүй дүлий царайлна вэ
Хэнэггүй хүйтэн дүнсийж нэг л тойргоор юунд зогсолтгүй эргэнэ вэ
Хорвоо чи харгис хатуу эзний өрөвдөх сэтгэлгүй албат юм уу
Харгис эзнийхээ тушаалыг ягштал биелүүлдэг харгалзагч юм уу
Хаагуур тойрохоо ч заалгасан чи бас хоригдол уу
Харгис хэрцгий эзэн чинь чамд юу гэж тушаагаа вэ
Хэдий болтол ингэж нэгэн жимээр эргэлдэх вэ
Хорвоо чиний элгэн дээр аж төрөх хүмүүс
Хоригдох  ял заагдсан гэмтнүүд юм уу
Хаа нэгэн газар хэрэг тарин адлагдаад
Хорвоо гэгч шоронд хүргэгдээ юу
Хаанаас юуны учир хөөгдөж ирээ вэ бид
Хөөгдсөн тэр газар руугаа буцах арга бий юу
Хүмүүний зовлон шаналалыг чи юунд үл сонсоно вэ
Хүний зовлонд ханаж цадахгүй чинь үнэн үү
Хүмүүн бид улиг болтол гомлоллосоор хорвоо чамайг дөжрөөгөө юу
Хүмүүн биднийг өрөвдөхдөө чи хааяа ч гэсэн доголон нулимс унагадаг уу
Хилсээр хоригдож хэлмэгдсэн гэмгүй хүн энд нэгээхэн ч үгүй гэж үү
Хийсэн хэргээсээ хамаарч ялын хугацаа нь адилгүй юу
Хэдэн зуун мянганаар урсгасан хүмүүний нулимс хаашаа далдардаг вэ
Хаа нэгтээ нууцхан газар далай тэнгис болон тогтдог уу
Хаа нэгтээ тогтсон тэр далайд жаргалтай ганганах хун галуу бас бий юу
Ял завшсан зальхай хүмүүс тоймгүй их байдаг уу
Ял завшиж байна гээд ялаа улам нэмдэг үү
Ял эдлэж буйгаа жаргал хэмээн эндүүрдэг үү
Ял хэмээн хүлээж авсан нь хэрхдэг вэ
Аз жаргалын нулимс яагаад ховор байдаг вэ
Аз жаргал гэгч хоромхон зуурын зэрэглээ юу
Амжиж хүртэж чадсан нэгний зол уу
Амжиж хүртээгүйчүүд нь хэдий болтол хүлээх вэ
Аз жаргалын нулимс чихэрлэг амттай байдаг уу
Аль эсхүл чиний дуртай зовлон шаналалын шорвог нулимсаас өөрцгүй юу
Хорвоо чиний шоронг юу ийм бат бөх болгоно вэ
Хатуу савраас чинь хэн ч мултарч чаддаггүй нь юуных вэ
Хүн эсхүл өөрийгөө шоронд цоожилж байдгаас
Хийх ажилгүй чи хачин их уйддаг уу
Хүсэл, шунал, тачаал, хэзээ ч биелэхгүй мөрөөдлүүд
Хийсэн үйлийн үр хүлж биднийг багладаг уу
Хүмүүнд хүлээс болдог бүхийг тоочвол барагдах уу
Хэрэв тийм бол бид хүлээснээсээ хэрхэн мултрах вэ
Хүлээснээсээ мултарч чадвал хаалга чинь үргэлж нээлттэй юу
Хэн бүхэн тэгвэл сэхээрч ухаарах болтухай
Хэн бүхэн тэгвэл сайнаар өөрчлөгдөх болтухай
Хэн бүхэн тэгвэл хүлээснээсээ салах болтухай
Хамаг бүхэн тэгвэл сайнаар эргэх болтухай
Хамаг бүхэн тэгвэл сайнаар төгсөх болтухай
Хаалга үүдийг чинь олоод шоронг үүрд орхих болтухай
Хайрын сэтгэл хязгааргүй хаанчлах болтухай
Хэлгүй дүлий хорвоо чи хэлд орж сонордох болтухай
Харгис хатуу эзэн чинь уярч нигүүлсэх болтухай
Хэн бүхэн ялаас мултарч хөөгдсөн тэр газартаа эргэн очих болтухай

Thursday, September 11, 2014

Аяны дараах өвгөдийн түрлэг

Заяа тавилангийн үүд
Хаалга юугаа дэлгэн
Замбуу тивийн учрыг 
Замын уртад таниулж
Орчлон хорвоо гэх 
Байгаа энэ бүхнээ
Байлгаж үлдээхийн учгийг
Сэтгэлийн гүндээ хайн
Үгийн цэгцэнд ургуулж
Үйлийн уранд шингээн
Өнө мөнхийн утгыг
Энгийн бүгдээс ухаж
Эргэх улирлын өнгийг таниж
Энэхэн цаг үедээ
Эвлэрэл гээчийг нь олсоор
Эх болсон бүгдийн
Энэрэл хайраар түгээх
Эрдэм ухаан бүхнээ
Эн болгон цацрааж
Үг үйлдэлээ нийлүүлэн
Үлэмж төгөлдөрийг бүтээх
Өвгөдийн үргэлжлэл
Өнө мөнхийн түүчээ болном зээ

Газар мину

Газар мину,

Хөрст алаг дэлхий дээр
Хүний заяаг олон
Хүйн холбоотой эхээс
Хөглөн салсан адил
Газар эхийн хэвлийд
Хайр энэрэлийг нь мэдэрч 
Халуун энгэр юунд нь
Эрхлэн өссөн билээ
Зон олон ард нь
Зоргоор нүүх нутагтай
Түмэн олон ард нь
Түвшин амгалан оршиж
Айл бүлээр нэгдэн нийлж
Айдас үгүй жарган суухуйд
Өндөр өвгөдийн үлдээсэн мөр
Өр зүрхний гүнд шингэж
Өргөн уудам талын салхи шиг
Хөвч тайгын моддыг ганхуулж
Хөөрүү сэтгэлийн хөгийг урлаж
Хөрст газартаа сөгдөн мөргөнөм зээ
Айсуй ирэх цагийн аясад
Алдаа оноог дэнслэн байхуйд
Мунхаг бодлын зоосон нүдээр
Мухар замыг хөөн одвоос
Гишгэх газаргүй хөөрхий болон
Гиншин уйлан суух вий дэ
Эцэг өвгөдөөс уламжлан ирсэн
Эрдэнэ болсон газар таныгаа
Ээлжлэн ирэх цагийн аясад
Эгнэгт сахих үрийн сэтгэлээр
Энхрий үрсдээ үлдээнэ буй за

2014.07.14

Wednesday, September 10, 2014

Мөрөөдөл

Хүний хүсэл , мөрөөдөл 2 ер нь ялгаатай юм болов уу? Хүсэл мөрөөдөл гэж хоршиж бичдэг ч бас л 2 тустай үгээр бичснийг бодвол бас ялгаатай л байх. Эхлээд хүсэл байгаад дараа нь тэрнийгээ ургуулан бодож бүүр сайхан болгоод мөрөөдөл болох юм болов уу?
Үгээр нь задалбал Мөр Өөд Эл болгож болох нь . Мөр гэхээр урьд нь хэний ч  юм гаргасан ул мөр байж таарах нь . Тэгэхээр тэр Мөрөөр Өөдөө явбал Эл болон хүлээн зөвшөөрөгдөн тодорч гарч ирнэ .  Мөрөөдөл ямар ч байсан хүслээс үүсэлтэй болж таарах нь ээ. Энэ зүгээр л миний логик шүү. Бусад хүмүүс ч бас өөрөөр бодож байж магад шүү дээ.  Эртний хүмүүс юу мөрөөдөж юу хүсэж байсан байж болох вэ? Мэдээж хэрэг байгалийн хатуу ширүүний өмнө гэдэс цатгалан , дулаанхан, айх аюулгүй байхыг хүсдэг байсан. Тийм байхын тулд юу хийх ёстой вэ гээд л бодож эхэлсэн байх.  Гэвч хүн бусад амьтдаас хамаагүй илүү бодож сэтгэх чадамжтай  тул ганц ганцаараа байснаас нийлээд авбал арай л амьдралын хатуу бэрх болгоныг туулах нь хялбар болно гэдгийг ухаарч анхны бүл , отог аймгууд үүссэн байх нь. Түүдэг гал гэдгийг олж, нээж түүнийгээ унтраахгүй тулд харж манаж.  Тэгтэл нэг залхуу нөхөр ёо ядаргаа энийг хараад шөнөжин суух гэж дуртай үедээ энэ галыг асаачихдаг болчих юмсан гээд л мөрөөдсөн чинь нэг ухаантай нөхөр эргэн тойрноо ажиглан харж судалж байгаад цахиур чулуу гээд оч бутруулдаг юм байна гэдгийг мэдээд нөгөө нөхрийнхөө мөрөөдлийг биелүүлчихсэн байх жишээтэй. Тэгэхээр хүсэл мөрөөдөл гэдэг биднийг хөдөлгөгч  хүч маань болох чухал зүйл болоод явчихлаа шүү. Гэвч сайны хажуугаар саар үргэлж байдаг болохоор бас буруу хүсэл төрөхийг хэн бай гэхэв дээ. Тэгэхээр бас мөрөөдөл бас буруу байж болох нь. Жишээ нь Би энэ ертөнцийг ганцаар захирна. Бүгд л миний хүссэнээр миний өлмий доор мөлхөх болно гэж мөрөөддөг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхийн тулд хүмүүсийг барьж байхын тулд хүмүүсийг хүслээр нь удирдаж эд буюу мөнгө гэдэг зүйлээр юу хүссэн болгоноо хийлгэдэг болгодог байж болно. Тэгэхээр бидний хүсэх ёстой мөрөөдөх ёстой зүйл маань юу байх вэ?  Миний хүсэл мөрөөдөл ер нь юу байх бол? За би сайхан байртай болмоор байна гэж хүсье. Манай олон залуучуудын хүсэл шүү дээ. За яая даа байз. Сайхан тогтвор суурьшилтай ажилтай болчихвол би банкны зээлэнд хамрагдчихна даа. Эсвэл ерөөсөө бизнес хийж байж л энэ хүслээ биелүүлнэ. Бас л мөнгө хэрэгтэй. Мөнгөгүй би юугаа хийхэв дээ ... Гэтэл энэ нөхөр хүсэл зөв буруу ч гэх шиг юугаа бичээд байна даа. Би ч байр машинтай болчихвол, өө бас тэгээд байнгын орлоготой , бизнестэй ч юм уу гээд л хүсэл маань хөвөрч байна даа. За энэ бүхнийг чинь нэг нөхөр мэдчихлээ. За байр хүсэж байгаа залууг өөрийнхөө боол болгоноо. Мэдээж хүсэж байгаа байрыг нь харуулаад за чи байртай болохыг хүсэж байвал алтны уурхайд маань ажил чамд их цалин өгнө очиж ажилла. Бөөн баяр ашгүй ажилтай боллоо мөрөөдөж байсан байртайгаа ч бас болно. Юу нь буруу байгаа юм бэ??? Тэгээд би өөр юу хүсэх ёстой гэж? за цаашаа бодъё. Байртай ч боллоо машинтай ч боллоо ажилтай ч боллоо.  Тэгтэл нөгөө хүсэл маань бас л  илүү том байр , брендын хувцас гутал, гоё том жийп за за тэгээд нөгөө алтан загасны эмгэний үлгэрээр явах ч юм билүү. Гэтэл нэг зүйл олоод уншихлаа . Хүний хүсэл шунал хязгааргүй. Нөгөө хүсэл мөрөөдөл маань хүсэл шунал гээд өөр үгтэй холбогдчихлоо. М.Ганди гуайн хэлсэн үг байх юм : Хүний хэрэгцээг хангах нөөц энэ дэлхийд бий харин хүний шуналыг хангах нөөц байхгүй гээд хэлчихсэн байхын. Юун дэлхий мэлхий вэ хар ядаргаа би л болж байвал болоо шд. Гэхдээ бас бодох юм байнаа. Би ер нь энэ хүслээ хязгаарлахгүй бол болохгүй юм биш үү?  Миний шунасан бүхнийг би хаанаас гаргах юм бэ? Энэ дэлхий дээр л амьдарч байгаа юм чинь энэ дэлхийгээс л авна даа. Хэрэв энэ дэлхий дээр юм үлдэхгүй бол нөгөө Аватар кинон дээр гардаг шиг өөр гаригаас л авах юм болов уу? За миний нөгөө шунаг хүсэл маань дэлхийгээс хэтрээд явлаа шүү. Зогсоё.............  Юу болоод байнаа?  Тэгтэл бас нэг юм олоод уншчихлаа. Хөх толбот Монголчууд бол эх дэлхийн хамгаалагчид . За бас юун хамгаалагч вэ? Энэ ер нь хүсэлтэй ямар хамаа байнаа? Яахаараа заавал Монголчууд бид тийм онцгой гээд л дандаа өөрсдийгөө хөөргөж байдаг юм? Тэгсэн чинь цаана нь Мандухай цэцэн хатан хамаатай хамгийн их хамаатай гээд л хашгирч байна. За хамаагүй гэж бодохоор дэлхийн нөөц нь миний шуналд барагдаад нөгөө сайхан том байшин маань тогтох газаргүй болчихвол яанаа? За юу гэж дандаа дэвэргэж байдаг юм. Тэгтэл сүйрэв гэж дээ. Тэгвэл яг ийм хүсэл тээсэн хичнээн сая хүн энэ дэлхий дээр байгаа болоо?  Тэр болгон чинь шунаг хүслээ биелүүлэх гээд дайрчихвал нээрээ юу үлдэхэв дээ энэ муу ганц байгаа дэлхий маань яг л хортон шавьжинд идүүлж байгаа юм шиг биш гэж үү? За ерөөсөө больё. Ер нь зөв хүсэл тээж амьдаръя. Харин тэр нь юу юм болоо? Өнөө гайхал хөх толбот монголчууд чинь юуг зөв хүсэл гэж боддог юм бол? Юуг мөрөөдөл гэж боддог юм болоо? 

"Хөх Моногоуулыг нийхэмээр бадраах хутагтай дөрвөн нэүрит засгийн Алтан Дээд үнэний аялгуу "гэдэг судар байх юм. ЧИНГИС хааны отгон хүү Толуйн хатан Сорхогтани бэкүни хатаны бидэнд уламжлуулж ирсэн судраас энэ асуултын хариуг хайлаа тэгсэн ийм хэдэн үг биччихжээ. 

Хүслийн зүйг ТНГР-ийн ЖРЛГ-т болгоож мөрлөн амьдарваас
Хөх Моногоуул мөрөөдөл гэж чухамдаа энэ билээ 

ЗА юу юу гэнэ вэ? Тэр Хүслийн зүй гэдэг нь юу юм? Нөгөө зөв хүсэл нь үү?

Хүслийн зүй гэж юу юм бэ хэмээвээс  гээд баахан ойлгомжгүй зүйл биччихсэн байх юм.  Ухаант уншигч та учрыг нь олох гээд үзээрэй.

ТНГР-ийн ЖРЛГ гэж бас юу вэ? Орчлон ертөнцийн жам ёс , байгалийн хуулинд захирагдан түүнд нь зохицон амьдрахыг   ТНГР-ийн ЖРЛГ т болгоож гэсэн байхаа. Яанаа тэгвэл тэр орчлон ертөнцийн жам ёс, байгалийн хууль гэдэг нь бас юу юм болоо ? тэрэнд нь бас суралцах хэрэг гарах нь .....
Монголчууд энэ бүхнийг нь мэддэг л байсан юм байх даа?  Сүүлийн үед монгол суу ухаан гээд л хэлэлцэх болж , бас бөө нар гээд л онгод  тэнгэр буулгаад л сургааль хэлээд засал хийгээд байгаа нөхдүүдийн мөрөөр замнах хэрэг л гарч байнаа даа? Тэд нар чинь амьд хүн байх даа Их Монгол улсыг байгуулж тэр битгий хэл дэлхийн талыг эзэлчихсэн улс шүү дээ.  Хөх толботууд дэлхийг хамгаалагчид байсан болохоороо дэлхийн талыг эзэлсэн  байх нь..... За ингээд зөв хүсэл мөрөөдлийн мөрөөр хөөгөөд байх нь дээ. Бурууг нь ч бас хохирлоор нь хөөхөд гэмгүй дээ.



Эмэгтэй хүн

1. Биеэ авч явах чадамж
Үүсэл гарвалаа мэдсэн
Уужуу тавиун бодолтой
Урагш тэмүүлэх хүсэлтэй
Эв эеийг хичээсэн
Эрхэм хүндлэлийг дээдэлсэн
Үрс балчруудаа тэтгэсэн
Өргөсөн ханиа халамжилсан
Өтгөс өвгөдөд асралтай
Энэрэл хайр дүүрэн
Эмзэгхэн бүсгүй яв.
2. Гоо үзэмж
Эрхэм гоо эрүүл мэнд
Удаах гоо эрдэм мэдлэг
Дараах гоо уужуу ухаан
Энэ бүгд эвлэлдэн сүлэлдэж
Эрхэмсэг гоо үзэмж болмой
3. Хүүхэд хүмүүжүүлэх эмэгтэй хүний үүрэг
Хорвоо дэлхийн үүслээс нь
Хонгор үрсдээ таниулнам
Арван сар тээх амин сүнсний учгийг
Алаг дэлхийн үйлстэй нь холбон
Хатуу бэрхээс түүртэлгүй
Харуулан үзүүлж таниулж
Хорвоо дэлхийн уужмыг
Хос баганат гэртээ
Үйлдүүлж, үлгэрлэж, уламжлуулж,мэдрүүлж, ойлгуулж, мэдүүлнэм
4. Төрөө хэрхэн засан авч явах хатан хүний үүрэг
Эвлэлдэн нэгдэхүйн
Эгнэшгүй ухааныг
Гэр дотроо жаяглаж
Энгүүн даруу ааш аалиар
Энэрэл хайрын зүрх сэтгэлээр
Илбэн тохинуулах их үйлийг
Эгнэгт сахих Хатан ухаан
Үе үед дамнан ирж
Хатуу бүхнийг зөөллөн
Хагацсан бүхнийг эвлүүлж
Урлахуй болгон бүтээсэн
Уран нарийн суу зальд
Ухаант хатад нь зүтгэнэм
5. 
Амьтай бүхэн эхтэй
Үртэй бүхэн энэрэлтэй
Үүсгэл язгуур нэгтэй
Алаг дэлхийн үрсүүд
Уужим хорвоогийн зүй тогтол
Өнөд хадгалах жам ёс
Үрсээ ижилхэн ивээх наран мэт
Энэ бүгдийн үндэс нь
Эх бүхэн байдгийг ухаж
Мөнх үргэлжлэх цаг хугацаанд
Өнгөт дэлхий ээжээ
Өнөд сахих үрсээ
Үеийн үед уламжлуулж
Үндэс угсаагаа бөхөлж
Алтан нарны цацрагт
Амь юугаа тэтгэж
Мөнгөн сарны туяанд
Мөнх оршихуйг бэхэлнэм