Thursday, May 17, 2018

Эв эеийн үлгэр

Эрт урьдын цагт нэгэн хүү хөгшин эх  4 ах нарынхаа хамт эвтэй найртай сайхан амьдарч байж гэнээ. Үзэсгэлэнт сайхан уул устай нутаг орондоо адуу малаа маллан амар тайван  амьдран сууж байтал хаанаас ч юм  хэсэг хүмүүс тэдний нутагт нүүдэллэн ирж суугаад үзэсгэлэн сайхан уулыг нь ухан төнхөж,  ургамал амьтдыг нь хайр найргүй устгаж най сайхан тухыг нь эвдэх болж гэнэ. Ах дүү 5 энэ бүхэнд нь эгдүүцэн дургүйлхэж өнөө улстай очиж уулзаж  уул усаа ургамал амьтнаа хайрлан эвтэй найртай амьдрахыг хүссэн боловч өнөө хүмүүс сонсохыг хүссэнгүй гэнэ. Тэгэхээр нь өнөө ах дүүс өөрийн нутаг хэмээн хил хязгаар тогтоож уул ус ургамал амьтнаа хайрлан амьдрах дэг жаягийг тогтоож түүнийг биелүүлэхгүй бол тэдэнтэй зэрэгцэн амьдрахгүй гэжээ. Хүчирхэг 5 ах дүүсийг эсэргүүцэх хүч үгүй байсан тул аргагүйн эрхэнд тэдний нутгаас холдон нүүжээ. Гэтэл тэр хүмүүсийн дунд нэгэн арга заль ихтэй хүн байсан бөгөөд бусаддаа яаж энэ байдлыг эвдэх талаар сургаж гэнэ. Түүний хэлж өгсөн арга бол 5 ах дүүгийн хамгийн ахмадтай нь уулзаж түүнийг бусад ах дүү нартайгаа муудалцуулах аргыг олцгооё гэжээ. Тэгээд өнөө ахмад хүүг нь дуудаж буруу үйл хийж бусдыг хохироосондоо өршөөл эрье хэмээгээд эв нэгдлийг бэлэгдэж нэг сайхан охиныг түүнд гэргий болгон өгье гэцгээж гэнэ. Ахмад хүү тэр охиныг хараад үнэхээр үзэсгэлэн төгс байсан тул сэтгэл алдан дурлаж гэнэ. Гэртээ эргэж ирээд дүү нартаа өнөө хүмүүс өөрсдийн алдаагаа ухамсарлан эвтэй найртай зэрэгцэн амьдарахыг хүсч байгааг нь хэлж гэнэ. Гэвч дүү нар нь уул усыг нь бохирдуулж ургамал амьтанг нь сүйтгэсэн урьдын их хохиролыг нь санан түр харзнахаар шийдэж гэнээ. Явсан очсон газар бүхнээ хомхойлон идэж устгачихаад дахин нэгэн шинэ газар луу нүүж амьдардаг эдгээр ард өнөө баялаг сайхан газраас холдон нүүхийн оронд ах дүү 5 ыг хооронд нь муудалцуулаад газар нутагт нь эзэн суух санаанаасаа татгалзахыг хүссэнгүй. Ахмад хүүд эхнэр болгож өгсөн өнөө бүсгүй өнгө зүс сайхан боловч өсөж төрсөн гэр бүл нь хайрлаж энэрэхийг мэддэггүй учраас ахмад хүүгийн гэрт очсон ч багаас сурсан зангаараа байгаа бүхнийг ховдоглон ах дүүсийн хооронд яс хаяж муудалцуулах болжээ.  Өнөөх ардууд олон газрыг хомхойлон олсон олзноосоо хөвгүүдийн хамгийн ахмадад онцгойлон бэлэг сэлт өгч эв эеийг найр тавин элдэв найранд урих болж гэнэ. Эхнэрийн ятгалга элдвийн бэлэг сэлтэнд толгой эргэсэн ахмад хүү жаяг ёсыг өөрчилж өнөөх ардад өөрсдийн дураар байх боломжийг нь гаргаж өгөх болжээ. 4 дүүгийн дундах ахын энэ үйлдэлд ихээхэн дурамжхан байдаг тул бусад дүү нартаа хандан харь газраас бэр авахгүй байх жаягийг шинээр тогтооё хэмээж гэнэ.   Тэгээд алдагдах болсон дэг жаягийг эзэнтэй болгож түүнийг өөрчлөхийг 5 уул хамтдаа хэлцэж байя гээд  4 дэх ахдаа хариуцуулж өгч гэнэ. Ахмад хүү өөрийг нь айлын ах тул бие дааж шийдвэр гаргах эрхтэй гэж маргаж гэнээ. Ахмад хүү эхнэрийнхээ ах дүүсийн өгсөн бэлэг сэлтэнд дулдуйдаж өнгөт сайхан хувцасыг өмсөж амтат сайхан амттанг хүртэж адуу малаа ч адгуулахаа байж өөрийн дүү нарт даатгах болжээ. Ахыгаа хэдий хайрлан хүндэтгэдэг ч урьдын сайхан цаг шиг хамтаар бүхнээ хийдэг байснаа дурсаж ахдаа гомдох болсон отгон хүү ихэд уурлаж, хүндэтгэл гэдгийг умартаж ахтайгаа муудалцах болж гэнэ.  Харин бусад дүү нар нь ахынхаа авсан бэлэг сэлтэнд атаархан хорсох болж гэнэ.  Харин хөгшин эх энэ бүхнийг үзэж  сонсоод 5 хүүгээ бүгдийг цуглуулаад, ахмад хүүгийн алдааг сайтар хэлж өгөөд  ахыгаа алдсан хэмээн ад үзэлгүй алдаа бүхнээсээ суралцаж улам хүчирхэгждэг нэгэн гэр бүл байж  өөрийн ахан дүүсдээ хар муу саналгүй  зүрх сэтгэлийн цагаанд автаж, зүрх сэтгэлийн ариунаар бие биенээ урьдын адил хайрлаж хүндэтгэж  чадах аваас эв эе ямар ч муу хорон санаанд дийлдэшгүй болохыг  сургаж гэнээ. Хөгшин эхийнхээ хэлсэн бүхнийг 5 хүү ухааран нэгэн хүмүүн мэт багц болон эв эеээ хичээж  эх нутагтаа эзэн нь болж байгаа бүхнээ хамгаалан эв эеийг эвдэгч сувдаг, тачаал, аархал, мунхаг, атаархал, шунал, хонзон хэмээх  7 зүйлийг өөрийн биедээ , ухаан бодолдоо бугшиулалгүй үеийн үедээ санаж,  сэрэмжилж явахыг үр хүүхэддээ сургая хэмээн хэлэлцэж  амар сайхан жаргажээ.