Sunday, January 24, 2016

Популист ба популизм

Эдгээр үгсийг олон нийтэд таалагдахын тулд олон нийтийн сэтгэл хөдлөлийг ашиглан өөртөө нэр хүнд олж авах гэж тайлбарласан байхыг олж уншлаа.
Тэгэхээр олон нийт юу хүсэж байгаа вэ гэдэг дээр асуудал үүсч байна уу? эсвэл тэдгээрийн хүсэл дээр тоглох гэдэг дээр асуудал гарч байна уу?
Улсын их хурлын гишүүдийг олон нийт өөрсдийнхөө төлөөлөл болгон сонгодог гэдэгтэй маргах хүн байхгүй биз.
Тэгвэл тэр олон нийт буюу ард түмэнд хамгийн чухал зүйл юу болохыг тодорхойлох нь чухал болов уу.
Монгол улсын үндсэн хуульд :
1/ амьд явах эрхтэй.
2/ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;
гэж заасан байдаг.
Эрүүл амьдрахын тулд эрүүл агаар, гишгэх газар, уух цэвэр ус байхад бусад зүйлс нэг их чухал биш л болов уу. Энэ бол ард түмний буюу олон нийтийн хувьд хамгийн үнэт бөгөөд чухал заалт. Амаа бариад амьсгалаа боогоод хэдий хир тэвчих вэ? Ус уухгүй хэдий хир тэвчих вэ? Гишгэх газаргүй бол хэний газар дээр яаж амьдрах гээ вэ?
Энэ заалтыг зөрчих шийдвэр гаргаж эдийн засгийг сайжруулна гэж ярьж байгаа хэн боловч популист болох нь дээ. Хүмүүсийг идэх хоолгүй өлсгөж байгаад сэтгэлийн хөдлөлийг нь ашиглаж эдийн засгаа сайжруулаад хоол өгнө шүү наад гишгэх газраа хүнд өгчих доороос нь жаахан алт аваад л буцаагаад булаад л өгчихнө. Хорт бодис шингэсэн , уух ус нь бохирдсон , агаар нь хорт бодисоор дүүрсэн байх нь хамаагүй шүү дээ. Мөнх цэвдэгийг нь буцаагаад хөлдөөгөөд өгнө. Бүх амьтан, ургамлыг нь буцаагаад тариад өгчихнө. нэг ч шоргоолж дутаахгүй. Өвгүдийн чинь булшийг эвтэйхэн ухаж аваад буцаагаад яг байранд нь хийчихнэ гэвэл өнөө ухаж авсан алт нь хүрэлцэхгүй л дээ.
Харин газар шороо, уул ус , амьсгалах агаар , өв соёлоо хамгаалъя гэж ярьж байгаа хэн ч өөрт ноогдсон үүргээ биелүүлж байгаа нэгэн . Үндсэн хуулийн заалтанд байгаа бүхнийг олон нийтийн өмнөөс сануулан дуугарч л байна даг.
Эцэст нь хэлэхэд өнөө маргааш гэдэс цатгалан мөр бүтэн эдийн засгаа дэмжээд явах хүн бүрийн хувьд чухал хэдий ч ирээдүй хойчоо мартаад одоо цагаараа амьдралыг  төсөөлөх аваас  энэ бол жинхэнэ популизм. Амь зуух, амьдран орших 2-ын ялгааг тунгаах цаг ирсэн бус уу

Friday, January 8, 2016

Луу туулай ирвэс бүргэд хангарьд 5 ын үлгэр

Эртээ урьдын цагт Эзэн Богд хааны дуудлагаар эх дэлхийн энд тэндээс нэгэн сайхан газар их олон амьтан хуран цуглацгааж гэнээ. Амьтад юуны учир ийнхүү дуудагдан ирснээ ч мэдсэнгүй өөр хоорондоо хэлэлцэн байхад  луу, туулай, ирвэс , бүргэд , хангарьд  5 их л дотночлон танилцаж гэнээ.  Эзэн Богд хаан эдгээр олон амьтанд хэрхэн энэ дэлхий дээр зохицон амьдрах ухаан юуг нь хэлэн таниулж эргэж хариад үр хүүхэд хамаатан садан, нутаг усныхандаа энэ ухааныг түгээхийг даалгаж гэнэ дээ.  Өнөө ихэд дотночилон танилцсан 5 амьтан энэ бүгдийг хичээнгүйлэн сурч өөр хоорондоо сонссон дуулснаа хуваалцан эвтэй найртай байх болж гэнэ. Гэтэл нэг өдөр өнөө 5 амьтан хэлэлцээд энэ газар нэлээн саатан эрдэм номд суралцах болохоор бүгдээрээ нийлээд нэг зүйл бүтээх хэрэгтэй юм байна гэж шийдэж гэнээ. Луу эхлээд нэг сайхан өргөө бүтээе гэж гэнэ бусад амьтад ч мөн дэмжиж гэнээ. Өдрийн сайныг товлон байж  нэгэн сайхан өргөө бүтээж гэнээ.  Бүгд л өөр өөрийн чадлаар дэм оруулж сайхан өргөө бүтэж гэнэ. Харин өөдлөх айлын гэр үүднээсээ гэдэг болохоор  өргөөний үүд хаалга сайхан байх ёстой гэж бодсон боловч товлосон өдөр болсон тул ирвэс яаран сандран будаж орхижээ. Өргөө гэрт нь цугларсан олон амьтадаас орж гарцгаасан л биз.
Гэтэл нэг өдөр туулай гомдол гаргав. Энэ өргөө гэрийн хаалгыг будахад юунд намайг оролцуулсангүй , яаран сандран дутуу хагас будлаа гэж гомдол гаргажээ. Тэгтэл ирвэс ихэд гомдон товт өдөр болсон байсан ч чадлынхаа хирээр өнгө будагийг нь тааруулсан байтал юунд ингэв гээд л гомдон Луунд энэ тал дээр гомдол гаргажээ. Тэгтэл харин Хангарьд туулайг санаагаа гаргасан нь зөв хэмээн өргөөг бүтээсний дараа алдаа онооны дүгнэлтээ хийж хойшид дахин алдаа гаргахгүй тал дээр анхааръя гэж ширүүхэн хэлсэн нь бүүр маргааныг дэвэргэж орхилоо. Луу ирвэсийн хэлснээр дэмий зүйлэнд хэрүүл дэгдээлээ хэмээн туулайг буруутгаж, хэрүүлийг дэвэргэлээ хэмээн хангарьдыг ч бас буруутгав. Бүргэд дэмий л өнөө 4-ийг муудалцахыг харан дээгүүр нь эргээд нисэж байж гэнээ.  Гэтэл луу  баян тансаг хангарьд өөрийн энэ байдлаа ашиглан бусдыгаа дарамталж байна  гэсэн маргааны шинэ сэдэв нэмлээ. За ингэж байтал өнөө хэрүүл маань эв нэгдлийг бусниулах гэсэн нэгэн бутаргагч андуудын дунд гарч ирлээ гэсэн том хардлагыг бий болговоо. За тэгээд л бүгд л өөр өөрийнхөөрөө асуудлыг томруулж бие биенээ хардах хар маань улам бүр өсөж бүүр явсаар хэн нэгнийхээ амь насанд хүрэх дээрээ тулсан том хэрүүл боллоо. За юутай ч хэрүүлийг эхлүүлсэн туулай, хэрүүлийг дэмжигч хангарьд 2 хошуу нийлүүлсэн харууд болов. Өнөө 2 ч түүнийгээ хүлээн зөвшөөрөн энэ хэрүүлийг таслах зорилгоор харууд гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Туулай өөртөө дүгнэлт хийн дэмжигч хар Харгарьдаасаа салсан дээр гэж нөгөө хэддээ ч түүнийгээ батлан харуулав . За ингээд бүгд эв нэгдэлтэй болж энэ хэрүүлийг мартацгаая гэсэн боловч Хангарьд хар болж хувирсандаа бухимдан элдэв ааш гаргах болж гэнээ.  Одоо яах вэ гэсэн асуулт андуудын дунд зүй ёсоор гарч ирж гэнээ. Мэдээж бүгд бусдын алдаа юм чинь энэ Хангарьд нөхөр л өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч ,  бууж өгөх нь хамгийн зөв эв нэгдэлийг бататгах хүч мөн гэж харна биз дээ.  Гэвч хангарьд тэгсэнгүй.  Харин түүний оронд  гэрэл цацруулах цор ганц хаалганаас хариулт олохыг хүсэж гэнээ. Харин түүний хариуд хаалганы цаанаас түүнд  :

Бусдын алдаа надаас болдог, хохирол нь намайг хорлодог гэх
Багш шавийн барилдлагыг мөрөөдөл болговоос амьдарму

гэсэн үгс тодоос тод сонсогдож гэнээ. Ингээд Хангарьд энэ үгсийг бусад 4 дөө хэлээд бүгд өөр өөрийн алдаагаа олж харж , эвтэй найртай сайхан амьдрах болсон юм гэнээ.

Tuesday, January 5, 2016

Нимгэн бодол өр цоолно уу
Нисэх мэт дүүлэх нь үү
Чин үнэнийг хайн бэдрэнэ үү
Чимх чимхээр мэдрэх л байх даа
Алхам алхамаар дөхөн байна уу
Алсын бодлыг тээн зүтгэнэ үү
Итгэл сэтгэлийн жигүүрээ олов уу
Энгийн бүхэнд л тэр оршино доо
Алтрах нарны цацрагаас
Аливаа бүхэн эхтэй ч
Андын дэмэнд ургах эрдэнэ
Алагхан зүрхний бүтэн цохилоо
Үргэлжийн мөнхийн амьдрал гэдэг нь
Үнэнч зүрхний бичээс юм уу
Үйлдэл болгох зүтгэл юм уу
Үлэмжийн их хайр юм уу
Эргэцүүлэн тунгаах бодол бүрд
Эргэлзэн тээнэгэлзэх урсгал бүрд
Эв эеийн тэнгэр оршиж
Энх мөнхийн үйлс тунарна

Sunday, January 3, 2016

Харьцуулалт

Мөнгөний талаар  ойлголтоо дахиад нэг биччихмээр санагдчихлаа.
Нэг танил маань мөнгө угаасаа л хар мөртэй гэхэд би тэр хүний туулсан амьдралын замд тийм сэтгэгдэл төрүүлэх зүйл гарч дээ гэж бодож билээ. Үнэхээр л төрсөн эгч нь мөнгөнөөс болж дүүгээ шүүхэд өгч, өсгөж өндийлгөсөн өнчин дүү нар нь том болж бие даачихсан хойноо таниар тэтгүүлж байсан даа харамсаж байна гэж хэлээд холбоогоо таслахад амьгүйгээр нь мөнгөнд буруу өгөхөөс ч яах билээ.
Тэгвэл хүмүүсийн зарим нь мөнгийг зүгээр л нэг хэрэглэдхүүн л гэж боддог байж болно шүү дээ.  Дээрхи зүйлийг туулаагүй  хүмүүсийн хувьд  үүнтэй адил бодолтой байх албагүй л дээ. Сударт тунбаог (мөнгө буюу зоос) анх ядуусыг тэтгэхийн тулд бий болгосон гэдэг . Гэвч сүүлдээ энэ зүйлийг сэтгэлийн төрхийг хоослогч хорон бясалгал хэмээн  хаадын алдаанд тооцсон байдаг . Тэр ч бүү хэл цөвүүн цагийг урин дуудагч болох нь гэсэн байдаг.
Гэвч энэ мөнгө гээч тунбао юугаараа тэгж  цөвүүн цагийг урин дуудах болов?

Орчин цагийн хүмүүсийн ойлголт:
Ирээдүйн амьдралын баталгааг мөнгөн буюу эд өмчийн хуримтлал гэж үздэгтэй ихэнх нь санаа нийлэх байх.
Харин Монгол ухааны сударт :
Уул ус газар шороо , удмын хэлхээ байсан цагт ирээдүйд төрөх үрс минь өөрийн ухаан , уламжлуулсан өвгүдийн ухаанаараа,  ур дүйгээрээ байгаа бүхнээ тордоод өсгөөд үржүүлээд амьдралын баталгаагаа хангаж чадна гэх

Харин орчин цагийн бидний хувьд мөнгийг өөрийн хүч хөдөлмөрийн хүчний үнэлэмж хэмээн үздэг шүү дээ. Гэвч хуримтлал гэдэг дээр л асуудал байгаад байна уу гэлтэй. Яагаад гэж гайхаж байна уу? Харин та мөнгө бол амьгүй бөгөөд байгаль дэлхийтэй ямар нэгэн харилцан хамааралтайгаар оршиж чадахгүй гэдэгтэй санал нийлж  чадах уу? Гэвч мөнгө бол зөвхөн хөдөлмөрийн хүчний үнэлэмж төдий биш бөгөөд түүгээр дамжин бүгдийг хянаж чадах эрх мэдлийн соронзон ч байж болох гэдэгтэй ч бас маргахгүй байх. Энэ дэлхий дээр бүх зүйл өөрийн гэсэн сайн муу талуудтай ба түүнийг хэн хэрхэн ашиглах хэрэглэх гэдэг дээр л асуудлын гол оршоод байна уу даа. Харин сударт дурьдсан сэтгэлийн төрхийг хоослогч гэсэн нь юу гэсэн үг юм бол? Энэ хүмүүн гээчийн сэтгэлийн төрх гэж юу вэ? Бядуухан тархитай миний бодоход хүмүүн гээчийн сэтгэл энэ байгал , дэлхий, наран, саран , од эрхэс хэмээх байгаа бүхнийхээ салшгүй өчүүхэн хэсэг гэдгээ мартаад эхлэхээр л тэрхүү төрх нь өөрчлөгдөн хоосрол руу унаад байна уу даа гэх
Сударт :
Бугшмал хэцүүгийн хохирол хоосролын хэцүүг ойлгуулж
Бортот хүүний сэтгэл буцлаад ирэх цаг болно доо гэж наашлан ирэх цагийг зөгнөсөн  байдаг.
Энэ нь чухам л өнөө эх дэлхий дээрээ амьдран байгаа бид түүнийг арчилж тордож байгаа бүхнийг нь өсгөн үржүүлж өөрсдийгөө тэжээх мангдайн үүргийг маань хохиролоор чинь сануулна шүү гэсэн үг болов уу. Томоор нь харвал дэлхий дулаарал, энгийн амьдралаар харах юм бол хүүхэд байхад тоглож өссөн уул ус маань нүдэн дээр өөрчлөгдөхийг анзаараа л байлгүй. Хүний боломжит хэрэглээ, түүнээсээ хэтэрсэн далай шиг шунал л тэр хоосрол руу бүхнээс салган хүн төрөлхтөнийг хөтлөн байна уу гэлтэй.  Харин ч үнэхээр наашлах цаг нь ирж олон хүмүүс энэ талаар бодож тунгааж , эх дэлхий, уул ус ургамал амьтанаа хайрлахын төлөө тэмцэж эхэлсэн нь өөрсдийгөө мөхөөх их хохирол нүүр тулан ирэхийг ойлгож бортот хүүний сэтгэл буцлаж эхэлсний тэмдэг гэлтэй.


Хүндлэл

Хүндлэл хэзээ бий болж, хүндлэл хэзээ үгүй болдог юм бол?
Ер нь хүндлэл гэж юуг хэлээд байна?
Надад ч биш надтай хамаатай хэн нэгэнтэй тохиолдсон явдал юм. Хүн ер нь амьдралыг өөрийн туулсан туулсан байдлаараа харж ойлгодог байх. Хэн нэгний туулаагүй зүйлийг заавал ч ойлгох нь алба биш л дээ. Хэн нэгний зүрх сэтгэлийн гүнийг мэдрэх ч бас алба биш . Гэхдээ хүний туулсан замаас авсан сургамж тэр хүний хувьд нэг үнэн байж болох ч бусад нэг нь тэр бүхнийг туулаагүй ч бусдын туршлагаар түүнийг үнэн гэж хүлээн зөвшөөрч чадах болов уу? Нэг танил маань амьдралын хатуу бэрхийг туулж явахдаа өнчин хэдэн дүү нараа мөнгөөр асран тэтгэж явсан боловч тэдгээр нь том болж бие даацгаасан хойноо таниар асран тэтгүүлж байсан даа харамсаж байна гэж хэлэх. Талархалгүй гэмээр энэ үйлдлийг хараад амьдралыг туулагч маань мөнгө бол хар мөртэй юм байна. Мөнгөөр тэтгэсэн маань эргээд энэ хүүхдүүдийг ингэж хэлүүлэхэд хүргэжээ гээд өөрийн дүгнэлтийг хийсэн байх . Харин нөхцөл байдал ухаан муутай дүү нарт уу, мөнгөөр тэтгэсэн эгчид үү , бүүр хар мөртэй мөнгөнд үү гэсэн асуултуудуудыг тодруулах л байх . Үүнийг хүн бүр л өөрсдийн туулсан туршлагаараа л ойлгож өөр өөрсдийн дүгнэлтийг хийнэ. Үүгээрээ юу гэх гээд байх вэ гэхээр хүндлэл гэдгийг бий болгогч гол зүйлийг юу болохыг л тодруулах гэсэн юм. Хүний амьдралд хэрэг болох эсвэл бүүр томруулаад  хүн төрөлхтөний өөрсдийнх нь урт удаан хугацааны үргэлжлэлийг тасалдуулахгүй байх тэр л бодитойгоор үлдээсэн мөрийг тайлж ойлгох их ухаанд хүндлэл үзүүлдэг байж болох уу? Цаг хугацааны энэ шалгуурыг давж чадахааргүй тэр бүхэнд хүндлэл гээч зүйл тэр зүйлтэйгээ бас л хаа нэгтэй уусан алга болох юм гэж үү?  Хэтэрхий гүн ухаанлаг ойлгомжгүй ч юм шиг.
Амьдрал дээр бол Монгол хүмүүс эцэг, эх, эмээ, өвөө, ах, эгч, ахмад настайчуудаа хүндлэн дээдэлж ирсэн уламжлалтай ба бас үүний хажуугаар  хийсэн бүтээсэн зүйлтэй , тэр бүхнээсээ улбаатай  хэлж сургах сургаальтай бүхнийг хүндэтгэн энэ л хүн үнэнг хэлж магад хэмээн хүндэтгэн сонсдог шүү дээ.
ХҮНДЛЭЛ гэдэг үгийг өв монгол хэлээр задалж ойлгох гэж оролдвол КҮ ЭНД ИЛ ЭЛ гэсэн 4 үг гэх юм бол КҮ сурсан мэдсэн бүхнээ ЭНД - өөрийн байгаа орон зай цаг хугацаандаа ИЛ- ил болгон бүтээн цогцлоож ЭЛ- түүний үрээр бусдаас тодрон гарах гэсэн үг гэж тайлбал болмоор ч юм шиг. Энэ бол зөвхөн л нэг талыг нь харах  нэг л өнцөг. Үүнийг хүн бүр өөр өөрийнхөөрөө харахыг оролдох нь . Харин миний өнцөг зөв тэрний өнцөг зөв гэхийн оронд энэ хүн ингэж бодож байгаа бол миний ингэж бодож байгаатай юугаараа нийлж юугаараа өөр юм , яагаад өөр гэж бодох болов, нийлэмж нь юув гэж харахыг хичээх гэж  тэр л нэг ертөнцийг (миний төсөөлөлд огторгуйд эргэх бөмбөрцөг орж ирдэг  юм) нээн мөн чанарыг ухах нь хүндлэлийн орчин юм болов уу гэж боддог доо. Түүнээс аливаа асуудлын хэлцэлд хэн нэгэнд ая тал засах гэж өөрийнхөө дууны өнгийг өөрчлөх  хуурамч дүр зураг биш байх.Дотоод сэтгэлээрээ тэр л нэг ертөнцийн мөн чанарыг мэдэхийг хүсэх нь чухал болохоос хэн нэгний сэтгэлийн эмоцийг шүүмжлэх нь гол зүйл биш байлтай. Чухамхүү тэр эмоцид тэр хүний ЧИН байж байдаг бололтой. Гэхдээ мэдээж итгэсэн хүмүүсийнхээ дунд л даа.  Энэ бас л нэг өнцөг. Эцэст нь хэлэхэд монгол зүйр үгэнд байдаг шиг инээсэн бүхэн нөхөр биш уурласан бүхэн дайсан биш гэдэг шиг хүндлэлийн орчин гэж яг юуг хэлэх вэ гэдгийг дор бүрнээ тунгаамаар ч юм уу даа...
Бусдын буруу надаас болдог, хохирол нь намайг хорлодог гэх
Багш шавийн барилдлагыг мөрөөдөл болговоос амьдарму гэсэн судрын үгсээр бодол юунд тань өргөл өргөе дөө