Thursday, June 15, 2017

Эргэцүүлэл

Заримдаа надад ярих маань ихсээд хийж, оролдох нь багасаад байгаа юм шиг санагдах юм . Өөр дээрээ бодоход өдий болтол босгосон компани,  ажил маань хэдий байгаа ч гэсэн  нэгэн бизнесийн зөвлөх андынхаа лекцэд суугаад л бас л дахин эргэцүүлэх шаардлага гарч ирж байгааг анзаарлаа. Монголын компаниудын түүх Японы 1000 жилийн түүхтэй компанитай харьцуулахад хамаагүй залуу л даа . Харин яаж ийм түүхийг бүтээж чадав аа гэсэн асуултанд  Япончууд уламжлал ёс заншлаа өнөөг хүртэл хадгалж үе дамжуулан явсан гайхалтай түүхийг олж харах байх. Үнэхээр энэ компани Японы уламжлалт барилгыг үе дамжуулан одоо болтол тэр уламжлалыг хадгалан ирсэн байх юм. Тэгвэл одоогийн технологийн дэвшилтэт компаниудын түүх энэ компани шиг урт удаан үргэлжлэх болов уу? Тэрхүү технологийн түүх ийм их цаг хугацааны уртыг туулж чадах болов уу? Хэрэв туулж чадах бол яаж тэр урт удаан хугацааны шалгуур нь юу юм болоо? Бидний уламжлалт мал аж ахуй, бидний нүүдэлчин ахуй 1000 жилтэй харьцуулашгүй урт удаан хугацааны түүхтэй шүү дээ гээд хэлчихвэл яах бол? Дахиад л бодол боллоо. Үнэхээр цаг хугацааны 4 жилийн хэмжүүр,  60 жилийн хэмжүүр, 100 жилийн хэмжүүр, 1000 жилийн хэмжүүр гэж өөр байдаг бололтой. Зорилго зорилт зоригдол гээд л задраад байх юм болов уу? Тэгвэл 1000 жилийн хэмжүүрээр зорилгоо харж чадах юм бол зорилт зоригдол маань арай өөр байх болов уу? Японы тэр нэг компанийнхан үнэхээр 1000 жилийн цаадахыг харж байсан юм болов уу эсвэл зүгээр ёс заншил уламжлалаа хадгалсаар ирсэн нь ийм нэгэн гайхалтай түүхийг бүтээчихсэн юм болов уу?

Thursday, June 1, 2017

Сэтгэлийг номхруулж жолоодож чадахыг ухамсар гээд ойлгочихвол яах болоо ?

Түйтгэр зовлонгийн эх нь хүмүүний сэтгэл ажгуу. 
Сэтгэлээ таниж дийлсэн бол зовлонгийн шалтгааныг таниж дийлнэ. 
Шалтгааныг таниж мэдсэн бол түүнийг зохицуулах ухааныг олно. 
Огших их сэтгэл хөрөхдөө
Ондоо ондоо зовлонг үүсгэнэ
Ондоо ондоо байхын учиг
Оргилох эх булгаас хамаарна
Зүрх сэтгэл амар тайвныг олоогүй цагт
Зүйлийн цэцэгсийг ч гундуулан харж
Зөв буруугийн өтгөн мананд
Зүг чигээ алдах үе байдаг
Алдана гэдэг онохын эх
Анзаарч нэг тунгаахад л учиг байдаг
Тунаж үлдэх бүхэн чинь
Төгөлдөр их ухааны ундарга
Энэ л ундаргаас ухамсар дэлбээлж
Өр зүрхнээс энэрэл түгж
Өөдлөх амьдралын зам тодорч
Үйлдэл болох цаг тохионо


Өвгүдийн минь айлдсан эдгээр үгсийг ухан тунгаах тутам МТТТ судрын 550 дэстэй байгаагийн учгийн зангилаа тодрох мэт . Дэс бүрийн цаана учир нуугдах тэр учир шалтгааныг ухаж унших юмсан даа. МТТТ ын 1273 хуудас-д хүний авир 108 янзад байна, алдаа нь 550 шалтгаантай байна гэсэн байдаг ба 550 шалтгаан бүрийг засах биш 108 суурь үзлээ зохицуулж тэрийг давах жаягийг цогцлоогч нь Төр баригч болдог хэмээжээ. Үүнээс эргэцүүлэхэд үнэхээр л өөрийн эрхгүй л хэл амаа мэдэж эхлэж ,  бие биенийхээ дотоод мөн чанар, үгзүйгээр  харилцах ухаан ухаанд үгсэн нэгдэж, үйлийг хамжиж, үзэл бодлыг нэг чигт төвлөрүүлэхийг суралцаж байна
Яагаад бид муудалцаад байдаг юм болоо гэж бодсон чинь энэ бүхэн муудалцахаас эхэлдэг юм гээд биччихсэн байх юм.  Харыг таньж байж , цагааныг ялгаж авдаг юм. Иймээс үрс та нар үүнд бутарч сарних биш илүүтэй энэ хүн бие хүмүүн , нэгэн бодьгал, энэтэй үүгээр, энэ харилцаагаар би сүлэлдэн холбогдож нэг үйлийн, нэг аяын, нэг аяны, нэг шугмын хэлхээ болно гэдгээ ойлгох учигтай гээд айлдчихсан байх юмаа. 
Үүнийг ухамсарлах л гэж бид муудалцаж сайдалцан суралцацгаадаг бололтой шүү.