Thursday, June 23, 2016

Хөгжил гэж чухам юу вэ?

Хөгжил гэж чухам юу вэ?
Хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад шинжлэх ухааны бүхий л салбарт танин мэдэхүйн төлөө явж ирсээр өнөө цагт ирлээ. Физик математик  хими гээд л бүхий л салбаруудад орчлон ертөнцийн бодит бүхнийг судлан шинжилж өөрсдийн бүтээлүүдийг бий болгон амьдрал ахуйдаа хэрэглэсээр ирлээ. 
Аливаа нөөцийг ашиглан хэрэглэх нь гарцаагүй боловч түүнийг хэрэглэсэн л бол тэрхүү нөөцийн байгалд орших оршлын талаар эргэн тунгаах явцыг орхигдуулсаар ирсэн алдаа байсаар байна. Сүүлийн үед байгал экологийн асуудал нэлээн хурцаар олон улсын хэмжээнд яригдаж байгаа боловч яг ухамсарын гүнд бүрэн гүйцэд ухсан нь цөөн байгаа нь харамсалтай .
Саяхан би буриадын нэгэн эрдэмтэн эмч хүнтэй уулзаж ярилцаж мэдээлэл солилцсон юм. Тэрбээр  хүн  ,байгал, нийхэм болон дэлхий  дээр орших бүхний зүй тогтол , хүний биеийн эд эсийн зүй тогтолыг шинжлэн өвгүд дээдсүүдийнхээ сургаал өгөгдөлийг хүлээн авч судалж хорт хавдрын эсрэг энгийн бөгөөд үр дүнтэй эмчилгээг сүүнээс гарган авсан бөгөөд зөвхөн хүний бие төдийгүй газрын хөрсний, байгалийн бохирдлыг байсан бүтцийг нь эргэн бий болгох аргачлалыг судлан түүний үндсэн дээр цоо шинэ технологийг боловсруулсан талаар ярилаа. Хэдийгээр үүний цоо шинэ гэж ярьж байгаа боловч энэ бол эртний уламжлалт , өвүг дээдсүүдийн маань мэдэж байсан зүйлийг орчин үед хэрэглэж болохуйцаар шинжлэх ухааны талаар нь баталгаажуулж чадсан болохоор шинэ технологи гэж хэлэгдэж байгаа юм. 
Бидний яриад байдаг нүүдэлчин соёл гэх  ахуйн гол үндэс нь багахан зүйлээр ихийг бүтээх ур дүй, хязгаарлагдмал нөөцөөс хамааралт олон үйлдэлт хэрэглээ, энэ хэрэглээг урт наслах ёстой гэсэн ухаан, цаашлаад хог хаягдалгүй байж бүрэн хэрэглэх зуршил зэрэг дээр материаллаг хэрэглээг тулгуурласан байдаг . Чухам энэ нүүдэлчин соёлынхоо ахуйн үндэс дээр л бид тулгуурлаж цаашдын хөгжлийн замаа олж харах учиртай. Чухам энэ л үндсэн гол санаан дээр энэ буриад эрдэмтэн ажлаа төвлөрүүлж ажилласан байх юм.
Саяхан нүүр хуудаснаас манай монгол инженерүүд уснаас эрчим хүч гаргах хөдөлгүүрүүдийг зохион бүтээсэн тухай уншлаа. Энэ технологийг амьдралд хэрэгжүүлбэл бид агаарын бохирдол, хүн амын амын хэт төвлөрөл зэрэг байгал орчинд халтай хэд хэдэн том асуудлуудыг шийдэж чадна. ОХУ -д боловсруулж байгаа ОХУ -ын хөгжлийн шинэ бодлого дэлхийн эрчим хүчний нөөцөөс үүсч байгаа дайн болон одоо байгаа эрчим хүчний нөөцүүдийн ашиглалтаас болж  байгалд учруулж байгаа хохирлуудыг үгүй болгох шинэ эргэлт хийсэн эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд дээр тулгуурлаж хүн амын хэт төвлөрөл хотжилтыг сааруулах бүхэл бүтэн цогц том төслүүд хэрэгжиж эхлэх гэж байгаа бололтой. Харин энэ төслүүдийн цаана манай буриад халимаг эрдэмтэд голлох үүрэгтэй ажиллаж байгаа юм байна.  Тэгвэл энэ цөөхөн ч гэсэн чадварлаг авъяаслаг монголчуудаа нэгтгэн зөв зүгт чиглүүлж чадах монгол хүний чадамжинд тулгуурлан хөгжих төрийн хүчтэй шийдэмгий бодлого байх  юм бол бид ч хэдэн зууны өмнө эзэн Чингис хаан маань дэлхийг яаж өөрчилсөн шиг ур чадвар, суу ухаан бидний яс цусанд хадгалагдан байгаагаа ил гарган , үйл болгон эх дэлхийгээ аврах цаг хугацаа аль хэдийн болжээ. Бидний ярих нь ихдээд хийх нь багадаад байна уу ? Эсвэл бид эвлэлдэн нэгдэж чадахгүй хүчээ тарамдуулаад байна уу?



Sunday, June 19, 2016

Өвгүдийн хайрханд

Өвгүд минь намайг өөрсдийн гэж нэрлэх хайрхан руугаа очих ёстой гэж хэдэнтэй хэлсэн боловч хэлж дуулгаснаас нь хойш нэг жилийн дараа арай л гэж нэг очихоор шийдлээ. Өөрсдийн гэж нэрлэх тэр хайрханд үр намайг очуулах учир юусан билээ? Тэнд очиод би яах ёстойгоо ч мэдэх юм байсангүй.  Өөрсдийн гэж гэж өөриймсөх учиг юусан билээ? Өөрийнхөө өчүүхэн тархиар өнгөцхөн бодоод байхнээ :
Өдий болтол бид хариуцаад хадгалаад ирлээ
Өрлөг ээжүүдийнхээ үнэт сургаалийг тосоод аваарай
Өргөн түмэндээ түгээн дэлгэрүүлээрэй
Үлдэх үрсдээ бас үлдээж өгөөрэй хэмээх мэт
Харин үнэт сургаал нь юу юм болоо? Үгний цаадахыг ухахаа байсан балчирхан үрсдээ үгээр ойлгохгүй бүхнийг нь үйлдэл болгон харуулж өөрсдийн балчир ухаанаа багаар ч болов тэлээрэй гэх шиг аян замын уртад адал явдал арвинтай, бодох бодлын үзүүрт тунгаах зүйлс арвинтай аялал боллоо. Өвгүдийн сүрлэг хайрханд очоод онгон дагшин байгалын сүр хүчийг бахархан харж, өндөр өвгүдийн ухааны гүнд хүрэхгүй ч гэсэн үйл гээчийг нь тандан, үйлчлэл гээчийг нь ажин өөрийн өр зүрхэнд шингэх тэрхэн их хайрыг мэдрэнхэн байлаа. Үрээ гэж хайрлах учиг үлдээж өгсөн уул усанд нь байдгийг ухаж билээ. Энэ та нарт л гэж үлдээсэн юм ирээдүйд төрөх үрсэд минь бас энэ чигээр нь эзэн шиг эзэн  болон байж үлдээж өгөөрэй хэмээн өвгүд минь өөрөө өөрсдөөр минь өөрийг минь таниулж зөв байхын учгийг үйдлээр минь ухуулах шиг л болж билээ. Олон олон улаач нар мөн л миний адил өвгүдийнхээ , удам судрынхныхаа тахиж шүншиглэж байсан овоо хайрхадууд, гол мөрөн нуурандаа очиж хариуцах гэдгийн учрыг тунгаан, шингээж өгсөн эрдэмд нь суралцан түмэн олондоо тус дэмтэй үйлэндээ бас зоригдон буй бизээ. Ингээд бодоход хөх өвгүдүүдийнхээ ухааныг бишрэхээс ч яах билээ. Үеийн үедээ  хариуцлага гэдгийг уламжлуулж үлдээх аргаа уул устайгаа холбоод үрсдээ үлдээж өгсөн байх юм даа. Энэ л их хариуцлагыг дааж явах нь улаач бүрийн үүрэг юм байна.

Эргэж ирээд юуг ойлгож юуг танив гэдэг асуултанд үлдэж хоцорсон зүйл байгаа бил үү? Өөрийн гаргасан алдаа, оноо, үйлдэл бүр дээрээ зөв байхын учгийг шингээж чадсан бил үү? Удам судар, угсаа гарвалынхаа түүхийг таниж дийлсэн бил үү?  Үеийн үед дархлах эгэл бөгөөд эрхэм зүйлийг таниж дийлсэн бил үү? Энэ олон асуулт тархин дотор минь эргэлдэн л байна.  
Бага гэж  өөрийгөө бүү голоорой
Их гэж  өөрийгөө бүү өргөөрэй
Эгэлхэн бөгөөд эр хэм байхын ухааныг олж
Эв эеийн орон зайнд
Энх мөнхийг цогцлоох үр минь байгаарай гэх өвгүдийнхээ сургаалийг тунгаан , үйлдэх үйлүүддээ шингээхийг хичээн байна даа.